Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уур бол тийм ч аюултай сэтгэл хөдлөл биш ээ DNN.mn

Уур бол тийм ч муухай юм биш. Хүний сэтгэл хөдлөлүүдийн байдаг л нэг үзэгдэл. Хүн огт уурлахгүй, уураа бариад тэвчээд, хадгалаад байж болохгүй. Харин уураа гадагшлуулахгүй, ширгээхгүй бол гэнэт дэлбэрдэг нь аюул. Битүү чанагчинд хоол болгохдоо уурыг нь нэгэн жигд гаргахгүй бол бууддаг. Хамгийн ойрын жишээ гэвэл хорхог хийхдээ уурыг нь гаргадаг даа. Яг үүнтэй адил та уураа гаргаж байх ёстой. Гол нь нэгэн жигд, зөөлхөнөөр.

Буддын гүн ухааны багш нар, гавж, гэвш лам нар уурлах нь маш ховор. Уурламаар юман дээр ч уурладаггүй. Уурлуулъя гэвч уурлахгүй шүү. Харин уурласан дүр үзүүлэх юм уу, хичээлээ хийгээгүй, номонд шамдаагүй шавь нартаа хандаж урьд өмнө хэн нэгэнд тохиолдсон ном сураагүй явдлыг хөгжилтэй, ёжтойгоор ярьж “чимхэнэ”. Эсхүл хичээл, гэрийн даалгавар нэмж өгнө. Эрдэмтэй лам нар уураа ингэж гаргаад байх шиг байдаг юм.

Йог, бясалгал гээч зүйлс бол уурыг үүсгэж буй буруу бодлын үндсийг олоод түүнийг таслахад тусалдаг. Энэ бол уураас салах маш зөв арга замууд. Гэхдээ уурлаж байна гэдэг бол сэтгэл зүйн хувьд эрүүл, өөрийгөө таагүй, тухгүй, таалагдахгүй юмнаас хамгаалж чадаж байна гэсэн үг л дээ, товчхондоо. Гол нь уураа зөв гаргах, зөв дарахад л асуудал байгаа юм. Уур бол залж, дарж болдог нисванис. Уурын ерөндөг бол тэвчээр. 8-хан секунд тэвчээд, зөв бодлоор угтуулчихад уурын гал унтарчихдаг. Огт уурладаггүй хүн гэж байхгүй. Хэрвээ байгаа бол уураа зөв дарж сурсан, номхруулсан хүн л байх.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ах нь сургаж, дүү нь сонсдог DNN.mn

Монгол ардын олон сайхан зүйр цэцэн үг бий. Тэдний нэг нь “Ах нь сургаж, дүү нь сонсдог” хэмээх үг. Сүүлийн үед хүмүүсийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл энэ үгийн эсрэг болсон мэт санагдах боллоо.

Атаман гэдэг ойлголт хэдэн арван жилийн өмнө байсан тухай ах нар ярьдаг. Нэгнийгээ дээрэлхэж бэлэн мөнгө, гутал хувцаснаас нь эхлээд дээрэмддэг байсан бүдүүлэг түүхээ бахархал мэтээр ярих нь бий. Бас болоогүй “Тухайн үеийн нийгэм нь л тийм байсан юм чинь” гэж өөрсдийгөө зөвтгөнө. Сүүлдээ бүр олны танил хүмүүс бага залуудаа нэгнээ дээрэлхэж, зодож, зодуулсан, автобус, такси, хоолны мөнгөө төлөхгүй зугтдаг байсан бараан түүхээ бахархал мэтээр олон нийтэд маазруулан ярьдаг болов. Тэд ингэж маазарч суухдаа дүү нартаа буруу үлгэр дуурайл болж байгаагаа мэддэггүй бололтой. Саяхан нэгэн коллежийн оюутнууд нэгнээ зодож дээрэлхэж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ нь дээд үеийнхнээсээ сурсан ингэж болдог гэдэг гэсэн ойлголтоо хэрэгжүүлж байгаа явдал. Ах нар нь буруу сургаж, дүү нар нь бурууг сурсны илэрхийлэл.

Уг нь одоогийн залууст дээд үеийнхнээс нь өвлөгдөж ирсэн энэ мэт муухай, буруу үлгэр дуурайл бүдгэрч, арилж л байгаа. Өнгөрсөн амралтын өдөр 30-аас дээш насны залуучуудын хүүхэд байхаасаа сонсож өссөн “ICE TOP” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн. Тоглолтын үеэр зарим үзэгч нь хоорондоо зодолдож, согтуурхаж, бүр мансууруулах төрлийн бодис хэрэглэж зүй бус авирласан тухай мэдээлэл гарсан. Мөн тоглолтын дараа Төв цэнгэлдэх хүрээлэн хогондоо дарагдаад үлдсэн нь цахим орчинд тавигдсан зургуудаас харагдав. Үүнээс хэдхэн хоногийн өмнө залуу үеийн уран бүтээлчид хамтран мөн л Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зуны зугаа” нэртэй тоглолтоо хийсэн. Тэр тоглолтын дараа элдэв бараан мэдээлэл, үзэгчид нь хогоо орхиод явсныг батлах зургууд харагдаагүй.

Харин энэ хоёр тоглолтын дараа монголчууд насны бүлгээрээ ямар их соёлын ялгаа гаргаж байгааг ярих хүн болон байна. Үүнээс үзвэл дүүдээ сургаж чадахгүй ах нар, зарим талаараа дүү нараасаа суралцах цаг иржээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Солонгос улс дэлхийн сансрын гүрэн боллоо DNN.mn

Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгос улс дотооддоо бүтээсэн Нүри пуужинг сансарт амжилттай хөөргөлөө.

Гурван үе давхаргатай Нүри пуужин өчигдөр үдээс хойш тус улсын өмнөд эргээс холгүй жижиг арал дээр оршдог Наро Сансрын Төвөөс хөөрсөн байна.

Улмаар 14 минутын дараа 700 км өндөрт хүрснийхээ дараа туршилтын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулжээ.

“Солонгост бүтээсэн сансрын пуужин Нүри амжилттай хөөрлөө. Бид улс орныхоо шинжлэх ухаан, технологийн түүхэнд шинэ хуудас нээж байна” гэж Өмнөд Солонгосын шинжлэх ухааны сайд И Жон Хо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

зураг

Нүри пуужинг хөөргөх эхний оролдлого өнгөрсөн оны аравдугаар сард амжилтгүй болж байжээ.

Тухайн үед пуужин газраас дээш 700 км өндөрт хүрсэн ч гэмтлийн улмаас хиймэл дагуулаа тойрог замд байрлуулж чадаагүй юм.

Өчигдрийн амжилттай хөөргөлтийн дараа Өмнөд Солонгос нь нэг тонноос дээш жинтэй хиймэл дагуулыг тойрог замд хүргэж чадсан дэлхийн долоо дахь улс болж, АНУ, ОХУ, Хятад, Япон, Европын Холбоо, Энэтхэгийн дараа түүхэнд бичигдэж байна.

Бас өөрийн хөгжүүлсэн технологийн тусламжтай сансарт ачаа тээвэрлэсэн дэлхийн арав дахь улс болж байгаа ажээ.

Одоо тус улс ирэх таван жилийн хугацаанд Нүри пуужинг дөрвөн удаа сансарт хөөргөх ба 2030 онд сар руу судалгааны станц илгээхээр төлөвлөж байна.

Ингэснээр Өмнөд Солонгос нь хөрш Умард Солонгосоос сансрын технологиор илүүрхэх боломжтой болж байгаа. Умард Солонгосын хувьд 2012, 2016 онуудад дэлхийг тойрог замаас ажиглах хиймэл дагуулуудыг хөөргөж байсан ч тэдгээр нь ажиллаж байгаа гэсэн баталгаа одоог хүртэл байхгүй байна.

Өмнөд Солонгосын хувьд 1990-ээд оноос хойш хэд хэдэн хиймэл дагуул сансарт хөөргөхдөө үргэлж бусад улсын пуужинд дайгддаг байжээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Зургадугаар сарын 24-нд одон орны нэн ховор үзэгдэл болно DNN.mn

Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхийван, Далайван гаригийн жагсаал гэх үзэгдэл харагдах хамгийн тохиромжтой өдөр нь 2022 оны зургадугаар сарын 24-ний нар мандахаас 1 цагийн өмнө тохиох юм байна.

Таван гаригийн давхцал нь тун ховор тохиолдох үзэгдэл бөгөөд хамгийн сүүлд 2002 оны 12 сард давхцаж байсан бол дараагийн давхцал 2040 онд тохиох юм.
Энэхүү ховор үзэгдлийн талаар олон улсын томоохон мэдээний сайтуудаар мэдээлж байгаа бөгөөд хүний нүдээр харагдах нь Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд, хүний нүдэнд харагдахгүй нь Дэлхийван, Далайван гэнэ.
Угтаа бол 7 гариг нэгэн зэрэгт тэнгэрт үзэгдэж, гаригуудын завсар хавирган сар мандсан байх аж.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хэрэгтэй зөвлөгөө DNN.mn

Тэтгэвэрт гарсны дараа хүн хэсэгтээ л ганцаарддаг гэдэг. Үр хүүхдүүдтэйгээ бужигнаж, найз нөхөдтэйгөө уулзавч өөрийгөө ганцаардуулахгүй, эрүүл, идэвхтэй, цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг талаар нэгэн уншигчийнхаа туршлагыг хуваалцъя.

“Хамгийн түрүүнд хүн өөртөө таарсан хөдөлгөөн хийх хэрэгтэй. Заавал хүнд хэцүү дасгал, олон км алхалт хийх хэрэггүй. Өглөө сэрээд нүүрээ илэхээс л энэ хөдөлгөөн эхэлнэ. Тэгээд хэдэн минут сөхөрч суух, ойр зуур алхах гээд өөртөө амар хэрнээ бүх биеийн булчин хөдөлдөг хөнгөн дасгалуудыг сонгоорой. Эрүүл байх л хамгийн чухал.

Хоёрдугаарт, хүн шинэ соргог мэдээлэл байнга авч байх хэрэгтэй. Үүний тулд өдөр тутмын сонин захиалж унш. Өглөө гарч шуудангаас сонингоо авах, гэртээ ирээд тухтай сууж байгаад шинэ содон мэдээлэл, ярилцлага унших хичнээн сайхан гээч. Дараа нь тэр мэдээллээ найз хөгшчүүлтэйгээ хуваалцах, хүүхдүүддээ дамжуулах гээд маш ашигтай. Унших, ярих, бусдад үнэ цэнэтэй байх хэрэгцээгээ үүгээр хангана гэсэн үг. Миний хувьд “Өдрийн сонин”-ыг байнга захиалж уншиж байна аа.

Гуравдугаарт, хүн хөгжил хөөртэй байх ёстой. Сэтгэл санаагаа сэргэлэн байлгахын тулд би дуртай дуу, хөгжмөө сонсдог.

Дөрөвдүгээрт, их биш ч сайхан амттай хоол идэж байх ёстой. Өөрөө дуртай хоолоо хийгээд сурчих нь амар байдаг. Үр хүүхэд, найз нөхдөө ч хааяа дайлах сайхан байдаг юм.

Тавдугаарт, найз нөхөдтэйгөө уулзаж бай. Инээж, ярьж хөөрөх ч сэтгэл сэргээх сайхан арга шүү.

Зургадугаарт, бусдад битгий гомд”.

Ийм зөвлөгөөг манай нэгэн уншигч настан өглөө. Хэрэг болгож өөриймшүүлж аваарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан дугуйгаар нисэх мэт хурдлах хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байна DNN.mn

Дунд сургуулийн хүүхдүүд цахилгаан дугуй хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох болж. Ингэхдээ тэд “Sun Ron” гэх цахилгаан хөдөлгүүртэй дугуйг ашиглах нь түгээмэл. Цагт 60 км цаг хүртэл хурдлах хүч чадалтай энэхүү дугуйг жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд дураараа оролцох үзэгдэл том эрсдэл дагуулж буйг ТЦА-аас сэрэмжлүүлж байна.

Хөл нь дөрөөндөө дөнгөж шүргэхээр богнохон чацтай тэд замын хөдөлгөөн сэлүүхэн үед нисэх мэт л хурдлах аж. Энэ оны эхний таван сарын байдлаар л гэхэд нийслэлийн хэмжээнд цахилгаан дугуйтай холбоотой зургаан удаагийн осол бүртгэгдэж, нэг хүн хүнд гэмтжээ. Энэ тоон үзүүлэлт цаашид гэрлийн хурдаар өсөх хандлагатай байгааг замын цагдаа нар хэлж байна. Учир нь зуны цагт цахилгаан дугуйгаар зугаацах явдал бүр ч гаардаг байна.

Замын хөдөлгөөний тухай хуульд цахилгаан дугуй буюу “Sun Ron”-ыг ашиглахад “А” ангиллын үнэмлэх шаардах эрх зүйн орчин манайд байхгүй гэнэ. Энэ цоорхойг ашиглаж бага насны хүүхдүүд түгжрэлтэй замаар сүлжиж явахдаа эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгсэлд мөргүүлэх өндөр эрсдэлтэйг замын цагдаа нар анхааруулж байна.

“Sun Ron”-ыг ашиглахдаа зөвхөн дугуйн зам ашиглах, эсвэл насанд хүрсэн жолооны үнэмлэхтэй этгээд л эзэмшиж замын хөдөлгөөнд оролцох гэх мэт эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Пазырыкийн соёл DNN.mn

Мөнх цэвдэгт Алтайн нуруунд амьдарч байсан нүүдэлчдийн дурсгалыг Оросын нутагт XIX зуунаас малтаж эхэлсэн бөгөөд анхны малтлага хийсэн “Пазырык” хэмээх газрынх нь нэрээр нэрийдсэн байдаг. Монголын тува-мончогууд булшийг “бажираг” гэж нэрлэдэг. Алтайн нуруунд байдаг.

Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн соёл бий. Уг соёлд холбогдох булш оршуулгыг бүр XIX зууны үеэс малтаж эхэлсэн. Пазырыкийн соёлыг тээгч нүүдэлчдийн булшийг ертөнцийн зүгээр урдаас хойш чигтэйгээр нэг эгнээнд цувуулан, овгор дугуй дараастайгаар хийдэг бөгөөд баруун талд нь тахилгын байгууламж зүүн талд нь хамгийн том булшинд зэл чулуу босгодог. Дотоод зохион байгуулалтын хувьд үхэгсдээ модон бунхан, чулуун хайрцаг, ухмал модон авсанд оршуулсан хэмээн ангилна. Мөн адууг ихэвчлэн оршуулсан хүний тоогоор нь дагалдуулдаг. Нас барагсдыг ертөнцийн зүгээр баруун болон зүүн тийш толгойгоор нь хандуулан баруун, зүүн талаар нь хажуулдуулан өвдгөөр нугалж хэвтүүлдэг бөгөөд цөөн тохиолдолд тэнэгэр байдлаар оршуулсан байдаг.

No photo description available.

Пазырыкчууд булшаа үйлдэхдээ бунхан, ховд, чулуун хайрцгийнхаа хойд буланд тахилга тайлгаа хийдэг. Үүнд: модон царан дээр хонины ууц, хутга, түүний зэрэгцээ шавар ваар сав зэргийг эмх цэгцтэйгээр дэс дараалан байрлуулдаг байжээ. Ялангуяа шавар ваарыг хүний толгойн харалдаа тавьдаг. Эдгээр ваар саванд ихэвчлэн шингэн эд зүйлс хийх зориулалттай байжээ. Харин бүсэлхийд нь байлдааны зээтүү, чичлүүр хутга, бүсний модон арал, цээжин хэсэгт толь зэргийг тус тус дагалдуулдаг. Харин нуруун талд нумыг модон сумын хамт дагалдуулдаг байжээ. Мөн толгойн талаас малгайн чимэглэл болох модон сийлбэр дүрсүүд, хуудас алтны хэсгүүд гардаг. Дагалдуулсан эд өлгийн зүйлс болон өмссөн хувцас хэрэглэл, адуу малын зүс болон хүний биен дээрхи шивээс зэрэг нь Алтайн нурууны мөнх цэвдгийн тусламжтай үлдэж хоцорсон байдаг.

May be an image of nature

Пазырыкчууд бол хагас нүүдлийн мал аж ахуйг эрхэлдэг байсан бөгөөд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй. Мөн өндөр хөгжсөн гар урлалтай байсныг булшнаас гардаг урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европжуу төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголжуу төрх давамгайлдаг байжээ. Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох нь “хаадын булш” ба жирийн иргэдийн булшны хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг.

May be an image of outdoors

Энэхүү дурсгалыг Түрүү төмрийн үе буюу НТӨ VI-II зууны үед хамрагдахыг эрдэмтэд тогтоогоод байна.

No photo description available. No photo description available.


Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цагдаагийн алба гэдэг сүр сүндэр, уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш DNN.mn

Ковидоос хойш цагдаа бүр хүнээ байсан гэх яриа нийгэмд газар авах болсон. Хуучин бол сайн цагдаа цагийн найз гэсэн үгтэй байв. Харин өнөөдөр цагдаагаас л хол явбал аминд өлзийтэй гэх болж.

Ард түмний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, аврал нь болсон цагдаа яагаад ад зэтгэр, өстөн дайсан нь болов. Энэхүү асуултад сүүлийн үеийн харгис жишээнүүд хариулт болно. Бусдын толгой дээр кофе асгасан гэх 19 настай охин өөрөөс нь мэдүүлэг авсан цагдаагийн зүй бус харилцааг нийтэд дэлгэснийхээ төлөө улс үндэстний эсрэг гэмт хэрэгтэн шиг гадуурхал доромжлолыг амссан. Цагдаагаар оролдвол эцэстээ ийм болдог гэж нийтэд харуулсан хамгийн супер жишээ энэ. Саяхан сэтгүүлч эмэгтэйтэй ёс бусаар харилцсан гэх нөхдүүд шиг иргэдэд харгис хэрцгий хандаж байгаа үйлдэл бараг өдөр бүр давтагдах болсон.

Энэ бүхнийг хараад Лу хурандаагийн үг санаанд орох юм. Лу хурандаа гэдэг нь сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлаа эхэлж Монголын цагдаагийн луугар хурандаа нарын нэг болсон гавьяат хуульч П.Лувсандорж. Мань аварга “Цагдаагийн дарга гэдгийг сүр сүндэр, уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш. Дарга болно гэж бодсоноор, эсвэл дарга болгоно гэж зүтгүүлснээр ч бас хийчихдэг юм биш л дээ. Цагдаагийн албаны ажилд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Бид даанч чадахгүй юм. Нийгмийн шинжлэх ухааны цогц бүрдмэл асуудал бол цагдаагийн алба” гэдэг.

Мөн “Цагдаа бохирдохдоо амархан, цэвэршихдээ удаан. Нэг хүний буруутай үйл ажиллагаа, болчимгүй үйлдлээс болж нийтээрээ сэв суудаг. Тиймээс цагдаагийн нэр хүндийг эр бяр, хүч тэнхээгээр биш, хүнлэг чанар шударга зарчмаар бий болгох учиртай. Сэтгэл нь зөв, бие нь түвшин байж чадах юм бол идэж барахгүй хоол, эдэлж дуусахгүй нэр хүнд” гэж хэлж билээ. Үүнийг цагдаагийн тангараг өргөсөн мөрдэстэй болгон санаж явахад илүүдэхгүй болов уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Удаан хүлээсэн зун цаг уньж туньсаар ирлээ DNN.mn

Төвийн нутгаар болон ер нь Монгол даяар зун цаг оройтож ирлээ. Их хүйтэн сэрүүн байв. Харин энэ долоо хоног эхлээд дулаарч, урин салхи сэвэлзэн зуны ялаа янгинаж эхэллээ. Шувууд жиргэн модод ногоорон газар ногоон туяа суужээ. Хөвчид хөхөөн дуу эгшиглэж, хөх ногооны униар хөшиглөнө. Малчид зусландаа бууж цагаан гэрүүд дэнж газар бөмбийн цайрч, хонь мал налайн бэлчинэ.

Наадмын сураг хажууханд дуулдаж бөхчүүдийн гал гарсан бололтой хонь ачсан портер зуслангийн ам өгсөн одож бүдүүн, бүдүүн эрчүүд өглөө оройдоо шогшиж байгаа нь сонин. Сумын наадмын уралдах морьдыг тэжээх нь илт ширүүсэж, сэрүүн дэнж дээр уяа зоож шавхарсан морьдоо уяж эхэллээ.

Хүүхдүүдийн хичээл сая тарж хөдөө гадаа өвөө эмээ, ээж аав дээрээ очиж хашгиралдан хөөцөлдөх нь хөдөөгийн баясгалан гэлтэй. Хот газрын зун ид дундаа, залуус орой үдэш уулзан хөөрөлдөцгөөж, задгай цайны газруудын хөгжим намуухан эгшиглэж хайрсан хоол, задгай пивоны үнэр ханхалж өдөржин халсан халуун цементен хана улам дулаан оргиулна.

Хотын модод ногоорон цагаан гантиган байшингуудыг улам тодруулан харагдуулж өглөө оройдоо усалсан газраас чийг ханхлан машины дууны завсраар шувууд жиргэх нь дуулдах аж. Энэ дэлхий эргэн эргэсээр зун цаг дахин айлчилжээ. Хойд газар ах дүү оросууд хоорондоо дайтаж, урд газар халуунтай ханиад дэлгэрсэн хэвээрээ. Тахал хэвээрээ учир хил хаалттай, юм ховор живэр, мөнгө төгрөг ханш унасан хэвээрээ аж. Учир нь бид гадагш нь юм зарж чадахгүй болохоор тэр юм. Гэвч хүмүүний явдал байгаль дэлхийд юуны хамаатай, болдог зун болдгоороо болж, ирдэг цаг ирж явсаар л.

Харин хүмүүн бид л тахалд ч нэрвэгдэж орилолдсоор, дайн ч хийж алалдсаар нэг мөч амар байхгүй ажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ядраад байвал бүхнийг мартаад нутаг руугаа нэг явчихаад ирээрэй DNN.mn

Үе үехэн нутаг усаа бодож, тэртээх сайхан дурсамжууд тань нэхэн санагдаж байвал та ажлын хэт их ядаргаанд орсон байна гэсэн үг. Ажлын хэт их ядаргаа гүнзгий шатандаа орвол мэргэжлийн гаралтай мэдрэлийн архаг өвчин тусах ч эрсдэлтэй байдаг аж. Уг мэдрэлийн архаг өвчлөл нь хүнд шатандаа хүнийг солиоруулах, сэтгэц мэдрэлийн эмгэгтэй болгодог байна.

Энэхүү өвчлөл нь сүүлийн үед дэлхий нийтээр ихэсч байгааг ч олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулаад байгаа юм. Дэлхийн томоохон компаниуд ч энэхүү өвчлөлөөс ажилчдадаа урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын цагийг багасгаж, аль болох амралтын цагаараа гэр бүлтэйгээ онгон зэлүүд байгалиар аялахыг уриалсан байна. Монголд ч гэсэн сүүлийн үед ажил, мэргэжлийн гаралтай мэдрэлийн өвчлөл ихсэх болсон. Магадгүй амьдралын олон замын хаагуур нь явахаа ч мэдэхгүй үе бидэнд бишгүй дээ л байдаг. Амьдрал бол сонголт, сонголт бол хувь тавилан хэмээн нэгэн аугаа сэтгэгч хэлсэн удаатай. Түүн шиг ажлын хэт ядаргаанд орсон, эсвэл амьдралын хүнд хэцүү үе тохиолдож шийдвэр, гарц хайж байгаа бол төрсөн гэртээ эсвэл нутаг руугаа нэг явчихаад ирэхэд гэмгүй юм.

Монголын сор болсон сэхээтнүүд, утга уран зохиолын их мастерууд, дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж яваа оюуны их хүмүүн бүгдийн онгод, уран бүтээлийн ололт амжилтын охь ундарга нь ямагт төрж өссөн нутаг, уул, усных нь их энерги түшиц байдаг. Хүний унасан газар, угаасан ус гэдэг хүйн холбоотой учраас аливаа бүхнийг эргэцүүлэн тунгааж, амьдралыг өөр өнцгөөс нь харах ухааны мэлмийг нээдэг гэнэ. Тэр дундаа монголчуудын хувьд энэхүү байгаль дэлхийтэйгээ холбогдсон хүйн холбоо бусад үндэстнүүдээс илүү байдаг нь бидний нүүдэлчин ахуйтай холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг.

Тиймээс л монгол ээжүүд бүгд л үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өглөө бүр цайны дээжээ өргөхдөө “Нутгийн минь заяа хүүг минь түшиг ээ” хэмээн уул, ус, хангай дэлхийдээ залбирдаг байх. Ямартаа ч энэхүү нийгмийн гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд танд амралт хэрэгтэй.