Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн эрдэмтэн зохиолч Лувсандамбын Дашням 2222 онч мэргэн үг буюу өөрийнх нь тодорхойлж томьёолсноор “Цольд үг”-ээр ном бүтээжээ. “Зохиогч эл номондоо монгол хүний оюуны ертөнц, бодит амьдрал хоёрыг түүхэн хувьслын залгамж холбоонд нь багтаасан олон талт үйл явцыг хурааж оночилжээ. Энэ бол хэн бүхний барьж аваад хийчихдэг зүйл биш. Дашням гуайн уг бүтээлийг ойлгох судлахад херменевтик арга зүй чухал. Аливаа үгүүлэмжээр илэрхийлэгдсэн бичвэр санааны утгыг тайлахад түүний хэсгүүдийн утгаас бүхлийн утга хамаарахын зэрэгцээ бүхлийн утгаас хэсгийн утга хамаардаг гэсэн шүтэлцээг “херменевтик эргүүлэг” гэж нэрлэдэг. Философи мэдлэгийн энэ чиглэлийн нэрт төлөөлөгч Ф.Шлейермахер “Зохиогчийн санаа бодлыг зөв оновчтой ойлгохын тулд судлаач өөрийгөө түүний байранд тавьж, сэтгэж бодох хэрэгтэй”-г зөвлөсөн байдаг” гэж философийн шинжлэх ухааны доктор, академич Г.Чулуунбаатар номын өмнөтгөлд бичжээ.
“Нэгэн хийморьтой сайхан өдөр шинэ санаа бодол төрж цогцлуулж цуглуулж эхэлсэн энэ олон үг, элдэв олон илэрхийлэл бол миний л үйлийн үр юм даа. Үр хүүхэд минь л гэсэн үг. Тийм болохоор гуйх юм тэднийг минь хайр хайрлаж л үзээрэй. Энэ бүхэн миний зохиол туурвил гэхээсээ илүү миний нөгөө цаг наргүй мунгинаж мушгиралдаж суухдаа таньж олсон түмэн олон мухардлын маань л амь сүнс юм шүү” гэж зохиогч бичсэн байна. Ингээд 2222 онч үгнээс дараахь үгнүүдийг жишээ болгон татлаа. “Амаа хамхиагүй байж хаалгаа бүү сав”, “Амьдралаа л эмчлэхгүй юм бол биеэ эмчлээд нэмэргүй”, “Ярихыг сурахад хоёр жил, дуугүйг сурахад 20 жил”, “Яриад л байх болохоос юу ч хэлдэггүй зохиол бий”, “Юм үзээгүй хүн л хамгийн их хулчгар”, “Юм бүхэнд гомддог ч өөртөө гомддоггүй хүн бий”, “Эрдэм ургуулдаг хөрс болгонд эрдэмтэн ургадаггүй”, “Эмэгтэй хүнд чиний буруу гэж ойлгуулъя гэвэл чиний зөв өө гэж шивнэх хэрэгтэй”, “Шүдээрээ биш нүдээрээ мэр”, “Чухамдаа алдаа дутагдал л хүмүүсийг хамгийн их хөгшрүүлдэг”, “Цэвэр болох гэж хиртэй усанд хөлөө бүү дүр”, “Цөмөөрөө ухаангүй загнах хэр нь “ухаангүй амьтан” гэж нэгнээ гайхдаг”, “Цаашаа явсан хүнийг урдаас нь тоссон нь дээр”, “Цагийг үнэтэй гэж цоллоод үнэгүй эдэлдэг”, “Цаг зүүсэн биш цагандаа зүүлттэй хүн бий”, “Магтаалд мансуурсан хүн өлгүүр дэх хувцас лугаа адил”, “Маргаашаас амьдарч эхэлье гэсэн шиг хүмүүс бий”, “Морь унасан толгойгүй хүн” монголчуудад өөрсдийг нь ойлгуулдаг, “Мухар сүсэгтэн олшроход муу явдал ихэсдэг”, “Мэдэх гэсээр ширгэдэг ч хүн бий, оргидог ч хүн бий”. “Намтраа түүх гэж боддог хүн бий”, “Нийгэм гэдэг зовлонгоороо хэлхэлдсэн зон олон”, “Нийцтэй байна гэдэг долгинохыг хэлдэггүй”, “Зарим ном “намайг хэн ч битгий уншаасай” гэж боддог”, “Зарим сүүдэр эзнээсээ ч олонтаа толгой дохидог”, “Зарим хүн юу ч тариагүй байж ургац хураагаад авдаг”, “Зарим хэргэмтэн доошоо биш, дээшээ уначихдаг”, “Зожиг хүний уцаарлах нь арвин”, “Зорилгогүй хүн л салхи даган дэндэгнэдэг”, “Зөнөх тусмаа зөвлөх дуртай”, “Зэвэрсэн хүнийг зүлгэж болдоггүй”, “Ичмээр жаргана ч гэж байх”, “Өвдтөл хайрлана гэж бий”, “Өглөө бүр өөрийгөө чагнадагтаа биш шагнадагтаа л урт насалдаг”, “Өгөх юмгүй хүмүүс л амлах дуртай”, “Өөрийнхөө доторх агуйнуудад л хүн илүүтэй их төөрдөг”, “Өөртөө гомдсон гомдол л хэзээ ч арилдаггүй”, “Өөртөө дурласан хүн л бусдын торонд хоргоддог”, “Өөртөө хамгийн ойр байгаа хүн бол өндөр настан”, “Өшөөний өмнө нь ч, хойно нь ч өшөө л бий”.
“Салахын цагт л хайр хамгийн гоё үгээ хэлдэг”, “Сайхан дуу аялъя гэвэл ээжийнхээ тухай бод”, “Сайхан сэтгэлтэй хүн шиг үзэсгэлэнтэй хүн ховор”, “Сайхан хүний хөшөө нь хүртэл нүдэнд дулаан”, “Тал засна гэдэг талаа гээхийг л хэлдэг”, “Товчхон ярина гэдэг бусдыг хүндэтгэж, өөрийгөө аварч буй хэрэг”, “Тодорхой бодолгүйгээр тодорхой илэрхийлнэ гэж үгүй”, “Тэнэг асуултад ухаантай хариулах хэрэггүй”, “Ухаангүй хүмүүстэй ухаантай харьцах шиг ухаангүй ажил үгүй”, “Үгийн нүгэл үүл мэт сарнидаггүй”, “Хадаасаар нүхлээгүйг ухаанаар цоолдог”, “Хайр дурлалыг уулгамч мэдрэмжтэй эндүүрэх хэрэггүй”, “Хил хэтэрсэн ч хөл татмааргүй үе бий”, “Ховоогүй хүнд худаг шиг там үгүй”, “Баатруудаа таньсан зохиолч л өөрийгөө таниулдаг”, “Байгаль биднийг хорлож байгаа юм биш, оршихуйн хууль ердөө л тэр”. “Биеэ үнэлэх арга олон ч сэтгэлээ тогтоох хэлбэр ганц”, “Бурханд мөргөнө гэдэг үнэнээс зугтах арга”, “Бурхны асуудал гэж байхгүй, байгаа бол тэр нь танин мэдэхүй, хийсвэрлэхүйн л асуудал”, “Бүтэн өдөр залхуурлаа гэж бүү зэмлэ, цаана нь бүтэн шөнө бий”, “Гэмээ ухаарах нь шүдээ сугалуулахаас ч хэцүү”, “Далайн гүн рүү гэхээсээ илүү түүхийн гүн рүү шумба”, “Дуугараагүйдээ алдсан бол тэр нь таны шагнал”, “Дурлаж жүжиглэх нь дурлахаас ч хэцүү”, “Дүлий зарцтай хүн тайван амьдардаг, “Ёс зүй өмхийрдөг үе бий”.
Нацагийн Жанцанноров гуай “Би Дашнямыг үгээр бичдэг хөгжмийн зохиолч л гэж түүний зохиол бүтээлийг нүдээрээ харж, тархиараа сонсдог. Тэгж төсөөлж чадвал “хөгжмийн зохиолч” Дашнямд дуурь ч бий, симфони ч бий, бүр зүрхэнд тулдаг бяцхан аяз ч, нулимс хөхдөг энхэр дуу ч бий. Эрхэм анд минь “Гүйж яваад унахад ээжийн дуу сонсогддог” гэж тунхаглажээ. Уншигч танд унахад тань ээжийн тань дуу сонсогдож байвал “Хүнээ алдаагүй байна аа би” гэж бодоход буруудах явдалгүй мэт” хэмээн бичсэнийг шигтгэе. Дашням зохиолчийн “Цольд үг” өмнө нь гаргаж байсан “Бор дэвтэр”-ийнх нь тайлан болж бид бүхний ширээн дээр ирсэн нь талархууштай.