Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Төрийн хамаг дээд шагналыг хамсан математикийн ангийнхан

Монголын хөгжил дэвшилд гар бие оролцсон олон гавьяатууд төгссөн нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэе. Тэд бол Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн сургуулийн 1948-1958 оны төгсөлтийнхөн юм. Энэ ангийн сурагчдын ихэнх нь дээд боловсрол эзэмшжээ. Одоо улс төр, нийгэм эдийн засаг гээд олон салбарт доктор профессор гавьяатууд төрөн гарсан байна. Эрдэнэтийн уурхайг анх нээсэн багийн ахлагч геологич Л.Мягмар, социализмын үед Монгол Улсын хэмжээнд баригдсан бүхий л гүүрийг барьсан И.Гүррагчаа нар эл ангийн сурагчид. Бид энэ ангийн хөвгүүн Монголын ахмад эдийн засагч профессор С.Жамьянсүрэнтэй ангийнхных нь талаар хууч хөөрлөө.

Математикийн хичээлд хорхойтой ангийнхан

1948 оны намар. Завхан аймгийн бүхий л сумаас эрдэм мөрийн зам хөөхөөр ирсэн хөдөөний бор жаалууд, бондгор охид Б.Элдэв-Очирийн гэх тодотголтой сургуульд нэг анги болон нэгджээ. Газар газраас ирсэн эл хүүхдүүдийг ирээдүйн доктор, профессор, гавьяатууд болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тухайн үед Б.Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль Худгийн ам гэх өвөрмөц сонин тогтоцтой нутагт хэдхэн шавар байшин барьж төвхнөж байсан юм. Эл газар нь Хатанбаатар Магсаржав, Ванданов нарын хуарагнаж байсан түүхтэй гэдгийг уншигчид гадарлах байх. Манай булангийн зочин анги энэ сургуулийн зургаа дахь элсэлт нь. Тэгэхээр тухайн үед зургадугаар ангийн сурагчид хамгийн том ах эгч нар нь байсан байгаа юм. Түүнчлэн энэ сургуулийн зургаа дахь төгсөлт гэсэн үг. Зургаагийн тоогоор нөхөрлөсөн тэд эл сургуульд 62-уулаа элсэн оржээ. Эдгээр балчируудыг тэр үед дээд ангийн ах эгч нараас эхлэн багш нар нь хүртэл алган дээрээ тосон хүмүүжүүлжээ. Анги даасан багш нь З.Цэрмаа. Ангиараа математикийн хичээл сонирхон судалж, амьдралынхаа зам мөр болгоход нь түлхэц болсон хүн нь тэр. Сайн багш нарынхаа буянд ангиараа хичээлийн хорхойтнууд болсон талаар С.Жамьянсүрэн ярив. 1953 оны хавар. Зөвлөлтийн агуу удирдагч Сталин нас барлаа гэх мэдээ дуулдсан. Цагт хэдхэн шавар байшинд төвхнөж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит сургууль буурь сэлгэлээ. Нүүх нүүхдээ Завхан аймгийн Улиастай хотын төвд байрлах Хорлоо инженерийн барьсан хоёр давхар “Цагаан ордон”-д оржээ. Аймгийн хамгийн том барилгад сургууль нь нүүж очсон тэр он цаг С.Жамьянсүрэнд тод мөрөө үлдээжээ. Тэрээр энэ цаг үеийн талаар тэмдэглэсэн ангийн хөвгүүн Ц.Цэндээхүүгийн бичвэрийг гаргаж үзүүлсэн юм. Тэнд “Хоёр шургааг сугавчлаад Жавхлант толгойн шилээр цуварцгааж байлаа. Тэр жил боломж муу байснаас сургууль маань цэлгэр том хашаандаа олон гэр ярайлгаж барьсан. Дотуур байрны бид өнгөлсөн эсгий цавган дээр зулцгааж байсан ч ор дэвсгэрээ хаяагаар тэг дөрвөлжин засч, цэвэр нямбай сууцгаадаг байв. Булан талхны яриа ихтэй, Гүррагчаа, Гэлэгбал, Шаалав бид нэг дор бөөрөө нийлүүлж унтацгаана. Ильичийн гэрэл түгж чадаагүй учир аймгийн төв лаагаар орлуулж байв. Лааны гал алдсанаас байрны гэрүүдээс Сантмаргацынхан голдуу байдаг хамгийн шинэ гэр нэгэн шөнө шатчихаж билээ. Хүүхдүүд нь гэмтэлгүй зүгээр, сургуулиас шинель, цэрэг маягийн хувцас иж бүрнээр нь юм хумаа шатаасан хүүхдүүдэд олгосон” гэж тэмдэглэжээ. Сургуулийн сурагчдад байрны гэрүүдийн дэргэд юм юм нь гял цал болсон хоёр давхар шинэ барилга сүндэрлэх нь тун чиг содон байсан нь тодорхой. Эрс ялгаатай хоёр дүр зураг нийгмийн шинэчлэлийн дохиог тэд анх тэр үед мэдэрсэн биз ээ. Сонирхуулахад 1940, 50-иад оны эрэгтэй сурагчид хөх өнгийн дээл, түнжгэр толгойгоор ижилсдэг байж. Харин охид нь хошмоготой ногоон дээл, хоёр салаа гэзгээ өнгийн туузаар гоёж сургуульдаа очдог байжээ.

Бид цай оочлонгоо С.Жамьянсүрэн гуайгаас сурагч үеийнх нь сонирхолтой түүхүүдийг нь яриуллаа. Тэрээр “Биднийг зургадугаар ангид байхад болсон үйл явдал. Газар зүйн багш Төмөрсүх сурагчдын гал тогоонд дежур багшаар ажиллаж байхад манай ангийн Гомбожав гал тогоонд юм идээд сууж байсан байгаа юм. Тэгээд багш “Чи наадах тэшүүрээ надад өгөөч. Би гол дээр очиж гулгаж байгаад өгье” гэж л дээ. Тэгтэл мань Гомбожав “Та яасан хачин багш вэ. Өчнөөн их цалинтай байж тэшүүр дэлгүүрээс худалдаад аваач. Надаас авах гээд байх юм” гэж томорсон байгаа юм. Та нар шиг сахилгагүй сурагчид энд тэнд хамаагүй шээгээд тэрний торгуульд өгөөд цалин маань хүрэлцэхгүй байна гэж багш тэр үед егөөдсөн л дөө. Гоёо маань тийм их зүрхтэй, эрээ цээргүй, нүүрэмгий шогч эр байж билээ гэж одоо бодож инээж суудаг юм. Гоёо бид хоёрын бас нэг түүх байдаг юм. Долдугаар ангид байсан санагдаж байна. Манай гоёо сэргэлэн, овжин, шооч хүүхэд байсан. Сурагч байхдаа хоолонд нугасгүй. Байнга л хоол асууж явна. Биднийг сурагч байх үед гал тогоонд ээлжилж жижүүр хийлгэдэг байсан. Бас нэг сонирхолтой зүйл нь сурагчид бүрээн дуунаар жагсаж хоолонд ордог байв. Намар сонгуулийн өдөр би гал тогооны дежур хийж таарсан юм. Урьд орой нь Гомбосүрэн нэг л зүйлийг үнэн сэтгэлээсээ захиж хэлье, маргааш өглөө найз нь хоол дахимаар байна аа гээд болдоггүй. Өглөө нь аз болж сонгуулийн өдөрт зориулаад зүсэм талх, элсэн чихэр, цагаан тостой өглөөний цай угтав. Мань хашир ч өглөө хамгийн эрт ирэхээр нь өгөөд явууллаа. Бүрээн дууны хамгийн эхний дараалалд ирсэн шүү бүр. Хүүхдүүд өглөө хоолондоо ороод бараг дундаа ороход Гоёо дахин ороод ирлээ. Дахиад л өглөө. Одоо ч болсон байх аа хэмээн бодож байтал хамгийн сүүлд гэмгүй царайлан сээмийтэл дахиад ороод ирдэг байгаа. Дахиад л нөгөөдөхөө өглөө. Өдрийн хоолонд ч дахиад дахисан юм даг. Орой нь ажлаа дуусгаад Чүлтэм тогоочтой тооцоо хийхэд нэг бүтэн талх дутаж мань хүнээр зэмлүүлж билээ. Үүнийг далимдуулан нэлээд хүүхэд өглөөний талхыг дахисан учраас дутсан нь илэрхий болсон. Байрны сурагчид тэгж л өлсдөг байлаа. Голдуу шар будаа л иддэг байсан даа” гээд хөгжилтэй инээв.

1956 оны намар. Зочин анги маань наймдугаар ангид дэвшихэд Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэлийн сургуулиас 20 шахам охид, хөвгүүд ирж элсэн суралцжээ. Тэдгээр хүүхдүүд Улиастайн довон дээр сурч, хүмүүжин, өсөцгөөсөн гэнэ. Гэвч ангид хот хөдөөгийн ялгаа ер гардаггүй байж. Нэг зорилготой нэгдмэл анги болжээ. Одоо ч ангийнхан уулзалдаж, хамт олноороо хуучин цагаа дурсдаг байна. Хорвоогийн жам ёсоор ангийн 62 сурагчаас 18 нь л өдгөө эрүүл энх, түвшин амгалан аж төрж байгаа гэнэ.

Эл ангийнхнаас төрсөн төрийн соёрхолтууд, гавьяат, эрдэмтэд, профессоруудын дийлэнх нь оюуны чадавхтай хүмүүс. Тэд Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн Уул, Яруу зэрэг хойд сумдаас гаралтай гэнэ. Б.Элдэв-Очир мөн л Нөмрөг сумынх ажээ. Тэр утгаараа ч тэр үү, эл ангийнхан хичээлээс холддоггүй онцгой зуршилтай байж. Энэ талаараа С.Жамьянсүрэн “Тухайн үед зурагт, радио гэх мэт анхаарал сарниулах зүйл байсан биш дээ. Хааяа л нэг нэгдсэн журмаар кино үзнэ. Жилд хоёр, гурван удаа л үзүүлнэ. Ганц хийдэг зүйл нь хичээл, ном л байсан. Тэр үеийн багш нартаа талархаж явдаг. Хосгүй сайн багш нарын гар дээр очсон учраас бидний сурах идэвх тэр хэрээрээ өндөр байлаа. Климов гээд багш орос хэлний ганц нэг үг цээжлүүлдэг. Гэхдээ хөдөөний хүүхдүүд бид тийм ч сайн сурч чадаагүй” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн тэрээр “Биднийг есдүгээр ангид байхад багшаар МУИС-ийн тоо физикийн анги төгссөн, физикийн мэргэжлээр өндөр мэргэшсэн, заах арга сайтай бидэнд мэдлэг олгохын тулд үнэхээр хичээж, зүтгэл гарган ажилладаг багш Баатар ирлээ. 1957 оны тавдугаар сард санагдаж байна. Сургуулийн хичээлийн байр улаан туйпуу байшингийн урд талд Баатар багшийн маань улаан өнгийн унадаг дугуй харагдана. Тэр үед Оросын унадаг дугуй нэлээд ховор байсан. Бэл бэнчин сайтай сэхээтнүүд л ганц нэг унадаг байлаа. Гэтэл манай ангийн сурагч Гэрбиш багшийн дугуйг нууцаар унаад алга боллоо. Багш гарч ирсэн унадаг дугуй нь байхгүй. Тэгсэн мань Гэрбиш дугуйг нь уначихсан чанх урдаас нь гараад ирдэг байгаа. Би ч айгаад таг дуугүй зогсчихсон. Тэгсэн л Баатар багш чангаар “хар хулгайч аа. Хэлээд унахгүй яасан юм бэ” гэж хэлэх нь надад хагас дутуу сонсогдсон доо. Гэрбиш тэр дороо “сүүлээ хавчаад” зугтсан санагдана. Одоогийнхоор бол хэт айснаасаа болж зүрх нь зогсчих дөхсөн дөө, хөөрхий. Хүүхэд нас аа гэж. Аль зүггүйтэхийг тэр гэх вэ дээ” гэж хэлээд зургийн цомгийнхоо урагдаж муудсан сурагч үеийнхээ зургийг илбээд дурсамжаа үргэлжлүүллээ.

1958 оны хавар. Төө орох зайгүй эвсэг эл ангийнхан цаг хугацааны жимээр тарсан будаа шиг цацран оджээ. Бахархууштай нь тэд бүгд дээд сургуульд элсэн орсон. Арга ч үгүй биз. Хичээлийн хэнээтэй гэмээр энэ ангийнхан математик, биологи, физикийн талаар ам булаалдан мэтгэлцэж, тухайн үеийн хүмүүсийн төдий л мэдэхгүй ДНХ, капитализмын талаарх мэдлэгээрээ уралдаж явжээ. Ангийн арав гаруй сурагч гадаад руу явж их сургуульд суралцсан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, М.Мэрэгшир Москва хотын төмөр замын дээд сургууль, Г.Нямжав Москвагийн ХАА-н инженерийн академи, И.Гүррагчаа Москвагийн авто замын дээд сургууль, Ц.Жанчив Ломносовын их сургууль гээд тоочоод байвал урт дараалал үүснэ.

Эл ангиас Монгол Улсын гавьяат хоёр, Монгол Улсын төрийн соёрхолт хоёр, Академич нэг, Шинжлэх ухааны доктор гурав, Дэд докторууд ес, Профессор цолтон арав, Ардын их хурлын депутат хоёр, Монгол Улсын шинэ үндсэн хууль батлалцсан депутат нэг, спортын цолтон дөрөв гээд л дурдаад байвал дуусахгүй их. Гавьяа шагналыг нь цааш үргэлжлүүлбэл, Алтангадас одон 18, Хөдөлмөрийн хүндэт медаль 14, Салбарын тэргүүний ажилтан 28 гээд л цааш үргэлжилнэ. Түүнчлэн олон улсын шагналаар шагнагдсан дөрвөн сурагч байдаг аж. Ангийн Ц.Жанчив, дэлхийн шилдэг 100 эрдэмтдийн жагсаалтад орсон, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал. Б.Бурмаа Герман Улсын физик, математикийн ухааны доктор, МУИС-ийн хүндэт профессор. Ц.Цэндээхүү МУИС-ийн биологийн факультетийн ургамал, судлалын тэнхимд 40 гаруй жил ажилласан, Биологийн ШУ-ны доктор. Ш.Гэрбиш МУИС-ийн цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, Дубнагийн олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн инженер, тасгийн эрхлэгч, Нью-Йоркийн академийн гишүүн. И.Гүррагчаа Монголын зам гүүрийг хөгжүүлэх үйлсэд гавьяа байгуулсан, Монгол Улсын төрийн соёрхолт инженер, Монголын Хүндэт замчин. Я.Бадрал Дархан дахь ургамал газар тариалангийн, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор. Ч.Бямбаа ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнгийн соронзон судлалын тасгийн эрхлэгч, солир судлагч, доктор. Г.Нямжав инженер нийтлэлч, нийгэм улс төрийн ахмад ажилтан. Д.Цагаандорж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад илгээлтээр ажилласан анхны монгол инженер гээд л маш олон алдартай эрдэмтэн судлаачид төрөн гарчээ. Зах цухаас нь дурдахад ийм байна. Улс орондоо хийж бүтээх насандаа зүтгэж, хөгжилд нэмэр болсон буурлууд минь өтөл цагтаа ч зүгээр суулгүй хойч үеэ бэлдэх ариун цагаан мөрийг гаргаж явна.

