Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

NASA үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ангуучлах үйлсэд нэгдэх болсноо зарлалаа DNN.mn

UFO (Unidentified Flying Object) буюу үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ангуучлах үйл хэрэгт албан ёсоор нэгдэж байгаагаа АНУ-ын сансар судлалын байгууллага NASA өчигдөр зарлажээ.

Тус байгууллага UFO-г судлах шинэ төсөлдөө эрдэмтэн судлаачдыг ажилд авах зарыг өчигдөр нийтэлсэн байна.

Төсөл нь энэ оны намар эхлэх ба есөн сарын хугацаанд хэрэгжих гэнэ. Үр дүнгээс нь хамаараад дараагийн ажлаа төлөвлөх юм.

UFO-гийн талаар олдсон баримтуудыг цуглуулах, нэгтгэх, шинжлэх, цаашдаа ийм мэдээллийн санг хэрхэн баяжуулах аргыг тодорхойлох зэрэг ажлуудыг энэ хугацаанд гүйцэтгэх юм байна.

“Олон арван жилийн турш NASA хамгийн ээдрээтэй нууцуудыг тайлах ажилд оролцож байсан түүхтэй. Энэ удаа ч ялгаагүй оролцох гэж байна” гэж уг төслийг хариуцаж буй судлаач Даниэл Эванс сэтгүүлчдэд ярьжээ.

Нарны системийн гараг эрхсүүдийг судалж, харь гараг дээр амьдралын ул мөрийг хайдаг NASA анх удаа эх дэлхий дээрээ ажиглагддаг нууцлаг үзэгдлийг судлах гэж байгаа нь энэ юм.

Олон жилийн турш UFO хүмүүсийн анхаарлыг төвд байсан ч сүүлийн жилүүдэд эрх баригчид үүнд илүү нухацтай ханддаг болоод байгаа.

Өнгөрсөн сард АНУ-ын конгресс анх удаа UFO-гийн талаар сонсгол зохион байгуулж, тагнуулын албадынхаа цуглуулсан баримт материалуудтай танилцсан. UFO тэнгэр ажиглагдсан нийт 144 тохиолдлын талаар энэ үеэр хууль тогтоогчдод мэдээлсэн юм.

Эдгээрийн цаана харь гарагийнхан байх боломжийг үгүйсгэхгүй байгаа.

NASA-гийн төсөл Пентагоны одоо хэрэгжүүлж буй “Airborne Object Identification and Management Synchronisation Group” багийн төслөөс тусдаа юм байна.

Эх сурвалж: AFP

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Антрактидад шинэ цаснаас бичил хуванцар илэрчээ DNN.mn

Антарктидад орсон шинэ цаснаас бичил хуванцар анх удаагаа илэрчээ. Шинэ Зеландын “Canterbury” их сургуулийн судлаачид Антарктидын 19 байршлаас сорьц цуглуулан шинжлэхэд ийм үр дүн гарсан байна.

Бичил хуванцар нь хуванцар эдлэлээс ялгардаг бөгөөд цагаан будааны үрээс жижигхэн, зарим нь нүдэнд ч үзэгдэхээргүй бичил хэмжээтэй байдаг.

Судлаачид хайлуулсан цасны литр тутамд дунджаар 29 хуванцар байгааг тогтоожээ. Түүнээс 13 төрлийн хуванцар илрүүлснээс ус, ундааны сав, хувцсанд түгээмэл хэрэглэдэг полиэтилен терефталат (PET) хамгийн их байжээ. Тодруулбал, сорьцуудын 79 хувиас нь илэрсэн байна.

Бичил хуванцар хаанаас гарав?

“Cryosphere” олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд судлаач Алекс Авесийн ярьснаар, бичил хуванцрын гол эх үүсвэр нь шинжлэх ухааны судалгааны станцууд байх магадлал өндөр байна. Гэхдээ загварчлалаас үзэхэд гарал үүсэл нь 6000 км хүртэлх хол зайд байж болох нь харагджээ.

Өмнөх судалгаануудаар Антарктидын далайн мөс, гадаргын уснаас бичил хуванцар илрүүлж байсан боловч шинэ цаснаас илэрсэн анхны тохиолдол нь энэ юм.

Өнгөрсөн онд “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгаагаар бичил хуванцрууд тоос шороо, салхи, далайн урсгалаар хаа сайгүй тарж байгааг тогтоосон билээ.

Тухайлбал, 2020 онд судлаачид Эверест уулын оргил орчмоос, мөн далайн гүнээс хүртэл бичил хуванцар илрүүлсэн юм.

Судлаачид яагаад санаа зовниж байна вэ?

Энэ төрлийн бохирдол нь өргөн хүрээг хамарсан нөлөө үзүүлэх эрсдэлтэй. “Canterbury” их сургуулийн дэд профессор Лора Ревеллийн тайлбарласнаар, бичил хуванцрын гадаргууд хүнд металл, замаг зэрэг хор хөнөөлтэй бодис наалдах боломжтой бөгөөд улмаар түүнийг алс хол хийгээд эмзэг бүсэд хүргэх эрсдэлтэй байна.

Судлаачид мөн хүмүүс агаар, ус, хоол хүнсээрээ дамжуулан бичил хуванцраар амьсгалж, залгиж байгааг тогтоогоод байгаа юм. Одоогоор хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнийх нь талаар олон судалгаа хийгдээгүй байгаа ч өнгөрсөн онд Английн “Hull York” анагаах ухааны сургууль, “Hull” их сургуулийн нэгэн судалгаагаар бичил хуванцрыг их хэмжээгээр залгих нь эсийг үхүүлэх, харшлын хариу урвал үзүүлэх зэрэг сөрөг үр дагавар учруулж болзошгүй болохыг тогтоожээ.

Бичил хуванцар нь мөн дэлхийн дулаарлын нөлөөг ихэсгэж байж магадгүй байна. Дэлхий даяар цас мөсөн бүрхүүл, мөсөн голууд хэдийнээ хурдан хайлах болоод байгаа бөгөөд эдгээр газарт хуримтлагдсан бараан өнгийн бичил хуванцрууд нарны гэрлийг шингээж, халалтыг ихэсгэснээр нөхцөл байдлыг улам дордуулдаг байж гэж судлаачид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: Montsame

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Мөнгийг нь авч байгаа бол хүнлэгээр хэдэн үг сольчихдог болъё DNN.mn


Итгэлтийг яривал далай, далай гэдэг шиг манайд үйлчилгээний соёлын тухай яривал дуусахгүй их юм байна аа. Үйлчлүүлэгч “хаан” гэдэг нь өнгөрч, ядаж л мөнгийг нь авч байгаа юм гээд хүнлэгээр хэдэн үг сольчихдог болмоор байна.

Манайдаа л үндэсний гээд овоо тоогддог зоогийн газарт өчигдөрхөн чихний үзүүрт өнгөрсөн нэгэн яриа санаанаас гардаггүй. Тавь гаруй насны ах гаднаас орж ирээд ширээ асууж байна. Өөдөөс нь эгцэлж хараад ширээ заагаад өгчих зөөгч олдсонгүй. Гурав, дөрвүүлээ лангууныхаа цаана юу ч юм хийгээд тоох шинжгүй. Үйлчлүүлэгч ах лавшруулаад “Ийшээ ороод суучих уу” гээд хашлага тавьсан булан руу зааж байна. Сая л нэг мөнгө хураагч бүсгүй тооцооны хуудас, пос машинтайгаа зууралдах зуураа “Ах аа цаана чинь өөр ширээнүүд байна. Очоод суучих л даа. Заавал ийшээ…” гээд л уцаарлангуй амандаа бувтнана.

Өнөөдрийн үдийн цайнаар орсон зоогийн газар хоолныхоо үнийг нэмжээ. Байнгын үйлчлүүлэгч бололтой хүүхдээ дагуулж орж ирсэн эгч “Танай үнэ нэмэгдчихсэн хэрэг үү” гэж байна. Үйлчлэгч бүсгүй тоосон шинжгүй “Тэгсэн” гэсэн ганц үгээр үйлчлүүлэгч эгчийг гаргана лээ. Бусдын халааснаас нэмж татах гэж байгаагаа нэмээд хоёр өгүүлбэрээр тайлбарлачихвал өөр л дөө.

Гэтэл гадны сүлжээ дэлгүүр, хоолны газрууд оруут л “Тавтай морилно уу”, гарахад “Баярлалаа” гээд л заалаар нэг хадаах. Эцэст нь тэдний олсон ашиг тэрбум тэрбумаар яригдаж, манай хэдийнх алдагдал, дампуурал болдог. Лавтай нэг шалтгаан нь үйлчлүүлэгчтэйгээ харилцдаг харилцаа шүү.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Франц улс “Артемисын хэлэлцээр” -т нэгджээ DNN.mn

Франц улс АНУ-ын санал болгосон сансарт явуулах үйл ажиллагааны хэм хэмжээ болон сарыг эзэмших тухай “Артемисын хэлэлцээр” хэмээн нэрлэгддэг гэрээнд нэгдлээ. Энэ тухай Төрийн департамент мягмар гарагт мэдэгдсэн байна.

Франц “Артемисын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан хорь дахь орон болжээ. АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, “Францын сансар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Филипп Батист хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Вашингтонд суугаа Францын Элчин сайд Филипп Этьен, NASA-гийн тэргүүн Билл Нельсон нар оролцжээ.

Франц улс энэхүү гэрээнд нэгдэх хүсэлтэй байгааг тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисыг 2021 оны 11 дүгээр сард Парист айлчлах үеэр илэрхийлсэн байна.

Америкийн сарыг эзэмших “Артемис” хөтөлбөрийн нэрээр нэрлэсэн “Артемисын хэлэлцээр” нь АНУ болон түнш орнуудын хооронд байгуулсан хоёр талын цуврал гэрээ юм. Энэхүү хэлэлцээрийг боловсруулахдаа 1967 оны сансар огторгуйн талаарх гэрээний зарчмуудыг ихээхэн хэмжээгээр үндэс болгосон байна. Саран дээрх нөөцийг олборлох тухай заалтууд, “хор хөнөөлтэй хөндлөнгийн оролцооноос” урьдчилан сэргийлэх аюулгүй бүс гэж нэрлэсэн санааг тусгасан хэлэлцээрийн үндсэн зарчмуудыг NASA 2020 оны тавдугаар сард танилцуулжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Адууг чөдөрлөх аргууд DNN.mn

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын адуучин Отгонбаяр хэмээх залуутай хэсэг хөөрөлдөхдөө урьд өмнө огт сонсож байгаагүй монгол ахуйгаас уламжлалтай содон хэлц үгсийг ухаарч авлаа. Адуу морь ярихаараа дуу хоолой нь тод томруун болох тэр залуу уг нь зөвхөн чөдөр болон морь чөдөрлөх аргуудыг л ярьсан юм аа. Үдэш орой унааны морио хол явуулахгүй гээд гурван хөлийг нь тушаа л биз гэсэн үгийн хариуд тэр морийг чинь олон янзын аргаар тушдаг юм, манай нутагт гээд тайлбарлалаа. Хаа дарах, башилдах, борвилдох, буруу хойшилдох, хойшилрох гээд аргууд бий.

Урд хоёр аргаа хам холбож чөдөрлөвөөс хаа дарах, хавсарч холбовоос башилдах, хойд хөлний алгыг борвинд нь чагталбал борвилдох, буруу хойд хөлийг тушвал буруу хойшилдох гэх мэтээр нэрлэдэг юм гэлээ. Мал хуйгаас хол өссөн хүн буруу зөв ойлгосон байж магадгүй шүү.

Гэхдээ л урьд өмнө сонсож байгаагүй жинхэнэ монгол үгс байлаа. Нүүдлийн ахуйтайгаа хамт сэм алга болж буй эртний сайхан монгол хэлц үг юм даа. Боломжоороо хадгалаад, дамжуулаад явах юмсан.

Д.Бат-Эрдэнэ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат-2022” үндэсний V тэмцээний ялагчид тодорлоо DNN.mn

Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний V тэмцээний ялагчид өнөөдөр /2022.06.07/ тодорлоо.

Бүтэн зургаан жил тасалдсан тус тэмцээнийг энэ жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновацын газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Монголсат нетворкс компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ.

Энэ жилийн “Кансат – 2022” тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан загварын хэлэлцүүлэг, шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, хөөргөхийн өмнөх хэлэлцүүлэг, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэгт оролцож, тэмцээний үеэр хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрд оноо цуглуулж, нийлбэр оноогоор дүн тодорхой болсон юм. Тэмцээнд 7 сургуулийн 12 багийн 90 гаруй залуу оролцлоо.

КАНСАТ төрөлд:

  • 1-р байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/
  • 2-р байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/
  • 3-р байр: АРАВТ /ҮБХИС/
  • Тусгай байр: МОКО /Монгол Коосен технологийн коллеж /
  • Шилдэг шийдэл шагнал: ЭРЧ /ШУТИС-ийн МХТС/

БУЦАГЧ төрөлд:

  • 1-р байр: NUMSAT /МУИС-ийн ШУС/
  • 2-р байр: WERSAT /МУИС-ийн ШУС/
  • 3-р байр: АРАВТ /ҮБХИС/
  • Тусгай байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/
  • “Кансат” тэмцээн нь дэлхийн 20 гаруй оронд зохиогддог бөгөөд манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 оноос Ази, Номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдаж ирсэн.Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж, зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирэх, дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эхнэртээ үнэнээ л хэл, тэд угаасаа бүгдийг нь мэддэг DNN.mn

Гэр бүлийн харилцааг судалдаг дэлхийн томоохон байгууллагаас саяхан нэгэн сонирхолтой судалгааг батлан гаргажээ. Тэр нь шинэхэн гэр бүлийн харилцаа цаашид бат, тогтвортой байх гол үндэс нь хэн нэгнээсээ ямар нэгэн нууцгүй амьдрах аж. Эсрэгээрээ гэр бүлийн салалтын шалтгааны 67 хувийг хосуудын нэгэндээ худал хэлдэг, итгэлийг нь алддаг, нууцтай амьдардаг харилцаа бүрдүүлдэг байна.

Тиймээс жижиг ч гэлтгүй үйл явдлаа нэгнээсээ нуухгүйгээр нээлттэй харилцан ярилцаж, шийдвэр гаргахыг дээрх судалгааны байгууллагаас зөвлөж буй юм. Манайд сүүлийн үед залуу гэр бүлийн салалт ихэссэн гэсэн статистик бий. Үүний гол шалтгаан нь хэн нэгнээсээ аливаа зүйлийг нууж, итгэлийг нь алдсан үйлдлээс ихээхэн хамаарч байна. Тэр дундаа эрчүүдийн жижиг сажиг нууц, ялихгүй зүйл дээр худал хэлдэг, түүндээ огтхон ч харамсаж, гэмшдэггүй хандлагаас нь болж хосуудын харилцаа мууддаг ажээ.

Эмэгтэй хүн аливаа зүйлийн үнэн худлыг дэнслэх, тэр дундаа эрэгтэй хүний худал ярьж буйг мэдэх байгалийн зөн совинтой, үүнд зориулагдсан мэдрэлийн эсийн тоо эрчүүдээс дөрөв дахин илүү байдаг нь биологийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл гэнэ. Тиймээс тэд нөхрөө худлаа хэлж байна уу, үнэн хэлж байна уу гэдгийг ярианы өнгө, нүдний харцнаас нь шууд л мэддэг аж. Энэ утгаараа та эхнэртээ анхнаасаа үнэнээ л хэлчихэж байгаарай. Тэртэй тэргүй цаадуул чинь бүгдийг мэднэ. Үнэнээ хэллээ гээд танаас юу ч унахгүй. Харин ч бүх талаараа ашигтай байж мэднэ.

Энгийн амьдралд өдөр тутам тохиолддог жишээ хэлье л дээ. Тань руу найзууд чинь залгаад “халбага” пиво ууя гэлээ. Гэтэл та хэдхэн хоногийн өмнө ажлынхантайгаа наргичихсан байдаг. Ийм үед та эхнэртээ ямар нэгэн байдлаар худлаа хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Ингээд л бүх зүйл эхэлдэг. Үүний оронд эхнэртээ зүгээр л үнэнээ хэлчихвэл та найзуудтайгаа эрх чөлөөтэй уулзахын зэрэгцээ маргааш нь шартаад хэвтэж байхад тань аяга бантан бариад зогсож байх ч юм бил үү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хуруугаа гэмтээвэл ямар арга хэмжээ авах вэ? DNN.mn

Хүний хөдөлмөрийн гол “багаж” бол яалт ч үгүй хуруу. Иймд гараа бүрэн бүтэн байлгах нь юу юунаас чухал. Өчүүхэн төдий өргөс өндгөнд орж хувилахаар яадаг билээ дээ, бид. Тэгвэл санамсар болгоомжгүйгээс болж хуруу, гараа хаалганд хавчуулж, гэмтээвэл эд эрхтнээсээ ч салах аюултайг эмч сануулав.

Хүүхэд гэлтгүй томчуудад ч ийм асуудал элбэг тохиолддог байна. Хаалганд хуруугаа хавчуулах үед бяцарсан хугарал үүсч, хумсны дотуур цус хуралддаг аж. Хуруугаа хүчтэй нугалахад тэнийлгэгч булчингийн шөрмөс тасрах аюултай тул болж өгвөл хөдөлгөөнгүй байлгах нь зүйтэй гэнэ. Хурууны үений хугарлын үед тэр хэсэгтээ хавдаж, хөдөлгөхөд айхавтар өвддөг учир чиг тавьж боох ёстой аж. Хэрэв хугарсан хэсэг муу эвлэж бороолбол хурууны үйл ажиллагаа ноцтой алдагддаг. Ар тийш тахийж бороолбол нугалах, алган тийш тахийвал тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагддаг байна.

Хуруугаа гэмтээсэн бол тэр даруй рентген зураг авахуулж, мэргэжлийн эмчид хандаарай. Сүүлийн үед манайхан эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөг интернэт гэгч “их мэдэгч” нэртэй “үл мэдэгч”-ээс асууж цаг алддаг болсон нь худлаа биш. үүнээсээ болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон кэйс олон бий. Жишээлбэл, 20 гаруй насны залуу хуруугаа машины багаажинд хавчуулчихжээ. Тэсэхийн аргагүй өвдөхийн зэрэгцээ хуруу нь тэр дороо хавдчихаж. Энэ үед зауу гар утсаараа зургийг нь дараад “фэйсбүүк”-д постолж л дээ. Нүд ирмэхийн зуур арав, хорин зөвлөгөө жиргээд ороод ирж. Тэр дунд хүйтэн жин тавих нь үр дүнтэй гэсэн коммент зонхилсон байна. Мань эр тэр зөвлөгөөг дагажээ. Харамсалтай нь хуруу нь эдгэрэх нь битгий хэл хумсан доорх хурсан цус идээ татаж, цаашлаад яс руугаа орсон байж. Ингээд хуруугаа тайруулахад хүрчээ.

