Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тархины түгжээ DNN.mn

Таны бие организмыг танаас илүү сайн мэдэх хүн байхгүй. Эрүүл саруул, урт удаан хугацаанд оршин байх үндэс нь зөвхөн та өөрөө юм. Хэдэн цаг унтвал амарсан болдог, хэр зэрэг хэмжээтэй, ямар хоол идвэл цаддаг төрлийн дасгал хөдөлгөөн үр дүнтэй байдгийг бие махбодь тань тодорхой хэлээд өгдөг. Гэтэл энэ бие цогцсоо хүний өмнөөс авч яваа аятай бусдад даатгадаг байдал сүүлийн үед хавтгайрчээ.

Хэн сайн гэнэ, түүн рүү нийгмээрээ хошуурч, мөнгөө үрцгээх нь хайран санагдаад байх юм. Хүүхдээ хараад гэртээ суудаг танилтайгаа ярих болгонд тийм ч мацагт нэгдлээ, ийм ч дает барьж байна, тэр багш янзын сайн хөтөлбөрөөр бие эрүүлжүүлдэг юм байна, онлайн ангид нь бүртгүүлчихлээ гэж ярьсан хүн байдаг.

Дэглэмээс дэглэмийн хооронд амьдраад байгаа юм уу даа гэмээр. Хүмүүсийн ийм сонирхол дээр дөрөөлсөн бизнес ч борооны дараахь мөөг шиг олшров бололтой. Хор тайлах, эрчимжүүлсэн тураах хөтөлбөр гээд сүрхий нэр томьёо зонхилж харагдах юм.

Хоёр, гуравхан хоногийн онлайн хичээлд хамрагдахын тулд хүмүүс хэдэн зуугаараа оочерлодог аж.

Ам руугаа оруулж байгаа идэш уушаа хэн нэгнээр заалгадаг болтлоо нийгмээрээ тэнэгэрцгээх гэж дээ.

Тохирсон дасгал хөдөлгөөнөө хийгээд, хоолоо зохицуулаад, өөрийгөө мэдрээд, хяналттай байж болдоггүй юм уу. Заавал тэр сайн гэсэн болгоныг дагаж байж гайхамшигт хүрэх юм шиг бүр хайрцганд орсон нь үнэхээр эмгэнэл. Үүнийг л жинхэнэ тархины түгжээ гэх байх даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тарваган тахалгүй болох арга нь агнуурын хориог цуцлах DNN.mn

Ан амьтны тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор хамгаалалтад авах, агнахыг хориглосон хугацааг зааж өгдөг ч манайх шиг тас хорьчихдог орон гэж байхгүй. Үүний тод жишээ нь тарвага. Тарвагыг 2010 оноос хойш өнөөг хүртэл агнахыг хориглосон. Жил бүр л тарвага агнасан иргэнийг шийтгэх хуулийг чангалсаар ирсэн. Угтаа устаж болзошгүй, тоо толгой нь эрчимтэй өсдөггүй, эмзэг ан, амьтдыг агнахыг хатуу хориглож болно. Гэвч тарвага бол энэ төрөл зүйлд хамаарах амьтан биш. Эсрэгээрээ үржих чадвар сайтай, тархалт, идээших чадвар сайтай мэрэгч амьтан.

Хатуу хориглосон жилүүдэд тарваганы тоо толгой эрчимтэй өсөж, сүргийн болон удмын бүтцэд нь гажиг өөрчлөлтүүд орох болсон талаар биологичид хэлж байна. Өөрөөр хэлбэл, цус ойртох, бусад халдварт өвчнөөр өвчлөх зэрэг нь элбэг болсон ажээ. Үүнээс болоод тарваган тахал сүүлийн жилүүдэд эрчимтэй бүртгэгдэж, уг тахлаар нас барах хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Хэрэв анхнаасаа тарвага агнахыг хориглодоггүй байсан бол яах вэ. Тахал гэж бараг гарахгүй байх байсан. Анчид хэзээ ч ан амьтны үр төл, эм буюу үржлийн идэвхтэй байгааг нь агнадаггүй. Хамгийн хөгшин, тухайн сүрэгт үр удмаа үлдээчихсэн, залуу эрэгчингүүддээ зайгаа тавьж өгдөггүй бүдүүнийг нь шилж агнадаг. Тэр утгаараа тарвагыг ч адилхан хөхүүл болон мөндөлүүдийг агнадаггүй. Агнаад ч нэмэргүй. Нөгөөтэйгүүр ил, далд байдлаар агнаж, агнасан тарвагаа өндөр үнээр зарахгүй. Өөрөө хэлбэл, хэн ч агначихаж болох зүйлийг хүн өндөр үнэ төлж авахгүй шүү дээ. Тиймээс цаашид тарваган тахалтай бодитой тэмцье гэвэл агнуурын хориог цуцлах явдал юм. Нуугдаж, хаагдан хаа хамаагүй тарвага агнах, тэр дундаа хавхаар агнах нь өвчлөл, тахалд өртөх өндөр эрсдэлийг бий болгож байна.

Тиймээс агнуурыг хориог чөлөөтэй болгож, харин тахлын эрсдэлээс хэрхэн сэргийлэх талын зөвлөгөө мэдээллээ идэвхтэй өгөх хэрэгтэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дүн чухал уу, төлөвшил чухал уу DNN.mn

Хүүхдүүдийг хойрго, аливаад тоомжиргүй хандах хандлагыг бид сүүлийн үед далд ухамсарт нь суулгаад байх шиг. Боловсролын тогтолцооны гажиг, их дээд сургуулийн цомхотголыг ярихдаа Монголын их, дээд сургуулиудын сургалтын чанар муу байгааг дурдаад сурагч бүр заавал их сургуульд элсэх шаардлагагүй хэмээдэг болсон.

Үүнийг дагаад “..арван жилийн дүн чухал биш. Заавал онц сурах шаардлагагүй” хэмээн сурагчдыг тайвшруулах инфлюсерүүдтэй ч боллоо. Мэдээж энэ бүх үгс үнэний ортой.

Гэхдээ цагаан цаастай адилтгадаг хүүхдүүд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа бол. Наанатай цаанатай эргэцүүлж чадаж байгаа болов уу. Бидний бодолтой, бодолгүй хэлсэн үг бүхэн хүүхдэд ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүрч байдгийн жишээ саяхан гарлаа.

Эцэг эх нь хүүхдээ хичээлдээ шамд хэмээн зэмлэтэл “Арван жилийн дүн чухал биш юм байна лээ. Инстаграм дээр миний дагах дуртай хүн “Арван жилийн мэдлэгтэй, мэдлэггүй амьдарчихдаг. Арван жилд үзсэн томьёо ажил дээр гараад хэрэг болдоггүй гэж ярьж байсан” хэмээн хариулж байна гэнэ.

Хүүхэд бүр онц сурах албагүй нь үнэн. Хүүхэд бүр их сургуульд элсэх ёсгүй нь ч үнэн. Гэхдээ суурь боловсрол эзэмших гэж байгаа хойно урдах зорилт руугаа тэмүүлдэг байх хандлагыг төлөвшүүлэх л ёстой. Гэтэл хэн нэгний мотиваци өгөх гэж хэлсэн үгнийх нь дундуур цухалзах эдгээр үгсийг сурагчид соргог гэгч нь хүлээж аваад байна. Энэ нь нэг талаараа хүүхдүүд аливааг хойш тавьдаг, аливаад хойрго, тоомжиргүй хандахын эхлэл болчих вий.

Онц сур гээд байгаа юм биш ч бага насанд нь хайнга хандлагыг төлөвшүүлчихээд хэдэн жилийн дараа сэтгэл, хариуцлагатай, тууштай байдал нэхэх нь бас өрөөсгөл юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Сархинагийн ач тус DNN.mn

Малын дотор дайвар түүхий эдээс эрүүл мэндийн хувьд хамгийн ач холбогдолтой нь сархинаг юм. Малын идсэн өвс тэжээлийн хамгийн шимт хэсэг сархинагийн олон салбангуудын дунд нөөцлөгддөг бөгөөд биологийн идэвхт бодис хамгийн их агуулдаг ажээ.

Тодруулбал, салбангуудын гадарга дээрх хөхлөгүүдэд олон төрлийн фермент, бэлчээрийн ургамлын амьд хүч, түүний нэгдлүүд, амин дэм, эрдэс, биологийн идэвхт бодисууд ихээр агуулагддаг байна.

Сархинагийг хөхүүл эх хүнсэндээ хэрэглэхэд хөхний сүү нэмэгддэг, чихрийн шижинтэй хүнд ч хамгийн сайн хүнс тэжээл гэж мэргэжлийн хүмүүс зөвлөдөг.

Түүнээс гадна нойр булчирхайн өвчнийг эмчилдэг нь уламжлалт анагаах ухаанаар батлагдсан байдаг.

Учир нь фермент, уураг (коллаген) агуулдаг тул нойр булчирхайн өвчилсөн хэсгийг сэргээж нөхөн төлжүүлэх өндөр чадвартай байдаг аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багахан хайр, хүндэтгэл л бүхнийг өөрчилж чадна DNN.mn

Хэд хоногийн өмнө номын дэлгүүрийн кассанд дугаарлаад зогсож байлаа. Хичээл сургууль эхлээд удаагүй байсан болохоор тэгсэн үү пиг дүүрэн хүнтэй. Кассан дээр ч урт дараалал үүссэн байлаа. Бас ч гэж дарааллыг дайраад чичрээд байх нь харьцангуй гайгүй болсон л доо. Гэтэл их сайндаа л 40 гаруй насны нэг эмэгтэй хүүе гэхийн завдалгүй урдуур дайрч ороод, шаардлага тавьсан залуусыг ёстой хэлэх хэлэхгүй үгээр утаж орхилоо. Залуус ч тэгсхийгээд дуугаа хураацгаав. Тэгж байтал бас нэг эрэгтэй өчүүхэн сиймхийгээр мөн л дараалал дайрч, касс нь “Та дарааллаараа үйлчлүүл л дээ” гэж хэлснийхээ төлөө бас л загнуулаад авсан. Яг ийм байдал банкинд, дэлгүүрт зэрэг газруудад анзаарагддаг ч цөөрсөн л гэж бодож байтал үгүй бололтой.

Ерөөс монголчуудын нийтлэг зан төлөвийг ажаад байхад ерөнхийдөө үнэхээр муухай үндэстэн бүрэлдэн бий болжээ. Өчүүхэн эрх ашгийн төлөө байж болох үнэт зүйлсээ худалдахад бэлэн, зөвхөн хар амиа хоохойлсон, хэт аминч үзэлтэй, нэгнийгээ огтхон ч хайрладаггүй. Тэр жил нэлээн учир мэдэх буурал ах “Манайхны хүн чанар, нэг иймэрхүү өөдгүй төлөвшил 50-иад оны сүүл үеэс л эхэлсэн юм даа. Яахав, хот суурин газар төвлөрөөд ирэхээр нэгэнт байсан мөн чанар нь ил гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд өнөөгийнх шиг ийм ч бас байгаагүй юм шүү” гэж билээ. Дахин дахин анзаарч хараад байх нь ээ монголчуудын өөдгүй амин хувиа хичээсэн, надаас бусад нь хүн биш гэж үздэг үзэл, төлөвшил авто зам дээр, бас төрд ажилладаг “хурган” дарга нарт их тод илэрдэг дээ. Албан тушаалаараа дээрэлхэх, дарааллын урдуур дайрах, улаан цагаан өөрийн буруу байхад миний зөв гэж дайрдаг, тэр бүү хэл гарцан дээр хүүхэд мөргөчихөөд аашилж загнадаг, элдвээр хараадаг зэрэг үзэгдэл магадгүй зөвхөн монголчуудад илэрдэг байх гэмээр. Уг нь хүмүүс сэтгэлгээндээ, бодолдоо өчүүхэн жаахан өөрчлөлт хийчихвэл л тун амархаан шийдэгдэж болох асуудал гэж бодогддог. Багахан хайр, багахан хүндэтгэлийг л өөртөө нэмчихэд болоод явчихаар байгаа юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багаа хуулж хаяад байгаатайгаа нүүр тулцгаая DNN.mn

Манай улс цахим орчны хэрэглээгээрээ Азидаа тэргүүлэх байр эзэлж байна. Тэр дундаа өсвөр үе болон залуусын дунд цахим орчны хэрэглээ хамгийн өндөр байгааг судалгааны дүн харуулдаг. Цахим орчны хэрэглээ, үр нөлөө ийнхүү өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед бүхнийг болж, бүтэж, сайн сайхан байгаа мэтээр өөрсдийн орон зайндаа хуваалцаж, дагагчдын тоогоо нэмэгдүүлэх, бусдад таалагдахыг илүүд үзэх болжээ.Тэр хэрээр цахим орчин дахь амьдрал, бодит амьдрал хоёрын зөрүү улам их болсоор байгаа нь сэтгэл зүйчдийн санааг зовоож байгаа аж.

Тэр ч бүү хэл эхээс төрсөн бие, элдэвлээгүй нүүр царайгаа гар утасны элдэв аппликэйшн ашиглаж өөрчилсөөр, түүндээ донтож бодит нүүр царайгаа хүлээн зөвшөөрч чадахгүй амиа хорлосон гунигт түүх бидний дунд байна. Баян, хөөрхөн, царайлаг, булчинтай, тэр ч бүү хэл байртай, машинтай, зуслантай, 2-3 гадаад хэлтэй л бол аз жаргалтай амьдрах талаар хэн номлосон юм бэ. Бусдад мөнгөтэй, өнгөтэй харагдахын тулд ээж аавынхаа тэтгэврийг зээлж машины урьдчилгаанд өгөөд, өөрөө сар бүр өрийн дарамтад толгой өндийх сэхэлгүй суух нь аз жаргал гэж үү.Эсвэл хамгийн сүүлийн үеийн гар утас барихын тулд гурван жилийн цалингаа зээлэх нь зөв сонголт уу.Сүүлдээ өөртөө бус бусдад таалагдахын төлөөх хэт их хэлбэрдэлт хэрээс хэтэрч үр хүүхдүүдээ ч уг чөтгөрийн тойрогтоо татан оруулцуулж байгаа нь жинхэнэ эмгэнэл болоод байна.

Одоо зүгээр л бүхнийг хүлээн зөвшөөрцгөөе. Сайн муу, сайхан муухайгаа, алдаа бас оноогоо, амжилт болоод бүтэлгүйтлээ үнэнээр нь хүлээн зөвшөөрөөд хэсэгхэн боловч амсхийцгээе. Худал бүхнийг далдалсан хуурамч багаа тайлж шидээд, байгаатайгаа нүүр тулцгаая. Аз жаргал гэдэг үнэндээ алс хол байдаггүй. Сэтгэл амар, итгэл дүүрэн, байгаагаа тордож, байхгүйгээ бүтээхийн төлөө үнэнчээр хөдөлмөрлөж, өөдрөг амьдарч байвал тэр чинь бас нэгэн жаргал шүү дээ. Бусадтай өрсөлдөх бишөөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрье.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Нөхөд өө, уул уурхайг гацаавал 12 жилийн ялтай гэдгийг мэдэж байгаа юу? DNN.mn

Сүүлийн 30 гаруй жилд монголчуудын сайн сурсан юм гэвэл том төслүүдээ гацаах, эсэргүүцэх. Стратегийн бүтээн байгуулалт бүхий чухал ордыг тухайн орон нутгийн удирдлагууд, дээлтэй хэдэн малчин эсэргүүцээд эцэг дээдсийн нутаг, уул ус юу юу ч гэнэ үү сүйд болцгоодог. Амиараа солино гээд дайрцгаадаг. Юмны наад цаадахыг мэдэхгүй, эдийн засаг хөгжил дэвшлийн ойлголтгүй тэднийг сумлаад, хөөсийг нь сахартал орилуулаад, нутаг орон чинь ингээд сүйрнэ гээд зориуд балайруулаад, дөгөөгөөд босгоод байдаг бүлэг ард нь бий.

Энэ байдал эцэстээ юунд хүрдэг вэ гэхээр, хэдхэн малчдын үгээр шийдэгдэх, эсвэл сумын дарга нь зах замбараагүй их мөнгө хувьдаа халаасалж, улс орны эрх ашиг биш, хувийн эрх ашиг ноёлдог. Мөнгөөр худалдагдсан дарга төр улсынхаа мэдэлд ч захирагдахаа байдаг. Ямар сайндаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоож, хөрөнгө оруулалтаа татна уу гэж Хятадын дарга руу сумын дарга албан бичиг явуулж байхав дээ. Харин уул уурхайг эсэргүүцдэг, томоохон төслүүдийг зориуд санаатайгаар гацаадаг нөхдийг эх орныхоо хөгжлийг хойш нь татсан, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх болсон.

Хэрэвзээ төсөл гацсан бол тухайн компани алдагдсан боломжийн өртгөө орон нутгийн удирдлага, иргэдээр төлүүлнэ. Ингээд зогсохгүй 5-12 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн хатуу заалттай болсон. Үүнийг аймаг сумдын дарга нар, иргэд малчин мэдэж байгаа юу. Газар нутагтаа жигтэйхэн хайртай хүмүүс болж тэнэглэцгээж байгаад бүгд шоронгийн хаалга татав даа. Дээрээс нь нэмж хэлэхэд, төсөл гацаагчаараа зартай Б.Бат-Эрдэнэ аваргаас өгсүүлээд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь тогтоогдсон нөхдөд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Д.Батболд

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Кутлуг хааны гэрэлт хөшөөний эртний түрэг бичээсийн урьдчилсан уншлага DNN.mn

Түмний анхааралд буй шинэ олдвор бичээсний эрдэм шинжилгээний анхны уншлага болон монгол хэлээрх орчуулгыг толилуулж байна.

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны багийн гишүүд нь: Д.Кыдырали, А.Энхтөр, Б.Напил, Н.Бөгенбаев, Ц.Буянхишиг, Г.Батболд
Гэрэлт хөшөөний оройн хэсгийн хэмжээ нь: 70х74,5 см, өргөн нь 19 см.
Энэхүү гэрэлт хөшөөний бүх талд нь бичээстэй бөгөөд одоо хадгалагдан үлдсэн оройн хэсгийн нүүрэн талд нь 19 мөрнөөс 12 мөр нь тод байна.
№ Эртний түрэг хэлний галиг Орчин цагийн монгол хэлээр
1 Ud yïl: toquzunč: ay: …[……….] Үхэр жил: есдүгээр сар
2 …… ….
3 …..Teŋri: oγlu: [……….] ..Тэнгэрийн: хөвгүүн….
4 Qutluγ qaγan: Türük [……….] Кутлаг хаан : Түрэг…
5 Ur oγlum: M[k]ön…..yü…[……….] Эр хөвгүүн: нүд…
6 Biziŋ:öŋlig:..t.. [……….] Бидний: өнгөт….
7 es[?] : Ïtdïm: bizi: yat: er: [……….] үйлдэв: биднийг харь: эр….
8 Yerde: …..tuz…..[……….] газарт…
9 Tümen: Tümen: [……….] Түмэн :түмэн….
10 es[?] el[is]ig [?]:küčüg: biz[ber-?] Үйл: хүчээ өгч….
11 Atadïm: bi tidim [……….] нэрлэв: бичив….
12 es[?] : Qop ešti [……….] Олонтоо сонсов…….
Одоогийн байдлаар бичээс ийм байдалтай байна. Үлдсэн хэсгийг дахин хэвлэн мэдээлэх болно хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Байцаа дарах арга DNN.mn

Намрын налгар өдрүүд үргэлжилж, ногоо цагаа элбэгшсэн энэ үед ургацаа хурааж, өвлийн хүнсээ бэлтгэн базааж байгаа та бүхэндээ байцаа дарах аргыг хуваалцаж байна. Амин дэмээр баялаг даршилсан байцааг өвөлжин, хаваржин хэрэглэх боломжтой.

Орц: 10 кг байцаа дарахад, давс-190 гр нуурын давс, шар лууван-300 гр, алим-250 гр, үрлэн хар перц-5 гр, лаврын навч-4-5 ширхэг, сонгино дунд зэргийн хоёр ширхэг, хүрэн манжин 2 бөөрөнхий орно.

Бэлтгэх арга: Байцаа дарах саваа угааж, хатааж бэлдэнэ. Заавал хүнсний зориулалттай сав байх ёстойг анхаараарай. Тухайлбал, хуванцар сав, зэв бал гарахгүй паалантай хувин, модон торх байвал илүү тохиромжтой. Тухайн сав сайтар цэвэрлэсэн байх бөгөөд хуурай байх ёстой. Ингээд байцааны гадуурх навчийг хуулж савныхаа ёроолд дэвсэж өгнө. Дараа нь байцаагаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Өөрийнхөө сонголтоор хэрчиж болно. Угааж цэвэрлэсэн лууван, хүрэн манжингаа савхалж хэрчинэ. Сонгиныг дундуур нь хувааж хагас цагираг хэлбэрээр, алимаа мөн жижгэвтэр, өөрийн сонголтоор хэрчинэ. Алим нь C витаминаар баяжуулж өгдөг. Бүх ногоогоо хэрчиж дуусаад урьдчилж бэлтгэсэн том гялгар уутан дээр асгаж давс, амтлагчаа хийгээд сайтар холино.

Гартаа нэг удаагийн бээлий өмсөхөө бүү мартаарай. Одоо хольсон ногоогоо байцааны том далбагар навч дэвссэн дарах сав руугаа хийнэ. Ингээд гурилын гулуузаар жигд сайхан дарж цохино. Удаан цохисны дараа байцааны шүүс ялгарч гарна. Ногоогоо далд орохуйц шүүстэй болох ёстой. Шүүсэнд нь далд ортол ногоогоо цохиж дараад дээр нь цагаан хөвөн цаасан материалаар бүтээж дээр нь хүндрүүлэгч тавина. Хүндрүүлэгчээр байгалийн том хавтгай чулууг ашиглаж болно. Тэгээд савныхаа тагаар таглаад гэрийн темпратурт 3-4 хоног байлгана. 3-4 хоногийн дараа бүтээлгээ хуулж дарсан байцаагаа үзэхэд дээр нь хөөсөрхөг, нялцгай өнгөр үүссэн байна. Энэ зүйлийг авч хаяад амсахад давслагдсан иссэн байцааны амт орсон бол даршлагдсан байна гэж үзнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Йоханнес Шилтбергерийн аялал” DNN.mn

Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс “Йоханнес Шилтбергерийн аялал-Татар болон Османы улсад боол мэт өнгөрүүлсэн он жилүүд 1394-1427” хэмээх онц сонирхолтой номыг эрхлэн гаргасан бөгөөд уг номыг Г.Одбаяр герман хэлнээс орчуулж, тайлбар хийжээ. Уг номын агуулга нь Монголын эзэнт гүрний задралын эхэн үе болох XIV зууны адгаар Байерн гаралтай Йоханнес Шилтбергер гэх цэрэг Алтан ордны болон Ил хааны харьяат түрэг ноёдын ордонд өөрийн биеэр туулан өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай тэмдэглэн үлдээсэн тухай юм. “Йоханнес Шилтбергерийн аялал-Татар болон Османы улсад боол мэт өнгөрүүлсэн он жилүүд 1394-1427” бүтээл нь германд ихээхэн алдарт гарч маш олон удаа хэвлэгдэж байсан ба монгол хэлээр анх удаа орчуулагдсан нь энэ ажээ. Йоханнес Шилтбергер анх 14 настайдаа өөрийн эзнийхээ хөтөч болж европ руу довтолж байсан Төмөр хааны харьяат түрэгүүдтэй тулалдахаар эх нутгаасаа гарчээ. Номын зохиогч бээр татаруудын дунд нийтдээ 30 орчим жил амьдарсан ба тухайн үеийн амьдрал ахуй, соёлын онцлог ёс заншлуудын талаар тун сайн тэмдэглэн үлдээсэн тухай номын оршилд өгүүлсэн байна. Энэхүү ном нь нийт 67 бүлэгтэй. Гэхдээ уншихад тун хялбар богино хэсгүүдтэй. Номын зохиогч удиртгал хэсэгтээ “…Энд би татаруудтай тулалдсан хийгээд тэдний дунд өнгөрүүлсэн цаг мөч бүхэнд бодож явсан, үзэж харсан их хотууд, ус мөрөн, газар орны тухай бүрэн биш боловч үнэн мөнийг бичив. Өөр өөрийн хэлээр ярьж бичдэг олон улс хотууд бас олон онцгой сониныг би үзсэн билээ” гэснээс эхлээд бүтээл хэр сонирхолтой болох нь мэдэгдэнэ. Ромын эзэнт гүрний хаан Унгарын Сигисмунд гэгч буруу номтны эсрэг Загалмайтны улсуудыг уриалан аян дайнд гарсан ба Йоханнес Шилтбергер Дунай мөрний эрэгт байх Никополис цайзын тулаанд оролцож. Харамсалтай нь загалмайтны нэгдсэн арми ялагдал хүлээж, тухайн үед 16-хан настай байсан тэрээр олзлогджээ. Номын зохиогч нэгэнт 20 нас хүрээгүй байсан тул цаазлуулах ялаас хэлтэрч амь гарч чадсан бөгөөд гав гинжинд хүлээтэй 500 гаруй км замыг явган туулж султан Баяазидын ордноо хүргэгдсэн байна. Ингээд л түүний олон жилийн аялал, зовлон зүдүүр, туулах ёстой ирээдүй нь нүүр тулан иржээ. Хэрэв тэрээр цаазлуулах ч юм уу, нөхцөл арай өөрөөр эргэсэн бол энэхүү түүхийн үнэт сурвалж болох бүтээл хэзээ ч төрөн гарахгүй байсан биз ээ. Зохиогч нь олон олон тулаанд султаныхаа төлөө тулалдсан ба өөрийн 60 нөхдийн хамт зугтсан боловч эргэн бууж өгч нийтдээ 12 жилийн турш түрэгүүдтэй амьдарсан байх юм. Гэсэн ч хувь заяаны эрхшээлээр Төмөр хааны албат болж, дараа нь удам залгасан хөвгүүд ач нарынх нь албат болжээ.

Номын долдугаар бүлэгт “Яаж Баяазид Самсон хотыг ноёрхов” нэртэй ба уг бүлгийг сонирхуулъя. “Дараа зунаа Баяазид 80.000 цэрэг авч Цаника орны нийслэл Самсон хотыг бүслэв. …Хотын эзэн нь улсынхаа нэрээр Симайд гэж нэрлэгдэнэ. Эзэн нь хотоо орхин зугтаж, харьяатууд нь бууж өгөв. Баяазид тэр орныг хот, иргэдтэй нь эзлэн авав” гэж өгүүлнэ. Мөн 20 дугаар бүлэг “Төмөр хааны үхлийн тухай” өгүүлнэ. “Төмөр асар их уур хилэнгийн улмаас өвдөж нас барсан. Уур хилэнгээс болж үхэхэд гурван шалтгаан байсан. Эхнийх нь түүний нэг албат алба барихаар ирж явахдаа оргосон нь их гутамшигтай гэх. Удаахь нь Төмөр гурван хатныхаа залууд нь хамгийн хайртай байсан. Төмөр дайнд мордохдоо нэгэн ноёноо хатантайгаа үлдээсэн бөгөөд эргэн ирэхэд нь их хатан нь түүнд бага хатан нь албаттайгаа наргин цэнгэсэн тухай хэлжээ. …Гурав дахь нь мөнөөх ноёныг барьж чадаагүйдээ ихэд уурсан хорссон ба удалгүй тэнгэрт хальжээ. …Миний ийнхүү өгүүлсэн бүхэн Төмөр хааны эрхэнд зургаан жил амьдрахад минь тохиолдсон болон биеэр оролцсон явдлууд билээ”.

Эрхэм уншигч, түүх сонирхогч та бүхэн энэхүү тунчиг сонирхол татам номыг авч уншина гэж итгэж байна. Бас нэг зүйлийг хэлэхэд, уг номын герман эхийн гэрэл зургийг давхар хавсаргаснаараа онцлог бүтээл болжээ.