Б.АМАРТҮВШИН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“Алтан гадас”-тай ангийнхан

Улаанбаатар хотын Салваидор Алендогийн нэрэмжит анагаах ухааны “Соёлч” дунд сургуулийн 1969 оны төгсөгчид энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тухайн үед уг сургуулийг “Хүн эмнэлгийн техникум” хэмээн нэрлэдэг байж. Өдгөө Сувилахуйн сургууль нэртэй болжээ.

1965 онд тус ангид 13 хөвгүүн 20 охин элсэж байжээ. Хичээл сурлага, урлаг спорт болоод улсын ажилд нэн тэргүүнд оролцдог байв. Шинэхэн оюутнууд ургац хураахаар Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуй Мөнхтолгойн Энх тал тасагт хуваарилагджээ. Энэ талаар Л.Сосорбарам “Бид тал бүрээс цугларсан учраас бие биенээ таньдаггүй байлаа. Гурван сарын турш сангийн аж ахуйд ажиллаж ижил дасал болсон юм. Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” гэдэг шиг анх очиж байхад ногоог ч олигтой мэддэггүй байв. Оюутнууд ногоотой хоол өгөхөөр ургацын далай гэж нэрлээд их дурамжхан. Харин гэрээсээ ирсэн тал талхыг ч болов хуваагаад л идчихдэг. Тийм л дотно болчихсон байсан юм. Өнөөх хүнс маань дуусахад аргагүй эрхэнд бид ногоотой хоол идэж сурсан даа. Даахын аргагүй модон хүрз бариад ажиллахдаа өлсөхөө ч мартчихна. Талбай дээр бид, хоёр ээлжээр ажилладаг байлаа” хэмээн ярьсан юм. Тэд анхны намрын ажлаараа стипентээ авч байжээ. Тухайн үед Лувсангомбо багш маань хүүхэд бүрт 180 төгрөг өгсөн юм. Бид оройн үдэшлэг дээр бүжиглэхээсээ илүү нөгөө мөнгөө байн байн гаргаад л тоолно. Стипент авсан хүүхдүүд ажилдаа шамдсаар нэг л мэдэхэд бидний буцах цаг болсон хэмээн ярьж байв.

Аравдугаар сарын эхээр оюутнууд цэргүүдэд ажлаа хүлээлгэн өгдөг байж. Анхны намрын ажил дуусаад хот руу ирэхдээ ямар зам туулж байснаа тэд дурссан юм. Цас орохоос өмнө буцах байсан оюутнууд замдаа их хэмжээний цаснаас болж машин нь цасанд сууж арай хийн Дарханд очсон гэнэ. Тэр үед машины тэвшин дэх пүүгээнийхээ модон хайрцган дээр суугаад явж байлаа. Дарханаас биднийг цонхгүй таваарын вагоноор хот руу авчирч байсан. Улаанбаатарын вокзал дээр буулгаад “За та нар өнөөдөр амраад маргааш өглөө сургууль дээрээ ирээрэй” гэдэг юм. Манай ангид Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгээс хүүхдүүд ирнэ. Зүүн аймгийн хүүхдүүд Дорноговийн Анагаах ухааны дунд сургуульд очиж суралцдаг. Тухайн үед биднийг намрын ажлаа дуусгаад хотод очиход аймгийнхаа төвийг ч үзээгүй хүүхдүүд Улаанбаатарт ирж байсан. Сумын дунд сургуулиасаа шууд Улаанбаатарт ирдэг байлаа шүү дээ. Манай ангийг анх математикийн багш Банзрагч хүлээн авч байлаа. Тэр багш маань шилжээд Дэмбэрэл багш биднийг төгсгөсөн. Бид хичээл ихтэй. Олон цагаар номын санд сууна. Мэргэжлээ сонгосон л бол маш сайн мэргэжилтэн болох гэж зүтгэдэг байсан хэмээн ярьсан юм. Бид хичээлдээ ч, ажилдаа ч шамдан суралцдаг байсан. Намрын ажилд оролцоогүй хүн тааруухан л нэгэн болж таардаг байсан. Тиймээс бидний чухал ажлын нэг намрын ажил маань байсан гэж ангийнхан ярьж байлаа. Тухайн үед Цэцэрлэгийн техникум, Худалдааны техникум, Анагаахын дунд сургууль охид ихтэй байсан гэнэ. Тухайн үеийн 065 дугаар холбооны ангийн цэргүүдтэй тус сургуулиуд уулзалт зохион байгуулдаг байжээ.

Цэргийн ангийн дарга нар охидуудыг нь ирж хүлээж авна. Цэргүүдтэйгээ хоолонд оруулна, бүжиглүүлдэг байж. Тэр үеэр ангийн охин С.Нарантуяа нь цэргийн ахлагч Н.Баасттай танилцаж гэр бүл болжээ. Ж.Эрэнбуу нь ганцаараа гурван жилийн цэргийн алба хаасан гэнэ. Цэргээс халагдахад нь ангийн охин Ч.Аривдаа шинэ шар дурдан бүс, цагаан шляпан малгай, орос хромтой очиж байсан гэдэг. Хамгийн ганган цэрэг халагдаж байлаа гэж ярьдаг юм. Энэхүү анги маань Анагаахын дунд сургуулийн 40 жилийн ойгоор төгсч байжээ. Төгсөөд бүгд сум, сум руугаа хуваарилагдаад очсон аж. Анх бүгд нутагтаа очоод дуудлаганд явах болоход сумын эмнэлэгт машин гэж байдаггүй байсан хэмээн ярьсан юм. Бид дөнгөж төгсөөд оччихсон арван хэдэн настай хүүхдүүд байлаа. Тухайн үед мотоцикль, тракторын толгой, морь, тэмээгээр явж, дуудлага өгсөн айлдаа очно. Говь тийшээ трактор ч гэж байдаггүй хэмээн тэрхүү цаг үеийнхээ талаар дурсан ярьсан юм. Техникумаа төгсөөд энэ ангиас Л.Сосорбарам, Г.Жаргал, С.Балжин, Б.Санждамба, Ж.Эрэнбүү нар нь Анагаах ухааны их сургуульд элсэн мэргэжлээ дээшлүүлжээ. Харин Б.Нинж эдийн засагчаар, М.Батаев Оросод цэргийн сургууль төгсчээ.

Ангиас М.Батаев, Д.Сэвжидмаа хоёр гэр бүл болжээ. М.Батаев нь хоёр жилийн өмнө гавьяат цол хүртсэн аж. Манай ангиас төрсөн ганц хос нь хэмээн хэлж байв. Ангийнхан төгсөөд тал тал тийшээ салаад алга болчихолгүй захидлаар мэнд усаа мэдэлцдэг байж. Хол сумдад ажилладаг байсан учраас тэд захидлаа хүлээн шуудан ирэхэд тосч гүйдэг байсан гэнэ. Шуудан улсын хэмжээгээр мягмар, баасан гаригт ирдэг байжээ. Тус ангийнхан ихэнх нь ажлын гарагаа эхэлсэн газраасаа гавьяаны амралтандаа гарсан нь бас нэгэн онцлог юм. Д.Цэрэнханд нь дөнгөж сургууль төгсөөд нийслэл хотын түргэн тусламжид ажилласаар тэтгэвэртээ гарсан байна. Мөн Д.Сэвжидмаа нь эх баригч эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан аж. Г.Уртнасан нь сургуулиа төгсч Говь-Алтай аймгийн Хөх морьт сумандаа 40 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт суусан байна. Тэрээр 8520 гаруй хүүхэд эх барьж авчээ. Харин Б.Базаррагчаа Улсын Нэгдүгээр төрөхөд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Ч.Аривдаа нь Ховдын Булганд очоод тэндээ насаараа ажиллажээ. Ангийн охидын тал нь алдарт эхийн одонтой хэмээв.

Мөн тэд багш нарынхаа талаар дурсахдаа өдий зэрэгтэй эмч болоход багш нарын минь ач их байсан. Тухайн үед Гипил, эх барих эмэгтэйчүүдийн эмч Дэмид, Наваансандан, Дамдин, хүүхдийн эмч Дуламсүрэн, арьс өнгөний эмч Эрдэнэсан зэрэг багш нар хичээл зааж байв.

Тус ангиас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Уртнасан, Л.Сосорбарам, Ж.Эрэнбуу нар шагнагджээ. Ажилсаг ангийнхан ангиараа “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь бас нэгэн бахархал хэмээн ярьсан юм. Харамсалтай нь тэдний ихэнх нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Үлдсэн хэд нь гавьяаны амралтдаа гарсан байна. “Алтан гадас”-тай ангийнхан ирэх онд төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор 50 жилийн дараа уулзалдах гэнэ.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Элсэлтийн ерөнхий шалгалтыг анх тестээр авахад “Туршилтын туулай” болсон 10в ангийнхан

Цэцэглэж уясан туузаа аваад

Цагаахан хормогчоо тайлж эвхээд

Алаг хорвоогийн аяны нугачаанд

Алдаж оносоор 20 өвлийг угтаж байгаа “Ховд аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийн 10 в ангийг 1998 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буланд онцолж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сард Ховд аймагтаа төгсөлтийн 20 жилийн ойн баяраа хийжээ. Ангийнхныг төгсөлтийн баяраа хийсний дараа хүмүүс зургийг нь үзэж, сонирхож “Төгсөлтийнхөө 20 жилийн уулзалт юм уу. Үнэхээр үү. 25-туудын уулзалт шиг л харагдаж байна” хэмээн уулга алдаж байсан гэдгийг тус ангийн охин Ц.Мөнхцэцэг ярилаа. Тэрбээр багадаа сэргэлэн цовоо, хувийн ариун цэврийг сахихдаа сайн охин байж. Одоо Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй юм байна. Тэрээр “Манай үеийнхэн дэндүү олуулаа, хатуу ширүүн нийгмийн нүүр үзсэн. Нэг ёсондоо шилжилтийн нийгмийн “Туршилтын туулайнууд” юм шүү дээ” гэдгийг онцлов. Тэд олон янзын байгалийн шалгарлыг амжилттай давж, өдий зэрэгт хүрсэн нэг цаг үеийнхэн аж. Бүгд социалист нийгэмд төрж, өсөж, зах зээлийн нийгэмд сурч, боловсорчээ. Капиталист нийгэмд ажиллаж амьдарч яваа гурван нийгэм дамжсан нэгэн үеийнхэн юм байна. Тэдний хүүхэд насны түүхийг сонирхоход ангийнхан нэгэн дуугаар “Бидний хүүхэд насны түүхийг биднээс өөр хэн ч үл мэднэ. Өсвөр насны жаргал зовлон бүхэн дурсамжтай өнгөрсөн. Бид хүмүүжилтэй, цэгцтэй, аливаа зүйлд хариуцлагатай хандах ёстой гэдгийг сайтар суралцсан. Тиймээс одоо цагийн амьдралд тэмцэх ёстой гэдгээ ухаардаг” гэж байв. Арван жилд байхдаа л бие биедээ элгэмсүү, дотно, нийтэч, нөхөрсөг хамт олон байжээ. Иймээс одоог хүртэл бүгд нутагтаа, эх орондоо хэрэгтэй зүйлийг хийж, бүтээж яваа аж.

Тухайн үед пеонерт элсдэг цаг үе дуусаж, хамгийн анх гуравдугаар ангийн хүүхдүүдийг нэг үе алгасуулсан тавдугаар анги руу оруулж байжээ. Тиймээс тэр үед 1980, 1981 оныхон нэг цаг үед суралцах болжээ. Хамгийн анх монгол бичгийн хичээл эдний ангийн үеэс нэмэлт хичээл болон орсон байна. Мөн англи хэлний хичээлийг туршиж, анх нэвтрүүлсэн гэнэ. 10в ангийнхныг элсэн орохоос өмнөх үед орос хэлний хичээл ордог байсан. Тиймээс орос хэлний багш нарыг Улаанбаатар хотод 45 хоногийн түргэвчилсэн сургалтад бэлтгэж, англи хэлний хичээлийг заалгаж байсан талаар сонирхууллаа. Хамгийн анх тестээр элсэлтийн ерөнхий шалгалт авдаг болсон үед 10в ангийнхан арван жил заалгасан хичээлээ бататгах гэж биш, яаж тест бөглөж сурах тухай заалгаж байсан гэдгээ Ц.Мөнхцэцэг хуучиллаа.

Ангийн Б.Ганбат “Ер нь инээдтэй, хөгжилтэй цаг үеийг өнгөрөөсөн дөө. Нүдээ аньж тоолж байгаад тестээ дугуйлах нь бараг л тухайн үедээ онож байсан гэхэд хилсдэхгүй. Бидний үеэс эхлэн “Онц, сайн, дунд, муу” гэж нэрлэдэг байсан нь “Тав, дөрөв, гурав, хоёр” гэсэн тоонуудаар солигдож халаагаа өгсөн. Одоогийн сурагчдын сурлагыг үнэлдэг “100, 90, 80, 70, 60” гээд баахан өндөр тоонууд орон зайгаа эзэлсэн юм. Бид арван жилийн турш өнөө “Онц, сайн, дунд, муу” хэмээх дүндээ дасчихсан. Конкурсын шалгалтыг оноогоор үнэлэхэд, хэд аваад байгаагаа ч тухайн үедээ мэдээгүй өнгөрч байсан сан. Ийнхүү боловсролын тогтолцооны эмх, цэгч, уялдаа холбоогүй шийдвэрийн хамгийн том золиос бидний үеэр эхэлж, дуусах болтугай” гэж залбирахад хүргэж байсан даа хөөрхий” гэж инээмсэглэн ярив.

Эдний үеийнхнийг төгсөхөд олон хувийн сургууль байгуулагдсан аж. 10в ангийнхан бүгд их авсаархан, намхан, жижгэвтэр жигд размертай, өндөр 150-160 сантиметр орчимд хэлбэлздэг байж. Ганц нэг 165-170 сантиметр өндөртэй залуус хэвийнд тооцогдоно. 175-180 сантиметр өндөртэй хүмүүс үеийнхэн дундаа “Гозон тэмээ”, “Тэмээн хяруул” гэх хочоор дуудуулдаг байжээ.

10в ангийнхан 20 жилийн турш бие биеэсээ холдож, алсраагүй, амьдралын далай дунд гар гараасаа барилцаад, нэг нэгнээ дэмжиж, хоорондоо байнга харилцаа холбоотой байдаг гэнэ. Ингэж ангийнхан хоорондоо инээж, эрч хүчээ хуваалцдаг учраас 25-тууд шиг л харагддаг аж.

Ховд нутгийнхаа спортын их наадамд анх удаагаа оролцож эхэлсэн, цагаасаа л 10 в-гийнхэн “Шилдэг дэмжигч”-ээр шалгарчээ. Орсон төрөл бүрийн тэмцээндээ ангийн охид, хөвгүүд амжилт дагуулсан байна. Сагсан бөмбөгийн төрөлд спортын мастер Э.Болор-Эрдэнэ, Б.Цоморлиг, Б.Ганбат, гар бөмбөгийн төрөлд Спортын мастер Б.Батбаяр зэрэг мастерууд байдаг ажээ. Мөн сагсны спортын Отгонжаргал, Тогтохбаяр, Ганзориг хэмээх залуус ч бий. Эдний ангиас шатрын спортын түвшинд олон улсын зэрэглэлд амжилттай өрсөлдөж яваа Ц.Алтансүх, төр нийгэмдээ амжилттай хүчин зүтгэж яваа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Нямдаваа, Б.Ганзориг, Н.Цэжиддулам нар байдаг аж. Сэтгүүлч Б.Түвшинтөгс, барилгын салбарт Цэрэндорж, хэвлэлийн салбарт “Бүтэн бүрмэл” ХХК-ийн захирал Н.Идэрзаяа, “Урбан Женс” үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа Д.Соронзонболд, шүдний эмнэлгийн салбарт амжилттай ажиллаж яваа Цоодол, Модон тавилгын салбарт ажиллаж яваа “Ур ундрах” ХХК-ийн захирал Б.Алтаншоо зэрэг авьяастнууд салбар бүртээ амжилттай шижигнэж явна. Үсчин гоо сайхны салбарт амжилттай ажиллаж буй Б.Ганзул, Э.Гэрлээ, банк санхүү, татварын салбарт Ц.Байгальмаа, О.Цэнд-Аюуш, Ц.Түвшинжаргал, Б.Пүрэвдорж, Л.Нанзаддорж, Басан, Должинсүрэн, У.Цэцэгжаргал, Бямбахорлоо, Э.Энхзаяа, уул уурхайн салбарт “Сод-Ирээдүй” компанийн Түвшинжаргал, Д.Эрдэнэбат, Э.Уянга, С.Алтантунгалаг, Б.Оюунгэрэл, Ж.Түмэнжаргал, хувийн хэвшилд амжилттай ажиллаж яваа Б.Батчулуун, М.Гэрэлтуяа, Б.Оюундулам, Г.Оюунбилэг, Цэнд-Аюуш, Б.Содномжамц, Ш.Амарбаяр, А.Авирмэд, Т. Жавзандулам, Д.Тунгалаг, М.Алтанхишиг нар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж байгаа юм. Цэрэг, армийн салбарт Г.Амгаланбаатар, Баатархүү, Цагаанцоож, улс төрийн салбарт Ариунтуяа, Б.Батсувд, сургалт судалгааны салбарт тэргүүлж яваа М.Алтансүх, Боловсролын салбарт Л.Мэндбаяр, Т.Бадамсүрэн, Дархан-Нэхий ХК-ийн эсгэгч мэргэжлээр амжилттай ажиллаж яваа Т.Туул нар эдний ангийнх. Тээврийн үйлчилгээний салбарт Г.Даваадорж, Х.Гантулга, Ганбат, Чимэд, П.Баясгалан, бүтээн байгуулалтын салбарт тэргүүлж яваа Н.Энхболд, орчуулгын салбарт амжилттай ажиллаж яваа “Морьт-Халиун”ХХК-ийн Ц.Мөнхцэцэг, Ц.Оюунтогтох, орон нутагтаа амжилттай ажиллаж байгаа Ш.Банзрагч, Цогтчимэг, Ц.Лувсанлхам гээд олон төгсөлтийн төлөөллийг нэрлэж болохоор байна.

10в ангийнхан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” 1998 оны төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс мод тарих их үйлсийг эхлүүлжээ. Төгсөлтийн 20 жилийн ойдоо зориулж Ховд нутагт амьдарч байгаа нөхөд нь 98 мод тарьж, арчилж тордон, харж хамгаалж, эргэж тойрч байгаагаа сонирхууллаа.

Нэгэн цаг үед амьдарч, бие биеэ хурцалж хөглөж байдаг үе тэнгийнхэн магадгүй 30, 40 жилийн уулзалтуудаа хийж, он жилийн түүхээ дурсамжтайгаар өнгөрүүлэх биз ээ.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Төмөр замын салбарын “акул”-ууд төгссөн Тээврийн удирдлагын анхны бакалаврын анги

Ангийн төгсөлтийн 15 жилийн ойгоор

Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд 20 намар. Цаг хугацаа гэж ийм л хурдан санж. 1998 онд Төмөр замын техникумын Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны бакалаврын ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш 20 жилийг ардаа үдсэн байна. Харин энэ жил тэдний төгссөн хуучнаар Төмөр замын техникум одоогийн Төмөр замын дээд сургуулийн 65 жилийн ой өнгөрөгч долоо хоногт тохиолоо. Сургуулийнх нь ойгоор тус ангийнхны ойн уулзалт давхар тохиож байна. Анх есөн эрэгтэй, 11 эмэгтэй нийт 20 оюутан Төмөр замын техникумын босгыг алхаж, замаасаа хэн нэгэн нь хазайлгүй явсаар ам бүлээрээ сургуулиа төгсч чадсан байна. Тэднийг оюутан болж байхад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмээс, зах зээлийн эдийн засагт шилжиж байсан хүндхэн цаг үе л дээ. Нийгэм бүхэлдээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, тэр тусмаа боловсролын системийн өөрчлөлт, шинэчлэлт явагдаж, дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт орж байсан юм. Төмөр замын техникумын Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны ангийнхны 20 жилийн ойн баярынх нь өмнө болзсон газраа явж очиход ангийн дарга Т.Доржжанцан, ангийнхан нь “орос цэрэг” хэмээн өхөөрдөн хочилж байсан Д.Пүрэвдорж, “багийн заан” хочтой Р.Батсүх нар хэдийнэ ирчихсэн сургуулийн ой болон ангийнхаа 20 жилийн уулзалтын бэлтгэл ажлын талаар ярьж суув. “Монголын том сонины том буланд гарах гэж байна. Ангийн дарга Доржжанцан ах одоо бүх юмаа ярина” гээд Д.Пүрэвдорж, Р.Батсүх хоёр нь инээлдээд байх юм. Төмөр замын техникум анхны бакалаврын ангиа нээхдээ ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж төгссөн сурлага сайтай 10 хүүхэд, төмөр замын салбартаа хэдэн жил ажиллаж өртөөний даргаас эхлээд тодорхой албан тушаал хашиж байсан 10 хүнийг нэгтгэн нэг анги болгож байж. Тийм болохоор би чинь 31 настай хөгшин оюутан анх Сайншандаас ирж байлаа шүү дээ хэмээн ангийн дарга Т.Доржжанцан инээж байсан юм.

Р.Батсүх бидний ярианд хүч нэмэн багш нарынхаа тухай заавал ярих ёстой шүү. Мундаг багш нарын гараар орсон шүү дээ гэлээ. Тэрбээр “Манай сургуульд олон жилийн туршлага, мэдлэг, чадвар өндөртэй багш, сурган хүмүүжүүлэгч нар олон байсан учир тэрхүү ороо бусгаа цаг үед бусад сургуулиудын тухайн үеийн байр байдалтай харьцуулахад багш нарын тогтвор суурьшил хичээл, сургалтын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол, хийдэл гаралгүй даван туулсан гэж бодож явдаг. Биднийг сургуульд ороход анги удирдсан Түмэнжаргал гэж тормолзсон алаг нүдтэй, нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулсан багш манай ангийг даан авч төмөр замын анхны “А”-г зааж өгч билээ. Мэргэжлийн хичээлийн багш нар болох хөдөлгөөн зохион байгуулалт Энхбаатар, Д.Сүхээ, ТАД-ийн Цэрэндаш, ачаа тээврийн И.Мөнхбаяр, ерөнхий курс Түмэнжаргал, СЦБ-ийн Ганчимэг, Замын Лхагва, Довчинжамц, ерөнхий эрдмийн багш нар болох математикийн Гомбосүрэн, Боргой, химийн Энхтуяа, физикийн Ооскоо, шугам зургийн Сувд, Балжинням, орос хэлний Шаравнямбуу зэрэг ёстой л нэг багшлах эрдэмд мэргэшсэн, ардын хүүхдүүдийг сургахын төлөө хоёргүй сэтгэлээр хандсан “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” гэдэг эшлэл тэд нарт маань зориулж бичсэн мэт санагдахаар сайнч, сайханч багш нараар эрдэм ном заалгаж явсандаа бахархаж явдаг” хэмээн сэтгэл нь хөдөлсөн байдалтай хэлж байлаа.

Д.Пүрэвдорж, Т.Доржжанцан нар “Манай ангийнхан аравдугаар сард 20 жилийнхээ ойн уулзалтыг хийнэ. Гадаадад байгаа ганц хоёр маань л ирж амжихгүй байх. Бусад нь бүгд ирнэ ээ” хэмээн ойн уулзалтынхаа талаар ярьж эхэлсэн юм. Ийн яриа өрнөж байтал АНУ-д ажиллаж амьдарч байгаа Б.Бат-Эрдэнэ, Д.Энхсайхан нар Д.Пүрэвдоржтой цахимаар холбогдон, ангийнхандаа мэнд хүргэж байсан юм. Тус ангийнхан сурлага сайтай хүүдүүд, өртөөний даргаас эхлээд мэргэжлээрээ тэргүүлж явсан хүмүүс нэг анги болсон тул сурлага, урлаг, спортоор сургуульдаа толгой цохисон шилдгүүдийн анги байж. Эл ангийнхнаас “Мөнхийн гэгээнт” компаний захирал Б.Энхбаяр, “Болор ус” компанийн захирал Ч.Гантөмөр, “Монгол экспресс” компанийн дэд захирал Д.Сайханжаргал, тус компанийн хүний нөөцийн албаны дарга Д.Шинэцэцэг, “Бодь” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Шинэбаяр, “Хуримт” констракшны захирал М.Амарсайхан нар өдгөө хувийн хэвшилд ажиллаж байгаа бол бусад нь мэргэжлийнхээ ажлыг 20 жил хийж байгаа гэнэ. Тухайлбал, УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж, УБТЗ ХНН-ийн ачаа тээвэр хариуцсан хяналтын байцаагч Т.Доржжанцан, УБТЗ ХНН-ийн МСҮТ-ийн ерөнхий нягтлан бодогч Н.Алтанчимэг, УБТЗ ХНН-ийн Дархан өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Г.Гантуяа, Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга Д.Нарантуяа, Сүхбаатар өртөөний Зорчигч тээвэр хариуцсан орлогч дарга Ж.Дэжигмаа, Эрдэнэт өртөөний Хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Хэнзсүрэн, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын логистикийн албаны инженер С.Мөнхзаяа, МТЗ ТӨХК-ийн Төмөртэй өртөөний дарга С.Энхтайван, УБТЗ ХНН-ийн Статистик бүртгэл мэдээллийн албаны инженер Б.Нансалмаа, УБТЗ ХНН-ийн_ АБТЭМ ангийн инженер Р.Энх-Амгалан нар мэргэжлээрээ нэр хүндтэй ажиллаж байна. Харин Р.Батсүхийн хувьд МТЗ ТӨХК-ийн дэд захирлын албыг хашиж байгаа хэмээн ангийн дарга Т.Доржжанцан хэлсэн юм. Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн ангиас Д.Сайханжаргал, Р.Энх-Амгалан нар гэр бүл болоход нь ангиараа очиж байсан гэнэ. Тус ангийн Д.Шинэцэцэг, Д.Шинэбаяр хоёр эгч дүүс аж.

Р.Батсүх дурсамж хуваалцъя гээд “Сургуульдаа ороод төмөр замын ерөнхий курс гэдэг хичээл орлоо. Хичээл эхлээд энэ номыг уншиж, судлахгүйгээр төмөр замыг ойлгож, цаашид суралцахад хүнд болно л гэж багш хэлж байна. Бүгд л номын сангаас өнөө алдарт шар номоо авцгаалаа. Гэртээ хариад уншиж эхэллээ, эхлээд л дотор нь “цариг” гээд үг орж байна, ойлгодоггүй. Тэгээд бодлоо төмөр замтай холбоотой юм чинь “царил” гэсэн үгийг алдаад бичсэн байх гэж, аминдаа төмөр рүү нь ойртуулж ойлгож, бодож байгаа нь тэр. Цааш уншаад л байлаа явдаггүй ээ ойлгох юм даанч алга. Ерөнхий курс орохоор нь багшаасаа энэ номын алдааг олсон гэсэн шүү юм бодоод, зоригтойхон л асуулаа, багш бөөн инээд болоод надад тайлбарлаж өгснөөр ийнхүү анх төмөр замын техникийн шинжлэх ухааны хэллэг, ойлголттой нүүр тулсан даа” хэмээн ангийнхан руугаа хараад инээмсэглэв.

Нэг удаа ангиараа шалгалт өгч байж. Ангийнх нь охинд хүлээн авах, явуулах замын ашигтай уртын тодорхойлолт гэсэн асуулт ирж. Гэтэл ангийн охин нь “Дохионоос…” гээд л цаашаа явдаггүй гэнэ дээ. Ангийнхан руугаа эргээд хартал нэг нь аминдаа “хязгаарын шон” гэж хэлүүлэх санаатай гараа дээш өргөөд шипий өгтөл ангийнх нь охин шууд утгаар нь ойлгоод дохионоос дээшээ гээд аваад хаячихсан юм байх. Ангиар дүүрэн инээд болж багш нь нулимсаа гартал инээгээд “Агаарт ашигт урт боддог” гээд л нэр өгчихсөн гэж байв. Энэ мэт төмөр замчин оюутан болох гэж хөглөж явсан дурсамж тэдний дунд олон бий аж. Ангийн дарга Т.Доржжанцан шүлэг бичих дуртай нэгэн. Шүлэг нь тийм ч муу бас биш. Тиймээс маш олон өртөөнөөс түүнд захиалга өгч шүлэг бичүүлж байсан юм. 20 жилийн өмнө сургуулиа төгссөн залуус өнөөдөр Төмөр зам болон хувийн хэвшилд ид хийж бүтээх насан дээрээ гялалзаж явна.

Тэднийг оюутан байх үед дадлагын хичээл дээрээ ангийн багш нь вокзал дагуулж явдаг байж. Тэнд очоод “За, нөгөө сум гэдэг чинь энэ” гэж байгаад л дов, ялгах зам, хүлээн авах, явуулах зам гээд л бүгдийг харуулж, зааж өгдөг байсан талаар тэд ярьцгаасан юм. Багш нь зүгээр үзүүлээд тойроод явахгүй, төмөр замын байцаагч шиг л хэмжээ, дамжааг нь асууна, дадлагын ажилд сарын хугацаатай өртөөдөд хуваарилаад явуулахад бараг төмөр замчин болоод ирцгээдэг байсан аж. Дадлагын ажлын хамгаалалт гэж курсын ажил хамгаалахаас ч илүү шалгуураар орж асуугддаг байжээ. Үнэхээр мэргэшсэн шиг мэргэшиж эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа нь өнөөдрийн цаг хугацаанаас эргээд харахад мэдрэгдэж байгаа юм. Ангийнхан хоорондоо эргэх холбоо сайтай явсаар өнөөдрийг хүрсэн байна. Ангийн дарга Т.Доржжанцан “Би чинь Сайншандад өртөөний даргаар ажиллаж байгаад 31 настай оюутан болж ирсэн. Сайн зүйлс их заасан. Саар нь ч байсан байх. Энэнээс эхлээд (Р.Батсүхийг заагаад) хатуу юм ч хүртээж сургасан байх. Гэхдээ өнөөдөр ингээд дарга болоод явцгааж байгааг нь харахад муу ч ангийн дарга байгаагүй юм шиг байгаа юм даа” гээд инээмсэглэв. Р.Батсүх “Их ч олон юманд гүйлгэсэн дээ” гээд өөдөөс нь инээдээр хариу барилаа. Тус ангийнхан ангийн даргынхаа үгэнд маш сайн ордог байж. Цэцэг шиг охидоо гундааж болохгүй гээд ангийн охиддоо маш хүндэтгэлтэй хандаж ирсэн талаар бүгд хэлж байлаа. 20 хавар, 20 зун, 20 өвөл, 20 намар өнгөрсөн ч анги хамт олноо гэх сэтгэлийн оч нь огт буураагүй гэдэг нь тэдний ярианаас илхэн байв.

Тэдний ангиас Т.Доржжанцан төрийн дээд одон Алтан гадас, Д.Шинэбаяр Хөдөлмөрийн хүндэт медаль хүртжээ. “Хүндэт төмөр замчин” цолоор М.Амарсайхан, Б.Энхбаяр, Д.Хэнзсүрэн, Т.Доржжанцан нар шагнагдсан аж. Түүнчлэн “Төмар замчны алдар”-ыг Д.Пүрэвдорж, Д.Хэнзсүрэн, “Тэргүүний төмөр замчин” Р.Батсүх, Д.Дэжигмаа, Г.Гантуяа, С.Мөнхзаяа, Д.Хэнзсүрэн, Н.Алтанчимэг нар, “Онц хөдөлгөөнчин” цолоор Д.Пүрэвдорж, Д.Нарантуяа, Р.Батсүх, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхбаяр шагнагдсан талаар өнөө гурав маань ам уралдуулан ярих нь нэг ангийнхан гэдэг ийм л байдаг даа хэмээн бахархмаар байсныг нуух юун. Тээврийн удирдлагын зохион байгуулалтын инженерийн анхны бакалаврын ангийнхан сургуулиа төгсөхдөө сургуульдаа автомат хэрэглэлийн кабинетийг иж бүрнээр нь тохижуулж өгч байжээ. Ангийн дарга Т.Доржжанцан “Би 30 гарчихсан ангийнхан дундаа л хөгшин товарищ байлаа. Нэг өдөр Батсүх барилдъя гээд болдоггүй. Манай Батсүх чинь Төв аймгийн Сэргэлэн сумын багийн заан цолтой (инээв). Хөгшин ахтайгаа барилдаад уначихсан. Дахиж барилдах гээд шаралхаад байхаар нь хүн наадмаар нэг л барилддаг юм” гээд болиулж байсан удаатай аж. Мөн нэг өдөр ангиараа бүхээгтэй 53 машинд суугаад Төв аймгийн Сэргэлэн сум руу явж. Р.Батсүхийндээ л очих гэж яваа нь тэр. Анх удаа айраг ууж үзэх нь үзэж, Ээж хаданд очиж уйлах нь уйлаад мөргөж сөгдөөд буцацгаасан гэнэ. Нэг хөгтэй зүйл болсон нь нэлээд оройхон Улаанбаатараас хөдөлсөн тул харуй бүрийд л Сэргэлэн сум орсон юм байх. Давхиж давхиж нэг айлын гадаа очоод “Энэ айлын гэр хойшоо харчихсан байна” гэхээр нь ангийн дарга “Хойшоо ч хараагүй байна аа. Чи ор” гээд Батсүхийгээ оруулчихаж. Айлд ороод “Танайх Сэргэлэн сумын айл уу” хэмээн асуутал гэрийн эзэн “Сүхээ хүү юу даа” гэхээр нь хартал саахалт айлынх нь байсан аж. Гэрийнхээ хаяанд ирчихээд гэрээ олдоггүй золигийн хүүхэд шүү хэмээн ангийн дарга явуулж, Д.Пүрэвдорж цаана нь инээмсэглэсээр суулаа. Энэ мэтчилэн хөгжилтэй дурсамж олон ажээ. Тус ангийн оюутнууд халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж байгаад 250 төгрөгөөр хонины чанасан толгой худалдан авч идэж, ангидаа цайгаа буцалгаж уугаад подхийтэл гэдэс гарчихдаг байж. Иймийн учир оюутан ахуй цагийн гэрэлт дурсамж нь алтан шаргал намраар илүүтэй бодогддог гэнэм.

Тухайн үед Төмөр замынхан, 120 мянгат, 220 мянгантынхан гээд атаман их байсан цаг. Тиймээс сурахын хажуугаар хүнд зодуулахгүй байхаас эхлээд амьдралын их тэмцэлтэй байлаа шүү дээ хэмээн Д.Пүрэвдорж ярив. Баруун дөрвөн замаас хуучин Тээврийн товчоо хүртэл ёстой л амьдрал буцалж байсан. Тоглоом тоглуулсан хүмүүс, хоол, шагийн архи зардаг хүмүүс гээд байхгүй юмгүй гэж байлаа. Математикийн багш Гомбосүрэн нь тэдэнд маш их даалгавар, давтлага өгдөг байж. Гооёо багш бидэнд сайн учраас багшийн хамгаалалтад байгаа хүүхдүүд рүү сургуулийн хэмжээнд хэр баргийн хүмүүс халдаад байдаггүй байсан хэмээн ярьцгаасан юм. Д.Пүрэвдорж “Биднийг оюутан болоход ТМС татан буугдаж, сүүлийн төгсөлд нь хагас жилээр төгсч байсан. Тэр хагас жил л хэцүү байсан. Хоёрдугаар курст ороод асуудалгүй болсон” хэмээн инээж байлаа. Ангийн хөвгүүд Төмөр замаас Үйлдвэр комбинат хүртэл шуудайтай шил үүрч аваачин тушаадаг байж. Үүнийхээ хөлсөнд нэг талх, ундаахан авах хэмжээний мөнгөтэй болж аваад авахаар зориг шулуудсан зүйлсээ авч ангидаа очиж найрладаг байсан гэх. Шилээ тушаачихаад буцах замдаа цөөхөн хэдэн төгрөгөө атамануудад алдахгүйн тулд тун чиг их хямгаддаг байсан аж. “Өөрийнхөө төлөө яваагүй юм аа. Ангид хүлээж байгаа найзуудынхаа төлөө явдаг байсан. Өлсчих вий гэхдээ ингэж явдаг байлаа шүү дээ. Одоо ч сайхан болж дээ” хэмээн Пүүжээ ширээгээ тулан босч цонх ширтэн зогслоо. Тухайн үед хуйхалсан чанасан толгой 250 төгрөг байсан болохоор амар байсан юм. Гэхдээ ангийн дарга бидэнд амсуулаад өөрөө үлдсэнийг нь идчихдэг байлаа шүү дээ хэмээн Д.Пүрэвдорж ангийн даргаа цаашлуулан инээлдэнэ. Хэлийг нь идвэл хэлгүй болно. Чихийг нь идвэл дүлий болно гэдэг байсан хүн дээ гээд дахин нир хийтэл инээлдэв. Тухайн үед сургуулийн оюутны зөвлөлийн даргаар Р.Батсүх ажилладаг байж. Тэр сургуулийнхаа багийг ахлан Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Дэвжээ” тэмцээнд оролцон шилдэг дөрвөн багт шалгарч, Монгол Улсын шилдэг таван сургуулийн нэгээр шалгаруулахад гол үүрэгтэй оролцож, УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гарын үсэгтэй гадаадад нэг оюутан мастер хамгаалах нэг эрх авч ирж ангийн найз Д.Шинэбаяр нь явж байсан гэнэ. Энэ мэтчилэн ангиас анги дамжсан бахдам амжилт сургуулийн хэмжээнд бус улсын хэмжээнд гарч байсан удаатай. Энэ мэтчилэн олон дурсамжийг энд бичиж болно. Арав гаруй насны зөрүүтэй ах дүү мэт залуус нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч энэхэн буурал замбуулинд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын сайхныг тод томруунаар харуулсаар явна. Нэг намар, хоёр намар, гурван намар… Хуанлийн хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр 20 дахь намар.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Хоёр га талбайд 2500 чацарганы мод тарьсан 8а ангийнхан

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочноор Ховд аймгийн Манхан сумын дунд сургуулийг 1976 онд төгссөн 8а ангийнхныг онцолж байна. Тус ангийнхан энэ жил тохиосон Манхан сумын дунд сургуулийнхаа 90 жилийн ойгоор уулзацгаажээ. 42 жилийн дараахь ангийнхны уулзалт тунчиг сайхан болсон гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтээ хэлж байлаа. 90 жилийн ойн уулзалтад 8а ангиас таван эрэгтэй, 10 эмэгтэй хүрэлцэн иржээ. “Биднийг уулзалтад очиход залуус эмээ, өвөө дээшээ суу гээд л байсан. Гэхдээ хүүхэд насны минь гэнэн цайлган үеэ хамтдаа туулсан тэднийгээ харахад хөгширсөн гэж ер санагдахгүй байсан” хэмээн ангийн охин Г.Сарангэрэл хэлэв. Б.Болормаа “Тухайн үеийн төгсөгчдөөс одоо 80 орчим хүүхэд энх тунх байдаг юм. Тэднээс 60 орчим нь ойн уулзалтдаа зорин ирсэн. Биднийг анх хөдөө гэрээсээ эрдэм сурахаар сургуулийн алтан босгыг алхан ороход Боловсролын тэргүүний ажилтан, Ардын багш Ольяа угтан авч, А үсэг зааж байлаа. Манай анги 32 хүүхэдтэйгээр наймдугаар ангиа төгссөн. Тэр үед сургуулийг маань цэнхэр будгаар гангалан будсан модон хашаа хүрээлдэг байсан юм. Сургуулийн хажууд байх дотуур байранд амьдардаг хүүхдүүд хашаанаасаа барагтай бол гадагш гардаггүй байсан шүү. Хөдөөнөөс аав, ээж нь эргэлтээр ирэхээр магнайгаа хагартал баярладаг. Хайрсан боорцог, хатаасан борцыг уут уутаар нь бэлдээд аваад ирдэг байлаа. Дотуур байранд суудаг хүүхдүүдийн нэг нь би байв. Өлсөөгүй хэрнээ ээжийнхээ хайрч авчирсан боорцгийг идээд л баймаар санагддаг байж билээ. Тухайн үед хичнээн охид, хөвгүүд сурдаг байсныг одоо бүр мартаж орхиж. Гэхдээ манайх хөвгүүд голлодог анги байсан санагдана” хэмээсэн юм.

8а ангид аймгийн аварга малчдаас авахуулаад дэлхийн аварга хүртэл бий гэсэн. Мөн төрийн одон медаль болох Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Боловсролын тэргүүн, Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар 10 орчим хүн шагнуулж байжээ. Саяхан болсон ойн баярын үеэр ангийн найз Х.Бадамцэцэг нь Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Харин өнгөрсөн 2017 онд Д.Болормаа, Г.Сарангэрэл нар “Алтангадас” болон “Нийслэлийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнуулсан байна.

Н.Батлаваас олон жилийн дараа ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж буй сэтгэгдлийг нь асуухад, “Биднийг 1976 онд төгсөж байхад ангийн уулзалт, нийллэг гэж байдаггүй байлаа. Хот газар ч ийм зүйл байхгүй байхад сумын сургуулийн хүүхдүүд хоорондоо уулзалт зохионо ч гэж юу байхав. Гэхдээ бидний хэдэн нөхөд нэгнээ санахын эрхэнд хамгийн анх 1978 онд сумын төвд байдаг байсан цоохор гэрт төгсөгчдийнхөө дунд анхны уулзалтыг зохиож, сургуулийнхаа багш нартай золгож, дурсгалын зураг татуулж явлаа. Энэ уулзалтыг одоо ч тэр үеийн төгсөгчид ярьдаг юм. Түүнээс хойш сургуулийн уулзалт, ангийн нийллэгийг төгсөгчид сумандаа зохиох болсон гэсэн. Манай анги сургуулийнхаа хамгийн анхны коллектив сайтай анги байсан гэж яригддаг юм гэнэ лээ. Нэгэндээ зовлон жаргал, баяр гуниг аль нь ч тохиолдсон тусалж, дэмжээд хамтдаа байхыг хичээдэг. Сүүлийн хэдэн жил бүр ч илүү нэгнээ санадаг болж. Яах вэ, зарим нь насны залууд, ааг омгондоо багтаж ядсан хүмүүс энд тэнд салан одож явсан ч жил ирэх тусам улам ихээр нэгнээ гэх сэтгэлтэй болж, ойр ойрхон уулзалддаг болсон. Энэ уулзалтаар манай хэд сэтгэлээ нэг сайн дэвтээж байна даа”гэв.

“Манай ангийн Н.Батлав үхэх сэхэхийн заагт очин амь тэмцэж арайхийж хөл дээрээ дахин босч ирсэн юм. Энэ маань л биднийгээ бөөгнүүлж, уулзалт цуглаан зохиодог юм. Саяхан болсон уулзалтаар бид ангийн найз Н.Батхүүгийндээ зочилж очиход манай төгсөлтийн Дарьжав биднийг угтан авч, тусгайлан таван ханатай хоёр гэр барьж, цай, хоол, идээгээр дайлсан. Мөн зочилж очсон хүн бүрийн гарыг цайлгаж, дээлийн торго, сүү, хадаг өгсөн. Яг энэ үеэр ангийн найзууд болох Жаргалсайхан, