Categories
арын-нүүр нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Шилдэг сэтгүүлч төгсөгчдийн бүтээлийн чуулган DNN.mn

 Шилдэгүүдийг нэг дороос уншаарай

Энэ цагийн шилдэг сэтгүүлчдийн бүтээлийг нэгтгэсэн нэгэн сайхан номыг энэ удаа танилцуулъя. МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн танхимаас эрхлэн гаргасан номын өмнөтгөлийг профессор Ж.Батбаатар бичжээ. Тэрбээр “Энэ удаа бид МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн төгсөгч 1000 сэтгүүлчтэй “арми”-ийнхаа төлөөлөл болгож, түүхэн хөгжлийнхөө 30 жилийн ойг бэлгэдэн, 30 шилдэг төгсөгч-сэтгүүлчийнхээ энэхүү 30 жилийн хугацааны нийгэм, амьдрал, үйл явцын хэлхээс, дүр зургаас илэрхийлэх бүтээлүүдийг нэгэн дор баринтаглан уншигч олондоо хүргэж байна” хэмээн тодотгожээ.

Номын эхэнд МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Балдорж”-ийн шагналт Б.Ганчимэгийн Асашёорюү аваргатай хийсэн ярилцлага дурайж байна. Аса аваргын ид барилдаж байх үеийн гал цогтой хэрнээ, ухаан зааж ярьсан яриа одоо ч амт шимттэй халуун хэвээрээ. Тэрбээр бэртэл гэмтэлээ эдгээхээр эх орондоо ирээд байх үеэрээ Б.Ганчимэг сэтгүүлчтэй уулзаж, сэтгэлээ онгойтол ярьсныг энэ цаг үеэс уншихад сонин бөгөөд содон. Сэтгүүлчийн эрэн сурвалжлах чигийн хоёр ч нийтлэл мөн номд оржээ.

МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридын яруу найрагч Ш.Уянгадаа зориулж бичсэн “Авьяас билиг нь халгисан гал морьтон анд минь” нийтлэл, Бидэрийн Баярсайханы “Морьдын гэрэлт нүд, бурхадын чимэгтэй нутаг” хөрөг нийтлэлүүд амттай бөгөөд уран. Бусдаараа тод ялгаран гэрэлтэнэ. Нэгэн хүний талаар бичих мөртлөө нийт тэр цаг үеийг тусган харуулжээ, тэд.

Баатар ван хэмээн олноо хүндлэгдэн алдаршсан МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагчийн “Энэ 60 жил миний амьдралын ялалтын эхлэл ба төгсгөл” ярилцлага тунчиг содон харагдана. Сэтгүүлч Д.Оюунтуяа уг яриаг хийжээ. Сэтгүүлч Д.Гансаруулын “Жаран жил дуулсан Зангад гуай жаргаах зүрхийг минь уяраасаар явна” нийтлэл алгасахын аргагүй амттай. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхдагчдын нэг Р.Ганпүрэвийн дуулиан тарьж байсан “Гурван удаа цааз сонссон ч Ч.Эрдэнэ-Очирыг суллажээ” нийтлэлийг та энэ номоос уншиж болох нь. Гэрэл зургийн мастер Г.Эрдэнэтуяагийн түүхэн, содон, ховор зургуудыг эндээс сонирхоорой.

Сэтгүүлч Ж.Соёл-Эрдэнэ, Ч.Үл-Олдох, С.Гантогоо, Б.Занданхүү, Г.Отгонжаргал, Д.Гансаруул, Г.Сонинбаяр, Х.Ган-Ялалт, Б.Долзодмаа Г.Улсболд, С.Гандөл, тоймч агсан Г.Отгонбаяр нарын гээд шилдэг 30 сэтгүүлчийн даацтай бүтээлүүдийг нэг дор багтааснаараа энэ ном үнэ цэнэтэй билээ.

МУБИС-ийн Сэтгүүл зүйн танхим 30 жилийн ойгоороо 30 сэтгүүлч-төгсөгчөөрөө гангарч гаргасан энэ ном сэтгүүлчийн бүтээл талаасаа ч, өнгөрсөн 30 жилийн түүхийг өгүүлсэн гэдгээрээ ч хэн хүний хайдаг эрэлттэй номын нэг болсон юм.

