Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Б.Авид: Байгалийн хийг ашиглаад устөрөгч гаргах аргыг манайд хэрэгжүүлэх боломжтой DNN.mn

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авидтай ярилцлаа.


-Япон болон Австрали улсын засгийн газартай хамтраад хүрэн нүүрснээс устөрөгч гарган түүгээрээ усан цахилгаан станц хийж байна. Хүрэн нүүрснээс устөрөгч гаргаж авах ерөнхий технологийн талаар тайлбарлаач?

-Ер нь устөрөгч хамгийн сайн өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн. Түүгээр цахилгаан гаргаж авах, мөн өөр бусад хэлбэрээр ашиглах боломжтой түүхий эд. Өнөөдөр устөрөгчөөр юу хийж байна гэвэл бордоо хийж байна. Бордоонд шаардлагатай аммиакийг гаргаж авахын тулд устөрөгч хэрэглэж байгаа. Түүнчлэн химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрт өргөнөөр ашиглаж байна. Устөрөгчийг гаргаж авах олон арга байдаг. Түүний нэг нь хүрэн нүүрснээс гаргаж авах арга юм. Устөрөгч гаргаж авах хамгийн гол арга нь байгалийн хийг хувиргаж гарган авдаг. Мөн хүрэн нүүрсийг хийжүүлж гаргаж авдаг. Уснаас мөн гаргаж авч болно. Тэгэхдээ энэ арга нь одоогоор эдийн засгийн хувьд ашиггүй. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд гаргаж авч буй устөрөгчийн 80 хувийг байгалийн хийнээс гаргаж авч байгаа юм. Тодорхой түвшинд бага хувиар нүүрснээс гаргаж авдаг. Тэгэхээр байгалийн хий бол манай оронд байхгүй. Тийм учраас бид ашиглагдахгүй байгаа хүрэн нүүрсээ боловсруулж устөрөгч гаргаж авах боломжтой. Ерөнхийдөө Монголд нүүрсний төрөл бүрийн судалгаа тодорхой түвшинд маш ихээр хийгдэж ирсэн, устөрөгчтэй холбож ярихад бид нийлэг хий гаргаж авах зорилгоор судалгаа хийж ирсэн. Нийлэг хий гэдэг нь устөрөгч болон нүүрсхүчлийн дутуу ислийн холимог. Үүнийг гаргаж авахын тулд олон жил судалгаа хийж ирсэн, харин цэвэр устөрөгч гаргах тал руу явахгүй байсан. МУИС, ШУТИС, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн бол энэ чиглэлийн судалгаануудыг хийх тоног төхөөрөмж болон судлаачидтай. Тэгэхээр бид нийлэг хий гарган авч түүгээрээ шингэн түлш буюу бензин, шатахуун гаргаж авах чиглэл рүү судалгаагаа хийж байсан. Яг цэвэр устөрөгч гаргаж авахад дагаад маш их хэмжээний нүүрсхүчлийн хий буюу хүлэмжийн хий гардаг. Энэ нь дэлхийн дулаарлын гол буруутан учраас энэ асуудлыг мөн давхар шийдэх ёстой байдаг.

-Австрали улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гаргаад цахилгаан станцдаа нийлүүлж байна. Манайх нүүрсээ устөрөгч болгоод нийлүүлж болох уу?

-Зарчмын хувьд устөрөгч бол хамгийн өндөр илчлэгтэй хамгийн сайн түүхий эд. Шатаалтаар буцаад ус болдог, өөр хаягдал байхгүй. Устөрөгчөөр ажилладаг ямар нэгэн цахилгаан станц, машин хийх нь байгаль орчинд ээлтэй, хамгийн зөв технологи. Хамгийн гол нь устөрөгчөө эвтэйхэн гаргаж авах юм. Манай орноор хийн хоолой дамжин өнгөрнө гэж яригдаж байгаа. Тэгэхээр хийн хоолойгоор байгалийн хий дамжина. Байгалийн хийг ашиглаад устөрөгч гаргах аргыг манайд хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс устөрөгчийг гаргахдаа бид анхаарах ёстой юм. Нөгөө талдаа гаргаж авсан бүтээгдэхүүнээ ашиглах дэд бүтэцтэй байна гэдэг хамгийн чухал.

-Манай улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, хүрэн нүүрсний арвин их нөөцтэй. Бид энэ төсөлд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Яагаад гэвэл манайх арвин их нөөцтэй. Сайн чанарын чулуун нүүрс болон коксжсон нүүрсээ экспортолж байгаа. Хүрэн нүүрсээ бол цахилгаан станцдаа шатааж байгаа, хэрэглээ нь харьцангуй бага. Ихэнх хүрэн нүүрсний нөөцөө бид ашиглаж чадахгүй байгаа. Хүрэн нүүрсийг ашиглах боломжтой чиглэл нь устөрөгч гаргаж авах. Устөрөгч гаргаад авчихвал янз бүрээр хэрэглэнэ. Устөрөгчийг гаргаж авахаар нүүрсхүчлийн хий ихээр үүснэ гэж түрүүнд дурдсан. Тиймээс нүүрсхүчлийн хийг яах вэ гэдгийг давхар бодох ёстой. Бид Киотогийн протоколд нэгдсэн орон учраас нүүрсхүчлийн хийг чөлөөтэй үйлдвэрлээд байж болохгүй. Киотогийн протоколоор нүүрсхүчлийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулж улс бүр 1990 оны түвшинд хүргэх ёстой. Тиймээс бид CO2-ыг ихэсгэхгүй байхад давхар анхаарах ёстой. Дэлхий нийтээр хурааж, хадгалдаг технологийг хөгжүүлэхэд анхаарч байна. Бид устөрөгчийг гаргахдаа ч мөн анхаарч энэхүү технологийг хөгжүүлэх нь зүйтэй.

-Таны бодлоор нүүрсхүчлийн хийг багасгахад ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Дэхийн дулаарлын гол буруутнуудын нэг бол хүлэмжийн хий гэж ярьдаг. Тэгэхээр хүлэмжийн хийг яах вэ гэдэг нь мөн том асуудал. Хүлэмжийн хийг бууруулах аргуудыг хүмүүс хайж байна. Нэгдүгээрт, түүнийг хадгалах хураах. Өөрөөр хэлбэл, нефть гаргаж аваад цооног үлддэг, тэр нефтийн цооногт хий оруулаад дарах гэх мэт төрөл бүрийн судалгаа хийж байна. Мөн их хэмжээний мод тарих юм бол нүүрсхүчлийн хийг шингээнэ. Цэвэр устөрөгч гаргаж авах гээд их хэмжээгээр нүүрсхүчлийн хийг гаргах нь дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй. Тиймээс нүүрсхүчлийн хийг ашиглах, бууруулах судалгаа хийх ёстой. Нүүрсхүчлийн хийг ашиглах чиглэлийн судалгаа бас улс орнуудад ихээр хийгдэж байгаа.

-Манай орны хувьд устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц барих боломжтой юу?

-Зарчмын хувьд боломжтой. Гэхдээ устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц цоо шинэ технологи.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хооллох үедээ утсаа битгий оролдоорой DNN.mn

Хооллох үедээ зурагт үзэх, утсаараа оролдох, ямар нэгэн зүйлд яарах зэрэг нь таныг зохих хэмжээнээс илүү их хэмжээгээр хооллох шалтгаан болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Их Британийн Бирмингемийн их сургуулийн судалгааны багийн хамт олон анхаарал болон ой тогтоолт нь бидний хоол хүнсний хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг талаар судалсан байна.

Тэд судалгаанд оролцсон хүмүүсийг хоёр бүлэгт хуваан, эхний бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь зурагт үзүүлсэн бол нөгөө бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь юу ч үзүүлээгүй аж.

Тэд судалгаанаас хооллох үедээ өөр зүйлд сатаарах нь хэт их хэмжээгээр идэхэд хүргэдэг, хоолондоо анхаарал хандуулах нь дараа нь таныг бага хэмжээгээр хооллоход тусалдаг гэсэн хоёр үр дүнд хүрчээ.

Мөн хооллож байхдаа өөр зүйлд сатаарснаар бодисын солилцоо удаашрах, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орох, сэтгэл ханамжгүй болох, ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөл зэрэг сул талтай.

Та эрүүл, зөв хооллохын тулд ямар хүнсний бүтээгдэхүүн сонгохоос гадна хоолоо хэрхэн идэж байгаадаа ч анхаарал хандуулах хэрэгтэй. Хооллох үеэр зурагт үзэх, утсаа оролдох, ном унших зэргээр өөрийгөө сатааруулахын оронд идэж байгаа хоолныхоо өнгө, үнэр, амт, хэлбэрийг ажигла, мэдэрч хооллохыг хичээгээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралд бид ямар их хайртай юм бэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨХ “АМЬДРАЛД БИД ЯМАР ИХ ХАЙРТАЙ ЮМБЭ” ХЭМЭЭХ ЖИЖИГ БИЧВЭРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Сансар огторгуйд өөрийгөө оршуулах хүсэлтэй хүмүүсийн дараалал дийлдэхээ больсон гэнэ. Америкийн нэгэн компани 1997 оноос хойш ийм үйлдэл хийж эхэлсэн бөгөөд одоог хүртэл 14 орны хэдэн мянган хүнийг сансарт оршуулжээ. Энэ нь нас барсан хүний чандарыг маш жижиг саванд хийгээд сансар руу илгээдэг ёслол маягийн үйл юм байна. Яагаад хүмүүс ийм хүсэлт гаргадаг юм бол гэж уншигч та бодож байна уу. Энэ нь ямар нэгэн чамирхал, мөнгөө барж ядсан хүний зан биш ердөө л дахин амьдрах боломжийг хайсан эцсийн горьдлого юм байна. Учир нь “хэзээ нэгэн цагт соёл иргэншил тэрхүүчандарыг олж аваад өөрийг нь дахин төрүүлж магадгүй” хэмээх сүүмэлзэх төдий найдлагад тэд эцсийн хүслээ даатгадаг ажээ.

Мөн өөрийн эд эсийн нэгээхэн хэсгийг хэдэн зуун жилээр хадгалах гэрээ хийгээд ертөнцөөс буцдаг зэрэг нь дахин амьдрах боломж гарвал алдахгүй юм шүү гэсэн найдлагаас өөр юу ч биш билээ.

Амьдрах нас хязгаартайг бид бүгд мэднэ. Тэгэвч хэн ч энэ амьдралаас буцахыг хүсдэггүй. Байгаад л баймаар, амьдран суумаар дэлхий шүү дээ. Өглөө бүр нар мандахыг харах, өвлийн шуурга исгэрэх, хаврын шувууд зэл татан ирэх, навчис өшгичин алхах, үр хүүхдээ өсгөх, найз нөхөдтэйгээ уулзах нь ямар их үнэ цэнэтэйг буцаж байгаа нэгэн маань дэндүү их мэдэрдэг биз ээ. Нээрээ ч яг өнөөдөр үүнийг бичиж байгаа маань ч, та уншиж байгаа нь ч давтагдашгүй юм. Давтагдашгүй он цагийг дэмий өнгөрүүлэхгүй байх нь л өнөөдрийн бидний хийж чадах хамгийн том зүйл юм байна. Өнөөдөр бол маргааш ирэхгүй цаг хугацаа. Өнөөдөр юу амжуулах ёстой вэ, түүнийгээ хойш нь тавилгүй хийгээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эмээтэй дрифт DNN.mn

Налгар намрын өдрүүд үргэлжилсээр. Намрын өнгө, гоо үзэсгэлэн юутай онцгой сайхан. Навчис шаргалтан хийсч, хангайн уулсад хурын солонго асгарчихав уу гэлтэй үзэмж төгөлдөр харагдана. Ил тайвшрал дундаас өнгөрсөнд үлдсэн дурсамж сэтгэлийн гүнээс оргилон цалгиж, тархинд задрахдаа зарим нь нулимс болон гадагшлах нь бий.

Эмээтэй, дэндүү сайхан эмээтэй байлаа, би. Тээр жилийн өвөл юм уу даа. Эмээ, ээж, аав, эгч нараа машиндаа суулгаад хөдөө байх нагацынх руугаа явлаа. Нагацынд хүрэх зам өвөлдөө гол дээгүүр давхиад оччихдог, их зугаатайсан.

Мөсөн дээр яваа учраас жаахан дүрсгүйтмээр санагдлаа. Ингээд огцом рулиэ дарж, бага зэрэг карданаа таттал машин ёстой сургаагүй хангал адуу шиг суурин дээрээ эргэлдэж бусгалаа. Хойно сууж явсан ээж, эгч нар хашгиралдаж зүрх нь амаараа гарах шахав. Машин зогслоо. Ээж, эгч хоёр “Өвчтэй амьтан бэ, яаж байгаа юм” гээд уурлах аястай араас нударч байна. Аав ч үг дуугарсангүй. Харин хажууд сууж явсан эмээ маань буйлан шүдээ булталзуулан хүүхэд шиг ход ход инээж байх юм. “Хүүе эмээ та зүгээр үү” гэтэл “Зүгээр ээ миний хүү” гэж байна. Би цаашлуулаад “Эмээ гоё байна уу, нахих уу” гэлээ. Эмээ “Күй хүү минь, болохоор бол тэгье” гэж байна шүү. Их л таалагдсан бололтой. Хамгийн сүүлд хэзээ ч ингэж мөсөн дээр тоглосон юм, хөөрхий. Хүүхэд насных нь дурсамж сэргэж, сэтгэлийнх нь гижиг хүрсэн бололтой. Эмээтэй дрифт, эмээтэй хамт аянд мордох хөгжилтэй хийгээд сайхан. Хүн хөгшрөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг нь үнэн аж. Тэр үед хүүхэд шиг инээж байсан хөх торгон дээлтэй эмээ минь дээ…

Намрын сар дундаа орж, хангайн халиун буга хаа нэгтээ урамдсаар. Намар, намрыг аргадан суух налгар сайхан буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул DNN.mn

“Би өөдрөг байх ёстой”. Энэ үгийг өрх гэрийн тэргүүн бүхэн өөртөө хэлэх цаг ирсэн юм шиг байна. Бид л пээдгэр, өөртөө итгэлтэй ажиллаж амьдрахгүй бол цаад муусайн эхнэр хүүхдүүд чинь нервээ дийлэхгүй нь. Монголын нийгэм, Улаанбаатар хот гэж хаашаа л харна хар яр гэсэн хүмүүсээр дүүрлээ. Ихэнх нь эмэгтэйчүүд минь харагдах. Ингэж эмэгтэй хүнийг, эх хүнийг, эмэгтэй хүүхдүүдээ стресстэй явуулж болохгүй. Тэд байхгүй бол бид байхгүй. Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул. Би тэгдэг болоод байгаа. Эмэгтэй хүн хэрүүл өдвөл “Чиний түмэн зөв” гээд шууд бууж өг. Тэглээ гээд тэд муусайны тэнгэрт гардаг гэж юу байхав. Хэзээдээ л эрийн доор хүмүүс. Энэ нь улны хүн гэж байгаа юм биш шүү. Үүндээ тулах юм бол эмэгтэй хүн бүхэн тэнгэрийн аянга. Энэ хотын стрессийг хамгийн түрүүнд багасгах хялбар арга бол алхам тутамдаа эмэгтэй хүн бүхэнд гүн хүндэтгэлтэй хандах явдал юм. Энэ соёлд суралцах аваас нийгмийн нерв үлэмж багасна.

Эхэнд хэлснээр аав бүхэн өөдрөг байж, аавуудын амнаас болохгүй бүтэхгүй гэсэн үг цөөн гарч, “Асуудлыг аав нь шийднэ, ард нь гарна, бүх зүйл сайхан болно” гэсэн үгээр гэр бүлдээ итгэл өгч, инээмсэглэл дүүрэн зурагтын удирдлагатай ноцолд. Гэрийг гэргий хүн ганцаараа гэрэлтүүлдэг юм биш, аавууд бас гэрэлтүүлнэ. Аавын хөмсөг атираатай айлын амьдрал бараан байх нь тодорхой. Гэрийн эзэн нервээ дийлэхгүй бол гэргий чинь сэтгэл санаа тогтворгүй байх нь бас тодорхой. Үүгээрээ сургаал айлдаад байгаа юм биш, зүгээр л амьдралынхаа туршлагаас ярьж байна.

Төгсгөлд нь хэлэхэд чи эр хүн юм бол эмэгтэй хүнтэй маргалдан өөрийгөө доош нь хийх хэрэггүй. Зүгээр л удирд.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

С.Будням: Дотооддоо инновацийн салбаруудаа зөв сонгож хөгжүүлбэл валют олж чадна DNN.mn

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухаан доктор С.Буднямтай ярилцлаа.


-Эдийн засаг хүнд байгааг цар тахал болон ковидтой холбон тайлбарлаж байгаа, төр засгийн зүгээс. Цаашид бидэнд мөнгө олох ямар боломжууд байна вэ?

-Гадны нэмүү өртөг бүтээдэг улс руу бид түүхий эдээ өгдөг. Жишээлбэл, ашигт малтмал байна. Уул уурхайгаас өөр мөнгө олох боломжуудаа эрэлхийлэх ёстой. Шийдвэр гаргагчид эдийн засгаа солонгоруулна гэж байнга ярьсаар ирсэн. Тэгэхээр хөгжлийн бодлогодоо юун түрүүнд монгол хүн гэж хэн бэ гэдгийг харуулах ямар салбар байгаагаа чиг шугамаа болгож, хөгжүүлэх ёстой. Монгол хүнийг насан туршид нь тэжээж ирсэн уламжлалт нүүдлийн аж ахуйгаа түшиглэн мөнгө олох боломж бий. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол органик гэдэг утгаар гадныхан их сонирхоно. Иймээс энэ салбарт хамгийн түрүүнд орчин үеийн ямар л технологи байна тэр бүгдийг нэвтрүүлэх ёстой. Ингэж чадвал бид хүнсний асуудлаа дотооддоо бүрэн шийдэж болохоор байгаа юм. Малаас гарах бүхий л түүхий эдийг орчин үеийн технологиор дэлхийн жишигт хүртэл боловсруулж, нэмүү өртөг шингээх бүрэн бололцоотой. Инновацийн хэд хэдэн гол чиглэлүүдийг сонгож аваад кластер үүсгэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ашигладаг, түүхий эдийг боловсруулдаг энэ салбар дахь бүгдийг уяж өгөх нь чухал. Ингэж дотооддоо инновацийн шинэчлэх салбаруудыг зөв сонголт хийвэл гаднаас валют олж чадна. Нүүрстэй адил гэсэн үг. Өнөөдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр савлахад яадаг билээ дээ. Тэгэхээр бидний өөрсдийн бүтээсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэ орвол доллар татах том боломж

-Гадны өндөр технологиудыг Монголын хөрсөнд нутагшуулахад юуг анхаарах ёстой вэ?

-Нэгдүгээрт, кластер гаргах хэрэгтэй. Өөрийнхөө эдийн засгийг солонгоруулахад боловсруулах үйлдвэрийн салбаруудаа дэмжих ёстой. Тэднийг зангидаж байгаа нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар байна. Хөдөө аж ахуй гэхээр хүнсний үйлдвэр нь сэргээд ирнэ. Дээрээс нь малаа үүлдэржүүлэх хэрэгтэй. Ингэх юм бол хөнгөн үйлдвэрийн салбарууд бас сэрнэ. Ийм маягаар эдийн засгийнхааа бүтцийг балансжуулмаар байгаа юм. Салбарын холбоосыг технологиор л дамжуулах ёстой. Нэмүү өртөг шингээсэн оюуны багтаамжтай технологи оруулж ирэхийг хэлээд байна л даа. Долоо, найман салбарыг санхүүжүүлбэл бусдыгаа өөд нь татна. Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 зэрэг хөгжлийн хөтөлбөрүүд дэвшүүлсэн. Эдгээр бодлогын баримт бичгээ боловсруулахдаа хүртэл гадна байгаа технологийн хөгжлийг эргэж харах ёстой. Шинжлэх ухаан, технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байна шүү дээ. Тэгэхээр мөнгө олоход шинэ технологи юу юунаас чухал.

-Энэ тал дээр манайд ямар байна вэ?

-Хоёр дутагтал байгаа. Нэгдүгээрт, хувийн хэвшлийн салбарууд шинжлэх ухааныг хүлээж авах мэдрэмж муутай байна. Жижиг, дунд үйлдвэрүүд анх зах зээлд суралцаж эхлэхдээ голдуу бартераар солих юм уу, гадны хэрэгцээгүй болсон хуучин технологи авчирдаг байсан. Хоёрдугаарт, бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийнхөө салбарын хөгжлийг харахдаа шинжлэх ухаан,шинэ технологи хэрэгтэй гэдэг мэдрэмж байхгүй. Барууны орнуудын үндэстэн дамнасан том компаниуд бол өөрийнхөө дэргэдээ мотиваци центртэй байдаг. Тухайн салбарын хөгжлийг ойрын хэдэн жилд ямар технологи суулгах уу, юуг эзэмшиж нэвтрүүлбэл дэлхийд байр сууриа өргөтгөх үү гэдэгт тусгайлан бодлого гаргадаг. Түүнээс биш манайх шиг бүх юмыг төр хариуцахаар мөнгө нь ч байхгүй. Нөгөө талаар манай бизнес эрхлэгчид орчин үеийн бизнесийн хөгжлийг бага мэдэрч байна.

-Төрийн зүгээс юу хийх ёстой юм бэ?

-Ерөөсөө төр зохицуулах ёстой. Бизнесийнхэнтэй зөв харьцаж, тэднийг соёлжуулахад анхаарна. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 жилд их, дээд сургуулиуд, Шинжлэх ухааны академийн судалгаа хийдэг хүрээлэнгүүд төрийн бодлогын хараанаас гадуур явж ирсэн. Тэд ямар ч шинэчлэл хийж чадалгүй, боловсрол ч гэж боловсрол алга. Шинжлэх ухаан ч гэж авах юмгүй болов. Тэднийг буруутгах ч аргагүй. Боловсролын систем бүхэлдээ оюутны төлбөр дээр буусан учраас чанар нь муудсан шалтгаан ийм юм. Одоо төрийн зүгээс боловсролын салбартаа анхаарах нь хөгжлийн том хөшүүрэг болно. Эрх чөлөөг шинжлэх ухаан боловсролын салбар олгодог. Түүгээр дамжиж хөгжил бий болно. 21 дүгээр зуунд өрсөлдөөн оюуны салбарт явна. Манай хүмүүс өндөр боловсролтой, чанартай бүтээгч байх юм бол хэн ч, хаана ч амьдрах чөлөөтэй болчихлоо. Ингэснээр дэлхийн хөгжилд нэмэр болно гэсэн үг.

-Эдийн засгийг тэлэхэд гадны хөрөнгө оруулалт юу юунаас чухал. Манайх яавал тэднийг татаж чадах вэ?

-Уул уурхайгаас гадна валют татах салбараа олчих юм бол гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Гадны хөрөнгөгүйгээр хөгжсөн улс гэж хаана ч байгхгүй. Шинэчлэл хийсэн орон дотроос Япон, Сингапур, Финлянд, Тайваньд ажиллах хүчин хэрэггүй байсан юм байна. Хүмүүс нь боловсролтой байсан учраас. Шинэчлэл хийх гэж байгаа бодлогыг хүлээж аваад технологийг нь маш хурдан эзэмшиж чадсан болохоор хөгжсөн. Ер нь эдийн засгаа шинэчилсэн дэлхийн түүх бол 20-25 жилийн хугацаанд он оноор нь хөрөнгөтэй, хүрэх зорилттой нь нарийн тодорхойлсон байдаг юм. Ялангуяа БНСУ-ын хөгжил ингэж явсан. Төр нь бизнесийнхэн болон иргэдтэйгээ хамтарсан байгаа юм. Тэдний хөгжилд иргэдийн дэмжлэг маш чухал байв. Ерөнхийлөгч Пак иргэддээ хандан “Та нар өөрөө өөрсдөө өөрчлөгдөөд хөгжицгөө” гэдэг лоозон дэвшүүлсэн нь ард түмэнд хүрсэн. Өмнөд Солонгосын жижигхэн хошууг хачин сайхан болгосон. Усан онгоцны Бусон боомтыг хөгжүүлэхэд том компанийн захирлуудаа дуудаад “Та нар энд хөрөнгө оруул” гээд бизнесийн эрх чөлөөг нь өгсөн. Тэр боомт дорхноо босоод ирсэн. Бусоны боомт байхгүй байхад Германы Хамбург маш ашигтай байсан. Гэтэл Бусон боомт ажиллаж эхэлснээр тэдний орлого багассан. Ийм л нүүр царайтай бизнесийг Монгол олох хэрэгтэй. Үүн дээр төр засгийн зүгээс анхаарах ёстой. Сая шинээр байгуулагдсан хоёрыг яамны хувьд салбар хоорондын холбоосыг яаж нягтруулах уу, ямар кластеруудыг хаана, хаана гаргах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Баруун аймагт, Сэлэнгэд ямар кластер байх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэх юм бол жигд хөгжил ирнэ. Одоо Улаанбаатарт төвлөрөл нэмэгдэж, хөдөө орон нутагт хүртээмж тааруу байна шүү дээ. Амьралын ялгаа асар их. Хэрэв бүсчилсэн хөгжлийн бодлогоо бүхэлд нь зангидаж, “Алсын хараа-2050” мэт хөтөлбөрөө эргэж хараад, Шинэ сэргэлтийн бодлогодоо ч тодорхой хөрөнгөөр нь уяад, аль аль салбарт яаж мөнгө хаях вэ гэдгээ яам хийх ёстой. Технологийн эрин зуунд үндэсний цахим платформыг салбар яам нь бий болгох нь нэн түрүүнд хийх ажил. Төрийн бичиг цаас гэлтгүй яамдын гаргаж ирсэн нэгдмэл салбар дундын холбоосын хөтөлбөр цахим платформ дээр хамгийн хямд явах ёстой. Цахим эдийн засгийн гол онцлог энэ. Улсын хэмжээний бүх өгөгдлүүд нэгдсэн тавцан дээр бүрэлдээд хоорондоо харилцан солилцох бололцоотой. Өндөр мэргэжилтэй хүмүүсээ сайн бэлдэх юм бол маш амархан хийчих ажил. Тиймээс их, дээд сургуулиуд өөрийнхөө сургалтын программыг өндөр түвшинд аваачаад, эдийн засийн баялаг бүтээдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх ёстой. Дэлхийн жишгээр их сургууль төвлөрсөн, мэдлэг үйлдвэрлэдэг кластер болохыг хэлж байгаа юм.

-Бид дэлхийд өрсөлдөх брэнд үйлдвэрлэнэ гэж ярихаасаа урьдаар хоёр хөрш рүүгээ экспортолдог орон баймаар байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Эхний байдлаар хоёр хөршийн сонирхол бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байна. Түүхийгээр нь биш, боловсруулсан байдлаар авах туйлын их сонирхолтой. Энэ хоёр бол идэж дуусахгүй. Харин манайхан хангахад анхаарах ёстой. Юун түрүүнд бид хэрэглээний барааны хувьд импортын хамаарлыг багасгах хэрэгтэй. Боловсроуулах үйлдвэрүүддээ бодлого гаргамаар байна.

Хүнсний, хөнгөн үйлдвэрийг кластеруудыг газар нутгийнхаа географикийн байршлаар хаана бололцотой байгааг тодорхойлох ёстой. Эхлээд дотоодоосоо мөнгө олдог салбаруудыг ол, эсвэл тэр салбарууд дээрээ гаднаас хөрөнгө татах хэрэгтэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Д.Сарангэрэл сайдын “улны” иргэд DNN.mn

Шог зураач С.Цогтбаярын зургаас...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ удаа гурав дахь яамныхаа нүүр үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрыг дахин шинэчлэн бүрдүүлэхэд түүнд гурав дахь боломж олдсон нь энэ. Салбартаа сайнаар үнэлэгдсэн сайд А.Ариунзаяаг мөргөж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсон. Тэрбээр “Чамлалттай санагдаж магадгүй ч эхний ээлжинд 1520 өрх буюу манай яамныхны нэрлэдгээр улны айлууд буюу үнэхээр ядуу байгаа. Бид улны буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх, үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлээд, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө. Түүнээс гадна ар гэрийг нь хоёр жилийн хугацаанд харж үзээд, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж өгнө. Энэ ажлыг энэ оны арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байгаа” гэв.

Хамгийн ядуу өрхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Улны айл” гэж нэрлэдэг болохыг сайд нь хэлэв. Д.Сарангэрэл сайд угтаа “улны” гэж доромжилж байгаа айл өрхийн иргэдийн саналаар гишүүнээр сонгогдсоноо мартсан юм болов уу. Тэрээр 2012 оноос хойш гишүүнээр сонгогдож гурван ч удаа Монгол Улсын сайдын эрх ямбыг эдэлж, тасралтгүй 10 жил Монгол төрийг удирдаж байгаа энэ хүн иргэдээ “улны”, “улны биш” гээд ялгаад сууж байгаа нь эмгэнэл. Сам, үсний будагны мөнгийг төсвөөс өгч үсчин болгоно гэж байснаас хамаа намаагүй тараадаг халамжийн бодлогоо танах хэрэгтэйг эхлээд нэг харчихаасай, эрхэм сайд.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаарай DNN.mn

Хүүхдийн төрсөн өдөр дөхөхөд эцэг эхчүүд баяр хөөр болж, баярыг мартагдахааргүй сайхан тэмдэглэх гэж сэтгэл гарган бэлддэг бол зарим аав, ээж эсрэгээрээ огт тоохгүй өнгөрдөг. Харин хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхгүй байх нь сөрөг үр дагавартай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Доктор Вулли хүүхдийн таван насны төрсөн өдрөөр үдэшлэг зохиоход хамгийн тохиромжтой гэж үзжээ. Энэхүү төрсөн өдрийн үдэшлэгийн ачаар хүүхдүүд өөртөө итгэлтэй болно. Хүүхэд өөрт нь зориулсан баярын өдөр гэр бүлийнхээ хайр энэрлийг мэдэрч, аав ээж нь түүнд ямар их хайртайг, гэр бүлийнхээ чухал гишүүн гэдгээ мэдэрнэ. Тэдний төрсөн өдөр бол эцэг эхийнх нь амьдралын хамгийн чухал өдөр.

Тэднийг сайхан дурсамжтай болгоно. Доктор Вуллигийн судалгаагаар хүүхдүүдийг том болох үед бага насандаа ямар байсан гэх мэт өдөр тутамдаа бүтээсэн дурсамжаас огтхон ч үлддэггүй мөртлөө янз бүрийн үнэр, чимээ, дуу гэх мэт мэдрэхүйн эрхтнээрээ хүлээн авсан зүйлс нь тод үлддэг байна. Мөн гэр бүлийн харилцааг улам бэхжүүлнэ.

Түүнчлэн гэр бүлийн жил бүр тэмдэглэдэг уламжлал болсон баяруудыг тэмдэглэж байх нь их чухал. Баярын арга хэмжээ ямар байх, хэр их зүйл бэлдсэн байх нь огт хамаагүй. Зөвхөн гэр бүлээрээ хамтдаа байх нь л чухал.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Б.Пүрэвсүрэн: Философи бол оюуны соёлын үр дүн гэдэг утгаараа үнэт зүйл юм DNN.mn

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хагас зуун жилийн хугацаанд монголчуудын сэтгэлгээнд ямар өөрчлөлт гарав?

-50 жил буюу хагас зуун жилийн хугацааг туулна гэдэг чамгүй урт хугацаа. Энэ хугацаанд нийгмийн оюун санааны амьдралд, танин мэдэхүйн ертөнцөд, ард иргэдийн ертөнцийг үзэх үзэлд, нийгмийн ухамсрын бүхий л түвшинд маш олон өөрчлөлт гарсаар байна. Наад зах нь 1990 он хүртэл марксистт ленинист үзэл суртал реалист чиг баримжаатай уран бүтээлүүд тэр дундаа социалист реалист уран бүтээлүүд нийгэм, оюун санааны амьдралд зонхилж байсныг та бид ном зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уран сайхны бүтээлүүдээс тодорхой харж болно. Гэтэл бидний жишиг болгодгоор 1990 оноос бүхэлдээ нэг үзэл суртлын ноёрхол үгүй болж олон ургалч үзэл Монголын нийгмийн оюун санааны амьдралд орж ирснээр өнөөдөр та бид нийгмийн юмс үзэгдлийг, харилцааг олон талаас авч үзэх эрх, эрх чөлөө нээгдэж түүнийгээ эдэлж байна. Бүхэлд нь авч үзэхээр ХХ зууны Монголд оюун санааны амьдралд маш том өөрчлөлт ядагдаж нийгмийн хуучин үнэт зүйлсийг үндсээр нь өөрчлөх, шинэ үзэл суртал, үнэт зүйлс рүү шилжсэн цаг үед амьдарч байна. Шинжлэх ухааны акад Манай шинжлэх ухааны философийн академи бол оюун санааны амьдрал, танин мэдэхүйн үйл явцад чиглүүлэх үүргийг 1990 он хүртэл өндөр хэмжээнд гүйцэтгэж ирсэн байна. Өнөөдөр ч мөн адил бид одорхой хэмжээнд нийгмийг соён гэгээрүүлэх, философи болон социологи, улс төр, эрх зүйн суурь судалгааг хөгжүүлэх, нийгмийн өөрчлөлтийг танин мэдэх энэ чиг үүргийг гүйцэтгэсээр ажиллаж байна.

-Монголын хөгжлийн философийн тухай ярихгүй юу?

-Хөгжлийн бодлого, хөгжлийн философи манай хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг хэлбэр. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хийж ирсэн судалгааныхаа үр дүнг хураангуйлж харах, оюуныхаа архивыг нээн эргэж харах, юуг хийж бүтээв гэдгээ үнэлж дүгнэх зорилготой олон улсын эрдэм шинжилгээний хурал байгаа юм. Манай хүрээлэнгийн олон салбарууд нийлүүлээд Монголын нийгмийн өөрчлөлтийг зураглан гаргасан. Монгол орныг цаашид бодлогын хувьд, философи үзэл санааны үүднээс яаж хөгжүүлэх нь зөв бэ, өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн гэдгийг л маргаашийн хурал хэлэлцүүлэг дээр манай эрдэмтэн судлаач, академич, докторууд хэлэлцэж, түүнийгээ нийгэмд түгээх санаатай байна.

-Ард түмэнд та философийг хамгийн энгийнээр тайлбарлаач…

-Философи гэдэг нь “цэцэн мэргэнд дурлах’’ гэсэн утгатай грек гаралтай үг. Энэ нь эртний Энэтхэг, Хятад, Грект үүсээд эдүгээ дэлхийн хүн төрөлхтний оюуны соёл, үнэт зүйл болж мөн танин мэдэхүйн хөтөч чиг үүрэгтэйгээр ертөнцийг таних, өөрийн оршин байгаа амьдрал ахуйгаа зураглах юм. Энгийнээр хэлбэл, ертөнцийг зөв зүйтэйгээр барьж танин мэдэх үйл явц, үзэгдэл, ухамсар гэж хэлж болно. Нөгөө талаас философи нь мэдлэгийн өвөрмөц төрөл юм. Тийм учраас саяхныг хүртэл философийг шинжлэх ухааны шинжлэх ухаан гэх мэтээр дөвийлгөж үздэг байсан. Өнөөдөр түүнийг шинжлэх ухаан гэж үзэх хандлага тийм ч оновчтой биш үүнийг ухаан гэж ярих нь зарим талаараа оновчтой юм болов уу гэж ойлгодог. Философи гэдэг бол оюуны соёлын үр дүн гэдэг утгаараа үнэт зүйл юм. Мөн тусгаар чиг хандлагуудаар тодорхойлдог учир нэгэн өгүүлбэрээр тодорхойлоход хангалттай биш байдаг. Тиймээс өнөөг хүртэл түүнийг тодорхойлох гэж оролдсоор, тодорхойлсоор байна. Түүний шинж зарим талаараа өөрчлөгдөн хувьсаж, шилжилт хийж байна. Танин мэдэхүйн явцад мэдлэгүүд нэгдэж, нийлж, шинээр үүсэн хувирч байдаг учраас түүнийгээ дагаад философийг ойлгох ойлголт хувьсаж байсан. Түүхэн замналаар нь хөөгөөд үзэхэд философи бол ойлгохуй юм.

-Философийн мөн чанар юу вэ, хүн бүр философийг мэдэж, ойлгох хэрэгтэй юу?

-Шууд хэлэхэд, философи хүн болгонд хамаатай зүйл. Харин түүнийг даган судлах үгүй нь хүний сонирхлын асуудал. Би бодохдоо философийг хүн судалъя гэж бодохгүй байсан ч амьдрал аяндаа түүнийг философич болгодог. Тийм учраас философи ямар утгаараа хүнд хамаатай вэ гэвэл хүнд өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл амьдралынх нь туршид төлөвшиж байдаг. Маш энгийнээр тэр бол философи юм. Өөрийгөө тодорхойлоод зогсохгүй орчлон ертөнцийг, бусдыг ойлгоход философи танд тусална. Хүн төрөлхтний танин мэдэхүйд энэ нь өөрөө зүг чиг, тулгуур болж өгдгөөрөө юу юунаас илүү чухал. Юмсыг ерөнхийлж харах, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх тэрхүү сэтгэлгээний ур чадвар суухад философи бүх талаараа тусална.

-Бид амьдралыг, юмсыг сайн, муу, сайхан, муухай гэж дүгнэдэг. Энэ яг ямар ойлголт юм бэ. Тухайлбал, бид яагаад заавал сайхан амьдралыг мөрөөддөг юм?

-Словар дээр байдаг шиг дүүрэн нэр томьёо буюу ухагдахуунууд юм. Энэ олон ухагдахуунуудыг хооронд нь хэрэглэж, зангидаж байж философидож байгаа юм. Тэр олон ухагдахуунуудын нэг нь таны асуусан сайн, муу, сайхан, муухай гэдэг ойлголт. Философийн үүднээс бол нэг хэсэг нь гоо зүй нэр томьёонууд нөгөө нь ёс зүйн суурь нэр томьёонууд. Философийн мэдлэг хэдэн гол салбартай. Танин мэдэхүй, ахуй оршихуй, гүү зүй, ёс зүй, логик үнэт зүйлсийн судалгаа гэсэн энэ салбаруудыг судлахгүйгээр философидно гэж байдаггүй. Тэгэхээр сайхан, муухай гэдэг бол эртний нэр томьёонуудын л нэг.

-Танай хүрээлэн энэ онд ямар ажлуудыг хийхээр зорьж байна вэ?

-Жил болгоны арваннэгдүгээр сард Юнескогоос философийн өдрийг зарлан тунхаглаж тэмдэглэдэг юм. Энэхүү өдөрт зориулаад хурал, зөвлөгөөн хийнэ. Ойгоо угтаад бид хүрээлэнгий гол бүтээгдэхүүн болох өөрсдийн суурь судалгааны бүтээл номоор бэлэг барихаар зорьж ажиллаж байна. Эхнээсээ уран бүтээлээ хэвлэж гаргаж байгаа. Цаашид нийгмийг соён гэгээрүүлэх, шинэ мэдлэгийг түгээх ажлаа эрчимжүүлж ажиллана. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн зүгээс бид бүхнийг ёс зүй судалгаа, бодлогын судалгаа руу түлхүү ажиллахыг санал болгож байгаа. Тийм учраас шинээр байгуулсан бодлого судлалын салбараа, тэр дундаа салбар дундын судалгаан дээр голчлон анхаарч ойрын хэдэн жилдээ ажиллана гэсэн зорилготой байна даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Биоцентризм” DNN.mn

Ийм нэртэй ном саяхан хэвлэгдэн гарсан. Дипак Чопра гэсэн автортой уг ном амьдрал хийгээд ухамсар бол орчлон ертөнцийн язгуур чанарыг таних түлхүүр юм гэсэн уриатай болой. Уг номын оршилд өгүүлэхдээ ертөнцийн тухай хүн төрөлхтний ойлголт бүхэлдээ мухардалд орчихсон.1930-аад оноос квант физикийг нээснээс хойш огт урагшилсангүй.

Олон аравны турш нээлт хийхэд ойрхон байгаа мэт итгэл төрүүлсэн “нэгдсэн онол” буюу бүх зүйлсийн онол батлагдсангүй.Угаас нотлох аргагүй баталгааныхаа хамт чавхдасын онолын цэвэр математик тооцоололд олон арван жил гацаж орхижээ.Бүр дордсон ч зүйл байгаа. Ертөнцийг юунаас бүтсэн гэдгийг мэддэг гэж байсан ч одоо бол ертөнцийн 96 хувь нь харанхуй матери харанхуй энергиэс бүрддэг гэдгийг мэдсэн. Гэхдээ энэ харанхуй энерги харанхуй матери гэдэг нь чухам юу болохыг огт мэдэхгүй байна.Юмсын зүй тогтолыг шүүн тунгаах зайлшгүй шаардлага байгааг үл тоон “Их тэсрэлтийн онол”-ыг хүлээн зөвшөөрсөн.Гэвч энэ онол ертөнцийн тайлахуяа бэрх нууцуудын нэгэнд нь ч хариулт өгөөгүй. Асуулт ийм буюу “Ертөнц яагаад амьдралыг бүтээхэд төгс зохицсон байдаг юм бэ”.

Энэхүү номоороо ертөнцийн тухай одоогийн онолууд хэрэгцээгүй болсон агаад эдгээр онол амьдрал, ухамсрын талаар авч үзэх хүртлээ хэзээ ч бүтэмжтэй байхгүй гэсэн нэгэн шинэ үзэл санааг дэвшүүлэх зорилготой юм. Олон тэрбум жилийн турш үргэлжилсэн амьгүй үйл явцын дараахь хоцрогдсон, өчүүхэн үр дүн гэхээсээ илүүтэйгээр ертөнцийн талаарх ойлголтод амьдрал,ухамсар хоёр нэн чухал болохыг санал болгох агаад үүнийг шинэ үзэл санааг багтаасан биоцентризм гэж нэрийдлээ.

Физик ноёлсон зуунаас биологийн зуун руу шилжих болно гэж таамаглаж байна хэмээн өгүүлжээ. Үүнээс харахад энэ ном ямар ном бэ гэдгийг та шууд таамаглаж байгаа буй за. Эхний хэдэн хуудас шинжлэх ухааны нэр томьёог тайлбарласан тайлбартайгаар хэвлэгджээ.

Агуулга нь юу байгааг сонирхуулахад Ертөнцийн үүслийн тухайд, Анхандаа тэнд юу байсан бэ,Мод унах чимээ, Гэрэл хийгээд мөн чанарын эрэлд, Орчлон ертөнц хаана байдаг вэ, Маргааш өчигдрөөс өмнө ирэхэд, Алтан дундаж, Цаг хугацааны тухай эрэгцүүлэхэд,Энэ яг ямар гээч газар вэ, Ухамсрын нууц, Үхэл хийгээд өнө мөнх гэх зэрэг бие даасан биоцентризмын тайлбарууд байна.

Жишээ нь, Үхэл хийгээд өнө мөнх гэдэг бүлгээс эш татъя. Үхлээс айх айдас бүхэл үеийн туршид л байсаар ирсэн. Үхэл хойд урд нас сүнс гэх зэргээр. Тэгвэл энэ биеийг юу амилуулдаг вэ гэвэл энергиэр амьдардаг. Бүх л зүйл энергиэс тогтдог. Бид амьдарч байна гэдэг энерги л зохицуулж байсан гэсэн үг. Тэгвэл энэ ертөнцөд инерги устаж үгүй болдоггүй.Бас энергийг бүтээх бий болгох боломжгүй. Энерги зөвхөн хэлбэрээ л өөрчилдөг. Тэгэхлээр яах нь ойлгогдож байна уу. Бид хэлбэр дүрсээ л өөрчилдөг болохоос биднийг бий болгож байгаа энерги хэвээрээ л үлддэг гэсэн үг гэжээ.

Та үүнийг худалдаж авч уншаад ертөнц хийгээд амьдрал ухамсрын тухай эргэцүүлэн бодоход гэмгүй юм. Уг ном заримдаа шашны ойлголттой ч давхацна гэж оршилдоо сануулсан байдаг. Мөн ухамсар амьдрал бол орчлон ертөнцийн язгуур чанарыг таних түлхүүр гэснийг эргэн санацгаая.