Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

​Монголоо “бараадсан” монгол хадран загас


Монгол гэдэг нэрээр овоглодог цөөн амьтдын нэг болох монгол хадран загасны үржил болон нүүдэлд нь эрсдэл үүсч болзошгүй байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр усан цахилгаан станц барихаар төлөвлөөд буй юм. Тус газарт монгол хадран загас хавар түрсээ шахдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид сэтгэл зовнин анхааруулж байна. Албаны хүмүүс “Усан цахилгаан станц барихаар сонгосон газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа учир ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж, түрсээ шахчихаад буцдаг гэсэн таамаглал байсан билээ.

Тэгвэл хадран загас үржлийнхээ үед Ховд голоор дамжин, Баян-Өлгий аймгийн нутагт очдог нь батлагджээ. Тодруулбал, Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж, шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судлах явцдаа сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Ховд гол, Хар нуурын сав газарт анх удаа хийсэн тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлыг өгсөн үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг болох нь батлагдсан аж. 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж, уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ.

Энэ судалгааны үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаас дээш, тодруулбал усан цахилгаан станц барихаар сонгосон газрыг дамжин өнгөрдөг магадлал байгаа тул тэнд загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа монгол хадран загасны үржлийн үеийн нүүдлийг хэрхэн таслахгүй байх вэ гэдгийг одооноос бодох, шийдлийг хайх шаардлага тулгарч буй юм. Учир нь, өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин шиг хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс ямар ч загас дамжин гарч чадаагүй юм. Харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран устах эрсдэл байна.

Ер нь яагаад хадран загас гэлтгүй зэрлэг амьтдыг хамгаалах ёстой юм вэ гэж хүмүүс асуудаг. Тэгвэл үүнд хариулт бий. Ямар ч улс оронд бахархах зүйл гэж байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн, гайхамшигтай байгаль, бас зэрлэг амьтад. Тэрбүгдийгээ хэр тордож, хэр хамгаалж, хэр сурталчилж байгаагаас тухайн орны нэр хүнд гардаг. Жишээ нь, хятадууд Цагаан хэрмээ нэрийн хуудас болгодог. Амьтдаас панда буюу хулсны баавгайгаа туг болгож авч явдаг. Энэ амьтнаа их хайрлаж хамгаална. Амьдардаг газар нь тусгай хамгаалалттай. Эргэн тойронд нь хүн амьдардаггүй. Амьтны жинхэнэ диваажин. Ховор амьтан гэхээр дэлхий даяар пандагаар төлөөлүүлж ойлгодог. Одоо өсч үржээд бараг 2000 гаруй пандатай болчихож. Гэсэн ч нэн ховор, чухал амьтан гэж бүгд ярьсаар байгаа. Яагаад гэвэл, энэ амьтнаа хятадууд жинхэнэ утгаар нь хамгаалж чадаж байна. Иргэд нь ч пандатайгазар нутаг булаацалддаггүй. Хамгийн гол нь, ховор амьтдаа чин сэтгэлээсээ хамгаалдаг гэсэн ойлголт дэлхийд түгэж Хятад улсын нэр хүнд өссөөр.

Тэгвэл бид зэрлэг амьтдаа хамгаалж, бахархаж чадаж байна уу. Харамсалтай нь үгүй. Бид зэрлэг амьтдадаа харь нутгийн амьтан шиг л ханддаг. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа шоргоолж, гүрвэл, баавгай, чоно, бөхөн, янгир, хадран загас бүгд бидний л өмч, бид эзэд нь, бас хамгаалах үүрэгтэй. Ийм л энгийн ойлголт шүү дээ.

Г.Батбаяр

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл сав-шимийн-ертөнц туслах-ангилал

Я.Мягмарсүрэн: Монголд алсдаа цагаан будаа, тутарга тарина гэж бэлтгэж байгаа

Дарханы Ургамал, Газар Тариалангийн Хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Я.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр шинэ сорт гаргах ажил хийдэг. Үр тарианы 25 сорт гаргасан агаад 16 нь нутагшин, өргөн тариалагдаж буй. “Хавар үр хэрэгтэй болохоор чухам хэрэгцээтэй хүн болчихдог” гэж Я.Мягмарсүрэн хошигносон юм.


-Энэ намрын ургацын чанар, болц ямар байгаа бол?

-Яамны шугамаар аж ахуйн нэгжүүдээр яваад, бүх тариан талбайг хавар нэг үзсэн. Одоо бас үзээд, ургац хэр байна, болц нь ямар байна гээд танилцах баг гарсан. Тэд хараахан ирээгүй л байна. Монгол бусад улс орнуудтай харьцуулахад үр тариа тарихад эрсдэлтэй бүсэд ордог юм. Ус чийг багатай. Энэ жил ус чийг сайтай байгаа болохоор буудай, тариа маань сайн ургаж байна. Ялангуяа манай Дархан, Сэлэнгэ хавиар ургац үнэхээр мундаг байна. Болц нь ч гүйцэхээр байна. Архангай, Хөвсгөлд бороо жаахан оройтож орсон. Бороо оройтохоор алаг цоог соёолоод, будаа нь сайхан ургаж байгаа боловч болц оройтож мэдэхээр байна лээ. Ялангуяа өндөрлөг газрууд эрт хүйтрэх учраас болц бүрэн гүйцэхгүй байх магадлалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд урт намар болж байгаа учраас найдлага тавьж л байна. Бороо хур их байхад өвчин их гардаг. Олон талбайд септориоз нэлээд гарсан. Навч нь шарлаж, харлаад үхдэг өвчин, навч л байхгүй бол фотосинтез нь явагдахгүй, ургац мууддаг. Зэв бас их гарсан. Олон аж ахуйн нэгжид бид зөвлөгөө өгсөн л дөө. Ургамал хамгааллын хүрээлэнгийнхэн ч бас зөвлөсөн. Өвчний эсрэг бодис цацсан болохоор өвчилсөн талбай нэмэгдээгүй. Септориоз их гарахаар үр жаахан хорчийх хандлагатай байдаг. Сайн үр авахад жаахан хүндрэлтэй болж мэднэ. Гантай жил ургац алддаг. Энэ жил болц л гүйцвэл эрт хяруу унаж, цас орчихгүй бол ургац авахаар л байна.

-Ургац хураахаас өмнө хүйтэрчихвэл яах бол доо. Тариаланчид үүнийг тооцоолсон байлгүй дээ?

-Тооцоолж л байгаа. Энэ жил ус, чийг их байгаа болохоор тарианы өсөлт хөгжил 7-10 хоногоор хойшлох маягтай явна. Болц нь арай гүйцэхгүй байна гэж үзвэл болц түргэтгэдэг сеникаци (боловсролтыг түргэтгэх зохиомол арга), дессикаци хийхийг зөвлөж байгаа. Болц нь дөнгөж цутгаад ирэхэд нь гербицидийг азотын бордоотой бага тунгаар хольж, цацвал азот үрэнд нь сайнаар нөлөөлж, болц нь эрчимжих магадлалтай. Ингэж амжихгүй, хариугүй цас бороотой тулчихвал сеникаци хийнэ. Энэ аргуудыг тариаланчид маань хэрэглэж байгаа байх. Түүнээс гадна ангилан хадах гэх мэт олон аргаар тариаланчид маань үзэх байх.

-Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон буудай тариалах талаар ярьдаг. Ганд тэсвэртэй сорт гаргахаар та нэлээд ажилласан даа. Энэ ажил ямар үр дүнд хүрч байна вэ?

-Уур амьсгал хуурайшиж, бас дулаан болоод, буудай ургахад жаахан тохиромж муутай болж байгаа. Монголд ганд тэсвэртэй сорт чухал. Бид ганд тэсвэртэй сорт гаргаж авахын тулд дэлхийн олон орны шилдэг сортуудаас ганд тэсвэртэйг нь сонгоод, нутгийн сортуудтайгаа эрлийзжүүлж, гантай нөхцөлд хамгийн өндөр ургац өгч байгааг нь сонгох маягаар ажилладаг. Бид олон сорт гаргаж авсан. Эрт болцтой Дархан 131, 160, Халх гол сортууд бий. Өндөрлөг уулын бүст тарихад тохиромжтой, тэндээ болц нь гүйцдэг гэсэн үг. Төвийн бүсэд тарина гэвэл гангаас зугтаалгаад оройхон тариад ургац авах боломжтой сортууд байгаа. Дунд болцтой сортууд гэвэл Дархан 34, Дархан74, сүүлд гаргасан Дархан 193 гэсэн сортууд байна. Энэ сортууд маань нэлээд таригдаж байгаа. Монголд таригдаж байгаа сортууд дундаас гантай нөхцөлд хамгийн их ургац өгдөг, ус чийгийг эрчимтэй ашигладаг учраас чийгтэй жилд ч өндөр ургац өгдөг Дархан 144 сорт гаргасан. Энэ сорт маань чийгтэй, гантай жилд ч өндөр ургац өгдөг учраас аж ахуйн нэгжүүд их сонирхдог. 2014 онд бидний гаргасан буудайн сортууд маань нийт тариалангийн талбайн 10 хүрэхгүй хувьд тариалагдаж байсан бол одоо 40 орчим хувьд нь тариалагдаж байна. Аж ахуйн нэгжүүд яаманд сортын тариалангийн мэдээ өгдөг. 2018 оны мэдээгээр Дархан 144 сорт маань улсын дунджаас 2.5-3.6 центр илүү ургац өгч байсан. Жил бүр энэ үзүүлэлт хэлбэлздэг ч сүүлийн жилүүдийн нэмэлт ургацыг тооцоолж үзэхэд 10-22 тэрбум төгрөгийн нэмэлт ургацыг аж ахуйн нэгжүүд авч байгаа. Ийм үр дүнтэй сорт гаргасан. Шинэ сорт гаргахад 15-18 жил зарцуулагддаг. Энэ хугацаанд Монголд тариалагдаж байгаа бүх сортуудтай харьцуулж үзээд, давж гарахгүй бол “заазалдаг”. Давсныг нь аваад явдаг учраас бидний гаргасан сорт эх орондоо дасан зохицдог. Одоогоор Монголд 20 гаруй сорт тариалагдаж байна. Бидний гаргасан 6-7 сорт тариалагдаж, бусад нь Оросын сортууд байна. Энэ 20 гаруй сортыг жил болгон зэрэгцүүлж тариад судлахад манай сортууд гадныхаас илүү ургацтай байдаг.

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар их ярьдаг. Тариаланчид, судлаачид маань зөвхөн ярих биш бодит ажил болгожээ?

-Тариаланчид маань оюунлаг болсон. Шинжлэх ухааны нээлт ололтыг ашиглах эрмэлзэлтэй байдаг. Урьд нь эдийн засгийн хувьд ч хүнд байсан. Шинэ сорт, сайн үрээр тарих нь чухал гэж бодсон ч санхүүгийн боломжиндоо тааруулаад олдсоныгоо л тарьдаг байв. Одоо бол сонголт хийж, бүс нутагтаа тохирсон сортыг сонгож, сайн үрээр тариалахад анхаардаг болсон. Манай хүрээлэн л элит үр гаргадаг. Улсын хэмжээний үрийг хангалттай хэмжээгээр үржүүлэхэд манай чадавхи бүрэн хүрдэггүй. Түүнээс биш сортууд маань илүү их тариалагдах боломжтой.

-Ургац сайн өгдөг юм байна. Хүний биед шим тэжээлтэй талаас нь тооцдог уу?

-Бид шинэ сорт гаргах гэж 15-18 жил зарцуулдаг. Энэ хугацаанд ургацын бүтэц, ургалтын хугацаа болц, уураг, цавуулаг, гэх мэтээр чанарын 14-15 үзүүлэлтээр харьцуулж сонгодог. Өвчин хортонд тэсвэртэй байх гэх мэт бүх шинжүүдийг харгалздаг. Шинэ сортоо гурваас доошгүй жил туршиж чанар, Улсын сорт сорилтын комиссын хурлын шийдвэрээр нутагшсан сорт байна, тариалж болно, үрийг нь үржүүлж болно гэдэг зөвшөөрөл өгдөг.

-Манай тариаланчид химийн бордоо, ургамал хамгааллын бодис хэр их хэрэглэдэг вэ?

-Үр тарианы хувьд манай хөрс нэн ядуу. Манай хөрс агрохимийн лабораторийнхон Монголд тариалан эрхэлж байгаа бүх талбайд гурван удаа шинжилгээ хийсэн. Монгол орны нийт тариалангийн талбайн 60 орчим хувь нь элэгдэл, эвдрэлд орсон. Азотоор нэн дутмаг гэдэг ангилалд багтаж байгаа юм. Үр тариа тарьж байгаа хүмүүс талбайгаа зайлшгүй бордох шаардлагатай. Бордож байж бүрэн сайн цутгасан, байх ёстой бүх шимт бодистой үр гаргаж авах боломжтой. Хор, гербицидийг нэлээд хэрэглэдэг. Гэхдээ буудайн хувьд хог ургамлын эсрэг гербицид цацъя гэвэл бүр бутлалтын үед тарьснаас хойш 25-30 хоногийн дараа л жижигхэн ногоон гурав, дөрвөн навчтай үед нь цацаж байгаа юм. Түүнээс хойш цацвал ургамал нь үхчих гээд, ургац нь буурдаг учраас үр тариан дээр хийх ёстой юмаа цаг хугацаанд нь зөв хийдэг гэж би боддог. Харин хүнсний ногоон дээр жаахан замбараагүй, олон төрлийн хор гербицид цацдаг шиг байгаа юм. Үр тариан дээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн шугамаар гербицид нь том томоор орж ирдэг учраас Мэргэжлийн хяналт, олон шалгуураар дамждаг, судлагдаагүй бодис хэрэглэх нь бага. Ургамалд хортой тал нь хамгийн гайгүй. Манайх бараг л органик талдаа. Эрдэс бордоо үнэтэй учраас хүмүүс авч чадахгүй, хэрэглээ бага байна. Яах аргагүй хог ургамлаа дарах гэж гербицид хэрэглэдэг. Бууц хамгийн сайн органик бордоо боловч га-д 20 тонн бууц хийнэ гэхээр 1000-3000 га-д тариалалт хийдэг газруудад хэрэгжүүлэхэд хүнд. Би бол органик тариалан хүнсний ногоон дээр байвал зүйтэй гэж боддог юм. Гэхдээ органик тариалан гэж ярихаасаа өмнө химийн хор бордоог цаг хугацаанд нь зөв норм горимоор хэрэглэх газар тариалангийн зохистой дадал нэвтрүүлэх учиртай. Түүнээс биш Англи мэтийн 100-200 жил тариалан эрхэлсэн, бордоо зогсоо зайгүй хэрэглэж, азотын илүүдэлд орчихсон, тэр нь ургамалдаа хортой нөлөөлдөг газруудад бол органик тариалан зайлшгүй чухал. Тэгтэл манай хөрс ядуу учраас бордож тордохгүй л бол шимт бодис агуулсан ургамал ургахад хүндрэлтэй.

-Сэлгэн тариалалт чухал гэдэг. Үүнийг хэр их нутагт хийж байгаа вэ?

-Ургамал болгон хөрснөөс авч байгаа үндсэн элементүүд харилцан адилгүй байдаг. Хөрсөндөө адилгүй үлдэгдэл үүсгэнэ. Хог ургамлаа дарангуйлах чадвар нь ч өөр. Аль болох сэлгэж таривал хөрснийхөө үржил шимийг муутгахгүй, ургацаа тогтвортой байлгах нөхцөл үүсдэг. Монголд үр тарианы хувьд хуучин бол уринш буудай гэсэн хоёр сэлгээ хийдэг байсан. Дараа нь хоёрдогч таримал юмуу арвай, овьёос тариалдаг байлаа. Одоо бол хүмүүс ач холбогдлыг нь ойлгож, сэлгээг хийж байна. Тосны ургамал, рапс олон таримал оруулж байгаа болохоор сэлгээ хийгдэж байна. Уринш хийх гол ач холбогдол хөрсөндөө ус хуримтлуулах, хог ургамлыг дарангуйлах юм. Ус чийг хангалттай газруудад уринш хийхгүй байна. Хуурай газруудад бол ядаж 30 хувьд нь уринш хийж байж ургац авахаас өөр замгүй.

-Энэ жилийн хувьд юуг онцолж захимаар байна?

-Хур бороо элбэгтэй байгаа учраас бордооны үр ашиг сайн харагдана. Сортын өөрийнх нь чадавх ургацанд сайн нөлөөлдөг. Манай тариаланчид бүс нутагтаа тохирдог үрийг үржүүлж, нөөцлөх хэрэгтэй. Хавар зээлээр авчих юм чинь гээд намар бүх үрээ зарчихаж болохгүй. Гэтэл хавар үр дутагдахаар гадаадаас судлаагүй, янз бүрийн үр сортууд оруулж ирж байна. Энэ бол аз сорьсон үйлдэл. Манайд таарч тохироо ч үгүй ч үү. Чанартай сайн сортын үрээ авч үлдээрэй. Хуучин шиг тарьсан нь үнэн, гербицид цацна, тэгээд намартаа хураагаад авна гэж таарахгүй. Ургалтын үе шат болгонд тохируулж, тордож, арчлах, органик бордоо, идэвхижүүлэгч бодис хэрэглэж, ухаалаг технологи баримтлах нь зүйтэй.

-Та саяхан грант авсан байна лээ. Сүүлийн үеийн судалгааны ажлынхаа талаар яриач?

-Буудайн селекцийн хувьд 15-18 жил зарцуулж нэг сорт гаргана гэдэг маш урт хугацаа болоод байгаа юм. Гадаадад бол зургаагаас найман жилд нэг шинэ сорт гарч байна. Бид энэ хугацааг богиносгохын тулд орчин үеийн арга технологиуд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цөмийн энергийн агентлагтай хамтарч, молекул генетикийн лаборатори байгуулсан юм. Энэ лабораторид өвчин тэсвэрлэх чадвар чанарыг сайжруулахын тулд гадаадын сортуудаас тухайн өвчинд тэсвэртэй ген бүхий сортыг өөрийн сорттой эвцэлдүүлж, гарсан эрлийз дотор нь өвчин тэсвэрлэх ген байна уу гэж үзээд, гентэйг нь авах жишээтэй. Ингэвэл бид нөгөө сортоо талбайд тариад, өвчнөөр зохимол халдварлуулаад, тэсвэртэй байна уу гээд судлах шаардлагагүй болсон. Гол нь ганд тэсвэртэй чанар гэж үзэж байгаа. Эрлийзжүүлсэн олон удмаас ганд тэсвэртэйг нь сонгох чухал учраас ургамалаа бага үед нь гангийн нөхцөлтэй адилхан даралт үүсгэж, тусгай программаар үндсийг судалж тооцоолоод, сонгодог болсон. Бид зөвхөн буудайн селекци хийдэггүй. Сэлгээнд олон таримал оруулахын тулд хатуу буудай, арвайн гурван янзын селекци хийж байна. Хүнсний нүцгэн арвай, пивоны арвай дээрээс нь тэжээлийн арвай байна. Эрдэнэшиш чухал. Болц нь гүйцдэггүй гэж таригддаггүй байсан бол Монголд тохирсон, эрт болдог, үрээ өгдөг эрдэнэшишийн сорт гаргахаар ажиллаж байна. Цагаан будаа, тутарга Монголд ургахгүй гэж үздэг байсан бол маш их дулаарч байна. Алсдаа тарина гэж бэлтгэж байх ёстой учраас тутарганы селекци хийж байна. Гадаадын 150 гаруй шилдэг сортыг авчирч, эндээ туршиж үзээд, Японы Хокайдагаас гаралтай, хятадын хэдэн сортууд Монголд үр өгч байна. Тэднийг илүү сайжруулахаар ажиллаж байна. Гэх мэтчилэн тарималаа олон болгож байгаа.Тэдний нэг нь тэжээлийн арвай. Маш шим тэжээлтэй. Монголд тэжээлийн арвайн сорт байхгүй. Бид “Шимт” гэдэг тэжээлийн арвайн сорт гаргасан. Нэлээд хэдэн аж ахуйн нэгж энэ сортыг маань тарьж,ургац их авсан. Энэ судалгааныхаа үр дүнгээр ХХААЯ-ны грант авсан юм. Одоо ногоон тэжээл тариалах сонирхолтой хүмүүс олширсон. Тэжээл тариалахад хадлангийн ургацаас 10 дахин ургац авч байна. Нэг га-гаас 10-15 тонн ногоон массын ургац өгч байгаа. Өнгөрсөн жил ногоон тэжээл маш үнэтэй байсан. Бараг будаанаас илүү ногоон тэжээл ашиг өгсөн. Малчид маань ч хадлангаа хадъя. Мөнгөөр худалдаж авахгүй гэсэн хандлага нь өөрчлөгдсөн. Ногоон тэжээл их зарагддаг болсон.

-Тэжээлийн арвайнаас гадна дэлгүүрүүдэд арвайн гурил их үзэгдэх болсон байна лээ?

-Арвайн гурилыг монголчууд эртнээс хэрэглэж ирсэн. Арвайнд үл орлогдох маш олон амин хүчлүүд бий. Хүнсний арвайгаар бид бас шинэ сорт гаргах гээд ажиллаж байна. Нутгийн дээжүүд олон байдаг. Манай хүрээлэнд Хөдөө аж ахуйн таримал ургамлын генфонд байдаг. Энд дээр үед тариалж байсан, одоо алга болсон, цуглуулга судалгаагаар цуглуулсан гадаад дотоодын 20 000 орчим сорт дээж хадгалагдаж байдаг. Тэндээс арвайн нутгийн дээжүүдийг бид эрлийз мутацийн аргаар сайжруулах ажил хийж байна. Пивоны арвайн Бурхант1 сорт гаргасан. Сая тэжээлийн арвайн “Шимт” сорт гаргасан. Хүнсний арвайн селекци хийж байгаа. Хийх ажил их байна. 18-26 насандаа дөрвөн хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүд том болсон болохоор судалгааны ажилд хамаг цагаа зарцуулдаг. Ажилдаа “донтож” суудаг (инээв).

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Эмгэнт хошууны хүрэл дуулгат дөрвөлжин булш

Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны соёлд хамаарна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хантай багийн төвөөс зүүн урагш 30 гаруй км зайд, Эгийн голын хойд талын Баруун бэлсэгийн аманд орших хадтай хошууг Эмгэнт хошуу хэмээн нэрлэнэ.
Энд 10 гаруй дөрвөлжин булш, хиргисүүр бий. Эдгээрээс гурав дахь дөрвөлжин булш /5×7 м хэмжээтэй/-ийг 1992 онд малтан шинжилсэн. Зүүн урагшаа хандуулсан оршуулгын энэ байгууламжийг 70 см хүртэл гүн малтах үест адууны толгойн ясны үйрмэг хэсэг, шүд, эрүүний яс олдож 100 см гүн малтахад оршуулгын нүхэнд хүрчээ. Оршуулгын нүх нь гаднах байгууламжийн адил азимутын 125 хэмийн чиглэлтэй байв. Булш маш ихээр тоногдсон байсан учраас оршуулгын нүхэнд хүнээ хэрхэн яаж оршуулсан болох нь мэдэгдээгүй бөгөөд нүхний байдлыг ажиглахад зүүн зүг хандуулж тавьсан бололтой байжээ. Булш хэдийгээр тоногдсонч нүхний баруун хананд шахаж тавьсан хүрэл дуулгаас гадна толгойн талаас нь ваарны гурван ширхэг хагархай, нэг ширхэг хүрэл товруу, нэг ширхэг оюу зүүлт, богийн шагай зэрэг зүйлс гарсан байна. Эдгээр олдворыг дор бүрд нь тодруулбал:
Хүрэл дуулга нь орой дээрхи сэнжийг нь оролцуулан 22 см өндөр, урдаасаа хойшоо эгц харсан. Өргөнөөрөө 22 см, зүүнээс баруун тийш эгц харсан өргөнөөрөө 16 см байв. Дуулганы нүүр болон шилэвч тал нь ялгарч мэдэгдэхгүй, урд хойд хоёр тал ижил хэмжээтэй, хоёр шанаавчны доод ирмэгт 6-7 мм дугуй голчтой бүч сүвлэх нүхтэй аж. Дуулганы зах ирмэгийг 5 мм өргөнтэй товгор хүрээгээр эмжин хүрээлжээ. Орой дээрхи гогцоо нь 2 см өндөр, 3,5 см өргөн, 1 см бүдүүн юм. Хүрэл товруу нь 9 мм голчтой, тал бөмбөлөг, ардаа зүүлтний сэнжтэй, оюу зүүлт нь 6×8 мм хэмжээтэй, 2 мм зузаантай, голдоо нүхтэй, ваарны хагархай хэсэг нь хар хүрэн шаварлаг шороогоор зуурч, шатааж хийгдсэн байв.

Зургийн тодорхойлолт алга байна.

Дурдсан хүрэл дуулгыг монгол нутгаас олдсон хадны сүг зураг, БНХАУ-ын Өвөрмонголын нутгаас олдсон хүрэл дуулгуудтай харьцуулан НТӨ XI-VII зууны үед холбогдох дурсгал гэж судлаачид тогтоожээ.
Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Дэлхий дээр таван далай байдгийг тогтоожээ

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг Өмнөд далайг манай гаригийн тав дахь далай хэмээн хүлээн зөвшөөрөв. “Өмнөд далай” гэсэн нэр томъёог өмнө нь албан бус байдлаар Антарктидыг тойрсон Номхон, Атлант, Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг нэрлэхэд ашигладаг байсан аж.

No description available.

АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь Олон Улсын Гидрографийн Байгууллага (IHO)-ээс гаргасан газрын зураг дээрх тэмдэг нэршлийн дүрэм, журмыг өнөөг хүртэл мөрдөж ирсэн.

1937 онд тус байгууллага “Өмнөд далай”-г албан ёсоор хүлээн зөвшөөрөх байсан ч 1953 онд санал зөрөлдсөний улмаас энэхүү хүсэлтийг цуцалжээ.

1999 оноос хойш Антарктидыг тойрсон далайн усыг албан бусар Өмнөд далай хэмээн нэрлэж ирсэн байна. Албан бус учраас түүний хил хязгаарыг тогтоогоогүй бөгөөд энэ талаар олон улсын түвшинд удаан хугацааны турш маргаантай байсаар өнөөг хүрсэн юм. Гэвч эцэст нь өмнөд далайг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байна.

No description available.

Одоо манай дэлхий албан ёсоор тав дахь далайтай болсон бөгөөд 2021 оны зургадугаар сараас газрын зураг дээр тэмдэглэж эхэлжээ.

“Өмнөд далайг эрдэмтэд эрт үеэс хүлээн зөвшөөрч ирсэн ч энэ талаар олон улсын гэрээ хэлцэл хийгдээгүй тул бид ч мөн албан ёсоор зөвшөөрөх боломжгүй байсан” гэж АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн газар зүйч мэдэгдсэн байна.

Түүний хэлсэнчлэн, Өмнөд далайг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр олон зүйл өөрчлөгдөх гэнэ.

Г.Байгальцэцэг

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Дэлхий дээрх цорын ганц үхэшгүй амьтан


Британийн эрдэмтэд нь нарны доор мөнхийн юм гэж огт байдаггүй гэсэн сэдвийг няцааж байна учир нь “Turritopsis nutricula” гэдэг “медуз далайн залхаг” олсон байна.

Энэ учир битүүлэг амьтан өөрийгөө залуужуулдаг хосгүй чадвартай. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Turritopsis nutricula” медуз халуун орны бүлээн усанд байдаг бөгөөд ердөө 4-5 миллиметрийн огтлолтой аж.

No description available.

Бусад төрлийн медузийг бодвол үржиж олширсныхоо дараа үхдэггүй, харин ч хөгжлийнхөө үеэс бага үедээ буцаж орсноор өөрийгөө залуужуулдаг. Онолын хувьд энэ төрлийн медуз нь үхэлгүй мөнх байж чадах юм. Эс нь нэг хэлбэрээс нөгөөдөө хэрэгжиж буй үйл явцыг ажиглахаар эрдэмтэд найдаж байгаа гэнэ.

No description available.

Б.Ангирмаа

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Ангарагийг судлах Хятадын төхөөрөмж даалгавраа төлөвлөсний дагуу биелүүлж, 10 GB мэдээлэл цуглуулжээ

Ангараг гаригийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж судлан шинжлэх, илрүүлэх даалгавруудаа төлөвлөсний дагуу гүйцэтгэлээ гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ мягмар гаригт мэдээлжээ.

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар, “Zhurong” Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр Ангарагийн 90 хоног /дэлхийн 92 орчим хоног/ ажиллах хугацаанд шинжлэх ухааны бүх хэрэгсэл нь холбогдох даалгавруудаа гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, явагч төхөөрөмж гаригийн гадаргуу дээр 889 метр аялж, шинжлэх ухааны хэрэгслүүд нь 10 GB орчим мэдээлэл цуглуулжээ. Одоо “Zhurong”-ийн үйл ажиллагаа хэвийн, хангалттай эрчим хүчтэй байгаа ажээ.

Сансар судлалын үндэсний газрын мэдээлснээр, цаашид төхөөрөмж эртний тэнгис болон Утопиа нам дор газрын зүүн хэсэгт орших эртний газрын хооронд очиж, нэмэлт даалгавруудыг гүйцэтгэх төлөвтэй байна.

“Zhurong” судлах, илрүүлэх даалгаврыг гүйцэтгэхдээ долоо хоногийн мөчлөгтэй ажиллажээ. Ингэхэд навигацийн камер нь явах замаа төлөвлөх, очих цэгээ илрүүлэн сонгоход нь тусалжээ.

Мөн гадаргын доод хэсгийг судлах зориулалттай радар нь Ангарагийн гадаргуу доорх давхар бүтцийн мэдээллийг олж авсан бөгөөд үүгээр гүехэн гадаргуугийн бүтцийг шинжилж, газар доор ус, мөс байсан эсэхийг судлах боломжтой байна.

Ийнхүү явагч төхөөрөмжийн тээсэн шинжлэх ухааны долоон хэрэгслийн цуглуулсан өгөгдлийг боловсруулж, баталгаажуулжээ. Хятадын судалгааны багуудын хувьд Сар, сансрын судалгааны төвд хүсэлт гаргах боломжтой ажээ.

БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долдугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд тавдугаар сарын 15-нд Улаан нүдэн гариг дээр газардсан юм.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Хэт халалтын улмаас дэлхий даяар 83 сая хүн амиа алдаж болзошгүйг эрдэмтэд тооцоолжээ

Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буйгаас шалтгаалан дэлхийн цаг агаар үргэлжлэн халж, 2100 он хүртэл 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдахыг эрдэмтэд тооцоолжээ.

АНУ-ын Колумбын Их Сургуулийн дэргэдэх Дэлхий Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэд уг дүгнэлтийг гаргасан байна.

Тэд уур амьсгалын өөрчлөлтийн хохирлыг хэмжих шинэ хэмжүүрийг танилцуулжээ.

Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд, бизнесийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэчнээн хүний амийг аврах, эсвэл хохироохыг хэмждэг болсон байна.

2020 оны байдлаар агаар мандалд цацаж байгаа 4,434 тонн нүүрстөрөгчийн хий тутамд нэг хүний амь хохирч байгаа ажээ.

Одоогоор дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.1 хэмээр нэмэгдээд байгаа. Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл 2100 он гэхэд уг хэмжээ Цельсийн 4.1 хэм болох ажээ.

Үүний улмаас өнөөдрийн Герман улсын хүн амтай тэнцэх хэмжээний буюу 83 сая хүн дэлхийн дулаарлын улмаас амиа алдах тооцоо гарсан байна. Хохирогчдын ихэнх нь Африк, Ойрх Дорнод, Өмнөд Ази зэрэг дэлхий хамгийн ядуу, халуун уур амьсгалтай бүс нутгуудад байх гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн улс орнууд энэ зууны төгсгөлд дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 2.4 хэмээр хязгаарлах зорилго тавьсан юм.

Хэрвээ ингэж чадвал 74 сая хүний амийг аврах тооцоо гарсан байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

“Zhurong” Ангараг дээр 450 метр аялжээ

Ангараг гаргийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр 450 метр аялаад байна гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ пүрэв гарагт мэдээлэв.

Энэхүү төхөөрөмж Ангарагийн гадаргуу дээр газардсанаасаа хойш судалгаа, ажиглалт хийхээр өмнө зүгийг зорьсон бөгөөд төхөөрөмж дээрх камер гаргийн гэрэл зургуудыг өдөр бүр авчээ. Ийнхүү хамгийн сүүлийн зурагт Ангарагнаа явагч төхөөрөмж шүхрээсээ 30 метр зайд буйг харуулжээ.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар, “Zhurong” Улаан нүдэн гараг дээр Ангарагийн 60 өдрийн турш судалгаа хийжээ. Ангарагийн өдөр нь дэлхийнхээс 40 орчим минутаар урт байдаг.

БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд тавдугаар сарын 15-нд Улаан нүдэн гараг дээр газардсан юм.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сарны тойрог замд “чичирхийлэл” үүссэнээр гамшгийн хэмжээний үер болж болзошгүй

Сарны тойрог замд өөрчлөлт үүссэнээр дэлхий дээрх үерийн хэмжээ дээд хэмжээндээ хүрч болзошгүй гэж НАСА-гаас таамаглаж байна.

АНУ-ын бүх далайн эрэгт тус “чичирхийлэл”-ээс болж далайн төвшний хэмжээ өсөж, үерийн урсгал нэмэгдэж болжээ. Тэгвэл саяхан “Nature Climate Change” сэтгүүлд нийтлэгдсэн НАСА ба Хавайн Их Сургуулийн хамтарсан судалгаагаар сарны тойрог замд удахгүй өөрчлөлт орвол ойрын арван жилд дэлхий дээр урьд хожид байгаагүй их үер бууна гэх дүн гарсан байна.

Сарны татах хүч дэлхийн гадаргаас усыг татаж түрлэгийг үүсгэдэг. Сар дэлхийтэй хэр ойр байна, төдий чинээгээр усны түвшин өндөрсөж, том түрлэг бий болдог байна. Далай тэнгисүүд өөр өөр байршилд оршдог учир хоорондоо ялгаатайгаар саранд ойртдог. Тиймээс түрлэгийн хэмжээ нь ч ялгаатай байдаг байна.

Судлаачид Үндэсний далай ба агаар мандлын захиргааны (NOAA) далайн төвшний өсөлт, үер болон одон орны мөчлөгт шинжилгээ хийжээ. Тэд 2030-аад оны үед Америкийн далайн эргийн хотуудад үер хэд дахин хүчтэй болж, ард иргэдийг нүүлгэхээс өөр аргагүй болно гэж үзэж байгаа аж.

Сарны хэлбэлзэл нь үнэндээ байгалийн үзэгдэл бөгөөд тодорхой давтамжтайгаар үүсдэг. 1728 онд анхны ийм хэлбэлзэл бүртгэгдэж байжээ. Шинжлэх ухаанд үүнийг төдийлөн аюултайг гэж үздэггүй. Гэвч энэ удаагийн хэлбэлзэл маш хүчтэй байна гэдгээрээ эрдэмтдийн санааг илүүтэй зовоож байгаа юм.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Аянга цахилгаантай хүчтэй аадар борооноос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хэдийгээр урьдчилан сэргийлэх мэдээ цацдаг ч гэлээ жил бүр аянга цахилгаанаас олон хүн амь насаа алддаг. Хохирогчдын зарим нь урьдчилан сэргийлэх мэдээг сонсоогүй байхад, зарим нь сонссон хэрнээ арга хэмжээ аваагүй байдаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүлээн авмагцаа, эсвэл тэнгэр муудах хандлагатай байгааг ажиглагмагцаа та аадар борооноос урьтаж нөмөр газарт нуугдах шийдвэр гаргах ёстой.

Авах арга хэмжээ:

  • Урьдчилан сэргийлэх мэдээг цаг тухайд нь хүлээж авсан байх.
  • Өгч буй мэдээг зөв ойлгосон байх.
  • Өгч буй мэдээлэлд итгэсэн, өөртөө тулгарч буй аюул заналыг ойлгосон байх.
  • Өөрийгөө хамгаалах зөв шийдвэр гаргах чадвартай, гарсан шийдвэрээ
  • хэрэгжүүлэх.
  • Аянга цахилгаантай аадар борооны аюулаас хамгаалах талаар гэр бүлийнхээ гишүүдтэй ярилц. Аянга бүхий аадар бороо болж хүчтэй салхи үүсч болзошгүйг мэдэж байх хэрэгтэй.Хүчтэй салхи нь аянга бүхий хүчтэй аадар борооны хүйтэн фронтын дагуу болон урд талд үүсдэг.
  • Оршин сууж буй нутгийнхаа цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог судлаарай. Танай гэрийн бүх гишүүд энэхүү тогтолцоог мэддэг байх ёстой. Гэртээ байх үедээ орон нутгийн радио, телевизээс сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээг авч байгаарай.
  • Газарт суугаад хөлийнхөө өлмий дээр цагариглан тонгойж сур. Гараа өвдгөн дээрээ тавиад, толгойгоо өвдөгнийхөө завасар оруул. Биеийнхээ гадаргууг аль болох бага болгож, биеийнхээ газартай нийлсэн хэсгийг мөн хамгийн бага байлга. Аянганы хүчдэл ихэвчлэн толгой дээрээс биш, газраар дамжин хүний биед ордог.
  • Аянга бүхий хүчтэй аадар бороо болсон тохиолдолд гэртээ авч орох зүйлсийн жагсаалтыг гарга. Жагсаалт гарсанаар салхинд эвдэрч, хийсч болзошгүй зүйлсээ санахад амар болно.
  • Мод, бутаа тогтмол засч хэлбэржүүлж бай. Хүчтэй салхинд үхширч, гэмтсэн мөчрүүд амархан хугарч, маш хурдтайгаар хийсгэдэг.
  • Гэрийнхээ гадна тал, хашаа саравч, амбаар сав, бэлчээрээ сул хог хаягдал, нуранги зүйлсийг зайлуул. Сул мөчир, түлээний мод нь хүчтэй салхинд таны гэр орныг сүйтгэх хэрэгсэл болж болзошгүй.
  • Мал амьтдаа хамгаал. Малын хашаа саравчаа хамгаалж бэхлэх. Хашаагаа барихдаа үер болсон үед мал өндөрлөг газарт гарч болохуйц байдлаар байрлуулаарай.
  • Цонхны гадуур хамгаалалтын халхавч хийх талаар бодож үзээрэй. Цонхны гадуур халхавч хийснээр цонхоо хамгаалах боломжтой.
  • Аянга буулгагчийг өөрийн гэр малын хороо хашаа бусад байгууламжуудын дээр босгоорой. Аянга буулгагч нь аянганы цахилгаан хүчдэлийг газарт аюулгүйгээр буулгадаг тул аянганаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг эрс бууруулдаг.
  • Хүнс хөдөө аж ахуйн яамаас тариа будааг аадар бороо мөндрөөс хамгаалах зорилгоор даатгалын компанид даатгуулах арга хэмжээг бодлогоор зохицуулах.
  • Аялал зугаалга болон хөдөө хээр удаан хугацаагаар байх ёстой арга хэмжээ төлөвлөж байгаа бол цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сайн судал. Цаг агаар ямархуу байхыг мэдэж байвал та шаардлага гарсан тохиолдолд тохиромжтой хариу арга хэмжээ авахад бэлэн байх болно. Борооны цув, шүхэр, гамшгийн үед хэрэглэх үүргэвч авч явбал цаг агаарын аюулт үзэгдлийг даван туулахад хялбар байх болно.
  • Аянга бүхий аадар бороо хэзээ хэзээгүй болох гэж байвал гадаа зохион байгуулах арга хэмжээнүүдээ хойшлуул. Цаг агаарын аюулт үзэгдэл нь тамирчид, ажилчид, үзэгчдэд хохирол учруулж болзошгүй. Гадаа болох арга хэмжээнүүдээ хойшлуулах нь аюултай байдалд орохоос зайлсхийх шилдэг арга юм.
  • Тэнгэрийн байдлыг ажигла. Аюулт үзэгдэл болох гэж байгааг илэрхийлдэг цаг агаарын шинж чанаруудыг анхааран ажиглаж бай. Тэнгэр харлах, цахилгаан цахих, салхи ширүүсэх зэрэг нь аянга бүхий аадар бороо ойртож байгааг илэрхийлж байж болзошгүй.
  • Ойр орчноо сайн мэдэж бай. Цаг агаарын аюулт үзэгдэл болвол хорогдох газраа урьдчилан тодорхойлсон бай.
  • Аянганы дууг сонс. Хэрэв та аянганы дууг сонсч байвал аадар бороо ойрхон байгаа бөгөөд та аянганд цохиулах магадлалтай гэсэн үг. Аюулгүй газарт бушуухан ор.
  • Аянга бүхий аадар бороо болох тухай албан ёсны анхааруулга аваагүй байсан ч гэсэн тэнгэрийн байдал эвгүйтвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.