Categories
мэдээ нийгэм томилолт

Элсэн далайн баянбүрд болсон Жүнвэй хот DNN.mn

БНХАУ-ын Ниншя Хотонгийн өөртөө засах орон нь евро азийг холбосон шинэ гүүр ажээ. Тодотговол, төв, баруун азийн эдийн засгийн коридорын гол зангилаанд оршдог муж юм байна. Торгоны замын эдийн засгийн бүсийн стратегийн чухал тулгуур болох энэ нутагт зам тээвэр, дэд бүтэц сүрхий хөгжжээ. Ниншяг сүлжсэн гурван цагираг, дөрвөн босоо, зургаан хэвтээ чиглэлийн хурдны зам бий. Тяньжин боомттой төмөр зам болон усан замаар холбогддог байна. Тийм болохоор тус мужид үйлдвэрлэл, худалдаа наймаа, аялал жуулчлал хөгжихгүй байхын аргагүй. Тэр дундаа хөдөө аж ахуйн эко үйлдвэрлэлээрээ Няншя үнэхээр алдартай юм билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус мужид зочлоход орон нутгийн удирдлагууд нь хамгийн түрүүнд ухаалаг хүлэмжээ танилцуулав. “Кайсэн” нэртэй хөдөө аж ахуйн парк нь Ниншягийн нийслэл Иньчуаниас 50 км-ийн зайтай аж. Наран ургахтай зэрэгцэн хөдөлсөн Ерөнхийлөгчийн цуваа нэг цаг хэртэй давхиад зорьсон газартаа ирлээ. Гадна тал нь нарны панеллиудаар тоноглогдсон нүсэр том хүлэмж рүү орвол автомат төхөөрөмж дээр тасралтгүй бүтээгдэхүүн савлаж байв. Хэдэн алхмын зайтай хаалганы цаана тариалангийн талбай харагдана. Тэнгэр гэрэлтсэн цэлмэг дээвэртэй саруулхан хүлэмж дэх зэрэгцүүлэн өрсөн урт, урт ёмкс дээр улаан лооль завсар зайгүй боловсорч байв. Ойн төгөлд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэхүйц энэ хүлэмж 60-аад мянган метр квадрат талбайтай. Тэнд “Мао Тай Лан” гэдэг жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг юм байна. Жилд 4000 тонн ургац хураадаг аж. Анх 155 сая юанийн хөрөнгөөр боссон “Кайсэн” хүлэмжээс өдгөө жилд 100 гаруй сая юанийн орлого олдог тухай танилцуулав. Хүлэмжийн гол онцлог нь хөрсгүй тариалалт эрхэлдэг явдал. Дээрээс нь автомат усалгаатай. Бас бордоо орлуулах ухаалаг төхөөрөмж байрлуулжээ.

Паркийн гадна хананд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ материалыг ашигласан нь дэвшилтэт шийдэл болж чаджээ. Эдний үйлдвэрлэсэн нарны эрчим хүч нь өдөр тутмын үйл ажиллагааг нь саадгүй явуулахад бүрэн хангадаг байна. Ер нь хүлэмжид орохоор амьсгалахад төвөгтэй, хөлс урсаад байдаг даа. Тэгвэл “Кайсэн” ухаалаг хүлэмжид тийм зовлон байхгүй. Темпратур, чийгшил гээд бүгдийг ухаалгаар шийдэж, ургацад хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлжээ. Тэнд 12 сар тасралтгүй ургац авах боломжтой дэлхийн хамгийн дэвшилтэт технологиор тариалангийн аж ахуй эрхэлж байна. “Кайсэн” хүлэмжийн загварыг Хятадын 17 мужид хөгжүүлээд эхэлжээ. Мөн энэ төрлийн аж ахуйг эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд туршлагаасаа харамжгүй хуваалцаж, сургадаг байна. Хөрсгүй ухаалаг хүлэмжийн нэг метр квадрат талбайгаас 80 кг хүртэл ургац авдаг гэнэ лээ.

Ийнхүү ухаалаг хүлэмжтэй танилцсаны дараа Жүнвэй хот руу хөдлөв. Улаанбаатараас Дархан орох хэртэй замыг бид хоёр цагт туулж хүрлээ. Орон нутгийн зам гэхэд хүний урманд тор гэх энхэл донхолгүй нь сайхан юм. Замд тасралтгүй үргэлжлэх элсэн цөлийг хучсан ногоон байгууламжууд өнгө алаглан харагдана. Энэ бүгд хүний гараар бүтсэн гэхээр ямар их хүч хөдөлмөр орсон бол. Аргагүй л хүний олноор байгалийн сайхныг цогцлоож дээ гэх бодол хөвөрнө. Хятадууд бол цөлжилттэйгөө тууштай тэмцэж байгаа ард түмэн. Учир нь 1975 оноос хойш тус улсын элсэн цөл хурдацтай тэлж, олон тосгод эзгүйрч байгаа тухай бишгүй мэдээлдэг байв. Хятадын Засгийн газар зөв менежмент явуулсны үр дүнд экологийн дүрвэгчдийн хөдөлгөөн зогссон төдийгүй элсэн цөлийн ногоон хотууд сүндэрлэн боссон юм. Үүний тод зураглал нь Жүнвэй хот. Өнөөдөр Хятадын баруун бүсийн аялал жуулчлалын урсгал тэр чигтээ энэ хотод төвлөрдөг юм билээ.

Бидний очсон Жүнвэйгийн Шапотугийн байгалийн хамгаалалтын бүс бол Тэнгэр элсэн цөлийн зүүн өмнөд зах аж. Өвөрмонгол, Гальсу, Ниншя гэсэн гурван мужийн уулзварт оршдог байна. Тэнгэр элсэн цөл нь хамрах хүрээгээр улсдаа дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Газрын зураг дээр Монгол, Хятадын нутгийг хавсран оршдог Говийн элсэн цөлийн урд хэсэг болох нь тод харагдана. Жүнвэй хотын нийт нутаг дэвсгэр нь 17 мянган хавтгай дөрвөлжин км гэнэ. Нийт нутгийнх нь 22 хувийг элсэн цөл эзэлдэг юм байна. Түүхэнд элсэн шуурганы хамгийн ноцтой гамшгууд тохиож байсан гэдгээрээ алдартай. 1950-иад оны эхээр Тэнгэр элсэн цөл Жүнвэй хотоос ердөө дөрөв, тавхан км-ийн зайд тулж ирж байжээ. Хүчтэй салхи, элсэн шуургын улмаас энэ бүс нутгийн амьдрал үндсэндээ зогсож байсан гэхэд хилсдэхгүй. Газар тариалан, үйлдвэрлэл гээд хүнтэй юутайгаа дайжиж, Шар мөрний экологийн аюулгүй байдалд ноцтой аюул тулгарч байсан гэдэг. Шапотугийн энэ хэсэг гэхэд 100 метр хүртэлх өндөртэй хөдөлгөөнт элсэн манханаар бүрхэгдэж байжээ. Улмаар төмөр замын хөдөлгөөнд хүртэл саад учруулж байсан гэнэ. Тэр цагаас хойш Жүнвэй хотын иргэд цөлжилттэйгөө тууштай тэмцэж иржээ.

Жүнвэйчүүдийн элсний нүүдлийг барьж чадсан аргыг “Өвсний тор” гэж нэрлэдэг юм билээ. Зах бараа нь үзэгдэхгүй элсэн цөлийг шоо хэлбэрээр хээлэн сүлжсэн юм шиг зураглал Иньчуаниас Шапотуд хөтлөн авчирсан нь тэрхүү “Өвсний тор” аж. Технологийн хувьд тун энгийн. Улаан буудайн сүрлийг хөдөлж буй элсэн манхан дээр 1х1 метрийн хэмжээтэй дөрвөлжилж хэрнэ гэсэн үг. Нэг метрийн урттай сүрлийг элсэн дээр хөндлөн эгнүүлж дэвсэх юм билээ. Ингэж дэвссэн сүрлийнхээ яг гол хавьцаа дээргүүр нь том гэгч нь дугуй хэлбэртэй, пад пад гэсэн тачигнасан дуутай өнхөрдөг төхөөрөмж явуулна. Энэ үед сүрэл элс рүү 40-50 см хэртэй шигтгэж сууж өгнө. Өөрөөр хэлбэл, сүрлийн хоёр зах нь хөрсөн дээр босч ирнэ гэсэн үг. Бас зарим нь хүрзээр сүрлээ гишгэж, торлож байгаа харагдсан. Хөндлөн сүрэл дээр хүрзээ байрлуулж байгаад элсэнд далд ортол нь ганц л гишгэчих юм билээ. Сүрэл хөгцөрч, мууддаггүй онцлогтой учраас он удаан жил элсний нүүдлийг барих боломжтой. Торлож хашсан элсэн дээр гишгэхэд яг л энгийн газар шиг хав хатуу болжээ. Тэр дөрвөлжин болгонд янз янзын мод, ургамал суулгасан нь анхаарал татлаа. Бараг арав гаруй төрлийн мод ургуулсан туршлагаасаа энэ нутгийнхан ярьж байв. “Өвсний тор”-ыг элсэнд шигтгэх процесс тун энгийн. Шапотугийн байгалийн хамгаалалттай бүсэд ердөө 20-иод хүн л энэ ажлыг хийж байгаа харагдсан. Голдуу өндөр настай хүмүүс тааваараа ажиллаж байна лээ.

Элсийг сүрлээр торлож, нүүдлийг нь тогтоон барьж байгаа энэ арга нь дэлхийд шалгарсан дэвшилтэт технологи. Давхар түймрээс сэргийлэх, ойжуулалтын бүс байгуулан усжуулалтын системийг нь хүртэл цогцоор шийджээ. Иймд НҮБ-аас “Дэлхийн байгаль орчныг хамгаалах шилдэг 500” цол олгосон байна. Жүнвэйчүүдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр 100 мянган га элсэн цөл ногоон ой болжээ. Хамгийн чухал нь Тэнгэр цөл 25 км-ээр ухарсан байна. Энэ нутаг дахь байгалийн ургамлын тоо 25-45 төрөлд хүрч нэмэгдсэн зэрэг олон сайхан эерэг өөрчлөлтүүд гарчээ. Жаран жилийн тэртээ элсэн далайд живэхдээ тулж байсан Жүнвэй хот өнөөдөр хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна. “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүсийг зорих жуулчдын тоо жилд 15 саяд хүрчээ. Эндээс 10 тэрбум юанийн орлого олдог гэсэн. Тэр хэрээр цөл рүү шилжин суурьших урсгал ч нэмэгдэх болсон байна.

Сониноос энэ нутгийн элсэн манхан дундах “Цөлийн од” зочид буудал нь жуулчдын хөлд битүү дарагддаг аж. Нэг өрөө нь хоногийн монгол мөнгөөр 1.5 сая орчим төгрөг. Захиалгын дараалал нь ч дийлдэхгүй. Хэдэн сараар урт дараалал үүссэн байдаг гэсэн. Элсэн цөлийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж болдгийг утгаар нь харуулсан бүтээн байгуулалт аж.

Жүнвэйчүүд ийнхүү цөлийн эрхшээлээс ангижрахын төлөө уйгагүй зүтгэсний үр дүнд элсэн далайн баянбүрд болон хөгжиж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг танайд-өнжье туслах-ангилал

“Хонхны дуу”-нд хөглөгдөж өссөн М.Тулгатынд өнжив DNN.mn

“Урьд шөнө хар дарж зүүдэллээ

Урт гар намайг зовооно

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг халхална

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ

Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ

Хонхны дуу биднийг сэрээ…” хэмээх дуу тэртээ 34 жилийн өмнө Монголын ардчиллыг тамгалсан яах аргагүй тод бүтээл билээ. Жавар тачигнасан жиндүү өвлийн хүйтэнд эрх чөлөөнийхөө төлөө жагссан ард түмний зүрх сэтгэл дэх хүсэл тэмүүлэл, итгэлийн галыг “Хонхны дуу” бадрааж, урам зориг нэмж байв. Шинэ, нээлттэй нийгэм байгуулагдах үйл явц өрнөхтэй зэрэгцэн хүн бүхэнд хүлээлт үүсч байлаа. Тэр үед эх орныхоо ирээдүйг мөрөөдөлдөө зурж, алс холын Америк, Итали, Европын орнуудын хөгжилд хүрэх үүд хаалга нээгдлээ гэж догдолж байсан жаал хүү өнөөдөр өрх гэрийн тэргүүн, гурван хүүхдийн аав болсон байна.

Түүнийг Майнбаярын Тулгат гэдэг. Ардчилсан намынх гэхээр монголчууд бүр ч сайн танина. Багаасаа аав, ах нарынхаа дэргэд ардчиллын үнэт зүйл, үзэл санаагаар хүмүүмжсэн тэрбээр өөрийн гэсэн характертай улстөрч. Харин хувь хүн талаасаа нийгэмд тийм ч нээлттэй биш. Энэ удаа бид М.Тулгатынд өнжихөөр гэрт нь зорьж очлоо. Эднийх 13 дугаар хороололд гурван өрөө орон сууцанд даруухан амьдардаг юм билээ. Ерөнхийдөө минимал хэв маягийг эрхэмлэдэг гэмээр цомхон, бас эмх цэгцтэй. Төгөлдөр хуурын дэргэд хоёр ч хийл хөгжим зэрэгцүүлжээ. Харин хоймортоо гран-при, цом, өргөмжлөл зэргийг эгнүүлэн өрсөн нь нүдэнд туслаа. Бас номын сан нь сонирхол татав. Үүдний өрөөний нэг ханаа тэр чигт нь номын сан болгожээ. Энд англи, монгол, япон хэл дээр бичигдсэн маш олон ном өрөөстэй байв. Хамгийн дээд талын тавиур дээр монгол хэлний тайлбар толь хэд хэд харагдлаа. Доод хэсгүүдэд нь хүүхдэд зориулсан япон номууд зонхилжээ.

М.Тулгат эцэг, эхээсээ хоёулаа. Ганц эгчтэй гэсэн. Одоо ЖАЙКА-д ажилладаг. Түүний аав С.Майнбаяр физикийн багш мэргэжилтэй. Гэвч Ардчилсан хувьсгалаас хойш багшаараа огт ажиллаагүй юм билээ.  Яагаад гэвэл төр эргүүлэх ардчиллын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр халагдаж байж. С.Майнбаяр гуай бол партизан. Тэрбээр “Хонхны дуу”-ны автор, талийгаач С.Цогтсайханы төрсөн ах. Тэд Монгол оронд ардчиллын салхийг эргүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүс. Тэгвэл М.Тулгатын ээж Б.Оюун-Эрдэнэ гуай улсдаа урдаа барьдаг цөөхөн эмч нарын нэг. Хүний эх эмч мэргэжлээр сургуулиа төгсөөд эмгэг судлалын салбарт насаараа ажиллажээ. Аливаа өвчний түүх, оношийг давхар хянаж, нарийн судалж, тогтоодог онцлогтой салбартаа мэргэшсэн чадварлаг эмч. Анагаахын салбарынхан нь “Эмч нарын эмч” гэж хэлдэг.Тэд Булган аймгийн угшилтай хүмүүс. Аавынх нь тал Тэшиг, ээж нь Гурванбулагийнх. С.Майнбаяр гуайн аав Л.Сосорбарам бол тухайн үедээ тун хариуцлагатай ажил хийж байсан хүн. Тэрбээр монгол хэл уран зохиолын багш, сургуулийн захирал, “Пеонерийн үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэгвэл М.Тулгатын ээжийнх нь аавыг Улсын хэвлэх үйлдвэрийн орлогч дарга байсан Ц.Бат-Очир гуай гэхээр хуучны улс андахгүй.

М.Тулгатын хүүхэд насны дурсамж “Чингис” зочид буудлын зүүн талд байрлах Сансрын туннелийн хороололтой холбогддог ажээ. Тухайн үед эдний байранд дандаа нам, төрийн удирдах албаны хүмүүс, жүжигчин, зураач гээд олны танил эрхмүүд амьдардаг байж. Тэрбээр энэ тухай ярихдаа “Хотын дарга Л.Лантуу, улс төрийн товчооны Шарав, Ардын зураач Д.Чойдог, эрдэмтэн Ц.Арвий, хөгжмийн зохиолч С.Мааяа гуай, Ардын жүжигчин Н.Сувдаа гуайнх гээд дандаа элит хүмүүс манай орцонд хөршилдөг байсан сан” гэв. Ардчилсан хувьсгал эхэлж байх үед мань эр дөрөвдүгээр ангийн сурагч байж. Гэрт нь Ардчилсан хувьсгалын партизанууд, аавынх нь найз нөхөд ирж ардчилал эрх чөлөөний талаар сонирхолтой яриа өрнүүлдэг байсан нь одоо ч санаанд нь тод үлджээ. Тэр цагийнх нь дурсамжийг уудлахад “Надад тэдний яриа маш сонирхолтой санагддаг байж билээ. Аавын минь хамгийн хайртай дүү С.Цогтсайхан ах байнга манайд ирж тэдэнтэй бас хуучилдаг байв. Би үе, үе 220 мянгат руу өвөөгийндөө очиж хонохоор Цогоо ах байнга л ном уншиж бас бичээд сууж байдаг. Шөнө дунд юм уу үүрээр гэнэт босч ирээд үзэг, цаасаа шүүрч аваад суухад их л гайхдаг байлаа. Одоо бодох нь ээ, гэнэт юм бичих онгод нь орж, тэрийгээ бушуухан цаасан дээр буулгадаг байсан байх. Манай гэрт ардчиллын яриа өрнөдөггүй өдөр гэж бараг байгаагүй. Би дөрөвдүгээр ангийн хүүхэд гэхэд улс төрийн сүрхий идэвхтэй болчихсон байсан. Тухайн үед уйгаржин бичиг, Чингис хаан гээд үндэсний үнэт зүйлүүд сэргэн түрж гарч ирж байв. “Улаан-Од” сонинд нийтлэгдсэн Монголын нууц товчооны цуврал 21 хөрөг, Баабар гуайн “Бүү март, Мартвал сөнө” ном зэргийг шимтэн уншдаг байлаа. Ямар сайндаа конкурсийнхээ гадаад хэл, математикийн шалгалтыг онц өгчихөөд нийгмийн ухааны шалгалтад бүдэрчихэв дээ. Арга ч үгүй биз, ардчиллаар “өвчилсөн” байсан хүүхэд Марксизм, Ленинзмийн асуултууд ороод ирэнгүүт үсрэхгүй хаачих вэ” гээд инээв. Тэрбээр математик, физик, мэдээлэл зүйн улс, хотын олимпиадуудад оролцож байжээ. Мэдээлэл зүйн улсын олимпиадаас хүрэл медаль авч МУИС-ийн программ хангамжийн ангид урилгаар элсэн орж байв. Гэвч түүний туйлын зорилго өндөр хөгжилтэй орон руу тэр дундаа арлын Японд очиж сурах байжээ. Ингээд төд удалгүй англи хэлийг өөд уруугүй цээжилж Японы Засгийн газрын тэтгэлэг авч чадсан байна. Хоёрдугаар курстээ орох жил Япон явж, тэндээ эдийн засгаар бакалавр, магистраа дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд Японд мэдээлэл харилцааны технологийн томоохон компанид ажиллаж байгаад 2010 онд Монголдоо ирсэн байна. Биднийг ийн ярилцан суух зуурт гэрийн эзэгтэй гарын бялуугаараа дайлав. Өнгө өнгийн амтат бялуу, кексийг ширээнд өрсний дараа хүүхдүүдээ урилаа. Гэрийн эзэгтэйн нэрийг Кида Эми гэдэг бөгөөд япон бүсгүй аж. Одоо Японы Элчин сайдын яамны Өвсний үндэс хөтөлбөрийн гэрээт ажилтан юм байна. Тэд оюутан байхдаа танилцаад гэр бүл болжээ. Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү Т.Хант одоо 10 дугаар ангид сурдаг. Дунд охин Т.Есүй наймдугаар анги. Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангийн сурагч. Бага хүү Т.Амар хоёрдугаар анги. Том болон бага хөвгүүд гэрийнхээ хажуу талын улсын сургуульд сурдаг юм билээ. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар соробан сампин, Хүүхдийн ордны төгөлдөр хуурын дамжаа, балетын дугуйланд явдаг аж. Аав улс төрийн ажилтай болохоор тэр бүр хүүхдүүдээ зөөж, авч чаддаггүй гээд үнэнээ хэлнэ лээ. Харин гэрийн эзэгтэй энэ бүх ажлыг амжуулдаг байна. Бас өдөр бүр оройн хоолны дараа хүүхдийнхээ хөгжмийг нь давтуулдаг гэнэ. “Манай хүн нэг өдөр ч алгасч үзээгүй” гээд гэрийн эзнийг хэлэхэд эхнэр нь “Ер нь хичээл зүтгэл юу юунаас чухал. Хэчнээн дугуйланд сурдаг байлаа гээд өөрөө маш сайн давтаж хичээхгүй бол үр дүнгүй. Тэгэхээр хүүхэд гэртээ хэр их давтахаас шалтгаалж амжилт нь тодорхойлогдоно” гээд инээмсэглэв. К.Эми монголоор их сайн ярихаас гадна энгийн хөгжилтэй маягийн бүсгүй байлаа. Ийн биднийг ярилцаж байх зуурт хажуу өрөөнд төгөлдөр хуур, хийл хөгжим хосолсон сайхан аялгуу эгшиглэв. “Хүүхдүүд маань ирсэн зочдоо хүндэтгэж хөгжим тоглох гэж байна” гээд биднийг нөгөө өрөө рүү урилаа. Т.Хант, Т.Есүй хоёр Чайковскийн аялгууг өргөн барив. Үнэхээр эвлэгхэн тоглодог сүрхий авьяастай хүүхдүүд юм. Тэд өөрсдийнхөө насны ангилалд Монголдоо шилдэг болохыг авсан шагнал, цомууд нь аргагүй батлах аж. Т.Есүй охин жирийн сургуульд сурдаг байхдаа Чех улсад болдог олон улсын өсвөрийн хийлчдийн уралдаанд II байр эзэлж байсан гэнэ. Тухайн үед мэргэжлийн сургуулийн хүүхдүүдээс өндөр амжилт үзүүлсэн гээд гэр бүлийнхэн нь охиноор бахархан ярив. Мөн балетчин Д.Алтанхуягийн найруулдаг “Цөмөөхэй”-гийн гол дүр болох Кларад сонгогдож тоглосон байна. Т.Хант бас Монголын хүүхдийн ордны хийл хөгжмийн уралдаанд гран при авсан байна. К.Эми гурван хүүхдийнхээ хичээл сурлага, урлаг соёлд үзүүлсэн амжилтуудыг тус бүрд нь зузаан гэгч нь хавтсанд нямбай хадгалжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Монголд аягүй их өргөмжлөл өгдөг. Японд тийм биш болохоор би тоохгүй хаячихдаг байсан. Тэгээд байнга өгдөг гэдгийг ойлгоод хадгалахаар шийдсэн” гээд инээв. К.Эми цаг руу харснаа “Уучлаарай. Охиныг балетын дугуйланд нь хүргэх цаг боллоо. Бид явчихаад ирье. Түр хүлээж байгаарай” гээд хувцаслав. Энэ үед аав нь “Манай охин надаас илүү завгүй. Хичээл сургууль, дугуйлан гээд манай гэрийн хамгийн завгүй хүн” гээд охиндоо амжилт хүсэв. М.Тулгатын гэр бүл нэг нэгэндээ үнэхээр хүндэтгэлтэй эелдэг харилцаатай улс юм. Ээж, аав хоёр бол хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлсэн нь тэдний биеэ авч яваа байдал, төлөвшлөөс илэрхий харагдана. “Уучлаарай”, “Баярлалаа” гэдэг үгийг бие биедээ харамгүй хэлэх нь үнэхээр сайхан.

Ээж, охин хоёр түгжрэлийн цаг эхлэхээс өмнө бушуухан хөдөлье гээд яаравчлав. Бидний яриа ч хотын түгжрэл рүү чиглэлээ. Нийслэлийн ИТХ-д хоёр, гурван удаа сонгогдсон М.Тулгатын хувьд ямар шийдэл олж хардаг талаар сонирхтол том хүү Т.Хант зөөлөн алхаж ирээд аав руугаа дөхөж суув. “Томоохон хотуудын түгжрэлийг шийдэх энгийн арга бол массаар нь тээвэрлэх байдаг. Дэлхийн эхний 100 хот таваас дээш сая хүн амтай. Манайх шиг 1.6 сая хүнтэй хотод нийтийн тээврээ хөгжүүлчихвэл түгжрэлийг тав дахин бууруулах боломжтой. Хэт төвлөрөл, даац хэтрэлт гээд байгаа. Энэ ерөөсөө биш. Токио гэхэд 37 сая, Дели 32 сая, Шанхай 30 сая хүн амтай. Даац хэтрүүлээд явдаг бол жинхэнэ гамшиг болно шүү дээ. Ер нь 1-2 сая хүн амтай хот менежмент хийхэд тохиромжтой гэж үздэг. Хотыг гоё аваад явахад амархан. Манайх ямар ч асуудалгүй хөгжих боломжтой. Харамсалтай нь хөдөөнөөс шилжин ирэгсдээ хөөгөөд л их дээд сургуулиудаа хотоос гаргана гэхчлэн дандаа буруу концепци яваад байгаа. Хотын оршин суугчдын өдөр тутмын зорчих хөдөлгөөнд нийтийн тээвэр хэрэглэх ёстой. Гэтэл жилээс жилд хүн ам өсч байхад нийтийн тээврийн хэрэглэгчид буурч байгаа. Өнөөдөр нийтийн тээвэр дампуу байгаагаас болж хүмүүс хувийн унаа руугаа хошуурч байна. Метрог дунд, урт хугацаандаа төлөвлөөд явах нь зөв. Газар доорх дулаан хотыг бий болгоно. Өнөөдөр түгжрэлийг нийтийн тээврээр шийдэхийн тулд маршрутын зохион байгуулалтыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Төв шугамтайгаа богино эргэлтээр холбогддог болох ёстой. Офицероос Таваншар хүртэлх 22 км-т автобус хоёр минут тутамд зогсолтгүй ирэх зохион байгуулалтыг бий болговол шийдэгдчихнэ. Одоо зам хаах, төлбөр тогтоох, торгох, тоо хэмжээ заах байдлаар шийдэл эрэлхийлж болохгүй. Зах зээлийн хөгжлийн жам ёсны асуудлаар шийдэгдэх ёстой. Өнөөдөр социалист арга барилаар хотыг удирдах гээд байгаагаас бүх буруу эхэлнэ” гэлээ. Энэ үед аавынхаа яриаг сонсож суусан Т.Хант “Сургууль дээр “Танай аав юу хийдэг вэ” гэж хүүхдүүд асуухаар нь “Улстөрч” гэж хариулдаг. “Танай аав эрх мэдэлтэй болохоороо юу хийх вэ” гэхэд нь “Хотын хэрэггүй хашааг байхгүй болгоно. Түгжрэлийг бас арилгана” гэж хэлдэг. “Яаж түгжрэлийг байхгүй болгох юм бэ. Улаанбаатараас түгжрэл хэзээ ч арилахгүй” гээд хүүхдүүд инээгээд байдаг. Харин би яаж түгжрэл байхгүй болохыг нь хэлж мэдэхгүй болохоор хариулж чаддаггүй байсан. Сая аавыг ярихад маш сайн ойлголоо” гээд аав руу хараад инээмсэглэв.

Хажууд М.Тулгатын бага хүү Т.Амар дөрөв болон таван талт шоог тасралтгүй эвлүүлэн сууна. Гар хурууны хөдөлгөөн нь хурдан шаламгай гэж жигтэйхэн. Гурван оронтой тоог тооны машин шиг л хурдан үржүүлээд хариуг нь хэлж орхив. Хүү бас хийл хөгжим хөөрхөн тоглочихдог авьяастай юм билээ. Удалгүй хаалга дуугарч гэрийн эзэгтэй орж ирэв. К.Эми айлын ганц охин юм байна. Аав, ээж нь өвөөгийнх нь цахилгааны барааны дэлгүүрийн санхүү, борлуулалт хариуцан ажилладаг байжээ. Аав нь сүүлд өөрийнхөө сонирхлоор удон гоймонгийн газар ажиллуулдаг болсон гэнэ. Энэ газар нь Францын “Mi­chelin Guide” рестораны зэрэглэл тогтоодог алдартай хөтөч номд орсон гэхээр нэлээд хөдөлмөрч хүмүүс аж. К.Эми хадмуудынхаа талаар ярихдаа “Манай хүн Японд сурдаг байхдаа аав, ээж рүүгээ захидал бичдэг байв. Тэр үед интернэт хөгжөөгүй ч байж. Хариу нь тээ хойно, хэдэн сарын дараа ирнэ. Хадмууд маань надад үнэхээр сайн. Төрсөн охин шигээ хандаж, хайрладагт үнэхээр баярладаг. Одоо сошиал хөгжчихсөн болохоор бид Япон руу байнга л аав, ээжтэйгээ царайгаа хараад ярьдаг” гэв. Түүнээс нөхрийнхөө улс төрийнх нь замналын талаар ямар бодолтой байдгийг сонирхоход “Манай хүн Японд оюутан байхын нийгмийн идэвхтэй бас өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодол, хүсэл зорилготой байсан. Одоо ч тэр байр суурь нь хэвээрээ байгаа. Монгол орноо жаахан ч гэсэн сайн, сайхан болгочихвол миний хүүхдүүдийн ирээдүй юм даа гээд нөхрийгөө дэмждэг. Анх Тулгааг улс төрд ороход нь бид хоёр нэг л зарчим баримтална гээд ярилцаж байсан. Цэвэр идеальны улстөрч байх ёстой гэж. Би нөхрийгөө ёс зүйтэй, үзэл бодолдоо тууштай, зөв улстөрч гэдгээр нь үнэхээр бахархдаг” гэв.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Т.Ням-Очир: Японы Тоёота дэлхийг байлдан дагуулсныг Чингис хааны маркетинг ашигласан гэж ярьдаг DNN.mn

Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Японы монголч эрдэмтэн Кобаяши Такаширогийн бичсэн “Чингис хаан” ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Номын редактор, Төвөд судлаач Т.НямОчиртой япон эрдэмтэн Чингис хааныг хэрхэн харж “нээсэн” талаар ярилцлаа.

-Чингис хааны талаарх ном бүтээл дотоодод болон олон улсад олон бий. Тэр дундаа Кобаяши Такаширогийн энэ бүтээл ямар онцлогтой юм бэ?

-Кобаяши Такаширо 1940 онд Монголын нууц товчоог япон хэлээр орчуулсан хүн. Тэрбээр 1960 онд япон хүний нүдээр Чингис хааны тухай ном гаргасан. Чингис хаан ном тухайн үедээ их алдаршсан. Кобаяши Такаширо Дэлхийн II дайн дараа Ойрхи Дорнодод дипломатаар ажиллаж байх үедээ перс, араб хэл сураад тэдгээр хэл дээрх Чингис хааны тухай сурвалжуудыг судалсан байгаа юм. Ингээд Чингис хаан номыг бичсэн. Тус үтээлдээ Чингис хаан гэдэг хувь хүнийхээ талаас ямар сонирхолтой хүн байсан юм бэ гэдгийг гаргасан. Өнөөдөр энэ ном бичсэн цагаас хойш 63 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж олон зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ сонирхолтой зүйлийг бидэнд үлдээсэн. Жишээ нь, Тэмүүжин гэдэг үг бол төмөрчин, төмрийн дархан гэсэн утгатай үг юм байна гэж Кобаяши Такаширо анх санал дэвшүүлж гаргаж байсан тавьдаг.

Бид Монголын нууц товчоо гээд том байлдан дагуулалт, олон үйл явдлыг хамаарсан судалгаа хийдэг байхад энэ хүн зөвхөн Чингис хаан гэдэг хувь хүнийг төрснөөс нь авахуулаад нас барах хүртэл бүх амьдралыг задлан шинжилсэн. Ингэхдээ хятад, орос, араб, перс, монгол хэл дээрх сурвалжуудыг ашигласан нь маш өргөн цар хүрээтэй бүтээл болж чадсан байдаг. Харин манайд сүүлийн 33 жил зөвхөн Монголын нууц товчоог судлаад Чингис хаан хувь хүнийхээ хувьд хэн байсныг шинжлэх ухааны хялбарчилсан загвараар бичиж үзээгүй юм билээ.

-Энэ бүтээлийг эхлээд монгол бичгээр хөрвүүлсэн гэв үү?

-Өмнөдмонголын эрдэмтэн Даланбаяр анх монгол хэл рүү хөрвүүлж, надад Монголд монгол бичгээр хэвлүүлэх хүсэлт тавьсан юм. Түүнийг нь ёсоор болгосон. Гэхдээ энэ бүтээлийг ингээд орхих ёсгүй, кириллээр монголчуудад дэлгэрүүлье гэж бодсон.

Миний мэргэжил бол монгол хэл, уран зохиолын багш. 2008-2023 он хүртэл 15 жилийн хугацаанд Монгол болон Өмнөдмонголд Чингис хаан тахилга байдаг газарт судалгаа хийсэн хүн. Монгол бахархлын өдрийг нийтээрээ тэмдэглэж эхэлснээс хойш жил бүр энэ өдрийг угтаж Чингис хааны талаарх бүтээл түмэнд хүргэхийг хүсдэг. Анх “Чингис хааны шүтээн хөрөг” ном, Чингис хааны Эзэн сангийн тайлбар, “Чингис хааны тайлга тахилгын соёлын чадавх” зэрэг ном гаргасан. Түүнээс гадна би сүүлийн гурван жил Хэнтий аймгийн Батноров сумын Тэнгэрийн андгай цогцолбор дээр эвент мастер бэлдсэн. Ингээд харахад бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Чингис хааны талаарх уншчих шинжлэх ухааны хялбаршуулсан ном бичдэггүй юм байна. Эсвэл сургуулийн өмнөх насныханд зориулсан комикс, эсвэл шууд Монголын нууц товчоо уншуулдаг. Энэ дунд 3-9 дүгээр ангийнхан гэсэн хоосон оройн зай үлддэг. Энэ орон зайг нөхөхөд Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном тохирно гэж харж байгаа. Энэ бүтээлээ цөөхөн хувиар хэвлэж, Гандантэгчэнлин хийдийн ойролцоох номын дэлгүүрүүдэд худалдаалана.

-Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном Японы бизнес эрхлэгч, маркетингийнханд бизнесийн гарын авлага болсон гэдэг. Үүнийг тодруулж ярьж өгөхгүй юу?

-Япон хүн гэж хэн билээ. Ямар нарийн нягт нямбай хүмүүс билээ. Энэ хүмүүс 1960 онд дэлхийн тэргүүлэгч гүрэн болохоор ид ажиллаж, бүтээж байх үед Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном тэр үеийн маркетер буюу маркетингийн менежрүүдийн гарын авлага болсон байдаг. Японы бизнесменүүд хоорондоо ярьдаг байж. “Чингис хааны маркетинг гэж ном байна. Жишээ нь, Японы “Тоёота” дэлхийн бүх улсад яг Чингис хаантай адилхан байлдан дагуулсан маркетинг” гэж үздэг. Тоёота үйлдвэрлэл дэлхийн хэрэглээ болж чадсаныг өөр хоорондоо “Чингис хааны маркетинг” гэж хэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, 1960-аад онд Японд бизнес хийж эхэлсэн хүмүүсийн хамгийн их унших дуртай ном нь энэ бүтээл байсан байна. Мэдээж цагийн эрхээр өнөөдөр мартагдсан. Гэхдээ Японы 80-аас дээш насны бизнесменүүдэд энэ ном бол дэлхийг эзэлсэн бизнес босгож гаргахад сэтгэлийн урам зориг өгсөн гэж хэлдэг юм байна.

Чухам ямар үйл явдал, Чингис хааны ямар зан, үйлдлийг япончууд онцолсон байдаг юм бэ?

-Чингис хааны амьдралын түүх бол маш олон хот улсыг дайлаар мордож, эзэлсэн, маш олон хүнийг хөнөөсөн. Их хатуу түүх. Чингис хаан усыг хамгаална. Газар тариалан эрхэлж байгаа бүх газрыг адууны бэлчээр болгоно гэсэн зорилго тавьсан байдаг. Япончууд бид ямар ч газарт сонгодог технологи зарж, ямар ч шашинтай ямар ч улс төртэй улс байлаа гэсэн хүний хэрэгцээг хангаж чадна гэдэг туйлын зорилго тавьсан. Тэр туйлын зорилгын эрч хүчийг Чингис хааны намтар буюу Кобаяши Такаширогийн “Чингис хаан” номоос авсан гэж үздэг.

Чингис хааны эрхшээлд бүх шашны төлөөлөл, улс үндэстэн орсон. Тэр ганцхан зорилго тавьсан нь энэ бүх үндэстэнд таалагддаг байх ёстой агуулга. Түүнтэй адил Японы компаниуд яг л ийм маркетинг барьдаг байсан. Түүгээрээ “Чингис хаан” номыг бизнесийн цагаан толгой гэж хэлдэг.

-Кобаяши Такаширо олон хэл дээрээс сурвалжаа авсан гэлээ. Магадгүй бидний мэдэхгүй түүх энэ номд дурдагддаг уу?

-Байлгүй яах вэ. Чингис хаан хятад хүнийг хүндэлдэг байсан. “Би хятад хүнийг маш их хүндэлж байна. Ямар ч хувийн өш хонзон байхгүй” гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр Чингис хаан зарлигаар үлдээчихсэн юм биш бид нийтээрээ хятадуудыг үзэн яддаг үзэл байна. Ер нь бид Чингис хааны тухай, юу гэж хэлсэн ямар байр суурьтай байсныг олон хэлний сурвалжаар судалж амжаагүй. Харин перс, турк, араб хэлтэй түүхчид бий болж эхэлж байна. Чингис хаан нөхөрлөл гэдэг зүйлийн үнэ цэнийг байнга төлсөн шүү гэдгийг энэ ном дээр сайн гаргасан. Тиймдээ ч Японы компаниудад байдаг, нэг компанидаа үнэнч байх, насан туршдаа ажилладаг зарчим сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд л бий болсон соёл. Энэ соёлыг бий болгоход Кобаяши Такаширогийн “Чингис хаан” бүтээл их нөлөө үзүүлсэн гэж яригддаг.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Сан үүсгэхэд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхийг И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаранд үүрэг болголоо.
Үндэсний статистикийн хороо нь улсын хэмжээний дата мэдээллээс статистик мэдээлэл боловсруулдаг. Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болдог.
Харин манай улсын хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “…хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх…” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад бүрдүүлж буй төрөлжсөн бүртгэлийн 152 төрлийн мэдээллийн сангаас биг дата үүсгэж төрөөс гаргаж буй шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох боломж бүрдүүлнэ” гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Товч мэдээ
·      Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
·      Төрийн үйлчилгээний төлбөр тооцооны нэгдсэн систем хөгжүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд даалгалаа. Мөн Монголбанкны TSP (Token service provider) системд холбогдох, төрийн үйлчилгээний төлбөр тооцоонд DEBITгүйлгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр тулгалт, төлбөрийн буцаалтыг цахимаар хийх, банкны карт уншигч төхөөрөмжөөр төрийн үйлчилгээний төлбөрийг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэхийг Сангийн яаманд даалгалаа.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сарны насыг тогтоожээ DNN.mn

“Аполлон- 17” хөлгөөр дэлхийд авчирсан Сарны тоосонцрын дээжийг шинжилснээр манай гаргийн дагуул нь өмнө тооцоолж байснаас 40 сая жилийн өмнө буюу дор хаяж 4.46 тэрбум жилийн өмнө үүссэн болохыг тогтоосон тухай  судалгааны өгүүлэл “Geochemical Perspectives Letters” сэтгүүлд нийтлэгджээ.  “Эдгээр нь аварга том биет дэлхийтэй мөргөлдсөний дараахан үүссэн хатуу бодисын хамгийн эртний дээжүүдийн нэг юм. Одоо бид эдгээр дээжийн насыг мэдэж байгаа тул Сарны насыг тогтоох лавлагаа болгон ашигласан” гэж Чикагогийн их сургуулийн профессор Филипп Хек ярьжээ.  Хек болон түүний багийнхан 1972 онд авчирсан уг дээжийг судлах явцдаа цирконы талстуудыг илрүүлсэн аж. Энэ нь халуун хайлмагаас /лаав/ илэрдэг эрдэс бодис бөгөөд дотор нь байгаа уран, торигийн атомынх нь агууламжаар, мөн задралд орж буй бусад бодисуудаар чулуулгийн насыг тодорхойлдог юм байна.  Судалгааны явцад Сарны зарим дээж 4.46 тэрбум жилийн настай болохыг тодорхойлжээ. Энэ нь манай гаргийн дагуул гараг судлаачдийн тооцоолж  байснаас дор хаяж 40 сая жилийн өмнө үүссэн гэсэн үг юм. Түүнчлэн Нарны аймаг үүссэний дараа Дэлхий ба Сар хэрхэн үүссэн талаарх ойлголтыг шинэ өнцгөөс харах боломжийг олгож байна гэж уг судалгааны өгүүлэлд дурджээ.  Учир нь манай дэлхий Ангараг гаргаас томгүй Тейа гэдэг гарагтай мөргөлдсөний улмаас сар үүссэн гэсэн эрдэмтдийн гаргасан онол байдаг юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
арын-нүүр мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дадал DNN.mn

Тамирчид нэг дасгал хөдөлгөөнөө өдөр бүр, тогтмол хийдэг нь дадал болгох зорилготой юм. Үндэсний бөх, чөлөөт бөх, жүдогийнхон хэдхэн мэхээ өдөр болгон давтдаг. Нэг мэхийг 10-12 мянган удаа давтаж байж дархан мэх болдог гэж ярихыг бөхчүүдийн амнаас олонтаа сонссон. Ганцхан мэхийг 12 мянган удаа давтана гэхээр ямар их хүч чадал, цаг хугацаа, хөдөлмөр шаардах бол. Дархан мэхтэй бөхчүүд тэр мэхээ өөрийн болгохын тулд хичнээн хөдөлмөрлөж вэ гэдэг нь ч харагдаж байна.

Хүн муу зуршлаасаа салъя гээд ганц хоёр өдөр зүтгээд хийчихдэг юм биш. Олон сарын турш, уйгагүй дадуулсны үр дүнд л муу зуршлаасаа бага багаар салдаг. Монголчууд буруу хооллолттой, амьдралын хэв маяг нь эрүүл биш. Ус шингэн зүйл уудаггүй, өлсөж гүйж гүйж байгаад гэнэт их хоол иддэг, унтахын өмнө махан хоол иддэг, огт алхдаггүй, тамхи татдаг, гар утсанд донтсон гээд муугийн жишээ олон. Жишээ нь, ус ууж чаддаггүй хүн бий. Эхний хэдэн өдөр ус уухад хэцүү. Саванд ус хийж хажуудаа тавиад, хаа ч явсан биеэсээ, цүнхнээсээ салгахгүй байх. Гол нь гэнэт ихээр биш, ойр ойрхон шимж бага багаар уух. Ингэж зөв зохистой орсон ус бодисын солилцоог дэмжиж, булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Хүний биеийн 70 хувь нь ус. Усыг биедээ зөв оруулсан тохиолдолд түүний хийх эерэг нөлөөг энд тоочоод дуусахгүй. Эхний 2-3 хоногт усыг ийн ойр ойрхон шимээд ууж сурвал дараа дараачийн өдрөөс таны бие ус нэхэж, өөрийн мэдэлгүй ус руу гар, хөл тань явна. 14 хоног ус уугаад сурчихвал түүнээс цааш хэн ч танд сануулаагүй байхад та өдөрт хоёр литр ус уучихсан байх болно. Дадал ингэж л суудаг. Эрүүл амьдралын хэмнэлтэй хүмүүс зөв дадлыг амьдралдаа суулгаж чадсан байдаг.

Биеэ юунд дадуулах вэ гэдэг нь эзэн танаас л хамаарна. Харин нэгэнт дадсан зан үйлийг барагтай бол болиулж чадахгүй.

Ингэхээр танд бие, сэтгэлээ буруу хэв маягт сургах уу, эрүүл зөв хэв маягт дадуулах уу гэсэн хоёр сонголт байгаа юм.

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гэрээ үүрсэн эмгэн хумс DNN.mn

“Эмэгтэй хүн өөрийн гэсэн гэртэй болохыг гэрлэлт гэнэ” хэмээн энэхүү номын арын хуудсанд бичжээ. Эмэгтэй гэхээрээ заавал аав ээжээсээ эсвэл эр нөхрөөрөө бүх зүйлийг бүтээлгэх, бусдын тусламжийг авах шаардлагагүй. Ер нь танил тал гэхээс илүү өөрийнхөө чадварт найдах хэрэгтэй.

Хүн өөрөө чадвартай байхад бусад нь аяндаа болно. Харин бусдад найдах нь тийм ч сайн биш гэдэг санааг илэрхийлэх “Гэрээ үүрсэн эмгэн хумс” гэх номын тухай өгүүлье. Тус номыг 2021 онд Б.Солонго, Т.Билгүүн нар хятад хэлнээс орчуулан хүргэжээ. Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Лю Люгийн зохиол. Уг номд 2005 оны Шанхайн амьдрал дүрслэгддэг ч номын үйл явдал, утга санаа өнөөгийн монголчуудын талаар өгүүлэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Номын эхний хуудсыг сөхөхөд “Мөнгө хадгалах хурд үнийн өсөлтийн хурдыг яагаад ч гүйцэхгүй” гэж эхэлнэ. Тус номын гол үйл явдлыг дурдвал эгэл жирийн тосгоноос их хотын амьдралд хөл нийлүүлэн яваа Хайпин, Хайзао гэх эгч дүү хоёр 10мкв жижиг өрөө түрээслэн аж төрнө.

Ер нь өмнө нь ч одоо ч хүмүүс байр авахаас түрээслэх нь элбэг. Тэр нь мэдээж хэрэг өөрийн гэр боловч түрээс төлөх нь бусдад байр авч өгч байгаатай адил учраас сэтгэлд тухгүй мэдрэмж төрдөг. Энэ тухай ч өгүүлсэн байдаг.

Хүний амьдрал, гэрлэлтийн утга учир, алдаа оноо гээд гагцхүү Хайпин, Хайзао нарын амьдралаар бидний өнөөгийн бодит байдлыг харуулна.

Түр зуур амьдрахаар түрээсэлсэн нийтийн байрандаа тэд аль хэдийнэ нь таван жил болжээ. Энэ хугацаанд эгч нь нөхөр, хүүхэдтэй болно. Ажил хийн мөнгөө цуглуулж өөрийн гэсэн байртай болохыг зорьсон ч хуримтлуулсан мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Тухайн үед хуучны байрыг 20 жил болоод л акталдаг байж. Тэгээд дүү Хайзао нь ажлаасаа халагдсан эгчдээ болон өөрийнхөө энэ амьдралд дэм болж, хэдэн төгрөг олохын тулд хичээж ажиллана. Эцэс нь эгч Хайпин гадаадын хэд хэдэн иргэнд хятад хэлийг өөрийн арга барилаар зааснаар хятад хэлний сургууль барихаар хэмжээний мундаг болж тэд сайхан амьдралыг бий болгож чаддаг.

“Нэг юань нүдэнд тусахаар их биш ч амьдрал гэдэг маш олон нэг юанийн нийлбэрээс бүтдэг. Нэг юань чамд баяр хөөр авчирч болно, бас гуниг шаналал авчирч болно. Нэг юань маш өчүүхэн, гэхдээ нэг юань дотроо эрч хүч сэмээрхэн нууж байдаг. Өнөөдрийн нэг юань хойшдоо хэдэн юань болохыг мэдэхгүй юм” хэмээх хэсгээс хүн хэн байж болохыг илтгэнэ.

Тиймээс уг номд тэр хоёрын ээдрээт амьдрал, хүсэл мөрөөдөл, амьдралын төлөөх тэмцэл, алдаа оноогоор дүүрэн үйл явдал, одоогийн нийгмийн бодит байдлыг тусган харуулжээ.

…Чи мэдэх үү. Хүний нэг насны амьдрал бол дээшээ доошоо хэлбэлздэг муруй шугам. Заримдаа өндөрт, заримдаа нам доор. Доор байхдаа чи баярлах хэрэгтэй. Учир нь удалгүй дээшээ явна. Харин өндөрт байх маш аюултай, доошоо унах ёроолд хязгаар үгүй” хэмээн өгүүлнэ. Бид бүгд үнэндээ гэрээ үүрсэн эмгэн хумсны амьдралаар амьдардаг. Өдөр бүр хөдөлмөрлөж байр, машин, гар утасны лизингээ төлнө. Сайхан амьдралыг бий болгохын тулд шүү дээ. Зээлээс зээлийн хооронд амьдрах иргэд. Гэхдээ нийгэмд илүү ойр сонсогдох “зээл авахыг хүсвэл төлөх чадвартай байх хэрэгтэй” гэх эшлэл.

Энгийн боловч хэн нэгэнд урам өгөх хэд хэдэн үг гардаг. “Эхнэр гэдэг бол угаасаа чиний чихэн дээр насан туршдаа үглэх тэр л хүн, Ядуу тарчиг л байвал хэрүүлч авгайн хувь тавилангаас хэлтэрч чадахгүй, гунигтай төгсгөл, Хичээл зүтгэлээс гадна тархиа ажиллуулах хэрэгтэй байдаг юм. Хөрөнгөө ч бас эргэлтэд оруулах хэрэгтэй. Сурах нь хүний амьдралын нэг л жижиг хэсэг, амьдрал илүү олон гайхамшигт зүйлээр дүүрэн шүү дээ. Сайн сурах, дүн сайн байх нь биш, харин сурах зөв арга барилаа олох нь илүү чухал” зэрэг цөөн хэдэн эшлэл бий. Хүн бүр энэхүү номоос өөр өөр зүйлийг олж харах биз ээ.

 

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Саран дээр зам талбай байгуулах технологийг боловсруулжээ DNN.mn

Манай дэлхийн дагуул сар бол агааргүй, усгүй, температурын хэлбэлзэл нь 250 хэм хүрдэг амьдрахад таагүй ертөнц.

Гэхдээ хамгийн хэцүү асуудал нь нарийн тоос юм. Сарны гадаргыг бүрхсэн ийм сул тоос сансрын нисгэгчдийн өмсгөлийг элэгдэлд оруулж, машин техникийг гацааж, багаж хэрэгслийг эвддэг байна.

Саран дээр суурин байгуулах хүн төрөлхтний төлөвлөгөөнд хамгийн ноцтой саад бэрхшээл учруулагч нь энэ юм.

Тэгвэл хэсэг эрдэмтэд сарны тоосыг барилга байгууламжийн хатуу материал болгон хувиргах шийдлийг олсноо өчигдөр зарлажээ.

“Саран дээр гудамж талбай байгуулна гэхээр олон хүн гайхах байх. Гэхдээ энэ нь бүр эхнээсээ томоохон бэрхшээл байсаар ирсэн юм. Энэ бол маш сул хөнгөн материал бөгөөд агаар мандалгүй, таталцлын хүч сул орчинд хаа сайгүй тархдаг” гэж Берлин хот дахь Холбооны Материалын Судалгаа, Туршилтын Хүрээлэнгийн профессор Йенс Гюнстер ярьж байна.

Apollo 12 багийг газардах үед боссон сарны тоос Surveyor 3 сансрын хөлгийн ажиллагааг доголдуулж байсан гэдэг.

Тиймээс саран дээр байнгын сууринтай болох NASA-гийн төлөвлөгөөнд энэ нь том сорилт болж байгаа.

Барилгын материалыг сар руу тээвэрлэхэд хэтэрхий өндөр өртөгтэй.

Тиймээс саран дээрх бэлэн материалыг ашиглах шийдэл хэрэгтэй юм.

Профессор Гюнстерийн баг сарны тоосыг орлуулах зорилгоор Европын Сансрын Агентлагт бүтээсэн EAC-1A хэмээх нарийн ширхэгтэй материалыг туршилтдаа ашигласан байна.

Тэд 50 мм-ийн диаметртэй лазер гэрлийн туяагаар тоосыг 1,600 хэм хүртэл халааж, хайлуулжээ. Энэ хайлшаа хэвд оруулан царцаах замаар хоорондоо залгагддаг 25 см өргөнтэй гурвалжин хэлбэрийн хавтангуудыг гаргаж авсан байна.

Үүнийг залган угсрах замаар сарны гадарга дээр хатуу зам, талбай байгуулж болохоор болжээ.

Гэхдээ энэ нь тийм амар ажил биш юм байна. Хавтан нэг бүрийг бүтээхэд нэг цаг орчим хугацаа шаардагдах гэнэ. Өөрөөр хэлбэл 10:10 метрийн харьцаатай талбайг байгуулахад шаардлагатай хавтангуудыг үйлдвэрлэхэд 100 өдөр зарцуулахаар байна.

Гэхдээ 2.37 метр квадрат хэмжээтэй линзийг дэлхийгээс саранд хүргэвэл үйлдвэрлэлийг хурдасгах боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Үүгээр нарны гэрлийн тусгалыг нягтруулж, лазерын гэрлийн оронд ашиглах юм байна.

Ийм линзийг полимер материалаар бүтээх тул хуйлж, тээвэрлэхэд авсаархан байхаар тооцжээ.

Гэхдээ сарны тоос линзийн ажиллагааг ч тасалдуулах эрсдэлтэй гэж үзэж байна.

“Эрт орой хэзээ нэг цагт линзэн дээр хуримтлагдсан тоос ажиллагааг нь тасалдуулах байх” гэж хэлсэн Гюнстер линзийг сэгсэрч, тоосыг унагах механизмын талаар бодож байгаагаа ярьжээ.

Тэдний судалгааны тайлан “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Bennu” -гийн дээжний эхний үр дүн DNN.mn

Манай дэлхий бүрэлдэн бий болж байх үеийн буюу 4.5 тэрбум жилийн настай “Bennu” астероидоос авчирсан хөрсний дээжийг шинжилснээр “Эхний шинжилгээгээр чийгтэй шаварлаг эрдэс хэлбэрийн их хэмжээний ус байгааг илрүүллээ.

Энэ нь манай дэлхийд авчирсан бусад дээжүүдээс нүүрстөрөгчөөр хамгийн баялаг нь болж байна” гэж NASA-гийн захирал Билл Нэлсон мэдэгджээ. Манай гарагийн амьдралын үндэс суурь сансрын уудмаас гаралтай гэсэн онолыг энэ судалгаа улам бататгаж байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Дэлхийн сансрын 7 хоног-2023” арга хэмжээ эхэллээ DNN.mn

“Дэлхийн сансрын 7 хоног – 2023” өнөөдөр эхэлж байна.

“World Space Week” буюу дэлхийн сансрын долоо хоног нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Энэхүү долоо хоногтой холбогдуулан өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш Зайсан хилл цогцолборт болох аж.

Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах түүнд сонирхолтой болгох зорилготой.