Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

“Zhurong” Ангараг дээр 450 метр аялжээ

Ангараг гаргийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр 450 метр аялаад байна гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ пүрэв гарагт мэдээлэв.

Энэхүү төхөөрөмж Ангарагийн гадаргуу дээр газардсанаасаа хойш судалгаа, ажиглалт хийхээр өмнө зүгийг зорьсон бөгөөд төхөөрөмж дээрх камер гаргийн гэрэл зургуудыг өдөр бүр авчээ. Ийнхүү хамгийн сүүлийн зурагт Ангарагнаа явагч төхөөрөмж шүхрээсээ 30 метр зайд буйг харуулжээ.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар, “Zhurong” Улаан нүдэн гараг дээр Ангарагийн 60 өдрийн турш судалгаа хийжээ. Ангарагийн өдөр нь дэлхийнхээс 40 орчим минутаар урт байдаг.

БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд тавдугаар сарын 15-нд Улаан нүдэн гараг дээр газардсан юм.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сарны тойрог замд “чичирхийлэл” үүссэнээр гамшгийн хэмжээний үер болж болзошгүй

Сарны тойрог замд өөрчлөлт үүссэнээр дэлхий дээрх үерийн хэмжээ дээд хэмжээндээ хүрч болзошгүй гэж НАСА-гаас таамаглаж байна.

АНУ-ын бүх далайн эрэгт тус “чичирхийлэл”-ээс болж далайн төвшний хэмжээ өсөж, үерийн урсгал нэмэгдэж болжээ. Тэгвэл саяхан “Nature Climate Change” сэтгүүлд нийтлэгдсэн НАСА ба Хавайн Их Сургуулийн хамтарсан судалгаагаар сарны тойрог замд удахгүй өөрчлөлт орвол ойрын арван жилд дэлхий дээр урьд хожид байгаагүй их үер бууна гэх дүн гарсан байна.

Сарны татах хүч дэлхийн гадаргаас усыг татаж түрлэгийг үүсгэдэг. Сар дэлхийтэй хэр ойр байна, төдий чинээгээр усны түвшин өндөрсөж, том түрлэг бий болдог байна. Далай тэнгисүүд өөр өөр байршилд оршдог учир хоорондоо ялгаатайгаар саранд ойртдог. Тиймээс түрлэгийн хэмжээ нь ч ялгаатай байдаг байна.

Судлаачид Үндэсний далай ба агаар мандлын захиргааны (NOAA) далайн төвшний өсөлт, үер болон одон орны мөчлөгт шинжилгээ хийжээ. Тэд 2030-аад оны үед Америкийн далайн эргийн хотуудад үер хэд дахин хүчтэй болж, ард иргэдийг нүүлгэхээс өөр аргагүй болно гэж үзэж байгаа аж.

Сарны хэлбэлзэл нь үнэндээ байгалийн үзэгдэл бөгөөд тодорхой давтамжтайгаар үүсдэг. 1728 онд анхны ийм хэлбэлзэл бүртгэгдэж байжээ. Шинжлэх ухаанд үүнийг төдийлөн аюултайг гэж үздэггүй. Гэвч энэ удаагийн хэлбэлзэл маш хүчтэй байна гэдгээрээ эрдэмтдийн санааг илүүтэй зовоож байгаа юм.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Аянга цахилгаантай хүчтэй аадар борооноос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хэдийгээр урьдчилан сэргийлэх мэдээ цацдаг ч гэлээ жил бүр аянга цахилгаанаас олон хүн амь насаа алддаг. Хохирогчдын зарим нь урьдчилан сэргийлэх мэдээг сонсоогүй байхад, зарим нь сонссон хэрнээ арга хэмжээ аваагүй байдаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүлээн авмагцаа, эсвэл тэнгэр муудах хандлагатай байгааг ажиглагмагцаа та аадар борооноос урьтаж нөмөр газарт нуугдах шийдвэр гаргах ёстой.

Авах арга хэмжээ:

  • Урьдчилан сэргийлэх мэдээг цаг тухайд нь хүлээж авсан байх.
  • Өгч буй мэдээг зөв ойлгосон байх.
  • Өгч буй мэдээлэлд итгэсэн, өөртөө тулгарч буй аюул заналыг ойлгосон байх.
  • Өөрийгөө хамгаалах зөв шийдвэр гаргах чадвартай, гарсан шийдвэрээ
  • хэрэгжүүлэх.
  • Аянга цахилгаантай аадар борооны аюулаас хамгаалах талаар гэр бүлийнхээ гишүүдтэй ярилц. Аянга бүхий аадар бороо болж хүчтэй салхи үүсч болзошгүйг мэдэж байх хэрэгтэй.Хүчтэй салхи нь аянга бүхий хүчтэй аадар борооны хүйтэн фронтын дагуу болон урд талд үүсдэг.
  • Оршин сууж буй нутгийнхаа цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог судлаарай. Танай гэрийн бүх гишүүд энэхүү тогтолцоог мэддэг байх ёстой. Гэртээ байх үедээ орон нутгийн радио, телевизээс сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээг авч байгаарай.
  • Газарт суугаад хөлийнхөө өлмий дээр цагариглан тонгойж сур. Гараа өвдгөн дээрээ тавиад, толгойгоо өвдөгнийхөө завасар оруул. Биеийнхээ гадаргууг аль болох бага болгож, биеийнхээ газартай нийлсэн хэсгийг мөн хамгийн бага байлга. Аянганы хүчдэл ихэвчлэн толгой дээрээс биш, газраар дамжин хүний биед ордог.
  • Аянга бүхий хүчтэй аадар бороо болсон тохиолдолд гэртээ авч орох зүйлсийн жагсаалтыг гарга. Жагсаалт гарсанаар салхинд эвдэрч, хийсч болзошгүй зүйлсээ санахад амар болно.
  • Мод, бутаа тогтмол засч хэлбэржүүлж бай. Хүчтэй салхинд үхширч, гэмтсэн мөчрүүд амархан хугарч, маш хурдтайгаар хийсгэдэг.
  • Гэрийнхээ гадна тал, хашаа саравч, амбаар сав, бэлчээрээ сул хог хаягдал, нуранги зүйлсийг зайлуул. Сул мөчир, түлээний мод нь хүчтэй салхинд таны гэр орныг сүйтгэх хэрэгсэл болж болзошгүй.
  • Мал амьтдаа хамгаал. Малын хашаа саравчаа хамгаалж бэхлэх. Хашаагаа барихдаа үер болсон үед мал өндөрлөг газарт гарч болохуйц байдлаар байрлуулаарай.
  • Цонхны гадуур хамгаалалтын халхавч хийх талаар бодож үзээрэй. Цонхны гадуур халхавч хийснээр цонхоо хамгаалах боломжтой.
  • Аянга буулгагчийг өөрийн гэр малын хороо хашаа бусад байгууламжуудын дээр босгоорой. Аянга буулгагч нь аянганы цахилгаан хүчдэлийг газарт аюулгүйгээр буулгадаг тул аянганаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг эрс бууруулдаг.
  • Хүнс хөдөө аж ахуйн яамаас тариа будааг аадар бороо мөндрөөс хамгаалах зорилгоор даатгалын компанид даатгуулах арга хэмжээг бодлогоор зохицуулах.
  • Аялал зугаалга болон хөдөө хээр удаан хугацаагаар байх ёстой арга хэмжээ төлөвлөж байгаа бол цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сайн судал. Цаг агаар ямархуу байхыг мэдэж байвал та шаардлага гарсан тохиолдолд тохиромжтой хариу арга хэмжээ авахад бэлэн байх болно. Борооны цув, шүхэр, гамшгийн үед хэрэглэх үүргэвч авч явбал цаг агаарын аюулт үзэгдлийг даван туулахад хялбар байх болно.
  • Аянга бүхий аадар бороо хэзээ хэзээгүй болох гэж байвал гадаа зохион байгуулах арга хэмжээнүүдээ хойшлуул. Цаг агаарын аюулт үзэгдэл нь тамирчид, ажилчид, үзэгчдэд хохирол учруулж болзошгүй. Гадаа болох арга хэмжээнүүдээ хойшлуулах нь аюултай байдалд орохоос зайлсхийх шилдэг арга юм.
  • Тэнгэрийн байдлыг ажигла. Аюулт үзэгдэл болох гэж байгааг илэрхийлдэг цаг агаарын шинж чанаруудыг анхааран ажиглаж бай. Тэнгэр харлах, цахилгаан цахих, салхи ширүүсэх зэрэг нь аянга бүхий аадар бороо ойртож байгааг илэрхийлж байж болзошгүй.
  • Ойр орчноо сайн мэдэж бай. Цаг агаарын аюулт үзэгдэл болвол хорогдох газраа урьдчилан тодорхойлсон бай.
  • Аянганы дууг сонс. Хэрэв та аянганы дууг сонсч байвал аадар бороо ойрхон байгаа бөгөөд та аянганд цохиулах магадлалтай гэсэн үг. Аюулгүй газарт бушуухан ор.
  • Аянга бүхий аадар бороо болох тухай албан ёсны анхааруулга аваагүй байсан ч гэсэн тэнгэрийн байдал эвгүйтвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.
Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

Байгаль дэлхий, гариг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг дэлхийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна.

Шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.

Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ.

Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

​Өнөөдөр “Тулын өдөр”

Өнөөдөр “Тулын өдөр”. Tул загас цэнгэг устай, чөлөөтэй урсаж буй урт гол мөрөнд амьдарч, өсөж үржих чадвартай. Нэгэн цагт Евроазийн гол мөрөнд чөлөөтэй тархан байсан энэ загас одоо Монгол орны хэдхэн голууд түүний дотор Онон голд үлдээд байна. Хэрвээ та тул загас барьсан бол заавал буцаан тавиарай.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Өнөөдөр нарны бүтэн болон хагас хиртэлт тохионо

Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд нарны бүтэн болон хагас хиртэлт тохионо.

Нарны хиртэлт нийслэлд 17:00 цагийн үед үзэгдэж, 18:40 минутын орчимд нарны гадаргын 30-35 хувийн хиртэлт ажиглагдах аж.

Нарыг удаан хугацаагаар харах нь нүдэнд муу учир нар хиртэлтийг харах гэж буй бол хамгаалалтын шил зүүхийг эмч нар сануулдаг билээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Цус сорогч загас буюу Амазонкийн бяцхан мангас Кандиру

Харахад энгийн нэг жараахай шиг болов ч цусаар хооллодог, хүн болон амьтдад хангалттай аюул учруулж чадах бяцхан загас байдаг аж.

Амазонкийн голд амьдардаг энэ жижигхэн загас нь замдаа тааралдсан бvхнийг идэх бөгөөд маш хурдан амьтны биед нэвтрэн орж паразит адил цусыг нь сордог.
Кандиру нь 5 см ч хүрэхгүй урттай, нарийхан, тунгалаг биетэй байдаг.
Голын усанд орж буй хүний шээсний сvвээр нь нэвтэрч маш их өвдөлт мэдрүүлэх бөгөөд эцэст нь үхэлд ч хүргэж болзошгүй. Гэхдээ хүмүүс рүү дайрах нь маш ховор тохиолддог. Шээсний сүв рүү мөлхөж байгаа кандируг гаргаж авсан анхны тохиолдол 1997 онд Бразилд бүртгэгдсэн байна. 1999 онд Америкийн биологич С.Спотт энэ явдлыг нарийвчлан судлахаар Бразилд очжээ. Тэрбээр уг судалгааныхаа талаар “Кандиру – цус сорогч сахалт загасны тухай домог” номдоо дурджээ.
Кандиру загас чухам усны vнэр мэдрэхээсээ илүүтэй усны шорчигнон урсах чимээнд татагддаг гэж таамаглажээ. Учир нь бусад загаснуудын заламгайгаар гарч буй усны чимээ, хүний шорчигнон дуугарах шээсний чимээг сонсч дайрдаг гэжээ.
Кандиру том загасны заламгай руу нэвтрэн орж таатай байрлал авмагцаа өөрөөсөө жижиг өргөснvvд гарган шигдэж цусыг нь сорж эхэлдэг. Том загасны биед нэвтрэн орж ханатлаа цус сороод салдаг бол хvний бие рүү нэвтрэн орсон Кандиру буцаж гарч чаддаггүй. Ийм тохиолдолд мэс засал хийхээс єєр аргагvй аж. Учир нь шээсний сүвээр тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгддэг.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Биеэсээ цахилгаан ялгаруулдаг загас

Цахилгаан могой загас анх 1766 онд бүртгэгдсэн байдаг. Могой шиг урт биетэй боловч могойн төрөл зүйл биш юм. Биеийн урт нь 2 метр хүрэх бөгөөд нас бие гүйцсэн цахилгаан могой 20 кг жинтэй байдаг.

Цахилгаан могой загас биеэсээ 650 вольтын цахилгаан хүчдэл гаргах чадвартай бөгөөд үүнийхээ тусламжтайгаар өөрийгөө хамгаалах, хоол тэжээл олзоо барих, тэр бүү хэл бусад амьтдын оюун санааг удирддаг өвөрмөц амьтан аж. Мөн нүдний хараа нь маш муу учраас биеэс ялгаруулах цахилгаан нь тэднийг замаа чиглүүлэхэд тусалдаг байна.

Цахилгаан могой загасны ялгаруулах цахилгаан хүчдэл нь матар, морь зэрэг том амьтдыг ч хөнөөхөд хангалттай. Горхи, цөөрөм, шаварлаг газрууд, булингартай усанд амьдрах нь түгээмэл бөгөөд усанд амьсгалахаас гадна агаар мандлаас хүчилтөрөгч авч чаддаг. Яг л халим, усны гахай шиг усны гадаргууд 10 минут тутамд гарч ирэн амьсгал авдаг ажээ.

Цахилгаан могой загас цэнхэр, ягаан, цагаан, саарал, хар гэх мэт олон янзын өнгөтэй. Шавж, загас, шувуу, жижиг хөхтөн амьтан, хоёр нутагтан зэргээр хооллодог шөнийн махчин загас юм.

Цахилгаан могой загасыг эрчим хүчний үйлдвэрлэгч хэмээн үзэж олон төрлийн цахилгаан хэрэгсэлтэй харьцуулсан судалгаанууд хийгдсэн байдаг. Одоо ч төрөл зүйл болон чадваруудыг нь судалсаар байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Зэвэг загасны тухай сонирхолтой баримтууд

Цэнгэг усны индикатор гэж нэрлэгдэх Зэвэг загасны биеийн урт нь 70-90 см бөгөөд 6-8 кг жинтэй. Байгалийн нөхцөлд дунджаар 15 жил насалдаг.

Зэвэг загасны амьдрах орчин насны хэлбэлзлээс нь хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, бие гүйцсэн зэвэг уулын ширүүн урсгалт голын цүнхээл, харгиа хэсэгт ганц нэгээрээ амьдардаг бол өсвөр насны зэвэг голын гүехэн хэсэг, харгиа, боргио, булан тохойд сүрэглэн амьдардаг байна.

Зэвэг нь холимог идэштэн бөгөөд эрүү, хэл, тагнайдаа хөрөөний ир шиг олон жижиг хурц шүдтэй учир жараахай, соно, шумуул, усны ургамал зэргийг үйртэл нь жижиглэж иддэг.


Монгол оронд шөвгөр хоншоорт, монхор хоншоорт гэсэн 2 зүйлийн зэвэг загас Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг ихэнх гол мөрөнд тархан амьдардаг.


Зэвэг загас нь хаврын улиралд усны температур 6-12 хэм болох үед үржилд орж эхлэх бөгөөд эм нь түрсээ шахах, үржлийн талбай бэлдэж, эр нь дагалдан явж, хамгаалдаг байна.


Загасчид уг загасыг ааш муутай, хянуур хэмээн тодорхойлдог аж. Учир нь тэрээр аюул заналхийлж байгааг мэдвэл даруй өөр газар луу шилждэг. Хэрэв дэгээнд орсон бол идэвхитэй эсэргүүцэл үзүүлэх бөгөөд дэгээний утсыг ийш тийш чирэх, уснаас дээш үсрэн унах, эргэх, дэгээг тэгшлэх зэрэг зан төрхийн үйлдэл гаргадаг байна.
Зэвэг загасыг жил бүрийн 4-р сарын 1-ий өдрөөс 6-р сарын 14-ний өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хуулиар хориглосон байдаг. Энэ үед хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хуулийн 37.2 д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг.

Загасыг үржлийн үед нь баривал бүр мөсөн устах аюултай. Тиймээс байгаль орчин, гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулан загас барих, агнах талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж:

Экологийн Цагдаагийн Алба

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Хадагны зохисгүй хэрэглээ

Манай өвөөгийнх гандангийн хажууханд амьдардаг юм. Тиймээс өвөөгийндөө очих бүртээ замд байдаг болохоор ч тэр үү заавал гандан хийдээр ороод гарна. Ариун бүхний дээд бурханы газарт сүсэгтэн олон сайн сайхныг бодож, сэтгэлийн амар амгаланг хүсч ирнэ. Тэд бурхан шүтээндээ тахил өргөж, лам хуврагат эдийн дээд хадаг барьж хүндэтгэл үзүүлэх нь элбэг. Мөн монголчууд сар шинийн баяраар ахмад буурлууддаа хадаг бариж золгодог уламжлалтай. Тиймээс хадаг гэдэг ариун нандин, хүндэтгэлийн эд гэдгийг хүүхэд байхаасаа л ухаарсан. Гэтэл тэр эдийн дээд хадаг хаа сайгүй хог болон хөглөрч гудамжинд хийсч энэ тэндэхийн хашаа хороонд уяатай байх нь олонтоо болжээ. Тиймээс хадаг гэж юу вэ?Хадаг хог болох хүртлээ үнэгүйдсэн эд үү гэсэн бодол төрж хадагны үүсэл гарлыг судалж үзлээ.

Хадгийг МЭӨ 4 зууны үед энэтхэгийн уран Бишу Гарма анх мяндсаар бүтээсэн гэдэг. Хожим нь хадгийг хүр хорхойн шүлснээс гаргаж авсан зөөлөн торгомсог, ямар ч хор хөнөөлгүй, байгальд шингэдэг материалаар хийдэг болж олдоц маш багатай,өндөр үнэтэй болжээ. Тиймээс зөвхөн онцгой хүндэтгэлт зан үйлд л хэрэглэдэг байж. Хадаг монголд 13 зууны үед хятад, төвөдөөр дамжин нэвтэрсэн гэж судлаачид үздэг байна.

Хадаг монголд маш ховор байсан. Сар шинийн баяраар өвөө эмээ нар хоёр гартаа хүрэхтэй үгүйтэй богинохон, маш олон жил нандигдан хадгалсан хадгаа гаргаж золгодог. Тэр хадаг нь самбай болтол элэгдсэн байдаг ч,тэд хадагны хүндэтгэл гоё сайхандаа биш бэлэгдэлдээ байдаг гэдгийг ухаарч мэдсэнийх биз.

Ийм л ховорхон байсан хадаг зах зээлийн нийгэмтэй зэрэгцэн асар ихээр урд хөршөөс орж ирэх болжээ. Хятадын үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирсан гэдэг. Аливаа зүйл элбэг дэлбэг болж өнгө үзэмж сайтай болох нь сайн хэрэг. Тиймээс монголчууд эдийн дээд хадгаа алив баяр ёслол, хүндэтгэлийн үйлд өргөн хэрэглэж амар мэндээ мэдэн золгохоосоо эхлээд, багш шавийн барилдлага тавих, ахас ихсээ хүндлэхдээ алд цэнхэр хадаг барьдаг уламжлалаа үргэлжүүлж байгаа нь сайхан.

Гэтэл сайны хажуугаар саар нь их болжээ. Монголчууд бол байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж,хүндэтгэх өнө эртний уламжлал, үндэсний бодлого, ёс заншилтай ард түмэн.Гэсэн ч энэ цагт мухар сүсэгт автах хүмүүсийн балгаар хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон нь байгаль дэлхийд асар их хөнөөл болж байна. Өнөөдөр бид шүтээн болсон овоо тахилга, аврал эрж мөргөн дээдэлдэг байгаль эхийн хүйн холбоогоо өөрсдийн гараар боомилон зовоож байна. Хэдий шашин шүтлэг, зан үйлтэй холбоотой байж болох ч мухар сүсэг, экологийн боловсрол дутмагийн гайгаар байгаль дэлхийгээ бид хөнөөсөөр байгаа нь юутай эмгэнэлтэй.

Хадгийг
модонд уяснаар модны ургалтыг зогсоодог. Өөрөөр хэлбэл залуу модод их хурдан
ургаж бүдүүрдэг учир түүнд уясан хадаг чивчирч чангараад их бие рүү нь шигдэн
орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг байна.

Дээр нь синтетик хадаг барагтай бол тасардаггүй тул цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог. Ингэснээр тэрхүү хадаг өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болж, мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж, модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдгөөр барахгүй жижиг шувууд сарвуугаараа хадганд орооцолдоод салж чадахгүй үхдэг . Үнэхээр нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар ялгаагүй адил байна.

Ингээд энэ талаар явуулдаг ямар арга хэмжээнүүд байдаг талаар сонирхоход:

  • 2013 оны 8дугаар сард МУСГЗ, МСЭ Ерөнхийлөгч Б.Галааридын санаачилсан “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяны хүрээнд “Тэнгэрийн тод тамга” ТББ болон цахим хуудасны идэвхтэй жиргээчид, Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд орших Ээж модыг хэдэн зуун хадаг, яндраас нь салгаж, хог хаягдлыг нь цэвэрлэн буянтай үйлс хийжээ. Тэд 5–6 га газрын моддыг хадагнаас нь салгахад 10 орчим тонн болсон байна. Тиймээс тэд ингэж битүү ороосон мод яаж эрүүл ургах вэ? Мод чинь амьсгалдаг шүү дээ гэж, модоо хайрлая хамгаалъя хэмээн уриалж байсан байна.
  • 2017 онд Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан байна.Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран цэвэрлэгээ хийсэн байдаг. Цэвэрлэгээгээр 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгуулсан. Тэд цаашид шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхааруулжээ.
  • Мөн өнгөрсөн 2020 оны зун хэсэг иргэд нэгдэж Завхан, Архангай аймгийн заагт орших Солонготын давааг бүрэн цэвэрлэжээ. Ийн цэвэрлэхэд тус овооноос гурван машин хадаг болон бусад хог хаягдал гарсан байна.

Энэ мэтчилэн байгаль дэлхийгээ хайрлах хүмүүс байгаа хэдий ч устгаж сүйтгэдэг нь тэднээс илүү олон болж. Тийм болохоор байгаль дэлхий минь чимээгүй уйлан гаслаж байна. Монгол орны олон аймаг сум бүхэнд булаг шанд ширгэж , цөлжилт, ган гачиг болж эхлэлээ. Газар хөдлөлт ч сүүлийн жилүүдэд эрчимтэй байна. Энэ бүхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Бид л эх болсон байгалиа хайрлан хамгаалахгүй бол өөр хэн хайрлах билээ. Байгаль дэлхий, цэцэг навч, мод ургамал, ус агааргүй бол бид амьдарч чадахгүй.

Тиймээс өвөг дээдсээс уламжлан ирсэн шүтээн хайрханаа тахиж хүндлэхдээ хог болох зүйлсийг битгий тавиач , таны чин сэтгэлээр бодсон сүсэг гэрлийн хурдаар хүрэх газраа очно. Тэрнээс чөдөр тушаа болсон эрээн мяраан хадаг яндар, хийморийн дарцаг биш шүү гэдгийг ойлгох цаг хэдийн болжээ.

Хүмүүсээ мод ургамал минь шим шүүсээ алдаж хатаж хадганд ороогдож үхэж байгаа шиг, монголчууд бидний оюун санаа мухар сүсэгт автаж байна. Тиймээс бүгдээрээ экологийн мэдлэгээ дээшлүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая

ХИС-ийн сэтгүүл зүйн III курсийн оюутан М.МӨНХЧИМЭГ