Categories
нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сарны баялгын өрсөлдөөн гараагаа эхлэв DNN.mn

Энэтхэгийн “Чандраяан-3” хөлгийн буулгасан робот станц сарны өмнөд туйлаас усны нөөц хайж байна. Эндээс усны арвин нөөц олдвол сар нь цаашдаа хүн төрөлхтний сансар огторгуйн аяллын дамжин өнгөрөх өртөө болох ирээдүйтэй гэгддэг. Өмнө нь саранд хүрсэн АНУ, Хятад хоёр ч өмнөд туйлыг судлахаар төлөвлөж байгаа. Уснаас гадна эрдэс баялгийн арвин нөөц сарны хөрсөн дор байгаа гэж судлаачид үздэг юм. “NASA” 2015 онд сарны хөрсөн дор олон зуун тэрбумын үнэ хүрэх баялаг нуугдаж байгаа тухай мэдээлж байжээ. Тухайлбал халуун цөмийн урвалын түүхий эд болох helium-3 болон лантанид, скандиум, иттриум зэрэг газрын ховор элементийн нөөц бий гэж дүгнэсэн байна. Эдгээрийн зах зээлийн үнэлгээг янз бүрээр тооцоолсон байдаг. Зарим эх сурвалж сарны эрдэс түүхий эдийн үнэлгээг $1 квадриллион (арвын 15 зэрэг) хүрэх тооцоо гаргасан байна. Зөвхөн сар биш сансрын өөр олон биетийн нөөцийг үнэлсэн байдаг. Тухайлбал 16 Psyche нэртэй 280 км өргөн астероидын алт, төмөр, никелийн нөөцийг $10 орчим квинтиллион (арвын 18 зэрэг) хүрэх тооцоо гаргаж байжээ. “Davida” нэртэй өөр нэг солирын нөөцийг $27 квинтиллионоор үнэлсэн байна. Ирээдүйд сансрын уудамд олборлолт явуулдаг болох нь гарцаагүй юм. АНУ-ын конгресс 2015 онд “US Commercial Space Launch Competitiveness Act” хуулийг баталснаар хувийн хэвшлийн байгууллагуудад сансрын уудамд хайгуул явуулах, олборлох боломж олгох эрх зүйн үндсийг тавьсан юм. Өнөөдөр зарим компаниуд энэ чиглэлд ашиглагдах технологиудыг турших, зохион бүтээх ажлыг эхлүүлээд байна гэж “Business Insider” мэдээлжээ.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Neuralink” компани чип бүхий тархины суулгац бүтээхэд 280 сая ам.доллар төвлөрүүлжээ DNN.mn

Мэдрэлийн технологийн салбар дахь стартапууд оны эхнээс зургадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд 143 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

Хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зорилготой Илон Маскийн стартап “Neuralink” компани технологийн хөгжүүлэлтдээ зориулж хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Тус компани энэхүү санхүүжилтийг өөрсдийн технологио хөгжүүлэхэд зарцуулахаар байгаа юм.

Хөрөнгө оруулалтад тэрбумтан Петер Тиэлийн санхүүжилттэй “Founders Fund” зэрэг томоохон сангууд оролцсон байна. “PitchBook Data” компанийн статистикаас харвал “Neuralink” компани энэ оны зургаадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдаас нийт 143 сая ам.доллар босгожээ.

Харин 2022 онд 278.1 сая ам.доллар, 2021 онд 518.9 сая ам.доллар босгосон байна. Илон Маскийн энэхүү стартап хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зөвшөөрлөө АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас хүлээн аваад байгаа юм.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

TheMongolz Бразилын хамгийн шилдэг багийг дахин хожлоо DNN.mn

ESL-ээс зохион байгуулдаг CSGO-ын их дуулга гэж болох Intel Extreme Masters-ын ээлжит тэмцээн Кёлн хотноо үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй “Intel Extreme Masters Cologne 2023”-т Монгол улс, Ази тивийг төлөөлөн оролцож буй TheMongolz баг тэмцээний гурав дахь тоглолтоо хийлээ.

  • CSGO-ын их дуулга тэмцээнд Монголын баг оролцож байна
  • TheMongolz баг Бразилын шилдэг багийг дахин хожлоо
  • Ингэснээр тэд IEM Cologne 2023 тэмцээний хэсгийн шатанд шалгарлаа

Тэд тэмцээний хэсгийн шатанд шалгарахын төлөөх хожигдох эрхгүй тоглолтыг дэлхийн чансааны 10-т байгаа Бразилын FURIA Esports-той хийв. Эхний map-ын сонголт монгол багийнх байсан бөгөөд тоглож дадсан map-даа хүндхэн хожлыг авсан бол эсрэг багийн сонголт дээр илүүрхэж 2-0 (Inferno 19-15, Overpass 16-8) харьцаагаар хожлоо.

Тоглолтод “techno4k” М.Содбаяр 85.7 ADR-тай багаа тэргүүлсэн 16 настай залуу тоглогч “mzinho” Б.Аюуш удаалав

  • TheMongolz Британийн ITB багийг 2-0 харьцаагаар илүүрхлээ
  • The Mongolz хоёр удаа нэмэлт цаг сунгаж хожигдлоо
  • Монголын CSGO-ын аваргаар “The MongolZ” тодорлоо

Ингэснээр TheMongolz “IEM Cologne 2023” тэмцээний хэсгийн шатанд шалгарлаа.

Монгол залуус тэмцээний эхний шатанд MOUZ багт Nuke map-д 22-19 харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан бөгөөд доод хүснэгтэд Британийн Into The Breach багийг 2-0 (Mirage 16-8, Ancient 16-8) харьцаагаар хожсон билээ.

Categories
гадаад шинжлэх-ухаан-технологи

Олон тооны лугшагч од шинээр илрүүлжээ DNN.mn

Дэлхийн хамгийн том, Хятадын FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) радио дуран авай 2016 онд ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй лугшагч /пульсар/ одыг шинээр илрүүлжээ. FAST-ийн илрүүлсэн эдгээр шинэ одны тоо энэ хугацаанд гадаадын дурангуудаар илрүүлсэн одны тооноос гурав дахин их байгааг уг дуран авайн ерөнхий инженер Жян Пэн онцолжээ.

Лугшагч буюу маш хурдтай эргэлддэг нейтрон од нь супернова гэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас мөхөж буй асар том од буюу нарны цөмөөс үүсдэг. Гэхдээ ихэнх од болох нарнууд зул шиг зүгээр л мөхөн гэрэлтэхгүй болдог бол цөөн нь л лугшигч од болон үлдэж улмаар дэлбэрч сүйрдэг аж. Иймээс лугшигч оддыг ажиглах нь FAST-ийн хувьд ажиглалтынх нь мэдээллийг таталцлын цацраг, хар нүх байгааг батлахад, мөн физикийн бусад олон чухал асуултын хариултыг олоход ашиглаж болох чухал даалгавар юм.

Сүүлийн жилүүдэд FAST радио тэсрэлт, ионжоогүй атомын устөрөгчийн хий, лугшуур оддыг судлахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд Орчлон ертөнцийн бүтцийг ойлгох боломжийг ихээхэн өргөжүүлжээ.

Энэ жил уг дуран авай хос одны системтэй пульсаруудын хувьд нэг одоо тойрон эргэх хамгийн богино буюу 53 минутын хугацаатай хос лугшагч одоос гадна, наногерцийн таталцлын долгион оршин байгааг нотлох гол нотолгоог олж илрүүлсэн байна. FAST буюу “Хурмастын мэлмий” хэмээн нэрлэдэг энэхүү дуран авайн голч нь 500 метр бөгөөд үүнээс өмнө дэлхийн хамгийн том гэж тооцогддог байсан Пуэрто-Рикогийн дуран авайн диаметр нь 305 метр юм.

Г.АМАРСАНАА

Categories
арын-нүүр нийгэм

Таны ааш араншин таны хувь заяа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Үнэнхүү хайр татсан хулгайч та харсан уу. Үнэхээр үнэн сэтгэлээсээ сайхан ааштай дээрэм­чинг та мэдэх үү. Хэн ч харсан хайрламаар гуйл­гачин та харсан уу. Ийм зүйл байдаггүй л байхгүй юу. Худал намбиганасан хулгайч дээрэмчний тухай үлгэр домог зөндөө л байдаг. Гэвч амьдрал дээр ийм юм байдаггүй. Та хулгайч заяанд төр­сөн бол хулгайч ааштай л байхаас өөр ямар ааш зантай байх билээ. Таны сэтгэл санаа хиргүй тун­галаг бол ёрын ааштай байх боломж танд бас олдохгүй.

Таны хувь заяа таны ааш араншингаас ха­маарна гэсэн эртний мэргэн үг байдаг. Үүнийг олон зүйл баталдаг. Юун дээрээс ч жишээ авч болно. Бидний сайн мэ­дэх замын түгжрэл дээр жишээ авч болох юм. Бүх машин цувраад гарч байна. Эсрэг урсгал нь хоосон байлаа. Гэтэл гэнэт нэг “ухаантай” хар хүү “эксел”-тэйгээ сөрөг урсгалд орон давхиж гарам­ руу дайрдаг.

Харин энэ үед өөдөөс нь машин ирж таараад нөгөө ухаант­ны араас бас нэг ухаантан дай­раад гэх мэтчилэн бөөн түгжрэл болж тэр гарам өдрийн хагас гацдаг. Тэв­чээргүй, бусдыгаа үл хүн­дэт­гэх бачуу аран­шин­тай нэг “багий”-гаас болж хү­мүүс тэр өдрөө л аз жар­галгүй болж хувир­даг. Тэгж бачуурч давхиж бай­гаад осол аваарт орох нь энүүхэнд. Таны хү­лээц­гүй, дэг журам бо­лоод бусдыг үл хүн­дэт­гэдэг бачуу ааш араншин чинь таны хувь заяанд нө­лөөлж байгаа нь энэ.

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

Монголчуудын их амралтын үе ирлээ DNN.mn

ӨДРИЙН СОНИН.Ы 2010 ОНЫ АРХИВААС…


УИХ мөдхөн завсар­лаж, наадам өндөрлө­лөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь “Их хурд” болох гэж бай­на. Зөөлөн бороо үе үе цайран орж наран ми­шээж халуу дүүгэнэ. Ийн­хүү Монгол нутгийн хам­гийн сайхан үе монгол­чуудын их амралтын үе ирлээ.

Гэвч “Наадмын дараа намар” хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйц­лээ. Бүр байчихаад до­л­дугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөт­лөгч хүү “өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр” гэж ирээд л мэ­дэмхийрч байх юм. Яа­гаад гэвэл наадам өнөө­дөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ дээ. Наадмын маргааш ид зун үргэл­жилдэг болохоос хэзээ байтлаа намар эх­лэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэт­лээ үнэмшчихсэн байна.

Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн ду­лаан болдог. Гэхдээ цөө­хөн хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, “яндан хон­гиноод” эхлэнэ дээ. Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.

Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Найм­дугаар сарын арав­даас хойш л ажил төрөлдөө ордог юм байгаа биз. Бү­тэн есөн сарын зуданд нух­луул­сан малчдыг хад­­лангаа ав гэж шаар­даад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн аж ахуй­нууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хо­туудын өвөл­жилтийн бэлт­­гэлээс өөр төр засагт са­наа чилээх юм огт байхгүй.

Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жи­рийн хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.

Хүмүүс наадмаа үз­чих­сэн, шинэ бөх түрүү­лэхийг харчихсан тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц дугуй­ныхаа хагархай олгойг нөхөж аваад, эхнэр хүүх­дээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аав­даа золгож, хамаатан са­дан­тайгаа уулзаж ша­вай­гаа ханатал тарвал­за­хаар одож байна. Агь таанын үнэрт аргал хор­голынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наад­мын сонин ярьж яваад ирнэ.

Харин төр засаг хэн­хэг­лэж өвлийн бэлтгэл гэж байхаар дээрхи сонир­х­лыг нь дагуулан үйл­чил­гээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэг­лэл, ус борооны мэдээ, сум суурингуудын буу­даллах газар зэрэгт ан­хаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түү­хэн газрын мэдээ, мэдээ­лэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.

Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахар­хах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэ­д­дэггүй л болохоос.

Оюун ухааны манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэ­зээ ч үл тайлагдах нуу­цуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.

Түүнээс биш уран зо­хио­­лын номонд гарса­наас болж алдаршсан ши­лийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх до­могтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яа­гаад гэвэл улсын хилийн яг торгон ирмэг байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн сонин мэдрэмж, “сиймхий ч гэсэн гэр минь” гэж өмөөрөх, харамлах, бас харуусах сэтгэгдэл төр­дөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.

Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоё­рын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Ам­раахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн му­хар сахиж суух вэ. Энүү­хэндээ гэж сонирхуу­ла­хад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туу­лын бургасанд зус­лан­даа гарчихсан байна лээ шүү.

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

Зүсэр бороотой зуны өдрүүд DNN.mn

Зүсэр бороотой зуны өдрүүд үргэлжлэх нь. Гандуу байсан газруудад ган тайлаад сайхан байна аа. Бороо наадам хүртэл орох цаг агаарын мэдээ хараад сэтгэл өег байна. Хүй долоон худгийн цэнхэр хөндийд зулзаган ногоо хэнзэлж манан буун наадмын хурдан хүлгүүдийн түмэн туурайн чимээ битүү бүгд нүргэлэн тоосгүй наадах нь.

Хөх Монголын хөндий шилүүдэд тариа чив чимээгүй ургаж мал таргалан голио царцаа шаргин сайхан зун болох нь ээ. Монголын зун бороо орох нь бурханаас илгээсэн бэлэг билээ л. Хур усан цагтаа бууж амьтай болгон үржин өсч, байгаль эхийн өгөөмөр хишигт цатгалдан шандуурч үндэстэй болгон урган төлжих нь зун цагийн жам юм. Ай энэ үед их талуудын амар амгалан ноёлж араатан хүртэл амьтан барьж идэх нь бараг үгүй болдог. Оддын чуулган тэнгэрийн заадас газарт буусан шиг ойртон тодорч шөнийн шувуудын дуулалдах, талын энгээр тархан бэлчсэн адуун сүргийн тургилах, хааяа янцгаах чимээнээс өөр чимээ үгүй алдран агь таанын үнэр хамар цоргин ханхална.

Монголын заяа их гэж дэмий ч нэг ярьдаггүй аж. Саяхан л хавсарга тавьж шар шороон шуурга тэнгэр баганадан, гандуу цагаан тал хохилзон “зун болох нь уу” гэж арга нь барагдсан хүмүүс дэмий л бие биенээсээ сураглан байсан сан. Одоо тэгвэл торгон ногоон зун хар нялхаараа эхэлж байна. Тэнгэр бурхан хайр хишгээ харамгүй хүртээх нь.

Нүүдэлчдийн цагийн сайханд хийдэг наадмын цуурай аль хэдийнэ нүргэлээд эхэлчихсэн байна. Залгаад их амралтын өдрүүд айсуй. Амрах цагтаа амарсан шиг амарчихаад, ажиллах цагтаа ажилласан шиг ажиллах нь нүүдэлчдийн удам монголчуудын зан билээ л.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ямар ч үед хүнийг бусадтай харьцуулж сайн, муугаар бүү ярь DNN.mn

Амьдралын маш энгийн юм шиг хэрнээ хүний нэр төр, үйл хэрэг, үзэл бодолтой шууд холбогддог зүйл гэж бий. Түүний бодит нэгэн үзэгдэл нь бидний өдөр тутмын, хүн хоорондын харилцаанд гардаг нэгнийгээ нэгэнтэйгээ жиших, харьцуулах явдал. Ээж аав нар ихэвчлэн бага балчир хүүхдээ урамшуулах зорилгоор “Ахаасаа, эгчээсээ хамаагүй илүү байна” гэж хэлдэг. Энэ бол гэр бүлийн байдаг л нэг үзэгдэл. Гэвч хүүхдүүдээ хооронд нь харьцуулах нь сэтгэл зүйд таагүй нөлөөлдгийг судлаачид хэлж байна.

Яг ийм сэтгэлгээгээр бид хэн нэгний нэр төр, үзэл бодолд маш бүдүүлгээр ханддаг. Нэг хүнийг магтаж, түүнийгээ сайн хүн болгохын тулд заавал өөр нэг хүнийг хавчуулдаг. “Түүний дэргэд наадах чинь юм байгаа юм” гэж ирээд л. Хөндлөнгөөс харсан хүнд маш эвгүй сэтгэгдэл төрөхөөр. Албан газрын удирдлага үйл ажиллагаагаа өөрийнхөө бодсоноор явуулахыг бодно. Түүний санал бусдад 100 хувь таалагдана гэж байхгүй. Тэгээд л өнөө хүнээ өмнөх захиралтайгаа, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэйгээ жишиж ирээд мууг нь үздэг. Эсвэл шинэ захирал, шинэ ирсэн хүнтэйгээ өмнөх хүнээ жишиж муу муухайгаар, адгийн шаар мэтээр ярьдаг.

Мөн хөтлөгч нэртэй нөхдүүд тухайн дуучнаа магтах үгээ олж ядахдаа тэр дууг өмнө нь дуулсан дуучныг “будаа” болгох үзэгдэл нийтлэг болсон. Жишээлбэл, Ч.Бат-Эрдэнэ гавьяатын дууг нэг залуу дууллаа гэж бодъё. Тэр залуу сайхан л дуулчихна биз. Гэтэл хөтлөгч нь “Ёстой Бат-Эрдэнийг байхгүй болгочихлоо, ямар мундаг юм” гэж ирээд л огтоос бодлогогүйгээр хэлдэг. Тэгэхээр монголчууд минь, хүний нэр төртэй холбоотой зүйлийг маш бодож ярих хэрэгтэй байна. Нэгийг нь магтах гээд нөгөөг нь муулж харлуулдаг бүдүүлэг зангаа одоо боль. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл мөн гэдгийг бүх хүнд зөвлөе.

Ө.Манлай

Categories
шинжлэх-ухаан-технологи

Титаникийн аялалд гарсан шумбагчийн салангид хэсгүүд далайн ёроолоос олджээ DNN.mn

Зуу гаруй жилийн өмнө живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд гараад сураггүй алга болсон Титан шумбагч машины сэг өчигдөр далайн ёроолоос олдсоноор уг аялалд явсан таван хүнийг аврах найдлага тасарсан байна.

“Эдгээр хүмүүс нь адал явдалд дурлагчид, далай тэнгисийг судлах, хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй, жинхэнэ судлаачид байлаа. Ийм хүнд хэцүү цаг үед бидний зүрх сэтгэл эдгээр таван хүний гэр бүлийнхэнтэй хамт байна” гэж Титан шумбагчийг эзэмшдэг OceanGate Expeditions компани мэдэгджээ.

Канадын эрлийн хөлөг онгоцноос далайн ёроол руу илгээсэн шумбагч робот өчигдөр өглөө усны мандлаас 4 км-ийн гүнд, Титаник хөлгийн үлдэгдлээс 488 метрийн зайд Титан машины салангид хэсгүүдийг олсон тухай АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.

6.7 метр урт эх биетэй Титан шумбагч машины таван том хэсэг далайн ёроолоос олдсон тул түүнийг ямар нэг шалтгаанаар дэлбэрсэн гэж дүгнэжээ.

Хүний цогцсын үлдэгдэл олдсон эсэх талаар аврагчид мэдээлэл өгөөгүй байна.

Шумбагч машинд жолоочоос гадна дөрвөн аялагч явсан юм. Тэд бол Их Британийн 58 настай тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистан гаралтай Британийн иргэн 48 настай бизнесмэн Шахзада Давуд, түүний 19 настай хүү Сулеман, Францын далай судлаач, Титаникийн эксперт гэгддэг 77 настай Пол Анри Наргеолет, OceanGate компанийн Америкийн талын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш нар байжээ.

61 настай Стоктон Раш шумбагч машиныг жолоодож явсан байна.

Ням гарагт сураггүй алга болсон Титан шумбагчийн эрлийн ажиллагаанд өнгөрсөн хугацаанд олон орны аврагч мэргэжилтнүүд оролцож, далайн олон мянган километр талбайтай хэсгийг самнасан юм.

1912 онд Британиас АНУ-ын чиглэлд 1,500 гаруй зорчигчтой анхны аяллаа эхэлсэн Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдсөний улмаас живж байжээ.

Тус хөлгийн эх биеийн үлдэгдэл одоо Канадын Ньюфаундлэнд мужийн Сэйнт Жонс боомтоос өмнө зүгт 640 км зайтай Атлантын далайн ёроолд байдаг.

OceanGate компани живсэн Титаникийн үлдэгдлийг үзэх аяллыг 2021 оноос хойш зохион байгуулж байжээ. Уг аяллын нэг суудлын төлбөр $250,000 юм.

2018 онд болсон далай судлаачдын хурлын үеэр Титан шумбагч машины аюулгүй байдлын асуудал яригдаж, OceanGate компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал шүүхэд дуудагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters