Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын ахлах засуул Ж.Пэрэнлэй гуайнд өнжлөө

“Өдрийн сонин”-ы 2015.07.06 ДАВАА №167 (5119) арвихаас авч нийтлэв

2011 оны улсын баяр наадмын бөхийн засуулууд. Баруун гар талаас дөрөв дэх нь ахлах засуул Ж.Пэрэнлэй

Алхах зуураа “Ах нь 1952 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. Найман хүүхэдтэй айлын отгон нь. Эрх дураараа хэдий ч мал маллах, ус түлээ хадлан тэжээл бэлтгэх, эмнэг сургах зэргийг хэнээр ч заалгалгүй өөрөө хийчихнэ. 17 настайдаа цэргийн албанд татагдаад, хүндэт харуулын 032 дугаар ангид хуваарилагдсан. Үе тэнгийнхэн дотроо нуруулаг нь байлаа. Гурван жилийн эр цэргийн алба эр хүнд жинхэнэ утгаараа хатуужил суулгаж, хүмүүжил олгоно шүү дээ. Цэргийн албаа хаачихаад, нутагтаа очиж ганц жил цагдаагаар ажиллаж байгаад 1973 онд хотод орж ирсэн. Улсын үйлдвэрт ажиллаж байгаад 1977 оноос 22 дугаар авто баазад жолооч болсон. Улсын 300 гаруй сум суурингаас 19-д нь л очоогүй. Бусдад нь түлш шатахуун, өвс тэжээлээс өгсүүлээд хоол хүнс, гэр майхан хүргэж өгч байлаа. Залуу насаа эх орноо хөндлөн гулд тээвэр хийж элээсэн дээ. Ах нь хар залуугаасаа барилдаж өссөн. Бөх, жолооч болохыг багаасаа мөрөөдсөн хүн дээ. Нэгд нь хүрч чадаагүй ч нөгөөг нь гарамгай биелүүлсэн” хэмээн ярьсаар яваад, цэнхэр төмөр хаалган дээр ирснээ “Энэ манай хашаа. Дотогш орцгоо” гээд хаалга нээж өгөв. Хашаанд хоёр байшин байх агаад, баруун талынх нь буюу арай жижиг рүү биднийг орохыг урив. Тэрээр эмгэнтэйгээ хоёр өрөө, тоосгон байшинд амьдардаг юм байна. Үүдний хэсгийн цаахна гал тогооны шүүгээ, зуух, сандал ширээ харагдав. Гэргий Ч.Дуламсүрэн жимс ногоо хэрчин алаг салат бэлтгэж байсан бөгөөд тэрээр “Өө, сонины хүмүүс ирчихсэн үү. Аяга хоол бэлдэх санаатай эндээ мунгинаж сууна. Ядахад хүү маань гэр бүлээрээ Шаргаморьт руу явчихаад ирээгүй байна. Байсан бол бэр, ач охин хоёр маань орж ирээд бэлдэлцээд өгдөг юм. Миний хүүхдүүд том өрөө рүү ор” гээд ханан пийшин, хувцасны шүүгээ хооронд гаргасан хаалга тийш заав. Гэрийн эзэгтэй цай аягалах зуур Пэрэнлэй гуай хоймор дахь авдраа уудлан хүрэн даалинтай хөөргөө авав. Хөөрөгнийхөө халбагаар дүүргэн тамхи хутган гаргаж ирснээ зүүн гарынхаа эрхий долоовор хуруугаараа зэрэг шудартал халбаган дахь тамхи хоёр хурууных нь өндгөн завсар үлдэв. Хурууны өндгөн завсар дахь тамхиа тухтай нь аргагүй хамартаа хүргэн, зугуухан татах зуураа “Өнгө сайтай сайхан зусч байна уу” гээд бидэнтэй тамхилав.Телевизороо асаатал нэгэн суваг дээр “Хоёр аваргын хэн нь зүүнийг манлайлж гарах ёстой гэж бодож байна вэ” гэсэн асуулгад иргэдийн санаа бодлыг толилуулж байна. “Олон түрүүлснээрээ Г.Өсөхбаяр аварга зүүний манлайд гарах ёстой”, “Г.Өсөхбаяраас түрүүлж аварга цолонд хүрсэн гэх утгаараа А.Сүхбат аварга зүүнийг манлайлна”, “Үндэсний баяр маань өмнөх жилүүдийн адилаар өргөн дэлгэр болж, бөхчүүд минь зүлэг ногоон дэвжээн дээрээ зодоглох нь үнэнээс хойш хэн зүүнийг манлайлах нь ямар хамаатай юм бэ” гэх зэргээр иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. “Харин та энэ тухайд ямар бодолтой байна вэ” гэвэл “Үүнийг бөхийн холбоо, баяр наадмын комисс шийдэхээс бус жирийн нэгэн засуулын мэдэх хэрэг биш. Гэхдээ үндэсний баяр наадам учраас өв уламжлалаа л дагах ёстой болов уу. Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11 удаа улсынхаа баяр наадамд түрүүлчихсэн мөртлөө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын өмнө нь бус хойно нь гарч байсан. Тухайн үед Х.Баянмөнх аварга арав, Ж.Мөнхбат аварга долоон түрүүтэй байсан. Наадамчин олон “Олон түрүүлснээрээ наад хоёр аваргынхаа өмнө нь гарахгүй юм уу” гэхээр Б.Бат-Эрдэнэ аварга “Би уламжлалаа дагана. Түрүүлж аварга болсон бөхөө дараагийн аварга нь хүндлэх учиртай. Түүнээс биш хэд түрүүлсэн нь ямар ч хамаагүй” гэсэн. Эрэмбэ чансаагаараа бол улсын баяр наадамд Г.Өсөхбаяр аварга дөрөв, А.Сүхбат аварга гурав түрүүлсэн. Эрэмбээрээ Г.Өсөхбаяр аварга илүү ч тэрээр 512 бөхийн барилдаанд дөрвөн удаа түрүүлсэн бол А.Сүхбат аварга хоёр удаа 512-т, нэг удаа 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн. Тэгэхээр чансаагаараа ойролцоо байгаа биз. Харин уламжлалаа дагавал А.Сүхбат аварга Г.Өсөхбаяраас түрүүлж аварга цолонд хүрсэн гэх утгаараа зүүнийг манлайлбал зүйтэй болов уу гэж бодож байна. Нэгэнт л үндэсний спорт учраас уламжлалаа дагавал буруудахгүй байх. Өнгөрсөн жил аварга цолоо түрүүлж авснаараа А.Сүхбат аварга зүүний манлайд зодоглосон шүү дээ” гэв.

Ж.Пэрэнлэй гуай “Хөгшөөн, аль түрүүн л буузаа гал дээр тавилаа гэж байсан. Болсон бол хүүхдүүдэд авчирч өгөөч” гэвэл “Дэлгүүрээс авсан буузны маань ёроол нь түүхийрчихжээ. Бууз хийдэг юм билүү гээд махаа татаж байна. Гурилаа зуурчихсан. Дөтийг харж дөрөв хононо гэдэг л болж байна даа” гэв. Тэгтэл Пэрэнлэй “Надад хэлэхгүй дээ. Би бушуухан татаад өгье” гээд гал тогоо руу оров. Хоймрынхоо баруун талын авдар дээр Далай ламын томоо гэгчийн хэд хэдэн хөргийг, бурхдын хамт залжээ. Харин зүүн талынх нь авдар дээр Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Хадбаатар тэргүүтэй аваргуудын зураг харагдав. Хажууханд нь улсын заан Ч.Санжаадамбыг засч буй болон аварга С.Мөнхбаттай бөхийн өргөөнд тамхилж буй гэрэл зургууд өрөөтэй харагдав.

Төд удалгүй Ж.Пэрэнлэй гуай орж ирээд, баруун авдар дээрх бөхчүүдтэй татуулсан гэрэл зургийг нь харж буй биднийг харснаа “Ах нь бөх, жолооч болохыг багаасаа мөрөөдсөн гэж хэлсэн дээ. Жолоо мушгиж, улсынхаа бараг бүх сумдаар орсон. Харин бөх болж чадаагүй. Заал, танхимын барилдаанд зодоглодог байсан. Нас яваад ирэхээр барилдах биш үзэгчдийн суудалд шилжиж байгаа хэрэг. Өөрөө барилдаж байсан юм болохоор бөхчүүдийг хажуугаас нь хараад сэрвүү барьцнаас ямар мэх хийвэл даацтай болдог, хав дөрвөлжин барьцыг яаж халж болдог зэргийг мэддэг үзэгч болж байгаа хэрэг. Харин 1997 онд бөхийн холбооноос засуулын шалгаруулалт зохион байгуулсан. Түүнд нь би орж тэнцээд, засуул болсон. Ингэж “албан ёсны” буюу үнэмлэх тэмдэгтэй засуул болсон. Үүнээс өмнө заал танхимын барилдаанд бөх засдаг л байсан” гэв. “Сүүлийн үед засуул байх шаардлагагүй. Хэн унасан давсанг нь камераар шүүгээд харчихаж болно” гэж нэгэн залуу фейсбүүкт бичсэн нь багагүй маргаан дагуулсан. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ” гэвэл “Ер нь олон бөх нэгэн зэрэг зүлэг ногоон дэвжээн дээр барилдахад зайлшгүй хэнийх нь өвдөг, тохой түрүүлж газар хүрсэн гэдгийг хажуугаас нь харж, хянаж байх шаардлагаас засуул үүссэн юм биш. Тэгж яривал үндэсний бөхийн дүрэмд камерын бичлэгээс хоёр бөхийн аль нь унасан, давсанг шүүж харахыг хориглосон. Засуул зөвхөн хэн нь унасан, давсанг харах гэж хажууд нь зогсдог мануул биш. Түүх домгоос нь яривал монгол бөхийн түүхэнд засуулгүйгээр үндэсний бөхчүүд барилдаж байгаагүй. Тэр бүү хэл хонины бэлчээрт хоёр хүү барилдсан ч хажууд нь өөр хэн нэгэн малгайнуудыг нь газар хүргэлгүй бариад зогсож л байсан. Эр хүний сүлд нь малгайдаа байдаг гэх утгаар нь тэгж хүндэлж, байгаа хэрэг. Түүнээс биш хэн унасан давсанг нь харах гэж зогсдоггүй юм. Дээрээс нь бөхийг дээдэлж байгаа ард түмэн засуулыг бөхийн дайтай хүндэлдэг. Тэгэхээр өв уламжлал, язгуур чанараараа бол засуул хэзээд байх ёстой. Үндэсний бөхөө засуултай нь хамт, дэг жаяг, ёс уламжлалтай нь хамт төдийгөөс өдийг хүртэл мянга гаруй жил хадгалаад ирсэн юм чинь камер гарч ирээд, үгүй хийчихнэ гэж юу байх билээ. Үндэсний бөхийн спорт бол Монголын биет бус соёлын өв байгаа юм. Өмсгөл, зодог шуудаг засуулын дээл хувцас л өөрчлөгдсөнөөс баримталдаг ёс, дэг жаяг яг хэвээрээ. Энэ соёлын үнэт өвөө “Ингэж өөрчилье, тэгж устгая” гэхийн оронд харин уламжлалаа, соёлын өвөө хэрхэн сэвтээлгүй, хойч үедээ өвлүүлэх талаар бодож, сэтгэх хэрэгтэй. Мэдээж бодож сэтгэснээ ажил хэрэг болгох ёстой” гэсэн юм.

Мөн тэрээр “Засуул хүн гэдэг улсын баяр наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр улсын аварга, арслан, гарьд заан, тэргүүтэй бөхчүүдтэй гарч ирдэг. Энэ утгаараа бөхчүүдийнхээ нэгэн адилаар биеэ бэлддэг. Наадам эхлэхээс өмнө засуулууд ингэж биеэ бэлдэх хэрэгтэй гэж заагаагүй байдаг ч наадам дөхөөд ирэнгүүт бид архи тамхинаас татгалзаж, хэрүүл маргааныг тэвчдэг. Бүр цаанаасаа тэгээд хэвшчихсэн гэх үү дээ. Мэдээж үндэсний бөхийн дүрэмд зүлэг ногоон дэвжээн дээр тамхи татах, архи дарс хэрэглэх, зохимжгүй үг хэллэг хэлэхийг хориглосон” хэмээн нэмж хэлсэн юм.

Жил ирэх тусам үндэсний бөхөөр барилдах сонирхолтой залуус нэмэгдэж байгаад тэрээр ихэд талархаж байгаагаа хэлсэн юм. “Өдгөө бөхийн бай мөрий дээшилж, сургуулиуд олон, сонирхдог хүмүүс ч олширсон. Х.Баянмөнх аваргын эгчийн хүү нь нагац ах улсынхаа баяр наадамд түрүүлээд ирэхдээ жижиг цагаан боодолтой юм авч ирнэ. Задлаад үзэхээр дээлийн торго, дугуй булантай цай, 70 төгрөг л байдаг байсан хэмээн хуучилж билээ. Гэтэл хожмоо Ховд аймгийн Мянгад суманд зохиогдсон баруун бүсийн анхны даншиг болох Сар хайрханы наадамд Х.Баянмөнх аваргын хүү улсын гарьд Б.Гантогтох түрүүлж, 21 сая төгрөгийн жийп машинаар байлуулж байсан. Тухайн үед “20 төгрөгийн төлөө насаараа барилдсан Хорлоогийн Баянмөнх аварга, хоёрхон хоногийн барилдаанд түрүүлж 21 сая төгрөгийн машинаар байлуулсан хүүгээ үнсээд ардчиллын үнэт зүйлс сайхан санагдлаа гэж ярьж байсансан. Тухайлбал жил бүрийн есдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд сумын заан залуу бөхчүүдийн барилдаан сар бүр болдог. Энэ барилдаанд 680, 570 бөх барилдаж байна. Аймгийн цолтой бөхчүүдийн заалны барилдаанд аймгийн начин цолтой бөх нь барилдаж чадахгүй байна. Хэтэрхий олон болчихоор цолны эрэмбээр нь жагсаагаад, аймгийн арслангаас харцага цолны хоорондох бөхөө оруулаад, начинг нь хасах жишээтэй. Гэтэл 1990 оноос өмнө улсын баяр наадмаар зодоглох 512 бөхийн тоог гүйцээх гэж багагүй ажил болдог байсан. Цэргийн ангиас бөхчүүдийг хороо, тасгаар нь ачиж авчраад барилдуулчихдаг байсан. Гэтэл төдийгөөс өдий болтол үндэсний бөхийн спортыг авч явж байгаа Үндэсний бөхийн холбоог юу ч хийдэггүй, хийгээгүй, үндэсний бөхийн спортыг сүйрүүллээ гэхчилэн элдэв юм ярьж л байдаг. Гэтэл 1991 оноос эхлэн улсын заан Давааням Спортын төв ордноос тусад нь үндэсний бөхийн холбоо байгуулахаар санаачлан, түүнийгээ ажил хэрэг болгосон. Үүнийг нь түүний ах буюу одоогийн бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, их сургуулийн багш асан Д.Данзан тэргүүтэй хүмүүс дэмжсэн байгаа юм. Ингээд Р.Нямдорж, Д.Данзан, Р.Давааням тэргүүтэй зургаан хүн Хөдөлмөрийн яамны зүүн урд хэсэгхэн газарт зургаан тоосго давхарлаж тавиад, дундаасаа 600 төгрөг гаргаад холбооныхоо дансыг нээж байсан гэдэг. Тэр зургаан тоосго давхарлаж тавьж байсан газарт өдгөө бөхийн өргөө сүндэрлэж байна гэсэн юм.

Улсын ахлах засуул Ж.Пэрэнлэй гурван хүү хоёр охинтой. Ууган хүү П.Эрдэнэпүрэв 2002 оны Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолонд хүрчээ. Мөн бага хүү П.Эрдэнэбаяр аймгийн начин цолтой бөгөөд өнөө жилийн наадамд зодоглохоор Тэрэлж рүү бэлтгэлдээ гарчээ. Харин охин П.Амаржаргал нь Их шавийн дээд сургуулийг 2005 онд төгссөн бөгөөд өдгөө Америкт самбо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол П.Дэлгэрмаа хуульч мэргэжилтэй юм байна.

Тэрээр сүүлийн 20-иод жил үндэсний бөхийн засуул хийж яваа нэгэн. Тэр ч утгаараа олон ч бөхийг улсын цолонд хүрч, цолоо ахиулах чухал барилдаанд засч байжээ. Баянхонгор аймгийн бөх Д.Батболдыг улсын харцага, Өвөрхангай аймгийн бөх Т.Санчирыг улсын заан, Увсын бөх Ө.Бат-Оршихын улсын харцага цолоо авахад нь тэрээр засч байжээ.

Үндэсний бөхийн спорт, бөхчүүдтэй холбоотой элдэв хоржоонтой яриа дэлгэв. “Ж.Мөнхбат аваргыг хоёр ч удаа улсын наадамд түрүүлчихээд байхад Намын төв хорооныхон бардам түрэмгий зантай гээд цолыг нь өгдөггүй. Тэгтэл гурав дахь удаагаа түрүүлдэг жилийнх нь наадмын өмнөхөн Төв хорооны нэгэн хурган дарга “Чи жаахан учиртайхан, даруулгатай барилдана шүү” гэсэн чинь “Чамайг үзэх гэж чавганц ч ирэхгүй. Намайг үзэх гэж найман мянган хүн цугласан байна” гэж хэлээд буруудаж байсан тухайгаа хожмоо дурсаж байсан. Улсын арслан С.Оргодол наадамд барилдсан эхний жилээ начин, 1955 онд түрүүлж, улсын арслан болсон. Тэрээр аав ээжээс заяасан бяр тэнхээнийхээ хүчинд өнөөдөр амьд мэлтийж байна гэсэн байдаг. Учир нь улсын арслан цолонд хүрснийхээ дараахан эмнэг азарга сургаж байхад эмээлийн жирэм нь тасраад азарганыхаа дор эмээлтэйгээ холбироод орчихсон гэдэг. Тэгээд эмнэг азаргандаа чирэгдсэн байгаа юм. Нэг хөл нь хугараад бүр санжчихаар нь энэ маягаараа удаан чирэгдвэл амиа алдах юм байна гэж түгшсэндээ азарганыхаа арын хоёр хөлийг тас тэвэрчихсэн хэмээн хуучилдаг. Тэгтэл эмнэг азарга дороо зогсчээ. Эмнэг азарга хэсэг зогсч амсхийснээ дахиад булгиж, тонгочоод эхэлнэ. Тонгочиход нь хойд хоёр хөлийг нь баглаад тэвэрсэн гарыг, цээжийг зад татахаа алдана. Ингээд хэсэг амсхийж зогсонгуут нь цээжээрээ цохиод өндийтөл эмнэг азарга дор орсон аж. Эрлийн хүн иртэл гурван цаг гаруй өнөөх эмнэг азаргаа хээр дарж хэвтсэн гэдэг шүү. Босгох л юм бол амийг сүйд хийнэ. Ингэж бяр тэнхээнийхээ ачаар өөрийн амийг авч гарсан хүн дээ” гэв. Мөн дэвээ шавааны тухайд “Бөхчүүд хангарьд шувууг дуурайн гуяа өврөөс нь, араас нь гурав алгаддаг. Сайхан дэвж, шаваад гарч байгаа бөхчүүд тэр чинээгээрээ уран мэхийг уралдуулан, урамтай сайхан барилддаг. Дэвж байгаа гэж тэрүүхэн тэндээ гараа хөдөлгөчихөөд, ёс төдий дэвчихээд гарч байгаа бөх төд удалгүй өвдөг шорооддог. Энэ утгаараа дэвээ шаваа бол бөхийн бяр, хүч чадлын онгод тэнгэрийг дуудаж байгаа нэгэн төрлийн ёсолгоо. Миний ээжийн ойрын хамаатан болох Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Мижид хэмээх арслан байсан. Их хүчтэй. Түүний хүү Дэлэг Мижид арслангийн зодог шуудгийг өмсөж, олон жил нутаг усандаа түрүүлсэн. Мижид заан хүүдээ дэвээ шавааны талаар “Эхлээд хоёр гараараа гуяа урдаасаа алгадахдаа энэ наадмын түрүү бөхтэй бүү таараг, араас нь алгадахдаа муу бөхийн дархан мэхэнд бүү ор гэж хэлээд алгаддаг. Харин сүүлийн удаа буюу гурав дахь удаагаа гуяа урдаас нь алгадахдаа “Миний аав сайн бөх байсан. Гэхдээ чиний аавыг (учраа бөхийнхөө) давж цолондоо хүрч чадаагүй. Чамайг давж аавынхаа хүслийг биелүүлнэ” гэж хэлээд өөрийгөө хурцалдаг гэж хэлж байсан байгаа юм. Үүнийг бөх төдийгүй засуул ч мэдэж байх ёстой” гэсэн юм.

Өнөө жилийн наадамд улсын заан Ч.Санжаадамбыг өнгөтэй наадах болов уу хэмээн таамаглаж байгаагаа бидэнд дуулгасан юм. Хамгийн гол нь бөхчүүд ийн сайн бэлтгэлээс гадна тэр өдрийн аз тэнгэр гэж бий гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байж амжилттай барилдана гэдгийг нэмж хэлсэн юм. Тэрээр “Улсын заан Ч.Санжаадамба өнөөдөр барилдаж буй бөхчүүдээс бяраар хэнээс нь ч илүү. Аваагүй, хүрээгүй болохоос дархан аварга цолны эрэмбэтэй бөх. Улсын заан Ч.Санжаадамба сэтгэл санааны бэлтгэл сайтай бол амжилттай барилдаж чадна” гэсэн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Ц.МягмарсҮрэн

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Алдартнуудыг төрүүлсэн “АЛДАР”-ынхан

Төрийн наадмын түрүүгээр тасраагүй

Монгол Улсын спортын түүхийг бичиж буй олимп, дэлхий, тивийн үе үеийн алдартнууд өсөн өндийсөн “Алдар” спорт хорооноос энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Монголын сор болсон тамирчдыг өлгийдөн төрүүлсэн тус хорооныхон шинэ байранд оржээ. Дөрвөн жилийн өмнө “Алдар” спорт хорооны шинэхэн дарга Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяраас ярилцлага авахаар очиж байсан минь дөнгөж өчигдөр мэт санагдаж байлаа. Тэр үед хоёр давхар ягаан байранд байсан билээ. Эдийн засаг хүндхэн байсан сүүлийн жилүүдэд “Алдар” спорт хорооныхоо шинэ байрны төсвийг царцаалгүй авч үлдэхийн тулд Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, тус хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ нарын хүч хөдөлмөр их байсан биз. “Алдар” спорт хорооныхон өмнөх байрандаа бэлтгэл хийх үед нэг заалаа хэд хэдэн хэсэгт хувааж алга дарам зайд тамирчид нь бэлтгэл сургуулилтаа хийдэг байж. Гэхдээ тэдний амжилт заалны том, жижигт биш уйгагүй хүч хөдөлмөр зүтгэлд нь байдаг юм гэдгийг “Алдар” спорт хорооны үндэсний бөхийн багш, Монгол Улсын начин “өмсдөг” Ш.Зоригт хэлж байсан юм. Өнөө жилийн баяр наадмаар гэхэд төрийн наадмын үзүүр бөх Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх улсын арслан П.Бүрэнтөгс, мөн зургаа давсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат “Таванхан” дэвжээний бөх Б.Одгэрэл, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх Ч.Ганзориг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Хур харцага” дэвжээний бөх Э.Даш нар Монгол Улсын начин цол хүртсэн билээ. Түүнчлэн төрийн наадмын их шөвөгт шалгарсан улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын манлай заан Ч.Санжаадамба нар мөн л “Алдар”-ынх. Төрийнхөө баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн гурав нь “Алдар” спорт хорооных байсан хэмээн бахдан ярих тамирчдыг хараад “Алдар”-ынхантай хэн маргах вэ гэсэн бодол төрж байсныг нуух юун. Өнөө жилийн Үндэсний баяр наадмын сурын харвааны тэмцээнд Б.Батбаатар 40 сумнаас 35 онож түрүүлэн Монгол Улсын мэргэн, эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн харваач С.Энхтунгалаг Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн билээ.

2015-2016 оны хичээлийн жилийн нээлтэд ирсэн зочид

Дээрх хоёр харваач нэг гэр бүлийнхэн гэдгийг манай уншигчид мэднэ. Мөн “Алдар” спорт хорооны тамирчид гэдгийг ч хэдийнэ гадарлаж байгаа буй за. Г.Өсөхбаяр даргын өрөөнд яваад ортол дархан аварга маань Достоевскийн “Хүн, араатан, бурхад” номыг уншиж суулаа.

Г.Өсөхбаяр хурандаатай “Алдар” спорт хорооны тамирчдын амжилтын талаар яриа өрнүүлж байтал Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Д.Батсайхан нар орж ирлээ. Тэдний араас шил даран “За, Өсөхөө аварга аа ажил сайн уу. Хоцорчихоогүй биз дээ” хэмээн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, дэд хурандаа Д.Бумбаяр ороод ирлээ. Д.Бумбаяр заан “Сайхан намаржиж байна уу. Амрыг эрье. Энэ доор танай тамирчид бүгд ирцгээжээ. Утсаа авахгүй байсан нөхдүүдтэй энд таарлаа. Нээлт хэдээс билээ. Танайхны тэмцээн уралдаан амжилттай юу” хэмээн Г.Өсөхбаяр хурандаагаас асуунгаа бусад хүмүүстэй мэнд мэдлээ. Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 2015-2016 оны хичээл, сургуулийн нээлт болсон юм. Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат саяхан Арабын нэгдсэн Эмират улсад болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээний сонин сайхнаас хуучилж “Энэ эрчээрээ явж байгаад ирэх Риогийн олимпод шүүгчээр орох санаа байна” хэмээн ярьж байлаа. М.Бөхбатын хувьд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд тивийн аварга, Их дуулга, гран при тэмцээнүүдэд тогтмол шүүгчээр оролцож байгаа билээ. Г.Өсөхбаяр аваргын өрөөнд ийн яриа өрнөж байх ахул МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа Ц.Мягмарсүрэн, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дэд дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар ар араасаа орж ирсэн юм.

Алдарспорт хорооны орлогч дарга Д.ЦогЭрдэнэ, ОУХМ Чулуунбаатарын хамт

Үндэсний бөхийн хамаг аваргууд “Алдар”-аас төрсөн гэхэд болно. Дархан аварга Дарийн Дамдин, Д.Цэрэнтогтох, Б.Түвдэндорж, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Бээжин, Д.Хадбаатараас эхлээд ихэнх тамирчдын алдрын гараа “Алдар”-тай салшгүй холбоотой. Одоогоор Монгол Улсын аварга цолтон 11, Монгол Улсын арслан 13, Монгол Улсын гарьд гурав, Монгол Улсын заан 11, Монгол Улсын Харцага, Начин цолтой 65 бөх төрөн гараад байгаа гэнэ. Улсын аварга Д.Хадбаатарын хүү Х.Мягмарсүрэн “Алдар” спорт хороонд үндэсний бөхөөр хичээллэж байгаа юм байна. Алдар нэр нь “Алдар”-аас эхэлж алтан биеэ армид зориулсан домогт долоон харын нэг Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Төмөрийн Артаг агсан “Алдар”-ынх байсан. Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөн цагаас хойш 2010 онд хамгийн анхны гавьяат дасгалжуулагч төрөн гарсан нь “Алдар”-ын Ц.Цэвэрбал багш. Мөн чөлөөтийн Дугарсүрэнгийн Оюунболд гэж гайхалтай эрхэм явсныг бид мэднэ. Энэ хүмүүн ч гэсэн “Алдар” спорт хорооны тамирчин байлаа. Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Дамийл буюу Ч.Дамдиншарав, ардын багш Д.Бандийн шавь гавьяат дасгалжуулагч Дорнодын С.Төмөрбатаа багш гээд үе үеийн “Алдар”-ын алдарт тамирчдын тухай бичье гэхэд уртаас урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Энэ тухай түүх сонсон суутал нээлт эхэлж байна хэмээн өрөөнд суусан хүмүүс бүгд заал руу явцгаалаа. Энэ удаагийн хичээлийн шинэ жилийг нээж Г.Өсөхбаяр хурандаа үг хэлсэн. Энэ үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалах яамны тэргүүний ажилтан” тэмдгээр Буудлагын спортын дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбат, “Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг”-ээр жүдо бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Д.Батсайхан нар энгэрээ мялаав. “Дайчин алдар-I медаль”-аар чөлөөт бөхийн дасгалжуулагч, гавьяат тамирчин, дэд хурандаа Цэрэнбаатарын Цогтбаяр, Урт бууны төрөлд алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч О.Янжинлхам, Жүдо бөхийн багийн мөнгөн медаль, 90 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Х.Цогтгэрэл, Чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, ахмад Г.Мандахнаран тэргүүтэй 20 орчим тамирчин энгэрээ мялаав. “Алдар”-ын тамирчид нээлтэн дээрээ медалиудаа зүүцгээжээ. Зарим тамирчин нь энгэр дэх медалиа даахгүй шахам, шажигнуулан алхацгаана. Монгол Улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ш.Зоригт, Ч.Баянмөнх тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд ч олноор ирсэн байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа олон улсын тэмцээнд яваа тул ирж амжаагүй юм байна хэмээн тамирчид нь өөр хоорондоо ярилцах нь сонстоно. Үзэгчдийн суудалд ийн яриа өрнөх ахул Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж эхлэв.

70 жилийн түүхийг бичсэн алдартнууд

“Алдар” спорт хороонд 108 тамирчин харьяалагддаг бөгөөд спортын 15 төрлөөр бэлтгэл сургуулилтаа хийдэг юм байна. Саяхан БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын зургадугаар их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид спортын найман төрөлд оролцон зургаан алт, 12 мөнгөн медаль, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар Дэлхийн 117 орны 7045 тамирчнаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан түүхэн амжилтын эзэд болцгоожээ. Энэ жилийн хувьд түүхэндээ хамгийн олон буюу 87 хүний бүрэлдэхүүнтэй спортын найман төрөлд өрсөлдсөн юм байна. Уг тэмцээний урт бууны төрөлд өрсөлдсөн эмэгтэй тамирчид 1995 онд тогтоосон амжилтыг шинэчилсэн байна. Түүнчлэн ирэх 2016 онд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 70 жилийн ой болох бөгөөд энэ хүрээнд 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгааг Г.Өсөхбаяр хурандаа хэлсэн. 2016 оны Риогийн олимпод “Алдар” спорт хорооны тамирчдаас гурван эрх аваад байгаа бол цаашид энэ тоог ахиулахын төлөө манай тамирчид цаг наргүй бэлтгэлээ базааж байгаа талаар хэлсэн. Тэгвэл Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан “Дэлхийн цэргийн спортын зургадугаар Их наадамд оролцсон 117 орны 7045 тамирчнаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарна гэдэг бол том амжилт. Та бүхнээрээ батлан хамгаалах салбарынхан бид бүхэн бахархаж байна. Цаашдаа гаргасан амжилтаа ахиулаарай гэж та нартаа захих байна. Та нар бэлтгэлээ л сайн хий, шамд. Харин бид бүхэн дэмжинэ” гэдгээ хэлж байсан юм.

Монгол Улс 1992 онд Бээжинд болсон СИЗМ-ийн буюу Дэлхийн спортын холбооны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож СИЗМ-д жинхэнэ гишүүнээр элссэн байдаг. Зах зээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлийн явцад татвараа төлөөгүй учир 1999 онд сул гишүүнээр бүртгэгдэж явсныг 2012 онд дахин жинхэлж чадсан нь том ажил байлаа гэдгийг Өсөхөө аварга хэлэв. СИЗМ-ийг эрхээ дөнгөж сэргээснийхээ дараа Гуанжуд болсон буудлагын дэлхийн аваргад О.Гүндэгмаа ахлагчтай тамирчид байлдааны буудлагын төрөлд дэлхийн аварга болоход бусад орны тамирчид маш их гайхан, баяр хүргэж байсан гэнэ. Манай тамирчид учрыг нь сайн ойлгоогүй байтал “16 жил дараалан түрүүлсэн Хятадын багийг хожиж, дэлхийн аварга боллоо. Баяр хүргэе” хэмээн хэлэхэд нь л маш том амжилт гаргаснаа мэдсэн байна.

СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын их наадамд 1995 онд чөлөөт бөхийн төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын үндэсний бөхийн дархан аварга хурандаа Г.Өсөхбаяр мөнгөн медаль, 1999 онд жүдо бөхийн төрлөөр хошууч П.Нямлхагва алтан медаль, 2012 онд буудлагын төрлөөр багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 онд боксын төрлөөр олон улсын хэмжээний мастер дэд ахлагч Б.Чинзориг алтан медаль, гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль, чөлөөт бөхийн тэмцээнээс гавьяат тамирчин, ахмад Г.Мандахнаран, гавьяат тамирчин, ахлагч С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа алтан медаль, эмэгтэй тамирчид хоёрдугаар байрт шалгарч багийн дүнгээр дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Бүх ард түмний спартакиадад 11 түрүүлсэн баг “Алдар”-аас өөр байхгүй

“Алдар” спорт хороо ирэх онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ гэдгийг дээр өгүүлсэн. Тус хороо нь 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Цэрэг” нийгэмлэг нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан түүхтэй гэдгийг хурандаа Д.Цог-Эрдэнэ тодотгож байлаа. Монгол Улсад дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг “Монголын Олимп” болох Монголын Бүх Ард Түмний спортын их наадам 13 удаа зохион байгуулагдсанаас 11 удаа тэргүүн байр, хоёр удаа дэд байр эзэлсэн түүхэнд дахин давтагдашгүй өндөр амжилтыг “Алдар”-ынхан үзүүлээд байгаа гэнэ.

Алдар спорт хороо бол үндэсний болон орчин үеийн спортуудын суурийг тавьсан гэдэгтэй маргах хүн байхгүй гэдгийг гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр хэлж байсан юм. Алдар спорт хорооныхон шинэ хичээлийн жилийн нээлтдээ зориулж тамирчдынхаа дунд гар бөмбөг, дартс, ширээний теннисний тэмцээн зохион байгуулав. Үндэсний бөхийн багт улсын арслан Д.Ганхуяг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Э.Даш, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Бат-Эрдэнэ, Чимэдвандан нарын тамирчид багтсан харагдав. Харин Г.Өсөхбаяр аварга ажилтнуудтайгаа нэг багт өрсөлдлөө. Тэрбээр “Өө, ийм бөмбөг битгий алд л даа” хэмээхэд үзэгчдийн суудалд суугаа тамирчдад ихэд таалагдсан бололтой “Манай дарга чинь том биетэй хүүхэд байхгүй юу” хэмээн өөр хоорондоо хөөрөлдөнө.

“Алдар” спорт хорооныхон шинэ спорт цогцолбортоо тэмцээнээ зохион байгууллаа. Шинэ спорт цогцолборын заал нь 580 хүний суудалтай юм байна. Цогцолбор дотроо жүдо бөх, чөлөөт бөх, бокс, үндэсний бөх, сур харваа, хүндийн өргөлт, байт харваа, буудлагын тир, бялдаржуулах танхим, оюуны спортын танхим, Цэрэгжлийн спортын сургалтын танхим, Ширээний теннис, биллъярд, дугуйн тэргүүтэй 10 гаруй спорт танхимтай юм байна. Заал тус бүртээ хувцас солих өрөө, халуун усны өрөөтэй хэмээн “Алдар” спорт хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ хэлсэн юм. Д.Цог-Эрдэнэ хурандаагийн хувьд анх тамирчнаар уг хороонд орж байсан бол 1998 оноос өнөөг хүртэл 17 жил орлогч даргаар ажиллаж байгаа юм билээ. Гар бөмбөг тоглож байсан Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, П.Нямлхагва нарыг харж суусан ахмадууд энэ мундаг дасгалжуулагч нарын шавь нараас ирээдүйн Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, Х.Цагаанбаатарууд төрнө шүү дээ хэмээн хуучилж суув. Самбо, жүдогийн танхимд 50 гаруй хүүхэд бэлтгэл хийж байлаа. Эдгээр хүүхдүүд бүгд мундаг тамирчин болох албагүй. Гэхдээ нийгэмдээ хэрэгтэй, хатуужилтай, өвчин эмгэг гээд байдаггүй эрүүл саруул монгол хүн энэ заалнаас төрөх ёстой хэмээн орлогч дарга хэлж байв. Тэрбээр мөн “Алдар”-ын залуучууд энэ танхимаас амжилтаа эхлэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн дасгалжуулагчийн бэлтгэсэн, амжилт гаргаж буй хүмүүсийг тамирчнаар авч “бэлэнчлэхийг” төдий л хүсдэггүй гэсэн юм. Учир нь “Алдар”-ын гэдэг брэнд тамирчдын цувааг үргэлжлүүлэх хүсэл тус хамт олонд байдаг аж.

Шинэ зааландаа тоног төхөөрөмжтэй болъё гэсэн ч эдийн засаг хүнд байгаа болохоор хэцүү л байна. Улсын төсөв хэцүү байгаа болохоор тоног төхөөрөмжийн нэг тэрбум төгрөгөө шийдүүлж чадаагүй л сууна хэмээн Г.Өсөхбаяр аварга өгүүлсэн. Гэсэн хэдий ч тамирчид нь өөрсдийн нөөц боломжоороо бага гэлтгүй заал танхимуудаа тохижуулж эхэлжээ. Бидний яриа спорт хороодыг татан буулгаж буй талаар үргэлжилсэн юм. Г.Өсөхбаяр хурандаа “Сайхан тогтож, төлөвшсөн спорт хороодыг татан буулгах нь буруу. Энэ хэдэн спорт хороод чинь л спортыг нуруун дээрээ үүрч явсан юм шүү дээ. Олон ч хүнийг хоолтой, бэлтгэл хийх заалтай байлгасан” хэмээн харамсангуй өгүүлэв.

Гэр хорооллын хүүхдүүдийн бэлтгэл хийх суурь бааз

Шархад, Амгалан, Дарь-Эхээс гээд гэр хорооллын маш олон хүүхэд тэнд бэлтгэл хийж байлаа. Боксоор гэхэд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь нар тив, дэлхийд гялалзаж явна. 79 дүгээр сургуулийн сурагч, 13 настай жаахан хүү түүнд шавь орохоор ирж 17-хон насандаа од болж, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн нь гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт байв. Төгсцогт А.Гантулга багшийнхаа удирдлаган доор амжилтын гараагаа эхлүүлж байсан бол Өсвөрийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Ц.Энхжаргал, Б.Чинзориг гээд ирээдүйн аваргууд түүний удирдлаган доор бэлтгэл хийж байна. А.Гантулга багш “Миний хүүхдүүд ээ, та нар эрүүгээ дээш өргөөд байна. Эрүү дээшээ байх юм бол яг ингээд нам цохиулна” гээд өөрөө биеэрээ үзүүллээ. Баруун гартаа шүгэл, зүүн гартаа цаг барин, өмссөн хувцас нь тэр чигтээ хөлс болсон энэ дасгалжуулагчийг спортынхон андахгүй. Боксын ямар ч тэмцээн дээр “Алдар” гэсэн улаан цамцаар гоёчихсон явдаг түүнд шавь болох хүсэлтэй олон хүүхэд ирдэг. “Манай багш хамгийн мундаг нь. Биднийг загнадаггүй. Үргэлж зөөлнөөр зөв тоглохыг заадаг багш ховор шүү” хэмээн багшийнхаа нүднээс далд магтаж байсан юм.

Хүндийн өргөлтийнхний танхимаар орлоо. Найман жил дараалан улсын аварга болж байсан хэмээн жаахан охин моодгорхон зогсчихоод өгүүлж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээндээ байнга түрүүлдэг байсан ч ноднин Хөвсгөл аймагт болоход нь хоёрдугаар байрт шалгарсан юм байна. Энэ жил аварга болно оо хэмээн хүндийн өргөлтийн тамирчид нь итгэлтэй хэлж байсан билээ. “Алдар” спорт хорооны номын санчаар гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Чулуунбаатар гуай ажилладаг юм билээ. “Алдар” спорт хорооны түүхийг өгүүлэх бүхий л зураг түүнд бий. Өдгөө 70 гарч яваа ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн, гар бөмбөгийнхөө тэмцээнд хамгийн сайн тоглож байсан нь энэ буурай юм. Түүний хувьд тус хороонд 48 жил болсон бөгөөд түүхийг нь үлдээх юмсан гээд хичээж л сууна гэдгээ хэлсэн.

Тамирчны зовлонг тамирчин л ойлгоно

Өдөржин спорт хорооны дотор ажилтай явсан Г.Өсөхбаяр хурандаатай оройн хэрд таван үг солих зав гарлаа. “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярын хувьд 1994 оны дөрөвдүгээр сарын 1-ний тушаалаар “Алдар”-ын тамирчин болж байсан юм. Тэр үед “Буур” Н.Жамъян аваргын зээ хүү Өсөхөө сумын заан цолтой байлаа. Түүний хувьд дэд ахлагч цолтой анх спорт хороондоо харьяалагдаж байсан бол өдгөө хурандаа цолтой болж, “Алдар” спорт хороо хэмээх томоохон өрх айлыг удирдаж явна. Тэрээр “Өнөөдөр миний хувьд үндэсний бөхийн хамгийн том цолонд хүрлээ. Цэргийн хамгийн том хурандаа цолыг зүүлээ. Энэ бүхэн алдар нийгэмлэг, армитай минь холбоотой гэж боддог. Тиймээс би салбартаа, спорт хороондоо ихийг хийх үүрэгтэй хүн” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм. “Алдар” спорт хороо нэг хэсэг цэргийн ангийн харьяанд очиж дэн дун явсан цаг үе бий. Тэр бүхнийг даван туулсан хамт олон юм билээ. Өсөхөө аваргыг 2011 онд “Алдар” спорт хорооны даргаар ирэхэд үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрчихсэн байж. Гэсэн хэдий ч хийх ажил маш их байсан гэнэ. Г.Өсөхбаяр хурандаа ажлаа авангуутаа гурван том зорилтыг өмнөө тавьсан юм байна. Хамгийн эхнийх нь СИЗМ-д гишүүнчлэлээ сэргээх, Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлэх, 1973 онд ашиглалтад орсон хуучин спорт заалаа шинэчлэх байжээ. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс эргээд харахад “Энэ гурав минь үнэхээр ажил болсон байна” хэмээн бахархангуй өгүүлсэн юм. Миний хичээл зүтгэлээс гадна, өмнөх үеийн мундаг тамирчид, албан хаагчдын буян хишиг ч нөлөөлсөн байх гэлээ. “Алдар” спорт хорооны даргаар ирсэн ямар ч хүн өндөр хариуцлагатай байх ёстой. Энэ бахархам түүхтэй хамт олныг удирдана гэдэг нь нэг талаасаа нэр төрийн асуудал шүү дээ хэмээн өгүүлсэн юм. Таван толгой дахь “Чингисийн хүрээ” цэргийн амралтын баазаа бэхжүүлж, орчин үеийн тамирчдын сэргэлтийн томоохон бааз болгохоор ажиллаж байгаа талаараа аварга танилцуулав. “Тамирчин хүний зовлонг тамирчин хүн л ойлгоно. Тамирчин болно гэсэн бол ар гэрийнхэн гээд бүхий л зүйл амжилтад нөлөөлдөг. Алдар спорт хороо тамирчдынхаа орон байраас эхлээд бүх зүйлийг шийдэж чадахгүй. Гэсэн ч аль болох зохицуулж, түүнийг нь нимгэлэх тал дээр анхаарч ажиллах ёстой” гэлээ. Аваргын өрөөний хойморт маш олон цом, медалийг өржээ. Энэ тухай асуухад манай “Алдар нийгэмлэгийнхний үе үеийн тамирчдын амжилтын буухиа юм” гэлээ. Хажуугийн хананд нь дайны хар сүлд, энх цагийн цагаан сүлд хоёрыг зуруулан байрлуулжээ. Харин тэрхүү хоёр зургийн дунд монгол бөхийн бүрэн өмсгөл, есөн хөлт цагаан тугийг дээдлэн байрлуулсан байв.

Харин хаалганыхаа дээд талд нум, сум өлгөсөн байлаа. Тэрээр “Манай сурын баг тамирчид хамт олондоо бэлэглэсэн юм. Монголчууд эртнээсээ гэрт орохдоо нум, сумаа буулгаж, хэт хуйгаа буулгаж ордог уламжлалтай. Үүнийг бодож хаалган дээрээ байрлуулсан” гэлээ. Мөн аваргын өрөөг чимж буй хоёр зүйл бол тэмдгийн цуглуулга аж. БНАСАУ, БНСУ, Польш, ОХУ гээд маш олон орны спортын нормативын тэмдгүүд байх юм. Мөн цонхон талдаа бурханы гурван судрын хураангуйлсан тарнийг байрлуулсан нь сонирхол татаж байлаа. Г.Өсөхбаяр аваргын өрөө болон орлогч дарга Д.Цог-Эрдэнийн өрөөнүүд цомын цуглуулга гэлтэй. 1940-оос хойших модон, шаазан, төмөр бүхий цомнууд байв дахиад ч нэг өрөө дүүрэн цом, медаль бий. Хоёр давхрынхаа нэг өрөөг тохижуулаад эдгээрийгээ байршуулна гэсэн юм. Ямартай ч Монголын спортын 70 жилийн түүхийг өгүүлсэн “Алдар” спорт хороог цухас танилцуулахад ийм байна. Г.Өсөхбаяр аваргыг “Танайд өнжье” булангаа гэрээс нь бэлтгэх хүсэлт тавихад “Бололгүй яахав ээ. Дараа тэгж байгаад очоорой, дүү нар” гэсээр бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. “Алдар” спорт хорооноос гараад алхаж явтал гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын “Манай “Алдар” спорт хороонд дөрвөн настай хүүхэд хүртэл хичээллэхээр ирж байна. Тийм жаахан хүүхдийн мөрөөдлийг бид үгүй хийж болохгүй. Суурийг нь тавиад өгөх хэрэгтэй. Тэгж чадвал тууштай нь үлдээд, спортынхоо төлөө сэтгэлтэй нь цаашдаа амжилт гаргадаг. Ер нь шавь нарын минь амжилт гавьяат цолоос үнэтэй юм шүү дээ” хэмээн хэлж байсан нь санагдаж байлаа.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн


Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

“Завхан”-ы БАТСҮХИЙНХ

“Завхан”-ы С.Батсүх гавьяатынд
өнжихөөр утас цохилоо. Hi tone-оор өөрийнхөө дуулдаг “Хайрлаарай” дууг
сонгожээ. Зорилгоо хэлтэл “За хө найр, хуримын урилга заллагатай өнөөдөржин
завгүй байх болов уу. Чи юу ч гэсэн хүрээд ирэх үү” гэж уриалгахан зөвшөөрөв. Гавьяатынх
Гандангийн хойд талын өндөр дэнж дээр сүндэрлэх “Очир” хотхоны гурван өрөө
сууцанд амьдардаг юм байна. Бид Батсүх дуучинтай хагас цаг хууч хөөрөх
“виз”-тэй. Хурим, найрын ёслол дууссаны дараа дахин уулзах тохироотойгоор яриа
хөөрөөгөө эхэллээ. Гэрийн эзэгтэйг кофе чанах зуур нутаг ус, удам судрыг нь
сонирхов. Дуучны төрсөн сум нь Завханы Алдархаан гэдгийг уншигчид андахгүй
байх. Батсүх дуучин ханийнхаа бэлдэж өгсөн байхууг оочлонгоо “Явуухулан
найрагчийн аав Бэгз гуайн өвөлжөөний урд аманд өссөн хүн дээ, би. Донойн
хөндийн хажуугийн тэр ууланд Явуухулан, Ванган, Дорж генерал, жүжигчин
Бадамгарав гээд олон алдартан төрсөн. Тэр нутагт их учир байх шиг санагддаг”
гэж хуучлав. Удамд нь урлагийн хүн байхгүй ч ээж нь их гоё дуулдаг хүн байж.
Гавьяат аав, ээжээс наймуулаа гэнэ. Ер нь ах, дүүгээрээ л дуулж хуурддаг улс юм
байна. Ертөнцийг үзэх үзлээ Дэндэр гэж үлгэрч эмээгээс авснаа ярилаа. Олон айл
дамжиж амьдарсан тэр эмээгийн үдэш бүр ярьж өгдөг байсан үлгэрүүдийг
“Өнөөгийнхөөр жишвэл аймшгийн кино ч юм шиг, уянгын драм ч юм шиг элдэв өнгийн
мэдрэмж төрнө” гэж зүйрлэснээ “Тэндээс л би мөрөөдөх чанараа олсон байх.
Үлгэрээ сонсчихоод зүүдэндээ умбана даа, харин ч нэг. Бага ангид байхдаа
концерт үзсэн юм. Тэр үед Зангад гуайн дууг сонсчихоод яг ийм хүн болохсон гэж
мөрөөддөг болов оо. Би их сонин хүүхэд байсан. Ганцаараа байх дуртай. Хонинд
явахдаа хүртэл ганцаараа явна. Тэгээд хадат цохион дээр хонинуудынхаа өмнө гарч
зогсоод дуулна. Дараа нь өнөө гоё хүн шиг ёсолно. Зангад гуай болж байгаа нь
тэр. Завханы театрт тохиолдлоор орж хоёр жил ажиллачихаад барилгын техникумд
явдаг юм билүү гэсэн бодлоосоо ухрахад хүрсэн шалтгаан нь мөн л энэ
мөрөөдөмтгий чанар маань. Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гуайн “Москва,
Ленинград хоёр чинь миний хотон дотор байсан юм байна” гэсэн ярилцлагыг
сониноос уншаад бодлоо өөрчилчихсөн. Намхайнямбуу гуай хонио хариулж явахдаа их
том мөрөөддөг хүн байсныг уншаад яг надтай адилхан санагдсан” гээд яриагаа
үргэлжлүүлэв. Ингээд л театртаа үлдэж олонд танигдах эхлэлээ тавьсан гэнэ.
Лутбаяр, Жамъян, Цэвээнравдан, Бавуудоржтойгоо нийлж байгаад дуугаар “өвчилсөн”
түүх нь эндээс эхлэлтэй аж.

Завханы театрынхан гэж хэсэг
нөхөд “Тэс мөрөн ээж”, “Дорнын намуун Отгонтэнгэр”, “Хань минь”, “Дуут нуур”,
“Аав уул”, “Бадар хундага”-ыг зохиож, тэр дуунууд нь Монгол даяар дуулагдаад
эхэлж. Батсүх гавьяат л гэхэд “Тэс мөрөн ээж”, “Дорнын намуухан Отгонтэнгэр”,
Долоовор хуруундаа зүүний сорвитой гэж ирээд эхэлдэг “Хань минь” гээд нэлээд
дуунд ая хийснийг уншигчид андахгүй. Гавьяат тэр үеэ “Бидний таван үгний дөрөв
нь дууны тухай байсан шүү. Хийж байгаа дуунуудаа хэнд зориулаад хаана хүргэх нь
тодорхой биш. Тэгсэн хэрнээ л дуугаараа амьдарсан сайхан он жилүүд” гэж дурсав.
Байсхийгээд Лутбаярыгаа ярих юм. “Манай Лутбаяр чинь Сүхбаатарынх. Завханы
хүргэн болоод манай аймагт ирсэн юм. Дулаахан энергитэй хөөрхөн шар залуу ирж
байлаа. Хүн татдаг сайхан энергитэй улс байдаг даа. Яг л тийм хүн. Тал нутгийн
залуу Завханд анх ирээд Завханы тухай олон дуу хийсэн дээ. Завхан олон яруу
найрагчтай. Гэхдээ дууны шүлэг рүү хошуураагүй байсан юм. Өдөөгч нь яах аргагүй
Лутбаяр. “Аав уул” нь их гоё. Ургуулан ургуулан бодоход минь уул шиг нөмөртэй
аав минь ээ, Нутгийн тахилгатай овоодын нуруутай жаахан Зотол минь, Торниж
өсөөд хүү чинь тос даасан бор уул болно оо, Тал талдаа толгод ургуулсан тан
шигээ нөмөртэй уул болно оо гээд уншихаар их сайхан. Лутбаяр зүрхнээс гарснаа
шууд бичдэг. Гоё үг хайж бичдэггүй, тийм салхитай яруу найрагч. Бидний дундаас
гавьяат аваагүй ганц нь Лутбаяр маань” гэж гунигтай өнгөөр дуугарав.

Биднийг ид ярилцаж суутал
гэрийн эзэгтэй “Цаг боллоо. Хувцсаа өмсөх үү” гэсээр орж ирэв. Гавьяат
ханьтайгаа цагаан дээлээр ижилсэхээр болжээ. Гэрийн эзэгтэй нөхрийнхөө дээлийг
нь өмсүүлж, үсийг нь засч бүх л зүйлийг нь нямбай гэгчийн бэлдэж өгөх юм.
Гавьяат “Би чинь Пагмагүй бол хэцүүдэх хүн байгаа юм. Тоглолтын өмнө миний бүх
л юмыг бэлдэнэ шүү дээ. Би гарч дуулах л үүрэгтэй. Нэг удаа Бөхийн өргөөнд
тоглолттой болоод ганцаараа явахаар болов оо. Тэгсэн чинь хоёр өөр гуталтай
очиж паакталсан” гэж хэлээд хөгжилтэй инээхэд гэрийн эзэгтэй санаа зовсон
бололтой “Гэрэл бүдгэрүүлээд харагдуулаагүй биз дээ” гэж байна. Нөхөр нь
жуумалзсанаа “Тайзан дээр гараад ирсэн чинь гэрэл бүдгэрээд явчихсан тал ч бий
шүү” гээд дотно харцаар ханиа ширтэнэ. Эзэгтэй нөхөртөө малгайг нь өмсгөнгөө
“Ядаж байхад хүмүүсийн урдуур хэчнээн ч явдаг юм, шалавхан ороосой гэж яс
хавталзаад сууж чадахгүй нэлээд юм болсоон” гэж инээмсэглэн хэлээд өөрийгөө
бэлдэхээр цааш эргэв. Дээрээ очиртой, орой дээрээ мөнгөлж алтадсан хээтэй,
урдаа соль түлхүүртэй, ур гаргасан нь илт чамин малгай юм. Бадар хундага руу
явахдаа захиалж хийлгэжээ. Гэрийн эзэн “Цаг ч дөхөж байна л даа. Гэхдээ сая
нутаг явснаа нэг ярьчихъя. Өвөлжөөндөө буусан үед гэрээсээ гарахаар Отгонтэнгэр
харагддаг байлаа. Аав надад “Хүү минь тэр хайрханы тал дунд тавь гарч байж
очоорой. Үүнээс наана бэлээр нь амьдраад явах ёстой шүү” гэж захьсан юм. Би
тавь гараад Даянгийн орой дээр гарсан. Хэдхэн хоногийн өмнө Бадар хундага дээр
очоод ирлээ. Бадар хундага гэж дуулаад байснаас биш очиж үзээгүй. Очих тэр үед
танил хүнтэйгээ уулзсан юм шиг нэг тийм дотно мэдрэмж төрсөн” гэж хуучлаад
дараагийн ажилдаа яарав.

Оройхон товлосон цагтаа
гавьяатын гэрт эргэж ирэхэд мөн л Завханаар овоглодог Х.Оюунцэцэг гавьяат
ирчихсэн бужигнаж байна. Гэрийн эзэгтэй зочныхоо авчирсан адууны махыг
чаначихсан уран бүтээлийн яриа ид өрнөж байхад нь яваад орчихов. Завханы театрт
байхаасаа нөхөрлөж өнөөг хүрсэн найзууд аж. Нэг нь Завханд, нөгөө нь
Улаанбаатарт ч гэлээ үзээгүй киногоо бие биедээ ярьж өгөхөөс эхлээд утсаар бол
хачин ойрхон амьдардаг хоёр бололтой. Нэг нь “Манай Оюунаа чинь театрыг
мэргэжлийн талаас нь сүрхий авч явсан. Бас Цагаан дуганы гэгээд тоглосон” гэж
магтана. Нөгөө нь “Би найзынхаа олон сайхан дууг дуулсан. Манай Батсүх чинь их
дайчин. Мундаг хүн дээ” гэж зөрүү барина. Хөдөөгийн театрынхан жүжиглэнэ,
бүжиглэнэ, дуулна гээд бүх л номерт ордог онцлогтой. Хоёр найз бүжиг, жүжигтээ
маруухан, Батсүх нь жүжигт үнэн голоосоо дургүй байсан гэнэ. Оюунцэцэг гавьяат
нэг сүрхий инээд алдсанаа “Би та нарт их сонин юм ярьж өгье. Бид хоёр чинь
“Алтан үст охин”-д гол үүрэг гүйцэтгэсэн ш дээ. Алтан фондод орсон болохоор
хүүхдийн баяраар гардаг юм. Хүмүүст ингэж хэлэхээр хоороос өөр хэсэгт гардаггүй
шүү дээ гэнэ л дээ. Алтан үст охиныг айлгаад байдаг нохой, аалзан дотор чинь
бид хоёр байгаа” гэж хэлээд гэрийн эзэн, эзэгтэй хоёрын инээдийг барав.

Зочны өрөө бусад айлын л
жишгээр ханын шүүгээ, буйдан, ширээтэй. Ханын шүүгээнд нь нэлээд хэдэн хөөрөг
харагдав. “Таныг хөөрөг цуглуулдаг гэж дуулсан. Энд ямар хөөрөгнүүд байна” гэж
сонирхоход “Уг нь цуглуулах сонирхолтой. Хүмүүс сонирхохоор өгчихдөг гэм бий”
гээд суудлаасаа өндийв. Далайн шүрэн, бразилийн нил ягаан болор зэрэг ховор
сонин чулуун хөөрөг хэд хэд байна. Гэрийн эзэн чамин юм цуглуулах дуртай гэнэ.
Бугуйвч, гинж их сонирхдог бололтой. Зааныг төрөл бүрээр нь эгнүүлчихэж. Сүүлд
тодорсон Жалханз хутагтын бэлэглэсэн эрхи эдний ханын шүүгээнд байгаа нандин
эдийн нэг аж. Бадар хундага руу явахдаа урлуулсан малгайгаа бас хүндэтгэн
залжээ.

Унтлагын өрөөний хажуугийн нар
руу харсан цонхтой өрөө гавьяатын өглөө бүр тухалдаг газар нь юм байна. Нэг
хана нь тэр чигтээ бурхан тахил юм. Шүтлэгтэй айл гэдэг нь харваас илт. Аав,
ээжийнхээ хөргийг энэ өрөөнд хүндэтгэн залжээ. Төгөлдөр хуур, морин хуур,
гитар, хуучны ятга, тогдгор Галсантогтохын бэлэглэсэн лимбэ бас энэ өрөөний
чимэг. Гэрийн эзэн цонхны хажуугийн сандал дээр сууснаа “Би өглөө бүр яг эндээс
нар руу харж суугаад өөрийнхөө хэн байсан, хаанаас эхлэлтэйгээ боддог. Ээжийгээ
дурсдаг өрөө. Кофе, цай уунгаа өөртэйгөө ярилцдаг. Хөдөө чинь их өөр. Өөртэйгөө
уулзах цаг их. Над шиг мөрөөдөх дуртай хүнд таатай шүү дээ. Хотод тийм зав
олдохгүй. Тэгээд л өглөөний нарнаар өөртэйгөө уулзах цаг гаргадаг юм” гэж
ярилаа.

Энэ үеэр эзэгтэй хоол бэлэн
болсныг дуулгав. Бууз, цайтай оройн хоолны үеэр гэрийн эзэн амьдралаа ярилаа.

“Цэргээс дөнгөж ирсэн үе. Өвөлдөө жижиг гэрт ээжтэйгээ өвөлждөг
байсан юм. Нэг өвөл хойд талынхаа жижиг байшинд техникумын гурван охиныг
суулгалаа. Ээж Хөвсгөлийн охинтой нь суу гэж ятгана. Тэгээд танилцлаа. Том
хүүгийн минь ээж л дээ. Хөвсгөлд байдаг хүүг минь монголчууд мэднэ. Тэр маань
сургуулиа төгсөөд хүний гарт шахуу хөгшчүүлтэй гээд нутаг явсан. Би театртаа
ажиллана гээд үлдсэн. Хүүгийн маань хойд аав их сайн хүн. Дархан хүн байдаг юм.
Түүнээс хойш арав гаруй жил олон сайхан охид, бүсгүйчүүдтэй үерхэхээс
хэтрээгүй. 35-тайдаа театрынхаа хөгжимчинтэй гэрлэсэн. Биеэ их сайхан авч явдаг
цэмцгэр бүсгүй. Тэр маань Очир-Эрдэнэ, Очирхуяг гэж хоёр сайхан хүү төрүүлж
өгсөн. Би хот руу орж ирэхээр болж, хөвгүүдийн маань ээж тэндээ амьдарна гээд
хоёр тийш болсон. Хотод ирээд Пагматайгаа ханилсан даа. Пагма маань Завханы
Тэсийнх. Хоёр хүүгийн маань нэг нь Японд, нөгөө нь энд сурч байна. Манай хүн
өдөр бүр ярьж анхаарал тавьдаг юм” гэж байна. Хүүдээ орон сууц авч өгсөн гэнэ.
Том хүүг нь Анхболд гэдэг аж. “Тантай адилхан, их гоё дуулдаг залуу гэцгээдэг.
Одоо хаана амьдардаг вэ” гэхэд ”Саяхан ирсэн дуулдсан. Хэд хэдэн удаа өөр
дээрээ авах гэж үзсэн. Пагма байсхийгээд гэртээ авчирна аа. Даанч буруу тийшээ
далийгаад болохгүй юм. Хэзээ нэгэн цагт сайхан үе ирэх байх аа. Өөрийн үр л
хойно сайн явбал дэмжээд амьдрахсан гэж боддог” гээд дуугаа
хураав.

Гэрийн эзэгтэй Ренчинпагма их
дуу цөөтэй юм. Асуултнаас “Манай хүн их сайн ярьдаг юм аа. Миний хань ярьчих”
гээд бултчих янзтай. Кофе чанах зуур нь товчхон яриа өрнүүллээ. Гэрийн эзэгтэй
их шүтлэгтэй аж. Завханы Тэсийнх учраас Ажиа гэгээнийг шүтдэг гэнэ. Гэрийн эзэн
биднийг шашин шүтлэгийн тухай яриа өрнүүлэх зуур “Манай хүн ч жинхэнэ шүтлэгтэй
шүү. Сайхан санагддаг. Би бол тийм ч айхтар шүтлэгтэй хүн биш шиг байгаа юм.
Бид хоёр саяхан нэг хувилгаан дээр очлоо. Гэтэл тэр хувилгаан “Нөхрөө дахиад
авчраад хэрэггүй байх аа” гэсэн байна лээ” гэж ярианд оролцов. Эзэгтэй кофе
аягалангаа “Аав маань насаараа жолооч хийсэн сайхан хүн. Ээж оёдлын мастер. Би
аав, ээжээсээ дөрвүүлээ. Ханийнхаа ар талыг сайн дааж явах юмсан гэж хүсдэг дээ.
Би ч өөр юу ярих вэ дээ” гээд бидэнд сонирхуулах зургийн цомгоо авчрахаар нөгөө
өрөө рүү оров.

Зургийн цомогт нь Далантай,
Түвшинтөгс, Лутбаяр, Адарсүрэн, Бавуудорж, Жамъян гээд дууны урлагт нэр нь тод
эрхмүүдтэй авахуулсан зураг өчнөөн юм. “Таны дуунуудыг сонсоод байхад шүлэг нь
их гоё байдаг. Шүлгэндээ их анхаардаг уу” гэж асуухад “Би ер нь шүлэг их
голдог, дураараа өөрчилдөг хүн. Манай Лутбаярын шүлгүүд гоёчлоогүй, сэтгэлээс
гарсан байдаг гэж өмнө хэлсэн дээ. Бавуудорж болохоор их бодож бичнэ. Энэ хоёрын
шүлгийг нэг их өөрчлөх шаардлагагүй байдаг. Зарим шүлгийг бүр танигдахгүй
болтол өөрчилж дуулах үе гардаг. Сая фэйсбүүкээр Болорцэрэн гэдэг бүсгүй их гоё
шүлэг явуулсан. Эр хүнийг орлож бичдэг сэтгэл зүй тэр бүсгүйд байна аа. Хонин
борлогоороо сундлаад жимсэнд явсан намрыг, хоёул хамтдаа хуучлаад нэрсгүй
буцсан намрыг, одоо очоод нэг харахсан… гараад ирэхгүй амрагаа гадаа нь
хүлээгээд хономоор оо” гээд их хөөрхөн үгтэй. Дуу хийгээд Машбатаараа дуулуулж
эхэлж байна. Уншингуут дуулчихсан. Ая нь шууд ороод ирсэн л дээ. Хөхнийх нь
товчийг имэрсэн ч биш дээ гээд Бавуудоржийн шүлгийг бас шууд хараад дуулсан.
Ямар ч засваргүйгээр ая хийсэн. Бавуудорж гэж урт үстэй дуугүй залуу энэ
шүлгийг анх авчирч өгөхөд төрх янз нь яруу найрагч хүн шиг биш, араншин нь ч тэр
зүгийн биш болохоор их гайхаж байлаа. Энэ хүнээс ийм шүлэг гардаг аа гэж
гайхаад. Дараа нь “Өвлийн зөөлөн цас заамаар урсахаар өвснөөс өөрцгүй тансгаа
мэдэрдэг дээ”, ”Сэтгэлийн тооноор уул минь гэрэлтэнэ, сэмээрхэн дотогшоо нулимс
бөмбөрнө өө“ гээд олон гоё дуу хийсэн. Бавуу маань төрийн соёрхол аваад бүр
даруу болсон байна лээ. Их дотогшоо хүн. Тэнгэртэй уяатай юм шиг гоё бичдэг
найрагч. Хэн нэг нь хэлээд бичүүлээд байгаа юм шиг” гэж ирээд баахан ярив.
Батсүх гавьяат таалагдсан шүлэг бүрээ цээжилчихдэг бололтой. Дууны яруу
найргийн тухай яриа бараг хоёр цаг хэртэй өрнөхөд өчнөөн шүлгийг тэрүүхэндээ
донжтой уншина лээ. Өөрийгөө хөгжмийн зохиолч биш ая зохиогч гэж тодорхойлов.
“Ардын дууг энгийн хүмүүс зохиосон байдаг. Би шүлэгнүүд харж байгаад дуулчихдаг.
Нийтийн дуу гэдэг бол ардын дууны үргэлжлэл. Ая зохиогч нарын хийснийг нийтийн
дуу гэдэг байх. Би бол ая зохиогч. Нийтийн дуу зохиолын дуу шиг хөгжмийн онолд
баригдалгүй, зүрхнээс ундарснаа гоёчлолгүй гаргадаг учраас хүнд амархан хүрээд
байдаг болов уу” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

Зургийн цомгийн багагүй хэсгийг
гэр бүлээрээ гадагшаа аялсан зургууд эзэлжээ. Жилд нэг удаа аялах нь эдний гэр
бүлийн хувьд уламжлал гэнэ.

Гэрийн эзэгтэй гэнэт нэгийг
санав бололтой “Батсүх ээ, нөгөө БНМАУ-аа яриач” гэж шавдуулахад гэрийн эзэн
хөгжилтэй инээснээ “Би багадаа авдар, хувцас, дэрний уут гээд бүх зүйл дээрээ
БНМАУ-ын Батсүх гэж бичдэг байсан юм. Тухайн үедээ товчилж бичихэд амар гэж
бодсон байж магадгүй. Гэхдээ их сонин санагддаг юм. Сэтгэлдээ байшин зурвал тэр
нь бүтдэг гэдэг шиг л юм болсон шиг санагддаг. Намайг сонсох дуртай хүмүүсийн
алга ташилт их урам өгдөг. Яг сэтгэл рүү алга ташаад байх шиг санагддаг.
Үзэгчидтэйгээ ойртож ярьж дуулж сурсных юм болов уу гэж боддог юм. UB палас-т
ирсэн 3000 хүн зэрэг дуулахаар бас их гоё. Ер бусын. Сэтгэлээсээ гаргаж эхэлж
дуулсан дууг минь олон түмэн дуулахаар сайхан санагддаг” гэж ярив.

Биднийг байх үед хамаатан
садных нь хоёр, гурван хүн эзэгтэй рүү ярьж зөвлөгөө авна лээ. Хэн нэг нь ургац
хураасан ногооноосоо өгнө гэж утасдсаныг гэрийн эзэгтэй нөхөртөө дуулгав. Энэ
үгийг сонссон гавьяат “Хүний амьдралд хань их чухал. Тэр дундаа уран бүтээлч
хүнд. Уран бүтээлчид сайн ханьтай байж амжилт гаргадаг. Би их азтай хүн. Дандаа
сайхан хүмүүстэй таарсан. Хоёр хүүгийн минь ээж намайг гавьяат жүжигчин болтол
ар талыг минь авч явсан. Пагма маань нийтийн дууны зах зээлийн жижиг ч гэсэн
орон зайд намайг аваад явж байна. Хоёр талын ах дүү бүгд Пагма руу ярина шүү.
Манай хүн ч зохицуулна гэж сүрхий. Манай ах дүү нар надтай ярихгүй. Пагма руу л
ярина. Утас нь болохгүй бол над руу залгаад Пагма байна уу гэдэг юм” гэж ярив.

Яриа өрнөсөөр нэг л мэдэхэд
оройны 21.40 цаг болсон байлаа. Гэрийн эзэн “Би амьдралынхаа эхний гурван
давааг залуу насны аагаар давсан. Зориг эрч хүчээр. Гурвын даваанд төрөөс цолыг
нь дуудчихангуут онгирч давхиад шинэ зодог шуудаг өмсөөд гарчихсан. Ингээд элэг
бүс сулраад дөрвийн даваанд өөрөө өөрийнхөө мэхэнд уначих гээд их зүдсэн. Өргөн
түмэн түшиж байж дөрөв давуулсан. Тавын даваанд өөрөө ам угтуулаа авсан учраас
давсан. Зургаагийн даваанд толгойгоороо барилдах ёстой гэж бодож байна. Найм
давчих байх гэж бодож байгаа” гэсээр биднийг үдэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Уртын дуугаараа овоглосон Д.ЖАВХААСАЙХАНЫХ

Монгол Улсын соёлын тэр­гүүний ажилтан, дуу­чин Д.Жавхаасайхан, Д.Үүрийн­туяа нарынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлт­гэлээ. Эднийх Удирдлагын академийн урдах “Богдын өндөр” хотхонд байдаг. Үдээс өмнө 11 цагт очиход Д.Үүрийнтуяа “Дасгалдаа яваад дөнгөж сая орж ирлээ” гэсээр угтав.

Тэрээр өглөө бүр бүжгийн дугуйланд явдаг ажээ. Үргэлж олны нүдэн дээр байдаг болохоор гадаад төрх, хувцаслалтандаа анхаарал байнга тавьдаг гэсэн. Харин гэрийн эзэн Д.Жавхаасайхан хүүхдүүдтэйгээ хамт биднийг ирэхийг хүлээж байжээ. Эднийх хоёр өрөө орон сууцанд ам бүл дөрвүүлээ амьдардаг юм байна. Урлагийнх гэхээсээ уяачийнд ороод ирэв үү гэмээр морины олон сувинерээр гэрээ гоёжээ. Бас зочны өрөөний хойморт нэлээд ур шаардаж оёсон болов уу гэмээр найман шарга морь жаазанд хийн залсан байв. Хараа булаам энэхүү зургийг гэрийн эзэгтэй гурван сарын турш оёж ханьдаа бэлэглэжээ. Д.Жавхаасайхан хар багаасаа адуу малд хайртай байсан болохоор гэрт нь хурдан морьтой холбоотой олон сайхан зүйл байдаг юм байна. Гэрийн эзэн ч морины тухай ам хуурайгүй ярьж байв. Энэ хооронд Д.Үүрийнтуяа хоол, цай бэлдээд ширээнд урилаа. “Та нарыг ирсэн болохоор өөрийнхөө брэнд хоолыг хийлээ” гээд банштай цай аягалав. Хөлс гаргаж, ядаргаа тайлмаар түүний хийсэн цайг уунгаа дуучин хосын анх танилцсан түүхийг яриуллаа.

Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёр СУИС-ийн уртын дуучны ангийг төгсчээ. Д.Үүрийнтуяаг нэгдүгээр курст ороход Д.Жавхаасайхан дээд курст нь байсан гэнэ. Нэг мэргэжилтэй, нэг багшийн шавь нар учраас хичээл, бэлтгэл дээр байнга таарна. Аажимдаа хамт хичээлээ давтаж явсаар нэг мэдэхэд бие биедээ дасчихаж. Д.Жавхаасайхан ч Д.Үүрийнтуяаг хичээлээ давтахад нь тусалж мэдэх зүйл дээрээ зөвлөгөө өгч явсаар төгсөх курст байхдаа үерхэж эхэлжээ. Удалгүй сургуулиа төгсч Солонгос руу нэг жилийн хугацаатай тоглолт хийхээр явсан байна. Тэр үед дөнгөж бие биедээ татагдаж байсан хосууд хилийн дээсээр хязгаарлагдан нэг нэгийгээ зүйргүй ихээр санаж байсан гэнэ. Энэ тухайгаа Д.Үүрийнтуяа “Ёстой нэг айхтар санаж байж билээ. Тэр үеийн санахын жаргал бид хоёрыг хэзээ ч салшгүй, заяаны хань болгосон” гэж дурсав. Тухайн үед өнөөгийнх шиг цахим сүлжээ тэгтлээ хөгжөөгүй байж. Тэгээд ч хөдөө өссөн хүүхдүүд болохоор интернэт ашиглан дүрсээ харж ярихыг ч мэддэгүй байсан гэнэ. Тиймээс бие биедээ захиа бичнэ. Хамгийн гоё дэвтрийнхээ голоос урж байгаад л байдаг гоёороо дарамалдан бичдэг байжээ. Хэрэв нэг үг буруу, эсвэл муухай биччихвэл дахин шинээр бичдэг байсан нь тухайн үедээ үгээр хэлшгүй аз жаргал мэдрүүлдэг байжээ. “Чамдаа хайртай. Чамайгаа маш их санаж байна. Чанга тэврэн үнсье. Удахгүй хоёулаа хамт амьдарна аа” гэж сэтгэлийн нандин бүхнээ шингээсэн захиагаа Солонгосоос Монгол руу, Монголоос Солонгос руу явж байгаа хүнд дайна. Бас болоогүй хайртай түүнийхээ дуртай зүйлийг нь бэлэг болгон өгөх гэж хичээнэ. Д.Үүрийнтуяа Сөүлд байгаа түүндээ борц, мах, ааруулнаас эхлээд хэрэгтэй бүхнийг нь өгөх гэж хичээдэг байжээ. Д.Жавхаасайхан ч бас “Хэдэн размерын гутал өмсдөг юм бэ. Чамдаа гоёлын өндөр өсгийт явуулах гэсэн юм” гэсээр асуудаг байсан гэнэ. Монгол руу бүр мөсөн ирэх үедээ хэдэн тор дүүрэн хувцас авчирч өгч байжээ. Д.Жавхаасайхан “Хол байсан болохоор маш их санадаг байлаа. Дэлгүүр хэсч хайртай хүндээ хувцас сонгож санасан сэтгэлээ аргаддаг байсан” гэж дурсав. Тухайн үед бичиж байсан хайрын захианууд нь эдний гэрийн нандин өв болжээ. Захиагаа үе үе гаргаж ирэн уншихаар тэр үедээ дахиад очсон юм шиг хайр, догдлол мэдрэгддэг гэсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтдаа амьдрахдаа олон сайхан аз жаргалтай дурсамжийг бие биедээ үлдээх болжээ. Тэр дундаас хэзээ ч мартагдашгүй нь 2010 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр. Энэ өдөр том охин Ж.Анударь нь мэндэлжээ. Д.Үүрийнтуяа дөнгөж амаржаад удаагүй байтал эмнэлгийн гадаа догдлон зогсоо хань нь “Охиноо хармаар байна” гээд байж сууж чадахгүй байж. Тэгэхээр нь эмч, сувилагчийн нүдийг хариулж байгаад хүүхдээ хөнжилд нуугаад нэг давхарт байх нөхөр дээрээ аваад очжээ. Д.Жавхаасайхан ч хүүхэд рүүгээ нэг гайхсан, нэг үл итгэсэн харцаар хараад байсан гэнэ. Түүнд “Миний хүүхэд шүү дээ” гэж бодохоор л үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай хэрнээ тийм нэг сонин мэдрэмж төрөөд байжээ. Энхрий жаахан охин үр минь гэж бодохоос л сэтгэлийн гүнээс хайр ундарч түүнийгээ үгээр илэрхийлэхэд хэцүү байсан гэдэг. Маргааш нь гэргий, хүүхдээ эмнэлгээс гаргаж авчраад шөнө өвөртлөөд унттал нэг ч хором цурам хийгээгүй гэнэ. Өөдөсхөн охиныхоо үнэрт сэтгэл нь нялхраад, хараад л баймаар санагдаад байжээ. Тэр шөнөө үе, үе өндийж харсаар өглөө болгож байсан гэнэ. Харин бага хүү нь 2012 онд төржээ. Хүүтэй болсон гэдгээ мэдээд Д.Жавхаасайхан “Морь унуулах хүүтэй боллоо” гээд бас л бөөн баяр болж байсан гэнэ. Энэ түүхийг хуучлан суухад Ж.Анударь охин дүүтэйгээ хамт өрөөндөө тоглож байв. Хүүхдийн сониуч зангаар өөрийнх нь тухай ярьж байгааг мэдээд харах боловч томчуудын ярианд саад болохгүй ажээ. Харин хааяа нэг гүйж ирж аавдаа үнсүүлэх юм. Аав нь “Охин хүүхэд аавдаа амь гэж ёстой үнэн байх аа. Бид хоёр чинь бие биедээ амь” гэсээр Ж.Анударийгаа эрхлүүлж байв. Гэхдээ юм юманд хошуугаа унжуулсан эрхийн тэнэг болгохгүй гэж байлаа. Тиймдээ ч зуны сайхан цагт хөдөө мал дээр гаргачихдаг гэсэн. Өнгөрсөн жил цэцэрлэгт өгөхдөө Дундговийн улсын цэцэрлэгийг сонгожээ. Учир нь “Аргагүй амраг” уран бүтээлийн тоглолтоо хөдөө нутгийн үзэгчдэд сонирхуулах учиртай байсан болохоор өвөө, эмээтэй нь ойрхон байлгажээ. Энэ жил ч бас Дундговийнхоо цэцэрлэгт явуулна гэж байв. Д.Үүрийнтуяа “Манай аав, ээжүүд хэзээ байтлаа биднийг дөрөв, таван настай болтол хардаг байлаа. Хөхнөөс гаргаад л зөнд нь орхиж ажил төрлөө боддог байсан. Тэглээ гээд буруудаагүй. Харин ч биеэ даасан, аливаа зүйлийг өөрсдөө шийддэг болдог. Тиймээс хүүхдүүдээ айхтар эрхлүүлье гэж боддоггүй” гэв. Гэргийнхээ яриаг сонсоод Д.Жавхаасайхан “Хань бид хоёр иймэрхүү зүйл дээр маш сайхан санал нийлдэг. Хөдөө өссөн хүүхдүүд ядаж л амьдрах ухаантай болдог. Бид дөрөв өнөө орой гараад давхичихна. Ирэх даваа гаригаас манай хоёр албандаа явна” гэлээ.

Д.Жавхаасайханых 2005 оноос хойш өнөөг хүртэл маш олон нүүдэл хийжээ. Хороолол, Таван шар, Налайх гээд арав гаруй удаа буурь сэлгэсэн гэнэ. Дөнгөж гэр бүл зохиож байсан болохоор байр түрээслээд явж өгнө. Бүр амьдарч үзээгүй дүүрэггүй болтлоо нүүж байжээ. Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёрын уран бүтээлийг дэмждэг “Химон констракшн”-ыхан Налайхын Гордокт хоёр өрөө орон сууц бэлэглэжээ. Тэндээ гурван жил амьдарч байгаад жилийн өмнө одоогийн байрандаа төвхнөсөн гэнэ. Гэхдээ удахгүй “Sunshine village” рүү нүүхээр төлөвлөж байгаа гэсэн. Д.Үүрийнтуяа “Шинэ байранд захиалга өгсөн байгаа. “Химон констракшн”-ы байр. Тэндээ суурьших санаа бий” гэлээ. Яриа өрнүүлэх хооронд Д.Үүрийнтуяа гэрийнхээ ажлуудыг амжуулаад байх юм. Нэг дороо таван минут зүгээр сууна гэж байхгүй. Нэг бол хоол унд хийгээд ид, уу гэж дайлна. Эсвэл ярианд оролцонгоо хөдөө явах гэж байгаа хоёр хүүхдийнхээ ачааг баглах ажээ. Нөхөр нь “Манай хүн их ажилсаг. Уран бүтээлч хүн ар гэрийнхээ ажилд зарцуулах цаг зав багатай. Гэхдээ миний гэргий бүх зүйлээ амжуулчихдаг. Ёстой нэг шидэт саваатай юм уу гэмээр ар гэрийнхээ ажлыг жин тан болгочихдог. Гэрийн эзэгтэйд байх ёстой ийм занд нь дуртай. Дээр нь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, тун тайван хүн дээ” гэв. Харин Д.Үүрийнтуяа нөхрийнхөө ноён нуруутайд талархаж явдаг гэсэн. “Монгол эр хүнд байх ёстой зан миний ханьд байдаг болов уу гэж боддог. Хэр баргийн зүйлийг яриад явахгүй. Нэг, хоёр, гурван юмыг өнгөрөөж байж дөрөв дэх дээр нь дуугардаг” гэж магтана лээ.

Д.Жавхаасайхан дуулахаас гадна хурдан моринд хорхойтой. Долдугаар ангид байхаасаа л хөдөө мал дээр гарсан бөгөөд адуучин болно гэж боддог байжээ. Гэтэл нэг зун төрсөн ах Д.Түвшинсайхан нь ардын жүжигчин Ц.Батчулуун агсныг дагуулаад хүрээд ирж. Ах нь “Морин хуур” чуулгын морин хуурч болохоор багшийгаа дагуулан зуныхаа амралтаар гэртээ иржээ. Ингээд Д.Жавхаасайханыг дуулуултал Ц.Батчулуун “Би чамайг овоо сонсголтой юм байх гэж бодож байсан юмсан” гэж шавиа зэмлэнгүй хэлжээ. Тэгээд Д.Жавхаасайханд “Ийм сайхан дуулдаг хүүхэд дуучин л болох байж дээ” гэж урамшуулсан гэнэ. Ардын жүжигчний хэлсэн урмын үг хүүгийн бодлоос гарсангүй. Тэгэхээр нь намрын нэг өдөр Улсын филармонид ажиллаж байгаа ах дээрээ яваад очиж. Ц.Батчулуун гуайтай уулзахад СУИС дээр дагуулж очоод Ц.Дэлгэр багшид шавь оруулсан гэнэ. Эндээс улбаалаад урлагийн ертөнцөд хөл тавьж дуучин гэх алдар зүүх болжээ. Сургуульд ороод удаагүй байхад нь Н.Норовбанзад гуай Ц.Дэлгэр багштай нь уулзаад “Энэ хүүхдээ надад өгчих. Би дуулахыг нь сонссон. Шавиа болгож авъя” гэсэн гэдэг. Харин багш нь дуулах эрдмийг өөрөө зааж өгнө гэсээр авч үлдсэн түүхтэй. Харин Д.Үүрийнтуяагийн хувьд Дундговийн арван жилийн сургуульд байхаасаа урлагт хайртай, дуулдаг охин байжээ. Сурагч байх үедээ дууны тэмцээнд оролцож түрүүлснээр СУИС-ийн уртын дуучны ангид суралцах эрхийн бичигтэй болж байсан гэнэ. Ийн нэг сургуульд, нэг багшийн шавь нар болцгоожээ. Сургуульд байхдаа тус тусдаа дуулж уран бүтээлээ хийдэг байв. Д.Үүрийнтуяа “Шуранхай” хамтлагтайгаа уран бүтээлээ хийхийн зэрэгцээ бие даасан хэд хэдэн цомог гаргаад амжив. Энэ хооронд Д.Жавхаасайхан “Түмэн эх” чуулгад ажилладаг байжээ. Хосууд 2012 онд гэрлэлтээ батлуулан хуримаа хийсэн цагаасаа хойш хамтын уран бүтээлээ эхлүүлсэн байна. Хоёулаа ардын болон уртын дууны дуучид болохоор уран бүтээл хийхэд ч дөхөмтэй байжээ. “Язгуур” нэртэй ардын болон уртын харилцаа дууны этник цомгоо гаргаж олны хүртээл болгосон нь 2013 он. Уг цомогт багтсан “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Сүнжидмаа”, “Юндэн гөөгөө Сийриймаа”, “Аргагүй амраг” дуунууд нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Цомгоо гаргасныхаа дараа “Аргагүй амраг” тоглолтоо хийв. Уг тоглолтоо хөдөө, орон нутгийн сонсогчдод сонир­хуулах үүднээс эх орноо тойрох аялан тоглолтоо эхлүүлжээ. 21 аймгийн бүх суманд тоглох “Аргагүй амраг” тоглолтыг одоогийн байдлаар таван аймгийн ард олонд сонирхуулаад байгаа юм байна. Үргэлжлэлийг нь ирэх намар хүртэл хойшлуулжээ.

Эдний гэрийн нандин шүтээн нь Д.Жавхаасайханы өвөөгөөс уламжилж ирсэн бурхан тахил. Халхын Эрдэнэ­зуу буюу шашны өлгий нутгаас гаралтай болохоор бурхан шүтээнээ ихэд дээдэлдэг гэсэн. Бас өвөөгийнх нь мөнгөн аяга, хөөрөг бий. Үүн дээр угаалгын машин нэмэгдэнэ. Хуучны хагас автомат угаалгын машин гэрийн эздийн хайртай хогшил. Учрыг лавлавал 2008 онд анх удаа хамтдаа “Учиртай гурван толгой”-г дуулжээ. Тэр үед Улсын филармониос тус бүрт нь 90 мянган төгрөг өгчээ. Хоёулаа 180 мянган төгрөгтэй болчихоод гэртээ хэрэгтэй зүйл авна гэж төлөвлөсөн байна. Маргааш нь зах гарч 130 мянган төгрөгөөр угаалгын машин авсныгаа нандигнадаг ажээ. Д.Үүрийнтуяа “Тэр угаалгын машинаа одоо хэрэглэдэггүй л дээ. Гэхдээ нэг л тийм гоё санагдаад байдаг болохоор хадгалдаг юм. Хэзээ ч хаяхгүй. Магадгүй охиноо хадамд гарах үед өгч болох юм” гэсэн. Бас Өвөр Монголын алдартай уяач н.Баяраагийн өгсөн хурдан морины хусуур хойморт нь байв. Хурдан моринд дуртай Д.Жавхаасайханд уяач залуу өөрийн хайртай хусуураа бэлэглэж байжээ. Түүгээр нь зундаа адууныхаа хөлсийг хусаад өвөлдөө хоймортоо зална. Иймэрхүү маягаар адуу малтай холбоотой эд зүйл эднийд олон байв. Гэрийн эзэн “Хавар болоод ирэхээр өөрийн эрхгүй тогтож суухаа больдог. Миний адуу Өвөрхангайн Хархоринд бий. Өвөлдөө байнга очдог. Харин зун яг л хажууд нь очихгүй бол сэтгэл гэгэлзээд ярих юм биш” гэсэн. Эр нөхөр нь адуунд хайртайг дагаад Д.Үүрийнтуяа ч морь шүтдэг болж байгаа гэнэ. Бүр ирэх зун нөхөртэйгөө хамт хөдөө гарч галынх нь тогооч хийнэ гэсэн амлалт өгчихөөд байгаа ажээ. Саяхнаас ярилцаж байгаад монгол гэртэй болохоор Бат-Өлзий суманд захиалга өгчээ. “Зун гэхэд гэр маань бэлэн болчихно. Гэрээ бариад, айргаа сөгнөөд суух сайхан даа. Тэр үед ёстой нэг жинхэнэ найр хийнэ гэж боддог юм. Монгол гэртээ айргаа уугаад, адуу малаа яриад, дуулж суухаас өөр жаргал хаа байх вэ” гэж Д.Жавхаасайхан ярина лээ. Харин Д.Үүрийнтуяа бүсгүй хүний гангалах дуртай зангаар гоёлын алчуур цуглуулдаг гэнэ. Гадагшаа тоглолтоор явахдаа цуглуулсаар одоо 40 гаруй хүзүүний алчууртай болжээ. Бас үнэртэй ус, монгол дээлэнд гар татдаггүй гэсэн. Анх нөхөр нь “Burberry”-гийн үнэртэй ус бэлэглэснээр цуглуулгаа эхлүүлж байсан бол ажил мэргэжилтэйгээ холбогдуулан дээл сонирхох болжээ. Тэдэнд өдгөө 20 гаруй монгол дээл бий гэнэ лээ.

Гэрийн эзэгтэй зочломт­гой зангаар биднийг үд өнгөртөл дайлан суужээ. Д.Жавхаа­сайхан яриа хөөрөө сайтай, нээлттэй хүн юм. Уран бүтээл, хүч хөдөлмөрөөрөө босгосон амьдралынхаа тухай ярьж суусаар Дундговь руу явах цаг нь болжээ. Хамт явах найз нь гар утас руу нь залгаснаар бидний яриа өндөрлөв. “Зун манай нутагт ирээрэй. Тэр үед гэрээ барьчихаад морио уян сууж байх вий” гэсээр үдэн гаргасан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Өндөр гэгээн Занабазарын Цагаан хот буюу Сарьдагийн хийд

Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд Монгол Улс анхны нийслэл хотоо байгуулж байжээ. Үүнийг батлах хотын туурийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн илрүүлээд байна. Майжиг хүрэн баавгай, бор гөрөөс, буга, хандгай, модны мөчир дамжин гүйх хэрэм гээд зэрлэг амьтны эх өлгий, нисдэг тэрэг, мориноос өөр унаа үл хүрэх хөвч тайгаас түүхийн хосгүй үнэт олдвор ихээр олдлоо. Монгол Улсын ууган хотуудын нэг нь Бух ян, Сонгино ян, Сарьдаг гэсэн чандманилан орших гурван том уулын зүрхэн тушаа газар, наран ургах зүг рүү харсан байдалтайгаар оршин байжээ. Есөн байгууламж бүхий хийд байна. Зөвхөн нэг байгууламжийн нэг хэсэг болох гол цогчины нэгээхэн хэсгийг нь түүхч, археологичид малтан шинжилж байна.

Хоорондоо хэлбэр, өнгө зүс, ур хийц адилгүй, хэлбэр хийц нь давтагдаагүй 500 гаруй шавар бурхан илрэн олдсон тухай мэдээллийг сонсоод, тэнд очиж үзэх юмсан гэж бодогдож байв. Өнгөрсөн жилээс хойш Өндөр гэгээний байгуулсан нэгэн томоохон суурин хийд байсан газарт судлаачид ажиллаж байгаа гэх мэдээлэл их л содон сонин байсан нь энэ.

Чингээд Сарьдагийн хийдийн малтлагыг санаач­лагч, Төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай саяхны нэг өдөр уулзлаа. С.Чулуун докторт “Манай сонинынхон та бүхний илрүүлсэн Сарьдагийн хийдэд очиж өнжих гэсэн юм. Яаж хүрэх вэ? Түүхийн хосгүй үнэт олдворууд малтлагаар илэрч олдсон гэж дууллаа” гээд тулгасан байдалтайгаар хэлчихлээ. Өөдөөс “Хэн тэгж байна. Хаанаас ийм мэдээлэл авсан юм бэ” гэснээ “Энэ жил харин Хотын захиргааныхны дэмжлэг тусламжаар Хэнтийн нуруунд хоёр жилийн өмнө эхлүүлсэн малтлагаа нэлээд өргөн хүрээтэй эхлүүлээд гурван сар орчим ажиллаж байна. Мэдээж чухал олдворуу­даас гадна хотын бүтэц зохион байгуулалтыг бүрэн таньж мэдэх хэмжээний судалгааг хийгээд байна. Бидний хийсэн малтлагаар XVII зууны үеийн Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж байсан Төгсбаясгалант Номын Их хүрээ буюу Цагаан хот байрлаж байсан газар гэдэг нь тодорхой болж байна. Энэ нь түүхийн олон эх сурвалжаар батлагдаж байгаа юм. Бид­ний зүгээс танай сонины сэтгүүлчид очиход татгалзах зүйл байхгүй. Харин малтлага хийж байгаа газарт хүрнэ гэдэг их хэцүү. Машинаар гарах юм бол Зил-131 машинаар хоёр өдөр болж байж арай гэж очно. Гэхдээ саяхан бороо их орсон гэсэн. Намагт суучих юм бол цааш явна гэж саналтгүй. Шатахуун, тос ч их орно. Өөр нэг арга гэвэл Мөнгөнморьт сумын ойролцоо очоод мориор намаг торлог, ой модон дундуур өдөржин яваад үдшийн бүрийгээр Сарьдагт хүрнэ. Замдаа саатах юм бол хөвчид хонох болно. Би саяхан мориор яваад ирлээ. Гэхдээ долоо хоног хүлээж чадна гэх юм бол нисдэг тэргээр явах санаа байна. Гол эвдрэх магадлалтай олдворуудаа татаж ирэх юм” гэлээ. Бид тохиролцож, долоо хоногийн дараа Налайх дүүрэгт байр­лах Зэвсэгт хүчний нисэх ангийн “Ми-8” нисдэг тэргээр Сарьдагийн хийдийг зорин гарлаа. Туул голын ай савыг даган цаг гаруйхан нисээд Бух ян уулын хормойд буулаа. Эндээс хэдэн километр орчим өгсөж алхаад малтлага хийж буй газарт хүрэв.

Хөвчид намар цаг хэдий­нэ иржээ. Модны навчис шаргал, улаан, ногоон өнгөөр солонгорч харагдах аж. Цэв цэнгэг агаар цээж дүүрэн амьсгалах зуур хаа нэгтээгээс шувуудын эцэж цуцахаа мэдэхгүй шулганан жиргэх, голын ус хоржигнон урсах нь байгалийн хөгжим гэлтэй. Сагсгар сүүлтэй хэрэм модноос модонд дүүлж, хөвч тайгад хэн ирэв гэх шиг сониучирхана. Час улаан, хар хүрэн өнгийн будаг нэлэнхүйд нь цацчихсан юм шиг аньс, улаалзгана тэргүүт жимс ургажээ. Хэзээ мөдгүй бөөрөөрөө язрах гэж байна уу гэлтэй бүрэн боловсорсон байгаа харагдав. Багахан салхи гарахад л ишнээсээ мултарч унахад хэдийнэ бэлэн болсон байв. Хуш модыг багахан доргиоход боргоцойн бороо нирхийтэл буугаад ирэх юм. Ай, өвлийн өмнөх намар цагийн хөвч тайга ийм л тансагхан байдаг ажээ. Ой дундуур уул өөд алхаж явтал Сарьдагийн хийдийн малтлагыг ахалж байгаа залуу судлаач Э.Уртнасан биднийг тосон ирлээ. Мэнд мэдэлцээд л шууд ажил хэрэгтээ орж байгаа юм. С.Чулуун доктор “За юу болж байна. Хоол унд давгүй юу, малтлага хэр явж байна, олдворуудаа бүртгэлжүүлж байна уу. Хойд хэсгийн тасалгааг малтчихсан биз дээ” гэж асууж байна. Хариуд нь Э.Уртнасан “Дахиад хэдэн жижиг бурхан олдсон. Голын жижиг тасал­гааг бүрэн гаргасан. Үүдний довжоо хаалга бүрэн нээгдсэн. Одоо зүүн хойд хэсэг рүү орж байна” гэлээ. “Болгоомжтой үзэж байгаа биз дээ, цаадуул чинь. Тэр хэсгийг л маш болгоомжтой байхгүй бол хана хэрэм нурах аюултай шүү гэж сануулж байх юм. Удалгүй хүрэх газраа очлоо. Биднийг очих үед малтлага ид явагдаж байсан юм. Зүүн хойд хэсгээс жижиг бурхадын толгой ярайтал цухуйж байлаа. Мөн том хэмжээний шавар бурхан давхар хэрмийг нурахад цөм цохигдсон байдалтай гарч ирж байлаа.

Цагаан хотын дүр зураг

Хотын туурь байсан газрыг бүхэлд нь модоор хашаалжээ. Хашаан дотор овгор шороон далан байв. Энэхүү шороон далан Сарьдагийн хийдийг тойрсон шороон хана хэрэм байсныг илтгэж байгаа аж. Шороон хана хэрмийн дотор талд 1.5 метрийн өргөнтэй, хоёр метр гаруй өндөр чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Мөн шороо, чулуун хэрмийн ойр орчимд хавтгай чулууг газарт шигтгэж явган хүний зам тавьсан хэсгийг ил гаргажээ. Хэрмийн ханын чулууг байгалийн энгийн хадыг заадсаар нь хагалан хавтгай талыг гадагш харуулан нямбай өрсөн байв. Гадна хэсгийг шороогоор дэлдэж өнгөлөөд цагаан өнгийн шохой­гоор будсан байна. Гол хэрмийг шороо дэлдэж бариад түүнийгээ гадуур нь маш нарийн зассан чулуугаар хэрэмлээд чулуун дээрээ нэлээд зузаан цагаан шохой түрхэж барьсан нь тодорхой мэдэгдэх юм. Монголчууд Цогт хунтайжийн цагаан хот, Эрдэнэбаатар хун тайжийн цагаан сайр хот байсан туурийг мэддэг байсан. Тэгвэл XVII зуунд Хан Хэнтийн нуруунд байгуулсан Өндөр гэгээний цагаан хот Сарьдаг уулын өвөрт оршин байсныг илрүүлээд байгаа нь энэ аж. Хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон байна. Суваргыг шинжилж үзэхэд Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байгаа гэнэ. Суварга дотроос аравнайлсан зүйлс нь яг хэвээрээ олдсон байна. Чулуун хэрмийн өндөр довжоо бүхий хаалгаар дотогш нэвтэрдэг байхаар зохион байгуулжээ. Модон хаалга болон, хаалганы нугас гэх мэт зүйлс малтлагаар олдсон байна. 100 гаруй метр квадрат талбайг бүхэлд нь хагалж хавтгай болгосон чулуугаар шал хийжээ. Ингэхдээ чулуугаа хөрсөнд шигтгэж дэвссэн байна. Одоогоор цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогдсон гэнэ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьж байсан нь илэрчээ. Чулуугаар суурь хийж, дээр нь сүм, дуганаа барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай. Дундаа том цогчин дугантай. Тэрийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсан гэдгийг олж тогтоосон нь энэ. Ингээд есөн объект байгаагийн хамгийн том байж болох цогчин дуган байж магадгүй овгор шорооноос малтлагын ажлаа Түүх, археологийн хүрээлэн­гийнхэн хоёр жилийн өмнө эхлүүлжээ. Тэд өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэнд ийм хүнд хэцүү нөхцөлтэй газарт малтлага ер нь хийж байгаагүй гэнэ. Мөн Монголын эрдэмтэн судлаач нар өөрсдөө бие дааж, гадаадын судлаач, хөрөнгө оруулалтгүйгээр анх удаагаа үндэсний том экспедицийг эхлүүлэн, амжилт­тай малтлага явуулж байна. 300 гаруй жилийн турш аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй шахуу хийдийн туурийг малтан судлах ажил хэрхэн хийгдэж байгааг сонирхлоо. Түүх, археологийн хүрээлэн тэргүүлэн, Богд хааны музей, Улаанбаатар сургуулийн оюутан зэрэг 30 гаруй шижигнэсэн залуус малтлагын ажлыг хийж байв. Биднийг очих үед залуус чөлөө завгүй шороо, чулуу зөөж байв. Ёстой л залуу насны эрч хүчээр ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Гол цогчин дуган байсан газрыг хэд хэдэн үе шаттайгаар ухаж эхэлсэн байна. 300 гаруй жилийн настай мод зайлуулахаас эхлээд хэдэн мянган метр куб чулууг эгнүүлэн кублэж, шороог уул овоо мэт хэрмийн гадна талд маш нягт нямбай овоолсноос залуус яаж ажилласан нь бэлхэн харагдана. Археологийн судал­гаа бол зүгээр газар малтахаас тэс өөр, өөрийн дэг ёстой, ном журамтай. Үнэхээр хүнд нөхцөл, их хүч, зориг орж л энэ соёлын гайхам­шигт өв бидэнд дахин эргэн ирж байгаа юм байна лээ.

Нурсан хотын туурийг 300 жилийн хөрс түрж ногоо ургасаар бүхэлд нь битүү дарчихсан байжээ. Малтлага эхлүүлсэн Дуганы баруун хойд хэсэг тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд долоон тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. Барилгын чулуун ханын нурангийн дээд хэсэгт салхивч цонх байсан ул мөр олдсон бай­на. Салхивч цонхноос дээш ханын үлдэгдэл хоёр метр гаруй өндөр байгаа нь барилгыг хоёр давхар байсныг харуулж байгаа аж. Түүнчлэн ваарны хагархай чимэглэл, тоосго, монгол аргаар хийсэн хадаас, төмөр утас олноор гарч иржээ. Монголчууд 1654-1687 оны үед тоосго, ваар, хадаас, төмөр утсаа өөрсдөө хийдэг байсан нь эдгээр эд, олдвороор нотлогдож байгаа аж. Өөр нэг нотлох зүйл нь уг барилгын дээврийг чимэглэл бүхий ваараар битүү чимэглэсэн байжээ. Дуганы шалыг арав гаруй см хэртээ шороо дэлдэж, нягтаршуулж хийсэн, мод дөрвөлжилж палк шиг болгоод тусгайлан янзалж зассан нь тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байв. Том хийд байж магадгүй гэх энэхүү хэсгийг гурван жилийн турш малтан энэ зун л гол олдворуудаа гаргаж эхэлсэн байна. Малтлагын гүн гурван метр гаруй болоод ирэх үед бадам цэцгийн суурин дээр завилан суулгаж урласан 15 см өндөртэй шавар бурхад олноор илэрч эхэлсэн байна. Олдсон бурхад Язгуурын таван бурхан гэдэг нь тодорхой болсон байна. Байгууламж нурах үед эвдэрч хэмхэрсэн байдалтай маш олон бурхан олдоод байгаа гэнэ. Одоогоор Язгуурын таван бурхадыг сэргээн засварлаж, янзлаад байгаа нь мянга орчим болжээ. Цаана нь сэргээх олон зуун бурхан байгаа гэсэн. Удахгүй гарч ирсэн бурхадыг бүгдийг нь сэргээх аж. Маш нарийн бүртгэлжүүлэн баримтжуулж, тусгай дугааруудыг сэргээн засварлагч залуус газар дээр нь хийж байсан юм.

Нарийн хийцтэй маш том бурхан олдлоо

Биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө эндээс түүхийн хосгүй үнэт бүтээлүүдийг гарган авсан байлаа. Дөрвөн хөл бүхий тулган дээр хүрэл тогоо тавьж, тогоон дотор бортгон суурьтай гангар шаазан, түүний дэргэд цул мөнгөн аяга тавьсан байсан гэнэ. Мөн тогоон дотор будааны төрлийн ургамал болон хушга, том ясан үртэй жимс зэргийг хийсэн байжээ. Эдгээрийн дээр олон хэсэг хугарсан боловч ямар нэгэн бурхан зурсан нь илт мэдэгдэх хоорондоо наалдсан, тэнийл­гэж үзэх боломжгүй болсон нимгэн мөнгөн ялтас олдсон байна. Мөн тогоон дотор болон гадна талаас олон өнгийн чулуугаар хийсэн эрхиний ширхэгүүд, жижиг мөнгөн эдлэлийн хугархай, мөнгөн зоос, нимгэн алтан ялтасны хэсгүүд илэрсэн байна. Тулган дотроос тогооны ёроолын хагархайнуудын хамт ган дөш гарчээ. Тулга, тогооны хойд талд төмөр ялтсан хуяг бүхий баатрын цээж хэсгийн өмсгөл, түүний дээр ялтсан шилэвчтэй төмөр дуулга байжээ. Үүний хоёр талаас илд олдсон бөгөөд зүүн талын илдний гадна талд цахиур гар буу тавьсан байсны мод нь өмхөрч үгүй байсан гэнэ. Хамгийн чухал нь метрийн голчтой бурханы суурь байх бөгөөд үүний урд талд байрлуулсан модон хашлага дээр шавраар хийсэн өлзийт найман тахилын дөрөв нь хос загас, бумба, бадам цэцэг, найман хэгээст алтан хүрд байсан гэнэ. 1600 оны үед баатруудын өмсч байсан хувцас хэрэглэл, сэлэм, мөнгөн аяга, алх дөш гээд үнэт соёлын өвийн зүйлс олноор гарчээ. Харин биднийг очих үед нэгэн сонин зүйл дуганы нэг хэсгээс олдсоныг малтах ажил хийгдэж байлаа. Залуус нялх хүүхдэд хүрэх гэж байгаа юм шиг л маш болгоомжтой малтлага хийх аж. Хөрсний өнгөн хэсгийг хүрз, жоотуугаар ухахаас биш бусад үед багс, бийр шиг зүйлээр шороог цэвэрлэж байгаа нь маш их ажиллагаа, тэвчээр шаарддагийг харуул­на. Э.Уртнасан, Ч.Энхтуул нар илэрсэн бурханы нэг хэсгийн шороог гаргаж байв. Шавраар хийгдсэн, олон зуун жил газарт дараас­тай байсан болохоор хамаагүй хүрвэл эвдэх аюултай. Ихэд нандигнан, маш болгоомжтой хандаж байв. Ягаан туяатай шавар зүйлийн хажуугаар мөн л атгасан гараас арай томхон бурханы толгойнууд ярайтал цухайж харагдах ажээ. Тэнд байсан 30 гаруй хүн нам гүм. Амьсгалах чимээ л сонсогдох юм. Бүгд л юу гарч ирэхийг амьсгаа даран хүлээсээр байлаа. Дотроо бүгд “Хурдхан гаргаад ирээсэй” гэж яарч байгаа нь илт. Гэхдээ ийм зүйлд яарч болохгүй гэдгийг археологичид юу эс андах билээ. Яарвал түүхийн хосгүй үнэт өвийг эвдэж сүйтгэж ч мэднэ. Малталт хийж байгаа хүмүүсийн ард сэргээн засварлагч Н.Нандинцэцэг бэхжүүлэгч бодисоо барьчихсан бэлэн зогсож байгаа. Малтаж буй зүйлс бүхэлдээ гараад ирвэл бэхжүүлэх ёстой.Үүний дараа байрнаас нь хөдөлгөж гаргаж ирэх юм. Хэсэг малталт хийлээ. Тэгсэн ямар нэгэн том зүйлийн гар байж магадгүй зүйл тодроод байх. Хумс, хуруу, сарвууны ар, шууны хэсэг яах аргагүй мөн байлаа. Их том гар эхлээд олдлоо. Түүний дараа тэр хэрийн хэмжээтэй хөлийн хуруу цухуйж байна. Археологичид “Том бурхан энд байрлаж байжээ. Ямар бурханыг ингэж том хийсэн юм бол. Хийдийн хамгийн гол шүтээн байж дээ. Хөл, гарны цаахна их бие, толгой нь байж таараа” гэж хоорондоо ярьж байлаа. Ингээд том хэмжээний шавар бурханых байж болох 130 см урт гар, 120 см урт хөлийн хугархайг бидний дэргэд илрүүллээ. Уг бурханыг бадам цэцгийн дэлбээгээр тойруулан чимэглэсэн суурин дээр босоо байдалтай байжээ гэсэн дүгнэлтэд хүрэв. Гар, хөлний хэлбэр хийц, хумс хуруу нь маш нарийн хийцтэй байгааг археологичид ярив. Мөн дундуураа хуваагдсан Язгуурын таван бурхан байж магад­гүй арав гаруй жижиг бурхан хажуухнаас нь гарлаа.

Ирээдүйн шилдэг судлаачид энд бэлтгэгдэж байна

Хээрийн судалгаанд Түүх, археологийн хүрээлэн, их дээд сургуулийн мэргэжлийн ангийнхан хэдэн жил ажил­лаж байна. Тэднээс Сарь­дагийн хийдийн малтлага судалгаагаар Э.Уртнасан, Ч.Энхтуул, сэргээн засварлагч бөгөөд шавар урлалын чиглэлээр Н.Нандинцэцэг, бурхан урлал талаас нь Богдын музейн судлаач Гүнчин-Иш, сүм хийдийн аман түүх талаас нь угсаатны зүйч Г.Бямбарагчаа, сэргээн засварлах, уран барилга талаас нь залуу судлаач Батцоож нар гээд бүгд л чиглэл чиглэлээр мэргэшиж байгаа мэргэжилтнүүд ажээ. Сэргээн засварлагч Н.Нандинцэцэг “Монголчууд ямар мундаг уртай байсан бэ гэдэг нь энэ хотын тууринаас олдсон зүйлсээс илт байна. Олдож байгаа бурхадын хувьд маш нарийн хийцтэй. Хэдэн зуугаараа олдож байгаа мөртлөө хоорондоо харилцан адилгүй, давтагдахгүй хийцтэй байна. Язгуурын таван бурхан гэхэд олноор олдож байгаа. Тэгсэн мөртлөө нүд, суурины бад зэрэг нь өөр байгаа юм. Цэцгийн дэлбээ нь есөн ширхэгтэй байхад нөгөөх нь 11 ширхэгтэй байдаг ч юм уу. Бас газар доор гурав, дөрвөн зуун жил болчихсон болохоор олдворууд мөөгөнцөр нян бактери ихтэй байдаг. Үүнийг нь спиртээр саармагжуулаад дараа нь бэхжүүлээд авч байна” гэв. Бага үдийн алдад том бурханы хөл, гарыг малтаж эхэлсэн багийнхан нар шингэхийн алдад бүрэн бүтнээр нь гаргаж чадлаа. Маш том толгойтой, цээжний хэсэг гээд бүхий л зүйлс нь нарийн хийцтэй бурхан ажээ. Цогчин дуганы их шүтээн байсан бололтой. Удахгүй хэдэн метр бурхан болохыг шинжилгээгээр тогтоох юм гэсэн. Том бурхан гаргасан багийнхан бүгд баяр хөөртэй байгаа нь царайнаас нь тодхон харагдах ажээ. Том ажлын ард гарч байгаа нь энэ.

Хөвчид эрт харанхуй болдог ажээ. Нар хэдийнэ баруун уулын цаагуур гудайчихсан байлаа. Сарьдагийн хийдийн малтлага хийж буй багийн залуус “Эхлээд хөвчид ирээд чулуу, шороо зөөгөөд шантарч байлаа. Өглөөнөөс орой болтол шороо, чулуу зөөнө. Шувуу тэнгэрт эргэхээс өөр ямар ч хөдөлгөөн байхгүй. Хамгийн ойрхон айл 70 километрийн цаана байдаг. Одоо харин ажил жигдрээд сайхан байна. Бид Монголын археологийн түүхэнд хамгийн хүнд хэцүү газар малтлага хийж байна. Бас хамгийн том малтлагыг хийж байна. Маш их зүйл сурч мэдэж авч байна. Дээрээс нь цалин хангамж сайн байгаа болохоор сэтгэл хангалуун байна. 32 жилийн турш олон мянган хүн хүч хөдөлмөрөө шингээж барьсан хот юм чинь эргээд малтахад хэцүү байх нь аргагүй шүү дээ” хэмээн ярьж, инээлдэж байлаа. Тэд малтлагаа дуусгаад хоол, цайндаа орчихоод сагс, волейбол тоглон шуугилдах ажээ.

Сарьдаг уулын өвөрт Монголын нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотыг анх байгуулж байсан түүхэн баримт

Хэнтийн нурууны энэ тайгад 300 гаруй жилийн өмнө Өндөр гэгээн Занабазар хот барьж байсан гэдгийг яаж мэдсэн юм бэ гэдгээс би асуултаа эхлүүллээ. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун “Өндөр гэгээн Занабазар энд Сарьдагийн хийдийг байгуулж байсан талаархи аман болон бичгийн түүхийн баримт олон байдаг. Энэ талаар судалгаа хийгээд л байсан. Судалгаанаас маань жил ирэх тусам энд том хэмжээний хийд бүхий хотын туурь байгаа нь мэдэгдэж байсан. Бид чинь хэдэн жилийн өмнө ямар ч мөнгөгүй шахуу хүрээлэнгийн хэдэн залуус анхны судалгааг явуулж байснаа бодвол хамаагүй дээр нөхцөлд үр дүнтэй ажиллаж байна” гэв.

Халхын шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн багш Өндөр гэгээн Занабазарын намтарыг 1698-1702 онд түвэд хэлээр бичиж дуусга­сан “Гэгээн толь” хэмээх бүтээлдээ багтаан оруулсан байдаг аж. Дээрх бүтээлд “Богд Жибзундамбын ердийн товч намтар” хэмээх намтар зохиолд Сарьдагийн хийдийн түүхэнд холбогдох анхдагч сурвалж байдаг аж. Уг сур­валж бүтээлд “Үй Зан орнуудад очихдоо сургуульд шавилах тухайгаа Банчин Богдын гэгээнд айлтгахад “Чи энд шавилан сууснаас Монгол орондоо хуврагийн аймгийг байгуулбаас шажин амьтанд илүү тустай болно хэмээн айлдсан болой. Энэ ёсоор Жалба хэмээх модон морин (1654) жил Хэнтэй хан хэмээх газар Рибогэжэлин хэмээх хийдийг байгуулж эхлэв” хэмээн өгүүлжээ. Эндээс үзэхэд, Өндөр гэгээн Занабазар Түвдээс буцаж ирсний дараа буюу 1654 онд Хэнтий ханы өвөрт Рибогэжалин буюу бүтэн нэрээр Рибогэжаган­даншадувлин хэмээх Сарь­дагийн хийдийн эх суурийг тавьсан нь тодорхой харагддаг байна.

Мөн үүнийг хожуу үед зохиогдсон “Богд Жибзун­дамбын анхны төрлийн нэр оршивой” хэмээх мон­гол сурвалжид “Эеэр засаг­чийн арван нэгдүгээр он хөх морин жил (1654) Богд Жибзундамбын гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-гандан­шаддублин хэмээх Номын Их Хүрээ байгуулав” гэжээ. Дээрх түүхэн эх сурвал­жаар их сонин зүйлийн зангилаа тайлагдаж байгаа гэдгийг Монголын нэртэй түүх судлаачид онцолж байгаа гэнэ. Дээрх түүхэн эх сурвалжаас үзэхэд Өндөр гэгээний байгуулсэн Цагаан хот буюу Сарьдагийн хийд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхтэй холбогдох ихээхэн чухал мэдээ болж байгаа гэнэ. Хэнтийн ууланд Өндөр гэгээний байгуулж эхэлсэн тэрхүү хийд нь хожим нутаг сэлгэн нүүсээр Туул голын хөндийд Хүрээ болон суурьшиж эцэстээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болсон байна. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээнийг одоо­гийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар (хуучны Хүрээ, Их Хүрээ)-ыг үүсгэн байгуулагч мөн хэмээн үзэж болох гэнэ. Учир нь Монголын түүхийн он дарааллын сурвалж бичгүүд ба Их Хүрээний он дарааллын бичгүүдийн аль алинд Өндөр гэгээн Халхын шашны тэргүү­нээр өргөмжлөгдсөн 1639 ба Хүрээний анхны долоон аймаг бай­гуулагдсан 1651 оны алийг нь ч Их Хүрээ байгуулагдсан он гэж тооцдоггүй гэнэ.

Харин Их Хүрээний уламжлалт заншил ёсоор Хэнтий ханд суурин сүм хийд байгуулагдсан хөх морин жил буюу Сарьдагийн хийдийг байгуулсан 1654 оныг Их Хүрээ байгуулагдсан он гэж албан ёсоор тооцдог байна. Улаанбаатар хот байгуулагд­сан ойгоо дээрх оноор одоо тооцож байгаа билээ. Мөн 1873 онд Их Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодба нарын зэрэг эрх баригчдаас тус хийдийн Вангай аймгийн лам нарт явуулсан нэг бичигт Их Хүрээ байгуулагдсан оныг заахдаа “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил /1654/ цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” гэсэн байна. 1925 онд Их Хүрээний албан ёсоор батлагдсан жаяг дотоод дүр­мийн оршилд ч 1654 оныг Их Хүрээ анх байгуу­лагдсан он гэж тэмдэглэгдсэн ажээ. Ингэхээр Өндөр гэгээн Зана­базар анх Монгол Улсын нийс­лэл хүрээг хөвч тайга дунд буюу Сарьдаг уулын өвөрт байгуулж, улмаар хэд хэдэн удаа нүүж, одоогийн Улаанбаатар хотын газарт ирсэн түүх­тэй гэдгийг С.Чулуун док­тор онцолж байлаа.

Өндөр гэгээн Цагаан хотыг 32 жилийн турш барьж байгуулсан болох нь нотлогдох түүхэн баримт ч байдаг гэнэ. Цагаан хотыг барьж дуусгасан тухай Зая бандидын зохиосон “Өндөр гэгээний намтар”-т, “Дондув хэмээх шороон хонин (1679) жилийн өвлийн адаг сар би Монгол орондоо хүрч ирэв. Дагбо хэмээх төмөр мичин жилийн (1680) зун энэхүү Богд гэгээнд мөргөхөөр ирэв. Хийдийн гадна талын ихэнхийг барьж дуусгаад бурхан шүтээнийг нь бүтээж байсан үе байв. Тэнд арваад хоног саатаж зарлиг авшиг айлтгав. Садба хэмээх гал барс жилийн (1686) зун Рибогэжалин хийдийн бурхан шүтээн бүтээсэнтэй зохилдуулж зарим лам нараар равнай хийлгэж соёрхов” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг аж. Үүнээс Зая бандид Лувсанпэрэнлэй Хүрээний түүхтэй холбогдох хоёр чухал он цагийг тодруулж өгчээ. Сарьдагийн хийдийг барих ажил өмнө дурдсан модон морин жил буюу 1654 оноос гал барс жил буюу 1686 оны зун болтол даруй 32 жилийн турш үргэлжилсэн болохыг гэрчилдэг байна.

Зөвхөн нэг хийдийн туурийг малтахад ховор эд зүйл олон гарч байхад дараагийнхаас нь юу гарч ирэх бол…

Сарьдагийн хийдийн алтан орой нь нарны гэрэлд гялалзан харагддаг гэсэн домог байдаг. Энэхүү хот Халх Ойрадын дайны үед устаж үгүй болсон түүхтэй. Ойрадын цэргүүд Цагаан хотыг олж чадахгүй хэд хоног хөвчөөр бэдрэн явсны дараа нарны гэрэлд цогчин дуганы орой шаргалтан харагдаж байсан гэсэн түүх байдаг. Тэгвэл түүнийг батлах зүйл олдсон байна. Сүмийн дээврийг хооронд нь углуургаддаг ваараар хийж, эмжээрийг нь хээ угалзаар чимж алтаджээ. Мөн бусад хэсгийг боронзоор өнгөлж, алтан шаргал орой хийсэн нь олджээ.

Захирал С.Чулуун “Анх хөвчид хот балгасын туурь байна. Түүхийн сурвалжаар Өндөр гэгээний барьсан хот бололтой. Малтаж үзэх гэсэн юм” гээд хөрөнгө санхүү гаргуулахаар хүмүүстэй уулзсан. Гэвч “Яаж ч бодсон хөвчид хот байна гэж байхгүй” гээд санхүүжүүлэх хүн, газар олдохгүй байсан. Тэгэхээр нь зориг гарган хүрээлэнгээс боломж бололцоогоороо хөрөнгө гаргаад Сарьдаг руу намар морь хөлслөн гарсан. Бид намар оройтож ирсэн юм. Очоод хоносны маргааш нь нэвсийтэл цас уначихсан. Шөнө оройдоо бузгай хүйтэн болчихсон байлаа. Гэвч бид дараа жил малтах газраа сон­гох, хотын зураглал үйл­дэх, орчны байдал, аман түүхийн мэдээлэл гээд нэлээд үр дүнтэй буцсан. Тэр үед үнэхээр “Энэ том хотын туурийг малтах бол шал худлаа юм байна. Энэ төслийг зогсооё гэж хүртэл бодогдож байсан. Анх ийм олдвор гарна гэж үнэндээ төсөөлөө ч үгүй. Булганы Хар бухын балгаснаас гарч байсан шиг үйсэн дээрх бичиг, чулуун хөшөө зэрэг гарч магад­гүй гэж төсөөлөн бодож байлаа. Гэхдээ бид одоо түүх, археологийн түүхэнд том гавьяатай хүмүүс болчихсон шүү. Үнэндээ олдвороос илүү энэ хотын бүтэц зохион байгуулалт чухал байсан” гэв.

Сарьдагийн хийдийг хам­гийн анх 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэнээс хойш 1923 онд Судар бичгийн хүрээ­лэнгээс судлаачид томилон танилцуулж байсан гэнэ.1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээ­лэн, Төв аймгийн музейтэй хамтарч энд ирж үзчихээд буцсан байдаг аж. Гэхдээ нэг өдөр өнжиж, ганц хоёр газраас дээж авснаас цааш­гүй байсан гэсэн. Гар бие, сэтгэл нийлж чадвал үр дүн заавал гардаг гэдгийг эндээс харж болохоор байлаа. Өнгөр­­сөн жилийн малтлагын дараа Улаанбаатар хотын захиргаатай хамтран Олон улсын хурал хийх үед Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандахад “Үнэхээр сонин юм байна. Манай нийслэлийн түүх улам өргөжнө, бид бүрэн дэмжиж ажиллая” гэснээр уг судалгаа эзэнтэй болж, энэ дайтай хийгдэх үүд нээгдсэн аж. Малтлагийн багийнхан Э.Бат-Үүл дарга, Нийслэлийн Тамгын газрын дарга Ё.Гэрэл­чулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Хан хэнтийн Дархан газрын захиргаа, түүний захирал Б.Хаш-Маргад болон бусад тусалж дэмжсэн бүх хүмүүст танай сониноор уламжлан талархлаа илэр­хийлж байна” гэсэн. Малт­лагаас гарч ирсэн зүйлсийг газар дээр нь сэргээн засвар­лаж, бүртгэлжүүлж, судалгаа шинжилгээ хийж, тусгайлан бэлдсэн хайрцаг саванд хийн Улаанбаатарт авчирч байгаа юм байна.

Сарьдаг, Сонгино ян, Бух ян гэсэн гурван уулын зүрхэн тушаа газарт орших Сарьдагийн хийд далайн түвш­нээс хоёр мянган мет­рийн өндөрт оршиж байгаа гэсэн. Онгоцоор нисч, ойр хавийн уулсыг судалж үзэхэд яг ийм байрлалтай газар олдоогүй байна. Мөн Сарьдаг уулсынхаа хоёр сугаар гол урсаж, Туул голын эх рүү нийлсэн байгалийн тансаг үзэмжит газар монголчууд нийслэл хүрээгээ анх барьж байсан түүх ийм ажээ. Бүрэн­хий болсон хойно Улаан­баатар руу бид ниссэн юм. Ийнхүү монголчуудын соёл, түүх, ур, оюуны гайхамшгийг гэрчлэх судалгааны асар их түүхэн баримт бүхий бүхэл бүтэн хотын туурь Хэнтийн нуруунд цаг, минутаар “босож” байна.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

“Арслан”-гийн гөжүүд шавь

Дуурийн театрын тайзнаа “Хязгааргүй” моно операгаа 350 ам.доллараар тавьж тухайн үедээ шуугианы эзэн болж байсан эрхмийнд өнжлөө. Төв аймгийн ”Монгол туургатан” театрын дарга байхдаа найруулсан “Хязгааргүй” нь тэр жилийнхээ “Гэгээн муза”-гийн хөгжимт драмын төрөлд хамаг цомыг нь хамж, бүр гран приг нь хүртэл авч байсныг театрт дурлагчид андахгүй. “Хязгааргүй” моно операг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулсан юм. Тэрээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа аж. Ч.Ганхуяг найруулагч руу өнгөрсөн баасан гаригт утас цохилоо. “Хүрээд ир ээ” гэж уриалгахан зөвшөөрлөө. Найруулагчийнх Төв аймгийн Зуун мод суманд хоёр өрөө орон сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй “Гэгээн муза”-гийн хэд хэдэн цом эгнүүлсэн ханын шүүгээ, буйдан, телевизтэй зочны өрөөндөө урив. Бага охин нь цай хоол бэлдэхэд ээждээ тусалж, найруулагч бидэнтэй яриа дэлгэлээ.

Ч.Ганхуяг найруулагчийн багш нь “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Г.Доржсамбуу юм байна. “Миний багш наддаа бурхан. Хоёрдугаар курсээсээ багшаасаа салаагүй. Би ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн юм. Шулуун шударга гэж жигтэйхэн хүн байсан. Их хатуу үгтэй. Хүний алдааг нүүрэн дээр нь шууд хэлж орхино. Хүнийг том жижиг гэж сүрдэхгүй, бардахгүй. Намайг дипломын жүжгийнхээ сургуулийг хийж байтал Гомбосүрэн гуай тайзан дээгүүр алхаад буугаад явчихлаа. Тэр мундаг том жүжигчинд нэг муу оюутан юу хэлэхэв. Гайхаад зогсч байтал багш, хөөе чи зогс гэж хашгирдаг юм.

За тэгээд л хэн чамд ингэж заасан юм, театр гэж юу болохыг мэддэггүй ийм хүн театрт ажиллаж байдаг, Монголын хамаг төмрийг энгэрээрээ дүүрэн овоолчихоод юугаа мэдэж явсан амьтан бэ чи, орж ирсэн газраараа буцаад гар гэж ирээд тачигнаж гарлаа. Гомбосүрэн гуай ч уучлал гуйгаад буцаад алхсан. Ийм тохиолдол ярья гэвэл өчнөөн л дөө” гэж байна. Багшийнх нь тухай гэгээлэг дурсамж сонсож нэг хэсэгтээ л инээд шуугиан болов. Найруулагч зургийн цомог эргүүлэнгээ “Миний хуриман дээр багш очсон юм. Тэгэхээр их сүрлэг хурим болсон байгаа биз. Хуримын орой өнөөдөр шавьтайгаа сайхан ярьж хононо оо гэж байна. Тэгээд “Монголын найруулагчдаас миний хүүд хэн илүү таалагддаг вэ” гэж асуудаг юм. Би Нямгаваа найруулагчийг их шүтнэ. Тэрийгээ л хэллээ. Гэтэл багш босоод хамаг юмаа цүнхлээд унав аа. Хаачих гэж байгааг нь асуутал “Битгий хуцаад бай, чи тэр Нямгаваа дээрээ очихгүй юу” гээд жигтэйхэн. Би ч дагаад гарлаа. Зочид буудалд өрөө авч өг гэхээр нь хэлснээр нь болголоо. Нэг их удалгүй за за больё больё хоёулаа гэртээ харья гэж билээ” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Цагаан инээдтэй ийм дурсамж багш, шавь хоёрын дунд өчнөөн юм.

“Хязгааргүй” моно операг 350 ам.доллараар тавих болсон шалтгааныг сонирхоход “Би Монголын урлагт гавьяа байгуулсан амьтан. Театрын билет 3000 төгрөг байх үед найруулсан жүжгээ 10 мянган төгрөгөөр тавьж байлаа. Араас нь Баабарын “Бооцоо” 999 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний дараа билет 6000 төгрөг болсон. “Хязгааргүй”-г 350 ам.доллараар үнэлж зарсан хойно театрын билет 10 мянган төгрөг болсон. Монголын урлагт үнэлгээний хэмжүүр тогтоосон л байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. “Монгол туургатан” театрын даргын албаа сонгуулийн дараахан өгсөн гэнэ. “Хөдөөгийн театр “Гэгээн муза” наадмаас гранпри авлаа гээд тухайн үедээ шуугицгааж байсан. Та яагаад ажлаа өгчихсөн юм бэ” гэж сонирхоход “Юм хийж эхэлдгийн даваан дээр сонгууль болоод давалгаанд нь арчигдсан даа” гэснээс өөр үг унагасангүй.

Ч.Ганхуяг найруулагчийнх хоёр охин, ганц хүүтэй юм байна. Охидыг нь Номундарь, Номунзаяа гэдэг аж. Бага хүү нь Тэнгис. Долдугаар ангийн сурагч гэнэ. Биднийг очиход Тэнгис найзуудтайгаа тоглохоор гарсан байлаа. Найруулагчийн ханийг Б.Ганчимэг гэдэг аж. Эхнэрээ “Манай гэрийн босс, миний асран халамжлагч. Хүүхдүүдтэйгээ үлдэхэд хоол цай нь таалагдахгүй. Байж байгаа нь таалагдахгүй. Энэ хүний гараас холдвол би гэдэг хүн үсрээд ойчно” гэж тодорхойлов. Байсгээд охиноосоо “Аавынх нь тэр юм хаана байна” гэж асууж байгаагаа “Би энэ айлд мэдэх юмгүй хүн. Ямар сайндаа л бага хүү “Миний аав” гэсэн зохион бичлэг хийхдээ “Миний аав ажлаасаа ирээд диван дээр хэвтэж, телевизор үздэг” гэж бичихэв” гэж тайлбарлаад хөгжилтэй инээлээ.

Гэрийн эзэгтэй загасны шөл, бууз, өргөст хэмхийн салат бэлджээ. Хооллох зуур удам судрын тухай яриа өрнөв. Ч.Ганхуяг найруулагч ааваараа бол Дундговийн хүн юм байна. Аав нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аж. Ээж нь Архангайнх гэнэ. Хотод төрөөд Архангайд өсч тэндээ дунд сургууль төгсчээ. Урлагийн гэр бүлд төрж өссөнөө ярив. Аав, ээж нь хоёулаа жүжигчин. Эмээгийнх нь эмээ “Дангийн даавуун майхан” гэдэг дууг зохиосон хүн гэнэ. Манжуудыг Монголоос гаргах үед нэг манж залуутай хайр сэтгэлийн холбоотой байж. Өнөө залуугаа хилийн ойролцоо майхан барьж байж гаргаж өгөхдөө олонд түгсэн энэ дууг зохиожээ. “Дангийн даавуун майхан даваан дээр дэрвэлзэнэ ээ, давхраат нүдтэй манжийн хүн даван давтлаа тормолзоно хө” гэсэн дууг зохиосон эмэг нь хэлэмгий гэж жигтэйхэн хүн байж. Гэрийн эзний аавын ээж Дэнсмаа гэж сайхан дуулдаг хөгшин байсан гэнэ. Зураач Доржпалам, зохиолч Д.Батбаяр хоёр аавынх нь талын хамаатан аж.

“Урлагийн гэр бүлд өссөн болохоор найруулагч болъё гэж шийдсэн үү” гэж сонирхоход урдаа байгаа загасны шөлнөөс халбагадангаа “Ёстой тэгж бодож байгаагүй. Би чинь арван жилд байхдаа сахилгагүй, сурлагаар гойд биш хүү байсан. Мөрөөдөл гэвэл жолооч болох. Хүүхдүүдийн дурсгалын дэвтэр дээр ачаатай, ЗИЛ-130 машин зурчихна. Тэгээд болоогүй ээ, доор нь энэ бол миний мөрөөдөл гээд биччихнэ. Арав төгсөх гэж байтал Архангайд кино драмын ангийн элсэлтийн шалгалт авахаар хэсэг хүн очдог юм. Аав шалгалт ирснийг дуулаад “Хүн болоод нэг удаа конкурсдсэн юм гэж хожим дурсаж ярихад сайхан шүү дээ. Миний хүү нэг шалгуулаад үзэх үү. Чамд авьяас бий. Тэнцэхгүй бол тэр л биз. Тэнцсэн ч үнэхээр дурлаад байвал жолоочоо хий” гэж аядуухан хэлж байна. Эвгүй хэлбэл гөжнө гэдгийг мэдэх учраас тэгсэн хэрэг. Тэгээд л ганцаараа тэнцэж байлаа” гэж ярив.

Дээд сургуулиа дөнгөж төгсөөд Архангайн соёлын ордонд найруулагчаар ажиллах үедээ аймгийн дарга нартай нэлээд үздэг байж. Сүүлдээ хурлаар орж дилломоо хураалгах шийдвэр сонсч байснаа сонирхууллаа. “Диплом хураана гэнгүүт өнөө мундаг амьтан чинь дипломтой ч, дипломгүй ч найруулагч гэж хэлээд ураад шидчихэж байгаа юм. Тэгээд мөрдөнд орж, 45 хоног суугаад жил зургаан сарын хорих ял сонслоо. Азаар Октябрийн 70 жилийн ойн зарлигт орж өршөөгдсөн дөө. Дараа нь намайг Хангай сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилла гэдэг юм. Юу гэж очихов. Тээврийн товчоон дээр энэ хүнийг гадагш явуулахгүй гэж бичээд зураг наачихсан. Аргаа бараад найзынхаа машины ачаан дор орж нуугдаад Архангайгаас гарч байлаа. Намын хянан шалгах хороонд өргөдөл бичлээ. Хотод ирээд ажилд авах газар байхгүй. Очих айлгүй. Оройдоо орцоор хоноглож хэсэг явдаг юм. Сүүлдээ хэцүүднэ биз дээ. Юу ч гэсэн намын хянан шалгах хороогоор оръё гээд Засгийн газрын ордонд ордог юм. Дарга нь Лхамжав гэж хүн байсан. Ороод ярих гэтэл самсаа шархираад болдоггүй. Аавыгаа харсан хүүхэд шиг гомдоод. Учраа хэлтэл шийдвэр аль эрт гарсан шүү дээ гэдэг байгаа. Бичиг хэрэг нь явуулаагүй байж л дээ. Лхамжав гуай тэр дор нь сайд руу яриад асуудлыг өнөөдрийн дотор шийд гэсэн үүрэг өглөө. Баярлаж үзээгүйгээрээ баярласан. Хоёр, гурван хоног юм идээгүй өлссөн гэж жигтэйхэн явсан үе. Юу нь хатгасан юм “Би танд маш их баярлаж байна. Та надад 50 төгрөг зээлээч. Цалингаа аваад явуулъя” гэчихлээ. Лхамжав гуай нэг их инээснээ ширээнээсээ цоо шинэ тавин төгрөг гаргаж ирээд “За залуу амжилт хүсье. Нисээд бай даа” гэдэг юм. Тэндээс яаж гарснаа ч мэддэггүй юм, нэг мэдэхэд Улаанбаатар ресторанд урдаа баахан хоол өрчихсөн сууж байсан” хэмээн ярилаа. Ингээд Дундговь аймгийн театрт найруулагчаар очжээ. Дараа нь Баянхонгор, Архангай гээд хэд хэдэн аймгийн театрт ажилласан гэнэ. Хэчнээн удаа нүүснийг нь сонирхоход “Юу ч үгүй болтлоо нүүсэн айл. Нэг ч тавилгагүй, хөнжил гудас, гурван аягатай болтлоо нүүж байсан. Улаанбаатарын бүх дүүргийг гүйцээсэн байдаг юм” гэж байна.

Энэ үеэр бага хүү нь орж ирлээ. Найруулагч хүүгээ өглөө босонгуут 100 суниалгаж, гантель өргүүлдэг гэнэ. “Миний хүү чинь тэгж болохгүй л гэвэл үгээр болно. Зургаан сард нэг чипс ид гэхэд зургаан сарыг тоолоод суучихдаг нөхөр дөө” гэж хэлээд бага хүүгээ үнсэв. Тэнгис ээжийнхээ хийсэн буузыг идэж аваад тоглохоор гарлаа. Гал тогооны өрөөнд ээждээ туслаад завгүй байсан Номунзаяа ч гарах гэж байгаа бололтой. Аль хэдийнэ хувцсаа солиод өмсчихөж. “Би ааваараа бахархдаг. Ийм аавын охин болж төрсөндөө баярладаг. Гаднаасаа ааштай юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Миний аав их зөөлөн хүн” гэж хэлээд гарч одлоо.

“Энэ жүжгийг нь сэтгэлдээ тултал хийсэн дээ гэж бодох бүтээлээ нэрлээч” гэхэд “Ромео Жульетта”-гаа онцлов. “Будаа болтлоо шүүмжлүүлээд таг болсон доо. Надад амбицтай улс өөрсдийнхөөрөө зүтгэж буруутгах гэж үзсээр байгаад дарсан. Одоо дахин сэргээн тавья гэж бодож байгаа. Тэгвэл Францын Авинионы фестивальд тоглох юмсан гэж боддог” хэмээн ярив. “Ч.Ганхуягийн “Ромео Жульетта” бусад найруулагчдаас юугаараа онцлог, өөр вэ” гэж сонирхоход “Бүхлээрээ өөр. Уг нь “Ромео Жульетта” гайхамшигтай гоё хоёр залуугийн тухай жүжиг. Миний Ромео, Жульетта тийм биш. Галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд “Ромео Жульетта”-г уншаад дүрээ булаацалдаж авдаг. Тэгээд давтаж, тоглосоор дүрүүдээ өөрийн болгочихож байгаа юм. Ромео нь дал гарсан өвгөн. Жульетта нь 16, 17-той залуухан охин. Сүүлдээ үхэл нь жинхэнэ үхэл болдог. Тэд эмнэлгээсээ оргож задгай театрт жүжгээ тоглож байгаад баригддаг юм. Олон жил бодож байгаад хийсэн бүтээл. Өнөөдөр хайр сэтгэл гэж хаана юу байна, чин үнэн хайрын төлөө тэмцэл, чин үнэн дурлал бий юу гэсэн асуултад хариу хайсан. Дурлал, хайрынхаа төлөө тэмцэж байгаа хүн өнөөгийн нийгэмд галзуу хүн болж харагддаг. Тэгэхээр галзуу хүмүүс нь эрүүл үү, эрүүл нь галзуу юу. Мөн чанар нь яг юу юм. Энэ санааг хэлэх гэж сонгож авсан хувилбар” гэсэн хариу хэллээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан Баатар найруулагч “Ромео Жульетта” жүжгийнх нь талаар “Би хэзээ ч ингэж бодож чадахгүй юм билээ. Яаж бодсон юм гэж гайхдаг. Гайхалтай л гэхээс өөр үг хэлж чадахгүй” гэж ярьжээ.

Энэ жилийн наадмын нээлтийн баатруудтай хэсгийг Ч.Ганхуяг найруулагч найруулжээ. “Миний санаачилсан сценариар хийлгэнэ гэвэл хийе” гэж байж ажилласан гэнэ. Улсын наадмын нээлтийг зургаан удаа найруулсан юм байна. Наадмын нээлт дээр шүүмжлэлтэй явдгаа ч хуваалцав. “Хэн дуртай нь жил бүр наадмаар тоглоод баймааргүй санагддаг. Наадмын нээлт гэдэг чинь нэг л ёслол. Есөн цагаан туг залах ёслол шиг наадам нээдэг тогтсон нэг ёслолтой болмоор байгаа юм. Тэр ёслолыг нь үзэх гэж дэлхий ирдэг байвал илүү өгөөжтэй. Бээжинд өглөө бүр төрийн далбаа өргөх ёслол болдог. Дөрөв, таван цэрэг л хааны ордноос гарч зам хөндлөн гараад бүх хөдөлгөөн зогсч тугаа зөөгөөд алхдаг. Ийм жижигхэн ёслол хэрнээ дэлхийн жуулчдын үзэхгүй өнгөрөх аргагүй ёслол болчихсон. Монгол наадам тийм л байх ёстой. Би өмнө нь саналаа хэлж байсан. Төрийн ёслолын албаны өмнөх дарга халгаагаагүй” гэж ярив.

Гэрийн эзэгтэй хоолны дараа нэрс жимс таваглаж тавилаа. Ер нь л үг дуу цөөтэй хүн юм. 1987 онд аравдугаар анги төгсөөд аймгийнхаа соёлын төвд бүжигчнээр оржээ. Ч.Ганхуяг найруулагчтай 18 насандаа ханилсан аж. “Миний аав, ээж Дундговийн улс. 1959 онд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл сайхан амьдарч яваа буянтай буурлууд бий. Би ч гэсэн ханьтайгаа олон жил жаргал, зовлонгоо хуваалцаж сайхан амьдарч байна. Энэ л манай удмын бахархал даа” гэснээс өөр үг унагасангүй. Найруулагч хажуунаас “Манай хүн чинь өдөрт 16 үг хэлдэг байсан юм. Сүүлийн үед 1860 үг хэлдэг болчихсон. Хажууд нь ийм яриа хүн суугаад байхаар халдварладаг шиг байгаа юм” гэж эхнэрээ цаашлуулаад авав. Тэгснээ зургийн цомгоос эхнэрийнхээ бүжиглэж байх үеийн зургийг харуулаад “Ийм цагаан дарь эхийг ногоон дарь эх болгочихсон хүн дээ би” гээд мушилзав. Цагаан дарь эхийн өмсгөлтэй бүжиглэж байх үеийнх нь зураг аж. Хорь дөнгөж хүрч байгаа үеийнх нь патиар бололтой.

Гэрийн эзэн ноднингоос л гэр амьтай болж байгаа аж. Цэргийн дуу бүжгийн чуулгын найруулагч болсноос хойш өглөө бүр долоон цагаас гэрээсээ гарч байгаа гэнэ. Орой арав, арваннэгэн цагт л гэрийн бараа хардаг юм байна. Чуулгаа гадагш нь гаргах, дэлхийн урлагийн тайзнаа Монгол гэсэн нэрийг дуудуулах ойрын зорилготой яваагаа сонирхуулав. Кино хийх бодолтой яваагаа ч хуваалцав. Ч.Ганхуяг найруулагч эмнэлгээс чөлөөгөөр гарч биднийг хүлээж авсан юм. “Хамгийн болдоггүй юм зүрх. Аппараттай байгаа юм. Мөнгө төгрөгийн эв таарвал хагалгаанд орж судаснуудаа солиулаад ирчихвэл аятайхан болчих гээд байдаг. Японд хагалгаа хийлгэхэд 100 гаруй сая төгрөг болох юм билээ” гэж ярив.

Хошин шогийн хамтлагуудын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхоход “Урлаг биш гэх аргагүй. Би буруутгадаггүй. Эд чинь мэдрэмжийн хувьд их өөр. Зрителээ мэдрээд байна л даа. Тоглоод байгаа юм нь яг нарийндаа дорно дахины театрын элементүүд. Дорно дахиныхан инээх, уйлах дуртай. Бодох дургүй. Юм бодуулна гэдэг чинь европ стандарт. Дорно дахинд уярах, уйлах, инээх ёстой. Энэ үндсэн жанр нь. Хошин шог зарим хэсэгтээ нулимстай байдаг шүү дээ. Тэгэхээр хаа хамаагүй хүний юм хийгээд байгаа улс биш” гэж байна.

Найруулагч биднийг үдэж өгөхдөө “Сүүлийн үед хүмүүс хүүхдээ тоо сайн бодуулж, хэл сургах гэж зүтгээд байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөөллөх уран сайхны суурь боловсрол гэж алга. Уран сайхны суурь боловсрол бодлогоор тавигдаагүй нөхцөлд хүний хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийн ертөнц төгс боловсрохгүй. Зөв хүн болгохын тулд, сэтгэл нь эмзэглэж, өвдөж чаддаг хүчийг бий болгохын тулд уран сайхны суурь боловсрол байхаас аргагүй. Холливудын алдартай найруулагчид сургуульд үзсэн суурь боловсрол дээрээ л дөрөөлсөн байдаг” хэмээн бодлоо хуваалцсан.

“Хэнд зориулж юу бичиж юу хийхээ мэдэхээ байж байна. Өнөөдрийн үзэгчдэд таалагддаг юм хийнэ гэхээр тэдний сэтгэхүйгээр ажиллах хэрэгтэй болно. Тэр сэтгэхүй нь надад байхгүй. Тэгэхээр миний хийсэн бүтээл тэдэнд таалагдахгүй” гэх мэтийн найруулагчийн л амнаас гарах “хөндлөн” үгсийг тэднийд байх хугас өдөржин сонсч, урлагийн тухай, театрын тухай хөөрөлдлөө.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургуудыг Д.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх

“Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, МУУГЗ, Оросын Засгийн газ­рын тэргүүн дээд шагналт, Буриадын ардын жүжигчин, Бадамгаравын Наран­баатарынд өнжлөө. Биднийг очиход Б.Наранбаатарын гэргий соёл судлалын доктор Д.Оюун хаалгаа тайлж байна. Тэрээр нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын охин билээ.

“Өдрийн сонин”-ы хүүхдүүд ирнэ гээд бид хоёр хүмүүстэй уулзах байснаа хойшлуулаад гэртээ ирчихээд байна. Сүүлийн хэдэн өдөр уулзалт тасарсангүй. Алдрын одны хөлд үрэгдэх нь байна шүү дээ” хэмээгээд инээмсэглэв. Энэ гэр бүлийн хоёр орост сургууль төгсөөд Буриадад ажилласантайгаа нийтдээ 23 жил хойно байжээ. Мөн сүүлийн арваад жил Өвөрмон­голд ажилласан байна. Тиймээс Монголдоо олигтой төвхнөж амжаагүй нүүдэлчин маягаар ажиллаж байгаа болохоор хүүгийнхээ байранд байгаагаа учирлав.

Д.Оюун “Та хэд сууж бай. Дөнгөж л орж ирээд бай­сан болохоор юм бэлдэж амжсангүй” гэсээр гал тогоо руугаа орлоо. Бидний яриа саяхан болсон Алдрын хүндэтгэл тоглолтын талаар эхэлсэн юм. Б.Наранбаатар “Алдрын од шагнал авах болсныг хэдхэн өдрийн өмнө л мэдсэн. “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан маань урд тоглолттой явж байгаад нэг тоглолтоо орхиод ирсэн байх шүү.

Ч.Насантогтох Увсын баярт яваад ирж чадаагүй юм билээ. Ийм сайхан шагнал хүртээж байгаад нь баяртай байна. Америкт байдаг алдрын одтой ижил биш очир хэлбэртэй, самбар дээр нэрийг мөнхөлж байгаа нь таалагдлаа. Мөн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн энэ зун Чингисийн талбайд хийсэн зүйлс хүмүүсийн сэтгэлд их нийцэж байна. Үндэснийхээ дуурь, рок поп, морин хуураа дандаа амьдаараа тоглолоо. Саяын алдрын одны арга хэмжээ ч сайхан боллоо. Бараг хүн ирэх юм уу гэж байтал бүр суудал ч олдохгүй арай гэж эхнэрээ урд сандал олж суулгасан шүү” гэв.

Баруун гарынх нь дунд хурууны өндөг цус хураад хүрэн өнгөтэй болчихож. Хүндэтгэлийн тоглолтын үеэр “Цэнхэр залаа”-г ятгаар тоглосноос ингэжээ. Тэр болгон ятга тоглохгүй болохоор жаахан сургуулилт хийтэл нь цэврүүтэж тоглолтын урд өдөр хагарч ус нь гараад давстай хар цайнд дүрж юм юм л болсон гэнэ. Тэрээр “Яг тоглох дээрээ хөндүүрлэж өвдөөд шүдээ зуугаад л тоглосон. Уг нь удаан тоглоод байвал хуруунууд эвэршээд ямар ч өвдөлтгүй болдог. Тоглохгүй удахаар ингэлээ л дээ. Тоглолтын өмнө ер нь болих уу эсвэл хөгжим тавьчихъя гэтэл тогло ам, гар барихыг зөвшөөрөхгүй гээд ээ” хэмээгээд инээмсэглэв.

Чулуу шидэхэд ятгаа хамгаалаад өөрөө цохиулдаг байжээ

Б.Наранбаатар бол анхны 16 мэргэжлийн ятгачны нэг юм. Хөгжим бүжгийн коллежид байхад нь Монголд анх ятга хөгжмийг мэргэжлийн түвшинд бэлтгэхээр анги байгуулжээ. Гэтэл чухам л ятга гэж яриад бусад хичээл ороод байгаа хэрнээ багш ч үгүй, ятга ч үгүй жил шахуу болсон гэнэ. Тэгсээр ардчилсан Солонгосоос Ким Зон Ан гэх эрэгтэй багш, ятгатайгаа ирсэн байна. Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд байсныг ч хэлэх үү. Ятганаасаа намхан. Тухайн үед хүүхдүүд их чулуугаар байлддаг. Хичээлээ тараад ятгаа аваад явахаар замд нь хүүхдүүд чулуу шиддэг байж гэнэ. Ингэхэд нь ятгаа хамгаалаад өөрөө чулуунд оногдоод явдаг байснаа хуучлав. Анги нь дөрвөн хүү, 12 охинтой. Эрэгтэйчүүд нь Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбатаа, Ж.Батсайхан энэ хэд. Төгсөх дөхөх үед нь Говь-Алтай аймагт “Алтай” чуулга дөнгөж нээгдэж байж. Тэгээд Б.Наранбаатар нөгөө гуравтаа “Эмэгтэйчүүдийг ч яахав ассамбль, чуулга аваад явчихна. Бид дөрөв хаана ч үгүй л хүмүүс болох нь. Ерөөсөө Алтай чуулга явъя. Хөдөөнөөс дөрвүүлээ ёстой үзүүлээд өгье” гэж ятгана. Нөгөө гурав нь хөдөө явах дургүй байртай. Ингэсээр төгсөлтийн шалгалт ч болж.

Төгсөлтийн дипломын шалгалтыг урлаг заалныхаа тайзан дээр нэг нэгээр нь тоглуулж авдаг байсан байна. Шалгалтын комисст бүх байгууллагын дарга, уран сайхны удирдаачид сууна. Солонгос багш болохоор солонгос дасгал, ая их заадаг байж л дээ. Харин төгсөх курстээ Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг хоёр гэртээ “Арван тавны сар”, “Дэлгэрхэн дэлхий” гээд ардын дуунуудыг ятганд тохируулж найруулаад тоглодог байсан байна. Солонгос багшийнхаа заасан нэг амархан аяыг аваад өөрсдийнхөө найруулж бэлдсэн “Арван тавны сар”-ыг чөлөөт сэдэв дээрээ тоглож үзүүлжээ. Шалгалтынхан ч босч алга ташаад их өндөр хүлээж авсан аж.

Ингээд тэр үеийн Ардын дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч байсан МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Цэрэндорж бүгдийг нь чуулгадаа авчээ. Чуулгад ороод хэдхэн хоногийн дараа төрийн концерт дээр “Арван тавны сар”-аа тоглосон байна. Гэвч түүнээс цааш эмэгтэйчүүд нь л мандаад байсан юм уу даа. Энэ талаар “Охидууд ятгын чуулга гэж гараад хөгжмөө тоглоод “гайхмаараа хө”, “би чамайг аваад явах уу” гээд Г.Дарамзагд гуайн гоё гоё дуунуудыг бүгдээрээ дуулна. Ятга уяхан дуутай эмэгтэй хүнд их тохиромжтой. Бид дөрөв тайзны шат зөөнө. Заримдаа найрал дуунд хүн дутвал зогсдог байлаа. Жаахан биетэй юмнууд том том жанжин малгай тавьчихна. Тэр нь бараг нүд халхалдаг байсан байх. Тэгээд мал төл, хадланд явуулна. Ерөөсөө л тийм ажилтай болж байгаа юм. Ятгатайгаа дуулах гэхээр дөрвөн барайсан хар юм дуу хоолой нь ч тохирдоггүй. Найрал дуунд байсан Н.Гэрэлт-Од манай командын нөхөр байлаа. Уг нь их сайхан дуулна гэхдээ бас л ер юманд ордоггүй нөхөр л дөө. Хадланд болохоор бид хамт явна. Хүүхдүүд болохоор дуртай ч байж дээ” гэв.

Гэхдээ цаагуураа нийлээд ардын дуунуудыг найруулаад ятгын зохиолууд хийгээд байж. Тэгээд уран сайхны удирдагч Г.Цэрэндорж руу ороод “Багшаа бид ятгаар төгссөн тэгээд мал төл, хадлан, тайзны засал хийж байна. Эсвэл бидний тайзны ажилчнаар шилжүүлчихвэл яасан юм” гээд гоморхсон гэнэ. Б.Наранбаатар “Багш дуугай явж бай бид мэдэж байна гээд гаргачихлаа. Тухайн үед Г.Дарамзагд, Э.Чойдог, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав гуай гээд дандаа том бурхдууд байлаа. Тэд Д.Түмэндэмбэрэл хоолой нь намдуу болохоор жаахан дарагдаад байна. Ятга л яг таарна гээд Түмэндэмбэрэл ятгын дөрвөн эрэгтэйтэй гээд хуваарилчихаж. Гэтэл Түмэндэмбэрэл гуай уурлаж “Тэгнээ тэгнэ. Та нар надад тааруулаад дөрвөн мууг нь өгч байгаа биз дээ” гэж байсан гэсэн. Тоглолтод орохгүй болохоор муу гээд ойлгочихсон хэрэг. Бид дөрөв нь ч Түмэндэмбэрэл гуайдаа тал засаад яах уу гэтэл “Монгол транс, Юндэн гөөгөө” гээд нэлээд янзгүй хэлж байна. Бидэнд тэр бол үдийн будаа л даа. Ингээд хоорондоо ярилцаад таван минутын дараа нийлж үзсэн. Тэгээд л шал өөр болж байгаа юм. Уран сайхны зөвлөлдөө ч шалгууллаа. Маргаашнаас нь л төрийн бүх концерт, тоглолтод оролцдог болсон доо” гэж ярив. Тэрээр цааш нь “Тэр үеэс ятгын дөрөв гэж гарсан юм. Нэг үе П.Адарсүрэн гээд дуучид дуулахад ч ард нь эрэгтэй эсвэл эмэгтэй ятгын дөрвөл гардаг байлаа шүү дээ. Ятгыг ардын дуутайгаа холбож ятган дээр анх удаа найруулгатай аккордын хүндрэлүүдийг анх нээсэн. Том том багш нарын нөлөө маш их байдаг” хэмээв. Тэгээд нөгөө хэд өөрийн хүн болох Н.Гэрэлт-Одыгоо татаж авсан байна. Ингээд Гэрэлт-Од, Түмэндэмбэрэл, ятгын дөрвөл хэмээн алдаршиж гадаад, дотоод тоглолт, төрийн концертод оролцож цалин нь нэмэгдэн нэг л өдрийн дотор байдал өөр болсон гэнэ.

“Ж.Батсайхантайгаа хамтлагаа байгуулах талаар мөрөөддөг байлаа”

Тэрээр “1969 онд манайх чуулгаараа Москва, Ленинградад соёлын өдрүүд хийлээ. Тоглолт дээр манай Н.Гэрэлт-Од “Подмосковные вечер”-ийг дуулсан. Мөн бид дөрөв ятгаар Чайковскийн “Хунт нуур”-ын аялгууг тоглож алдаршиж байлаа. Биднийг мундаг хүлээж авсан. Тэгээд зөвлөлтийн радиогоор бидний тоглолт Монголд нэвтэрч байлаа. Большой театрын тэр алдартай сайхан тайзан дээр тоглож байлаа. Ятга таван хөгтэй. Түүн дээр дэлхийн алдартай хөгжмүүдийг тоглож, найруулга гаргана гэдэг нарийн мэдрэмж” хэмээв.

Тэр дөрвийн найруулга гарган тоглож буй ритм, тоглож байгаа аккордын хүндрэлүүд гээд хэв маягийг нь тухайн үед хөнгөн хөгжим гэж ярьдаг байсан байна. Мөн 1970-аад онд барууны социалист хамтлагууд их ирдэг байж л дээ. Тухайлбал, Полшийн “Трубадур”, “Амазонк” гээд алдартай хамтлагууд, Германы том оркеструудын тоглолтыг алгасалгүй үзэж орчин үеийн хөгжмийг хардаг байжээ. Дээр нь орос телевиз үздэг нь ч нөлөөлсөн байна. Б.Наранбаатар “Миний баруун гар болж “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулж явсан хүн бол манай Ж.Батсайхан юм шүү дээ. Ноднин нас барсан. Тэр маань сая байсан бол их л сайхан байх байсан байх аа. Тэднийх 120 мянгатад гэртэй. Манайх хоёрдугаар 40 мянгатад байдаг. Бид хоёр ажлаа тарчихаад төв талбай дээр хоёр тийшээ салахгүй баахан ярьж, мөрөөдөж суудаг байлаа. Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр Цох хорхой гэж хамтлаг байдаг та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” гэж ярьлаа.

Ингээд Соёлын сайд Сосорбарам гуай Аж ахуйн дарга Шаравтаа “Энэ дөрвөн хүүхэд эстрад хамтлаг байгуулна. Хэрэгтэй юмнуудыг нь өг” гэж үүрэг өгчээ. Нөгөөх нь бараа захисан гээд яваад байдаг. Өнөө дөрөв нь байнга шалаастай сайдад нь очиж хов хүргээстэй хэдэн сар болжээ. Тэгж байтал “Бааз дээр хэдэн гитар ирсэн та нар очоод ачаа барааг нь буулгаад ав” гэсэн гэнэ. Дөрвөн гитараа авах гэж бүх л ачааг нь буулгаж ачиж өгч. Гэтэл дөрвүүлээ басс гитар байсан аж. Тэгээд дахиад хэдэн сар хөгжимгүй явсан байна. Япон руу захисан гээд хүлээж байтал цэцэрлэгийн хүүхдийн сургалтад ашигладаг юм хүртэл өгч байжээ. Ерөнхийдөө “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулах гэж бужигнаж байхдаа л Соёлын яам солл, басс гээд гитарууд өөр байдаг гэдгийг мэдсэн гэнэ. Ингээд хагас жил шахуу болсон хойно нь Соёлын сайд байсан Сосорбарам гуай Япон руу хуралд явах гэж байсан сайдад үүрэг өгч хамгийн сайн хөгжим, тоноглолтой болгожээ.

Монгол попыг “Соёл-Эрдэнэ” үндэслэсэн гэв

Хөгжим хэрэгсэлтэй болчихоод Галсанбат, Жаргалсайхан нар нэмэгдээд хамтлагаа байгуулж байжээ. Дуучнаар Гэрэлт-Од, Нандинцэцэг нар байж. Ингээд орчин үеийн хөгжим дээр өөрсдөө тоглож сурсан байна. Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд байсан болохоор сууриа дандаа ардын дуунуудаар тавьсан аж. Энэ үедээ “Хүүш Дамдин”, “Хадны орой”, “Сэр сэр салхи” зэрэг ардын дуунуудыг шинэ хөгжмийн найруулгатай олон хоолойгоор салгаж дуулж эхэлжээ. Биднийг ийн хөөрөлдөж байхад Д.Оюун “Монгол попыг үндэслэсэн хамтлаг бол Соёл-Эрдэнэ юм шүү дээ. Д.Болдыг үндэслэсэн гэж яриад байгаа нь том эндүүрэл юм” гэлээ.

Ингээд 1971 онд концертын программаа батлуулжээ. “Соёл-Эрдэнэ” хэмээх 1930-аад оны Дорждагва гуайн дууг Б.Наранбаатар шинээр найруулан тавьж түүгээрээ хамтлагаа нэрлэсэн байна. Тэдний анхны тайзны хувцсыг УГЗ Доржпалам скизийг нь гаргаж урлажээ. Тухайн үедээ материалын хямдыг бодоод танзан хилэнгээр гурван шар, гурван улаан пиджак хийлгэн өмсөж байсан гэнэ. Хэт өргөн биш ч трапиц өмдтэй, бие барьсан содон өнгийн пиджактай тухайн үедээ сонирхол татахуйц хувцастай болжээ. Бас зузаан ултай гутал өмсч тайзан дээр гарчээ.

Энэ талаар Б.Наранбаатар “Тэр үед дотоод хяналт гээд бүх том хөгжмийн зохиолчид, багш нар үзнэ. Дараа нь гадаад хяналт гээд Соёлын яам, Төв хорооны үзэл суртал, Хөгжмийн зохиолчдын холбооноос бүрдсэн хүмүүс үздэг байлаа. “Энэ хэдэн сөөсийсөн банди нар юун ч том нэртэй юм” гээд шүүмжилнэ. Алив Наранбаатар хамтлагийн ахлагч нэрээ тайлбарла л гэж байна. Би ч манайх Ардын дуу бүжгийн үндэсний чуулгын дэргэд байдаг. Тийм болохоор бамбарууш, динозавр гэсэн нэр өгмөөргүй байна. Тэгээд Соёл-Эрдэнэ гэж Дорждагва гуайн сайхан дуугаар нэрлэлээ гэж байсан юм. Чанга, сул байна гээд баахан юм ярьсан ч бидний концертыг 100 хувь баталж байгаа. Манай Цэрэндорж багш их айхтар хүн байсан. Махкомбинатад тэр үед дандаа германы мэргэжилтнүүд ажилладаг. Тэр мэргэжилтнүүдийн баяр дээр биднийг анх тоглуулж байлаа” хэмээн ярив. Тухайн цагт шүүмжлүүлж байсан зүйлсийнхээ талаар “Найрамдлын дуу дуулж байхад яагаад дундуур нь хэй хэй гэж хашгирч байгаа юм. Хүүш Дамдин гэж гуч гаруй хэлдэг нь яаж байгаа юм гэж сонин дээр шүүмжлүүлж байлаа. Бас миний “Эндүүрэл” дууг “Энэ нөхөр эндүүрчээ, андуурчээ гээд орилоод байх юм. Эндүүрсэн андуурсан юмаа бид энд дуулахгүй шүү нөхөөр гээд шүүмжилж радио бичлэгийг нь хааж байсан. Дараа нь болохоор энэ их сайн дуу, маш мэргэжлийн хэмжээнд бичигдсэн дээшээ доошоо их гарсан сайхан дуу” гэж байлаа. Манай Зундарь бид хоёр үзэл суртлын хэлтэст зөндөө дуудагддаг байсан шүү дээ. Одоо чөлөөтэй сайхан болж. “Нисванис”-ийн Амгаа “Зүрхээ зүсээд хуваамаар” гээд дуулж байна ш дээ. Бид одоо 70 хүрэх гэж байгаа хүмүүс. Гэхдээ сэтгэлгээгээрээ залуу. Урлагаар дамжуулж хүмүүжил, соёл, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн юм” хэмээн ярив.

Ятгын ганцаарчилсан төрлөөр Дэлхийн залуучууд оюутны наадмаас алтан медаль хүртжээ

1973 онд Дэлхийн залуучууд оюутны X их наадамд монголын чуулга, сор болсон хүмүүс, ардын хөгжмийнхөн тусгай программ зохиож оролцжээ. Тэнд Монгол Улсыг төлөөлсөн концертод “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Хүүш Дамдин”, “Цэнхэр залаа” болон наадамд зориулж “Залуус их наадамдаа” зэрэг дуунуудаа дуулахаар оролцжээ. Тэр үед болсон нэг хөгтэй зүйл нь “Социалист оронд явах гэж байж ийм байж болохгүй” гээд хамтлагийнхны үсийг нь тайрч сарфан шиг зүйл өмсгөн жигдрүүлж байсан гэнэ. Энэ талаар Б.Наранбаатар “Тухайн үедээ үзэл суртлын юм байсан. Гэхдээ аажимдаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тийм хөгжмийг чинь зүгээр нэг хөвөнтэй өмдтэй гараад тоглоод байж болохгүй биз дээ. Биднийг анх монгол захтай урт хантааз өмсүүлээд, үсийг нь тайраад байдаг байсан. Тэгээд аяндаа нийгэм, хөгжил хүлээн зөвшөөрч эхэлсэн” гэв.

Берлинд болсон тэр Дэлхийн залуучууд оюутны фестивалийн бас нэг сонин нь Б.Наранбаатар ятга тоглоод алтан медаль хүртэж байжээ. Язгуур урлагийн төрөлд тэмцээн зохиоход нь оролцмоор санагдаад л оролцчихсон гэнэ. Тэгээд Цэрэндорж багшдаа хэлж бүртгүүлээд ангийнхаа найзын ятгыг гуйгаад ганцаараа тоглож очжээ. Бэлдэж очсон хүмүүс тэр хөгжмөөрөө гоцлож ард нь үндэсний хөгжим хавсарч байсан гэнэ. Гэсэн хэдий ч түрүүлж монголдоо анх удаа ятга хөгжмөөр алтан медаль авчирч байжээ.

“Соёл-Эрдэнэ” орцонд архи уудаг хүмүүсийг алга болгов

“Соёл-Эрдэнэ” хамтлаг гарснаар орцонд архи уудаг хүмүүсийг гитар тоглодог залуус шахаж гаргасан байна. Өнөө хэр түүнд Харангын Чука, Энхманлай, Одсүрэн нар “Нараа ах сайхан залуу байсан шүү. Бид ингэж тоглох юмсан гэж боддог байсан” гэж ярьдаг гэнэ. Хөдөө орон нутгаар ч яваагүй газаргүй гэв. Тухайн үед Улсын филармонийн төлөвлөгөөг ганцхан “Соёл-Эрдэнэ” хийдэг байсан аж. Энэ талаар “Тэр үед нэг сард 45 мянган төгрөгийн орлого хий гээд үүрэг өгнө. Бид чинь концертоо тоглоод нийтийн бүжиг явуулна. Ямар сайндаа Дуурийн театр төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна гэхээр нь бид хоёр удаа үнэгүй тоглож төлөвлөгөөг нь биелүүлж өгөх жишээтэй. Хүмүүс орох гээд хамаг цонхыг хага цохичихно. Нөгөөдүүл ч мөнгө л бүрдэж байвал эвдэх хамаагүй гэдэг байсан. Циркийн тэр том сайхан шилийг бас л хагалуулна. Очсон газар бүхнийхээ цонх хаалгыг хагалуулдаг байсан даа. Ямар сайндаа “Эх нутгийн дуу” билүү концерт 19:00 цагаас тоглох байтал 20:00 цаг болж байхад үзэгчид нь орж чадахгүй. Сэргийлэх ирээд нохой тавьж, гал команд ирээд гурван есийн хүйтэнд ус цацаж байж замбараатай болгож байлаа. Хөлийн дор дэвсдэг шороотой даавууг нэг сахилгагүй нь л дээш нь гаргачихсан бололтой. Бөөн шороо маналзсан даавуу газар унахгүй явж байгаа харагддаг байв. Би чинь 10-аад жил “Соёл-Эрдэнэ”-ийн уран сайхны удирдаачаар ажилласан. Тэгэхэд хөдөө ч, хотод ч үзэгч пиг дүүрэн, билет олддоггүй байсан” гэж хуучиллаа.

Сургуульд явуулахгүй болохоор нь Ханх сум руу ажиллахаар явж байлаа

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан болохоор сургуульд явуулдаггүй байсан гэнэ. Энэ талаар “Хэрвээ явуулчихвал дууны найруулга, төлөвлөгөө, ашиг тасарна гэж үздэг байсан юм шиг байна лээ. Тэгээд би өөрөө Ханх сум руу ажиллахаар хүсэлтээрээ явж байлаа. Тэгээд удаа ч үгүй дуудагдаж ирээд ажилласан. Дараа нь Ленинградад сургуульд явсан юм. Оюутан ахуйдаа Д.Оюунтай танилцаж гэр бүл болсон” гэж ярив.

Б.Наранбаатарын хүүх­дүүдээс “Сонорын Н.Халиун аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ талаар “Хүү маань хийсэн уран бүтээлээ үзүүлнэ. Надаас зөвлөгөө авах юу байхав. Урам хайрлана. Миний хүү их авьяастай. Анх аранжровшик гэдэг мэргэжлийг албан ёсоор гаргасан хүн нь Халиун шүү дээ. Бүх одууд Б.Сарантуяа, Т.Ариунаа, Камертон. Тэр бүх аранжровшикийг нь хийгээд дашка мастерийг нь хийгээд одооны энэ зүйлийг тавьсан” хэмээв. Д.Оюун ч “Халиун үнэхээр аавынхаа авьяасыг авч төрсөн хүүхэд. Дээрээс нь маш ажилсаг, даруу шүү дээ. Анх аав нь найруулга хийгээд 1990-ээд оноос хүү нь бүр мэргэжлийн болгож байна. Манайд дуучин алдаршаад байдаг тал байх юм. Хөгжмийн найруулга гэдэг хамгийн гол ажил л даа. Байшингаар бол өрлөгчин, шаварчин нар алдаршаад, инженерүүд нь мэдэгдэхгүй өнгөрөөд байна гэсэн үг” гэв. Мөн охин Н.Нар-Оюу нь Ленинградад оюутан ахуйд нь мэндэлжээ. Буриадад цэцэрлэгээсээ эхлээд хөгжмийн дунд, дээдийг төгссөн. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хамгийн залуу гишүүн эмэгтэй юм байна.

Б.Наранбаатар гуай загасчлах их дуртай гэнэ. Д.Оюун “Халиун аавтайгаа загас л их ярина шүү дээ. Энэ хоёрын дуртай юм нь” гэсэн бол Б.Наранбаатар “Бид оюуны ажил эрхэлдэг хүмүүс. Загасчлах тархинд маш сайхан амралт болдог. Бас өөрөө ч мэдэлгүй их хол алхсан байдаг юм. Монголынхоо бараг бүх голд загасчилсан байх аа. Би бас загас барих түүгээрээ хүмүүст хоол хийж өгч магтуулах дуртай. Ер нь загасчлах бол хэрэгцээнийхээ хэрээр л авах хэрэгтэй. Хэрэгцээнээсээ илүү гаргаж бариад өмхийрүүлдэг хүмүүст дургүй. Ашиг олох зорилгоор дэлбэлэх, тор тавих таалагддаггүй юм. Ер нь тэгээд тул загас Улаан номонд орсон барьж болохгүй л гэсэн бол болохгүй шүү дээ. Дэлхий тэр чигээрээ байгаль орчноо хамгаалах чиглэлд явж байна” гэж ярив.

Улсын томилолтоор монгол туургатнууддаа туслахаар явжээ

1990-ээд онд Буриадаас манай улсын Соёлын урлагийн хороонд ардын урлаг, орчин үеийн урлагийн талаар мэддэг мэргэжилтэн явуулахыг хүсчээ. Тухайн үед дарга нь байсан Б.Бадар-Ууган тэр дагуу Б.Наранбаатар, Д.Оюун хоёрыг гурван жилийн хугацаатай томилолтоор явуулсан байна. Хэдий гурван жилийн гэрээгээр Буриадын “Байгаль” чуулгад очсон боловч тэдний хүсэлтээр гэрээгээ хоёр, гурван жилээр сунгасаар 17 жил болжээ.

Анх очиход нь Буриадын Үндэсний хөгжмийн оркестр гэхэд баянтай, басс гитартай, ёочинтой халтар хултар байсан гэнэ. Тэгээд том оркестр болгосон төдийгүй ОХУ-д дээгүүр орох хэмжээнд хөгжүүлжээ. Тэрээр “Буриадад би 400 дуу хийсэн байдаг. Мөн бүжгийн хөгжим, киноны дуу гэхэд 100 гаруйг бичсэн байна. Арваад драмын жүжгийн хөгжим бичжээ” хэмээв. Түүний Буриадын театрт зориулж бичсэн “Угийн сүлд” хэмээх хөгжимт жүжиг нь ОХУ-ын хэмжээнд 87 мэргэжлийн театр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт оржээ. Өвөрмонголын Одон телевизийн Радио телевизийн улсын хороо том чуулга, найрал дууны бүлгэмтэй аж. Тэнд очиж ажиллан үндэсний хөгжмийн хамтлаг шинээр байгуулжээ. Энэ мэтээр монгол туургатныхаа хэмжээнд хийсэн ажил нь их гэнэ.

Ирэх есдүгээр сард Өвөрмонголд очиж хүүхдийн найрал дууны СD гаргах гэнэ. Тэрээр “Ер нь нас өндөр болсон болохоор Монголдоо амьдрахаар юмаа дөхүүлж байгаа. Одоо ятгынхаа CD-г гаргах гэж байна. Ятгын сурах хийж байна. Дандаа ардын дуугаар хийх гээд бэлдэж байгаа. Гэхдээ энд тэндээс дуудаад юм хийж өгөөч гээд байдаг юм. Баянхошуунд байдаг дүүгийндээ, хүүгийнхээ энэ байранд, XIII хороололд байдаг охиныдоо юмнуудаа тараагаад байж байна” хэмээв. Харин Д.Оюун “Номоо ангилж дугаарлатал 85 хайрцаг болсон. Баянхошуунд амбаарт хураах гэж арав гаруй хоног ноцолдсон. Манай хүний даралт нь өгсчих гээд байдаг. Уг нь манай хүн пянзны цуглуулгатай. Бид хоёр ч гадаадад явахдаа заан их цуглуулдаг. Харин хамаг хогшлоо энд тэнд тараачихаад үзүүлэх юмаар тааруухан байна даа” хэмээх аж.

Ийнхүү биднийг ярилцсаар явах болоход Өвөрмонголын Одон телевизийн найруулагч Хас-Эрдэнэ залгаж нэг дууг дөрвөн ятганд найруулаад даруйхан явуулаад өгөөч гээд байгаа бололтой. Нөгөөхийг нь Б.Наранбаатар гуай “Энэ дуу чинь манай дунд голтой адилхан юм байна” хэмээж байв. Тэгээд утсаа таслаад “Зөвхөн рок поп ч биш би хөгжмийн зохиолч болохоор миний энэ ажил дуусашгүй, ширгэшгүй ажил юм. Одоо нас яваад Монголдоо суурин байж их юм хийх хүсэлтэй болж байна даа” гэсээр хаалган дээрээ үдлээ.

Ж.Баярсайхан

Гэрэл зургийг Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь ирлээ. Амралтын өдөр байсан учраас хүүхдүүд нь гэр бүлээрээ ирсэн харагдав. Зээ нар нь бага сургууль, цэцэрлэгийн ахлах бүлэгт сурдаг болов уу гэмээр балчир хэдий ч ширээний теннисээр тун чиг гарамгай тоглоно. Бага охин Д.Гэрэлмаа байшингийнхаа хажуухан дахь гүний худгаас хувингаар ус хутгаж, хашааны гадаа байгаа машинаа нөхөртэйгөө угааж байв.

Машиныхаа дээврийг багагүй зүлгэж зогссон тэд “Байрны хөгшчүүл цайныхаа дээжийг балкон дээрээсээ өргөөд, доор нь зогсоолд байршуулсан машиныг цагаан алаг болгочих юм. Уг нь гэрээсээ гараад, тэнгэр бурхандаа залбираад өргөвөл зүйд нийцэх юм шиг санагдана. Машин дээр асгарсан цайны дээж, сүү нь арилахгүй юм. Хэд хоногоос машинаа дахин будуулахаас” гэцгээн өөр хоорондоо ярилцаж байлаа.

Биднийг гэрт нь орох үед Д.Данзан гуай “Амралтын энэ өдрүүдэд миний бие Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ ойг үзээд тун чиг сэтгэл хангалуун байна даа. Өндөр гэгээн Занабазарыг Монголын түүхэнд тодорсон дөрвөн аугаа их хүний нэг гэдэг. Үндсэндээ Чингис хаан, Хубилай хаан, Богд Зонхов, Өндөр гэгээн энэ дөрвийг дэлхийн нэртэй эрдэмтэд нэрлэсэн байдаг. Өмнө нь Өндөр гэгээний ойг ингэж ёс төртэй, гол нь Өндөр гэгээн Занабазар хэн бэ гэдгийг олон түмэнд тодотгож өгөх талаар багагүй учир дутагдалтай байсан санагдана. Энэ удаа Монголын төр нь ч, Шинжлэх ухааны академи нь ч Өндөр гэгээнээ байранд нь тавьж өглөө” гэв. Гэрийн эзэн “Зочдодоо цай аягалж өг” гэснээ “Өө нээрээ, саяхан хөдөөнөөс айраг ирсэн шүү дээ. Тэрнээсээ аягалж өг” гэв. Ийнхүү биднийг эхнэрийнх нь төрсөн нутаг болох Архангайн Хотонт сумаас ирсэн чимчгэнэ­сэн сайхан айргаар дайлав. Азарганууд барианд орох үеэр ханын цаг руугаа байн байн харж “Энэ уралдаан 22 км-ийн зайнд болсон. Энэ зайг монгол хурдан хүлгүүд хэр хугацаанд туулж байгааг мэдэх гэсэн юм. Түрүү морь энэ зайг 35 минутанд тууллаа. Энэ мэтчилэн хурдан морьдыг барианд ороход нь уралдааны замаа хэдэн минут секун­дэд туулсан гэдгийг давхар зарлавал зүйтэй санагд­даг. Ингэснээр хурдан морины амжилт үнэмлэхүй баталгаажиж байгаа хэрэг. Бидэнд тэр нь чухал биш юм аа гэхэд жуулчдад энэ төрлийн мэдээлэл нэн хэрэгтэй. Уяачид ч өөрсдийн амжилтаа ахиулахын тулд хичээнэ. Ер нь дан ганц хурдан морины уралдаан гэлтгүй эрийн гурван наадам бол жуулчдыг татах гол арга хэмжээ болсоор удаж байна. Зарим хүмүүс эрийн гурван наадмыг тэр дундаа үндэсний бөхийг олон улсын чанартай болгож, хөгжүүлэхийг санал болгодог. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл үндэсний спорт бол үндэснийх л байх ёстой. Өөрийн гэсэн зүйл­сээ гоочлоод, бүдүү­лэг хоцрогдмол гээд бусдыг дуурайгаад байвал нэг л мэдэ­хэд өөрийн гэсэн зүйл­гүй болчихдог. Олон улсын тэмцээн болгож, шаардлагад нийцүүлэхийн тулд үндэсний өв соёл нь хаягддаг жамтай. Наад зах нь япончууд жүдо бөхөө дэлхий нийтийнх бол­гохын тулд асар их хөрөнгө гаргаж 200 гаруй оронд хувцас хэрэглэл, татами буюу дэвжээгээ байгуулахын сацуу сурах бичиг, мэргэжилтэн багшаар хангаж ажилласан. Ингэж дэлхийд зургадугаарт ордог бөхийн спорт болж хөгжих явцдаа эсрэг дэв­жээ­ний бөх нь цэнхэр өмсгөл­тэй барилддаг болчихсон. Уламжлал ёсоор бол өрсөл­дөгч бөхчүүд хоёул цагаан өмсгөлтэй байх ёстой. Үүнд япончууд хичнээн дургүй байсан ч олон улсынх бол­гохын тулд арга буюу зөвшөөрсөн. Эртнээс жүдо­гийн тамирчид хоёул цагаан өмсгөлтэй байсаар ирсэн нь энгийн мэт боловч нарийндаа бол Японы соёл, өв уламжлалтай нягт холбоотой гэдэг нь ойлгомжтой” гэв. Мөн тэрээр “Дэлхийн бусад бөхийн спортын төрлөөс өмсгөл зүүсгэл, ёс заншил, барилдааны тэсвэр тэвчээр зэргээр үндэсний бөх манлай, төгөлдөр нь” хэмээн давтан хэлсэн юм.

Данзан доктор усан луу жил буюу 1952 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дарви суманд, хоньчин Довдон­гийн ууган хүүхэд болон мэндэлжээ. 1966 онд буюу түүнийг 14 настай байхад ээж нь отгон дүүг нь төрүүлээд бурхан болсны дараахан сумын төвөө барааджээ. “Ээж минь 32 настайдаа отгон дүүг минь төрүүлээд, өвчний улмаас нас барчихсан. Ингээд л аавыгаа дагаад, зургаан дүүтэйгээ сумын төв орсон. Хамгийн бага нь дөнгөж төрсөн өлгийтэй нярай байсан гэсэн үг шүү дээ. Сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адилаар усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ. Том нь учраас дүү нараа харж, хандана. Ингээд л 1972 онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийн оюутан болох үед бид гэр бүлээрээ нүүж ирсэн. Сургуулиа 1977 онд төгсөнгүүтээ төрөлх сургуульдаа үргэлжлүүлэн багшлах болсон. Тухайн жил Монгол Улсын их сургуулийн захиргаа төгсөгч нараасаа сурлага сайтай 20-иод залуусыг багшаар авч үлдсэн юм. Тэдэн дотор надаас гадна Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж багтсан. Ингээд 1993 он хүртэл бид хоёр их сургуульдаа багшилж байгаад үндэсний бөхийн холбоог байгуулж, тэргүүн, дэд тэргүүнээр нь ажиллах болсон” хэмээн өгүү­лэв. Дарви суманд хэзээнээс Олхонууд овгийнхон амьдарч ирсэн бөгөөд тус нутаг усанд төрсөндөө бахархдаг талаараа бидэнд хуучлав. “Мэргэдийн Чилэдү баатар Олхонууд овгоос Өүлэн хатныг аваад явж байхад нь Есүхэй баатар булаагаад авчихсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Олхонууд овгийнхон бол Өүлэн хатны хойч үр сад гэдэг нь ойлгомжтой. Манай суманд Монгол Улсын хэмжээний эрдэмтэн, улсын аварга малчин, гавьяатууд, баатрууд, ардын хувьсгалын партизан, улсын цолтой бөх, уяач зэрэг алдар цолтой 200 гаруй хүмүүс бий. Алдарт хоньчин баатар С.Цогтгэрэл, “Жалам хар”-ыг бичсэн хөгжмийн зохиолч Э.Чойдог, малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр дорвитой ажил хийсэн мал зүйч Ч.Дамдиндорж зэрэг гурван ч төрийн шагналтантай. Олимпийн анхны медальт, самбо бөхийн дэлхийн аварга Н.Бүрэнзэвсэг тэргүүтэй таван ч улсын цолтой бөхтэй. Дээрээс нь гурван академич, 20 гаруй шинжлэх ухааны доктор, 80 гаруй боловсролын доктортой. Ийм олон алдарт­нуудтай сум Дарвиас өөр байхгүй. Тэр ч утгаараа зарим хүмүүс манай сумынхныг “Мон­голын еврейчүүд” ч гэх нь бий” хэмээн сэтгэл хангалуун өгүүллээ.

Биднийг ийн хууч хөөрөх зуур зээ нар нь хэд хэдэн удаа түүний өвөр рүү мацан гарч, үнсүүлчихээд өрөө рүүгээ гүйчихнэ. Тэгснээ зээ хүү нь өөрийн тоглоомыг барьж ирээд, “Өвөө тоглоё л доо” гэвэл зээ охин нь “Хоёулаа гадаа тоглоё” гээд гарнаас нь гулдарна. Д.Данзан огтхон ч төвөгшөөсөн янзгүй “Тэгнэ ээ. Өвөө нь удахгүй завтай болчихоороо тоглоно оо. Харин миний хүүхдүүд гараад тоглож бай” гэвэл тэд уриалгахнаар “За” гэчихээд гараад өгөв. Хашаан дотроо тоглох зээ нараа цонхоороо хэсэг харж зогссоноо “Өөрснөө зусланд амрахаасаа илүү эд нарыгаа цэвэр агаарт цэцэг ногоон дээр тоглуулах гэсэн хэрэг. Бямба, ням гаригуудад эдэнтэйгээ хамт инээж хөхөрч, тоглож наадан өнгөрүүлэхэд жинхэнэ утгаараа амралт болж байгаа юм даа” хэмээв.

Зочны өрөөний хананд Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяраас Соёлын гавьяатын цол тэмдгээ авч байх үеийнхээ зургаа өлгөжээ. Хажууханд нь гэргий­тэй­гээ татуулсан зургаас гадна хэд хэдэн сумын засаг ноёдын дурсгасан байгалийн үзэсгэлэнт газруудын зураг харагдав. Зочны өрөө­­нийхөө нэг буланд гал тогоо­гоо байрлуулжээ. Хотын төвийн айл шиг крант онгойлгоод л цэвэр усаа авч байгаа харагдсан, зуслангийн байрандаа боловсон жорлон хүртэл суурилуулсан байна. Байрандаа зочны өрөөнөөс гадна дахин хоёр ч том гэгчийн өрөө гаргажээ. Зуны амрал­таараа зээ нар нь амарч, өөрсдөө амрал­тын хоёр өдрөөр ирж амьдар­даг учраас эдгээр өрөөнүүдэд хувцасны шүүгээ, толь, сандал зэргээс өөр зүйлс харагдсангүй. Тэрээр эхнэртэйгээ 1977 онд гэрлэж, 40-өөд жил амьдрахдаа гурван охинтой болжээ. Харин өнөөдөр охид нь бүгд хүнтэй сууж, таван зээтэй болжээ.

Түүнээс үндэсний бөхтэй амьдралаа холбосон талаар нь асуутал “Бөхийн амьдралыг мэдэхийн хувьд 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа нам дагалгүй, наймаа худалдаа хийх гэж оролдолгүй шуудхан л үндэсний бөх хэмээх өв соёлыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Тухайн үед бөхчүүд өөрсдийн ажлаа хийж яваад наадам, цагаан сарын барилдаанд оролцдог байсан. Тэд маань ихэвчлэн хар бор ажил хийдэг байсан даа. Үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо зэрэг бөхийн хамтарсан орон тооны бус удирдлагатай, бөхийн холбоо нэр төдий байгууллага байсан. Яагаад нэр төдий гээд байна гэхээр энэ холбоо самбо, чөлөөт, жүдо бөхийн төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлд голчлон анхаарахаас бус үндэсний бөхийг ойшоодоггүй байсан. Шагнал урамшуулал нь ч багаас гадна бөхчүүд бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Дархан аваргыг одон­гоор ч шагнахгүй хэрнээ бөхийн бусад төрлөөр тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон бөхийг одон медалиар харамгүй шагнана. Үндэсний бөхийн спортоор дархан аварга үүнээс яав ч дутахгүй гавьяатай, уг нь. Дээр нь социалист нийгмийн үед үндэсний бөхийн барилдаанаас олсон орлогыг Спортын төв ордон хураан авч, багахан хэсгийг түрүү үзүүр бөхөд өгчихөөд өөрийн санхүүжилтдээ зарцуулдаг байсан. Зүй нь бол үндэсний бөхөөр олсон учраас энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зарцуулах ёстойсон. Энэ бүхнийг би дэндүү ойроос харж, мэдэрч байсан хүний хувьд “Спортын мэдээ” сонинд долоо найман ч нийтлэл бичсэн. Үндэсний бөхийн спортыг шинэчлэх өөрийн санал санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг бол­гох үүднээс өөрийн бич­сэн “Бөхийн хөдөлмөр” хэмээх нийтлэлээ бариад Ардын их хурлын нарийн бичгийн дарга Ц.Готовтой уулзсан юм. Ингэж 1989 онд анх­лан бөхийн асуудлаа шийдүүлэхийн төлөө төрийн ордон руугаа орж байлаа. Бөхийн холбооны дарга Ж.Гүррагчаатай давхар уулзан, бөхчүүдийн эрүүл мэнд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг анхаарахаас өгсүүлээд бай шагналыг дээшлүүлье, улсын наадамд зодоглоход албан байгууллагаас нь цалинтай чөлөө өгье гэсэн санаагаа алд хэмжээтэй цаасан дээр бичээд өгчих­сөн. Ингээд төрийн удирдлага, бөхийн холбооны дарга хоёрт хэлчихсэн юм чинь асуудлууд нэг мөр шийдэгдэх болов уу гэсэн чинь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Тиймээс зайлшгүй өөрийн хувь нэмрээ оруулах шаардлагатай болсон гэх үү дээ. Ер нь ямарваа нэгэн ажлыг санаачилж, сэдсэн хүн л өөрөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол өрөөл бусдад ингэмээр байна гэж хэлэхээр амны гарз болдог шиг байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Улсын заан Р.Давааням төрсөн ах Р.Нямдоржтойгоо үндэсний бөхийн өв соёлыг хамгаалахын тулд дорвитой алхам хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг ярьж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан байгаа юм. Ингээд л 1990 оны дөрөв­дүгээр сард Үндэсний бөхийн холбоогоо байгуулсан. Бөхийн холбоог байгуулсны дараахан буюу дөрөвдүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр Р.Давааням заан, Р.Нямдорж, Соёлын яамны дэд сайд асан, П.Даваасамбуу, улсын заан Д.Мягмар бид тав тус бүр 100 төгрөг гаргаж, холбооныхоо санг бүрдүүлж байлаа. Ингэж л тамга тэмдгээ хийлгүүлж, төд удалгүй холбооныхоо нэрэмжит барилдааныг зохион байгуулж байлаа. Өнгөрсөн хавар манай холбооны 25 жилийн ой тохиож, хоёр барим­тат кино, мөн төчнөөн ном гаргаж, 1024 бөхийн барилдаан зохион байгуулснаас гадна эрдэм шинжилгээний хурал хүртэл зохиосныг та бүхэн мэдэж байгаа байх. Бидэн шиг ойгоо өргөн дэл­гэр хийдэг байгууллага байх­гүй. Бид л анхлан 6000 бөхийн барилдааныг зохиож, Геннисийн номонд бичүүллээ. Үүнээс үлгэр авч морины холбоо хоёр жилийн дараа морины уралдаанаа Геннисийн номонд оруулсан” хэмээв.

Тэрээр Бөхийн өргөөний барилгын зургийг 1991 оны нэгдүгээр сард холбооны ерөнхийлөгч Р.Нямдоржтой гаргажээ. Тэд бөхийн өргөөтэй болъё хэмээн шийдээд, шуудхан харандаа цаас аваад зурж эхэлсэн гэдэг. Ийн өөрсдийн зурсан 2500 хүний суудалтай, дугариг хэлбэрийн өргөөний гар зургаа мэргэжлийн архитекторуудад өгч зуруулжээ. Ийнхүү зурган дээр бэлэн болсон үндэсний бөхийн өргөөгөө барих газраа тэр даруй хайж эхэлсэн ч багагүй хугацаа алджээ. Анхлан бөхийн өргөөг баруун дөрвөн замд байгуулахаар шийдэн, дүүргийн Засаг даргын тамгын газар хандсан гэнэ. Гэсэн ч өөр барилга байгууламж баригдахаар урьдчилаад төлөвлөчихсөн байсан учраас өөр газар хайжээ. Тус газарт хожмоо Голомт хотхон сүндэрлэжээ. Ийнхүү Их дэлгүүрийн баруун урд тал дахь замын эсрэг талын төв зам дагуух сул газрыг бөхийн өргөөний зориулалтаар ашиглая гэсэн боловч дүүргийн удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Энэ газарт өдгөө Улаанбаатар их дэлгүүр баригдсан байгаа юм. Үүний эцэст Хөдөлмөрийн яамны өмнөх, Баянзүрх дүүрэг дэх газрыг олж, зөвшөөрлийг нь авчээ. Газрын хэмжээ төлөвлөснөөс бага байсан учраас 58 орчим метрээр төлөвлөсөн өргөөний тойргийн уртыг хоёр гурван метрээр багасгажээ. Ийнхүү арван эгнээ бүхий найман хэсэг суудалтай, голдоо 34 метрийн диаметртэй дэвжээ бүхий бөхийн өргөөний шавыг 1992 онд тавьжээ. Д.Данзан “Улсын начин, заан цолтой бөхчүүдийг цуглуулаад бөхийн өргөө байгуулах гэж байгаа талаараа дуулгатал тэд нэг их ойшоодоггүй. Тэгэхээр нь бөхийн өргөө гэдэг таван ханатай гэрийн төдий байгууламж биш. Өндрөөрөө найман давхар барилгын дайтай гэдгийг би хэлтэл бөхчүүд дүнгэнэлдээд явчихсан. Дүвчин заан “Өө би тэр 120-д байдаг дугариг байшин шиг жижигхэн гэр юм байх гэж бодоод хаана нь бөх барилдаж, хаана нь үзэгчид суух юм бол гэж гайхаад л сууж байлаа гэсэн. Ингэж бөхчүүд ажлыг минь үнэн сэтгэлээсээ ойлгож эхэлсэн. Түүнээс биш өндөр нь 28 метр, диаметр нь 50 гаруй, дэвжээ нь 40-өөд метр гэхээр бууж өгөхгүй байсан хэрэг л дээ. 520 гаруй бөхийн хорхойтон, хүчит бөхчүүдийнхээ хан­диваар үндэсний бөхийн өргөө барилгын ажил таван жил гаруй үргэлжилсний эцэст 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөө нээлтээ хийсэн” гэсэн юм. Энэ их нөр ажлыг нугалсан учраас холбооны тэргүүн Р.Нямдорж болон Д.Данзан нарыг дөрвөн жил тутам болдог зөвлөлийн хурлаараа улираан сонгосоор байдагт эргэлзэх зүйл алга.

Түүнийг бөхийн холбооны дэд тэргүүн, шинжлэх ухааны доктороос гадна яруу найрагч гэдгийг нь тэр бүр мэддэггүй болов уу. Эл эрхэм найрагч Монголын ард түмний дунд хит болсон олон дууны шүлгийг бичсэн юм. Тухайлбал нэг ус нутаг буюу Ховдын Дарви Сутай хайрханы хүү, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнтэй “Түшээт ханы Намхай аварга”, Монгол Улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандах агсантай “Насны хайр”, “Гэртээ ирлээ”, Гомбын Эрдэнэчулуунтай “Монгол эрийн жавхаа” зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн байна. Данзан докторын гэргий Чимидын Оюунбилэг нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн ажээ. Тэрээр Монгол Улсын заан Гочоосүрэнгийн төрсөн дүү гэнэ. Намуухан яриа хөөрөөтэй намбалаг сайхан эмэгтэй нөхөр, ач зээ нарынхаа хамт биднийг гаргаж өгсөн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Төрийн наадамд түрүүлсэн мэргэн харваачдын эгэл амьдрал

Үдшийн 23 цаг болж байв. “Хотод их устай бороо оржээ. Замын хашлага даваад чулуу, шороо, хог урсаад ороод ирснээс биш энэ зун асгаагүй л хураа хайрлаж дээ, энэ тэнгэр” гэж дуу алдсаар манай зочид орж ирэв. Бид “Танайд өнжье” буланд онцолж буй айлдаа зочилж гэрийн эзэд угтаж авдаг байсан бол энэ удаа харин эсрэгээрээ гэртээ ирэхийг нь хүлээж байсан нь энэ. Тэд бол Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын халх сурын харваанд эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж Монгол Улсын мэргэн болсон Б.Батбаатар, эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын хошой мэргэн С.Энхтунгалаг нар юм. Хүй долоон худагт болсон Баянгол дүүргийн 50 жилийн ойн баяр наадмын сурын харваанд гэр бүлийн хоёр оролцоод нөхөр нь гуравдугаар байр эзэлсэн гээд өргөмжлөл, хүрэл медаль барьчихсан ийн хур бороотой уралдсаар гэртээ ирж байгаа нь энэ. Хошой мэргэн С.Энхтунгалаг “Нөхөр маань гуравт ороод тэгсэн бөхийнхөө барилдааныг дуусгаж байж бай шагнал өгнө гээд Хүй долоон худагаас ховхорч чадахгүй оройтчихлоо. Та нарыг их хүлээлгэлээ” гэж яриа өрнүүлэнгээ дээл хувцсаа тайлж аваад буйдан дээр хоёул тухлаад авав. С.Энхтунгалаг мэргэний дүү цай аягалаад хоол авчирч өгөхөд Б.Батбаатар мэргэн “Гурилтай шөл юм уу, яасан сайн хэрэг вэ. Ойрын хэд хоног бид хоёрыг чинь хоёулаа улсын наадамд түрүүлсэн гээд ах дүү хамаатан садан, найз нөхөд баяр хүргэж, манайх гэдэг айл хөл ихтэй л байна. Ирсэн хүн болгонд дэлгүүрээс ууттай бууз авчирч чанаж өгсөөр байтал өөрсдөө ч залхчихаж” гэв. Энэ жил төрийн наадмын сурын харваанд гэр бүлийн хүмүүс түрүүлсэн анхны тохиолдол нь Б.Батбаатар, С.Энхтунгалаг нар юм. Түүнчлэн хоёулаа Буриад, Урианхай сурын харваа сонирхдог, чамгүй амжилт үзүүлж яваа тамирчид юм.

Монгол Улсын мэргэн Б.Батбаатарын хувьд Буриад, Урианхай сурын спортын мастер бол эхнэр С.Энхтунгалаг нь Монгол Улсын хошой мэргэн, Буриад сурын гоц мэргэн, Уламжлалт харвааны ОУ-ын хэмжээний мастер билээ. Түүнчлэн гэр бүлийн харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээний 2014, 2015 оны аварга юм байна.

Төрийн их баяр наадамд хамтдаа 12 жил зодогложээ

Улсын мэргэн Б.Батбаатарын том өрөөний шилэн хорготой шкапанд үндэсний их баяр наадмын сурын харваанд шагналт байрт шалгарсан өргөмжлөл ирийтэл өрсөн харагдав. Тэд 2000 оноос хойш төрийн их баяр наадамд алгасалгүй оролцож иржээ. Дээд эгнээнд нь гэрийн эзний өргөмжлөлүүд байх. Харин хоёр дахь шүүгээний нүдэнд гэрийн эзэгтэйн өргөмжлөл, дурсгалын зүйлс өрөөстэй байна. Гэрийн эзэгтэйнх илүү олон юм. 2010 онд Дэлхийн уламжлалт харвааны аварга болж байсан өргөмжлөл медаль ч байв. Дэлхийн уламжлалт харваагаас анх удаа Монголоос медаль хүртэж байжээ. Уламжлалт харваа гэдэг нь өөрсдийн үндэснийхээ нум сумаар адилхан бай харвадаг төрөл юм. Гэрийн эзэгтэй “Би 1981 оноос хойш 34 жил сурын харваагаар хичээллэж байна. 1986 онд анх Монгол Улсын мэргэн болж спортын мастер цол хүртэж байлаа. Түүнээс хойш мэргэнээ баталчих юмсан гэж бодсоор энэ жил харин сайхан тохироо бүрдэж, бүр ханьтайгаа хамт түрүүлчихлээ. Харин манай хань чинь хожуу сур харваж эхэлсэн шүү дээ” гээд наадмын зурхайд төрсөн сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр “Сүүлийн хоёр жил нөхөр маань түрүүгээ Отгонбаяр ахад алдсан. Энэ жил харин түрүүлэх байх гэж найдаж байсан. Эрэгтэй шигшээ найм эхэлж харвадаг. Шигшээ харвах үед салхи ихтэй, тэнгэр хангай жаахан бүүдгэр байсан чинь манай ханийг сүүлийн сумаа тавих үед их сайхан тогтуун болчихсон. Цаанаа л нэг од нь гүйчихсэн байсан. Би ч нөхрийгөө Монгол Улсын мэргэн цолны болзол хангачихсан чинь ганц зорилго биелчихлээ гэж бодоод одоо яасан ч яахав гээд өөрийгөө сайхан тавьчихсан. Ер нь сур бол их хэцүү, хатуу спорт. Зарим үед сандраад өөрийгөө хэт бариад алдчихдаг. Айж шийргэнэнэ.

Харин энэ жил их тайван үзсэн. Нөхрийн маань амжилт намайг хурцалсан. Миний өмнө Оюунчимэг мэргэн сум тавьсан. Түүний харвахыг л харсан. Гарамгай мэргэн Х.Оюунчимэг төрийн их баяр наадмын халх сурын харваанд тасралтгүй дөрвөн жил түрүүлсэн хүн. Тэрнээс миний дараа харвасан хүмүүс яагаа бол гэж бодоогүй. Тэгсэн харин гараад ирсэн. Үүнээс илүү баярт явдал гэж хаа байхав” гэж ирээд өөрөөсөө илүү ханийнхаа амжилтыг ихэд бахдан ярьж байхыг харахад үнэхээр сэтгэл хөдөлж байлаа. Хошой мэргэний хувьд сүүлийн хоёр жил үзүүрлэсэн нөхрийгөө түрүүлж, мэргэн цол хүртээсэй гэсэн чин хүсэлтэй байсан нь илт. Учир нь найзууд нь “Залуу харваач Батбаатар хэзээ мэргэн болж эхнэрийн энд хүрэх вэ” гэж цаашлуулдаг гэнэ. Цолныхоо эрэмбээр нэр дуудуулж харвадаг болохоор хамгийн сүүлд шахуу дуудагддаг байж. Уг нь сүүлийн хоёр жилийн наадамд шаанс гарсан боловч нэг л тохироо бүрдэхгүй Отгонбаяр мэргэнд түрүүгээ буулаалгаад аман хүзүүдсэн хэрэг. Тиймээс энэ жил түрүүлэх байх гэсэн битүүхэн горьдлоготой байжээ. Харваачдын хувьд наадамд үзүүрлэнэ, тэр дундаа хоёр үзүүрлэнэ гэдэг амаргүй даваа ёстой л ур чадвартай, мэргэн нь л ийм амжилт гаргадаг бололтой. Өнөө жилийн наадмаар мэргэн Б.Батбаатар 40 сум тавьснаас 36 оноо авсан бол гэргий нь 40 сум тавьж 37 онож түрүүлжээ.

29 жилийн дараа хошой мэргэн болсон нь

Хошой мэргэн С.Энхтунгалаг 1981 оноос харваж, сурын спортыг сонирхож эхэлжээ. Тэрээр 1986 оны үндэсний их баяр наадмаар Хадбаатар аваргыг түрүүлдэг жил түрүүлж Монгол Улсын мэргэн, спортын дэд мастер цолны болзол хангаж байснаа ихэд бэлгэшээдэг гэсэн. 1986-1994 оны хооронд гурван хүүхэд өсгөх том албатай болж хэсэг хугацаанд нум сумаа эвшээлгээгүй байна. Ингээд хүүхдүүдээ хэлд орж, хөл нь чангараад ирэхээр нь ээж, аавдаа даатгаад л наадмын бэлтгэл гээд явчихдаг байж. 2007 онд тавдугаар байрт орж байсан ч улсын мэргэнээ батлах хүсэл өвөртөлж уйгагүй зүтгэсний хүчинд хошой мэргэн боллоо хэмээн дурсамжаасаа хуваалцав. Үнэндээ зөвхөн халх гэлтгүй буриад, урианхай сурын харваанд түүнтэй эн зэрэгцэх хүн ховор. Гарамгай мэргэн Оюунчимэг, Норжмаа мэргэн гээд түүний хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэж болох юм. Түүний насныхан бүгд л зодог тайлчихсан. Харин С.Энхтунгалаг уйгагүй бэлтгэл хийж 29 жилийн дараа ийн хошой мэргэн боллоо. Ийн хошой мэргэний амжилтыг хөөрөлдөх зуур бага хүү нь найз охинтойгоо орж ирэв.

Улсын наадамд гэр бүлээрээ гутгаар байрторсон түүх

Батбаатар мэргэнийх нэг охин, хоёр хүүтэй айл. Том нь Жаргалсүрэн, удаах нь Төгсжаргал, Төгс-Эрдэм хоёр. Охин нь санхүүгийн мэргэжилтэй. Хоёр хүү нь хятад хэл судлаач. Өдгөө нэг нь төрийн байгууллагад том алба хашиж байгаа бол бага хүү нь мөн томоохон компанид хятад хэлний орчуулагч хийж байгаа гэсэн. Том хүү нь өрх тусгаарлаж хоёр хүүхэдтэй болсон байна. Бага хүү нь аав, ээжээрээ ихэд бахархана. Тэрээр намайг бодвол ах илүү сайн харвана гэхэд ээж нь “Миний хүү чинь 20 сум тавихад 20 онодог мэргэн байхгүй юу” гээд хошуу дэвсэн эрхлүүлж, зулай дээр нь үнсэв. Зургийн цомог гаргаж ирээд энэ бол манай гурав наадмаар гурвуулаа хүрэл медаль хүртсэн жил гэж ирээд ярив.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 оны үндэсний их баяр наадамд аав, ээж, хүү гурав нум сумаа үүрээд гэрээсээ хамт Төв цэнгэлдэхийн зүг хөдөлжээ. Харин наадам дуусахад гэртээ гурвуулаа хүрэл медаль өвөртөлж ирсэн гэнэ. Ер нь хүүхдүүд нь аав, ээжийнхээ мэргэжлийг ихэд дэмжихээс гадна арын ажлыг нь амжуулж, хоол унд, хувцас хунарыг нь базаадаг байна. Учир нь аав, ээж нь үргэлж бэлтгэл сургуулилт, тэмцээн гээд гэртээ орж ирэх нь ховор.

“Ханьдаа шинэ малгай оёж өгөх том ажилтай боллоо”

“Ямар сайндаа л мэргэн нөхрийнхөө малгайг оёх завгүй байгаа” гээд гэрийн эзэгтэй инээмсэглээд өөрийнхөө малгайг харуулав. Бөхчүүдийн малгайны залаа дээр улсын наадамд үзүүрлэж, түрүүлсэн тоог илтгэх зураас бий. Яг үүнтэй адил харваачдын малгайны залаанд ч тийм зураас байдаг. С.Энхтунгалагийн малгайны залаа нь хоёр давхар бөгөөд эхний залаан дээр улсын наадамд зургаан удаа үзүүрлэснийг илтгэх зураас байх бол хоёр дахь нь нэг зураастай аж. Учир нь тэрээр аймаг сумын наадамд оролцоод хошой мэргэнийхээ тэмдгийг малгайдаа хадах ч завгүй явна. “Би ч яахав нэмээд оёчихно. Ханьдаа харин шинэ малгай оёж өгөх том ажилтай боллоо” хэмээн ирмээд нөхрийнхөө толгой дээр өөрийнхөө малгайг тавиад “Энийг чи ав” гэж цаашлуулж инээв. Харин Батбаатар мэргэн “За, өнөө Батбаатар чинь эхнэрийнхээ малгайг өмсчихөж гээд андахгүй. Онигоо болно” хэмээн инээмсэглэн, ёжлоход бага хүү Төгс-Эрдэм нь аав, ээжийнхээ ярианд итгэсэн бололтой “Яана аа ээжийнх ягаан өнгөтэй ш дээ” гэж гэрийнхнийгээ хөгжөөгөөд авав.

Наадмынбэлтгэлээ хийхийнтулд хүнээс мөнгө зээлж өр тавьсан

Малгайнаас эхлээд наадамд бэлдэхэд мундахгүй их юм хэрэгтэй. Бэлтгэл хийнэ, малгайгаа хүнээр оёулна гээд л. Хошой мэргэн малгайгаа хүнээр 250 мянган төгрөгөөр оёулжээ. Энэ тухайгаа ярихдаа тэрээр “Энийг сонин дээрээ бичихгүй биз дээ” гэж их л санаа зовсноо “Яахав дээ хүний л амьдрал ш дээ. Бэлтгэлээс эхлээд мөнгө их орно. Баатараа бид хоёр наадмын дараа өгье гээд хүнээс мөнгө зээлчихсэн. Наадамд түрүүлсэн гээд улс тус бүр найман сая төгрөг өгсөн. Энд тэндхийн аймаг сумын наадамд оролцоод бас хэдэн төгрөг оллоо. Өрөө дарчихаад машин тэргээ сайтар шалгаж, хоол ундаа бэлдээд хэд хэдэн аймгийн ойд оролцох санаатай” гэв. Харин гэрийн эзэн “За тэр яах вэ” гэж эхнэрээ нударна. Түүнчлэн гэрийн эзэгтэй “Уг нь бөхчүүдэд түрүүллээ гээд л хэдэн өрөө байр, хэдэн ч машин өглөө гэдэг. Барьцаж байгаа юм биш л дээ” гээд хуучин байрныхаа гал тогоонд орж гал тогооны шүүгээ шагналынхаа мөнгөөр авахаар төлөвлөснөө шивнэв. Уг нь наадмын үеэр түрүүлсэн харваачийг нэг тавилгын компани гал тогооны иж бүрэн тавилгаар байлахаа зарлаж байсан удаатай аж. Гэвч өнөөг хүртэл чимээгүй байгаа бололтой.

Сумынойд нөхөр нь хоёрт орж, эхнэр нь түрүүлж автомашинаар шагнуулжээ

Гэр бүлийн мэргэн харваачид маань аймаг, сумын наадамд оролцоод тун ч завгүй яваа бололтой. Төрийн их баяр наадмаар авсан хоёр өргөмжлөлөө ханан дээрээ өлгөж амжаагүй харагдсан. Гэрийнхээ хамгийн дээр залах тухайгаа хуваалцсан. Тэд хэдхэн хоногийн өмнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ойн баяр наадамд оролцож Батбаатар мэргэн эрэгтэйчүүдийн төрөлд хоёрт орж гурван сая төгрөгөөр шагнуулсан бол Энхтунгалаг мэргэн эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж автомашинаар шагнуулжээ. Автомашинаа гардан авч байгаа зураг нь мөн л шүүгээн дээр нь харагдав. Энэ тухайгаа Батбаатар мэргэн “Нэлээд хэдэн сумын ой давхцаад бид хоёр ярилцаж байгаад хамгийн өндөр шагнал автомашин өгнө гэсэн сум руу явсан” гээд инээв. Сурын маань буян хишиг учраас ёстой нүдний цөцгий мэт хайрлаж, гамтай унана гэдгээ хүртэл хэлэв.

Б.Батбаатар: Манай эхнэр яг л “ямаа” шиг. Хийж чадахгүй, сонирхохгүй юм гэж байхгүй

Хошой мэргэн С.Энхтунгалаг зөвхөн сур харвахаас гадна их бүтээлч, ажилсаг нэгэн гэдэг нь илт. Өрөө бүрт л түүний оёсон хатгамал, мөн цаасаар сүлжсэн бүтээл дэлгээстэй. Цаасаар их гоёмсог сумны сав хүртэл урлажээ. Найзууддаа хүртэл бэлэглэдэг гэсэн. Харин мэргэн Батбаатар өөрийнхөө болоод эхнэрийнхээ хэрэглэх сумыг урладаг байна. Мөн л жижиг өрөө дүүрэн нум, сум. Хоёулаа халх, буриад, урианхай нум, сумтай. Түүний ярьснаар бол харваач бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас сумаа хүртэл өөртөө тааруулж хийдэг байна. Халх сурын зай 75 метрээс эхэлдэг бөгөөд хасаа буюу бай нь 100 гр жинтэй сураар сүлжиж хийсэн байдаг. Харин Урианхай сур 35 метрээс эхэлдэг чих буюу бай нь 350-400 гр жинтэй, хүнд сум, хүчтэй нум хэрэглэдэг байх жишээтэй. Буриад сур 45 метрээс бай буюу үртгийгээ /өртгий гэж хэлдэг/ онодог. Товчхондоо бол хөнгөн сумаар хөнгөн байг онодог. Үүнээс гадна хоорондоо олон нарийн ялгаатай. Мэргэн халх сурын байг мөн урладаг юм билээ. Гэхдээ нумаа тусгайлан мэргэжлийн урлаач хүнээр хийлгэдэг байна. Батбаатар мэргэний нумыг Чойдорж гэдэг хүн урласан бол Энхтунгалаг мэргэний нумыг Баттөмөр, Баатар гэдэг хүн урлажээ. Олон жил болж байгаа гэнэ. Шагналынхаа дээжээс нум урласан хүнээ мялаагаад ирснээ ч ярьсан. Харин эхнэрийн хувьд их авьяастай. Охиноо төгөлдөр хуурын сургалтад явуулаад төгсөхөд нь өөрөө оролдсоор байгаад сурчихсан, хүнээр нэг л удаа заалгаад гар урлал хийчихнэ гээд зүгээр суудаггүй нэгэн. Ямар сайндаа нөхөр нь түүнийг “Манай эхнэрт хийж чадахгүй зүйл байхгүй. Юу л харна түүн рүүгээ зүтгэнэ. Яг л ямаа шиг” хэмээн хошигноод авав. Ийн хөөрөлдөх зуур бид хоёрын тэмцээнд ороод амжилт гаргах хамгийн гол хүчин зүйл бол тусалж дэмждэг “Алдар” спорт хорооны хамт олон, “ЖЕМ” интернэшнл компанийн хамт олон юм. Тиймээс энэ завшааныг ашиглаад баярлалаа гэдэг чин сэтгэлийн үгээ хэлмээр байна гэж С.Энхтунгалаг харваач хэлэв.

Сурынзурхайд танилцаж, сурынзурхайдаа амьдарч яваа харваачид

Мэргэн харваачид нум сумаа ихэд нандигнан дээдэлдэг нь илт. Бараг үр хүүхдээсээ илүүд үздэг гэж ярив. Өвлийн улиралд заал, танхимын харваанд оролцдогийг эс тооцвол бусад үед нум, сумнаасаа сална гэж үгүй. Анх сурын зурхайд танилцаж, сурын спортод хамтдаа амьдралаа зориулж яваа хүмүүс бол яах аргагүй Батбаатар, Энхтунгалаг хоёр мэргэн. Тэд Дорнод аймгийн уугуул хүмүүс. Анх 1975 онд Батбаатарыг Мухардайханы хэмээх мэргэн харваачдын удмын Пүрэвийн Гарамсүрэн найз нь сурын харваанд уруу татаж оруулсан. Найзыгаа дагаж Төв цэнгэлдэхэд сур харваа сонирхож яваад эхнэрийгээ олж харсан гэдэг. Тухайн үед бороо орж харваачид саравчинд цугларч хоргодож зогсоо эхнэрийгээ хараад дурласан цагаас хойш сэтгэлийг нь сурын зурхай насан туршид нь аргамжаад авсан хэмээн хуучлав. Уг нь Батбаатар мэргэн мужаан мэргэжилтэй, мөн МУИС-ийг бараа судлал, худалдааны зохион байгуулагч чиглэлээр дүүргэсэн байна. Аав нь тухайн үедээ их хэлэмгий, хөдөлгөөнтэй хүн байсан учир “Намын эсэргүү Базар” гэгддэг байж. Эхээс олуулаа. Энхтунгалаг мэргэн мөн л эхээс олуулаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул. Гэхдээ сур сонирхдог хүн байдаггүй гэнэ. Батбаатар мэргэний удамд Д.Цэцэг хэмээх өдгөө 65 нас хүрч буй Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн харваач байдаг аж. Энэ хүнээс л хоёулаа үлгэр дуурайл авч, хүндэлж явдгаа ярив. С.Энхтунгалаг “Бид ямар үнэт эдлэл, үнэтэй зүйл хөөцөлдөөд байх биш. Хэдэн төгрөг олвол эрүүл мэнддээ зориулж ахиад хэдэн жил амьдарч сур харвахыг хүсдэг. Цэцэг эгчээс дутаад юу байхав гээд л түүнийг юу хэрэглэнэ дагаад л хэрэглэнэ шүү дээ” хэмээн наргив. Хажуунаас нь хүү нь “Ээж Цэцэг эгч тийм ургамал, бэлдмэл хэрэглэж байна. Эмч хүн буруу юм хэрэглэхгүй гээд дуурайна шүү дээ” гээд инээв. Үнэхээр ч нум эвшээлгэж, сурын спортдоо үнэнч зүтгэнэ гэсэн эхнэр, нөхрийн чанд хүсэл бололтой. Сурын зурхайдаа босоо яваа мэргэн харваачид маань ийн сураа ярьсаар дараагийн тэмцээндээ аяны мишокоос эхлээд бэлдэх юм их байна гээд үлдлээ.

Д.Даваасүрэн

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол орны бүх нутагт хүрч ажиллах хүсэлтэй Элчин сайд

Их Британи, Умард Ирлан­дын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жэйн Арнолдынд өнжлөө. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Кэтринийх Монгол дахь Элчин сайдуудын хотхонд байдаг. Харуул хамгаалалт бүхий ногоон зүлэг, модоор хүрээлүүлсэн тэр цэмцгэр хашаанд орон орны Элчин сайдууд амьдардаг юм билээ.Английн Элчин сайдын өргөө хоёр давхар цагаан өнгөтэй. Зочны, гал тогооны, ажлын, албан өрөөнөөс гадна гурван ч унтлагын өрөөтэй ажээ. Кэтрин Монголд ирээд ердөө гуравхан долоо хонож байгаа болохоор гэрээ өөрийнхөө хүссэнээр тохижуулж ам­жаа­гүй байгаагаа бидэнд учирлав. Тэрбээр уран зураг, хөгжим, ном, спорт гээд маш олон зүйл сонирхдог бөгөөд арвин цуглуулгатай аж.Тэдгээр эд хогшлоо гааль дээрээс авахаар хүлээж байгаагаа ч дуулгасан юм.

Хатагтай Кэтрин хэвлэлд нээлттэй санагдав. Хэр баргийн Элчин сайдууд түүн шиг байдаггүйг бид мэднэ. Шинээр томилогдож ирсэн эрхмүүд ойрын нэг, хоёр жил­дээ хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй шүү дээ. Тэгвэл Кэтрин Монголд ирсэн даруйд эрх ямба эдэлж хойш суулгүй эгэл ардын аж амьдрал, хотын хөгжил цэцэгжилт, түүх дурсгалын сонин хачинтай танилцаад амжжээ. Тэрбээр илүү ихийг мэдэж, ард түмнийг судалж, таньж чадвал хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд дэвшил гарна гэж байлаа.

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд Их Британичууд дэлхий даяар Хатан хаан-II Элизабетийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг уламж­лалтай. Монгол дахь Элчин сайдын яам ч энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Энэ удаад шинээр томилогдон ирсэн Элчин сайд Кэтрин хатан хааныхаа төрсөн өдрийг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахыг хүсчээ. Тэрбээр уг баярыг хэрхэн тэмдэглэдэг, ямар утга учиртайг монгол­чуудад таниулахын тулд хэв­лэлийн байгууллагаас “Өдрийн сонин”-ыг урьсан юм. Урьд жилүүдэд нам гүмхэн тэмдэглэдэг байсан уламжлалыг ийнхүү эвдэж, олон нийтэд нээлттэй байд­лаар тэмдэглэж байгаа нь Элчин сайдын санал хэмээн Английн ЭСЯ-ны ажилтнууд өгүүлж байв. Их Британийн хатан хаан Элизабетын төрсөн өдрийн арга хэмжээг Кэтрин өөрийнхөө гэрт тэмдэглэв. Хүлээн авалтад Барилга хот бай­гуулалтын сайд Д.Цогт­баатар, УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал нар болон Монголд суугаа орнуудын Элчин сайдууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн салбар салбарын төлөөллүүдийг ч урьжээ. Хатагтай Кэтрин хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Сайд, УИХ гишүүн, ноёд хатагтай нараа. Та бүхнийг Хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд маш их баярлаж байна. Өнгөрсөн долоо хоногт хатан хаан өөрийн төрсөн өдрөөр уламжлалт цэргийг жагсааж албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэв. Хатан хааны гэр бүлийн хувьд энэ явдал нь маш онцгой үйл явдал байсан ба хатан хаан төрсөн өдрийн парадад 63 дахь удаагаа оролцож түүхэн амжилт тогтоож, Букингем ордны тагтан дээр хааны гурав дахь үеийн хүн болох хунтайж Жоржтой хамт гарч ард олондоо харагдсан юм. Мягмар гаригт миний амьдардаг энэхүү газраас холгүй би Монголын талаас зо­хион байгуулсан албан ёсны арга хэмжээнд оролцсондоо маш олзуурхаж байна. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн харуулуудын өмнө зогсож Монгол Улс болон Их Британийн төрийн дууллыг Чингэс хааны талбайд эгшиглүүлсэн тэрхүү мөчийг би хэзээ ч мартахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад хэлсэн үгэндээ “Эрхзүйд суурилсан олон улсын хэм хэмжээг сахих нь бидний хамтын үүрэг” гэдгийг онцолж, Их Британи, Монгол Улс дэлхий дахинд аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийг хангах, ардчилал болон хүний эрхийг хангах нь чухал болохыг тэмдэглэж мөн нэн тэргүүнд хуулийг дээдлэх шаардлагатайг дурдлаа. Энэ жил бид Магна Картаг баталсны 800 жилийн ойг тэм­дэглэж байна. Уг эртний баримт бичиг нь XIII зууны Английн хаан болон түүнийг эсэргүүцэж байсан баронуудын хооронд анхлан зөвшилдөж байгуулсан нь сайн засаглалын гол суурь болсон хуулийн өмнө хүн болгон тэгш эрхтэй гэсэн зарчмыг бий болгосон. Англи болон бусад оронд уг баримт бичиг нь хуулийг дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх байгууллагыг хууль ёсны дагуу байгуулах, хариуцлагатай засаглалыг бий болгож түүний үндсэн дээр аливаа нийгэм тогтвортой тууштай, баталгаатай цэцэг­лэн хөгжинө. Өнөөдөр мөн Ватерлод болсон тулааны 200 жилийн ой тохиож бай­на. Энэхүү тулаанд хэн ялсныг би мэргэжил нэгт нөхөр Францын Элчин сайд байгаа үед дурдмааргүй байна. Гол хэлэх зүйл бол Европыг хамарсан 23 жилийн мөргөлдөөнийг дуусгавар болсон өдрийн ойг тэмдэглэж байгаа юм.

Шекспирийн 400 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Шекспирийн ихэнх жүжгийг анх удаа тоглож байсан дэлхийд алдартай “Глоб” театрынхан Монголд Гамлетийг тоглохоор энэ жил ирэх болсныг дуулгахад таатай байна.

Олон улсад Их Британи улс нь бүтээлч, шинэлэг санаа, дээд зэргийн чанараар танигдсан бөгөөд Монгол Улсад Британийн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хоёр орны харилцааг бид тэмдэглэх зорилгоор энэ оны есдүгээр сард Их Британийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Great кампанит ажлын нэгээхэн хэсэг болох энэхүү өдөрлөгийн үеэр өнөөгийн Их Британи, Монголын хоорондын харилцаа бүхий л талаар хэрхэн амжилттай хөгжиж байгааг харуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Английн компаниудыг танилцуулах боломжийг олгох юм.

Миний бие, хагас зууны тур­шид үргэлжилсэн энэхүү харилцааг цааш нь үргэлжлүүлэх Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа бөгөөд Монголд байх хугацаандаа хоёр тал болон олон талт харилцаанд илүү хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал бий болгох бидний хамтын зорилгыг биелүүлэхэд хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөжүүлнэ гэж найдаж байна” гэв.

Түүнийг ийн үг хэлж дуус­­саны дараа Дуурь бүж­гийн эрдмийн театрын хөгжимчид хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэ үед Кэтринд ямар ч зав гарсангүй. Ирсэн зочидтойгоо уулзаж, найрсаг яриа өрнүүлж бай­лаа. Ингээд хүндэт зочдод СУИС-ийн оюутнууд Шекспирийн жүжгийн хэсгээс толилуулж, тэднийг хэсэгтээ л догдлуулаад авна лээ. Харин Кэтрин зочдодоо Английн уламжлалт жимсний коктейл бэлдсэн байсан нь тэдэнд маш их таалагдаж байгаа бололтой байв.

Энэхүү арга хэмжээ товлосон ёсоор 16-18 цагийн хооронд үргэлжилж, цагтаа өндөрлөв. Кэтрин ч зочдоо үдсэний дараа бид түүний бага ахуй наснаас дипломатч болсон түүхийн хуудсыг эргүүлсэн юм.

СОНИУЧ ЗАНТАЙ КЭТРИНИЙ БАГА НАС

Хатагтай Элчин сайд Кэтрин Элизабет Жэйн Арнолд одоогоор гэрлэж амжаагүй яваа гэсэн. Эхээс хоёулаа бөгөөд нэг эгчтэй аж. Кэтриний гэр бүл орон орноор аялж, ажилладаг байжээ. Аав нь далайчдын эрх ашиг, нийгмийн хамгааллыг хариуцдаг олон улсын байгууллагад ажилладаг байжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Далайчдын ажлын нөхцөл хэцүү. Олон сараар далайд явна. Гэртээ ганц, хоёр хоноод л буцаад явна. Ингээд хөлөг онгоц дээр байдаг хүмүүсийн ариун цэврийн хэрэглээ дутмаг, ар гэрийнхэнтэйгээ утсаар холбоо тогтооход хүндрэлтэй. Тиймээс миний аав, ээж тэр бүх нийгмийн асуудлыг нь хариуцан ажилладаг байлаа. Энэ бол тэдний маань хувийн, сайн дураараа хийдэг ажил нь. Харин олон улсын түвшинд бол далай дээр ямар нэгэн осол гарлаа гэхэд улс орнууд хил рүүгээ оруулдаггүй. “Манайх биш” гээд өөрсдөөсөө холдуулахыг хичээдэг. Мөн тухайн завийг эзэмшиж байгаа хүн мөнгө угаах зорилгоор ашиглаж байж болзошгүй зэрэг асуудлууд их гардаг. Тэр тохиолдолд нөгөө завийг ТББ нь хил рүү нэвтрүүлж, тусламж үзүүлэхийн тулд тухайн улс оронтой нь харилцан ойлголцуулдаг. Би ааваасаа дэлхийн улсууд, ард түмнийг сонирхох байдлыг нь өвлөж авсан. Ээжийн ном их уншдаг байдал надад нөлөөлсөн. Хэрэв миний юмнууд ирвэл энэ ханыг тэр чигээр нь дүүргэнэ” гэж зочныхоо өрөөний цэлгэр ханыг заав.

Кэтрин Өмнөд Солонгосын Пусан хотод төрж өссөн байна. Гурван настайгаасаа Солонгосоос гарснаас хойш да­­хин очих боломж таараагүй гэнэ. Харин энэ удаад Солонгостой ойролцоо орших манай улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд олзуурхаж байв. Кэтрин бага насаа дурсахдаа нүдэнд нь гэрэл тодорч, тухайн үеийг түвэггүйхэн санаж байв. Тэрбээр “Солонгост байхдаа би гуравхан настай байсан. Тэр үеийн зургаа харахаар ихэд дэвшилтэт технологитой орон байсан гэж бодогддог юм. Дэд бүтэц, эмнэлэг сайн хөгжсөн байсан. Дээр үеийн Пусаныг өнөөдрийн Пусантай харьцуулахад маш өндөр хөгжсөн байгаа. Эцэг, эх маань тэр үед их таатай нөхцөлд амьдардаг байлаа. Манай гэр бүл тэндээс Дубай, Шри-Ланкад шилжиж амьдарсан. Би их азтай хүн шүү. Багадаа олон орноор аялж, тухайн улсуудын соёл иргэншилд суралцсан. Спортоор их хичээллэдэг хүүхэд байлаа. Ялангуяа хөлбөмбөг, сагсан бөмбөгт хорхойтой. Бас мөсөн гулгуурт нугасгүй” гэв. Тэрбээр хүйтний улирал ирэхээр гол хөлдөнгүүт гулгана гэдгээ ч нуусангүй. Кэтрин Шри-Ланкад байхдаа төгөлдөр хуур, бишгүүр, лимбэ тоглодог байжээ. Хөгжим бол түүний сэтгэлд оршдог чухал зүйл гэсэн. Тиймдээ ч сонгодог урлаг тэр дундаа дуурийн тоглолтуудыг алгасахгүй үзэх бололтой. Тэрбээр манай дуурийн дуучин Э.Амартүвшингийн чадварыг ихэд үнэлж, хурдан түүний тоглолтыг үзэх юм сан гэж байсан шүү. “Амартүвшин Кардипийн олон улсын дууны уралдаанд шилдэгт үлдсэн байсан. Энэ тухай сонсоход таатай байна. Алдарт дуучин маань эх орондоо ирээд театрт тоглолт хийвэл би хамгийн түрүүнд очиж үзнэ” гэж Кэтрин өгүүлэв. Ер нь Кэтрин Англид байхдаа долоо хоногтоо хоёр удаа заавал дуурийн тоглолтүздэг байжээ.

Кэтрин тун сониуч зантай. Ямарваа нэгэн ажил хэргийг явуулахдаа, хүнтэй харилцахдаа байнга өөртөө асуулт тавина. Түүний багын сониуч хэрсүү зан нь олон зүйлд хөтөлсөн байна. Тухайлбал, улс орныг, хүнийг их судалдаг гэв. “Хүн сониуч байхын хэрээр юмыг илүү ойлгодог. Тэгж байж амжилтад хүрнэ” гэж хатагтай Элчин сайд хэлж байв. Тиймээс Монголын бүх нутагт очиж ажиллахыг хүсдэг байна. Тэгж байж ард түмнийг сайн ойлгож, илүү сайн Элчин сайд болно гэсэн бодолтой байгаагаа хуваалцав. Кэтриний багын эрч хүчтэй, цовоо сэргэлэн зан нь одоо түүний ажил руу нь шингэжээ.

ОНГОЦНЫ НИСГЭГЧ, СЭТГҮҮЛЧ, АКАДЕМЧИАС ДИПЛОМАТЧИЙГ СОНГОСОН ЗАМНАЛ

Кэтрин Кэмбрижийн Их сургуульд математикийн чиглэлээр суралцаж байжээ. Гэвч ганц мэргэжилд баригдаж ча­даагүй байна. Иймд фили­софи, шашин судлалаар бас суралцжээ. Их сургуулийн оюутан байхдаа гурван чиглэлээр дугуйланд давхар суралцаж байсан гэнэ. Тэр нь хоккей, теннис, сонгодог найрал дууны анги ажээ. Ер нь урлагт бол авьяастай, олон улсын жишигт нийцсэн хуурцаг хүртэл хэвлүүлж гаргасан байна. Сонирхуулахад, Кэтрин онгоцны нисгэгч байсан гэнэ. Их сургуулийнхаа нисэх хүчний салбарт цэргийн зориулалттай “Бульдог” загварын сургалтын онгоц жолооддог байжээ.Уг онгоц нь овор багатай болохоор ганцаараа агаарт янз бүрийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан гэнэ.

Кэтрин Кэмбрижийн их сургуульд мастер хамгаалаад “City of London”-д санхүүгийн хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн байна. Их Британи улс бол санхүүгийн чиглэлээр дэлхийд мундаг. Тиймээс Элчин сайд Кэтрин Англи, Монголын худалдааны харилцааг илүү хөгжүүлэх тал дээр ажиллах бодолтой байгаа гэлээ. Английн турш­лагыг суугаа орныхоо хөрсөнд нутагшуулахад нэлээд анхаар­лаа хандуулах юм байна.

Кэтриний сониуч зан түүнийг сэтгүүлч болгоход нөлөөлсөн тухай тэрбээр бидэнд хуучилсан юм. “City of London”-д ажилласныхаа дараа тэрбээр эцэг, эхийнхээ амьдарч байсан газрын сонин, телевизэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Английн урд зүгт байдаг Isle of Wight гэдэг газрын “Country Press” хэвлэлийн газарт сэтгүүлч болжээ. Тэнд ажлын туршлагатай болсныхоо дараа Иракт ажиллах томилолт өвөр­төлжээ. Тус улсад Анг­лийн анхны сэтгүүл гаргах ажилд туслахаар ийн зорьсон гэнэ. Иракт байсан хугацаа нь түүний амьдралын гайхалтай мөчүүд байсныг дур­­сав. Тэнд хувиараа “Bloomberg”, “BBC”, “Guardian” зэрэг дэлхийн томоохон агентлагуудад ажиллажээ. “Багдадад зориулсан аяллын хөтөч” ном хэвлүүлснээс гадна сонинд аяллын талаар хэд хэдэн нийтлэл бичиж байжээ. Тэрбээр Ойрхи Дорнодод ажилласныхаа дараа Англид буцаж очоод Ноттингамын их сургуульд дахиад мастерт суралцжээ. Ингээд Гадаад хэргийн яаманд ажиллахаар болсон байна. Улс орнуудыг илүү их таньж мэдэхийг хүссэн учраас ийнхүү Гадаад хэргийн яаманд ажилд орсон гэж Кэтрин тайлбарлаж байлаа. Түүнд хоёр сонголт тулгарчээ. Докторын зэрэг хамгаалах боломж байсан хэдий ч улс орнуудын талаар дэлгэрэнгүй мэдэж байж суралцах ёстой гэж үзжээ. Тэгээд сэтгүүлч, академич байх хоёрын дундаас дипломатчийг сонгосон байна. Энэ тухайгаа “Дипломатч байх нь сэтгүүлчийн талаас хүмүүсийг ойлгоно. Академич бол онолын төвшин дэх зүйлүүдийг ухамсарлана. Энэ хоёрыг нэгтгэхэд дэлхийн улс орнуудыг илүү сайн сайхан байлгахад анхаарлаа хандуулан ажиллаж болно гэж харсан. Хувь хүн болон улс оронд болохоор аюулгүй байдал, эдийн засгийн хувьд ашигтай зүйлийг бий болгоход туслах юм байна гэж ойлгосон” гэж ярив. Кэтрин Гадаад хэргийн яаманд ажиллаад хэд хэдэн газар томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид итгэмжлэх жуухаа барихдаа энгэртээ хоёр одон зүүсэн байв. Энэ нь түүнийг аюултай бүсэд ажиллаж байсныг нотлох иргэний хүндэт медаль юм байна. Тэрбээр сонирхолтой орнуудад ажиллах тун дуртай гэж инээмсэглэн ярилаа. Ингэхдээ “Афганистан бол маш гайхалтай орон. Олон жилийн дайны дараа хөгжиж байгаа. Бидний хамаалалт сайн байсан. Тиймээс би аюулгүй орчинд байв. Харин Афганистанд аялах боломж байгаагүй. Нэг удаа Файзабад гэдэг газар руу явж аялсан. Тэр үед Монголын энхийг сахиулагчид нисэх онгоцны буудал орчмыг хамгаалж байлаа. Тэнд бид долоо хоног байрлаж байхад Монголын энхийг сахиулагчид тун чадварлаг хамгаалж байсан шүү. Монгол орон бол маш гайхалтай. Хаашаа ч очоод аялах боломжтой байна. Би ууланд авирах дуртай. Иранд байхдаа хамгийн өндөр буюу 600 метрийн өндөр галт ууланд авирч байсан. Тиймээс Монголын Алтай таван богд руу авирна гэж бодож байгаа” гэв.

“АНГЛИ МОНГОЛЫН ХАРИЛЦААГ ХЭД ХЭДЭН ШАТАНД ХӨГЖҮҮЛНЭ”

Хатагтай Кэтрин Монголд Элчин сайдаар томилогдож ирсэн ач холбогдлоо ихэд өндрөөр үнэлж байсан шүү. Учир нь ардчилал хөгжөөд 25 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улс хөгжлийнхөө чухал шатанд ирж буй хэмээн онцолж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентад хэлсэн үг нь Европын холбоо, Английн зорилготой нийцэж байгааг Элчин сайд Кэтрин дурдав. Түүнээс 52 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харил­цаа цаашид салбар, салбарт хэрхэн өргөн тэлэхийг төсөөлж бай­гааг нь тодруулахад “Мон­гол, Англи хоёр улс олон сал­барт хамтран ажил­­лаж байгаа. Английн өндөр технологийг Монголд нутагшуулна. Би Монголд ирсэн даруйдаа “English of school”-д очиж ажилласан. Кэмбрижийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Монголын Засгийн газар, БСШУЯ-тай хамтран энэ программыг цааш нь явуулах сонирхолтой байгаа. Боловсрол бол ямар ч орныг амжилтад хүргэх гайхалтай түлхүүр. Мөн хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана. Английн шилмэл үүлдрийн, махны ашиг шим, ноосны чанар сайтай хонийг Говьсүмбэр аймагт нутагшуулна. Дээрхээс гадна Их Британийн амьтны нийгэмлэг Монголын Засгийн газар хоёрын хооронд нягт хамтран ажиллаж байгаа. Энэ нийгэмлэгийн маань гол зорилго бол хууль бусаар амьтан агнах, хил гаргахыг хориглодог. Их Британийн Хавтгай хамгаалах нийгэмлэг болон Мазаалай хамгаалах нийгэмлэг Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Амьтан хамгаалах нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг. Учир нь амьтан бол тухайн орны соёлын нэг хэсэг байдаг” гэлээ. Тэрбээр амьтанд тун хайртай юм билээ. Одоогоор Монголд бүрэн төвхнөж амжаагүй болохоор хараахан амьтан тэжээгээгүй байгаа аж. Тун удахгүй сонирхлынхоо дагуу олон төрлийн амьтан тэжээнэ гэв.

Английн виз бол амаргүй гардаг. Монголчууд визний мэдүүлэгт орохын тулд Бээжинг зорьдог. Визний чирэгд­­лийг хөнгөвчлөхийн тулд шинээр томилогдсон Элчин сайд ямар ажил хийхийг лавлатал “Визний асуудлын тухайд зөвхөн Монголд биш, дэлхий даяар баримталж байгаа Их Британийн бод­лого юм. Миний ажиллаж байсан бусад орнуудад ч ийм нөхцөлтэй байсан. Ганц Монгол орныг ингээд байгаа юм биш. Визний хувьд Азийн нэг бүсэд төвлөрч буй. Энэ нь бидний харж байгаагаас илүү үр дүнтэй үйл ажиллагаа юм. Визний мэдүүлэг нэг оронд төвлөрсөн нь илүү хямд тусна. Афганистан, Иран, Ирак гээд миний ажиллаж байсан бүх оронд ийм байдлаар ажиллаж байгаа. Монголд байгаа визний материал хүлээн авах төв гэж бий. Тэднийг илүү шуурхай ажиллахад анхаарч байна. Бизнесийн болон аяллаар явах хүмүүст визэнд орох алхмууд нь энгийн байгаа. Энэ үйлчилгээг авсан хүмүүсээс сонсоход таатай байсан” гэлээ.

Элчин сайд Кэтрин Мон­голд ирсэн анхны сэтгэгдлээ маш гайхалтай байсан гэдэг үгээр илэрхийлнэ лээ. Тэр­бээр эрс тэс уур амьсгалтай манай орны цаг агаарт дасан зохицохдоо огтхон ч санаа зовохгүй байгаа аж. Учир нь түүний амьдарч байсан орнуудын ихэнх нь жилийн дөрвөн улиралтай байсан аж. Кэтрин Монголд ирээд удаагүй байгаа ч амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүү­лэхийг хичээж байгаа гэсэн. Цонжинболдог руу очиж, музей үзсэн аялал ихэд таалагдсан тухайгаа сонирхуулав. Мөн хотын төвтэй танилцаж, Зайсан руу алхжээ. Тэрбээр амралтын өдөр, чөлөөт цаг гар­вал Монгол оронтой бүхэлд нь танилцаж, аймаг, сум болгонд хүрч ажиллах хүсэлтэй байгаагаа дахин дахин хэлж байсан юм. Түүний хувьд хоёр бөхтэй тэмээ унаж үзэх нь мөрөөдлийнх нь нэг бололтой. Энэ тухай их л сонирхож байгаа янзтай ярьж байв.

Кэтрин олон орноор аялж байсан болохоор үндэснийх нь хоолуудыг ихэж сонирхон зооглодог байна. Монголын хувьд бууз хуушуурт дуртай гэнэ. Тэрбээр гал тогоондоо маш сайн тогооч. Төрөл бүрийн амтыг шинээр гаргах дуртай аж. Тиймээс дэлгүүр хэсэхдээ Монголын цай, бяслаг зэргийг худалдан авсан гэж инээм­сэглэн өгүүлэв. Тэрбээр монгол хэл бага сага мэднэ. Энд ирэхээсээ гурван сарын өмнө монгол хэлийг судалжээ. Гэвч түүний байсан орчинд монгол хүн байгаагүй болохоор бидний хэлийг хэрэглэхэд амаргүй байсан бололтой. ”Сурахад нэлээд хүндрэлтэй санагдсан. Гэхдээ эх оронд нь эрчимтэй сурна аа” гэж байсан шүү.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН