Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна DNN.mn

Эдийн засагч, “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-ийн захирал Д.Амгалантай ярилцлаа.


-Юун түрүүнд танаас мөнгө гэж юу болох, эдийн засагт ямар үүрэгтэй талаар асууя?

-Мөнгө гэдгийг нийтлэг байдлаар томьёолбол түгээмэл, тэнцвэрт харилцааны илэрхийлэл. Одоогийн өнцгөөс харвал хүн төрөлхтний нийгмийн тогтвортой байдал, хувь хүний эрх чөлөөний дэнс юм уу даа. Мөнгөний мөн чанар нь түүний үүргээр илэрхийлэгддэг. Энэ нь арилжааны үүрэг, хадгаламж, хуримтлалын үүрэг, өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэдэгт оршдог. Өнөөдрийн байдлаар бидний хэрэглэж буй мөнгө нь эд бараа мөнгө, бэлэн мөнгө, бэлэн бус гэсэн хэлбэртэй байна. Нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээ /мөнгөний нийлүүлэлт/ эдийн засгийн субьектүүдэд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ /мөнгөний эрэлт/ хоёрыг хэрхэн шүтэлцүүлэх нь мөнгөний бодлогын эдийн засгийн нөлөөлөл юм.

-Сүүлийн үед олон нийтийн дунд бэлэн мөнгө бол хаан гэсэн агуулгатай зүйл мэдээлэл мэр сэр гарч байна. Ер нь бэлэн, бэлэн бус мөнгөний онцлогийн талаар та ярихгүй юу?

-Бэлэн мөнгө хаан болох хэмжээнд шүтэгдэх нь мөнгөнд бишрэх үзэл хэрээс хэтэрсний илэрхийлэл. Энэ үзэл бол гажуудал. Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна.

Харин бэлэн бус байх тусмаа хяналттай шилэн байх болно. Улс орны нийгэм, эдийн засгийн хөнжлийг, аж ахуйн байгууллагын үйл ажиллагааг, ард иргэдийн аж амьдралыг өөд татах хөгжлийн зөв бодлого, хөшүүргийн нэг бол мөнгө санхүүгийн харилцаа, тогтолцооны төлөвшил, ил тод, хүртээмжтэй байдлаас шууд хамааралтай.

Өнөөдөр дэлхийн улс орнууд аливаа гүйлгээ арилжаанд бэлэн мөнгө хүлээн авахыг эрс багасгасан. Мөн цар тахал нь бэлэн мөнгөгүй нийгэмд шилжих шилжилтийг түргэтгэх бас нэг нэмэлт хөшүүрэг болсон. Уг агуулга нь бэлэн мөнгөгүй нийгэм мөнгө угаах үйл ажиллагааг буюу санхүүгийн гэмт хэргийн саармагжуулах, бууруулах, эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх суурь хөшүүрэг байх болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний харилцаа нь санхүүгийн гэмт хэрэгт үзүүлэх нөлөө ихтэй байдаг гэсэн үг. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгө хуурамчаар үйлдэх, авлига, терроризмын санхүүжилт зэрэг хууль бус мөнгөний гүйлгээ бэлэн мөнгөөр хийгддэг.

Дэлхийн улс орнуудын засгийн газрууд эдгээр гэмт хэргүүдийг багасгахад анхаарч бэлэн мөнгөгүй нийгмийн үзэл санааг дэмжиж ирсэн. Тиймээс бид ч тодорхойгүй халдварт өвчлөл, цар тахлын эрсдэлээс сэргийлэхэд контактгүй харилцааг дэмжих, эрүүл ахуйн шаардлага чухал гэдэг өнцгөөс, бизнесийн онлайн моделд шилжихэд өртөг зардал хэмнэх өнцгөөс ч гэсэн, санхүүгийн хяналтыг бий болгоход, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэхэд, улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, онлайн зах зээл хангахад дижитал хэлбэрт шилжиж, бэлэн мөнгөгүй нийгмийг цогцлоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлэн бус мөнгөөр гүйлгээ хийх нь илүү хурдан бөгөөд тохиромжтой байдаг төдийгүй гэмт хэргийн гаралтыг бууруулахад түлхэц болно. Шалтгаан нь дижитал гүйлгээний хяналт, ил тод байдал нь илүү их тул хулгайлах, мөнгө угаах, татвараас зайлсхийх нөхцөлийг хаана. Авлига мөн бэлэн бус гүйлгээний тусламжтайгаар арилждаг.

-Эерэг ач холбогдлын тухайд?

-Бэлэн мөнгөгүй шийдэл, бэлэн мөнгөгүй ирээдүй, том, жижиг олон ач тустай. Тухайлбал, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломж бүрдэнэ. Бэлэн бус төлбөр ашигладаг нийгэмд бид амьдарснаар хүүхдүүддээ төлбөр тооцооны аюулгүй, орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, залилангийн хохирогч болохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд бэлэн мөнгөгүй орчин нь таны хүүхдүүдийн аюулгүй харилцаанд дэм болно.

Мөн халамжийн бүлгийг тогтооход хялбар болно. Орлого, зарлага нь ил болсноор, ядуу, бага орлоготой харагдаж халамж завшигчид үгүй болж, халамжийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн зорилтот хүмүүст, ард түмэндээ тусалдаг нийгмийг бүтээх ажил ил болно.

Өртөг, зардал буурна. Жишээлбэл зөвхөн нэг пенни үйлдвэрлэх нь 1.5 центийн өртөгтэй. Тиймээс энэ төрлийн зардал хэмнэгдэнэ гэсэн үг. Бэлэн мөнгөний нөөцийг хадгалахтай холбоотой зардал гардаг гэж сонсох нь хачин сонсогдож магадгүй. Гэхдээ улс орон, системээс хамаарч ийм нэмэлт зардал байдаг.

Татвар, санхүүгийн хяналт, зээл тооцоо төлбөрийн хяналт хялбар, зардал багатай болно. Төлбөрийн системийг бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийхийг өөрчилж бэлэн бус системд шилжсэнээр бэлэн мөнгөөрх харилцаанаас үүдсэн замын түгжрэлийг бууруулах, холбогдох бусад зардал, цаг хугацааны алдагдлаас зайлсхийх боломжтой.

Түүнчлэн тоног төхөөрөмжийн өртөг, засвар үйлчилгээний зардлыг бууруулна. Бэлэн мөнгөний зардлын нэг жишээ бол АТМ машинууд нь байнгын ажиллагаатай байх, бэлэн мөнгөний нөөцийг хадгалах шаардлагатай байдаг Бусад компьютерийн нэгэн адил өөрийн өртөг, засвар үйлчилгээ нь өртөг зардалтай байдаг.

Хэдийгээр бэлэн мөнгөний бус эдийн засагт шилжих үйл явц аль хэдийн эхэлж байсан ч ковид-19 эхэлснээс хойш арилжааны дийлэнх хэсэг нь онлайн гүйлгээнд шилжсэн. Олон хүмүүс үнэт цаас нь энэхүү үхлийн өвчнийг тээгч болж магадгүйг бусад халдварт өвчин ч халдах магадлал бий гэж болгоомжилж байсан түүх саяхных.

-Хятадад өдөрт 20 мянган юаниас дээш гүйлгээ хийхдээ цагдаагаас зөвшөөрөл авах, АТМ-аас өдөрт 500-аас дээш юань гаргахгүй байгаагаас хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө цугларч байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь тухайн улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Хятад бэлэн бус төлбөр тооцоог сайн нэвтрүүлж байгаа улс. Авах ч, хаях ч зүйл бий. Хятад төрийн албан тушаалтан, эрх бүхий хүмүүсийн хулгайгаас салахын тулд бэлэн бус төлбөр тооцоог эрчимтэй нэвтрүүлсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө гэдэг бол тэдний хувьд амь дүйсэн хэрэг.

Япон улс ч мөн адил хээл хахууль, улсын хулгайгаас салахын тулд бэлэн мөнгөөрх харилцааг үгүй хийж эдийн засгаа аварсан байдаг. Энэ нь хэдийгээр хятад улсад өнөөдөр тохиож байгаа хүндрэлүүд Японд үүссэн хэдий ч эцсийн үр өгөөж нь улсын, ард иргэдийн төлөө байж чадсан. Хэдийгээр богино хугацаанд эдийн засагт мэдрэгдэх ч эцсийн дүндээ, дунд урт хугацаандаа эдийн засгаа эрүүлжүүлж, хулгайгаас салах арга мөн. Миний яриад байгаа бэлэн бус төлбөр тооцооны тухай яриа бол зөвхөн банкны гүйлгээний бэлэн бэлэн бусын тухай биш нийт гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл хадгаламж хөрөнгө оруулалт гэх мэт хүн амын хэрэглээний тухай юм.

Бид өнөөдөр банкны гүйлгээний хэдэн хувь нь онлайн бэлэн гэж ярихаас илүүтэй нийт төлбөр тооцоо худалдан авалтыг яавал бэлэн бус хэлбэрт шилжүүлэх үү гэдгийг бодолцох цаг болжээ.

Тухайлбал, ATM ийн бэлэн гүйлгээний хураамжийг өндөрсгөх банкны бэлэн гүйлгээнд татвартай болгоод эхлэх юм бол / тодорхой хэрэглээний хэмжүүрээс давсан их хэмжээний босгоос/ тэр тохиолдолд хууль бус хулгай арилах, шилэн аюулгүй болох юм л даа. Гол нь улстөрчдийн далд мөнгө хаашаа яаж байгаа нь тодорхойгүй,ихэвчлэн их хэмжээний мөнгө бэлнээр хийгддэг. Энэ тохиолдолд ДНБ-ы 75 их наяд төгрөг гэж бодоход үүнээс хэд дахин /2-3дахин/ том мөнгөний учир олдох болов уу гэж харж байна.

-Манайд хааяа том дүнтэй мөнгөн дэвсгэрт шинээр хэвлэх тухай асуудал үе үе сөхөгддөг. Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед том дүнтэй мөнгөн дэвсгэрт хэвлэх нь хэр оновчтой гэж та харж байна вэ?

-Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд эмзэг байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа больж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ. Дэлхийн бусад улс орнууд бэлэн бус тооцоо буюу дижитал хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярих нь санхүүгийн мэдлэг чадвар сул байгаагийн илрэл. Олон улсад бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдийг багасгахыг хичээж байна. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулах нь эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн нэг хэлбэр. АНУ-д гэхэд 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийг өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байдаг учир буруу санал гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4 их наяд төгрөгөөр нэмэгдэв DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 25.7 их наяд төгрөг боллоо. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр гадаад зах зээлд 19.1 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Түүний18.6 их наяд төгрөгийн борлуулалт нь уул уурхай, олборлох салбарынх байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын тухайд:

  • 62.1 хувийг нүүрс олборлолтын салбар,
  • 33.9 хувийг металлын хүдэр олборлолтын салбар,
  • 3 хувийг газрын тос олборлолтын салбар,
  • 1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар,

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2024 оны 6 дугаар сард 323.7 (2015=100) болж, 2023 оныхоос 11.5 хувиар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ҮСХ: Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгөөр өсөв DNN.mn

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос 2024 оны эхний зургаан сарын зээлийн өрийн үлдэгдлийг танилцууллаа.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 33.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.9 хувиар өссөн буюу 7.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 40.2 хувь буюу 5.6 их наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн аж.

Харин хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17.6 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг хэвийн зээл эзэлж байна. Харин

  • 3.7 хувийг анхаарал хандуулах зээл
  • 5.8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ.
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны тавдугаар сарын эцэст 8.3 их наяд болсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсөв.

Тавдугаар сард өмнөх сараасаа 2.8 хувь буюу 228.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 10 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.0 (31.7%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Үүнд төгрөгийн хадгаламж 5.2 (36.2%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.3 (44.3%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Мөн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (35.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 (34.2%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Цагаан ноолуур 119 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Ямааны 1 кг цагаан ноолуур 2024 оны зургаадугаар сард дунджаар 119700 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 16.8 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 132000 төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 100 000 төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар өсчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 их наяд төгрөг буюу 35.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 16-ны өдөр мэдээллээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 их наяд төгрөг буюу 34.2 хувиар тус тус өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хагас жилд12.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого 2024 оны эхний хагас жилд 13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөг буюу 35.1 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 1.7 их наяд төгрөг буюу 67.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 594.6 тэрбум төгрөг буюу 27.3 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.4 тэрбум төгрөг буюу 21.7 хувь, нийгмийн даатгалын орлого 309.7 тэрбум төгрөг буюу 17.3 хувь, онцгой албан татвар 141.4 тэрбум төгрөг буюу 37.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: https://www.1212.mn/mn

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Баяр наадмын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Хаан банк

Голомт банк

Төрийн банк

Худалдаа хөгжлийн банк 

 

Капитрон банк

Богд банк

Ариг банк

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлнэ DNN.mn

Монголын эдийн засгийн 14 дэх удаагийн чуулган өнөөдөр эхэлнэ. Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болох бөгөөд эхний өдрийн хуралдаан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-оор эхлэх юм. Улмаар

  • Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй,
  • Бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого,
  • Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил зэрэг сэдвээр салбар салбараар хуралдана.

Хоёр өдөр болох чуулганд нийт 2000 зочин оролцоно. Тодруулбал, төр, засгийн 300 төлөөлөл, олон улсын 500 зочин, олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл, хувийн хэвшил 500, эрдэмтэн судлаач 100, оюутны 500 төлөөлөл оролцох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон нутгийн төсөв нэг их наяд төгрөгийн ашигтай гарчээ DNN.mn

Манай улсын орон нутгийн төсөв энэ оны эхний 5 сард нэг их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 5 сард 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (82 хувь) их наяд, зарлага 1.6 их наяд төгрөгт хүрч, 702.9 (74.6 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг сулруулж дээд хязгаар 55 хувь боллоо DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр өр, орлогын харьцааг сулрууллаа. Тодруулбал, тус хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа /ӨОХ/-ны дээд хязгаарыг 55 хувь болголоо.

2019 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс хойш саяхныг хүртэл өр орлогын харьцааны дээд хязгаар 60:40 байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын 60 хувиас давж болохгүй. Тэгвэл энэ нөхцөл 5 хувиар суларч байна.

Сануулахад, 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш иргэдэд шинээр олгох зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын хэмжээний 70 хувиас давж болохгүй байх шийдвэрийг гаргаж байсан удаатай.

Өр, орлогын харьцаа гэж юу вэ?

  • Монголбанкны “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ыг удирдлага болгон гаргасан лавлагаа юм. Тухайн иргэний татварын дараах цэвэр орлогын сарын дундаж дүн болон нээлттэй зээлүүдийн сарын төлөлтийн хэмжээг орлогод эзлэх хувиар нь дэлгэрэнгүй харуулдаг лавлагаа юм.