Иймд аминаас холуур хуруу төдийхний гэмтэл гэж үл ойшоолгүй эмчийн зөвлөгөөг дагаарай. Ер нь бол гэмтлийн үрэвсэл арилтал буюу цус, хаван сорогдож шимэгдтэл 2-3 долоо хоног сайн чиг бэхэлгээ хийдэг юм билээ. Мэдээж юм өргөж болохгүй, кальциар баялаг хүнс түлхүү хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэхэд сайн нөлөөтэй байна.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Амьдралын 12 дүрэм буюу Хаосын эсрэг ерөндөг DNN.mn

Жордан Б.Питерсоны “Амьдралын 12 дүрэм” гэдэг номыг та бүгдэд ярьж өгье. Энэ номыг дэлхий даяараа шимтэн уншиж маш их борлуулалттай номоор тодруулсан гэжээ. Мэдээж та нэрнээс нь юун тухай ном бэ гэж мэдэж байгаа. Энэ бол амьдралын дүрэм. Амьд явах нийгэмд ямар байр суурьтай явах, чи хэн байх тухай сургаал юм. Тэр сургаалууд бүгд 12 байгаа. Ном их том 430-аад хуудастай, дээрээс нь их сайн бодож уншихаар. Гэхдээ сайн уншаад ирэхлээр манай социализмаас өмнөх үед хүүхэд насаа үдсэн хөгшидийн сургаал шиг л санагддаг юм билээ. Тэр хөгшид л муу явбал чи муухай л амьдарна даа гэж байдаг. Ааш муутай байвал хүн тоохгүй, хувиа хичээгээд байвал хүн чамтай нөхөрлөхгүй шүү, нөхөргүй хүн амьдарч чаддаггүй, чадсан ч хүний шаар л байсаар дуусдаг гэх мэтчилэн. Хүн хүндээ тус дэм болж байж амьдардаг, тэгэхгүй бол чамайг хүн тоохгүй, чи хар даа ганцаараа хэн ямар байна гээд л загнаж байдаг даа яг тэрэн шиг сургаал юм. Гэхдээ иймэрхүү сургаалыг одооны эцэг эхчүүд мэдэх ч үгүй, мэдэхгүй болохоор хүүхдүүддээ ч хэлдэггүй. Одооны эцэг эхчүүдэд аав ээж нь хэлээгүй болохлоор мэддэггүй, тэд ийм сургаалийг хуучны хоцрогдсон хар шар феодалын үзэл бодол гэж социализмаар заалгасан учир нуугаад таг дараад өнгөрөөсөн. Тиймээс одооны шинэ үе их өөр болж гэж бид халаглаад байдаг нь ийм учиртай юм. Ердөө аав ээж нь нийгэмд яаж амьдрахыг заагаагүй, тиймээс мэдэхгүй л байгаа учраас хуучин хүмүүст их өөр юм шиг харагдаад байдаг болсон, залуус. Хайрлаж дурлаж уйлж дуулж, шунаж хүсэж, идэж ууж л байгаа бол нэг их ялгаа байхгүй юм л даа, залуу үе бол. Хүмүүс хэзээ ч өөрчлөгддөггүй гэж “Мастер, Маргарита хоёр” гэдэг зохиол дээр 1300 жилийн дараа дэлхий дээр ирсэн буг хэлж байдаг даа.

За ингээд ямар 12 дүрэм байдаг талаар зүгээр л нэрлэе, тэгэхгүй бол багтахгүй. Нуруу цэх мөр тэнэгэр яв, Чамд тус хүргэх үүрэг хариуцлага хүлээсэн хүн нь чи өөрөө мэт бай, Өөрт чинь хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүстэй нөхөрлө, Өөрийгөө өнөөдрийн хэн нэгэнтэй бус харин өчигдөр хэн байсантайгаа харьцуул, Дургүйг чинь хүргэх зүйлсийг хүүхдээрээ бүү хийлгэ,Бусдыг шүүмжлэхээсээ өмнө орон гэрээ бүрэн төгс цэгцэл, Ашиг хонжоо хайх бус, утга учрыг эрэлхийл, Үнэнийг хэл, үгүй дээ л худал бүү хэл, Өөдөөс чинь хараад ярьж байгаа хүн мэдэхгүйг чинь мэдэж байж болохыг тооц, Үг хэлээ оновчтой байлга, Скейтбордоор гулгаж буй хүүхдэд бүү саад бол, Гудамжинд муур тааралдвал илж эрхлүүлж бай, Кода буюу төгсгөл гэсэн сургаалууд байдаг. За жишээ болгож нуруу цэх, мөр тэнэгэр яв гэдэгт юу гэж хэлэв гээд үзье. Үүнд хавьчаар жишээ татсан байдаг. Яагаад хавч гэвэл тэр амьтан энэ орчлон дээр 350-иад сая жил амьдарсан гэнэ. Одоохондоо ийм урт амьдарсан амьтад ховор. Үлэг гүрвэл 60 сая жил амьдарсан гээд л бодчих. Бас жишээ татчихаар өөр танил нь ч тийм олон биш аж. Бүх л байгаль дахь амьдрал зэрэг дэвтэй, амьдралын төлөө өрсөлдөөнтөй, тэрэнд дийлж гарсан нь үр удмаа үлдээж цаашид оршин тогтнодог. Манай хавчнууд мэдээж амьдралын сайн сайхны төлөө тулалддаг. Ялсан хавч цээж тэнэгэр сүүл моодгор их амьтан болно. Ингэхэд юу түүнд нөлөөлөв, серотонин түүнд ихээр ялгарах тул ингэдэг аж. Ялагдсан хавчинд октопамин ялгарна. Биеэ хураасан бээцийсэн сүүлээ гуядан хөлөн доороо хийдэг амьтан болгоно. Энэ хүнд ч бас нөлөөлнө. Яг адилхан гэсэн үг. Ялагч байхын тулд та октопамин ялгарахад үүсдэг хэв шинж болох цээжээ хумин доошоо харан буланд суух хэв шинжээсээ салах хэрэгтэй. Та серотонин ялгаруулагч шиг нуруу цэх, мөр тэнэгэр яв. Ингээд яваад эхлэхэд хар аяндаа таньд сиротонин ялгарч эхэлнэ. Та урам зоригтой болно, мөрөөдөгч болно. Түүнээ ч биелүүлэхэд зүтгэх урам зориг танд ундарч эхэлнэ. “Бүхнийг эзэмшсэн нэгэн бүр ихийг хүртэнэ, юмгүй хоосон нэгний үлдсэн бүгд нь хураагдана” гэж номлосон шашны сургаал хүртэл байдаг.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат-2022” тэмцээн ням гаригт болно DNN.mn

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас бямба гарагт болох байсан нь хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулагчаар Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновац, хөгжлийн газар, ШУТИС, МУИС, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголсат нетворкс компани тус, тус ажиллаж байна.

зураг

Тэмцээнд зориулагдсан нийт 5 нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал,

  • Нийтийн тээвэр № 1, 2, 3: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 08.00 цагт Төв шуудангийн арын талбайгаас хөдөлнө.
  • Нийтийн тээвэр №4: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Хорооллын эцсийн буудлаас хөдөлж, хойд чиглэлийн автобусны буудал бүрд зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэж өгөх юм.
  • Нийтийн тээвэр №5: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Саппорогийн буудлаас хөдөлж, төв зам дагуух автобусны буудал бүрд зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэх юм.

Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.