Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь ирлээ. Амралтын өдөр байсан учраас хүүхдүүд нь гэр бүлээрээ ирсэн харагдав. Зээ нар нь бага сургууль, цэцэрлэгийн ахлах бүлэгт сурдаг болов уу гэмээр балчир хэдий ч ширээний теннисээр тун чиг гарамгай тоглоно. Бага охин Д.Гэрэлмаа байшингийнхаа хажуухан дахь гүний худгаас хувингаар ус хутгаж, хашааны гадаа байгаа машинаа нөхөртэйгөө угааж байв.

Машиныхаа дээврийг багагүй зүлгэж зогссон тэд “Байрны хөгшчүүл цайныхаа дээжийг балкон дээрээсээ өргөөд, доор нь зогсоолд байршуулсан машиныг цагаан алаг болгочих юм. Уг нь гэрээсээ гараад, тэнгэр бурхандаа залбираад өргөвөл зүйд нийцэх юм шиг санагдана. Машин дээр асгарсан цайны дээж, сүү нь арилахгүй юм. Хэд хоногоос машинаа дахин будуулахаас” гэцгээн өөр хоорондоо ярилцаж байлаа.

Биднийг гэрт нь орох үед Д.Данзан гуай “Амралтын энэ өдрүүдэд миний бие Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ ойг үзээд тун чиг сэтгэл хангалуун байна даа. Өндөр гэгээн Занабазарыг Монголын түүхэнд тодорсон дөрвөн аугаа их хүний нэг гэдэг. Үндсэндээ Чингис хаан, Хубилай хаан, Богд Зонхов, Өндөр гэгээн энэ дөрвийг дэлхийн нэртэй эрдэмтэд нэрлэсэн байдаг. Өмнө нь Өндөр гэгээний ойг ингэж ёс төртэй, гол нь Өндөр гэгээн Занабазар хэн бэ гэдгийг олон түмэнд тодотгож өгөх талаар багагүй учир дутагдалтай байсан санагдана. Энэ удаа Монголын төр нь ч, Шинжлэх ухааны академи нь ч Өндөр гэгээнээ байранд нь тавьж өглөө” гэв. Гэрийн эзэн “Зочдодоо цай аягалж өг” гэснээ “Өө нээрээ, саяхан хөдөөнөөс айраг ирсэн шүү дээ. Тэрнээсээ аягалж өг” гэв. Ийнхүү биднийг эхнэрийнх нь төрсөн нутаг болох Архангайн Хотонт сумаас ирсэн чимчгэнэ­сэн сайхан айргаар дайлав. Азарганууд барианд орох үеэр ханын цаг руугаа байн байн харж “Энэ уралдаан 22 км-ийн зайнд болсон. Энэ зайг монгол хурдан хүлгүүд хэр хугацаанд туулж байгааг мэдэх гэсэн юм. Түрүү морь энэ зайг 35 минутанд тууллаа. Энэ мэтчилэн хурдан морьдыг барианд ороход нь уралдааны замаа хэдэн минут секун­дэд туулсан гэдгийг давхар зарлавал зүйтэй санагд­даг. Ингэснээр хурдан морины амжилт үнэмлэхүй баталгаажиж байгаа хэрэг. Бидэнд тэр нь чухал биш юм аа гэхэд жуулчдад энэ төрлийн мэдээлэл нэн хэрэгтэй. Уяачид ч өөрсдийн амжилтаа ахиулахын тулд хичээнэ. Ер нь дан ганц хурдан морины уралдаан гэлтгүй эрийн гурван наадам бол жуулчдыг татах гол арга хэмжээ болсоор удаж байна. Зарим хүмүүс эрийн гурван наадмыг тэр дундаа үндэсний бөхийг олон улсын чанартай болгож, хөгжүүлэхийг санал болгодог. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл үндэсний спорт бол үндэснийх л байх ёстой. Өөрийн гэсэн зүйл­сээ гоочлоод, бүдүү­лэг хоцрогдмол гээд бусдыг дуурайгаад байвал нэг л мэдэ­хэд өөрийн гэсэн зүйл­гүй болчихдог. Олон улсын тэмцээн болгож, шаардлагад нийцүүлэхийн тулд үндэсний өв соёл нь хаягддаг жамтай. Наад зах нь япончууд жүдо бөхөө дэлхий нийтийнх бол­гохын тулд асар их хөрөнгө гаргаж 200 гаруй оронд хувцас хэрэглэл, татами буюу дэвжээгээ байгуулахын сацуу сурах бичиг, мэргэжилтэн багшаар хангаж ажилласан. Ингэж дэлхийд зургадугаарт ордог бөхийн спорт болж хөгжих явцдаа эсрэг дэв­жээ­ний бөх нь цэнхэр өмсгөл­тэй барилддаг болчихсон. Уламжлал ёсоор бол өрсөл­дөгч бөхчүүд хоёул цагаан өмсгөлтэй байх ёстой. Үүнд япончууд хичнээн дургүй байсан ч олон улсынх бол­гохын тулд арга буюу зөвшөөрсөн. Эртнээс жүдо­гийн тамирчид хоёул цагаан өмсгөлтэй байсаар ирсэн нь энгийн мэт боловч нарийндаа бол Японы соёл, өв уламжлалтай нягт холбоотой гэдэг нь ойлгомжтой” гэв. Мөн тэрээр “Дэлхийн бусад бөхийн спортын төрлөөс өмсгөл зүүсгэл, ёс заншил, барилдааны тэсвэр тэвчээр зэргээр үндэсний бөх манлай, төгөлдөр нь” хэмээн давтан хэлсэн юм.

Данзан доктор усан луу жил буюу 1952 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дарви суманд, хоньчин Довдон­гийн ууган хүүхэд болон мэндэлжээ. 1966 онд буюу түүнийг 14 настай байхад ээж нь отгон дүүг нь төрүүлээд бурхан болсны дараахан сумын төвөө барааджээ. “Ээж минь 32 настайдаа отгон дүүг минь төрүүлээд, өвчний улмаас нас барчихсан. Ингээд л аавыгаа дагаад, зургаан дүүтэйгээ сумын төв орсон. Хамгийн бага нь дөнгөж төрсөн өлгийтэй нярай байсан гэсэн үг шүү дээ. Сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адилаар усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ. Том нь учраас дүү нараа харж, хандана. Ингээд л 1972 онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийн оюутан болох үед бид гэр бүлээрээ нүүж ирсэн. Сургуулиа 1977 онд төгсөнгүүтээ төрөлх сургуульдаа үргэлжлүүлэн багшлах болсон. Тухайн жил Монгол Улсын их сургуулийн захиргаа төгсөгч нараасаа сурлага сайтай 20-иод залуусыг багшаар авч үлдсэн юм. Тэдэн дотор надаас гадна Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж багтсан. Ингээд 1993 он хүртэл бид хоёр их сургуульдаа багшилж байгаад үндэсний бөхийн холбоог байгуулж, тэргүүн, дэд тэргүүнээр нь ажиллах болсон” хэмээн өгүү­лэв. Дарви суманд хэзээнээс Олхонууд овгийнхон амьдарч ирсэн бөгөөд тус нутаг усанд төрсөндөө бахархдаг талаараа бидэнд хуучлав. “Мэргэдийн Чилэдү баатар Олхонууд овгоос Өүлэн хатныг аваад явж байхад нь Есүхэй баатар булаагаад авчихсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Олхонууд овгийнхон бол Өүлэн хатны хойч үр сад гэдэг нь ойлгомжтой. Манай суманд Монгол Улсын хэмжээний эрдэмтэн, улсын аварга малчин, гавьяатууд, баатрууд, ардын хувьсгалын партизан, улсын цолтой бөх, уяач зэрэг алдар цолтой 200 гаруй хүмүүс бий. Алдарт хоньчин баатар С.Цогтгэрэл, “Жалам хар”-ыг бичсэн хөгжмийн зохиолч Э.Чойдог, малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр дорвитой ажил хийсэн мал зүйч Ч.Дамдиндорж зэрэг гурван ч төрийн шагналтантай. Олимпийн анхны медальт, самбо бөхийн дэлхийн аварга Н.Бүрэнзэвсэг тэргүүтэй таван ч улсын цолтой бөхтэй. Дээрээс нь гурван академич, 20 гаруй шинжлэх ухааны доктор, 80 гаруй боловсролын доктортой. Ийм олон алдарт­нуудтай сум Дарвиас өөр байхгүй. Тэр ч утгаараа зарим хүмүүс манай сумынхныг “Мон­голын еврейчүүд” ч гэх нь бий” хэмээн сэтгэл хангалуун өгүүллээ.

Биднийг ийн хууч хөөрөх зуур зээ нар нь хэд хэдэн удаа түүний өвөр рүү мацан гарч, үнсүүлчихээд өрөө рүүгээ гүйчихнэ. Тэгснээ зээ хүү нь өөрийн тоглоомыг барьж ирээд, “Өвөө тоглоё л доо” гэвэл зээ охин нь “Хоёулаа гадаа тоглоё” гээд гарнаас нь гулдарна. Д.Данзан огтхон ч төвөгшөөсөн янзгүй “Тэгнэ ээ. Өвөө нь удахгүй завтай болчихоороо тоглоно оо. Харин миний хүүхдүүд гараад тоглож бай” гэвэл тэд уриалгахнаар “За” гэчихээд гараад өгөв. Хашаан дотроо тоглох зээ нараа цонхоороо хэсэг харж зогссоноо “Өөрснөө зусланд амрахаасаа илүү эд нарыгаа цэвэр агаарт цэцэг ногоон дээр тоглуулах гэсэн хэрэг. Бямба, ням гаригуудад эдэнтэйгээ хамт инээж хөхөрч, тоглож наадан өнгөрүүлэхэд жинхэнэ утгаараа амралт болж байгаа юм даа” хэмээв.

Зочны өрөөний хананд Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяраас Соёлын гавьяатын цол тэмдгээ авч байх үеийнхээ зургаа өлгөжээ. Хажууханд нь гэргий­тэй­гээ татуулсан зургаас гадна хэд хэдэн сумын засаг ноёдын дурсгасан байгалийн үзэсгэлэнт газруудын зураг харагдав. Зочны өрөө­­нийхөө нэг буланд гал тогоо­гоо байрлуулжээ. Хотын төвийн айл шиг крант онгойлгоод л цэвэр усаа авч байгаа харагдсан, зуслангийн байрандаа боловсон жорлон хүртэл суурилуулсан байна. Байрандаа зочны өрөөнөөс гадна дахин хоёр ч том гэгчийн өрөө гаргажээ. Зуны амрал­таараа зээ нар нь амарч, өөрсдөө амрал­тын хоёр өдрөөр ирж амьдар­даг учраас эдгээр өрөөнүүдэд хувцасны шүүгээ, толь, сандал зэргээс өөр зүйлс харагдсангүй. Тэрээр эхнэртэйгээ 1977 онд гэрлэж, 40-өөд жил амьдрахдаа гурван охинтой болжээ. Харин өнөөдөр охид нь бүгд хүнтэй сууж, таван зээтэй болжээ.

Түүнээс үндэсний бөхтэй амьдралаа холбосон талаар нь асуутал “Бөхийн амьдралыг мэдэхийн хувьд 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа нам дагалгүй, наймаа худалдаа хийх гэж оролдолгүй шуудхан л үндэсний бөх хэмээх өв соёлыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Тухайн үед бөхчүүд өөрсдийн ажлаа хийж яваад наадам, цагаан сарын барилдаанд оролцдог байсан. Тэд маань ихэвчлэн хар бор ажил хийдэг байсан даа. Үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо зэрэг бөхийн хамтарсан орон тооны бус удирдлагатай, бөхийн холбоо нэр төдий байгууллага байсан. Яагаад нэр төдий гээд байна гэхээр энэ холбоо самбо, чөлөөт, жүдо бөхийн төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлд голчлон анхаарахаас бус үндэсний бөхийг ойшоодоггүй байсан. Шагнал урамшуулал нь ч багаас гадна бөхчүүд бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Дархан аваргыг одон­гоор ч шагнахгүй хэрнээ бөхийн бусад төрлөөр тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон бөхийг одон медалиар харамгүй шагнана. Үндэсний бөхийн спортоор дархан аварга үүнээс яав ч дутахгүй гавьяатай, уг нь. Дээр нь социалист нийгмийн үед үндэсний бөхийн барилдаанаас олсон орлогыг Спортын төв ордон хураан авч, багахан хэсгийг түрүү үзүүр бөхөд өгчихөөд өөрийн санхүүжилтдээ зарцуулдаг байсан. Зүй нь бол үндэсний бөхөөр олсон учраас энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зарцуулах ёстойсон. Энэ бүхнийг би дэндүү ойроос харж, мэдэрч байсан хүний хувьд “Спортын мэдээ” сонинд долоо найман ч нийтлэл бичсэн. Үндэсний бөхийн спортыг шинэчлэх өөрийн санал санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг бол­гох үүднээс өөрийн бич­сэн “Бөхийн хөдөлмөр” хэмээх нийтлэлээ бариад Ардын их хурлын нарийн бичгийн дарга Ц.Готовтой уулзсан юм. Ингэж 1989 онд анх­лан бөхийн асуудлаа шийдүүлэхийн төлөө төрийн ордон руугаа орж байлаа. Бөхийн холбооны дарга Ж.Гүррагчаатай давхар уулзан, бөхчүүдийн эрүүл мэнд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг анхаарахаас өгсүүлээд бай шагналыг дээшлүүлье, улсын наадамд зодоглоход албан байгууллагаас нь цалинтай чөлөө өгье гэсэн санаагаа алд хэмжээтэй цаасан дээр бичээд өгчих­сөн. Ингээд төрийн удирдлага, бөхийн холбооны дарга хоёрт хэлчихсэн юм чинь асуудлууд нэг мөр шийдэгдэх болов уу гэсэн чинь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Тиймээс зайлшгүй өөрийн хувь нэмрээ оруулах шаардлагатай болсон гэх үү дээ. Ер нь ямарваа нэгэн ажлыг санаачилж, сэдсэн хүн л өөрөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол өрөөл бусдад ингэмээр байна гэж хэлэхээр амны гарз болдог шиг байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Улсын заан Р.Давааням төрсөн ах Р.Нямдоржтойгоо үндэсний бөхийн өв соёлыг хамгаалахын тулд дорвитой алхам хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг ярьж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан байгаа юм. Ингээд л 1990 оны дөрөв­дүгээр сард Үндэсний бөхийн холбоогоо байгуулсан. Бөхийн холбоог байгуулсны дараахан буюу дөрөвдүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр Р.Давааням заан, Р.Нямдорж, Соёлын яамны дэд сайд асан, П.Даваасамбуу, улсын заан Д.Мягмар бид тав тус бүр 100 төгрөг гаргаж, холбооныхоо санг бүрдүүлж байлаа. Ингэж л тамга тэмдгээ хийлгүүлж, төд удалгүй холбооныхоо нэрэмжит барилдааныг зохион байгуулж байлаа. Өнгөрсөн хавар манай холбооны 25 жилийн ой тохиож, хоёр барим­тат кино, мөн төчнөөн ном гаргаж, 1024 бөхийн барилдаан зохион байгуулснаас гадна эрдэм шинжилгээний хурал хүртэл зохиосныг та бүхэн мэдэж байгаа байх. Бидэн шиг ойгоо өргөн дэл­гэр хийдэг байгууллага байх­гүй. Бид л анхлан 6000 бөхийн барилдааныг зохиож, Геннисийн номонд бичүүллээ. Үүнээс үлгэр авч морины холбоо хоёр жилийн дараа морины уралдаанаа Геннисийн номонд оруулсан” хэмээв.

Тэрээр Бөхийн өргөөний барилгын зургийг 1991 оны нэгдүгээр сард холбооны ерөнхийлөгч Р.Нямдоржтой гаргажээ. Тэд бөхийн өргөөтэй болъё хэмээн шийдээд, шуудхан харандаа цаас аваад зурж эхэлсэн гэдэг. Ийн өөрсдийн зурсан 2500 хүний суудалтай, дугариг хэлбэрийн өргөөний гар зургаа мэргэжлийн архитекторуудад өгч зуруулжээ. Ийнхүү зурган дээр бэлэн болсон үндэсний бөхийн өргөөгөө барих газраа тэр даруй хайж эхэлсэн ч багагүй хугацаа алджээ. Анхлан бөхийн өргөөг баруун дөрвөн замд байгуулахаар шийдэн, дүүргийн Засаг даргын тамгын газар хандсан гэнэ. Гэсэн ч өөр барилга байгууламж баригдахаар урьдчилаад төлөвлөчихсөн байсан учраас өөр газар хайжээ. Тус газарт хожмоо Голомт хотхон сүндэрлэжээ. Ийнхүү Их дэлгүүрийн баруун урд тал дахь замын эсрэг талын төв зам дагуух сул газрыг бөхийн өргөөний зориулалтаар ашиглая гэсэн боловч дүүргийн удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Энэ газарт өдгөө Улаанбаатар их дэлгүүр баригдсан байгаа юм. Үүний эцэст Хөдөлмөрийн яамны өмнөх, Баянзүрх дүүрэг дэх газрыг олж, зөвшөөрлийг нь авчээ. Газрын хэмжээ төлөвлөснөөс бага байсан учраас 58 орчим метрээр төлөвлөсөн өргөөний тойргийн уртыг хоёр гурван метрээр багасгажээ. Ийнхүү арван эгнээ бүхий найман хэсэг суудалтай, голдоо 34 метрийн диаметртэй дэвжээ бүхий бөхийн өргөөний шавыг 1992 онд тавьжээ. Д.Данзан “Улсын начин, заан цолтой бөхчүүдийг цуглуулаад бөхийн өргөө байгуулах гэж байгаа талаараа дуулгатал тэд нэг их ойшоодоггүй. Тэгэхээр нь бөхийн өргөө гэдэг таван ханатай гэрийн төдий байгууламж биш. Өндрөөрөө найман давхар барилгын дайтай гэдгийг би хэлтэл бөхчүүд дүнгэнэлдээд явчихсан. Дүвчин заан “Өө би тэр 120-д байдаг дугариг байшин шиг жижигхэн гэр юм байх гэж бодоод хаана нь бөх барилдаж, хаана нь үзэгчид суух юм бол гэж гайхаад л сууж байлаа гэсэн. Ингэж бөхчүүд ажлыг минь үнэн сэтгэлээсээ ойлгож эхэлсэн. Түүнээс биш өндөр нь 28 метр, диаметр нь 50 гаруй, дэвжээ нь 40-өөд метр гэхээр бууж өгөхгүй байсан хэрэг л дээ. 520 гаруй бөхийн хорхойтон, хүчит бөхчүүдийнхээ хан­диваар үндэсний бөхийн өргөө барилгын ажил таван жил гаруй үргэлжилсний эцэст 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөө нээлтээ хийсэн” гэсэн юм. Энэ их нөр ажлыг нугалсан учраас холбооны тэргүүн Р.Нямдорж болон Д.Данзан нарыг дөрвөн жил тутам болдог зөвлөлийн хурлаараа улираан сонгосоор байдагт эргэлзэх зүйл алга.

Түүнийг бөхийн холбооны дэд тэргүүн, шинжлэх ухааны доктороос гадна яруу найрагч гэдгийг нь тэр бүр мэддэггүй болов уу. Эл эрхэм найрагч Монголын ард түмний дунд хит болсон олон дууны шүлгийг бичсэн юм. Тухайлбал нэг ус нутаг буюу Ховдын Дарви Сутай хайрханы хүү, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнтэй “Түшээт ханы Намхай аварга”, Монгол Улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандах агсантай “Насны хайр”, “Гэртээ ирлээ”, Гомбын Эрдэнэчулуунтай “Монгол эрийн жавхаа” зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн байна. Данзан докторын гэргий Чимидын Оюунбилэг нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн ажээ. Тэрээр Монгол Улсын заан Гочоосүрэнгийн төрсөн дүү гэнэ. Намуухан яриа хөөрөөтэй намбалаг сайхан эмэгтэй нөхөр, ач зээ нарынхаа хамт биднийг гаргаж өгсөн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Төрийн наадамд түрүүлсэн мэргэн харваачдын эгэл амьдрал

Үдшийн 23 цаг болж байв. “Хотод их устай бороо оржээ. Замын хашлага даваад чулуу, шороо, хог урсаад ороод ирснээс биш энэ зун асгаагүй л хураа хайрлаж дээ, энэ тэнгэр” гэж дуу алдсаар манай зочид орж ирэв. Бид “Танайд өнжье” буланд онцолж буй айлдаа зочилж гэрийн эзэд угтаж авдаг байсан бол энэ удаа харин эсрэгээрээ гэртээ ирэхийг нь хүлээж байсан нь энэ. Тэд бол Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын халх сурын харваанд эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж Монгол Улсын мэргэн болсон Б.Батбаатар, эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын хошой мэргэн С.Энхтунгалаг нар юм. Хүй долоон худагт болсон Баянгол дүүргийн 50 жилийн ойн баяр наадмын сурын харваанд гэр бүлийн хоёр оролцоод нөхөр нь гуравдугаар байр эзэлсэн гээд өргөмжлөл, хүрэл медаль барьчихсан ийн хур бороотой уралдсаар гэртээ ирж байгаа нь энэ. Хошой мэргэн С.Энхтунгалаг “Нөхөр маань гуравт ороод тэгсэн бөхийнхөө барилдааныг дуусгаж байж бай шагнал өгнө гээд Хүй долоон худагаас ховхорч чадахгүй оройтчихлоо. Та нарыг их хүлээлгэлээ” гэж яриа өрнүүлэнгээ дээл хувцсаа тайлж аваад буйдан дээр хоёул тухлаад авав. С.Энхтунгалаг мэргэний дүү цай аягалаад хоол авчирч өгөхөд Б.Батбаатар мэргэн “Гурилтай шөл юм уу, яасан сайн хэрэг вэ. Ойрын хэд хоног бид хоёрыг чинь хоёулаа улсын наадамд түрүүлсэн гээд ах дүү хамаатан садан, найз нөхөд баяр хүргэж, манайх гэдэг айл хөл ихтэй л байна. Ирсэн хүн болгонд дэлгүүрээс ууттай бууз авчирч чанаж өгсөөр байтал өөрсдөө ч залхчихаж” гэв. Энэ жил төрийн наадмын сурын харваанд гэр бүлийн хүмүүс түрүүлсэн анхны тохиолдол нь Б.Батбаатар, С.Энхтунгалаг нар юм. Түүнчлэн хоёулаа Буриад, Урианхай сурын харваа сонирхдог, чамгүй амжилт үзүүлж яваа тамирчид юм.

Монгол Улсын мэргэн Б.Батбаатарын хувьд Буриад, Урианхай сурын спортын мастер бол эхнэр С.Энхтунгалаг нь Монгол Улсын хошой мэргэн, Буриад сурын гоц мэргэн, Уламжлалт харвааны ОУ-ын хэмжээний мастер билээ. Түүнчлэн гэр бүлийн харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээний 2014, 2015 оны аварга юм байна.

Төрийн их баяр наадамд хамтдаа 12 жил зодогложээ

Улсын мэргэн Б.Батбаатарын том өрөөний шилэн хорготой шкапанд үндэсний их баяр наадмын сурын харваанд шагналт байрт шалгарсан өргөмжлөл ирийтэл өрсөн харагдав. Тэд 2000 оноос хойш төрийн их баяр наадамд алгасалгүй оролцож иржээ. Дээд эгнээнд нь гэрийн эзний өргөмжлөлүүд байх. Харин хоёр дахь шүүгээний нүдэнд гэрийн эзэгтэйн өргөмжлөл, дурсгалын зүйлс өрөөстэй байна. Гэрийн эзэгтэйнх илүү олон юм. 2010 онд Дэлхийн уламжлалт харвааны аварга болж байсан өргөмжлөл медаль ч байв. Дэлхийн уламжлалт харваагаас анх удаа Монголоос медаль хүртэж байжээ. Уламжлалт харваа гэдэг нь өөрсдийн үндэснийхээ нум сумаар адилхан бай харвадаг төрөл юм. Гэрийн эзэгтэй “Би 1981 оноос хойш 34 жил сурын харваагаар хичээллэж байна. 1986 онд анх Монгол Улсын мэргэн болж спортын мастер цол хүртэж байлаа. Түүнээс хойш мэргэнээ баталчих юмсан гэж бодсоор энэ жил харин сайхан тохироо бүрдэж, бүр ханьтайгаа хамт түрүүлчихлээ. Харин манай хань чинь хожуу сур харваж эхэлсэн шүү дээ” гээд наадмын зурхайд төрсөн сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр “Сүүлийн хоёр жил нөхөр маань түрүүгээ Отгонбаяр ахад алдсан. Энэ жил харин түрүүлэх байх гэж найдаж байсан. Эрэгтэй шигшээ найм эхэлж харвадаг. Шигшээ харвах үед салхи ихтэй, тэнгэр хангай жаахан бүүдгэр байсан чинь манай ханийг сүүлийн сумаа тавих үед их сайхан тогтуун болчихсон. Цаанаа л нэг од нь гүйчихсэн байсан. Би ч нөхрийгөө Монгол Улсын мэргэн цолны болзол хангачихсан чинь ганц зорилго биелчихлээ гэж бодоод одоо яасан ч яахав гээд өөрийгөө сайхан тавьчихсан. Ер нь сур бол их хэцүү, хатуу спорт. Зарим үед сандраад өөрийгөө хэт бариад алдчихдаг. Айж шийргэнэнэ.

Харин энэ жил их тайван үзсэн. Нөхрийн маань амжилт намайг хурцалсан. Миний өмнө Оюунчимэг мэргэн сум тавьсан. Түүний харвахыг л харсан. Гарамгай мэргэн Х.Оюунчимэг төрийн их баяр наадмын халх сурын харваанд тасралтгүй дөрвөн жил түрүүлсэн хүн. Тэрнээс миний дараа харвасан хүмүүс яагаа бол гэж бодоогүй. Тэгсэн харин гараад ирсэн. Үүнээс илүү баярт явдал гэж хаа байхав” гэж ирээд өөрөөсөө илүү ханийнхаа амжилтыг ихэд бахдан ярьж байхыг харахад үнэхээр сэтгэл хөдөлж байлаа. Хошой мэргэний хувьд сүүлийн хоёр жил үзүүрлэсэн нөхрийгөө түрүүлж, мэргэн цол хүртээсэй гэсэн чин хүсэлтэй байсан нь илт. Учир нь найзууд нь “Залуу харваач Батбаатар хэзээ мэргэн болж эхнэрийн энд хүрэх вэ” гэж цаашлуулдаг гэнэ. Цолныхоо эрэмбээр нэр дуудуулж харвадаг болохоор хамгийн сүүлд шахуу дуудагддаг байж. Уг нь сүүлийн хоёр жилийн наадамд шаанс гарсан боловч нэг л тохироо бүрдэхгүй Отгонбаяр мэргэнд түрүүгээ буулаалгаад аман хүзүүдсэн хэрэг. Тиймээс энэ жил түрүүлэх байх гэсэн битүүхэн горьдлоготой байжээ. Харваачдын хувьд наадамд үзүүрлэнэ, тэр дундаа хоёр үзүүрлэнэ гэдэг амаргүй даваа ёстой л ур чадвартай, мэргэн нь л ийм амжилт гаргадаг бололтой. Өнөө жилийн наадмаар мэргэн Б.Батбаатар 40 сум тавьснаас 36 оноо авсан бол гэргий нь 40 сум тавьж 37 онож түрүүлжээ.

29 жилийн дараа хошой мэргэн болсон нь

Хошой мэргэн С.Энхтунгалаг 1981 оноос харваж, сурын спортыг сонирхож эхэлжээ. Тэрээр 1986 оны үндэсний их баяр наадмаар Хадбаатар аваргыг түрүүлдэг жил түрүүлж Монгол Улсын мэргэн, спортын дэд мастер цолны болзол хангаж байснаа ихэд бэлгэшээдэг гэсэн. 1986-1994 оны хооронд гурван хүүхэд өсгөх том албатай болж хэсэг хугацаанд нум сумаа эвшээлгээгүй байна. Ингээд хүүхдүүдээ хэлд орж, хөл нь чангараад ирэхээр нь ээж, аавдаа даатгаад л наадмын бэлтгэл гээд явчихдаг байж. 2007 онд тавдугаар байрт орж байсан ч улсын мэргэнээ батлах хүсэл өвөртөлж уйгагүй зүтгэсний хүчинд хошой мэргэн боллоо хэмээн дурсамжаасаа хуваалцав. Үнэндээ зөвхөн халх гэлтгүй буриад, урианхай сурын харваанд түүнтэй эн зэрэгцэх хүн ховор. Гарамгай мэргэн Оюунчимэг, Норжмаа мэргэн гээд түүний хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэж болох юм. Түүний насныхан бүгд л зодог тайлчихсан. Харин С.Энхтунгалаг уйгагүй бэлтгэл хийж 29 жилийн дараа ийн хошой мэргэн боллоо. Ийн хошой мэргэний амжилтыг хөөрөлдөх зуур бага хүү нь найз охинтойгоо орж ирэв.

Улсын наадамд гэр бүлээрээ гутгаар байрторсон түүх

Батбаатар мэргэнийх нэг охин, хоёр хүүтэй айл. Том нь Жаргалсүрэн, удаах нь Төгсжаргал, Төгс-Эрдэм хоёр. Охин нь санхүүгийн мэргэжилтэй. Хоёр хүү нь хятад хэл судлаач. Өдгөө нэг нь төрийн байгууллагад том алба хашиж байгаа бол бага хүү нь мөн томоохон компанид хятад хэлний орчуулагч хийж байгаа гэсэн. Том хүү нь өрх тусгаарлаж хоёр хүүхэдтэй болсон байна. Бага хүү нь аав, ээжээрээ ихэд бахархана. Тэрээр намайг бодвол ах илүү сайн харвана гэхэд ээж нь “Миний хүү чинь 20 сум тавихад 20 онодог мэргэн байхгүй юу” гээд хошуу дэвсэн эрхлүүлж, зулай дээр нь үнсэв. Зургийн цомог гаргаж ирээд энэ бол манай гурав наадмаар гурвуулаа хүрэл медаль хүртсэн жил гэж ирээд ярив.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 оны үндэсний их баяр наадамд аав, ээж, хүү гурав нум сумаа үүрээд гэрээсээ хамт Төв цэнгэлдэхийн зүг хөдөлжээ. Харин наадам дуусахад гэртээ гурвуулаа хүрэл медаль өвөртөлж ирсэн гэнэ. Ер нь хүүхдүүд нь аав, ээжийнхээ мэргэжлийг ихэд дэмжихээс гадна арын ажлыг нь амжуулж, хоол унд, хувцас хунарыг нь базаадаг байна. Учир нь аав, ээж нь үргэлж бэлтгэл сургуулилт, тэмцээн гээд гэртээ орж ирэх нь ховор.

“Ханьдаа шинэ малгай оёж өгөх том ажилтай боллоо”

“Ямар сайндаа л мэргэн нөхрийнхөө малгайг оёх завгүй байгаа” гээд гэрийн эзэгтэй инээмсэглээд өөрийнхөө малгайг харуулав. Бөхчүүдийн малгайны залаа дээр улсын наадамд үзүүрлэж, түрүүлсэн тоог илтгэх зураас бий. Яг үүнтэй адил харваачдын малгайны залаанд ч тийм зураас байдаг. С.Энхтунгалагийн малгайны залаа нь хоёр давхар бөгөөд эхний залаан дээр улсын наадамд зургаан удаа үзүүрлэснийг илтгэх зураас байх бол хоёр дахь нь нэг зураастай аж. Учир нь тэрээр аймаг сумын наадамд оролцоод хошой мэргэнийхээ тэмдгийг малгайдаа хадах ч завгүй явна. “Би ч яахав нэмээд оёчихно. Ханьдаа харин шинэ малгай оёж өгөх том ажилтай боллоо” хэмээн ирмээд нөхрийнхөө толгой дээр өөрийнхөө малгайг тавиад “Энийг чи ав” гэж цаашлуулж инээв. Харин Батбаатар мэргэн “За, өнөө Батбаатар чинь эхнэрийнхээ малгайг өмсчихөж гээд андахгүй. Онигоо болно” хэмээн инээмсэглэн, ёжлоход бага хүү Төгс-Эрдэм нь аав, ээжийнхээ ярианд итгэсэн бололтой “Яана аа ээжийнх ягаан өнгөтэй ш дээ” гэж гэрийнхнийгээ хөгжөөгөөд авав.

Наадмынбэлтгэлээ хийхийнтулд хүнээс мөнгө зээлж өр тавьсан

Малгайнаас эхлээд наадамд бэлдэхэд мундахгүй их юм хэрэгтэй. Бэлтгэл хийнэ, малгайгаа хүнээр оёулна гээд л. Хошой мэргэн малгайгаа хүнээр 250 мянган төгрөгөөр оёулжээ. Энэ тухайгаа ярихдаа тэрээр “Энийг сонин дээрээ бичихгүй биз дээ” гэж их л санаа зовсноо “Яахав дээ хүний л амьдрал ш дээ. Бэлтгэлээс эхлээд мөнгө их орно. Баатараа бид хоёр наадмын дараа өгье гээд хүнээс мөнгө зээлчихсэн. Наадамд түрүүлсэн гээд улс тус бүр найман сая төгрөг өгсөн. Энд тэндхийн аймаг сумын наадамд оролцоод бас хэдэн төгрөг оллоо. Өрөө дарчихаад машин тэргээ сайтар шалгаж, хоол ундаа бэлдээд хэд хэдэн аймгийн ойд оролцох санаатай” гэв. Харин гэрийн эзэн “За тэр яах вэ” гэж эхнэрээ нударна. Түүнчлэн гэрийн эзэгтэй “Уг нь бөхчүүдэд түрүүллээ гээд л хэдэн өрөө байр, хэдэн ч машин өглөө гэдэг. Барьцаж байгаа юм биш л дээ” гээд хуучин байрныхаа гал тогоонд орж гал тогооны шүүгээ шагналынхаа мөнгөөр авахаар төлөвлөснөө шивнэв. Уг нь наадмын үеэр түрүүлсэн харваачийг нэг тавилгын компани гал тогооны иж бүрэн тавилгаар байлахаа зарлаж байсан удаатай аж. Гэвч өнөөг хүртэл чимээгүй байгаа бололтой.

Сумынойд нөхөр нь хоёрт орж, эхнэр нь түрүүлж автомашинаар шагнуулжээ

Гэр бүлийн мэргэн харваачид маань аймаг, сумын наадамд оролцоод тун ч завгүй яваа бололтой. Төрийн их баяр наадмаар авсан хоёр өргөмжлөлөө ханан дээрээ өлгөж амжаагүй харагдсан. Гэрийнхээ хамгийн дээр залах тухайгаа хуваалцсан. Тэд хэдхэн хоногийн өмнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ойн баяр наадамд оролцож Батбаатар мэргэн эрэгтэйчүүдийн төрөлд хоёрт орж гурван сая төгрөгөөр шагнуулсан бол Энхтунгалаг мэргэн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж автомашинаар шагнуулжээ. Автомашинаа гардан авч байгаа зураг нь мөн л шүүгээн дээр нь харагдав. Энэ тухайгаа Батбаатар мэргэн “Нэлээд хэдэн сумын ой давхцаад бид хоёр ярилцаж байгаад хамгийн өндөр шагнал автомашин өгнө гэсэн сум руу явсан” гээд инээв. Сурын маань буян хишиг учраас ёстой нүдний цөцгий мэт хайрлаж, гамтай унана гэдгээ хүртэл хэлэв.

Б.Батбаатар: Манай эхнэр яг л “ямаа” шиг. Хийж чадахгүй, сонирхохгүй юм гэж байхгүй

Хошой мэргэн С.Энхтунгалаг зөвхөн сур харвахаас гадна их бүтээлч, ажилсаг нэгэн гэдэг нь илт. Өрөө бүрт л түүний оёсон хатгамал, мөн цаасаар сүлжсэн бүтээл дэлгээстэй. Цаасаар их гоёмсог сумны сав хүртэл урлажээ. Найзууддаа хүртэл бэлэглэдэг гэсэн. Харин мэргэн Батбаатар өөрийнхөө болоод эхнэрийнхээ хэрэглэх сумыг урладаг байна. Мөн л жижиг өрөө дүүрэн нум, сум. Хоёулаа халх, буриад, урианхай нум, сумтай. Түүний ярьснаар бол харваач бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас сумаа хүртэл өөртөө тааруулж хийдэг байна. Халх сурын зай 75 метрээс эхэлдэг бөгөөд хасаа буюу бай нь 100 гр жинтэй сураар сүлжиж хийсэн байдаг. Харин Урианхай сур 35 метрээс эхэлдэг чих буюу бай нь 350-400 гр жинтэй, хүнд сум, хүчтэй нум хэрэглэдэг байх жишээтэй. Буриад сур 45 метрээс бай буюу үртгийгээ /өртгий гэж хэлдэг/ онодог. Товчхондоо бол хөнгөн сумаар хөнгөн байг онодог. Үүнээс гадна хоорондоо олон нарийн ялгаатай. Мэргэн халх сурын байг мөн урладаг юм билээ. Гэхдээ нумаа тусгайлан мэргэжлийн урлаач хүнээр хийлгэдэг байна. Батбаатар мэргэний нумыг Чойдорж гэдэг хүн урласан бол Энхтунгалаг мэргэний нумыг Баттөмөр, Баатар гэдэг хүн урлажээ. Олон жил болж байгаа гэнэ. Шагналынхаа дээжээс нум урласан хүнээ мялаагаад ирснээ ч ярьсан. Харин эхнэрийн хувьд их авьяастай. Охиноо төгөлдөр хуурын сургалтад явуулаад төгсөхөд нь өөрөө оролдсоор байгаад сурчихсан, хүнээр нэг л удаа заалгаад гар урлал хийчихнэ гээд зүгээр суудаггүй нэгэн. Ямар сайндаа нөхөр нь түүнийг “Манай эхнэрт хийж чадахгүй зүйл байхгүй. Юу л харна түүн рүүгээ зүтгэнэ. Яг л ямаа шиг” хэмээн хошигноод авав. Ийн хөөрөлдөх зуур бид хоёрын тэмцээнд ороод амжилт гаргах хамгийн гол хүчин зүйл бол тусалж дэмждэг “Алдар” спорт хорооны хамт олон, “ЖЕМ” интернэшнл компанийн хамт олон юм. Тиймээс энэ завшааныг ашиглаад баярлалаа гэдэг чин сэтгэлийн үгээ хэлмээр байна гэж С.Энхтунгалаг харваач хэлэв.

Сурынзурхайд танилцаж, сурынзурхайдаа амьдарч яваа харваачид

Мэргэн харваачид нум сумаа ихэд нандигнан дээдэлдэг нь илт. Бараг үр хүүхдээсээ илүүд үздэг гэж ярив. Өвлийн улиралд заал, танхимын харваанд оролцдогийг эс тооцвол бусад үед нум, сумнаасаа сална гэж үгүй. Анх сурын зурхайд танилцаж, сурын спортод хамтдаа амьдралаа зориулж яваа хүмүүс бол яах аргагүй Батбаатар, Энхтунгалаг хоёр мэргэн. Тэд Дорнод аймгийн уугуул хүмүүс. Анх 1975 онд Батбаатарыг Мухардайханы хэмээх мэргэн харваачдын удмын Пүрэвийн Гарамсүрэн найз нь сурын харваанд уруу татаж оруулсан. Найзыгаа дагаж Төв цэнгэлдэхэд сур харваа сонирхож яваад эхнэрийгээ олж харсан гэдэг. Тухайн үед бороо орж харваачид саравчинд цугларч хоргодож зогсоо эхнэрийгээ хараад дурласан цагаас хойш сэтгэлийг нь сурын зурхай насан туршид нь аргамжаад авсан хэмээн хуучлав. Уг нь Батбаатар мэргэн мужаан мэргэжилтэй, мөн МУИС-ийг бараа судлал, худалдааны зохион байгуулагч чиглэлээр дүүргэсэн байна. Аав нь тухайн үедээ их хэлэмгий, хөдөлгөөнтэй хүн байсан учир “Намын эсэргүү Базар” гэгддэг байж. Эхээс олуулаа. Энхтунгалаг мэргэн мөн л эхээс олуулаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул. Гэхдээ сур сонирхдог хүн байдаггүй гэнэ. Батбаатар мэргэний удамд Д.Цэцэг хэмээх өдгөө 65 нас хүрч буй Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн харваач байдаг аж. Энэ хүнээс л хоёулаа үлгэр дуурайл авч, хүндэлж явдгаа ярив. С.Энхтунгалаг “Бид ямар үнэт эдлэл, үнэтэй зүйл хөөцөлдөөд байх биш. Хэдэн төгрөг олвол эрүүл мэнддээ зориулж ахиад хэдэн жил амьдарч сур харвахыг хүсдэг. Цэцэг эгчээс дутаад юу байхав гээд л түүнийг юу хэрэглэнэ дагаад л хэрэглэнэ шүү дээ” хэмээн наргив. Хажуунаас нь хүү нь “Ээж Цэцэг эгч тийм ургамал, бэлдмэл хэрэглэж байна. Эмч хүн буруу юм хэрэглэхгүй гээд дуурайна шүү дээ” гээд инээв. Үнэхээр ч нум эвшээлгэж, сурын спортдоо үнэнч зүтгэнэ гэсэн эхнэр, нөхрийн чанд хүсэл бололтой. Сурын зурхайдаа босоо яваа мэргэн харваачид маань ийн сураа ярьсаар дараагийн тэмцээндээ аяны мишокоос эхлээд бэлдэх юм их байна гээд үлдлээ.

Д.Даваасүрэн

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол орны бүх нутагт хүрч ажиллах хүсэлтэй Элчин сайд

Их Британи, Умард Ирлан­дын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жэйн Арнолдынд өнжлөө. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Кэтринийх Монгол дахь Элчин сайдуудын хотхонд байдаг. Харуул хамгаалалт бүхий ногоон зүлэг, модоор хүрээлүүлсэн тэр цэмцгэр хашаанд орон орны Элчин сайдууд амьдардаг юм билээ.Английн Элчин сайдын өргөө хоёр давхар цагаан өнгөтэй. Зочны, гал тогооны, ажлын, албан өрөөнөөс гадна гурван ч унтлагын өрөөтэй ажээ. Кэтрин Монголд ирээд ердөө гуравхан долоо хонож байгаа болохоор гэрээ өөрийнхөө хүссэнээр тохижуулж ам­жаа­гүй байгаагаа бидэнд учирлав. Тэрбээр уран зураг, хөгжим, ном, спорт гээд маш олон зүйл сонирхдог бөгөөд арвин цуглуулгатай аж.Тэдгээр эд хогшлоо гааль дээрээс авахаар хүлээж байгаагаа ч дуулгасан юм.

Хатагтай Кэтрин хэвлэлд нээлттэй санагдав. Хэр баргийн Элчин сайдууд түүн шиг байдаггүйг бид мэднэ. Шинээр томилогдож ирсэн эрхмүүд ойрын нэг, хоёр жил­дээ хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй шүү дээ. Тэгвэл Кэтрин Монголд ирсэн даруйд эрх ямба эдэлж хойш суулгүй эгэл ардын аж амьдрал, хотын хөгжил цэцэгжилт, түүх дурсгалын сонин хачинтай танилцаад амжжээ. Тэрбээр илүү ихийг мэдэж, ард түмнийг судалж, таньж чадвал хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд дэвшил гарна гэж байлаа.

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд Их Британичууд дэлхий даяар Хатан хаан-II Элизабетийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг уламж­лалтай. Монгол дахь Элчин сайдын яам ч энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Энэ удаад шинээр томилогдон ирсэн Элчин сайд Кэтрин хатан хааныхаа төрсөн өдрийг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахыг хүсчээ. Тэрбээр уг баярыг хэрхэн тэмдэглэдэг, ямар утга учиртайг монгол­чуудад таниулахын тулд хэв­лэлийн байгууллагаас “Өдрийн сонин”-ыг урьсан юм. Урьд жилүүдэд нам гүмхэн тэмдэглэдэг байсан уламжлалыг ийнхүү эвдэж, олон нийтэд нээлттэй байд­лаар тэмдэглэж байгаа нь Элчин сайдын санал хэмээн Английн ЭСЯ-ны ажилтнууд өгүүлж байв. Их Британийн хатан хаан Элизабетын төрсөн өдрийн арга хэмжээг Кэтрин өөрийнхөө гэрт тэмдэглэв. Хүлээн авалтад Барилга хот бай­гуулалтын сайд Д.Цогт­баатар, УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал нар болон Монголд суугаа орнуудын Элчин сайдууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн салбар салбарын төлөөллүүдийг ч урьжээ. Хатагтай Кэтрин хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Сайд, УИХ гишүүн, ноёд хатагтай нараа. Та бүхнийг Хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд маш их баярлаж байна. Өнгөрсөн долоо хоногт хатан хаан өөрийн төрсөн өдрөөр уламжлалт цэргийг жагсааж албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэв. Хатан хааны гэр бүлийн хувьд энэ явдал нь маш онцгой үйл явдал байсан ба хатан хаан төрсөн өдрийн парадад 63 дахь удаагаа оролцож түүхэн амжилт тогтоож, Букингем ордны тагтан дээр хааны гурав дахь үеийн хүн болох хунтайж Жоржтой хамт гарч ард олондоо харагдсан юм. Мягмар гаригт миний амьдардаг энэхүү газраас холгүй би Монголын талаас зо­хион байгуулсан албан ёсны арга хэмжээнд оролцсондоо маш олзуурхаж байна. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн харуулуудын өмнө зогсож Монгол Улс болон Их Британийн төрийн дууллыг Чингэс хааны талбайд эгшиглүүлсэн тэрхүү мөчийг би хэзээ ч мартахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад хэлсэн үгэндээ “Эрхзүйд суурилсан олон улсын хэм хэмжээг сахих нь бидний хамтын үүрэг” гэдгийг онцолж, Их Британи, Монгол Улс дэлхий дахинд аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийг хангах, ардчилал болон хүний эрхийг хангах нь чухал болохыг тэмдэглэж мөн нэн тэргүүнд хуулийг дээдлэх шаардлагатайг дурдлаа. Энэ жил бид Магна Картаг баталсны 800 жилийн ойг тэм­дэглэж байна. Уг эртний баримт бичиг нь XIII зууны Английн хаан болон түүнийг эсэргүүцэж байсан баронуудын хооронд анхлан зөвшилдөж байгуулсан нь сайн засаглалын гол суурь болсон хуулийн өмнө хүн болгон тэгш эрхтэй гэсэн зарчмыг бий болгосон. Англи болон бусад оронд уг баримт бичиг нь хуулийг дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх байгууллагыг хууль ёсны дагуу байгуулах, хариуцлагатай засаглалыг бий болгож түүний үндсэн дээр аливаа нийгэм тогтвортой тууштай, баталгаатай цэцэг­лэн хөгжинө. Өнөөдөр мөн Ватерлод болсон тулааны 200 жилийн ой тохиож бай­на. Энэхүү тулаанд хэн ялсныг би мэргэжил нэгт нөхөр Францын Элчин сайд байгаа үед дурдмааргүй байна. Гол хэлэх зүйл бол Европыг хамарсан 23 жилийн мөргөлдөөнийг дуусгавар болсон өдрийн ойг тэмдэглэж байгаа юм.

Шекспирийн 400 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Шекспирийн ихэнх жүжгийг анх удаа тоглож байсан дэлхийд алдартай “Глоб” театрынхан Монголд Гамлетийг тоглохоор энэ жил ирэх болсныг дуулгахад таатай байна.

Олон улсад Их Британи улс нь бүтээлч, шинэлэг санаа, дээд зэргийн чанараар танигдсан бөгөөд Монгол Улсад Британийн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хоёр орны харилцааг бид тэмдэглэх зорилгоор энэ оны есдүгээр сард Их Британийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Great кампанит ажлын нэгээхэн хэсэг болох энэхүү өдөрлөгийн үеэр өнөөгийн Их Британи, Монголын хоорондын харилцаа бүхий л талаар хэрхэн амжилттай хөгжиж байгааг харуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Английн компаниудыг танилцуулах боломжийг олгох юм.

Миний бие, хагас зууны тур­шид үргэлжилсэн энэхүү харилцааг цааш нь үргэлжлүүлэх Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа бөгөөд Монголд байх хугацаандаа хоёр тал болон олон талт харилцаанд илүү хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал бий болгох бидний хамтын зорилгыг биелүүлэхэд хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөжүүлнэ гэж найдаж байна” гэв.

Түүнийг ийн үг хэлж дуус­­саны дараа Дуурь бүж­гийн эрдмийн театрын хөгжимчид хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэ үед Кэтринд ямар ч зав гарсангүй. Ирсэн зочидтойгоо уулзаж, найрсаг яриа өрнүүлж бай­лаа. Ингээд хүндэт зочдод СУИС-ийн оюутнууд Шекспирийн жүжгийн хэсгээс толилуулж, тэднийг хэсэгтээ л догдлуулаад авна лээ. Харин Кэтрин зочдодоо Английн уламжлалт жимсний коктейл бэлдсэн байсан нь тэдэнд маш их таалагдаж байгаа бололтой байв.

Энэхүү арга хэмжээ товлосон ёсоор 16-18 цагийн хооронд үргэлжилж, цагтаа өндөрлөв. Кэтрин ч зочдоо үдсэний дараа бид түүний бага ахуй наснаас дипломатч болсон түүхийн хуудсыг эргүүлсэн юм.

СОНИУЧ ЗАНТАЙ КЭТРИНИЙ БАГА НАС

Хатагтай Элчин сайд Кэтрин Элизабет Жэйн Арнолд одоогоор гэрлэж амжаагүй яваа гэсэн. Эхээс хоёулаа бөгөөд нэг эгчтэй аж. Кэтриний гэр бүл орон орноор аялж, ажилладаг байжээ. Аав нь далайчдын эрх ашиг, нийгмийн хамгааллыг хариуцдаг олон улсын байгууллагад ажилладаг байжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Далайчдын ажлын нөхцөл хэцүү. Олон сараар далайд явна. Гэртээ ганц, хоёр хоноод л буцаад явна. Ингээд хөлөг онгоц дээр байдаг хүмүүсийн ариун цэврийн хэрэглээ дутмаг, ар гэрийнхэнтэйгээ утсаар холбоо тогтооход хүндрэлтэй. Тиймээс миний аав, ээж тэр бүх нийгмийн асуудлыг нь хариуцан ажилладаг байлаа. Энэ бол тэдний маань хувийн, сайн дураараа хийдэг ажил нь. Харин олон улсын түвшинд бол далай дээр ямар нэгэн осол гарлаа гэхэд улс орнууд хил рүүгээ оруулдаггүй. “Манайх биш” гээд өөрсдөөсөө холдуулахыг хичээдэг. Мөн тухайн завийг эзэмшиж байгаа хүн мөнгө угаах зорилгоор ашиглаж байж болзошгүй зэрэг асуудлууд их гардаг. Тэр тохиолдолд нөгөө завийг ТББ нь хил рүү нэвтрүүлж, тусламж үзүүлэхийн тулд тухайн улс оронтой нь харилцан ойлголцуулдаг. Би ааваасаа дэлхийн улсууд, ард түмнийг сонирхох байдлыг нь өвлөж авсан. Ээжийн ном их уншдаг байдал надад нөлөөлсөн. Хэрэв миний юмнууд ирвэл энэ ханыг тэр чигээр нь дүүргэнэ” гэж зочныхоо өрөөний цэлгэр ханыг заав.

Кэтрин Өмнөд Солонгосын Пусан хотод төрж өссөн байна. Гурван настайгаасаа Солонгосоос гарснаас хойш да­­хин очих боломж таараагүй гэнэ. Харин энэ удаад Солонгостой ойролцоо орших манай улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд олзуурхаж байв. Кэтрин бага насаа дурсахдаа нүдэнд нь гэрэл тодорч, тухайн үеийг түвэггүйхэн санаж байв. Тэрбээр “Солонгост байхдаа би гуравхан настай байсан. Тэр үеийн зургаа харахаар ихэд дэвшилтэт технологитой орон байсан гэж бодогддог юм. Дэд бүтэц, эмнэлэг сайн хөгжсөн байсан. Дээр үеийн Пусаныг өнөөдрийн Пусантай харьцуулахад маш өндөр хөгжсөн байгаа. Эцэг, эх маань тэр үед их таатай нөхцөлд амьдардаг байлаа. Манай гэр бүл тэндээс Дубай, Шри-Ланкад шилжиж амьдарсан. Би их азтай хүн шүү. Багадаа олон орноор аялж, тухайн улсуудын соёл иргэншилд суралцсан. Спортоор их хичээллэдэг хүүхэд байлаа. Ялангуяа хөлбөмбөг, сагсан бөмбөгт хорхойтой. Бас мөсөн гулгуурт нугасгүй” гэв. Тэрбээр хүйтний улирал ирэхээр гол хөлдөнгүүт гулгана гэдгээ ч нуусангүй. Кэтрин Шри-Ланкад байхдаа төгөлдөр хуур, бишгүүр, лимбэ тоглодог байжээ. Хөгжим бол түүний сэтгэлд оршдог чухал зүйл гэсэн. Тиймдээ ч сонгодог урлаг тэр дундаа дуурийн тоглолтуудыг алгасахгүй үзэх бололтой. Тэрбээр манай дуурийн дуучин Э.Амартүвшингийн чадварыг ихэд үнэлж, хурдан түүний тоглолтыг үзэх юм сан гэж байсан шүү. “Амартүвшин Кардипийн олон улсын дууны уралдаанд шилдэгт үлдсэн байсан. Энэ тухай сонсоход таатай байна. Алдарт дуучин маань эх орондоо ирээд театрт тоглолт хийвэл би хамгийн түрүүнд очиж үзнэ” гэж Кэтрин өгүүлэв. Ер нь Кэтрин Англид байхдаа долоо хоногтоо хоёр удаа заавал дуурийн тоглолтүздэг байжээ.

Кэтрин тун сониуч зантай. Ямарваа нэгэн ажил хэргийг явуулахдаа, хүнтэй харилцахдаа байнга өөртөө асуулт тавина. Түүний багын сониуч хэрсүү зан нь олон зүйлд хөтөлсөн байна. Тухайлбал, улс орныг, хүнийг их судалдаг гэв. “Хүн сониуч байхын хэрээр юмыг илүү ойлгодог. Тэгж байж амжилтад хүрнэ” гэж хатагтай Элчин сайд хэлж байв. Тиймээс Монголын бүх нутагт очиж ажиллахыг хүсдэг байна. Тэгж байж ард түмнийг сайн ойлгож, илүү сайн Элчин сайд болно гэсэн бодолтой байгаагаа хуваалцав. Кэтриний багын эрч хүчтэй, цовоо сэргэлэн зан нь одоо түүний ажил руу нь шингэжээ.

ОНГОЦНЫ НИСГЭГЧ, СЭТГҮҮЛЧ, АКАДЕМЧИАС ДИПЛОМАТЧИЙГ СОНГОСОН ЗАМНАЛ

Кэтрин Кэмбрижийн Их сургуульд математикийн чиглэлээр суралцаж байжээ. Гэвч ганц мэргэжилд баригдаж ча­даагүй байна. Иймд фили­софи, шашин судлалаар бас суралцжээ. Их сургуулийн оюутан байхдаа гурван чиглэлээр дугуйланд давхар суралцаж байсан гэнэ. Тэр нь хоккей, теннис, сонгодог найрал дууны анги ажээ. Ер нь урлагт бол авьяастай, олон улсын жишигт нийцсэн хуурцаг хүртэл хэвлүүлж гаргасан байна. Сонирхуулахад, Кэтрин онгоцны нисгэгч байсан гэнэ. Их сургуулийнхаа нисэх хүчний салбарт цэргийн зориулалттай “Бульдог” загварын сургалтын онгоц жолооддог байжээ.Уг онгоц нь овор багатай болохоор ганцаараа агаарт янз бүрийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан гэнэ.

Кэтрин Кэмбрижийн их сургуульд мастер хамгаалаад “City of London”-д санхүүгийн хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн байна. Их Британи улс бол санхүүгийн чиглэлээр дэлхийд мундаг. Тиймээс Элчин сайд Кэтрин Англи, Монголын худалдааны харилцааг илүү хөгжүүлэх тал дээр ажиллах бодолтой байгаа гэлээ. Английн турш­лагыг суугаа орныхоо хөрсөнд нутагшуулахад нэлээд анхаар­лаа хандуулах юм байна.

Кэтриний сониуч зан түүнийг сэтгүүлч болгоход нөлөөлсөн тухай тэрбээр бидэнд хуучилсан юм. “City of London”-д ажилласныхаа дараа тэрбээр эцэг, эхийнхээ амьдарч байсан газрын сонин, телевизэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Английн урд зүгт байдаг Isle of Wight гэдэг газрын “Country Press” хэвлэлийн газарт сэтгүүлч болжээ. Тэнд ажлын туршлагатай болсныхоо дараа Иракт ажиллах томилолт өвөр­төлжээ. Тус улсад Анг­лийн анхны сэтгүүл гаргах ажилд туслахаар ийн зорьсон гэнэ. Иракт байсан хугацаа нь түүний амьдралын гайхалтай мөчүүд байсныг дур­­сав. Тэнд хувиараа “Bloomberg”, “BBC”, “Guardian” зэрэг дэлхийн томоохон агентлагуудад ажиллажээ. “Багдадад зориулсан аяллын хөтөч” ном хэвлүүлснээс гадна сонинд аяллын талаар хэд хэдэн нийтлэл бичиж байжээ. Тэрбээр Ойрхи Дорнодод ажилласныхаа дараа Англид буцаж очоод Ноттингамын их сургуульд дахиад мастерт суралцжээ. Ингээд Гадаад хэргийн яаманд ажиллахаар болсон байна. Улс орнуудыг илүү их таньж мэдэхийг хүссэн учраас ийнхүү Гадаад хэргийн яаманд ажилд орсон гэж Кэтрин тайлбарлаж байлаа. Түүнд хоёр сонголт тулгарчээ. Докторын зэрэг хамгаалах боломж байсан хэдий ч улс орнуудын талаар дэлгэрэнгүй мэдэж байж суралцах ёстой гэж үзжээ. Тэгээд сэтгүүлч, академич байх хоёрын дундаас дипломатчийг сонгосон байна. Энэ тухайгаа “Дипломатч байх нь сэтгүүлчийн талаас хүмүүсийг ойлгоно. Академич бол онолын төвшин дэх зүйлүүдийг ухамсарлана. Энэ хоёрыг нэгтгэхэд дэлхийн улс орнуудыг илүү сайн сайхан байлгахад анхаарлаа хандуулан ажиллаж болно гэж харсан. Хувь хүн болон улс оронд болохоор аюулгүй байдал, эдийн засгийн хувьд ашигтай зүйлийг бий болгоход туслах юм байна гэж ойлгосон” гэж ярив. Кэтрин Гадаад хэргийн яаманд ажиллаад хэд хэдэн газар томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид итгэмжлэх жуухаа барихдаа энгэртээ хоёр одон зүүсэн байв. Энэ нь түүнийг аюултай бүсэд ажиллаж байсныг нотлох иргэний хүндэт медаль юм байна. Тэрбээр сонирхолтой орнуудад ажиллах тун дуртай гэж инээмсэглэн ярилаа. Ингэхдээ “Афганистан бол маш гайхалтай орон. Олон жилийн дайны дараа хөгжиж байгаа. Бидний хамаалалт сайн байсан. Тиймээс би аюулгүй орчинд байв. Харин Афганистанд аялах боломж байгаагүй. Нэг удаа Файзабад гэдэг газар руу явж аялсан. Тэр үед Монголын энхийг сахиулагчид нисэх онгоцны буудал орчмыг хамгаалж байлаа. Тэнд бид долоо хоног байрлаж байхад Монголын энхийг сахиулагчид тун чадварлаг хамгаалж байсан шүү. Монгол орон бол маш гайхалтай. Хаашаа ч очоод аялах боломжтой байна. Би ууланд авирах дуртай. Иранд байхдаа хамгийн өндөр буюу 600 метрийн өндөр галт ууланд авирч байсан. Тиймээс Монголын Алтай таван богд руу авирна гэж бодож байгаа” гэв.

“АНГЛИ МОНГОЛЫН ХАРИЛЦААГ ХЭД ХЭДЭН ШАТАНД ХӨГЖҮҮЛНЭ”

Хатагтай Кэтрин Монголд Элчин сайдаар томилогдож ирсэн ач холбогдлоо ихэд өндрөөр үнэлж байсан шүү. Учир нь ардчилал хөгжөөд 25 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улс хөгжлийнхөө чухал шатанд ирж буй хэмээн онцолж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентад хэлсэн үг нь Европын холбоо, Английн зорилготой нийцэж байгааг Элчин сайд Кэтрин дурдав. Түүнээс 52 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харил­цаа цаашид салбар, салбарт хэрхэн өргөн тэлэхийг төсөөлж бай­гааг нь тодруулахад “Мон­гол, Англи хоёр улс олон сал­барт хамтран ажил­­лаж байгаа. Английн өндөр технологийг Монголд нутагшуулна. Би Монголд ирсэн даруйдаа “English of school”-д очиж ажилласан. Кэмбрижийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Монголын Засгийн газар, БСШУЯ-тай хамтран энэ программыг цааш нь явуулах сонирхолтой байгаа. Боловсрол бол ямар ч орныг амжилтад хүргэх гайхалтай түлхүүр. Мөн хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана. Английн шилмэл үүлдрийн, махны ашиг шим, ноосны чанар сайтай хонийг Говьсүмбэр аймагт нутагшуулна. Дээрхээс гадна Их Британийн амьтны нийгэмлэг Монголын Засгийн газар хоёрын хооронд нягт хамтран ажиллаж байгаа. Энэ нийгэмлэгийн маань гол зорилго бол хууль бусаар амьтан агнах, хил гаргахыг хориглодог. Их Британийн Хавтгай хамгаалах нийгэмлэг болон Мазаалай хамгаалах нийгэмлэг Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Амьтан хамгаалах нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг. Учир нь амьтан бол тухайн орны соёлын нэг хэсэг байдаг” гэлээ. Тэрбээр амьтанд тун хайртай юм билээ. Одоогоор Монголд бүрэн төвхнөж амжаагүй болохоор хараахан амьтан тэжээгээгүй байгаа аж. Тун удахгүй сонирхлынхоо дагуу олон төрлийн амьтан тэжээнэ гэв.

Английн виз бол амаргүй гардаг. Монголчууд визний мэдүүлэгт орохын тулд Бээжинг зорьдог. Визний чирэгд­­лийг хөнгөвчлөхийн тулд шинээр томилогдсон Элчин сайд ямар ажил хийхийг лавлатал “Визний асуудлын тухайд зөвхөн Монголд биш, дэлхий даяар баримталж байгаа Их Британийн бод­лого юм. Миний ажиллаж байсан бусад орнуудад ч ийм нөхцөлтэй байсан. Ганц Монгол орныг ингээд байгаа юм биш. Визний хувьд Азийн нэг бүсэд төвлөрч буй. Энэ нь бидний харж байгаагаас илүү үр дүнтэй үйл ажиллагаа юм. Визний мэдүүлэг нэг оронд төвлөрсөн нь илүү хямд тусна. Афганистан, Иран, Ирак гээд миний ажиллаж байсан бүх оронд ийм байдлаар ажиллаж байгаа. Монголд байгаа визний материал хүлээн авах төв гэж бий. Тэднийг илүү шуурхай ажиллахад анхаарч байна. Бизнесийн болон аяллаар явах хүмүүст визэнд орох алхмууд нь энгийн байгаа. Энэ үйлчилгээг авсан хүмүүсээс сонсоход таатай байсан” гэлээ.

Элчин сайд Кэтрин Мон­голд ирсэн анхны сэтгэгдлээ маш гайхалтай байсан гэдэг үгээр илэрхийлнэ лээ. Тэр­бээр эрс тэс уур амьсгалтай манай орны цаг агаарт дасан зохицохдоо огтхон ч санаа зовохгүй байгаа аж. Учир нь түүний амьдарч байсан орнуудын ихэнх нь жилийн дөрвөн улиралтай байсан аж. Кэтрин Монголд ирээд удаагүй байгаа ч амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүү­лэхийг хичээж байгаа гэсэн. Цонжинболдог руу очиж, музей үзсэн аялал ихэд таалагдсан тухайгаа сонирхуулав. Мөн хотын төвтэй танилцаж, Зайсан руу алхжээ. Тэрбээр амралтын өдөр, чөлөөт цаг гар­вал Монгол оронтой бүхэлд нь танилцаж, аймаг, сум болгонд хүрч ажиллах хүсэлтэй байгаагаа дахин дахин хэлж байсан юм. Түүний хувьд хоёр бөхтэй тэмээ унаж үзэх нь мөрөөдлийнх нь нэг бололтой. Энэ тухай их л сонирхож байгаа янзтай ярьж байв.

Кэтрин олон орноор аялж байсан болохоор үндэснийх нь хоолуудыг ихэж сонирхон зооглодог байна. Монголын хувьд бууз хуушуурт дуртай гэнэ. Тэрбээр гал тогоондоо маш сайн тогооч. Төрөл бүрийн амтыг шинээр гаргах дуртай аж. Тиймээс дэлгүүр хэсэхдээ Монголын цай, бяслаг зэргийг худалдан авсан гэж инээм­сэглэн өгүүлэв. Тэрбээр монгол хэл бага сага мэднэ. Энд ирэхээсээ гурван сарын өмнө монгол хэлийг судалжээ. Гэвч түүний байсан орчинд монгол хүн байгаагүй болохоор бидний хэлийг хэрэглэхэд амаргүй байсан бололтой. ”Сурахад нэлээд хүндрэлтэй санагдсан. Гэхдээ эх оронд нь эрчимтэй сурна аа” гэж байсан шүү.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Хоолойн чадлаараа “аархсан” дуучин Э.Төрмандах

Дуучин Э.Төрмандахынд бямба гаригийн өглөө очлоо. Тэднийх Баянмонгол хороололд амьдардаг юм байна. Дуучин маань хоёр охиныхоо хамт хаалгаа тайлж өгч байна. Мэнд мэдэлцээд “Манай хүн та нарыг ирэх сургаар дэлгүүрээс бага сага идэж, уух юм авчрахаар гарсан. Удахгүй ороод ирэх байх. Амарч байгаа өдрөө жаахан унтах гэсэн манай хоёр ноолоод өнөөдөр эрт бослоо шүү. Өчигдөр Бөхийн өргөөнд болсон Ухнаа ахын “Урлагт зүтгэсний 50 жил” тоглолтод оролцоод оройтож гэртээ ирлээ” гэсээр угтлаа.Харин том охин Э.Намуунбайгаль “Бид хоёр аавыг морь болгоод унаж байсан юм. Манай аав мундаг морь болж чаддаг юм” гэлээ. Аав нь “Том хүмүүсийн ярианд оролцоод яаж байгаа юм. Тэгж болдоггүй юм” гэв. Дуучин маань уран бүтээлээ хийх, арга хэмжээнд дуулах, хөдөө тоглолтоор явсаар ажлын өдрүүдийг зав чөлөөгүй өнгөрөөдөг гэнэ. Харин амралтын өдрүүдэд гэр бүл, хоёр охиндоо цаг зав гаргадаг аж. Аавыгаа амарсан өглөө хоёр охин нь эрт босчихдог байна. Тэр гурав нийлж үймүүлээд гэрээ буулгачих шахан тоглодог гэнэ. Бид тэднийг тоглож байхад нь очсон бололтой, дэр, чихмэл тоглоомууд ороор нэг ундуй сундуй угтлаа.

ДЭЛГЭРХАНГАЙ УУЛЫН БЭЛЭЭС ТӨРСӨН ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ДУУЧИН

Нутаг оронд нь зуншлага ямар байгаа талаар хөөрөлдөж суутал гаднаас гэрийн эзэгтэй О.Гансувд хоёр тортой зүйл барьсаар ороод ирэв.

Э.Төрмандах саяхан нутаг руугаа яваад иржээ. Түүний унаж төрсөн газар дуу хуурийн өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Дэлгэрхангай уулын хормой уртын дуу шуранхайлсан бор толгод дунд өсч, торнисон нэгэн. Адуутай, айрагтай, дуу хууртай нутгаас төрөн гарсан дуучдын нэг юм. Тэр тусмаа Дэлгэрхангай сумаас 20 гаруй урлаг, соёлын гавьяат төрсөн байдаг. Их зохиолч С.Буяннэмэх, Дарма.Батбаяр, С.Дашдооров гээд алдарт зохиолчид, хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав, зууны ман­лай дуурийн дуучин “Ардын элч” киноны Ариунаа буюу гавьяат Цэвэл­сүрэн, морины хэмээн ал­даршсан Нансалмаа, гавьяат жүжигчин Батсүх, Ягаан гажид буюу Цэнд-Аюуш гээд алдартнуудын өлгий нутаг. Хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав гуайн төрж өссөн хонхорт өнөө цагийн нэр алдарт хүрээд байгаа залуу дуучин Э.Төрмандах мөн төржээ.

Тэр удам дамжсан дуучин гэнэ. Түүний өвөө үйзэн Чимид гэж сум, орон нутагтаа алдартай уртын дууч байжээ. Тэсгим жавар тачигнасан өвлийн хүйтэнд нутгийнхаа хэдэн залуустай жин тээдэг, бяр чадалтай нэгэн явсан байна. Жин тээж явахдаа өвлийн хүйтэнд азарган нэхий дээлийнхээ энгэрийг задгайлчихсан, уур савсуулаад луртын дуудуулчихсан явдаг байсныг нутгийнхан одоог хүртэл ярьдаг гэнэ. Харин аав Ч.Эрдэнэсүрэн нь мөн л сум төдийгүй аймагтаа гайхагдсан дуучин аж. Дундговь аймагт болдог дууны уралдаанд Дэлгэр­хангай сумаасаа Ч.Эрдэнэ­сүрэн ирдэг. Тэмцээн уралдаанд ороод түрүүлдэг, тусгай байранд шалгардаг чадалтай дуучин явсан байна. Гэхдээ дуугаа цааш нь хөгжүүлж чадаагүй аж. Харин Төрмандах өвөө, аав хоёрынхоо мөрөөдлийг биелүүлсэн дуучин болохоор хичээж яваагаа ярьсан юм. Гэхдээ түүний дуучин болсон түүх их сонин. Бага байхдаа дуулах дуртай хүүхэд байсан ч бусдаас илүү гартал дуулж чаддагүй байжээ. Тавдугаар ангидаа аймагт болсон дууны тэмцээнд оролцоод нэгдүгээр шатнаас хасагдаж байсан гэнэ. Харин барилдах их сонирхолтой, сайн ч барилддаг, бөхийн удамтай гэнэ. Түүний ээж Цэцгээ Өвөрхангайн Сант сумынх. Монгол Улсын заан Эрдэнэбаттай ойрын хамаатан аж. Ээж талаасаа бөхийн удамтай болоод ч тэрүү үеийн хүүхдүүдээс бие бялдрын хувьд өсгөлүүн, бяр тэнхээтэй. Сумынхаа өсвөрын барилдаанд түрүүлж, үзүүр­лэчихдэг. Бүр наймдугаар ангид байхдаа заалны барилдаанд аймаг, сумын цолтой бөхчүүдийг хаяж түрүүлдэг байсан гэнэ. Гэхдээ сумынхаа наадамд түрүүлж цол авч чадаагүй байна. Наймдугаар ангид байхдаа сумын наадамд гурав давчихаад унажээ. Харин залуучуудын барилдаанд шөвгийн дөрөвт сумаасаа ганцаараа үлдэж байсан аж. Өсвөрийн хүүхдийн барилдаанд түрүүлээд унадаг дугуй, даага, хөгжим байнд нь авч байсан нь түүний анхны том шагналын нэг гэнэ. Үүндээ урамшин “Дэлгэрхангай нутаг бөх цөөтэй. Би бөхийн удамтай. Сайн барилдаж чадна” гэж бодоод бөхөөр барилдахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Тэр цагаас зааланд үеийн хүүхдүүдтэй барилдаж өдөр, хоногийг бөхийн бэлтгэл сургуулилт дунд өнгөрөөх болсон гэнэ. Бүр аймагт очиж барилдаад амжилт гаргаж, цагаан сарын хүүхдийн барилдаанд очиж барилдсан байна. Тэр барилдаанд гурав давж, дөрвийн даваанд Шарын гол сумын хүүхэдтэй ач тач барилдаад унажээ. Тэгсэн Э.Төрмандахыг давсан хүүхэд тэр жилийн хүүхдийн барилдаанд түрүүлсэн байна. Энэ талаараа дуучин маань “Бөхөө орхихгүй явсан бол өдийд барилдаад цол энэ тэр авсан ч юмгүй, бааранд хамгаалагч хийдэг ажилтай нөхөр явах байх” гээд инээж байна лээ.

Бөхийн байнд ирсэн хөгжмөө гэртээ хангинуулаад тухайн үед нэр алдарт хүрсэн хүмүүсийн дууг сонсож дагаж дуулдаг байсан гэнэ. Хажуу айлын хүмүүс “Толгой эргэтэл хөгжим хангинуулаад” гэж загнана. Хөдөө хонь хариулах, гэртээ байхдаа байнга л дуулдаг байв. Томчууд байнга енгэнэх муу ёр шүү гэж загнадаг байв. Ингээд Дундговь аймгийн Хүүхдийн дууны уралдаанд сумаасаа шалгарч очоод гурван төрөлд түрүүлсэн байна. “Дэлгэрхангайн бор банди хамаг шагнал түүчихлээ. Үнэхээр сайхан дуулдаг хүү байна” гэсэн яриа Дундговь аймгаар нэг тархжээ. Дундговь аймгийн хөгжим судлаач нар Э.Төрмандахын дуулж байгааг сонсоод “Дээд өнгөөр дуулж, дээшээ дуугарах хүүхэд байна” гэсэн томоохон үнэлэмж өгөв. Хүмүүсийн өгсөн урмын үг, үеийнхний хүндлэл түүнийг дуучин болох юмсан гэсэн хүсэл мөрөөдлийг түүний сэтгэл зүрхэнд асааж өгчээ.

Дэлгэрхангай сумын дунд сургуулийн есдүгээр ангид байхад нь түүний ээж хүндээр өвдсөн байна. Аав нь хот суурин бараадаж, хүнд өвчин туссан эхнэрээ эдгээхээр Дэлгэрхангай сумаас нүүжээ. Нисэхэд нүүж ирсэн Э.Төрмандах VII сургуулийн сурагч болов. Дуулах сонирхол хүсэл тэмүүлэлтэй түүнийг багш нар нь дэмжиж, хоёр ч удаа тайлан тоглолтыг нь хийлгүүлжээ. Хүүгийнхээ тоглолтыг аав, ээж хоёр нь үзсэн байна. Ээж нь “Миний хүү урлагийн хүн болох нь ээ, Сайн дуучин болох байх” хэмээн уйлж суусан гэдэг. Ээжийнх нь бие тааруу байхад Төрмандахад “Ээжийгээ яаж баярлуулах вэ” гэсэн бодол эргэлдэж байжээ. Халаасандаа таван мянган төгрөгтэй Баянзүрх захын ойролцоо явж байтал Дуу бичлэгийн студи гэсэн бичиг нүдэнд нь туссан байна. Яваад ортол хижээл насны ах сууж байжээ. “Ахаа би дуу бичүүлэх гэсэн юм. Хоёр дууг нэг нэг удаа л дуулна” гэж хэлжээ. Дуу бичлэгийн студийн ажилтан гайхаж харж байснаа “Чи байтугай чамаас цаадах нь нэг дуулж чаддаггүй юм. Чамд тэгээд мөнгө байгаа юм уу” гэж асуужээ. Э.Төрмандах ч өөрт байгаа таван мянган төгрөгөө гаргаж үзүүлэв. Тэгсэн мөнгийг нь хараад шоолж инээснээ “За яах вэ нэг нэг л дуулна шүү. Би одоо хийсэн ажилгүй байна” гээд дуулуулжээ. Мань эр дуучин С.Жавхлангийн “Нутгийн салхи”, “Аав л ээж л хоёр минь” гэх дууг дуулсан байна. Тэгсэн хоолойг нь бичиж байсан хүн гайхаж, “Чи цаашид дуулдаг юм шүү. Чи хүлээж бай. Ах нь жаахан засч янзлаад CD дээр буулгаад өгье” гэжээ. Анх удаа дуугаа бичүүлсэн хүү ээждээ сонсгохоор гэр рүүгээ хөөр баяртай гүйж байснаа дурсав. CD-гээ сонсгоход ээж нь “Миний хүү сайхан дуучин болно доо. Хүүгийн минь дууг сонсоод олон ээж баярлана” гээд үнсэж байсан гэнэ. Гэвч Э.Төрмандахын ээж хүүгээ нэр алдартай дуучин болохыг харж чадаагүй юм билээ. Түүний дуучин болсон түүх ингэж л эхэлжээ.

СУИС-ИЙН ДОТУУР БАЙРНААС АМЬДРАЛАА ЭХЭЛСЭН ХОС ДУУЧИД

Бид ийн хөөрөлдөж байтал Э.Төрмандахын гэргий О.Гансувд “Хоол болчихсоншүү” гэсээр Э.Төрмандахын идэх дуртай будаатай хуургыг таваглан авчирлаа. Түүний эхнэр мөн л удам дамжсан, олны танил дуучин. Увс аймгийн Тэс сумынх. Ардын дууч Д.Бурмаа түүний авга эгч гэнэ. Гансувдын аав Олзод Увс аймгийн сайн дуучдын нэг аж. Гурван ч удаа аймгийн аварга дуучин болж байсан гэнэ. “Уран бүтээлч гэр бүл байна гэдэг гэр орондоо цаг зав гаргахгүй хэцүү. Гэхдээ бие биенийгээ дэмжиж, хамтран уран бүтээл хийж байна” гэлээ. “Манай хүн намайг бодвол цөөхөн дуутай. Гэхдээ чанартай сайн хэдэн дуу дуулсан”гэлээ. Эхнэртэйгээ танилцаж, ханилсан талаараа ийн ярив. СУИС-ийннэгдүгээр курсийн оюутан байхдаа Дэлгэрхангай сумандаа тоглолт хийхээр дуулаачийн ангийн оюутнууд дагуулж явахаар болж. Ийн оюутнууд цуглуулж байхдаа Төрмандах СУИС-ийн хоёрдугаар давхрын шатан дээр дээд ангийн оюутантай таарч, “Дэлгэрхангай сум руу явах уу” гэж асуусан нь О.Гансувд аж. Тэд Э.Төрмандахын сум руу тоглолтоор явахдаа танилцаж дотноссон байна. Удалгүй Э.Төрмандах О.Гансувдтай хамт амьдрахаар шийдэж, гэрээсээ СУИС-ийн оюутны дотуур байранд нүүн ирснээр тэдний хамтын амьдрал эхэлсэн гэнэ. Сургуулиа төгсөхийн өмнө байр хөлсөлж тусдаа гарчээ. Э.Төрмандах оюутан байхдаа байрны түрээсийн мөнгө олох гэж энд тэндэхийн арга хэмжээнд дуулж, мөнгө олдог байсан аж. Гурван жилийн өмнө хуримаа хийж, хоёр хүүхэдтэй болжээ. Одоо харин тохилог орон сууцанд тав тухтай амьдарч байна. Том охинНамуунбайгаль таван настай, бага охин Энх-Уянга нь гурван настай гэнэ.

Биднийг ийн ярьж суутал Дундговь аймгаас Биеийн тамир спортын газрын дарга Ж.Гантулга эхнэрийн хамт Төрмандахынд ороод ирэв. Өглөө эртлэн Дундговь аймгаас гарч давхиад хотод ирж байгаа нь энэ аж. Тэрбээр Э.Төрмандахтай багын найз гэнэ. Хотод орж ирэхдээ Э.Төр­мандахынд заавал ирдэг бай­на. Ж.Гантулга гэр бүлийн хамт ОХУ-ын Улаан-Үд орж Итгэлт хамбад мөргөж, Байгал далай үзэхээр ирсэн нь энэ аж. Гэхдээ Э.Төрмандах, О.Гансувд нарыг дагуулж явах гэнэ.

Дундговь аймаг хур бороо багатай байгаа гэнэ. Саяхан Дэлгэрхангай уулын тахилга болжээ. Жил бүр Дэлгэрхангай уулыг Дундговь аймгийнхан тахидаг байна. Ж.Гантулга бидэнд нэгэн түүх ярьж өглөө. Дэлгэрхангай уулын тахилга болжээ. Тэр үед Төрөө оюутан байсан гэнэ. Уулын тахилга болоод Төрөөг дуулуулсан байна. Дэлгэрхангай суманд гурван жил бороо хур ороогүй байсан аж. Тэгсэн Төрмандахыг уртын дуу дуултал бүртийх ч үүлгүй цэлмэг байсан тэнгэрийн баруун хойноос хэсэг үүл гарч ирэн Дэлгэрхангай уулын оройд нартай бороо шаагин оржээ. Нутгийнхан ч үүнийг ихэд бэлгэшээсэн байна. Мөн сургуулиа төгсөх жилээ Дэлгэрхангай уулын тахилгад оролцож мөн л дуулсан байна. Тэгсэн Төрмандахыг дуулаад эхэлтэл бороо орж байсан гэнэ. Дундговь аймгийнхан “Байгаль, дэлхий дуу сонсоод хур бороогоо хайрлаж байна” гэж ихэд билэгшээжээ. Энэ талаар Э.Төрмандах “Би өөрөө ч их гайхсан. Ерөөсөө бороо ороогүй байж байгаад лам нар номоо уншиж дуусаад яг намайг дуулахаар бороо намираад орчихсон. Хоёр удаа давтагдахаар гайхаж, “Уул хангай дууг минь сонсоод хураа хайрлаж байгаа юм байна даа” гэж бодсон. Ингэж ярихаар “Мухар сүсэгтэй юм бэ гэж хүмүүс бодох байх даа” гээд инээлээ.

Сайд асан Ж.Наран­цац­рал­тын хүү Н.Соёмбын бэлгэнд өгсөн Дэлгэрхангай уулын зургийг гэрийнхээ хоймор өлгөсөн байлаа. Бидний яриа эргээд уран бүтээл рүү оров. Анх2005 онд “Аав л нутаг хоёр” гэсэн дуу дуулж байсан гэнэ. Харин оюутан байхдаа Б.Лхаг­васүрэнгийн шүлэг Б.Маг­саржавын хөгжим “Зүүдэн бороо” дууг 200 мянган төгрө­гөөр клип хийлгэж дуулж байсан гэнэ. Мөн “Адуугаарааалдартай Дэлгэрхангай” дууг ч маш бага өртгөөр клип хийлгэж олны хүртээл болгосон байна. Тэрбээр одоо 200 гаруй дуутай гэнэ. “Би болсон болоогүй олон дуутай байснаас чанартай хэдэн дуутай байя гэж боддог юм. Гэвч танаар л дуулуулах гэсэн юм гээд л хүмүүс дууны үг бариад хүрээд ирдэг. Тэр болгоныг аваад дуулаад байж болохгүй хэцүү байдаг. Гэхдээ хүн болгонд үгүй гэж чадахгүй юм” гэв.

НАЙЗ МУГЖ Д.АРИУНБААТАР, АРСЛАН Н.БАТСУУРЬ НАРТАА “ТАВХАН САР ХИЧЭЭГЭЭД БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА САЙН ХИЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙЖЭЭ

Э.Төрмандах руу МУГЖ Г.Ариунбаатар утсаар ярьж байна. Гарын таван хуруунд багтах дотнын найзуудынх нь нэг амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлж байгааг нь лавлаж, мэнд мэдэж байна гэнэ. Тэр хоёр СУИС-ийн нэг ангийн найзууд. Байнга шахуу Г.Ариунбаатарын эмээгийнд очих гэж Баянхошууны эцэс рүү алхдаг байсан гэнэ. Замдаа дуурийн дуугаа давтаж, хоолойгоо янз бүрээр дуугаргаж сургуулилт хийж явсаар хүрдэг байжээ. Алхах дуртайдаа биш автобуснымөнгөгүй учраас ийн алхдаг байж. Мөн тэр хоёр ангийнхаа сурлага сайтай оюутнуудын тоонд зүй ёсоор ордог гэнэ. Шалгалтын дүн танил­цуулахад нэг, хоёрдугаар байрт ээлжлээд ордог. Бие биенийгээ дуулах үед нь “Тэгж дуул, тэр хэсэгт нь ингэж дуугар” гээд зөвлөгөө өгдөг. Мөн тэрбээр “Амьдралын чухал, эгзэгтэй үед бие биедээ хэлсэн үг, зөвлөгөөг хүндэтгэж дагадаг нь бидний нөхөрлөлийн үнэ цэнэ юм уу даа” гээд өөрсөддөө тохиолдсон явдлаасаа ярив.

Улсын Филармонийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-д болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд явах гэж байхад нь Төрөө “Миний найз таван сар хэнтэй ч уулзалгүй, зөвхөн дасгал сургуулилтаа хий. Тэгвэл амжилт гаргана” гэж хэлсэн гэнэ. Улмаар найз Г.Ариунбаатар таван сар найз, нөхөдтэйгээ уулзалгүй бэлтгэл хийж, уг уралдаанд түрүүлж байсан гэнэ. Мөн 1600 гаруй дуучин оролцсон ЗХУ-ын ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын гурав­дугаар уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон байна. Үүнээс гадна Э.Төрмандах дотнын найз Монгол Улсын арслан Н.Батсуурийг улсын наадамд түрүүлдэг жилийн цагаан сарын өмнө “Тавхан сар бүх сэтгэл зүрхээ гаргаад бэлтгэл сургуулилтаа хийчих” гэж аминчлан хэлсэн гэнэ. Тэр жилийн наадамд Н.Батсуурь ч одтой сайхан барилдаж түрүүлж байж. Наадамд түрүүлсний дараа Н.Батсуурь арслан Э.Төрмандахад “Чи үнэхээр урам зоригтой үг хэлсэн шүү. Чиний үгийг дагаад бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд түрүүлчихлээ. Чамд баярлалаа” гэж байсныг дурслаа.

“ЭНХ УЛИРАЛ” ДУУГААР АНХНЫ ХҮҮХДЭЭ НЭРЛЭСЭН САЛААНЫХАН

Залуу дуучид хуучны дууг сэргээж дуулдаг. Гэхдээ анх дуулж байсан дуучныг тэр чигээр нь хуулбарлаад дуулчихдаг. Үүнийг Э.Төрман­дах таашаадаггүй гэнэ. Энэ талаар “Залуу уран бүтээлчид Олон түмэнд ардын дуу шиг болтлоо сэтгэл зүрхэнд нь хүрчихсэн хуучны дууг анх дуулж байсан хүн шиг нь яг дуурайгаад дуулчихдаг. Ятгатай дуулсан бол ятга оруулаад, намуухан дуулсан бол яг тэр өнгөөр нь дуулдаг. Хэдийгээр хүмүүс тэрийг нь сонсдог ч гэсэн тухайн хүний өөрийн өнгө хоолой биш болоод явчихаж байгаа юм. Үүнийгээ энэ дууг шинэчилж дууллаа гээд байдаг. Өмнө нь шинэ байгаагүй юм шиг утгагүй зүйл ярьдаг. Тэр агуу дуучин Адарсүрэн, Цэрэнчимэдийг би дуурайж болохгүй. Төрмандах Төрмандахаараа л байх ёстой.Хуучны дууг өөрийнхөө хоолойн цар хүрээ, стильд оруулаад дуулах ёстой. Үүний нэг жишээ нь “Энх улирал” гэх Адарсүрэн агсны дуулсан дууг өөрийнхөө хоолойн өнгө аяст оруулж дуулсан. Мөн надад урам өгсөн дуу” гэлээ. Эндээс “Энх улирал” дууны талаарх сонирхолтой түүхийг бидэндярив. Олноо “Чоно багш” хэмээн алдаршсан зохиолч Эрхэмбаяр Э.Төрмандахад “Энх улирал”-ыг дуул гэж олон дуучинд хэллээ. Гэвч дуулахгүй юм. Чи нэг дуулаад үзээч, их сайхан дуу” гэсэн санал тавьсан гэнэ. Хэд хоног бодож байгаад дуулжээ. Олон түмэнд ч хүрсэн байна. Гэтэл энд тэнд тоглолтоор явах үед Энх-Улирал гэсэн нэртэй олон хүнтэй таарчээ. Тэгсэн Чоно багшийн багш ньДундговийн Говь-Угтаал сумын уугуул, яруу найрагч Б.Доржпалам цэрэгт байхдаа жагсаалын дарга байсан аж. Б.Доржпалам гуай цэргүүдтэйгээ их найрсаг харилцаатай, цэргийн ангидаа хам­гийн мундаг салааг төрүүлсэн нэгэн байж. Салааны цэргүүд нь ч түүнийг их хүндэлдэг. Цэргүүд нь даргынхаа дуулах дуртай “Энх улирал” дууг байнга дуулдаг байсан гэнэ. Сүүлдээ “Энх улирал” гэх дуу тэр салааны нэрийн хуудас, шүтээн болж. Цэргүүд халагдахдаа салаан даргадаа “Цэрэгт байсан сайхан үеэ бид хэзээ ч мартахгүй. Таныг мөн мартахгүй. Бид анхныхаа хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэй аль нь ч төрсөн хамаагүй Энх-Улирал гэж нэрлэнэ” гэж хэлээд явсан байна. Ингээд уг салааны 30 цэрэг даргадаа хэлсэн амандаа хүрч анхныхаа хүүхдэд Энх-Улирал гэж нэрлэжээ. Ингэж “Энх-Улирал” дууны нэрийг нэг салааны 30 цэргийн 30 хүүхэд авсан түүхтэй гэнэ.

Э.Төрмандах “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Аархал”, “Дүүрэнжаргалтай хорвоо” гэсэн томоохон гурван тоглолт хийсэн. Монгол орныг хэд хэдэн удаа тойрсон. Тэрбээр “Монголын 200 гаруй суманд очиж тоглолт хийсэн байна. Манайхан хотод, аймгуудад тоглолт хийгээд байдаг. Тэгсэн хэрнээ дуучид суманд очиж тоглолт хийх нь цөөн. Ашиг олоод байхгүй ч суманд амьдарч байгаа иргэдэд дуу хуур их дутагддаг. Уран бүтээлч хүн ард түмнийхээ дунд байх ёстой” гэв. Мөнсумын Соёлын төвд дуулж байхад үзэгчид хөл гишгэх зайгүй болтлоо пиг дүүрчихсэн байдаг гэнэ. Хөгжим сонсогдохгүй болтол нь үзэгчиддуулдаг байна. “Аархал” дууг гэхэд тайзны доор суусан гурав, дөрвөн настай хүүхдээс эхлээд хөгшин хүмүүс гээд бүгд дагаж дуулдаг байна. Нэг орой ч гэсэн дуртай дуучныхаа дууг хамтдаа дуулж өнгөрүүлэх нь ард түмний хувьд сэтгэлийн цэнгэл байх гэж бодож явдаг тухайгаа ч ярив.

Саяхан Булган аймгийн Хангал суманд тоглолтоо хийх болжээ. Тэгсэн сумаасаа олон хүн амтайХялгант тосгоныхон “Хангалд ямар ч ашиг олохгүй. Энд ирээд тоглолтоо хийчих” гэсэн байна. Тэгэхээр нь цөөн хүн амтай ч Хангал суманд заавал тоглолтоо хийнэ. Тэд ч бас уран бүтээлчдийг хүлээж байгаа гээд тоглолтоо хийсэн гэнэ. 300 хүн тоглолтыг нь үзсэн гэнэ. Ирэх жилдээ багтаад үлдсэн хэдэн сумаа дуусгахаар төлөвлөжээ. Сумдаар тойрч тоглолт хийхдээ сар гаруй өдөр болгон тоглолт хийгээд явдаг ч хоолой нь өвдөх, цуцах, дуугаа муу дуулах асуудал огт байдаггүй гэж дуучин маань “аархаж” байна лээ. Мөн “Хандивын тоглолт маш ихэсч байгаа. Өвчин зовлон туссан хүнд өөрийнхөө чадлаар туслачих юмсан гэсэн бодол байдаг. Гэвч үнэхээр хандивын тоглолтын мөнгө эзэндээ хүрч байгаа үгүй нь тодорхойгүй. Эмчилгээ хийлгэж байгаа нь мэдэгддэггүй” гэнэ.

ДЭЛХИЙН ДУУЧИДТАЙ ӨРСӨЛДӨХӨӨР БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД ЭХЭЛЖЭЭ

Э.Төрмандах хурдан морь уях сонирхолтой аж. Одоогоор бэлэгний зуу гаруй адуутай болоод байгаа гэсэн. Төр хүрэн, Жигүүр хээр гээд олон хурдан буян байгаа гэнэ.Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ойд Жигүүр хээр соёолон нь түрүүлж, улсын баяр наадамд түрүүлсэн соёолонгийн эзэнд өгдөгАПУ компанийн Алтан түрүү цомын эзэн болжээ. Өнгөрсөн жил гэхэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын мянган адуутай Эрхэмбаяр гэх залуу аймаг, сумын наадам таван медаль хүртсэн хонгор азаргаа түүнд бэлэглэсэн байна. Төрмандах бэлгэнд ирсэн хонгор азаргаа Налайхын наадамд хурдлуулахад зургаад давхисан гэнэ. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Төрмөнх зун бэлэглэсэн адуугаа намар нь машинд ачаад ирж байсан гэнэ. Зун болоод ирэхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрч, хурдан морь уяад хөдөө зусдаг болоод байгаа аж. Өнөө жил ч гэсэн хөдөө гарахаар бэлтгэж байгаа гэнэ. Үүнээс гадна Э.Төрмандах ОХУ-аас зохион байгуулах гэж буй дэлхийн олон орны дуучин оролцох уралдаанд орохоор бэлтгэж эхлээд байгаа гэнэ. Тэрбээр ярианы төгсгөлд “Урлагийн хүн байна гэдэг уран бүтээлээр амьдарч, гэр бүлээрээ түшүүлж, олныхоо хайр хүндэтгэлээр урам авахын нэр байх. Хэдийгээр би залуу ч гэсэн үүнийг мэдэрч байгаадаа өөрийгөө хувьтайд тооцдог. Өвөө, аав хоёрын минь авьяас билэг, ээжийн минь шүншиг надад оршдог гэж дотроо бодож явдаг. Олныхоо итгэл, хүндлэлийг алдахгүй амьдрахыг хичээж явдаг даа” гэсэн юм.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

“Агт-Эрдэнэ” галын уяа эхэлжээ

Зуны тэргүүн цагаагчин могой сарын таван шар мэнгэтэй шаргачин гахай өдөр “Агт-Эрдэнэ” галыг зорилоо. Уяачид хэдийнэ зусландаа гарч наадамд бэлдэж эхэлжээ. “Агт-Эрдэнэ” гал Төв аймгийн Баян сумын Их булагийн Сөдөт гэдэг газар морьдоо ногоолж байна. Тэд зусландаа гараад долоо хонож байгаа юм байна. Буянтай хэмээн алдаршсан Нийслэлийн алдарт уяач Ганбаатарын Буянтогтох “Агт-Эрдэнэ” галын ахлагч. Биднийг Г.Буянтогтох уяач угтан авсан юм. Гэртээ морины дөрвөн хүүхэд, хоёр туслах уяачтайгаа аль хэдийнэ төвхнөчихөж. Хүүхдүүдийнх нь хичээл тараагүй учир албандаа байгаа гэнэ. Эхнэр Ц.Батжаргал нь хүүхдүүдээ хараад Багахангайд байгаа юм байна. Г.Буянтогтох дөрвөн хүүхэдтэй. Том охин Анударь нь Багахангайн Хангай цогцолборын гуравдугаар анги, хоёр дахь охин Оюундарь нь нэгдүгээр анги. Дөрвөн настай Батсүлд хүү цэцэрлэгийнх. Хамгийн бага Баттөр хүү ой таван сартай. Биднийг очсон өдөр аав нь цэцэрлэгийн жаалаа дагуулаад ирчихсэн байв.

Гэрт нь орлоо. Морины хүүхдүүд нь шалмаг гэгчээр цай үйв. Г.Буянтогтох морины хүүхдүүдээ өхөөрдөөд жигтэйхэн. “Наад нөхдийг чинь шалгалтандаа бэлд гээд орхиод ирсэн юм. Гэтэл моньднууд чинь араас дугуйтайгаа яваад ирчихдэг байгаа. Удахгүй буцаана аа” гээд инээж байна. Моринд хорхойтой нөхдийг Итгэл, Дугарваанчиг гэдэг аж. Хоёулаа 2010, 2011 оны шилдэг унаач хүүхдүүд гэнэ. “Одоо мориндоо томдоод тавиач болж байгаа” гэж Г.Буянтогтох ярив. Уяачийн гал Багахангайгаас бас ч үгүй зайтай. 22 км газар дугуй унасаар хүрээд иржээ. “Ийм хол замд ядарсан уу” гэж асуухад Дугарваанчиг “Дугуйтайгаа гурван цаг явж байж ирсэн л дээ. Гэхдээ дуртай юм руугаа ирж байгаа болохоор гоё байсан” гэж хэвлүүхэн хэлчихээд гарч одов. Удалгүй цай даргиллаа. Итгэл сурмаг гэгч нь цай аягалж өгч байна. Г.Буянтогтох Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийг дагаж моринд дурлажээ. Түүний уяач болсон түүх их сонин юм. Тэр дөрвөн хүүхэдтэй айлын том нь гэнэ. Төрж өссөн нутаг нь Төв аймгийн Баян сум. Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийн төрсөн дүү Д.Оюунбаатар Г.Буянтогтохын сургуульд багшилдаг байж. Хүү нэгдүгээр ангид сурч байжээ. Нэг өдөр багш нь “Морь унаж чаддаг хүүхэд байна уу” гэж асууж л дээ. Морь харахаар унаад давхихсан гэж хүсдэг Г.Буянтогтох хүү ч уухайн тас гараа өргөж “Багш аа би чадна” гэчихэж. Ингээд лморь унахаар болж багшийгаа дагаад явсан аж.

Хүү анх Д.Оюунбилэг уяачийнд очихдоо морь унаж чаддаггүй байжээ. Эхэндээ морь унаж чадахгүйдээ, худлаа хэлсэндээ санаа зовж байсан ч удалгүй сурсан гэнэ. Түүний аав, ээж нь хоёулаа төмөр замын хүмүүс юм байна. Хүүгээ морь унана гэхэд хорьж сүйд болоогүй аж. Г.Буянтогтох бие жижигтэй байсан учраас долоон настайгаасаа есдүгээр анги хүртлээ морь унажээ. Моринд хорхойтой хүү сургуулийн амралт эхлэнгүүт дүн өвлөөр ч хамаагүй Оюунбилэгийнх руу алхаад ч болтугай явах гээд зүтгэдэг байжээ. Тав дахь өдөр очоод нэг дэх өдөр нь хичээлдээ амжиж очдоггүй байсан гэнэ. Г.Буянтогтох есдүгээр ангиа төгсөөд морь тавиач болжээ. Дараа нь туслах уяач болсон байна.Түүнийг Оюунбилэгийн аав Дондог гуай Буянтай гэж дууддаг байж. Тэгээд л хавь ойрынхон нь Буянтай гэдэг болжээ.

Г.Буянтогтох 2002 онд аравдугаар ангиа төгсөөд оюутан болохоор Хууль зүйн Шихихутаг дээд сургуульд бүртгүүлчихсэн байж. Хөдөөнөөс эгч нь конкурс өгүүлэхээр дагуулаад ирэхэд нь зугтаачихсан гэж байгаа. Номыг биш морийг сонгоод ирсэн хүүг манлай уяач дуртай гэгч нь хүлээж авсан гэнэ. Гэхдээ шууд морины хүн болгохыг хүсээгүй аж. Д.Оюунбилэг манлай уяач уран гартай дархан хүн байж. Багаасаа морийг нь унаж, ойр дотно явсаар ирсэн хүү дуран дархны эрдмээ зааж өгөхөөр болжээ. Г.Буянтогтохыг хотод байдаг дархны газар руугаа явуулсан ч дахиад л морио гээд хүрээд ирж.

Г.Буянтогтох цай оочлонгоо “Тэр үед Оюунбилэг ах намайг галзуурах нь гэж бодсон байх сүүлдээ явуулахаа байчихсан” гээд инээмсэглэв.

Удсан ч үгүй туслах уяач залуу оройн хоолоо бэлтгэж эхэллээ. Энэ зуур галынхан зүгээр суусангүй. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг хөзөр тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөв. Хөзөрдөж суух зуур борцтой гоймонтой шөл бэлэн болов. Галын ахлагч “Бид ид ажлын үеэр тогооч авчихдаг юм. Одоохондоо өөрсдөө бантан ч хамаагүй хийж идчихээд л болоод байна” хэмээв.

Дандаа эрчүүд байгаа гэхэд гэр нь их цэвэрхэн юм. Г.Буянтогтох “Морь ёслохоос өмнө сунгааны зам дээрээ буучихна. Арав хоноод бууна. Одоохондоо адуугаа сайхан ногоолж байна” гэж яриагаа үргэлжлүүлэв. “Агт-Эрдэнэ” галд одоогоор Нямбаяр, Буянжаргал, Энхмандах, Энхтөр гэсэн унаач хүүхдүүд байгаааж. Туслах уяачид нь Алтансүх, Түвшинбаяр хоёр. Буянтай 1985 оных, туслах уяачид нь дөнгөж 20 гарч байгаа залуус гэнэ.

Биднийг яриа өрнүүлэх зуур морины тавиач хоёр хүү унаач хөвгүүдтэй хамт хөл бөмбөг тоглоцгоов. Уяачийн гэрийн гадаа энэ мэтээр хүүхдийн дуу шуугиан ер нь л тасардаггүй бололтой.

Хөвгүүд багаасаа моринд тун эвлэгхэн байгаа харагдана. Ямар ч морин дээр зайдан мордож тэжээгдэж буй бага адуунуудаа сурамгай нь аргагүй бугуйлдана. Тэд хэдийгээр бяд суугаагүй ч сурцаараа ямар ч адууг татаж унагах нь бахархалтай харагдаж байлаа.

Галын ахлагч “Д.Оюун­билэг ахтай хамт морь уяж эхлээд 2007 оноос хойш морьд маань хурдалж эхэлсэн. Бид хоёр нийлж олон ч морь уясан даа. Морь уях эрдмийг ахаасаа л сурсан” гэж байна. Дархан хэмээх Оюунбилэг агсан бол энэ цаг үеийн тодорсон уяачдын нэг байсан. Энэ эрхэм хүний уяаны эрдмийг даацтай өвлөж авсан залуусын нэг бол Г.Буянтогтох ажээ. 2007 онд Халтар халзан морь нь Багануурт түрүүлсэн ч Улсын баярт айрагдаж чадаагүй аж. Хөвсгөлийн “Хотгойдын хурд-2007”-д хязаалан насанд Сувдан зээрд нь аман хүзүүдсэн жилээс хойш хурд нь эхэлжээ. Сүмбэн зээрд нь 2010 оны улсын наадамд түрүүлж байж. Хоёр жилийн өмнө гэхэд лайраг түрүү нь 30 хол давсан байжээ.

Г.Буянтогтох “Ер нь гардаад олон жил уяж байгаа морь андашгүй. Ханачихсан байна даа, уяа нь орчихож гэдгийг төвөггүй анзаарчихдаг. Морь болгон өөрийн гэсэн онцлогтой болохоор шинэ ирсэн морийг мэдрэхийн тулд багагүй хугацаа ордог. Оюунбилэг ах дутааж байхаар гүйцээж байгаарай гэж захидаг байсан. Ахынхаа захиасыг байнга л боддог. 2010 онд би Хонгор морио Төв аймагт уралдуулж айрагдуулаад Их хурдын эрх авчихъя, тэгээд дараа нь гурван морь уралдуулъя гэж ахад хэлсэн юм. Тэгсэн чинь ганцааранг авч яваад яахав миний хүү гээд Цогоо ахын зээрд морийг бас хамт явууллаа. Төв аймагт очсон чинь хонгор морь түрүүлээд, зээрд морь нь аман хүзүүдчихсэн. Маргааш нь улсын наадам болсон юм. Азарга үзэж байтал саарал азарга маань дөрөвт явж байгаад хадуурчихдаг байгаа. Тэр үед Сүмбэн зээрд түрүүлээд, Цоглог гурваар ирж байлаа. Халтар азаргаа хадуураад явахаар нь сэтгэлээр их унаж байсан ч хоёр морио хараад тайвширсан шүү” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

“Уяачийн хөдөлмөр хэцүү шүү дээ” гэж байна. Тэрээр “2010 онд юм байна. Их хурдад гурван морь мордуулах гэж байсан чинь Билгээ ах Баянцагааны Батжаргал ахтай наймаа хийгээд зарчихсан. Тэгээд хоёр морьтой боллоо. Тэр жил хоёр их нас, хоёр азарга уралдуулсан. Сүмбэн маань гуравт ороод, Цоглогдолоод орсон. Их нас гарах гэж байхад Халтар халзан морины хүүхэд нь төхөөрөмжийн цаана ойччихсон. Гурван их морь уралдуулдаг хүн чинь ганцхан их морьтой болсон доо. Гэхдээ Хонгор морь маань тасархай түрүүлсэн шүү. Өмнө нь би найзууддаа манай Хонгор морь хурдан байгаа гэж тэрүүхэндээ омогшоод хэлчихсэн байсан юм” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Г.Буянтогтох одоо “Нүү­­дэл­­чин” группын Ш.Лхамсүрэнгийн морьдыг уяж байгаа гэнэ. Тус группээс Буянтай уяачийн нийгмийн даатгалыг төлдөг аж. Ер нь л уяачаа нэлээд харж үздэг бололтой. Өнгөрсөн хавар гэхэд л хоёр өрөө байр авч өгчээ. Мөн Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Мөнгөншагай гэдэг хүний морийг ч уяж байгаа аж. Биднийг ийн яриа хөөрөө үүсгэж суухад түрүүнээс хойш гарч орж гүйлдэж байсан хүүхдүүд “Үхэр ирчихлээ” хэмээн хэлээд саахаар гарцгаалаа. Бид ч араас нь гарлаа. Нэг нь ивэлгэж өгөөд, нөгөөх нь төвөггүй саачихав. Галын ахлагч “Хүүхдүүд амраад эхнэр ирчихвэл цагаатай болох байх даа. Одоохондоо ч цайны сүүнээс цаашгүй л сууцгаана” гэж байна.

Тэрээр галынхаа Хонгор морины угшлыг сонирхуулав.Баян сумын Мөнхөө гэдэг хүний олон айрагдаж түрүүлсэн хул азарга Хонгор мориных нь эцэг байж. Г.Буянтогтох “Түүний төл хул азарга манай талийгч ах дээр ирсэн юм. Үүнээс гадна Баянцагаан сумаас Ш.Батжаргал гэдэг айлынхаас нэг хүрэн гүү ирсэн юм. Тэр хүрэн гүүг ам цагаан хул азаргандаа хураалгасан чинь дундаас нь Дөлгөөн хонгор морь маань гарсан. Дөлгөөн хонгорын ах нь их хурдад гуравт орсон Халтар морь. Их хурдад төрсөн ах дүү хоёр түрүүлсэн түүх байхгүй. Энэ хоёр маань Төв аймгаас гарсан угшлын морьд шүү дээ” гэж бахархангуй ярилаа.

Буянтай уяач “Бид чинь морь айрагдаж түрүүлэхэд баярлах тэр сэтгэлийг л мэдрэх гэж морь уядаг улс. Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг шүү дээ. Дөрвөн сарын сүүлээр л сэтгэл хөдлөөд сайхан болдог. Хөндлөнгийн хүмүүст бидний ажлыг харахад хэцүү л санагддаг байх. Харин бидний хувьд жинхэнэ аз жаргал энд л бий. Морио хаяад хотод хэд хонох ямар хэцүүг хэлэх юм биш” гэж байна. Хурдан морины эргэн тойронд янз бүрийн сайн муу яриа байдаг. Энэ нь магадгүй монгол ахуйгаас хол хөндий өссөн ч юм уу, монголоосоо гарч үзээгүй хүмүүсийн яриа байж болно. Харин монголоосоо олон жилээр гадна байсан ямар ч монгол хүнд өнөөдөр бидний зүхээд байгаа энэхүү хөдөө ахуй, монгол наадмын сайхан нь илүү тод мэдрэгддэг юм билээ. Америкт сурахаар очсон хотын унаган охин тэнд байх хоёр жилийн хугацаандаа “Толин хул” дуунд жигтэйхэн дуртай болсноо ярьж байсан. Энэ бол би монгол хүн юм байна гэдгээ мэдэрч байгаа шинж биз ээ. Монголынхоо сайхныг ийнхүү мэдрүүлж өгч буй монгол эрчүүдийн нэгэн төлөөлөл бол залуу уяач Буянтогтох гэж хүндэтгэн үзэх ёстой санагдана.

“Танд унаган адуу байгаа юу” гэж асуухад “Олон сайхан азарга уяж байсны хэрэг юу билээ. Буянтайгийн унаган адуу гэж нэрлэгдэх морьд бий.Энэ жилээс өөрийн нэр дээр уралдуулна. Нас насны долоо, найманморь байгаа” гэснээс өөр үг унагасангүй.

Тэд орой 19.00 цагийн үедадуугаа услахаар явцгаалаа. Гурав хувааж усалдаг юм байна. Морьдоо усалж ирэх хооронд нь гэртээ үлдсэн туслах уяач Алтансүх зүгээр суусангүй. Морьдын тэжээлээ зуураад уутанд хийгээд бэлдчихэв. Одоогоор 30 морь тэжээж байгаа учраас нэг тэжээхэд л хоёр шуудай хивэг хэрэг болдог гэнэ. Тэжээлээ бэлдээд дуусч байхад нь хотоос нэг портер ирэв. Тэдний галын Мөнгөншагай туслах уяачдад шинэ мотоцикль явуулжээ. Энэ галынхан зуны гурван сард нэг мотоциклийг адуундаа явж элээдэг юм байна.

Усаа уугаад ханасан морьд шууд гэрийнхээ гадаа ирээд тэжээлээ идэхээр овоорлоо. Туслах уяачид бэлтгэсэн тэжээлээ нэг нэгээр нь толгойд нь углаад хоорондоо булаалдахаас сэргийлж харж зогсов. Анх тэжээж эхэлж байгаа дааганаас бусад нь өөрсдөө хүрч ирээд тэжээлээ сурмаг гэгч нь идчихлээ. Зарим даагыг бугуйлдаж байж тэжээлийг нь өгч харагдав. Ингээд бид 21.00 цагт Г.Буянтогтохын галаас буцлаа. Хүй мандлын буурал дэнж наадмаа хүлээн буй энэ цаг дор ийнхүү Буянтогтох уяачийнхаар бууж мордлоо. Монгол наадмын чимэг болсон морь хүүхэд хоёрынхоо дунд Буянтогтох уяач жаргалтай нь аргагүй алхаж монгол наадмаа тэсч ядан хүлээн байгаа нь хэдхэн цаг саатсан энэ мөчид мэдрэгдэж байлаа. Морины уяан дээр муу үг хэлэлцэгдэж, муу санаа оршдоггүй гэсэн өвгөдийн үг бий. Гэгээн тунгалаг энэхүү ахуй орчноос гэрэлтэй сайхан сурвалжлага бэлдэх урамтай байлаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Мисс бүсгүйтэй өнгөрүүлсэн нэг өдөр

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцож байсан Монголын миссүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан нь Т.Батцэцэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон тэмцээний үеэр 120 гаруй орны гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөн эх орныхоо нэрийг дуудуулж байхад монголчуудын анхаарал нэг хэсэгтээ л Лондонд төвлөрч байлаа. “Мисс Монголиа-2014” тэмцээний үндэсний ялагч болон дэлхийн миссийн тэмцээнд оролцсон мисс бүсгүйтэй уулзахаар цаг товлон гэрт нь очлоо. Өөрийнх нь төрсөн гэр Дарханд бөгөөд хотод том эгчийндээ байдаг юм байна.

Яваад очтол ээжтэйгээ хоёул байв. Эгч, хүргэн ах хоёр нь Бельги, Монголын хооронд бизнес эрхэлдэг болохоор хоёр өдрийн өмнө гадаад руу явчихаж. Ээж нь дуутай шуутай нэгэн юм. “Гадаа ямархуу байна. Ойрд жаахан сэрүүхэн л байна. Гэхдээ ирж яваа цаг хойно мөдхөн дулаараад цэцэг ногоо ургаж дэлгэр сайхан цаг ирнэ дээ” гэсээр угтлаа. Ээж А.Алтанцэцэгтэй нь танилцан ойр зуурыг ярих хооронд Т.Батцэцэг цай аягалж ширээнд суулаа. Өөрийнх нь тухай, миссийн тэмцээний талаар, дэлхийн мисст оролцож байсан үеийн сонин хачин гээд олон зүйл сонирхон асуухад ээж рүүгээ л харах ажээ. Ээж нь ч яриад өгөх юм. А.Алтанцэцэг эгч “Би уг нь охиноо спортын хүн болгоё гэж бодож байсан юм. Тэр үед би Солонгост таван жил ажиллаад ирсэн. Охиноо нэгдүгээр ангид ороход нь яваад зургадугаар ангид байхад нь ирж байлаа. Солонгосоос ирээд онгоцны буудал дээр буухад ард “Ээж ээ” гэх дуу гарч байна. Эргээд хартал нэг л их өндөр хүмүүс. Тэгэхээр нь андуурсан юм байлгүй гэж бодоод том охиноосоо “Батцэцэг ирээгүй юм уу” гэж асуутал ард чинь л зогсож байна шүү дээ гэсэн. Эргээд хартал миний жаахан охин надаас өндөр болчихсон зогсож байдаг байгаа. Тэгэхэд би нэгдүгээр ангийн охин л хайгаад байсан” гэж ярилаа. Тэр үед ээжид нь нэг л сайхан мэдрэмж төрсөн гэнэ. “Би охиноо спортоос гадна урлагаар явуулах ёстой юм байна. Миний охины царай урлагийн хүн байхад тохирно” гэж боджээ.

Т.Батцэцэг таван хүүхэдтэй айлын отгон охин. Дээрээ хоёр эгч, хоёр ахтай. Эднийх Дарханы айл бөгөөд тэндхийн ШУТИС-ийн лицейг төгсчээ. Тэрээр багаасаа нуруулаг, үеийнхнээсээ өндөр байсан болохоор гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр хичээллэж эхэлсэн байна. Зүгээр нэг хичээллээд орхих биш олон уралдаан тэмцээнд оролцож сагсан бөмбөгийн спортын дэд мастерын зэрэг авч байжээ. Ээж нь биеийн тамирын багш бөгөөд залуу байхдаа бүжиглэдэг, дуулдаг, спортын олон төрлөөр хичээллэдэг, ёстой нэг адтай сэргэлэн бүсгүй байж. Тиймээс бага охиндоо “Чи ээжийнхээ шийрийг хатаах ёстой шүү” гэж захидаг гэнэ. Охин нь ч ээжийнхээ урмыг хугалалгүй бүжиглэвэл бүжиглэчихдэг, ямар ч дууг эвлэгхэн аялдаг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн шаггүй сайн тамирчин болжээ. Харин спортоор амжилт гаргах үедээ буюу наймдугаар ангийн сурагч байхдаа ангийнхаа охиныг дагаж яваад загварын дугуйланд санаандгүй очтол тэндхийн багш нь үндэсний дээл өмсгөж үзсэнээр загварын ертөнцөд хөл тавьжээ. А.Алтанцэцэг эгч “Манай Дарханы загварын агентлагийн Зоригоо гэж багш байдаг. Тэр хүн миний охиныг загварын ертөнцөд амжилт гаргаж чадна гэдгийг нээж өгсөн болохоор их талархаж явдаг юм” гэв. Ингээд Зоригоо багшийн загварын агентлагт ороод арав хонож байхдаа анхныхаа тэмцээнд оролцож тусгай байрын шагнал хүртсэн гэнэ. Тэр үед дөнгөж өсгийтэй гутал өмсөж сурч байсан цаг. Удалгүй Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн сайхан бүсгүйчүүдийн оролцсон “Шинэ давалгаа” нэртэй тэмцээнд түрүүлжээ. Ингээд ээж охин хоёр урамшин хот руу явсан байна. Хотод очоод “Монгол костюмс”-д ажилладаг Сэржмядаг гэж А.Алтанцэцэг эгчийн унаган багын найз дээр яваад очтол тэндхийн захирал Сувдаа охиныг нь олж харжээ. Дараа нь Сувдаа захирлын зөвлөснөөр “BBQ фото мисс” тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлжээ. Тэргүүн байрын шагналын эзэн Солонгосын “SK Cara” гоо сайхны брэндийн нүүр царай болох учиртай байсан гэнэ. Гэрээний дагуу зургаа авахуулахад Улсын их дэлгүүр, “Алтай центр” гэхчлэн томоохон худалдааны төвүүдээр таржээ. Тэр үед ээжид нь бас л их урам орж “Миний охинд хэнээс ч дутахгүй нүүр царай байна. Өндөр нуруу байна. Тэгш сайхан гар, хөл байна” гэж бодоод спортоос нь бага зэрэг хөндийрүүлэн загварын ертөнцийг илүүтэй анхаарах болжээ. Ингээд ээж нь найз Сэржмядагтайгаа ярьж байгаад Азийн топ модель Д.Болормаа дээр охиноо дагуулан очиж. Тэгсэн Д.Болормаа багш охиныг хараад “Энэ охин загварын ертөнцөд амжилт гаргаж чадна. Надад өгчих. Яг одооноос эхлээд манай агентлагт яв” гэжээ. Харин тэр үед ээж охин хоёр сургуулийнхаа амралтаар явж байсан болохоор “Оюутан болоод хотод ирэхээрээ тан дээр ирье” гээд буцсан байна. Дархандаа очиж ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хотод иржээ. Ирээд Д.Болормаа багшийн агентлагт яваад очтол нүүчихсэн, гар утасны дугаараа сольсон учраас холбоо барьж чадаагүй гэнэ. Хоёр ч өдөр байж болох газруудад нь очоод уулзаж чадаагүй болохоор ээж нь “За ямар ч байсан хичээлдээ шамдаж бай” гэж захижээ. Т.Батцэцэг МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Эдийн засгийн харилцааны ангийг төгссөн. Оюутан байхдаа гадуур явж байхад нь хэд хэдэн кино найруулагч кинонд тоглох санал тавьж байсан гэнэ. Бас загвар өмсөгч, миссийн тэмцээнд оролцуулаад өгье гэх санал ирж байжээ. Харин тэр үед “За ямар ч байсан ирээдүй байгаа юм байна. Одоохондоо хичээлдээ шамдъя” гэж бодсон гэнэ.

Одоо бол Т.Батцэцэг “Шилмэл загвар” агентлагийн гэрээт загвар өмсөгч. “Шилмэл загвар” агентлагтай холбогдсоноосоо хойш хилийн чанадад болж буй олон улсын тэмцээнд оролцож туршлага судлах болжээ. Улаан-Үдэд болсон тэмцээнд түрүүлээд зогсож байхад нь нэг юм авчраад нөмрүүлчихэж гэнэ. Хүйтэнд даарч байгаа гэж бодоод хэн нэгний хүрмийг нөмрүүлчихлээ дээ гэж бодоод зогсож байтал баяр хүргэж байгаа хүмүүс “Ямар гоё шуб вэ” гэж уулга алдаад байж. Тэгэхээр нь гайхаад “Юун шуб вэ” гээд хартал булган шубээр шагнуулсан байжээ. Тэр үед маш их баярлаж байсан бөгөөд Монголдоо ирсэн хойноо хэвлэлд “Шагнуулсан булган шубээ ээждээ бэлэглэнэ” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Тэр үед ээж нь Бельгид эмчилгээ хийлгэж байсан бөгөөд охиныхоо ярилцлагыг интернэтээс олж хараад баярын нулимс унагаж байсан нандин түүх ээж охин хоёрт бий. А.Алтанцэцэг эгч охиноо загвар өмсөж эхлэхээс өмнө “Хоосон толгойтой мисс хүүхэн. Миссүүд гоёж гангалахаас өөрийг мэддэггүй. Өөрийн толгойгоор амьдарч чадахгүй хүнээр ивээн тэтгүүлэн амьдардаг” гэхчлэн дандаа сөрөг яриаг олны амнаас сонсож байжээ. Тэгээд нээрээ л ийм байдаг юм байх гэж боддог байсан гэнэ. Харин охин нь загвар өмсөж эхлэхэд “Миний охин өөрийн боловсрол, мэдлэгээр хоолоо олж идэх ёстой шүү” гэдгийг хатуу анхааруулан захисан байна.

Мисс хүн болохоор хоолны дэглэм бариад эрүүл, зөв гэсэн бүхнийг л иддэг байх гэж бодоод “Чи хоолонд хэр вэ” гэж асуутал “Загвар өмсөгч гэхээр бараг шувууны порцоор хооллодог гэж боддог юм шиг байгаа юм. Та ямар хоол иддэг вэ, тэрийг би яг л адилхан иднэ. Эрүүл хооллохыг хүсэлгүй яахав. Гэхдээ эрүүл хооллоно гэдэг чинь өлсөөд, өөрийн дургүй зүйлээ хүчээр идэхийг хэлдэггүй. Би бол дуртай үедээ идэхийг хүссэн хоолоо иддэг” гэлээ. Харин багаасаа маханд дуртай биш байсан болохоор одоо ч гэсэн маханд тэгтлээ дурладаггүй гэсэн. Гэхдээ огт махгүйгээр амьдарч чадахгүй, монгол хүний бие организмд ч зохихгүй байх гэв. Бүр 18.00 цагаас хойш юм идэхгүй байх хэрэгтэй гэдгийг ч дагаад байдаггүй гэсэн. Орой 19, 20 цагийн үед өлсвөл хоол идчихнэ. “Хоолны дэглэм бариад хоосон ходоодтой явахыг би дэмждэггүй. Хоолоо хүссэнээрэээ идээд хөдөлгөөнтэй байхад л бол­чихно шүү дээ” гэж мисс бүсгүй зөвлөж байна лээ. Дэлхийн миссийн үеэр ч гэсэн тэр олон орны бүсгүйчүүд хоол сайн иддэг байсан гэнэ. Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний үеэр ч гэсэн бусад орны миссүүд хоолоо хангалттай сайн идэхийг ажиглаж явжээ. Лондонд байхдаа өдөр бүр өглөөний дөрвөн цагт босно. Өдөржин арга хэмжээнд очих, шалгаруулалтад оролцох гэхчлэн өндөр ачаалалтай ажилладаг байжээ. Арваад см-ийн өсгийтэй гутал өмсөөд тайзан дээр найм, есөн цаг зогсох бас тийм ч амар биш гэж байлаа.

Т.Батцэцэг гоо сайхандаа анхаарч байна гээд үнэтэй гэсэн болгоныг авч хэрэглээд байдаггүй гэсэн. Голдуу ээжийнхээ зааж өгсөн жорын дагуу маск тавьж арьсаа арчилдаг юм байна. Нүүрэндээ тэжээл өгье гэвэл нэг амны халбага зөгийн бал, оливын тос, элсэн чихрийг хольж хутгаад нүүрэндээ тавьдаг ажээ. Цайруулахаар бол өндөгний цагааныг зөгийн балтай хольж хэрэглэдэг гэсэн. Бас алим жижиглэж байгаад элсэн чихэр, зөгийн балтай холиод маск тавихад арьс толийгоод өнгө нь сэргэдэг юм байна. Энэ мэтээр дандаа гэрийн нөхцөлд маск бэлддэг гэнэ. Харин ээж охин хоёрын гоо сайхны жоронд элсэн чихэр өндөр байр суурь эзэлдэг юм билээ. А.Алтанцэцэг эгч “Элсэн чихэр гайхалтай үр дүнтэй шүү дээ” гэж магтаж байна лээ. Харин үсээ арчлахдаа халгайг чухалчилдаг юм байна. “Тавдугаар сард халгай ургаад хуруун чинээ болж байгаа. Тэр үед нь хайчилж аваад хатаах хэрэгтэй. Хатаасан халгайгаа нунтаглаж хадгалаарай. Нунтагласан халгайнаасаа хоёр халбагыг 300 грамм буцалсан халуун усанд хийж хонуулаад үсээ шавшиж болно” гэж зөвлөв. Ингэж бэлтгэсэн халгайн ханд үсний өнгийг сэргээдэг гэсэн. Ямар ч үнэтэй шампуниас илүү гялалзуулахаас гадна үсний уналтыг зогсоож, ургалтыг дэмждэг ажээ. Тэрээр өчигдөрхөн охиндоо ийм ханд бэлтгэснээ үзүүлэв. “Орчин үеийн хүүхдүүд гоо сайхандаа их анхаардаг болсон. Давхраа оюулаад, хамраа өндөрлүүлээд, хиймэл хумс наан хөөрхөн болдог. Энэ бүхнийг үгүйсгэхгүй ч охиндоо мэс хүргэхийг зөвшөөрөхгүй. Харин аав ээжээс заяасан биеэ арчлаад гоё сайхан яваасай гэж хүсдэг” гэлээ.

Ээж охин хоёртой ийн ярилцаж байтал Т.Бат­цэцэгийн гадагш гарах цаг болов. Өнгөрсөн бямба гариг мод тарих үндэсний өдөр байсан болохоор тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж “Golden gym”-ийн хамт олонтой мод тарихаар болжээ. Тэрээр “Golden gym” фитнес клубт сүүлийн хоёр жил хичээллэж байгаа бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа олон ажилд тун идэвхтэй оролцдог гэнэ. Ингээд гадагш гарахаар болов. Тэрээр “Мерседес бенц” маркийн дунд оврын жийп унадаг юм байна. Энэ машиныг дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд ээж болон эгч, ах, хамаатан садангууд нь мөнгөө нийлүүлэн авч өгчээ. Одоо бол тэрээр дажгүй сайн жолооч юм билээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12 цагийн үед ирэхэд энд тэндгүй мод тарьж байгаа хүмүүс байв. “Golden gym”-ийнхэн тэнд өөрсдийн гэсэн төгөл байгуулахаар багш, ажилчид, хичээллэдэг хүмүүсийнхээ хамтаар 1000 мод суулгаад дуусах дөхжээ. Т.Батцэцэг тус фитнес төвд идэвхтэй хичээллэдэг хүний хувьд дэмжин оролцоно гэдгээ урьдчилан хэлсэн болохоор түүний тарих модыг үлдээчихэж. Савхин өмд, хүрэм өмссөн тэрээр бээлий өмсөж байгаад суулгацынхаа нүхийг хүрзээр хурдан гэгч нь ухчихлаа. Хажуунаас нь харж зогссон ээж нь “Манай Баагий хар ажилд сайн. Би таван хүүхдээ багаас нь ажилд сургасан. Гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг мэддэг. Хоол хийх болон гэрийн ажилд ч сайн” гэлээ. Мисс маань ч түргэхэн гэгч модоо тариад арвын хувинтай усыг ганцаараа өргөж авчраад усалчихлаа. Бусад нь хэдийнэ модоо тарьж дуусаж байсан болохоор бөөнөөрөө зургаа авахуулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ажил дуусав. Тэндээс хөдөлж ээжийг нь буулгаад “Централ тауэр” руу явлаа. Тэнд “Мисс Монголиа” тэмцээний бүртгэл явагдаж байгаа юм байна. Т.Батцэцэг тус тэмцээний зохион байгуулагчаар оролцож байгаа болохоор өөрийн биеэр оролцогчдоо бүртгэж байгаа ажээ. “Централ тауэр”-ын хоёр давхарт байх дэлгүүрт бүртгэл явагдаж байлаа. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм гэнэ. Өнгөрсөн жил Т.Батцэцэг дэлхийн миссийн тэмцээнд тун амжилттай оролцож байсан болохоор охид “Мисс монголиа”-д оролцохыг тун их сонирхож байгаа гэнэ. Биднийг тэнд байх үед ээжийгээ, эгчийгээ, найзыгаа дагуулсан охид ирж тэмцээнд оролцохоор бүртгүүлж байсан. Бас хувийн зүгээс ямархуу бэлтгэлтэй байх вэ гэж Т.Батцэцэгээс зөвлөгөө авч байв.

Бүртгэлийн ажлын дараа тэрээр фитнестээ явна гэв. Хажууханд нь буюу “Тусгаар тогтнол”-ын ордны дөрвөн давхарт байх “Gоlden gym”-ын төв салбарт хичээллэдэг юм байна. Гадуур түүнтэй явахад зөрсөн хүн бүрийн харцыг булаах ажээ. Харин олны харцнаас тэгтлээ төвөгшөөдөггүй гэсэн. Заримдаа хэтэрхий удаан ширтээд, эрээ цээргүй хараад байгааүед л бага зэрэг эвгүйцдэг ажээ. Гэхдээ ээжийнхээ зөвлөсний дагуу олон хүний талархлыг хүлээж авч дотроо уйлмаар санагдсан үедээ ч гэсэн инээмсэглэх ёстойгоо байнга санадаг гэнэ. Т.Батцэцэг одоогоор найз залуугүй бөгөөд гэр бүл зохиоход тэгтлээ яардаггүй гэсэн.

Тэрээр фитнесээр хичээллэхийн ач тусыг сайн мэддэг болохоор ямар ч ажилтай байсан аль болох цаг гаргаад өдөр бүр явахыг хичээдэг аж. Гэхдээ заримдаа яаж ч хойшлуулж боломгүй чухал ажилтай үедээ алгасчихдаг байна. Фитнест хоёр цаг орчим хичээллэдэг болохоор бэлтгэлийн дундуур бид явахаар болов. “Миний ажил дуусахыг хүлээнэ гэвэл гэгээ тасрах байх аа” гэсээр заалнаас гаргаж өглөө. Бас “Эндхийн бэлтгэлээ дуусгаад шууд Эрдэнэт рүү явна. Тэнд “JCI”-ынхантайгаа сагсны тэмцээнд оролцох юм” гэсээр үлдэв.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ спорт танайд-өнжье

Үй түмэн жаргалын эзэн болох гавьяатынд өнжлөө

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга Т.Үйтүмэн­гийнд өнжлөө. Болз­сон ёсоор өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш арваннэгдүгээр хороололд бага хүү Ү.Ерөөлт-Үйлсийнх нь сургууль дээр уулзав. Биднийг очиход тэрээр хүүгийнхээ ангийн багштай уулзаж байлаа. Төд удалгүй гарч ирснээ “Манайх Арс­лан­тай гүүрний урдхан талд байдаг юм. Эндээс алхчихъя. Өнөөдөр ахынх нь унаа явдаггүй юм” гэв. Ийн Арслантай гүүр рүү дөхөж иртэл зөрж өнгөрсөн хүн бүр Үйтүмэн гавьяаттай толгой дохин мэндчилнэ. Явган хүний зам дагуух сандал дээр сууж байсан залуус “Түмээ ах, монголчууд илүү, илүү” хэмээн орилтол бидний урдхан талд алхаж явсан хоёр эмэгтэй эргэж харснаа “Боксчин Үйтүмэн байна. Гурвуулаа зургаа авахуулчихъя” гээд гүйн ирэв. “Яах юм бэ. Ах нь яаралтай ажилтай явна” гээд дориухан алхаж эхэлтэл “Таныг алхаж явахад чинь зургаа авахуулчихъя” гэснээ утсаа гаргаж ирээд явдал дундаа сэлфийдэв. Арслантай гүүр өнгөртөл Оюутны хотхон руу эргэтэл эхнэртэйгээ сугадалцан алхаж явсан ахимаг насны эрэгтэй “Пөөх, Манай боксын Үйеэ гавьяат явж байна” гэснээ малгайгаа авч өмнө нь тонгойсноо “Танаас адис авъя” гэвэл Т.Үйтүмэн “Хэрэггүй дээ. Би ямар хувилгаан биш” гээд инээмсэглэв. Тэгтэл өнөөх эр “Манай хүү боксоор хичээллэдэг юм. Миний тэргүүнд хүрвэл хүүгийн минь толгойд хүрч байгаагаас ялгаагүй” гээд замыг нь хаагаад зогсчих нь тэр. Аргагүйн эрхэнд Үйтүмэн гавьяат гарынхаа үзүүрийг нөгөө хүний толгойд хүргэх төдий болчихоод гараа буцаан татвал өнөөх ахимаг насны эрэгтэй гарыг нь бугуйгаар нь атгаснаа халзан толгой дээрээ шал хийтэл алгаар нь буулгаснаа “Баярлалаа, гавьяат аа” гээд инээмсэглэн алхаж одов. Бидний хажуу­ханд зогсож байсан шуудайтай лааз үүрсэн, ноорхой хувцастай, согтуу эр “Гавьяат аа, гар барьчихъя” гэвэл Т.Үйтүмэн огтхон ч цааргалалгүй гар барив.

Гэрт нь ортол үүднийх нь өрөөнд том жижиг хоёр ч унадаг дугуй харагдав. “Та дугуй унадаг юм уу” хэмээн асуутал “Манай хоёр хүүгийн дугуй байгаа юм аа. Гэхдээ ах нь хүүхэд байхдаа дугуй унадаг байсан. Дунд ангид сурч байхдаа Сэлэнгэ аймгийн унадаг дугуйн шигшээ багийн тамирчин байлаа. Аймгийн төвөөсөө Алтанбулаг хүртэл дугуйгаар явна. Украйн шар дугуйгаа олон жил унасан даа. Одоо бол гэр бүлээрээ зуслан эсвэл цэцэрлэгт хүрээлэн орохдоо хоёр хүү маань унадаг юм.

Хичээлдээ унаад явчихъя гэдэг л юм. Дугуйн замгүй болохоор санаа зовоод, хот дотор унуулдаггүй юм” хэмээн тайлбарлав.

Зочны өрөөнд оруут мөл­хөө тавилгын тавцангуудыг дүүргэх цом болон хажууханд нь урт гэгчийн улаан даалимба дээр хадсан медаль, цол тэмдгүүд нүдэнд туслаа. 1986 оны Сэлэнгэ аймгийн аваргын алтан медалиас авахуулаад 1997 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөн­гөн медаль хүртэл харагдав. “Та медалиудаа тоолж байсан уу? Хэдэн алт, хэдэн хүрэл медаль байна вэ” гэвэл Т.Үйтүмэн “Тоолж байгаагүй шүү дээ. Даавуун дээрээ багтахгүй болохоор талыг нь хураачихсан юм” гэв. Телевизорийн зүүн хананд олон улсын тэмцээнд оролцох эрхийн бичиг, шүүгчийн үнэмлэх сагсайн харагдав. “Энэ таны оролцож байсан тэмцээний эрхийн бичгүүд үү” гэвэл “Гандангийн хүрдэнд уясан хадаг шиг харагдаж байгаа биз. Зарим нь манай эхнэрийнх. Азийн боксын холбооны эмнэл­гийн гишүүн нь” гэв.

Т.Үйтүмэн бидэнд цай аягалж өгөх гэтэл түүний гэргий О.Отгонжаргал “Наадах чинь өглөө чанасан, хуучин цай. Плиткан дээрээ шинэ цай үйчихлээ. Удахгүй буцална. Тэр хооронд нь хурдхан хоол хийчихье. Төмс ногоог нь арилгачихсан юм” гээд махаа татаж эхлэв. Тэрээр “Ах нь хоол унд хийхдээ тааруу. Хар залуугаасаа тэмцээн уралдаан гээд гэрийн бараа бараг хардаггүй байсан. Хоол унд, гэр орон цэвэрлэх ажлыг бол эхнэр маань гаргаахгүй шүү дээ. Жирэмсэн үед нь ядаж шалаа арчиж, хоолоо хийдэг юм уу гэхээр будаа агшаагчны залгуур, шалны алчуураа хайгаад олохгүй шүү дээ. Тэгээд эхнэрээсээ асууна. Ер нь эхнэргүй юм гэж алга аа. Угаасан оймсоо хүртэл хаана байгааг нь асууна. Тэгээд сургачихсан юм чинь одоо яая гэх билээ дээ” гээд эхнэр рүүгээ хараад инээв. Гэргий О.Отгонжаргал “Цаг наргүй бэлтгэл хийдэг тамирчин хүний эхнэрүүд бүгд адилхан байлгүй дээ. Нас нь ахиад, зодог тайлаад завтай болсон ч нэгэнт ингээд сурчихсан занг сураар боож болох биш” гээд инээлдэв.

Т.Үйтүмэн 1986 онд Сэлэнгэ аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээ­нийн 46 кг-ын жинд аваргалж, гавьяат дасгалжуулагч, Ардын багш Д.Банди гуайн хараанд өртсөнөөр түүний тамирчны замнал эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь тухайн үед тэрбээр 32-хон кг жинтэй байжээ. Энэ тухайгаа тэрээр “Ангийн атаман, гудамжны овгор болох хүсэл маань бокс руу хөтөлсөн. Тухайн үед ганцхан би ч гэлтгүй, бүх л хөвгүүд тийм л бодолтой байсан. Зодооноороо мундаг болохын бөөн хүслэн. Манай Шаамар суманд намайг сурагч байхад трактор, комбайны хоёр ч техник мэргэжлийн сургууль байсан. Газар газ­раас ирцгээсэн залуустай муудаж зодолдох, сайндаж нөхөрлөхийг алийг тэр гэх билээ. Дээрээс нь би дэггүй,хурдан хөдөлгөөнтэй байсан учраас бокс тоглоход дөхөмтэй байсан болов уу. Гэхдээ миний бага байх үеийн сахилгагүй гэдэг бол хорон биш, гэнэн байсан. Муудаж, гар зөрүүллээ гэхэд одоогийнх шиг нэгнийгээ барагтай бол бэртээж, гэмтээхгүй. Зодолдож байгаад нэгнийх нь хамраас цус гарчихвал больчихно. Хэдхэн минутын өмнө чамайг зодно гээд шүдээ зуугаад дайрч байсан нэг нь цусыг нь тогтоох хөвөнд гэр рүүгээ гүйнэ. Тэр бүү хэл хоорондоо мудалцаад, зодолдох болоход хөл нүцгэн нэг нь гуталтай нэгнийгээ “Ээ чи бакалтай байна ш дээ” гэнгүүт өнөөх нь бакалаа тайлж байгаад “үзнэ”. Тийм л үе. Ингээд тухайн үед мундаг овгор болохын тулд боксоор хичээллэх ёстой юм байна гэж бодсоноос биш энэ спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпод оролцоно гэж огт бодоогүй. Дээр нь нагац ах Ганхуяг бокс тоглоно. Хааяа Шаамарт ирж тоглолтын бэлтгэл хийнэ. Хөл дээрээ хөнгөн үсрээд, намайг яаж ч түлхээд хөдөлгөдөггүй элсээр дүүргэсэн тулмыг сэмэрч урагдтал хүчтэй цохихыг харах­ үнэхээр урамтай байдаг. 1986 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн нагац ах маань ирээд явахдаа бээлийгээ мартчихсан байсан. Бээлийг нь өмсөж банзан хашаа, гэрийн гадаах хураалттай түлээгээ тойрч балбаж байгаад аймгийн аваргад орсон. 46 кг-ын жинд 32-той тууж ороод, бүгдийг нь нүдчихээд гараад ирсэн (инээв). Тэмцээндээ бол өвдөглөхгүй, хазахгүй, өшиглөхгүйгээр гудамжныхаа зодооноор тулалдаад аварга болсон” гэсэн юм.

Ийнхүү тэрээр аймаг­таа түрүүлж, гавьяат дасгал­жуулагч, Ардын багш Д.Банди гуайн хараанд өртөж, түүний удирдлаган дор хичээллэх болжээ. Тухайн жилээ улсын аварга шалгаруулах тэмцээнд явах гэтэл жин нь хүрээгүй учраас дараа жил нь орж мөнгөн медаль хүртжээ. Харин 1988 онд хүрэл медаль хүртсэн бол 1989 онд улсын аварга болжээ. Улсын аварга болсныхоо дараахан Румынд болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль давхар хүртжээ. Ийнхүү ангийн атаман болох хүсэл нь боксын Азийн аварга, дэлхийн аварга болох зорилгоор солигджээ. Энэ тухайгаа тэрээр “Жинхэнэ ном дүрэм, журмаар нь энэ спортоор хичээллээд эхлэхээр хүмүүжиж байгаа юм даа. Олон шагнал, медаль аваад ирэхээр юуных нь ангийн овгор, гудамжны атаман болж, хүн амьтан зодох. Амжилтаа ахиулахыг хичээдэг болсон. Аймгийн аварга болчихсон хүн чинь улсын аварга, улсын аварга болчихоод, Азийн аварга, Азийн аварга болоод Дэлхийн аварга, цаашилбал Олимпийн аварга болох хүсэл төрж, түүндээ хүрэхийн төлөө чармайдаг болсон. Энэ бол ганц миний ч биш бүх тамирчдын хүсэл мөрөөдөл нь гэдгийг би бардам хэлж чадна. Чин сэтгэлээсээ чармайж, зүтгэх юм бол юм бүхэн бүтнэ. Би чинь 1997 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд онгоцны тасалбарын мөнгө олдохгүй байхад хүртэл халаас хоосон хэрнээ онгоцны буудал дээр ирж байсан. Гэсэн хэдий ч тэмцээндээ явж чадсан. Зөв бодол, тэмүүлэлтэй байхад ажил бүтдэг юм” гэсэн юм.

1997 оны Будапештэд зохиогдсон сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тэрээр мөнгөн медаль хүртсэн билээ. Тухайн үед тус тэмцээнд Мон­голоос Энхсайхан, Атар­баяр, Т.Үйтүмэн хэмээх гурван тамирчин оролцжээ. Энхсайхан, Атарбаяр нар шигшээ багийн тамирчид байсан учраас зардлыг нь Биеийн тамир спортын хорооноос гаргажээ. Тухайн үед Т.Үйтүмэн “Эрдэнэт” үйлд­вэрийн дэргэдэх “Хангарьд” клубийн тамирчин байжээ. Энэ тухай тэрээр “Олимпийн хүрэл медальт Энхбат ах, сагсны шөвгөр Өлзий ах хоёр маань онгоцны тасалбарын мөнгө олох гэж олон хоног гүйсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэг Америкт явсан учраас үйлдвэрээс мөнгө гаргах боломжгүй байдаг. Явах ёстой өдрөө хөлстэй хувцсаа үүрээд онгоцны буудалд итгэл муутайхан очлоо. Зардалгүй амьтан чинь итгэл муутай байхаас ч яах билээ. Тэгтэл Өлзий, Энхбат ах хоёр онгоц нисэхээс аравхан минутын өмнө надад 3000 ам.доллар бэлнээр өгөөд “За сайн яваарай ахын дүү. Тэмцээнээсээ ирээд өгөөрэй” гэсэн. Тасалбараа тэр дор нь аваад, онгоцондоо арайхийн амжиж суусан даа. 1997 онд самбо, жүдогийн дэлхийн аваргаас манайхан ганзага хоосон ирсэн байсан. Тэгтэл оны сүүлч үед боксынхон дэлхийн аваргад оролцож, би мөнгөн медаль авсан. Өлзий ахад мөнгийг нь өгтөл, медалийг нь мялааж байгаа юм гээд буцаагаад өгч билээ” хэмээн хүүрнэв.

Зургийн цомгийг нь үзэж суутал боксын олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, олимпийн аварга Э.Бадар-Ууган нартай хамт авахуулсан зураг гарч ирэв. 2008 онд нисэх буудал дээр татуулжээ. Зургийг харснаа Т.Үйтүмэн “Би 2005 онд Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга болуутаа Д.Банди багшийгаа шигшээ багийн ахлах дасгалжуулагч болгосон. Хэдхэн жилийн дотор олимп, дэлхийн авар­гуудыг төрүүлсэн. Олон Азийн аваргуудыг төрүүлсэн. Олимп дэлхийн аваргыг бэлтгэдэг болохоос заяагдмал төрдөггүй. Уяачгүй морь хаашаа ч давхих билээ. Үүнтэй адил дасгалжуулагчгүй тамирчин ямар ч амжилт гаргахгүй. Боксын холбоо маш сайн ажиллаж, багш дасгалжуулагч нар нь үүргээ сайн биелүүлсэн учраас энэ өндөр амжилтад хүрсэн. Түүнээс биш ганцхан би, Д.Банди багш хичээгээгүй. Уг нь энэ залуусын энгэрт олимпийн ганц ганц алт, мөнгөн медаль биш нэлээн хэд гялалзаж байх ёстой. Харамсалтай нь ид тоглох насан дээрээ спортоосоо хөндийрсөнд нь харамсалтай байдаг юм. 2012 оны Лондон­гийн олимпод боксын тамир­чид тааруухан оролцсон. Холбооны нарийн бичгийн дарга хэмээх үүрэгт ажлаасаа 2010 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас ийм тааруухан амжилттай оролц­сон шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Бокс тоглож байгаагүй, мэдэхгүй хүмүүс надад бокс заах гээд байхаар нь холбооноос гарсан. Гэхдээ ирэх олимпод илүү амжилт гаргах байх аа” гээд санаа алдав.

Бээжингийн олимпийн үеэр Т.Үйтүмэн гавьяат боксын тайлбарлах үеэр “Илүү, илүү” хэмээх үг гарч ирсэн. Бээжингийн олимпийн тоглолтыг үзэхдээ ямар телевиз байх нь хамаагүй, Үйтүмэнгийн тайлбарлаж байгаа телевиз дээр сувгаа тохируул гэдэг байсан даа гэвэл “Энэ спортоор хар багаасаа хичээллэж эхэлсэн учраас бүх юмаа мэднэ. Огт мэдэхгүй хүн бол гараа өмнөө тавьж байгаад л тайлбарлачихна. Бараг л өмнөөс нь цохиод, бултаад л, дотор нь орчихож байгаа юм. Завсарлагаа нь болонгуут зэрэг усаа уугаад, миний хэлэхийг сонсохгүй ч тэнд дасгалжуулж байгаа аятай “Одоо зайнаас тогло, Хөл дээрээ сайн ажилла, Гэдэс рүү цохиж ядраа” гэж байгаад тэмцээний хонх дуугарангуут эргээд л булт, цохь, гээд гараа өмнөө барьчихаад үзнэ. Тэгтэл Бээжинд байгаа хүн цохиулж байхад Монголд байгаа Үйтүмэн яагаад бултаад байгаа юм гэсэн яриа хүртэл гарсан байна лээ” гээд инээв.

Бага хүү Ү.Ерөөлт-Үйлс нь том өрөөгөө тойрч гүйгээд, аав, ээжийнхээ араар ортол ах Ү.Түмэнжаргал хажуугийн өрөөнөөс гарч ирснээ “Аав аа, Үйлсээ даалгавраа дуустал нь хийгээгүй шүү. Тооныхоо даалгаврыг хийчихээд, монгол хэлээ хийсэнгүй” гэвэл Т.Үйтүмэн “Даалгавраа хийхгүй бол маргааш гадаа тоглуулахгүй шүү. Миний хүү чинь ухаантай юм чинь одоохон очоод хийчихнэ ээ” гэвэл уруу царайтай гүйн орж ирсэн хүү “Тийм, би хийж чадах юм чинь” гэсээр өрөө рүүгээ орлоо. Т.Үйтүмэн “Багаасаа хичээл номоо сайн хийгээрэй гэж би захидаг юм. Ах нь бол багадаа сурах гэж “тараадаг” байлаа шүү дээ. (инээв). Сурлагын дэвтрээр дүүрэн эх орны алтан гуравтай. Боксын бэлтгэл гээд хичээлдээ барагтай бол суудаггүй байсан юм чинь дүн ямар байх нь ойлгомжтой биз дээ. Банди багш, анги даасан багш хоёр маань миний дүнг гаргуулах, засуулах гээд дагуулаад сургуулиар харайлгаж өгнө шүү дээ. Харин би бол муу авчихаад тоодог ч үгүй байж дээ. Тэгж яривал Банди багш бэлтгэлдээ л анхаарлаа хандуул гэдэг байсан юм чинь. Дүнгээ гаргуулах гээд очихоор зарим багш нар надаас цочдог байлаа. “Ийм хүүхэд танай ангид байдаг билүү?” гээд гайхна. Тэгээд дүн гарах дөхөхөөр Д.Банди багш дээрээ уруу царайлсан амьтан ирээд “”Багш аа, нэг мэдсэн улирлын дүн гарах болчихож. Хичээлдээ сууснаас суугаагүй өдөр нь олон. Цөөн хэд хоног суусан хичээл дээрээ муу авчихсан” гээд хэлнэ дээ. Банди багш “За миний хүү бэлтгэлдээ л анхаарлаа хандуул, Багш нь аргална аа” гэнэ. Бас ангийн багш Баасанжав маань жилийн эцсийн дүн гарах үеэр миний дүнг гаргуулах гээд хөтлөөд л сургуулиар явчихна. “За энэ хүүхдэд онц тавь гэж гуйхгүй. Зүгээр гурав тавьчих. Энэ дүнтэй дүнгүй энэ хүүхэд өөрөө хоолоо олоод идчихнэ. Та нараас хоол гуйхгүй” гээд л гурав тавиулчихаад маргааш нь тэмцээндээ явчихна” гэвэл том хүү Ү.Түмэнжаргал нь “Тийм үү, тэгвэл аав сурах гэж үзүүлж өгдөг байж ээ” гээд инээлдэцгээв. Т.Үйтүмэн “Харин шалгалт дээр ээжээс чинь хуулдаг байсан” гэж нэмж хэлэв.

Т.Үйтүмэн болон түүний гэргий О.Отгонжаргал нар дунд сургуулийн нэг ангид сурч байжээ. Тэмцээнд явсан хойгуур хичээлийг нь нөхөж бичээд, ирэхээр нь тайл­барлаж өгдөг байсан аж. О.Отгонжаргал “Өрсөлдөгчийнхөө гэдсэнд яаж цохивол эвхрээд өгөх бол гэсэн бодол толгойд нь эргэлдэж байгаа хүнд химийн томъёо, математикийн тэнцэтгэл бодох аргачлал зааж өгөөд сурах уу. Шалгалт дээрээ нэг нь хуулуулж бай­гаад, нөгөө нь хуулж байгаад олон баригдсан даа” гэв.

Биднийг ийн ярилцах зуур том охин Ү.Хүслэн нь охинтойгоо орж ирэв. Зээ охиноо харуутаа Т.Үйтүмэн “Өвөөгийн бурхан нь орж ирж байна” гээд үнсээд, хувцсыг нь тайлав. Тэд 1993 онд буюу 21 настайдаа эцэг эх болж, Хүслэн охиноо төрүүлжээ. Тухайн үед охиноо өсгөнө гэвэл Т.Үйтүмэн бэлтгэлээ завсардуулна эсвэл гэргий нь сургуулиасаа чөлөө авах болжээ. Тэгтэл Үйтүмэнгийн ээж Түмэнцэцэг “Ээж дээрээ охиноо аваад ир ээ. Ээж нь өсгөөд өгье” гэснээр төрөөд сар гаруйхан болж байгаа охиноо аваад Дархан руу явжээ. Ийн Ү.Хүслэн таван нас хүртлээ эмээ дээрээ амьдарчээ. Ү.Хүслэн өнгөрсөн жил амаржсан аж.

“Би бараг хотын бүх гэр хорооллуудад амьдарч үзсэн. Спортын зааланд хүртэл мухарт нь амьдарч байлаа. 120 мянгатын эрчим хүчний зааланд амьдарч байлаа шүү дээ. Тэнд “Алтан бээлий” клуб маань хичээллэж байсан. Наана нь бэлтгэлээ хийж байхад цаад буланд нь ор, плитка тавьчихаад амьдарсан даа” гэвэл О.Отгожаргал “Дамбадаржаагаас Улиастай руу Дэнжийн мянгаас 100 төгрөгөөр морин тэрэг хөлсөлж нүүж байлаа. Тэр үед чинь унаа тэрэг тийм ч элбэг байгаагүй. Тэгээд морин тэргээ Дэнжийн мянгаас аваад Дамбадаржаа орно. Дамбадаржаагаасаа Улиастай руу хэдэн хувцас, ороо аваад нүүнэ. Ер нь бид хоёр амьдралаа, бүх зүйлийг тэгээс эхэлсэн учраас өнөөдрийн босгосон амьдрал маань тэр хэрээрээ амттай, үнэ цэнтэй. Хэрэв бид хоёрыг тусдаа гарахад бүх зүйл нь бэлэн байсан бол юмны үнэ цэнийг тэр бүр мэдрэхгүй байсан болов уу” гэвэл Т.Үйтүмэн “Тэр ч үнэхээр тийм шүү. Хамтдаа зүтгэж босгосон амьдрал сайхан шүү дээ” гээд хажууханд суух эхнэрээ хацар дээр нь зөөлөн үнсэв.

Түүнийг 1994 оны Хирошима­гийн Азийн тоглолт, 1996 оны Атлантын олимпод амжилт гаргах байсан хэдий ч луйвардуулж ялагдсан хэмээдэг. Энэ талаар түүнээс асуутал “Хирошимагийн Азийн тоглолт дээр Японы тамирчныг хэмх нүдсэн байхгүй юу. Тэгтэл ялалтыг түүнд өгсөн. Ялагдсан япон маань надад бугуйн цагаа дэвжээн дээр гарч ирээд дурсгаж байсан. “Чи надаас илүү юм байна” гэдгийг өөрөө хүлээн зөвшөөр­сөн болоод надад цагаа дурсгасан байх. Тухайн үед чинь оноо харагддаггүй байлаа шүү дээ. 1996 оны Атлантын олимпийн тоглолт дээр Доминиканы тамирчныг ялчихаад хоёрдугаар тойрогт Америкийн тамирчинтай тоглосон. Би илт давуу тоглотол нэг онооны зөрүүтэй шүүгчдийн шийдвэрээр ялагдаж байсан. Гэтэл америкууд “наад тамирчин чинь ялаагүй, нөгөөх нь ялсан” гээд орилоод усныхаа сав, алчуураа дэвжээ рүү шидээд байсан. Тухайн үед гавьяат тамирчин Д.Нармандах бид хоёрын тоглолт зэрэг болж байсан учраас миний тоглолтыг монголчууд бараг үзээгүй. Харин Ш.Отгонбилэг агсны гэргий Туяа, хүүтэйгээ үзэж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Содбилэг сургуульд ч ороогүй жаахан хүүхэд байсан. Луйвардуулчихлаа гээд заргалдах гэсэн чинь тоглолтын дараа арван минутын дотор англи хэл дээр өргөдлөө бичээд, 300 ам.долларын хамт тушаах байсан. Тухайн үед өргөдөл бичих англи хэлтэй хүн нь ч байгаагүй, мөнгө нь ч байгаагүй болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ энэ мэт луйвардуулж хожигдсон болгоноо ярихыг хүс­дэггүй юм. Хүн болгонд яриад явбал “Өнөө Үйтүмэн чинь ялагдахаараа луйвардуулчихсан гэдэг нөхөр үү үгүй юу” гэж бодно биз дээ. Ялагдах тусам бэлтгэлээ сайн хийж, тэр шударга бусаар ялалт аваад байгаа тамирчныг шүүгчтэй нь хамт ялах зорилт тавиад бэлтгэлээ хийдэг байсан. Үүний хүчинд 1999 онд Улаан-Үдэд болсон Баранаковын тэмцээнд Оросын шигшээ багийн тамирчныг нутгийнх нь дэвжээн дээр ялсан. Өмнө нь бас илт давуу тоглож байгаад хожигдсон. Бас Кардова-Кардинийн тэмцээнд өмнө нь луйвардуулж ялагдаж байсан Мексикийн тамирчныг дийлсэн. Бас 1997 онд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан Гүржийн Гоглаз хэмээх тамирчинд шүүгчдийн алдаатай шүүлтээс болоод хожигдож байсан ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн цохилт болох апперкотоор буулгаж авсан. Энэ нь доороос гэдсэнд цохидог цохилт. Бөхчүүдийн дархан мэх гэдэг шиг энэ миний өрсөлдөгчөө буулган авдаг гол цохилт байсан. Удахгүй нээх гэж буй боксын клубээ ч Апперкот гэж нэрлэсэн” гэсэн юм.

Унтлагынхаа өрөөн дэх шилэн шүүгээнд бурхан шүтээнээ залжээ. “Будда шүтдэг. Бэртэл гэмтэл авалгүй, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч эхнэр нь залбирдаг байжээ.

Зодог тайлсан тухайгаа Т.Үйтүмэн “2000 оны Сид­нейн олимпод Киргизийн тамирчинд эхний тоглолт дээрээ хожигдоод, зодог тайлсан. Уг нь тэр тамирчинг хоёр жилийн өмнө ялж байсан юм. Нам цохиж байсан өрсөлдөгчдөө хожигдохоор “За даа, больдог ч юм билүү дээ” гэсэн бодол ямар ч тамирчинд төрнө. Ингээд 29 настайдаа буюу 2000 онд зодог тайлсан даа. Бокс бол цаг хугацааны асуудал. Тоглох насандаа тоглоод, болих үедээ зодгоо тайлахгүй бол болохгүй. Хөгширнө гэдэг чинь хурд хүч багасна л гэсэн үг. Хурд хүч багасахаар чинь өрсөлдөгчдөө олон цохиулна гэсэн үг. Олон цохиулна гэдэг чинь бэртэл гэмтэл олон авна л гэсэн үг. Уг нь тухайн үед 32 настайд зодог тайлуулдаг журамтай байсан. Харин одоо олон улсын сонирхогчдын боксын тэмцээнд 40 нас хүртэл тоглож болохыг зөвшөөрсөн” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэгрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Онцгойгоос төрсөн анхны генерал Т.Бадралын НЭГ ӨДӨР

“Ард олон маань амар амгалан байх болтугай гэж өглөө бүр бурхандаа залбираад ажилдаа гардаг даа” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга,бригадын генерал Т.Бадралын хэлсэн үг энэ салбар ямар их бэрхшээлийг сөрж ажилладаг болохыг шууд илэрхийлэх шиг санагдав. Хүн бүр өөрийнхөө болоод ойр дотнынхныхоо төлөө залбирдаг бол онцгойгийнхон улс орныхоо, нийт ард түмнийхээ буян заяаг бурхандаа даатгаж, сүсэглэдгээрээ онцлогтой.

“Танайд өнжье”-гийнхээ ээлжит дугаараар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралыг уншигчидтайгаа уулзуулж байна. Амралтын өдөр гэлтгүй ажилладаг түүний гэртээ байх цаг хугацаа тун цөөхөн.

Тиймээс Т.Бадрал гене­ралын нэг өдрийн ажил хэрхэн явагдаж, хэдийд гэрийн бараа хардгийг сонирхохоор өнгөрсөн баасан гаригт түүнтэй хамт “ажилалаа”.

Т.Бадрал генерал 08.00 цаг болоогүй байхад ажилдаа ирэв. ОБЕГ-ын төв байрны жижүүр Батсайхан даргадаа илтгэж, урьд шөнийн нөхцөл байдлыг танилцууллаа. Төрийн албаны ажил 08.30 цагт эхэлдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Т.Бадрал дарга хуучин цагтаа ажилдаа ирдэг нь хэвээрээ байгаа бололтой.

“Эрсдлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын төлөв­лөлт ба гамшгийн хохирлын мэ­дээл­лийн сан” сэдэвт зөвлөлдөх уулзалт өглөө эхлэв. ОБЕГ-аас НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн дэмжлэг, туслалцаатайгаар “Монгол Улсын гамшгийн хохирлын мэдээллийн санг бүрдүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх чадавхийг дээшлүүлэх” төс­лийг тун удахгүй эхлүүлэх гэж байгаа гэнэ. Энэ ажлын хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулж байсан юм. Т.Бадрал дарга арга хэмжээг нээж, үг хэлснийхээ дараа Онцгой байдлын дар­гын зөвлөлийн шуурхайг хурал­дуулав. Тэд 7-14 хоногтоо нэг удаа хуралддаг байна. Харин онцгой шаардлагатай тохиолдолд шуурхай шууд хуралддаг ажээ. Энэ удаагийн ээлжит шуурхай хуралдаж байх зуур Т.Бадрал даргатай уулзахаар ОБЕГ-ын “Аврагч биеийн тамир” спорт хорооны Шийрэв дасгалжуулагч иржээ. Түүнтэй хамт саяхан Гүрж, Туркт болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, амжилт үзүүлсэн Л.Отгонбаатар Ц.Цогтбаатар нарын тамирчид ирсэн байв.Олимпийн оноо авдаг гранпири тэмцээнд тэдний гаргасан амжилтыг ерөнхий газрын удирдлагадаа танилцуулж, уламжлах ажээ. Төд удалгүй шуурхай тарлаа. Т.Бадрал даргын дараагийн уулзалтын цаг тулсан байв. Иймд Шийрэв дасгалжуулагчийг тамирчдынх нь хамт хүлээж авч амжсангүй. Т.Бадрал дарга “Тамирчдынхаа гаргасан амжилтын талаар танилцсан байгаа. Шадар сайдтай уулзах цаг болсон байна. Дараа та бүхнийг хүлээж авъя” гэж эелдгээр санал тавиадТөрийн ордны зүг хөдөлсөн юм.

УУЛЧИН Т.ГҮРРАГЧААГ ҮДЭВ

Уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверес­тийн ноён оргил Жомолунгмад авирахаар мордоод байгаа. Түүнийг ийн шинэ амжилт тогтооход нь Т.Бадрал генерал урам зориг өгчээ. Т.Гүррагчаа уулчны аян замыг ерөөж Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт хүлээн авах уулзалтад Т.Бадрал дарга ч оролцсон юм. Дэлхийн дээвэр болсон энэ өндөр ууланд авирах гэж буй Т.Гүррагчаад Шадар сайд амжилт хүсээд сарын цалин болох нэг сая төгрөг хандивлана лээ. “Нас гэдэг бол тоо юм байна. Тиймээс таны энэ гавьяа зүтгэл залуу хойч үеийнхэнд үлгэр дуурайлал болж байна. Надаас ийм зориг гарахгүй шүү. Танаар маш их бахархаж байна” гэж Шадар сайд хэлээд Эверестийн оргилд мандуулах Онцгой байдлын албаны тугийг гардуулж байлаа. Т.Гүррагчаа гуай талархаж байгаагаа илэрхийлж “Энэ бол миний мөрөөдөл. Т.Бадрал дарга намайг дэмжиж, хамгийн түрүүнд нэг сая төгрөг өгсөн. Та бүхнийхээ итгэлийг даагаад, Монгол Улсынхаа нэрийг мандуулаад ирэх тавдугаар сард бүгдээрээ баяртай сайхан уулзъя” гэж эрч хүчтэй хэлээд инээв. Тэд ширээний ард сууж энгийн яриа өрнүүллээ. Монгол заншлаар хөөрөглөх үед танхим дүүрэн бөөн инээд болов. Шадар сайд тамхилахаар бага гарын хөөрөг гаргаж ирээд Т.Гүррагчаа гуай руу гараа сунгав. Тэгтэл ахмад уулчин маань хошин урлагийн жүжигт гардаг шиг гарт багтамгүй ланзгар том хөөрөг гаргаад ирэх нь тэр. У.Хүрэлсүх сайд зогтусан “Цагаан сараар хоёулаа олны өмнө тамхилбалби ч байдалд орохоор юм байна” гээд инээлдэцгээлээ. Эрчүүдийн сонирхол болсон хойно доо, тэд хөөрөгний тухай “хошуу холбов”. Т.Гүррагчаа гуайн хөөрөг Өмнөговийн цагаан хаш чулуугаар чамин гэгч нь сийлж хийсэн эд байна лээ. Ийнхүү Эверестийн оргил өөд тэмүүлэх уулчнаа үдсэний дараа Шадар сайд У.Хүрэлсүх, генерал Т.Бадрал нар албан хэргээр ярилцахаар хэсэг хугацаанд саатав.

Т.Бадрал дарга нэг уулзалтаас нөгөө рүү явсаар нэг мэдэхэд үдийн цайны цаг болсон байлаа. Эрхэм дарга ч төв байрандаа үдийн ундаа уучихаад дараагийн ажилдаа шуурхайллаа.

АЖИЛДАА ЧИНСЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ, ШОУ МАЯГААР ХИЙХГҮЙ, ҮР ДҮНГ ЧУХАЛЧЛАГЧ

Улс оронд болж бай­гаа нөхцөл байдал, мал, амьт­ны гоц халдварт өвчний талаарх мэдээллийг Т.Бадрал даргад Гамшгийн шуурхай удирдлагын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл илтгэлээ. Ту­хайлбал, Ховдод гар­сан цэцэг өвчин, Хан-Уул дүүрэгт гарсан гахайн мялзан өвчний үед авсан арга хэмжээгтанилцуулав. Мөн баасан гаригт цаг агаар муудаж, баруун аймгуудад цасаар шуурч эхэлсэнтэй холбогдуулан Увс аймагт нөхцөл байдал хүндэрсэн тухай Б.Мандахгэрэл дарга уламжиллаа. Үүссэн нөхцөл байдал, авч буй арга хэмжээнийхээ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт бичгээр танилцуулах үүргийг Т.Бадрал дарга ажилтандаа даалгав. Тухайн тойргоос сонгогдсон гишүүний хувьд сум орон нутагтаа анхаарал хандуулж, онцгой байдлын албаны дээд удирдлагатай холбогдон тодруулж байгаа бололтой. Цаг агаарын тааламжгүй байдал үүссэнтэй холбогдуулан Т.Бадрал дарга ард иргэдэд сэрэмжлүүлэг сайтар хүргэх үүргийг хариуцсан мэргэжилтнүүддээ даалгав. Мөн малтай хү­мүүс малаа хашиж, бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулж байсан. Шаардлагатай тохиолдолд улсын чанартай авто замыг хааж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэддээ хүрч чадаж байна уу гэдэгт анхаарч ажиллах заавар нэмэв. Үүний дараа ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар албан тушаалын томилгоог Т.Бадрал генералд танил­цуулав. Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн аврах албыг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги болгосон. Ингээд хуучин албанд нь байсан 51 хүний дөрөв нь тэтгэвэртээ гарчээ. Шинэ анги байгуулагдсан болохоор удирдлага, тэтгэвэрт гарсан хүмүүсийн орны ажилтнуудыг томилох асуудалд Т.Бадрал генерал тун гярхай хандаж байв. Тэрбээр Л.Болдбаатар даргын оруулж ирсэн танилцуулга дахь хүн нэг бүрийг судалж, ялангуяа ар гэрийнх нь хөдөлмөр эрхлэлтийн байдлыг анхаарч, зөвшилцөн томилж байсан. Ер нь гэр бүлийн хүмүүс ажилтай байх тусам өрхийн орлого нэмэгдэж, тухайн өрхийн амьжиргаа дээшилнэ гэсэн байр сууринаас хандаж байгаа нь илт. Томилохын хажуугаар түүний амнаас татгалзах санал ч гарна лээ. Учир нь найз нөхдөөрөө нэг дор бөөгнөрч, ажил цалгардах вий гэсэн болгоомжлол төрсөн бололтой.

Дээрх уулзалтуудын дараа Т.Бадрал генерал ОХУ-ын Свердловск мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга А.П.Сухов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээж авлаа. Украины асуудлаас болж Орос улс эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа. Иймд хойд хөршүүд манай улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо салбар бүрт илэрхийлж байгаагийн нэг нь дээрх уулзалт гэж харагдав. А.П.Сухов тэргүүтэй төлөөлөгчид ОБЕГ-т гамшгийн үед ажиллах шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтэй байгаа бололтой. Тэд бүтээгдэхүүнээ танилцуулж явна лээ.

ОБЕГ команд-штабын сур­гуулийг жилдээ гурван аймагт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийнх нь өчигдөр Дархан-Уул айм­гаас эхлэв. Уг арга хэмжээг зохион байгуулах багийнхантай Т.Бадрал дарга уулзаж, үүрэг даалгавар өгсөн юм. Түүний ярианаас анзаарахад Т.Бадрал гэдэг хүн ажилдаа чинсэтгэлээсээ хандаж, шоу маягаар хийхгүй, үр дүнг чухалчилдаг нэгэн болох нь тод байв. Тэрбээр орон нутагт сургалт зохион байгуулахаар зорьж буй албан хаагчдаа архинаас хол байхыг хатуу анхааруулсан шүү. “Харин олон хоногоор орон нутагт амралтгүй ажиллаж ирснийхээ дараа эрүүл мэнддээ анхаарч, сувилалд заавал эмчлүүлэх шаардлагатай” гэж албан хаагчдадаа халамж тавьж байлаа.

МАНАЙ ГЭР БҮЛД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ, АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ХОЁР ХҮН БИЙ”

Аливаа албан байгуул­лагын удирдлагын ажил дор дороосоо л ундардаг. Тэр дундаа онцгойгийн салбар дэндүү завгүй, бас хариуцлага өндөртэй алба. Т.Бадрал дарга өдөр тутамд болдог уулзалт, хурал, зөвлөгөөнөөс гадна 70-80 хүн хүлээн авдаг гэсэн. Харин өнгөрсөн баасан гаригийн тухайдхарьцангуй ачаалал багатай байна гэж туслах нь өгүүлж байлаа. Гэхдээ л тэр ажлаа 19.30 цагт дуусгасан. Учир нь түүнтэй хамт гэрт нь очиж, эхнэр хүүхдүүдтэй нь танилцах хүсэлтэй бидний зорилгыг хүндэтгэн үзэж ажлаасаа эрт гарсан нь энэ ажээ.

Тэднийх “Оргил” рашаан сувиллын хажууханд юм билээ. Албан ширээний ард сууж байсан генерал маань гэрийнхээ босгыг давангуутаа л зочдодоо үйлчилж эхлэх нь тэр. Бидний гадуур хувцсыг авч өлгүүрт өлгөөд, ширээний ард саатахыг хүсэв. Гэрийн эзэгтэй охидынхоо хамт оройн хоолоо хийж байлаа. Биднийг харангуутаа гал тогооноосоо дуу алдан инээм­сэглэсээр угтсан юм. Гэргийг Ж.Цэцэгсүрэн гэдэг бөгөөд Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг байна. Тэрбээр гадаад хэлний багшийн мэргэжилтэй бөгөөд Орхон аймгаас ажлын гараагаа эхэлж, тэндээ ханьтайгаа танилцаж байжээ. Тухайн үед Т.Бадрал дарга “Эрдмин” катодын зэсийн үйлдвэрт ажиллаж байсан гэнэ.

Эрхэм генерал маань өрөөндөө орж хувцсаа солих зуур түүний гэргийтэй ийн таван үг сольж амжив. Төд удалгүй цаад өрөөнөөс Т.Бадрал дарга гарч ирэхдээ жинсэн өмд, хүрэн цамц өмссөн байлаа. Тэрбээр цуглуулгаа сонирхуулсан юм. Том өрөөнийхөө хананд гэр бүлийнхээ зургийн цомгийг байрлуулжээ. Мөн дүүрэн номтой шүүгээ, Т.Бадрал даргын хобби болох сувинерүүдийг өрсөн байлаа. Номын шүүгээний дээд тавиур дээр том хүү, охиныхоо инээмсэглэсэн зургуудыг байрлуулжээ. Том хүү нь одоо 26 настай, АНУ-ын Сан Диегогийн “Чейз” банкинд менежер хийдэг гэнэ. Дараагийн охин нь 21 настай бөгөөд мөн л АНУ-д ажиллаж амьдарч байгаа аж. Холливудын оддын тат­вараа төлсөн эсэхийг хянадаг аудитын компанид ажилладаг юм байна. Холливудаас Т.Бадрал даргад “Та охиноороо дамжуулж Холливудын жүжигчдийн нууцтай холбоотой мэдээллийг авахгүй гэсэн баталгаа өг” гэсэн албан бичиг хүртэл ирж байсан гэнэ лээ. “Хоёр том маань АНУ-д, эхнэр маань АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг. Ямар нэгэн байдлаар Америктай холбогдчихдог юм. Энэ гэрт Монголын Засгийн газрын төлөө, бас Америкийн Засгийн газрын төлөө ажилладаг хоёр хүн байна даа” гээд эрхэм генерал хошигнов. Түүний номын шүүгээнд англи, орос, франц хэл дээр бичигдсэн номууд зонхилно. Мөн дэлхийн нэвтэрхий толь “Britanica” бүрэн эхээрээ, эх хэл дээрээ ч байна лээ. “Манай хүн номыг их сонин уншдаг. Хоёр, гурваар нь зэрэг эхлүүлдэг” гэж эхнэр нь өгүүлэхэд Т.Бадрал дарга унтлагын өрөө рүүгээ биднийг дагуулав. Бурхан шүтээнээ залсан орны хажуугийн жижиг шүүгээн дээр хэд хэдэн ном давхарлан өржээ. “За би одоо ийм ном уншиж байгаа. Тухайн өдрийн байдлаас болж ямар ч хугацаанд номоо уншиж болно. Цалингийнхаа ихэнхийг номонд өгчихдөг юм даа” гээд Т.Бадрал дарга инээв. Гэрийн эзний хобби бол шаазан таваг бүхий сувенир. Тэрбээр очсон улсынхаа бэлгэ тэмдэг бүхий зурагт шаазан тавгийг үнэ өртөг харамгүй худалдаж авдаг гэсэн. Одоо түүнд 300 гаруй ийм цуглуулга байгаа бөгөөд үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрнэ гэж “гайхуулав”. Найз нөхөд, албан хаагчид нь хүртэл гадаадаас ирэхдээ түүний хоббиг андахгүй болохоор авчирч дурсгасаар ийм арвин болжээ. “Манай нөхөр бас мод тарих хоббитой. Одоо ингээд хобби нь хөдөлнө. Бараг 400 орчим мод тарьсан шүү. Бидний тарьсан мод болгон ургадаг” гээд гэрийн эзэгтэй нөхрийнхөө хоббиг тодотгов. Харин тэрбээр тасалгааны цэцэг тарих тун ч их сонирхолтой юм билээ. Цонхныхоо тавцангуудаар зүйл бүрийн цэцэг өрсөн байв.

Т.БАДРАЛ ДАРГА ГЭРТЭЭ ИРСЭН ХОЙНОО Ч АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР…

“Манай хүн гэртээ голдуу 21.00 цаг өнгөрөөж ирнэ шүү. Өнөөдөр харин овоо эрт ирлээ” гэж гэрийн эзэгтэй ярилаа. Т.Бадрал дарга гэртээ ирээд удаагүй байтал гар утас нь дуугарч байн байн нөгөө өрөө рүүгээ орчих юм. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо талаар мэдээлэл авч, онцгойгийнхныг хэрхэн ажиллаж байгаа талаар лавлаж байгаа бололтой. Эрхэм генерал “За, гишүүн ээ…” гээд л тайван гэгч нь цагийн байдлыг илтгээд байх нь тэр.

Т.Бадрал дарга бол онцгой байдлын салбараас төрсөн анхны генерал. Ерөнхийлөгч генерал цол гардуулах өдөр харин тэрбээр гадаадад томилолттой байж таарсан. Нөхрийнхөө ажлын талаар ямар бодолтой байдгийг нь Ж.Цэцэгсүрэнгээс тодруулбал “Т.Бадралыг ОБЕГ-ын дарга болоход нь би тийм ч их баярлаагүй. Өндөр хариуцлагатай алба болохоор таатай хүлээж аваагүй юм. Харин генерал болоход нь маш их баярласан. Бараг би өөрөө цол авчихсан юм шиг л болсон шүү. Найзууд нь над руу утасдаж, баяр хүргээд л …” гэв.

Т.Бадрал дарга бас ч гэж улиралдаа ганц, хоёр удаа гал тогоо барьж, гарынхаа хоолыг гэр бүлдээ хийж өгдөг гэсэн шүү. Түүний хийдэг хоол нь голдуу ногоо зонхилдог ажээ. Эдний гэр бүл спортлог. Т.Бадрал дарга бямба гариг бүрт газрын теннис, нямд хөлбөмбөг тогтмол тоглодог ажээ. Есдүгээр ангийн охин нь буудлагаар хичээллэдэг байна. Гэрийн эзэгтэй охидын­хоо хамт усан спортоор хичээл­лэхээр зэхэж байгаагаа биднээс нуугаагүй ээ. Бага охин Б.Индра хятад хэлний “Үй Цай” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Эмч болох мөрөөдөлтэй энэ бяцхан охин хятадаар хэвлүүхэн гэгч нь шүлэг уншиж, уур амьсгалыг улам хөгжилтэй, дулаахан болгов.

ДИПЛОМАТЧААС ГЕНЕРАЛ БОЛСОН ТҮҮХ

Т.Бадрал дарга эцэг, эхээс тавуулаа. Айлын хоёр дахь нь. Түүний аав Увс аймгийн Хяргас сумын харьяат бөгөөд инженер мэргэжилтэй аж. Харин ээж нь Эрдэнэт хотын МАН-ын хороонд тасаг, хэлтсийн дарга, намын дарга, Үйлдвэрчний эвлэлийн даргаар олон жил ажиллаж байсан настан бий. Т.Бадрал дарга ЗХУ-д оюутан байхдаа ээжээсээ ирдэг байсан захид­луудыг одоо болтол нандигнан хадгалдаг байна.Ээж нь түүнд их л зузаан захидал илгээдэг байжээ. “Сайн байна уу миний хүү, за тэгээд сайн сураарай…” гэснээ МАН-ын II бүгд хурлаар ийм ийм асуудал шийдлээ гээд л баахан намынхаа хурлаар хэлэлцсэн асуудлуудыг бичээд явуулчихдаг байсныг Т.Бадрал дарга дурсаж инээлээ. Тэрбээр англи, орос, франц хэлтэй. Нэг хэсэг Францын түүх их судалжээ. Харин сүүлийн үед Азийн тухай сонирхон судалж байгаа гэнэ. Гадаад харилцааны чиглэлээр боловсрол эзэмшсэн дипломатч хүн онцгойгийн салбартай холбогдсон түүх их сонин юм билээ. Тэрбээр “Дархан Эрдэнэтийн замын зураг төслийн ажлыг Энэтхэгийн том компани хийж байхад эхнэр маань орчуулагч хийгээд, тэр ажлынхаа шугамаар сургалтад явсан юм. Тухайн үед охин маань ээжийгээ санаад байна гээд хоёр ч удаа сургалт болж байгаа газар нь очиж билээ. Тэнд П.Даш генералтай танилцсан юм. 2013 оны намар байсан санагдаж байна. 2014 онд ОБЕГ байгуулагдаж, П.Даш генерал даргаар нь очлоо. Би баяр хүргээд утсаар ярьсан юм. Сарын дараа над руу залгаад ажлын санал тавьж билээ. Дөнгөж шинээр байгуулагдаж байгаа энэ газрын гадаадхарилцааг хариуцан ажилла гэсэн юм. Ажиллаад үзтэл боломжийн санагдлаа. Тэр үеийн цалин ердөө 90 мянган төгрөг байсан. Сар ажиллаад үзсэн чинь маш сонирхолтой санагдав. Би цалинд нь дурлаж энэ албанд ороогүй. Цалин бол өдөр тутмын хоол ундандаа таардаг байсан. Манайхан намайг ямар ч орлогогүй ийм ажил хийлээ гэдэг байв. Хүн бол аливаа ажилд сэтгэл зүрхнээсээ хандах учиртай. Тэрнээсээ кайф авдаг байх ёстой. Анх ОБЕГ-ыг байгуулагдахад нь гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст хоёр хөрш орны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь ахлах мэргэжилтэн, бод­лого төлөвлөлт хамтын ажил­лагааны газрын даргаар ажил­лалаа. 2006 оны зургадугаар сард ажлаасаа жил гаран чөлөөлөгдсөнийхөө дараа дахин ороод Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон. Дэлхийн банкны төслийн удирдагчаар, зохицуулагчаар дөрвөн жил гаран ажиллав уу даа. Ингээд 2009 оны наймдугаар сарын 30-нд ОБЕГ-ын дэд даргаар томилогдсон. Энэ оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр энэ албан тушаалдаа томилогдоод ажиллаж байна даа.Манай алба бол хүнд ажил. Монгол Улсын хэмжээнд хичнээн хүний амь аврав, эд хөрөнгийг хамгаалав гэдэг шалгуур үзүүлэлтээр ажилладаг” гэлээ.

Онцгой байдлын сал­барын энэ том айлын өрхийг татсан хүмүүсээр Т.Бадрал генерал бахархаж явдаг юм билээ. Тодруулбал, сал­бараа хүмүүнлэгийн байгууллага гэдэг талаас нь хууль эрх зүйн актуудыг боловсруулж, шинэчлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн эцэг гэгдэх хүмүүс нь О.Үржин генерал, П.Даш, Ж.Гүррагчаа, Ж.Бямбаноров, Я.Санжмятав, Ц.Амгаланбаяр нарын үүрэг гавьяа гэж тэрбээр яриандаа тодотгож байлаа. Онцгойгийн салбарт одоо олон шинэчлэл хийж буй. Тэр болгоныг энд дурдвал барагдахгүй. Хууль сахиулах сургуулийн харьяанд Онцгой байдлын сургууль байгуулагдсан бөгөөд 2017 онд эхний төгсөгчид нь төгсөнө. Т.Бадрал даргын хувьд салбартаа жендерийн тэгш байдлыг хангахад нэлээд анхаарч, дэлхий нийтийн чиг хандлагыг баримталдаг. Учир нь эмэгтэйчүүд гарч байгаа аливаа бодлого шийдвэрийг зөөлрүүлнэ. Гамшгаас хамгаа­лах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй. Эрэгтэйчүүдийг бодвол сэтгэл зүйн заслыг зөв хийж чаддаг зэрэгтэй холбоотой гэнэ. Иймд Мэр­гэжил дээшлүүлэх давтан сургалт, сэтгэл заслын төв байгуулахаар зорьж буй аж. Онцгойгийнхон байнга л таагүй дуудлагаар ажилладаг. Халуун гал дээр ажилладаг хүмүүсээ сувилж, сэтгэл зүйн засал хийх зайлшгүй шаардлагатай. Иймд Засгийн газар шийдвэр гаргаж, ийм төв байгуулах эхний алхмууд хийгджээ. Мөн Т.Бадрал дарга салбарынхаа нийтлэг төрхийг өөрчлөхөөр хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байна. Тэрбээр “Ажилчдаа гэр бүлээр нь цалинтай болговол өрхийн орлого нэмэгдэнэ. Ажлынхаа хажуугаар хамт олноороо аж ахуй эрхлэх боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Харин манай албан хаагчдын ихэнх нь орон сууцгүй. Тэтгэвэрт гарсан хүмүүсээ харахаар нэг газар харуул, манаач хийчихсэн, өөрийн гэсэн унаагүй хүмүүс байна. Нийт­лэг энэ төрхийг өөрчилье гэж бодож байгаа юм. Төрд зүтгэснийхээ дараа үр шимийг нь хүртэж байх ёстой” гэлээ. Төрд ажиллаж байгаа түүний баримталдаг гол зарчим нь сэргэн мандалтын үеийн Английн томоохон сэтгэгч Жон Локкын хэлсэн үгнээс шууд харагдана. Энэ нь “Төрд хүний амь нас эд хөрөнгийг хамгаалахаас илүү эцсийн зорилго гэж үгүй” хэмээх үг юм. “Ард түмэн, үйлдвэрчин, баялаг бүтээгч нар нийлж байж төр оршин тогтнодог. Тиймээс энэ баялгийг бид хамгаалах ёстой” гэж Т.Бадрал генерал хэлж байсан шүү. Үнэхээр салбарынхаа талаар гарын арван хуруу шигээ мэддэг, ажилдаа сэтгэл зүрхнээсээ ханддаг түүнд онцгойгийнхон ам сайтай байхаас ч аргагүй.

Түүний ажил, амьдралтай танилцсан нэг өдөр ийн өнгөрөв. Нэг мэдэх нь ээ нар аль хэдийнэ жаргаж, харуй болсон байлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

М.Андрисийнд өнгөрүүлсэн өдөр

Германы баруун-өмнөд нутагт Швейцарийн хилтэй залгаа шахуу орших Шварцвальд хэмээх газрыг мэдэхгүй герман хүн гэж үгүй. Ер бусын үзэсгэлэнт байгальтай сүрлэг өндөр уул, ой мод, нуураараа алдартай нутаг.

Амралт зугаалгын төв ч гэж болно. Шварцвальдийн бэлд орших Тити нуурын эрэгт дэлхийд нэртэй улстөрч, олны танил болсон одод ирж алжаалаа тайлдаг. Б.Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа гэр бүлийнхээ хамт энд амарсан байна. Харин бид Шварцвальдийн Фелдберг уулын оройд шахуу байдаг Раймартихоф хэмээх буурчийнгазрын эзэн, нутгийн уугуул иргэн Маргарете Андрисийнд өнжихөөр болов. Эзэн гэхээр ихэд том сонсогдож байгаа болов уу. Үнэндээ бол өөрийн шаргуу хөдөлмөрийн хүчээр байгаа бүхнээ бий болгосонтариачин гаралтай, жирийн нэгэн герман эмэгтэй юм.

Хотоос гарч нэлээд давхисаар ой дундуур тавьсан нарийнхан замаар уул өөд аажуухан өгсөв. Сэвсийсэн цас хоёр өдрийн турш хаялсан тул зам нэлээд халтиргаатай, дөчөөс илүү хурдлахгүй байхыг газарчилж явсан хүн сануулж байв.

Дархан цаазтай газар болохоор машин хамаагүй явуулдаггүй хэмээн ярьсан нь үнэн бололтой. Замд нэг ч машин таарсангүй. Харин сүйх тэрэг хөлөглөсөн хоёр хүн ихэд содон харагдажГерманы хөдөө нутаг эхэлж байна даа гэсэн шүү бодол орж ирэв.

Аажуухан давхисаар Раймартихофт очив. Дээрээ 1710-2010 он гэж бичсэн модон хаалгаар гарч зогсоол дээр машинаа тавиад буухад цас аль хэдийнэ орохоо больсон байв. Буурчийн газар онгойсон боловч нэг ч үйлчлүүлэгч харагдсангүй. Өвөл болохоор хүн цөөхөн байгаа бололтой. Биднийг ороход ажилтан нь бололтой бүсгүй угтаж аваадхатагтай М.Андрис удахгүй буугаад ирнэ гэв. М.Андрис гуай энэ жил 90 нас хүрэх гэнэ. Удалгүй хаалга онгойж түрдэг таягаа тулан удаан алхсаар, буурал үстэй, нүдний шилтэй, ихэд цэмцгэр эмээ инээсээр орж ирээд “Монголоос ирсэн сэтгүүлч гэсэн үү?” хэмээн асуув. “Тиймээ” гээд амар мэндийг нь асуухад өнөөдөр бие нь гайгүй байна гэв. 89 настай гэж хэлмээргүй ануухан харагдана. Хэдхэн сарын өмнө унаж хөлөө хугалж мэс засал хийлгэснээс хойш түрдэг таяг тулдаг болсон гэнэ. Андрис гуай өглөөнийхөө цайг ууж амжаагүй тул цугтаа кофе уухаар болов. Буурчийн газар нэгдүгээр давхартаа 120 хүний суудалтай зоогийн газартай. Дээд давхарт нь Андрис гуай, хоёр хүү нь гэр бүлтэйгээ мөн ажилчид нь амьдарна.

Андрис гуай нутгийнхаа аялгаар тун ч донжтой ярина. Өөрийнх нь тухай сонирхоход 1925 онд энэ нутгийн Фалкау хэмээх газар тариачин айлд төрсөн гээд л эхлэв. Дэлхийн хоёрдугаар дайн, улс орон нь хоёр хуваагдаж, дараа нь эргэн нэгдсэн гээдөнгөрсөн он жилүүдэд юу эсийг үзсэн билээ.

Тэрээр 10 настайдаа хичээлдээ явахын тулд өдөр бүр 10 кмявган явдаг байснаа дурсав. Өвөл нь арай амар байсан гэнэ. Дөрвөн настайдаа цанаар гулгаж сурсан болохоорсалхи шиг хурдалсаар уулнаас уруудаадл сургуульдаа очно. Харин буцахад уул өөд явах нь жаахан түвэгтэй. Түүгээр ч барахгүй хөл хүнд байхдаа төрөх гээд өвдөлт өгөөд эхлэнгүүт ньцанаар гулгасаар уулнаас бууж очиход түргэн тусламжийн эмч нар тосч аваад эмнэлэгт хүргэж байсан удаатай гэнэ шүү.

Сургуулиа төгсөөд тариачин ээж аавдаа тус дэм болохоор үхрээ маллаж, тариан талбай дээр ажилласан. Харин өвөл нь хийх ажил багатай байсан тулмөнгө олохоор хот руу орж ажил хийнэ. Ингэхдээ зоогийн газар тогооч, зөөгч гээд бүгдийг хийхдээ ихийг сурч энэ нь хожим амьдралд тус болсон гэв. Гэхдээ дайны хүнд хэцүү үетэй харьцуулахад энэ бол юу чбиш хэмээн ярив. Цэл залуухан байхад нь дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул тэр үеийг тодоос тод санадаг аж. Маргарете Андрисийн ах нь цэрэгт яваад эргэж ирээгүй. Харин нөхөртэйгээ танилцаж ахынхаа сургийг гаргаснаа дурсахдаа “Хувь тавилан ч юм уу, юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Миний нөхөр, ах хоёр маань Орост ГУЛАГ-д цуг хоригдож байсан юм” гэв. Ах нь тэндээ нас барж, нөхөр нь азаар амьд гарч гэртээ эргэн ирээд удаагүй байхад тэд танилцжээ. М.Андрис гуай тэр үед 19 настай байсан гэнэ. Арван насаар ах залуу өөртэй нь гэрлээч гэж гуйхад “Бодъё” гэж хэлээд дөрвөн жил хүлээлгэсний эцэст эхнэр нь болсон. Нөхрийнхөө овгийг авч Андрис гэгдэх болоод Раймартихофт ирснээсээ хойш таван хүүхэд төрүүлжээ. Хоёр хүү нь энд ээжтэйгээ цуг байдаг бол нэг хүү нь автомеханикч. Харин ганц охин нь Швейцарьт ажиллаж амьдарсаар арав гаруй жил болсон гэнэ. Зочид буудал, зоогийн газрын ажилтнаар мэргэшсэн бөгөөд таван одтой зочид буудалд ажилладаг гэнэ. Гэтэл саяхан буудлыг нь хятадууд худалдаж авсан тухай ихэд дургүйцсэн янзтай ярив.

Хадмууд нь энэ байшиндцаначид зэрэг явуулын хүмүүст зориулсан дөрөвхөн ширээтэй гуанз гэж хэлэхэд дэндүү томдмоор тийм л газрыг олон жилийн туршид ажиллуулсан аж. М.Андрис гуай санаачилга гарган нөхрийнхөө тус дэмжлэгтэйгээр бүгдийг нь хийж, өргөжүүлсээр120 хүний суудалтай болгосон. Ууган хүү Херманн нь буурчийн газрын дарга нь. Ер нь бүгдийг удирдан зохион байгуулдаг. Үүний хажуугааролон нийтийн ажилд маш идэвхтэй оролцдог аж. Нэг хоногийн өмнө гишүүнчлэлтэй клубийнхээ ажлаар хот руу явсан гэв. Хоёр дахь хүү Йоханнесмөн эндээ ажилладаг. Хот орж хүнс, бараа цуглуулах,янз бүрийн эвдрэлийг засах, үхрээ маллах гээд шаардлагатай бүхнийг хийнэ. Хоёр хүү нь буурчийнхаа газар амьдардаг боловч бүгд тус тусдаа гэнэ. Маргарете Андрис гуайч мөн тусдаа амьдарна. Ер нь энэ байшин гэр нь ч, ажил нь ч болж, энэ айлын амьдрал буцалж байдаг газар.

ӨРХИЙН ЭМЧ ИРЛЭЭ

Ийнхүү бид хоёрыг ярьж суутал М.Андрис гуайг үзэхээр өрхийн эмч нь ирлээ. Раймартихофоос холгүй орших Нойштадтхэмээх жижигхэн хотоос ирсэн бүсгүй том гэгчийн хар цүнх барьсан байв. М.Андрис гуайн даралт нь ихсээд байгаа тул дуудуулсан аж. Эмчийг нь Катрин гэдэг. Бие нь яаж байгааг асуунгаа цүнхээ онгойлгож чагнуураа гаргаж ирэв. Нэлээн удаан чагнаж, даралтыг нь хэмжихэд өвдөг нь жаахан өвдөөд байгаа тухай эмчдээ хэлэв. Хөлийг ньнугалж, өвдөг дээр нь дарж, хоёр тийш болгон янз бүрээр үзээдөвчний түүхийн картыг нь авчруулж ямар эмийг багасгах, ямрыг нь болих зэргийг хэлж өгөв. Гэхдээ цусны шинжилгээ хийх хэрэгтэй гэв. Ингээд нөгөө хар цүнхнээсээ шаардлагатай бүхнийг гаргаж ирээд, резинен бээлий өмсч, тариураар цусыг нь авав. Хотод аваачиж лабораторид өгөх гэнэ. Нөгөөдөр хариу нь гарахаар бүх юм тодорхой болно гэв. Эмч өвчтөнөө үзэх зуураа хотын сонин хачинг дуулгана. Монголоос сэтгүүлч ирсэн тухай хэлэхэд нутгийн жинхэнэ уугуул иргэнийголж ирсэн байна гэв. М.Андрис гуай шигэнэ нутгийг мэдэх хүн бараг үгүй гэдгийг хэлж байлаа. Ийнхүү ярьж сууталхүү Йоханес нь орж ирэв. Биднийг ирэхэдажлын хувцастайгадаа ч, дотор ч юм хийсээр явж харагдсан. Одоо л нэг завтай болсон бололтой. Өрхийн эмч Йоханестай ярилцах зуур М.Андрис гуай над руу ойртон чихэнд маань “Хөлөө хугалаад мэс засал хийлгэсэн оёо нь хааяа мэдрэгдээд байдаг юм” хэмээншивнэж билээ.“Мэс засал хийлгээд удаагүй болохоор тэгж байгаа юм. Удахгүй зүгээр болно” гэж миний зүгээс тайвшрууллаа. 89 настай гэхэд оюун ухаан нь саруул, хэл яриа нь ч цэгцтэй. Хааяа нэг халааснаасаа чихэр гаргаж ирээд жаахан нуусан маягтай сэмээрхэн амандаа хийхийг харахад зугаатай ч юм шиг.

Үг олдож, үхэр холдлоо гэдэг шиг С.Андрис гуай ажлаа хийхгүй бол болохгүй нь гэхдээ удахгүй гэсээр таягаа тулан босов. Тэрээр одоо болтол буурчийн газрынхаа гал тогоонд чадах чинээгээрээ ажиллаж тус дэм болдог аж. Бүх л насаараа энэ гал тогоонд хоолыг нь өөрөө хийдэг байсан болохоор зүгээр сууж чаддаггүй гэнэ. Одоо бол өдөр болгон нарийн боовнуудаа зүсч үйлчлүүлэгчдэд өгөхөд бэлдэж тавихаас гадна салатны ногоо цэвэрлэнэ. Эмч нь зүгээр битгий суулгаарай гэж хүүхдүүд нь захисан гэнэ. Өчигдөр зууннарийн боов зүсч бэлдсэн хэмээн надад ихэд бахархан ярив. Түүнийг ажлаа хийх зуур хүүтэй нь хэдэн үг солив.

РАЙМАРТИХОФТ МОНГОЛ ХҮН АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

М.Андрисийн дунд хүү Иоханнесийг кофе ууж түр амсхийх зуур нь ярилцсан юм. Тэр “Танай нийслэлийг Хархорин гэдэг байсан, Хубилай гэдэг хаантай байсан биз дээ” гээд л Монголын түүхээс ярьж гарав. Монголоос сэтгүүлч ирнэ гэхээр нь сонирхож уншсан юм уу гэхэд телевизээр Монголын эзэнт гүрний тухайтүүхэн баримтат кино нэлээд хэдийг үзсэнээ хэлэв. Тэгснээ “Манайд ч нэг монгол охин ажиллаж байсан“ гэв. Нэлээд хэдэн жилийн өмнө болохоор нэрийг нь санадаггүй. Хэлэхэд ихэд хэцүү нэр байсан гэнэ. Тиймээсмартагдсан бололтой. Ямар ч байсан хүүхэд асрагчаар ажиллахаар Германд ирсэн аж. Эднийд зургаан сар ажиллаад буцжээ. Монгол хүнд очоогүй газар, хүрээгүй нутаг гэж байхгүй дээ хэмээн бодож суулаа. Эднийд ажилладаг хүмүүсийн дийлэнх нь хорват, серби, унгар гээд гадныхан ажилладаг. 78 гектар газартай энэ буурчийн газарт хийх ажилар араасаа ундарч байдаг аж. Өвөлдөө хүн багатай, харин зун бол жинхэнэхөлд дарагддаг тул хүн нэмж авч ажиллуулдаг. Нэг өдөрт 1000 хүн үйлчлүүлсэн тохиолдол ч бий гэнэ. Олны танил болсон алдартнуудаас гадна оюутнууд их ирдэг.Фелдберг уулаар явган аялах хүмүүс эднийхээр заавал орж түр амсхийдэг. Оюутнууд мөнгө муутай болохоор тэдэнд зориулан арай хямд цэс хүртэл гаргажээ. Андрисийнх нэлээд хэдэнүхэртэй гэнэ. Малаа маллах ажлыг үндсэнд нь Йоханнес хийнэ. Хажуугаар нь зоогийн газрын ажилд тусалдаг болохоор зав тун бага. Хүний хөлөөс зайдуу ийм газар, биеийн хүчнийамаргүй ажил хийх хүсэлтэй германчуудцөөхөн. Тиймээс ихэвчлэн гадныхан ажилладаг гэнэ. Ээжийнх нь тухай ярихадөглөө болгон асрагч эмэгтэй ирж босч, хувцсаа өмсөхөд нь тусалдаг гэв. Хажууд нь байгаа хүүхдүүд нь тусалж амждаггүй юм уу гэхэд асрамжийн даатгал төлдөг тухайгаа ярив. Даатгалд олон жилмөнгө төлсөн туласрагч авах эрхтэй юм байна.Асрагч өглөө, оройд хоёр удаа ирнэ.

М.Андрис гуайг ажлаа хэрхэн хийж байгааг харахаар зоогийн газрын гал тогоо руу орлоо. Энэ өдрийн анхны зочид аль хэдийнэ ирчихсэн харагдав. Энэ жил өвөл их дулаахан байгаа болохоор үйлчлүүлэгчид нь гадаа сууна. Нэлээд хэдэн хүн халуун кофе ууж, дээш харан өвлийн нарны элчинд нүүрээ ээж суугаа харагдав. М.Андрис гуай салатны навчаа цэвэрлээд дуусаж байна. Зоогийн газрын гал тогоонд ердөө гуравхан хүн ажиллаж харагдав. Бүх юм цэвэрхэн гялалзаад л, аяга таваг угаадаг өрөө нь тусдаа. М.Андрис гуай түр амсхийх зуур дээшээ гарч өрөөндөө орохоор болж би чхамт оров. Хоёр жижигхэн өрөөтэй нэг нь унтлагын, нөгөө нь гал тогоо мөн ариун цэврийн өрөөтэй. Илүү дутуу юмгүй, жинхэнэ герман маягийн. Ор, ширээ, хувцасны шүүгээ. Дээш доошоо явахадхэцүү байх гээд хүүхдүүд ньхажуугийн өрөөнд нь ариун цэврийн өрөө барьж өгсөн гэнэ. Бид хоёрыг ийнхүү ярьж суухад хажууханд нь амьдардаг ач охиных нь нөхөр орж ирээд мэнд мэдэв. Хоёр хүүхдээ хот руу авч явах гэж байгаа, юм асуухаар түр орж ирснээ хэлэв.

ХЭДЭН ЗУУНЫ ТҮҮХТЭЙ РАЙМАРТИХОФ

Эднийх рүү ирэх замд 1710-2010 он гэж бичсэн хаалга байсныг дурдаж байсан билээ. Энэ нь Раймартихофнэртэй энэ байшин эзнээсээ илүү хэдэн зууныг үзсэн гэдгийг гэрчилнэ. Ер нь европчууд эртний байшин барилгаа түүхэн дурсгал хэмээн ихэд ач холбогдол өгч, арчилж тордоно. М.Андрис гуай ч Раймартихофийнтүүхээс ярьж өгөв. 1710 онд анх баригдсан гэнэ. Шварцвальд нутгийн байшингууд нь өөрийн гэсэн онцлог архитектуртай. Цас, бороо их ордог болохоор том гэгчийн налуу дээвэртэй. Харахад ганц хоёрхон давхар юм шигмөртлөө дотор нь ороход нэлээд хэдэн давхар. М.Андрис гуайн эзэмшил болох энэ байшинг анх 17 дугаар зуунд М.Фаллер хэмээх тариачин эр барьж, 1825 онд Андрисийнхэн худалдан авсан байна. Тэр үеийн зураг нь хүртэл хадгалагдан үлдсэнийг сонирхуулав. С.Андрис гуай нөхөрт гарснаасаа хойш хадам аав, ээж эгчийнхээ хамт энд амьдарсан. Байшингийн нэгдүгээр давхрын хануудад хадам ээж, аав ньдайн эхлэхээс өмнөхүүхдүүдийнхээ хамт авахуулсан зургийг өлгөсөн байв. Түүний хажууд Маргарете Андрисбүх хүүхдүүд, ач, гуч нарынхаа хамт байшингийнхаа өмнө авахуулсан зургаа жаазлан өлгөжээ.

Хожим нь хадам аав, ээж хоёр нь хүү, бэр хоёртоо байшингаа өвлүүлж өгөөд өөрсдөө хот руу нүүсэн гэнэ. 1953 он хүртэл дөрөвхөн ширээтэй хоолны газар байсан гэнэ.М.Андрис гуай өргөжүүлж долоон ширээтэй болгожээ. Нөхөр Оскар нь тусалж дэмждэггүй байсан бол их ажлын ард гарахгүй байсан хэмээн яриад “Өдөр шөнөгүй ажиллахдаа энэ өндөр уул өөд мөн ч олон удааявсан даа” хэмээн ярив. Эхлээд дугуйгаар, дараа нь арван жил мотоциклиор тоо тоймшгүй олон удаа уулыг өгсөж уруудан давхисан аж. Хамгийн ойрхон дэлгүүр арван километрийн зайтай байсан болохоор хүнсээ цуглуулахаар долоо хоногтоо хоёр удаа бол заавал явдаг байсан гэнэ. Мотоциклийг бол ямар ч аварга энэ тэр хүнээс дутахааргүй сайн унадаг байжээ.Харин сүүлийн жилүүдэд машинаар явах болсон нь тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлээгүй гэнэ. Тэрээр ийнхүү ярихдаа таягаа тулан аажуухан алхсаар цонхон дээр очиж тэнгэрийг жаал ажигласнаа“Маргаашнаас хүйтрэх байхаа” гэв.

Нэлээд орой болсон тул бид хоол идэхээр болов. М.Андрис гуай төмсний зутан шөлөөр дайлахдаа хүйтний улиралд ууланд яваа хүмүүст хамгийн их хэрэгтэй хоол гэв. Шөл ч үнэхээр амттай байлаа.Хоолоо ч идэж дууслаа, би ч явахаар болов. Бүтэн өдөржингөө шахуу ярьсан тул нэлээд ядарсан байх. Таягаа тулан гэрийнхээ үүднээс үдэж өгөхөд ньдулаарахаар заавал ирнэ гэж амласан юм. Дахин очивол М.Андрис гуай лав сайн санах байх. Гарахын өмнө нэг юм хэлэхээ мартсан байна гэв. Түүн дээр Германы, тэр дундаа сонины сэтгүүлчид нэг бус удаа ирж байсныг хэлэв. Харин гадаадын хэвлэлээс бол ирж байгаагүй гэнэ шүү. Тиймээс манай сонин анхны гадаад зочин нь болсон юм.

Гадаа гарахадаль хэдийнэ тас харанхуй болж дахиад л цас бударч байлаа. Раймартихофоос хөдлөхдөө байшинг дахин нэг сайн харах гэсэн боловч харанхуйд олигтой юм харагдсангүй. Цонхнууд нь л бүгд гэрэлтэй байлаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Завханы гавьяат Х.Оюунцэцэгийнд өнжлөө

Завханы гавьяат гэдгээрээ олонд танигдсан Х.Оюунцэцэгийнд өнжлөө. Сүүлийн гурван жил СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн сургуульд багшилж байгаад Улаанбаатарт шилжин иржээ. Гавьяат Нисэхэд гурван өрөө сууцанд дүүтэйгээ амьдардаг юм байна. Х.Оюунцэцэг гавьяатын хоёр хүү тусдаа гарчээ. Биднийг очиход бага хүү нь ирчихсэн ээждээ тусалж байв.

“Ирэхийг чинь мэдэж байсан ч сайн бэлдэж чадсангүй” гэж хэлээд инээд алданзолголоо. Биднийг цай цүй болж, хууч хөөрч байхад хуурай дүү нь гэх эмэгтэй орж ирэв. Завханд нэг байранд хөрш байжээ. Төд удалгүй хамт амьдардаг дүү нь ирлээ.

Мэдсосапрон буюу бүдүүвтэр хоолойтой Х.Оюунцэцэг дуучин сургуульд байхдаа альт хоолойтой байсан гэнэ. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул аж. 1979 онд Завхан аймгийн Соёлын ордонд дуучнаар орж байж. Хожим 1983 онд театр болжээ. Театртаа 35 жил ажилласан байна. Х.Оюунцэцэгийн удмынхан сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Түүний өвөө аав гурван өдөр шөнө буюу 72 цаг дуулахад нэг ч дуу давтахгүй, хоолой нь ер сэрвэлзэлгүй дуулдаг хүн байсан аж. Ээжийнх нь аав Галсан, аавынх нь аав Гаадан гэдэг хүн байж. Хоёр өвөө нь их сайхан дуулдаг найрын дуучид байжээ. Нагац, авга нар нь бүгд найрын дуучид байсан гэнэ.

Гавьяат “Би бага залуу байхдаа дуучин болно гэж огт бодож байгаагүй. Драмын жүжигчин болно гэж боддог байсан юм. Гэтэл намайг арав төгсдөг жил драмын ангийн хуваарь ирээгүй. Тэгээд л аймгийнхаа Соёлын ордонд дагалдан дуучнаар орсон. Намайг урлагт хөл тавихад нөлөөлсөн хүннагац ах Г.Дэмбэрэлсамбуу маань. 1978 онд кино драмын анги төгсөөд Завханд найруулагчаар ирсэн хүн. Театрын үндэслэгч, сайн найруулагчдын нэг дээ” гэж ярив.

Оюунцэцэг 1980 онд Улаанбаатарт ирж дуулаачийн ангид шалгалт өгч байжээ. Нэг жил ажиллаад ирсэн учраас хоолой нь задарчихсан, тэр жил шалгуулсан хүүхдүүдээс хамаагүй илүү байжээ. Түүнийг Болгарын урлагийн сургуульд явуулах тухай яриа шүүгч нарын дунд өрнөхөд биеэр намхан гэдэг шалтгаанаар бүтээгүй аж. Тэр үед Соёлын яамны Дамдин гэж хүн “Миний хүү урлагийн хүн байна даа хотын хүүхдүүд шиг хагас өсгийтэй юм өмсөөд ирэхгүй яасан юм. Уг нь их сайхан хоолойтой юм” гэж магтаж байсан гэдэг. Ингээд 1981-1984 онд УБИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгсчээ. Тэрээр СУИС-ийн гавьяат Дашиймаа багшийн шавь юм байна.

Гавьяатын аавыг Хоодон, ээжийг Дашмаа гэдэг аж. Хоёулаа Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул. Нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байжээ. Аав нь сумын орлогч дарга, бригадын даргаар ажиллаж байсан гэнэ. Түүний ээж үйлэнд уран, ширдэг оёод гэртээ битүү дэвсчихдэг байжээ. Оюунцэцэг зургаан хүүхдийн том нь. Тэрээр цай аягалангаа “Баярын үеэр хамгийн гоё дээл, хувцастай нь байлаа шүү дээ. Тэр үед дөрвийн гээд эрээн цэцэгтэй даавуу байсан юм. Тэр даавуугаар зураг харж байгаад л одооны орчин үеийн тайзан дээр өмсөж байгаа шиг даашинз хийж өгдөг байж билээ. Дээлийг хачин гоё урлана. Цагаан сарын өмнө сумын ихэнх хүмүүс дээл хийлгэх гээд оочерлочихно. Одоо ч тайзан дээр гараад дуулахад манай сумынхан аав, ээжийг минь санаад уйлдаг. Би айлын том нь учраас гэрийн бүх ажлаа хийдэг байлаа. Нэг дүүгээ үүрээд, хоёрыг нь хөтлөөд, заримыг нь дагуулаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг байсан юм. Нэлээд эршүүд өссөн шүү. Том шуудайтай мөс төвөггүй үүрээд явдаг байлаа. Өвгөнтэйгөө суусан хойноо 25 килограммын шуудайтай гурил мөрөн дээрээ тавиад очсон чинь, хүмүүс намайг муу хэлнэ ш дээ гэж дургүйцсэн. Тэрнээс хойш би тийм юм өргөөгүй” гэж дурсамж сөхөөд хөгжилтэйгөөр инээв. “Тува руу жилд нэг удаа заавал очиж тоглодог байсан. Тайзан дээр өсгийтэй гуталтай, тоглолтын хувцастай монгол, орос, тува гурван дуу дуулахаар үзэгчид сайхан хүлээж авна. Хүлээн авалтаар Тувагийн сайд манай Оюука гээд дагуулаад яваад байна. Хэдэн өдөр тоглолтоо хийчихээд дэлгүүр хэсэхээр би пүүз өмсөөд энгийн цамц өмсчихсөн явж байсан. Сайд нь ирээд миний хажууд зогсчихоод манай Оюука хаана байна гээд өндөр хүн хайгаад байж билээ. Би тэгээд зугтчихсан. Тэгсэн манай дарга ирээд чи урлагийн хүн байж аятайхан хувцаслахгүй яасан юм гээд шоолоод байж билээ. Би ер нь их хээгүй ээ” гэж байна.

МУГЖ цолоо 1997 онд хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багштайгаа нэг зарлигаар Завхан аймгийн соёл урлагийн өдрүүдээр авч байж. Х.Оюунцэцэг гавьяат“Аав минь намайг гавьяат авахаас тав хоногийн өмнө бурхан болсон юм. Аавыгаа хөдөөлүүлээд шуудхотод ирж маргааш нь тоглолтод орж байлаа. Хүнд л байсан. Нэгэнт тайзан дээр гарсан хүн хоёр, гурван мянган хүний өмнө уйлж болохгүй шүү дээ. Урлаг ийм үед хатуу. Би тэр үед хоортой дуулдаг байсан юм. Дуулаад ороход хоорынхон маань бүгд уйлчихсан зогсож байсан. Чамайг өрөвдөөд уйллаа гэж хэлж байж билээ. Гавьяат авдаг жил аав, ээж хоёр маань их ойрхон өнгөрсөн” хэмээн ярив.

Тэрээр “Дуулахгүй яаж л явах юм бэ”, “Ойгон сайхан ээж”, “Аав ээждээ өргөх дуу” гээд олон сайхан дуутай аж. Урын сандаа ардын, сонгодог гээд 300 гаруй дуутай юм байна. Өдөр тутамдаа дуулдаг 70-80 дуу бий гэнэ. “Гавьяат гэдэг нэрийг өндөрт л өргөж явах хэрэгтэй. Тайзан дээр, микрофонгүй зааланд, найранд ч дуугаа хүмүүст сайхан хүргэх ёстой. Дуулаад дуусахад аргагүй гавьяат юм даа гэж үнэлэгдэхээр дуулдаг байх хэрэгтэй” гэж ярилаа.

Нөхөр Б.Зоригт нь Завханы Эрдэнэ сумын уугуул аж. “Нутагтаа бид хоёр Вандан, Дуламсүрэн хоёр шиг л байсан. Хамт бүх зүйлээ хийнэ. Ажилдаа ч тэр, гэртээ ч тэр салахгүй. Намайг Соёлын ордонд ажилд ороход манай хүн бүжигчин байсан юм. Бүх юманд нь ахаа гээд их гүйдэг байж билээ. Соёлын өдрүүд, уран бүтээл гээд байнга хамт хөдөө явдаг байлаа. Хөдөөгийн театрынхан төвийнхөөс нэг зүйлээрээ онцлог. Дуулна бүжиглэнэ, жүжиглэнэ гээд чаддаг бүх юмаа хийнэ. Дуурь, хөгжимт драм, жүжигт орно хөтлөгчөө хийнэ гээд бүгдийг л хийдэг байлаа. Хөгжимт драмд манай өвгөн бид хоёр л гол дүрийг авдаг байсан. Драмын 17 жүжгийн гол дүр бүтээсэн байдаг юм. Миний хань надтай хамт УБИС-ийн дуулаачийн анги төгссөн хүн” гэж ханиа дурслаа.

Том хүү Эрдэнэбаяр нь хөгжим бүжгийн их сургуулийн лимбийн ангийг төгсчээ. Одоо 19 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш аж. Харин бага хүү Бямбадорж нь дасгалжуулагч юм байна.

“Хөдөөний уран бүтээлчид хүнд танигдах нь ховор байх. Батсүх гавьяат маань 1993 онд гавьяат аваад ерэн оны сүүлчээр хотод орж ирснээсээ хойш л олонд танигдсан. Гавьяат Батсүхийн дуулсан олон дууг бид бас дуулдаг. Гавьяат маань дуугаа хүмүүст сайхан хүргэх юм даа. Дууны шүлэг үгэн дээр их сайхан ажилладаг мундаг хүн. Хүнд хүргэнэ гэдэг их ажил шүү. Одооны залуус ам барих гээд байдаг болж. Би тэгж үзээгүй учраас мэдэхгүй. Сэтгэлээсээ дуулах өөр. Дуучин сайхан сэтгэлтэй байх ёстой гэж шавь нартаа захидаг юм” гэж байна. Батсүх гавьяат 1983 оноос Завханы театрт ажиллаж эхэлжээ. 1998 он хүртэл хамт ажилласан гэнэ.

Х.Оюунцэцэг дуучин “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад олон удаа тоглож байжээ. Тэрээр зургийн цомгоо сонирхуулангаа “Театрт ажиллаж байгаа хүн нэг жилд театраас тавьж байгаа дөрөв, таван концертонд тоглоно. Аймгийн бүх арга хэмжээнд оролцоно. Хөдөө явж театрын орлого төлөвлөгөөг хийнэ. 1979 оноос эхлээд “Таван эрдэнэ”, “Хаврын шөнийн бодол” зэрэг тэр үед гарч байсан дууг их дуулдаг байлаа. Наяад оны сүүлээр өөрийн гэсэн олон сайхан дуутай болсон. МУГЖ Цэвээнравдан, Жамьян гэж хоёр сайхан хөгжмийн зохиолч тэнд байсан юм. Ерээд оны сүүлээр Бавуудорж найрагч, Лутбаяр найрагч, СТА Батсайхан нартай ажиллаж байсан. Тэр үед баригад явах замдаа л дуугаа хийчихдэг байлаа. Авьяас тэтгэвэрт гарахгүй гэдэг. Одоохондоо дуулж чадаж байгаа дээрээ таетртаа очиж ажиллана гэж боддог. Миний хувьд одоо л жинхэнэ дуулж болмоор санагдаж байгаа. Дуулаач гэдэг чинь их амьсгаа шаарддаг. Чадаж байгаа дээрээ дуулж л байсан дээр” гэж хууч хөөрөв.

МУГЖ Х.Оюунцэцэг “Тэс мөрөн ээж” тоглолтоо 2003 онд хийжээ. Бие даасан долоо найман тоглолт хийсэн аж. Гавьяат маань энэ жил гуравдугаар сарын 15-нд буюу шинийн 25-ны өдөр “UB palace”-д тоглолтоо хийх гэж байгаа аж.

“Тэс мөрөн” дуу яаж төрсөн түүхийг сонирхуулж байна. 20 жилийн өмнө Тэс сумын сүлд дуу хийх үүрэг авсан гэнэ. Хөдөөгүүр урлагийн тоглолт хийж явах замдаа Батсайхан гавьяат үгийг нь бичжээ. Батсүх аяыг нь ч хийсэн аж.“Тэс мөрөн ээж одоогоос 20 жилийн өмнө гарч байсан дуу. Дөнгөж сураад дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байлаа. Дуулж байхад шууд сураад лтэр дор нь дагаж дуулж байсан. Тэс сумын сүлд дуу болсон доо. Нэг удаа Тэс сумын хөгшин тайзан дээр “Тэс мөрөн ээж” дууг дуулж дууссаны дараа надтай уулзаад Батсүх, Жавхлан хоёрыг дуулахад арай л сэтгэлд хүрэхгүй байсан юм. Чиний дуу ёстой нэг сэтгэлд хүрлээ” гэж хэлж байсан шүү” хэмээн ярив.

Түүний тоглолтоор Завхан, Увс аймгуудын нутгийн зөвлөл ирдэг гэнэ. ”Нямдорж гишүүн нутгийн зөвлөлийн дарга байсан үе. Гишүүнд танай нутгийн охин юм чинь үг хэл гэж л дээ. Гэтэл тэр үедгавьяатаа сайн авч яваа учраас танайхаар овоглохыг зөвшөөрнө гэж байсан. Нэг сонин тохиолдол ярья. Увс аймгийнхаа төв дээр Далантай, Батсайхан, Батсүх бид хэд явж байлаа. Нутагтаа байна шүү гэж хэлээд их додигор явж байтал нэг хүн Завханы гавьяат Оюунцэцэг явж байна гэдэг юм. Нөгөөдүүл чинь нирхийтэл инээхгүй хаачихав. Тэгсэн өнөө хүн тэднийг харсанаа өө Завханыхан бүгд явж байна гэж хэлдэг байгаа. Гэтэл тэд танай нутгийнхан хүртэл Завханы гавьяат байна гэж их шоолж билээ” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв.

Дуучин хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэгж байж л хүнд хүрсэн дуу гарна шүү дээ. Би энийг шавь нартаа байнга захидаг хэмээв. Бидэнд өөрийн гаргасан “Дуулахгүй яаж л явах юм бэ” цомгийн дурсгаад ажлын амжилт хүсэн үдэн гаргалаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