2023 оны зургаадугаар сарын 05-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 4.4 хувиар, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар тус тус өссөн байна.2023 оны зургаадугаар сарын 05-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцуулж байна.
Category: булангууд
Өнөөдөр монголчууд бүгдээрээ юу ярьж байна гээч. Цалин, тэтгэврээ нэмүүлэх талаар л ярьж байна. УИХ-ын гишүүн тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулзахад бүгд “цалин, тэтгэвэр нэмж өгөөч” гэж гуйдаг гэнэ. Аргагүй юм, валютын ханшийн өсөлтөөс болоод төгрөгөөр бараа худалдаж авч дийлэхээ больсон. Авч байгаа цалин, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй болохоор ингэж нэхэхээс өөр яахав. Бид хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг. Мах нэг кг нь 25 000 төгрөг хүрсэн учраас авч чадахгүй байгаа гээд тоочих юм бол өрөвдөлтэй л дүр зураг тодорно. Ядуурлын түвшин 30 орчим хувь байгаа нь гурван хүний нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Орлого нь тасалдах, эсвэл төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж зогсоход ядуу иргэдийн тоо огцом нэмэгдэнэ. Үүнээс харахад монголчуудын дийлэнх нь өдөр тутмын энгийн хэрэглээгээ хангаж чадахгүй зутруухан өдөр хоногийг аргацааж байна. Цалин тэтгэврийг сайндаа л нэг хоёр зуун мянгаар нэмдэг. Нэмснээсээ эсэн юм болж, инфляци хөөрч, үнэ өснө. Ийм л ядуугийн зовлонт тойргоосоо гарч чадахгүй амьдрал үргэлжилсээр. Уг нь бид жаргалтай, элбэг дэлбэг амьдарч байх боломж дүүрэн байсан юм билээ. Үүний баталгаа нь сүүлийн үед илэрч байгаа асар их хулгай дээрмээс харагдаж байна.
Сүүлийн 30 жил монгол төрийн толгойд гарсан бүхий л улстөрчид, УИХ-ын гишүүд, намын дарга нар нийлсэн 300 гаруй хүн хэн нь хэнийгээ гэлтгүй эх орноо уралдан тоножээ. Хамгийн сүүлийн үеийн ичгүүртэй жишээнүүдээс хүргэе.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бага хүүтэй зээлээс УИХ-ын 49 гишүүн өөрөө болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авсан нь баригдсан. Гишүүдээс гадна сайдууд, агентлаг, газрын дарга нар гээд сэтэр зүүсэн бүхэн шунан дайрч, зээл авсан байдаг. Уг нь бол бизнес эрхэлдэг жирийн иргэдийг жижиг дунд үйлдвэрлэлээ босгож хөгжүүл гээд төрөөс бага хүүтэй өгдөг зээл юм. Гэтэл эрх мэдэлтнүүд нь өмнүүр нь дайрч ороод авчихсан төдийгүй банкинд хадгалуулаад, хүүг нь идэж байсан нь илчлэгдсэн. Хэрэв ЖДҮ-ийн хэдэн зуун тэрбум төгрөг тухайн цагтаа зорилтот хүмүүстээ хүрсэн бол манайхан өнөөдөр эсгий таавчиг, түлхүүрийн оосроос арай өөр түвшний үйлдвэрлэл явуулдаг болсон байх нь тодорхой.
2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк нь улс орны хөгжилд нэмэр болохуйц томхон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой байв. 2021 оны арваннэгдүгээр сард Монголбанкнаас Хөгжлийн банк энэ чиг үүргээ хэрэгжүүлж байна уу гэсэн үнэлгээ хийхэд нийт багцын 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь эрсдэлтэй гэж гарсан. Бүр нэг жилээс дээш хугацаа хэтэрсэн зээл 1.8 их наяд төгрөг хүрсэн байв. Шалгаад тодруулаад үзтэл, өнөөх л дарга нар, улстөрчид Хөгжлийн банкнаас зээл аваад арилж өгчээ. Юун том төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, улстөрчид хувьдаа хүртэл зээл авсан нь нэр устайгаа зарлагдсан. Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбоотой шүүх хурал өнөөдрийн байдлаар 36 дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээлийг зарлаагүй бол тэгсгээд замхрах байсан гэдэгт эргэлзэх юм алга. Энэ их мөнгийг цаг тухайд нь хэрэгтэй хүнд нь зээлсэн бол ядаж томхон үйлдвэрийн сууриуд тавигдаж, өнөөдөр нээгдэж байх байсан. Хэрэгтэй олон төсөл амилж, хүмүүс ажилгүйн, мөнгөгүйн зовлонгоос ангижрах байсан. 1.8 их наяд төгрөгийг хамгийн бага жилийн гурван хувийн хүүтэй гэж тооцоход жил жилд хүү нь л гэхэд тавь тавин тэрбумаар нь салхинд хийсгэж байжээ.
Нүүрсний хулгай. Манай гол экспортын нэг коксжих нүүрсний хулгай 40 их наядаар яригдаж байна. Хулгайчид нь УИХ-ын гишүүд, улстөрчид, сайд дарга нар. Нүүрс хариуцсан төрийн өмчийн компанийн дарга нь ах дүүстэйгээ нийлж, хулгайлсан мөнгөөрөө хаус хороолол барьж, хүнтэй дуугарахаа больтлоо амьдралаас тасарсан гэдэг. Бас болоогүй нэг хурган дарга нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө гадаадад үнэтэй хороолол барьсан ч дуулдсан. Хулгайлсан мөнгөө дийлэнхдээ гадны банкинд байршуулсан нь тогтоогдож байна. Нүүрсний хулгай тойрсон дуулиант хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч УИХ-аас зохион байгуулах нүүрсний сонсгол таг чиг алга болсон.
Сангуудын хулгай. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн мэдээлэл ор тас алга болсон талаар цуурч байна. Эрүүл мэндийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан гээд улстөрчдийн хулгай хийгээгүй сан гэж алга. Боловсролын зээлийн санд л гэхэд эргэн төлөгдөөгүй 190 тэрбум төгрөгийн өр зээл байна. Хэн ч үүнийг төл гэж шахсангүй, нөгөөдүүл ч төлөх сэтгэл байсангүй. Дотоодын их сургуулийн сургалтын төлбөрөө зээлээр авч, буцааж төлөхдөө санаандгүй 100 төгрөг үлдээхэд өдөр шөнөгүй төлөхийг шаардан “зээлийн хар түүхэнд оруулна” гэж дарамталдаг энэ сангийнхан 190 тэрбум төгрөгийг болохоор тоох ч үгүй орхисон байдаг нь гомдмоор юм шүү. Хэрэв энэхүү 190 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн бол Монголд хэрэгтэй мэргэжлээр гадаадын их, дээд сургуульд чамгүй олон хүүхэд суралцаад ирэх боломж байв. Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авагсад бас л дарга нар, улстөрчид. Өөрсдөө ч сураад, ах дүү, үр хүүхдүүдээ ч үргэлжүүлэн сургадаг байсан нь илэрсэн. Айлын найран дээр салбарын сайд нь “Нэг хүүхдийг нь чинь Боловсролын зээлийн сангаар сургаж өгье” гэж амалтлаа тонуулсан сан.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал гэдэг. Гэтэл манай улстөрчид 30 жил нэр төртэйгөөр эх орноо тонон дээрэмджээ. Энэ нь үе уламжлан үр хүүхэд нь залгамжлах хандлагатай болсон байна. Хэрэв эх орноосоо ингэж их хулгайлж, дээрэмдээгүй байсан бол улсын төсөв өнөөдөр 100 их наядаар хэмжигдэх хэмжээний баян орон байх байлаа гэсэн тооцоо ч гаргасан байсан.
1.5 сая хүнтэй Улаанбаатар хот өнөөдөр утаа, түгжрэл, стресс гуравтаа баглуулсан. Баруун талаараа баасны үнэртэй. Урд хэсгээрээ завсар зайгүй шавсан байшин хороололтой. Хойд, зүүн талаараа гэр хороолол нь навсайна. Хэрэв улстөрчид ард түмнийхээ сайхан амьдрах, улс орныхоо хөгжиж дэвжих боломжийг хулгайлаагүй байсан бол хот маань метротой, хэдэн сайхан үйлдвэр тойруулчихаад, жинхэнээсээ аз жаргалтай, амар амгалан налайж байхгүй юу. Атомын цахилгаан станц барьж, цахилгааны хомсдолоосоо гарчихсан ч сууж байж мэднэ. Ямартай ч цалин нэмээд өгөөч, хоолгүй хонолоо гэж гоншигнож суухгүй чинээлэг амьдарч байх байлаа.
Бидний боломжийг хулгайлсан улстөрчдийг бид өөрсдөө л сонгож гаргаж ирсэн байдаг. Өөрсдийнхөө, улс орныхоо ирээдүйг бодохоосоо илүү өнөөдрийн тав арван төгрөгөөр сонголтоо худалдахгүй, жаахан хэрсүү хандсан бол хулгай хийдэггүй, зөв хүмүүсийг сонгох боломж байсан юм. Суманд очсон нэр дэвшигчээс “ажлын байр нэмж өг гэхийн оронд клуб бариад өг” гэж гуйдаг, өмнөх сонгуулийн амлалтыг нь биелсэн үү гэж нэхэхийн оронд гарын бэлэг харж суудаг сонгогчид маань ч бас буруутай. Ийм сонгогчдын сонгож гаргасан улстөрч бүр “одоо миний баяжих ээлж” гэж боддог. Хөгшин, залуу хоёр улстөрчийн яриа байдаг. Залуу нь хөгшин улстөрчтэйгөө уулзаад “Та нар ч сайхан юм аа, авах юмаа авчихсан. Би одоо л авахгүй бол хоцрох нь” гээд яаран одсон гэдэг. Ийм л сэтгэхүйгээр сүүлийн 30 жил ажиллажээ.
Сая Үндсэн хуулийг өөрчлөх үеэр гишүүдийн тоог 126 болгож нэмэхийг ард түмэн хамгийн их эсэргүүцсэн. Энэ их идэж, уусан, эгэл түмнийхээ боломжийг хулгайлсан улстөрчдийг харахаар ингэж дургүйцэх нь аргагүй юм гэж бодогдох. 76 дээрэмчин 126 болох нь гэж хэн хүнгүй л бодсон биз ээ.
Өнгөрсөн 30 жилд улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байлаа.
Г.Гэндэн
Олны анхаарлыг татаж буй хэд хэдэн хууль, хуулийн төслийг ойрын үед УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тэдгээр хуулийн нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хуульд оруулах маш чухал заалт байна аа.
Орчин үеийн сонгууль тэр чигээрээ фэйсбүүк, твиттерээр явдаг болсон. Сүүлийн хэд хэдэн сонгуулийг ажиглахад сонгуультай жил, сонгуультай зун монголчууд фэйсбүүк, твиттерт сонгуулиар амьсгалж, буцалж, талцаж, муудаж, доллар төлж нэгнийгээ харлуулж, нэрээ гаргах гэж гадагшаа төгрөгөө урсгадаг ажилтай болчихсон. Гэтэл эдгээр харилцааны платформууд нь Монголын харьяаных биш. Тодруулбал, АНУ-ынх. Дэлхийн нөлөө бүхий компанийн аппликейшн төдий шүү дээ. Урьд урьдын сонгууль шиг энэ аппликейшнүүдээр монгол төрийг байгуулмааргүй байна. Өөрсдөө мэдэж, өөрсдийнхөө төрийг байгуулах асуудлаа нутаг дэвсгэр дээрээ, дотроо ярьж хэлэлцмээр байна.
Ингэж зохион байгуулах техникийн шийдэл орчин үед бүрэн байгаа. Сонгуулийн сурталчилгаа 17 хоног байхаар яригдаж байна. Энэ хугацаанд сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хэнбугайн ч нэр, овог орсон пост, жиргээ зэргийг шууд хаадаг, хориглодог хуулийн зохицуулалтыг хийх ёстой юм. Гэхдээ үүн дээр ялгамжаатай, анхаарууштай юм бий. Шууд бүгдийг гэж туйлширч ойлгож болохгүй. “Зөвхөн нэр дэвшигчийн овог, нэрийг багтаасан пост, жиргээ, сэтгэгдэл зэргийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүрэн хориглоно” гэх утгатай заалт оруулахад л болоод явчихна.
Бид гадны платформ дээр улс төрийн болоод төрөө байгуулалцах чухал асуудлаа хэлэлцэх нь гэрийн асуудлаа гадны хүний дэргэд ярьж байгаатай агаар нэг. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гадны платформууд дээр тодорхой хязгаарлалтыг ингэж хийж чадвал нэгдүгээрт, монголчууд бид өөрсдөө төрөө байгуулж буй хэрэг болно. Гадаадын ямар ч оролцоогүйгээр гэсэн үг. Хоёрдугаарт, Монголд байгаа үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Улстөрчид 2020 оны сонгуулиас хойш сошиалд бараг нэг тэрбум төгрөгийг төлж өөрсдийгөө сурталчилсан байсан. Сонгуульгүй үед шүү дээ. Гэтэл сонгуультай жил энэ тоогоо хэд дахин нугалахыг таашгүй. Тэр их долларыг гадагшаа урсгахгүй сонгуулийн сурталчилгааны зардлаа дотооддоо шингээчихвэл хичнээн телевиз, сайт, сонин, тэдгээрийн хэдэн мянган ажилтан орлоготой болох вэ…хичнээн нь НДШ, татвар руу орж монголчуудын амь амьжиргаанд нэмэр болох билээ…гээд бод. Сонгуулиар гадагш урсдаг долларын сувгийг дотогшоогоо татсанаар үүнийг дагаад маш олон эерэг өөрчлөлт гарах нь мэдээж.
Гэхдээ энэ зохицуулалтын хамгийн гол зорилго бол монголчууд гадны оролцоо, хяналт, ажиглалтгүй өөрсдөө өөрсдийнхөө хүссэн төрөө хараат бусаар байгуулна. Хэн нэгэн гуравдагч орны хүслийн төр биш бид өөрсдөө хүссэн төрөө байгуулна. Үүнийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд дэмжих хэрэгтэй байна. Энэ уриалга, санал санаачилгыг эрх баригчид, УИХ-ын эрхэм гишүүд дэмжих хэрэгтэй.
Твиттер,фэйсбүүк, бот, троллын арми Монголын нийгмийг яаж талцуулж, ямар ч ажлыг хялбар нурааж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил болгоныг гутаан доромжилж, хэнийг ч хамаагүй үгээр “шон”-д өлгөж нийгмийн сэтгэлзүйг савлуулж байгааг бид өдөр бүр харж байна. Энэ бүгдийг цэгцлэх эхний алхам бол УИХ-ын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгах. Тиймээс энэ заалтад холбогдох хүмүүс нь анхаарал хандуулж, хуульд тусгаж өгнө үү. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд, мэргэжлийн редакциудад хандахад манай энэ нийтлэлийг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.
Энэ тал дээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Телевизүүдийн холбоо, Сайтуудын холбоод, Өдөр тутмын сонинуудын холбоо нэгдэн ажиллаж, төр засагт саналаа хүргүүлэх нь чухал байна.
Дөнгөж зургаан настай болов уу гэмээр хүү цүнхээ чирэн сургуулийн хашаанд уйлан зогсож байв. Хүү айсан бас их сандарсан бололтой харагдана. Хажуугаар нь эцэг эхчүүд уйлан зогсоо хүү шиг насны хүүхдүүдийг хөтлөн өнгөрөх тоолонд тэрбээр улам их гомдож байгаа бололтой шуг шуг хийн эхэр татах нь чангарах аж. Яаж яваад сургуулиасаа гараад ирсэн юм бодвол хөөцөлдөж гүйж сахилгагүйтэж байгаад л гарчихсан бололтой. Яагаад гэвэл ийм насны хүүхдийг ганцааранг нь гаргадаггүй журамтай. Мань хүн зах хязгааргүй ертөнцөд гэнэт гарч ирчихээд хаачихаа мэдэхээ байчихсандаа ийнхүү айж сандарч зогсоо биз ээ. Хязгааргүй ертөнц түүнийг огт үл тоон өөр өөрсдийн зам мөрөөр бужигнаж , бас аймаар хүнийрхүү огт танихгүй хүмүүс хажуугаар нь зогсох ч үгүй зөрөн өнгөрцгөөнө. Хэдийгээр сургуулийн хашаанд боловч тэр ганцаараа ийнхүү байж үзээгүй билээ. Гэтэл сургуулийн хашаагаар жижигхээн туранхай залуу бүсгүй шогшин орж ирээд хүүг харан айсан гайхсандаа дуу алдан “Ганаа миний хүү юу хийж энд ганцаараа зогсож байгаа юм бэ” гэж уулга алдав. Хүү тэр жижигхэн туранхай ямар ч чадал хүчгүй, хэнийг ч хамгаалж хүч үл хүрмээр эмэгтэйг харан “ээж ээ” гэж хашхираад саяхан уйлж байснаа тас мартаж инээд алдан тосон гүйлээ. Хүү сахиусан тэнгэрийн тэвэрт байгаа мэт, бүүр дэлхийд ганцхан байдаг шидэт дагинад тэврүүлчихсэн мэт саяхны айж, сандарч байснаа тас мартажээ. Ээжүүд ийм л шидтэй. Тэд ямарч хүчгүй мэт үзэгдэвч, ямар ч залуу бүүр өөрөө хүүхэд мэт харагдавч өөр хэнд ч байдаггүй үр хүүхдээ гэсэн ид шид оргилон байдаг юм. Түүнийг нь ээж гэж дуудаж хэлд орсон хэн ч мэддэг.
Монгол даяар ээжүүд одонгоо авч баярлалдан байна. Хаашаа л харна, гоёлоо өмссөн ээжүүд цэцэг мэт алаглан баяр баясгалан авч ирнэ. Одонтой ч бай, одонгүй ч бай ээжүүд бүгд адилхан үр хүүхдийнхээ өмөг түшиг нь билээ. Та нартаа баярлалаа.
Уншигч олондоо Эрээнцавын гэж алдаршсан яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” номын шүлгүүдээс толилуулъя. Уг бүтээл “Сайхан мод”, “Залуугийн бадаг”, “Ирж буй цаг” гэсэн гурван бүлэгтэй, нийт 60 орчим шүлэгтэй. Өмнөтгөлийг нь “Сэтгэлийн шувууны жиргээн” хэмээн төрийн шагналт найрагч Долгорын Нямаа бичсэн байдаг. Энгийн гоо сайхан хийгээд яруу тансагийг мэдэрье гэвэл “Сэтгэлийн байгаль”-ийг унш, хаврын зөөлөн бороонд шавшуулах мэт таатай сэтгэгдэл төрнө. “Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ, хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ. Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ, хаврын бороо цэцэгнээс эхэлнэ” хэмээн уншихуйд танд нэг л дулаахан ахуй өөрийн эрхгүй мэдрэгдэж, тэгээд юунд ч юм хайр хүрч, юуг ч гэсэн өршөөх энэрэнгүй өр зөөлөн сэтгэл төрөх ажгуу.
“…Чихэнд хангинах зөн совин газрын гүний дуудлага
Шөнө дөлөөр чимээлэх алсын анир ирж буй цаг
Тэнгэр бурхан хэн нэгэнд эм уулгаад болих шиг
Шилэн аяганд халбага тонхийх чимээ ирж буй цаг
Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх ирж буй цаг
Дэлхий дээр ажин түжин оргиод морин цаг цагаан мананд живэхүй
Дээврийн хөх тагзанд төмөр утас жин жин цохих ирж буй цаг
Ногоон хөндийгөөр хонь хурга шуугилдан орж ирээд
Номын алтан хуудас шиг усны зах руу хошууран орох ирж буй цаг
Ноёлог өндөрт элээ тас бөөрөн толгод тойрон эргээд
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг
Голын наана явахад тэнгэр дуугарч цахилгаан гялбаад
Гоо бүсгүй гутлаа тайлан хөл нүцгэн бороон дундуур гүйх ирж буй цаг
Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад
Нойт даан харлаж чийгтсэн өвс үмхлэх ирж буй цаг…” (“Ирж буй цаг”),
“Хамаг юм урсаж байна
Хаврын хөх цас зэрэглээтээд
Чиний ороосон алчуурын хошуу
Тэртээх он жилийн цаадтай намилзах
Аядуу салхин доогуур
Хамаг юм урсаж байна
Хашааны өврийн борог өвс
Гавар мэт хамар цоргиод
Хараацай хөнжил шүргэн
Дэлхийн хаяа руу одоход
Тэнд нэг од гялалзана
Түүнийг харсаар хэвтэхэд
Түм буман галт тэрэг болоод
Он жилүүд
Түжигнэн тажигнан өнгөрнө
Хага ташсан голын мөс
Зүүдний цагаан наранд гэсэж
Номхон сар гөлөг шиг мөлхөж ирээд
Нойрмог замагны дороос
Ноднингийн шар хомоол
Нойтон мэлхий шиг гарч ирнэ…”. “Ганц нэг өвс салхин сэвэгнэх нь Нямсүрэнгийн хувьд ер бусын юм. Хонох айлд үеийн бүсгүй байх, хоточ нохой сарны гэрэлд хуцах, тэр ч байтугай “аймаар” санагдах нь хүртэл түүнд сайхан санагдана. Морины хомоол усанд хөвж, долгион дээр ганц нэг ялаа сууж, модон тэрэгний ялуу урсгаж, салхинд одод зүлгэгдэхэд сэрж мэдэрдэг энэ найрагч дэлхийн чулуунд хяруу цавцайх өглөө эрт, дэрсээр шүлгээ бичиж явсан нэгэн” гэж Очирбатын Дашбалбар бичсэн.
“Саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уух
Сайхан байх даа гэж
Санагдсан
Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад
Цан хийсэн царгиа гарч
Цагаан бүгээн жаахан жороо морь
Чамайг хүлээн гол дотор цулбуур дүрэн зогсов доо гэж
Үдшийн жүнзэнд
Сар тусахад
Өнөөх чулуун дээр
Лаа асаасан мэт болоод
Өвс цаана нь зүүдэлсэн өдөр шиг гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж
Бөрт цагаан дэрсэнд
Бөднө шувуу бөөрөхөд
Бүрий барайд
Хучлага засах шиг
Нэг юм шурхийн хөдлөөд
Бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ” хэмээх “Сэтгэлийн байгаль”-д орсон шүлгийг Г.Аюурзана “Монголын сонгомол яруу найраг” номдоо оруулахаас гадна Д.Нямсүрэнг Б.Инжиннаш, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Урианхай нарын хамтаар “Монголын топ таван найрагч”-аар нэрлэсэн билээ.
Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, монгол судлаачийн нэрээр нэрлэлээ.
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл “Acta Arachnologica” сэтгүүлд хэвлэгдэхээр боллоо.
Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг. Энэ хүрээнд судлаач Ж.Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор, Б.Болдгивын нэрээр буюу “Coreodrassus boldgivi” хэмээн нэрлэхээр болжээ.
Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм.
Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна.
Монгол Улсад анх удаа “Оч” нэртэй микро компьютерыг 1984 онд Статистикийн төв газрын (тухайн үеийн нэрээр) Тооцоолон бодох төвийн Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя нарын инженерүүд Батлан Хамгаалах Яамны инженер Д.Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш н.Мягмарсүрэн, Л.Гантулга, инженер А.Гантөмөр нартай хамтран бүтээсэн түүхтэй. 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тухайн үеийн Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хороо баталж, шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ олгож байжээ.
Аллан ба Барбара Пийз нарын ийм нэртэй ном байдаг. Нэрнээс нь ямар ном гэдэг нь тодорхой. Чиний бие чамайг юу бодож байгааг шууд хэлж өгдөг. Үүнийг анхаарч сурах л хэрэгтэй байдаг аж. Хүн худал ярих амархан байдаг бол худал хэлж байгаагаа нуух бараг боломжгүй байдаг. Ганц худал хэлэх биш ер нь үйлдлээ нуух ямар ч бололцоогүй шахам гэж номд бичсэн байна. Биеийн хэлийг уншиж сурсан хүмүүс юу ч ярилгүйгээр тантай өдөржин ярилцсан байдаг. Таныг юу бодож байгаа, юу сонирхдог, худал ярьж байгаа эсэх, үнэхээр хүсч байгаа, дурласан уу, өлсөж цангаж өвдөж хавдаж байгааг бүгдийг нэвт шувт мэдэж болдог. Гэхдээ харагдах байдал яг жинхэнэ байдал хоёр маш ялгаатай гэдгийг байнга бодож харагдах байдалтай нь нөхцөл байдлыг сайн уяж сурах хэрэгтэй.Ер нь бол хөлөө ачиж суусан эмэгтэйг хамгаалсан байдалтай байна гэж хэлж болох ч тэр хэт богино банзалтай ч юм уу даарсан байж болно. Элгээ тэвэрсэн хүнийг өөрийгөө хамгаалж гадны халдлагаас айж байна гэж уншиж болох ч гэдэс нь өвдсөн эсхүл даарсан ч байж болдог учир нөхцөл байдлыг нь сайн мэдрэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Гарын алга дэлгэгдсэн байвал ер нь найрсаг байгаагийн илрэл. Энэ дохио чулуун зэвсэгийн үеэс л гартаа чулуу атгаж ирээд толгойг нь хага цохихгүй гэсний баталгаанаас үүсчээ. Биеийн хэлийг эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй илүү уншиж сурсан байдаг. Тэд нялх хүүхэдтэй харилцдаг учир хэлгүй үрээ юу хүсч юунд дургүй байгааг харсаар байгаад сурчихсан байдаг. Энэ нь удамшдагаас ийн биеийн хэлийг сайн уншдаг. Эмэгтэй хүн биеийн хэл ярианы хэл хоёр зөрвөл хүний үгийг шууд сонсохоо больдог. Тэр шууд биеийн хэлд нь үнэмшдэг учир юу гэж донгосож байсан ч итгэдэггүй. Эрэгтэй хүн бол биеийн хэлийг ойлгодоггүй. Тийм ч учраас эвгүй байдалд орох нь олонтаа. Эмэгтэйчүүд сэтгэлийг нь татсан эрчүүд рүү инээмсэглэдэг бол эрчүүд өөррүү нь харж инээмсэглэсэн эмэгтэйд сэтгэл татагддаг. Энэ судалгаагаар нотлогдсон. Эмэгтэй хүн эрчүүдээсээ хэдэн хувь илүү инээмсэглэдэг. Энэ нь тэдний тархитай холбоотой бөгөөд тэдний инээд тайвшруулах ид шидтэй. Энэ нь өөрсдөөсөө хүчтэй эрчүүдийн дунд амьдарч ирсэнтэй холбоотой гэнэ. Худал инээхэд нүдний булчин хөдөлдөггүй, үнэн инээхэд нүдийг тойрсон булчин хөдөлдөг. Үүнийг ихэнх эрчүүд анзаардаггүй. Эмэгтэй инээмсэглээд байдаг тойроод л элдвийн хошин шог яриад л гүйгээд байдаг. Тэгвэл энэ байдлыг харсан сайн танил эмэгтэй нь тэр эрд шууд л наадахаа хая аа, чамайг тэнэг амьтан гэж үзээд байна гэж хэлдэг. Тэр нь үнэн л байдаг.Тантай гар барьж байгаа хүн эгц босоо байрлалд гар баривал тэр нь эрх тэгш харилцааг илэрхийлнэ. Гараа эргүүлэн алгаа уруу харуулан таны гар дээр байрлуулбал тэр давуу байдал олж авах гэж байгаа хэлбэр.
Ийм байдалд орвол та өөдөөс нь нэг алхаад нөгөө сул гараа гар барьсан гар дээр нь алгаа доош харуулан тавивал бүүр илүү байдал орно гэх мэтээр хүний бүх төлөвийг энэ номд оруулжээ. Харц нүдний шил, будаг гэх зэргээр нэвт шувт хүнийг уншиж болдог байна. Та ийм болмоор байвал энэ номыг уншаарай.
Ж.Сандагдорж
Энэ үгийг Эрдмийн Их сургуулийн захирал, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Шинжлэх Ухааны доктор (ScD) профессор Ч.Зэгиймаа хэлсэн юм. Хос хэлээр ярьж болдог болохоос хос үсгээр нэг үгийг хоёр янзаар бичдэг явдал байж болохгүй. Аав абу гэж хоёр янзаар бичдэг улс байдаггүй юм аа. Хуучин бичгийг эрдэмтэн судлаачид нь аваад явдаг юм байгаа биз.
Ард түмний дунд ингэж хавтгайруулан заадгаа болих хэрэгтэй гэсэн юм. Энэ нь хүүхдүүдийн анхаарлыг хоёрдуулдаг гэсэн. Саяны Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл дээр унасан хүүхдүүдийн тоо үүнийг батлах мэт. Ингээд хос бичгээс үүдэн хэлэхэд нэг юм та бүхэнд ажиглагддаг уу.Монголчууд бидэнд дандаа онц чухал биш юм чухал мэтээр хэлэлцэгддэг, бүүр түүнийг тун чухал зүйл гэж ойлгуулах гэж оролддог гэдгийг. Хүмүүс ч энэ л их чухал юм байна гээд итгэчихдэг. Үүний жишээ уйгаржин бичиг байна. Түүнийг сурахгүй юм бол монгол хүн устах юм шиг, үүнийг сурвал хөгжлийн манлайд хүрэх юм шиг сурталчилдаг. Бүүр тусгаар тогтнолын баталгаа гэцгээдэг. Яг жинхэнэдээ энэ худал үг. Баталгаа нь бидний өмнөд монгол ахан дүүс маань байна. Тэд уйгаржин бичигтэй ч тусгаар тогтнолоо хадгалаад байдаг бил үү. Тэгэхлээр энэ онц чухал зүйл ч биш байдаг л нэг бидэнд орхигдсон бичиг үсэг орчин үед техник технологийн эрин үед нэг их таарч тохироод ч байдаггүй. Бидэнд үсгээ солих зайлшгүй шаардлага ч байхгүй, заавал солино гэвэл латин нь дээр гэж үздэг олон хүн байдаг. Уйгаржин бичгийг нойр хоолгүй нүдэж байхаар үелэх системийн ганц томьёо цээжилж байвал төгсөх хүүхдэд уул нь хамаагүй дээр л дээ. Яг үүн шиг биднийг хэн нэгэн нь дандаа хэрэг багатай дэмий сул назгай байдал руу шахаж оруулах гэж оролддог нь анзаарагддаг. Хотын утаа цахилгаанаар л давын өмнө арилна, тэгвэл зөвхөн тэр цахилгааныг нь л хийхгүй тойрч давхицгаадаг гэх мэт олон зүйл харагддаг.
Байлдах, бие хамгаалах урлагийн тухай сонирхолтой номууд мэр сэр бий. Саявтархан “Таван тойргийн судар буюу Самурайн дайтан тулалдах урлаг” хэмээх тун дажгүй нэгэн номыг “Арвис паблишинг”-аас эрхлэн, Б.Батзаяагийн орчуулгаар гаргажээ. Ер нь дэлхийн улс үндэстнүүд ерөнхийдөө өөр өөрийн гэсэн онцлогуудаа шингэсэн тулааны урлагтай. Бие хамгаалах, тулааны төрлүүд хоорондоо ижил төстэй зүйлс маш их. Тэр ч мэдээж хэрэг. Хятад гэхэд шаолин, япончууд каратэ, жүдо, бразил жиү-жицү, монгол банди-зо гээд. Тэгвэл япончуудын энэ төрлийн бас нэг чухал төрөл нь самурайн дайтах урлаг юм. Энэхүү номыг бичигч Мияамото Мусаши бээр 1584-1645 оны хооронд амьдарч байсан домогт дайчин, тулаанч, гүн ухаантан бөгөөд ронин буюу эзэнд эс харьяалагдах самурай байсан байх нь. Амьдралынхаа туршид 61 тулаан хийсэн тэрээр нэг ч ялагдаагүй гэгдэн алдаршжээ. “Таван тойргийн судар” гэх энэхүү ном нь өрсөлдөгчийгөө болоод өөрийгөө хэрхэн ялан дийлэх тухай нэн чухал бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог агаад Сүнзийн алдарт “Дайтах урлаг”-тай эн зэрэгцдэг ажээ.
Мияамото Мусашигийн үлдээсэн богино сургаалуудаас хамгийн алдартай нь түүний хамгийн сүүлчийн “Гагц өөртөө найдахуйн эрдэм” буюу хэрмэл тулааны баримтлах 21 дүрэм гэх айлтгал ажээ. Энэхүү 21 дүрэм нь өөртэйгөө, бодит байдалтай нүүр тулах тухай сургаал аж. Эдгээрт “Үл тоомсорлон өнгөрөөх зүйл энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй, Аливаад хэт итгэж найдах нь бүтэлгүйтэхийн цондон, Өнгөрсөнд харамсахгүй байх, Аливаад хоргодон гашуудахгүй байх, Хайр дурлалд зүрхгүй мэт байх нь өлзийтэй, тойрч үл чадах тул үхлээс бүү ай” гэх зэрэг болно.
Уг нь ном нь “Шороо”, “Ус”, “Гал”, “Хий”, “Огторгуй” гэх таван бүлгээс бүрдэнэ. Тэргүүн бүлэгт тулааны эрдмийн суурь үндсийг бий болгож, өөрийнхөө үүсгэсэн арга барилын ойголтыг тайлбарлах болно. Дараагийн бүлэгт оюун ухаанаа ус мэт байлгах тухай яруугаар өгүүлнэ. Ус бол ямар ч хэлбэр бүхий саванд хэлбэр даган өөрчлөгдөх шидтэй. Тиймээс ус мэт зохицохуйн тухай энэхүү бүлэгт өгүүлэх аж. Гуравдугаар буюу гал бүлэгт аливаа тулаан тэмцлийн утга учрын тухай өгүүлэх болно. Билэг оюундаа томыг харж, жижгийг тольдон бясалгах, агшин бүр шийдвэрлэх мөч болдог тухай, юу ч хормын төдийд шийдэгдэх тул билэг оюунаа хичээн шамдан суралцахуйн тухай өгүүлэх аж. Харин хий хэмээх дөрөвдүгээр бүлэгт өөрийн буй болгосон эрдмийг бус бусад төрлийн тулаануудын арга барилуудын тухай бичжээ. Тулааны бусад хэв маягуудын хувилбарууд, давуу хийгээд сул талуудын арга мэхийн тухай тайлбарлан өгүүлэх болно. Угаас бусдыг танин мэдэхгүйгээр өөрийгөө олох, ойлгох боломжгүй агаад гэрэл сүүдэр ямагт хамт байдгийн адил ямар ч эрдэмд тэрсүүд замнал заавал зэрэгцэн орших тухай тайлбарлажээ. Ерөөс эхнээсээ зөв мөр, чин шударгуу замналаар эс замнаваас хойшдоо залруулж үл чадах том гажуудлыг үүсгэдэг билээ. Тиймээс аливааг эргэцүүлэн бодох тухай өгүүлэх ажгуу. Тавдугаар бүлэг огторгуйд хоосон чанарын тухай дурдана. Эхлэл болоод төгсгөл хэмээгч хоосон чанарт үгүй ба аливааг сурахад төгсгөл үгүйн тухай, тулааны эрдэмд огторгуйн хязгааргүй адил эрх чөлөө оршин байдгийг өгүүлжээ.
Тулааны урлаг нь сэтгэл зүйн тулаан гэхэд болох ба өдөр тутмын сэтгэл зүйтэйгээ адилхан байлга гэж номложээ. Эгэл амьдрал болон дайн тулааны алинд ч хянуур, тайван, холын бодолтой байж, шийдэмгий хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлдөө хором ч бүү авт гэжээ.
Энэхүү алдартай судар нь хэдийгээр тулааны урлагийн тухай авч орчин цагт цэрэг арми, бизнес хувь хүний хөгжил гээд бүх л салбарынханы судалдаг судлагдахуун бүтээл болж, тэр хэрээрээ хүний амьдралд багагүй хувь нэмрийг үзүүлж, ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байгаа аж. Ямартай ч уншаад үзээрэй.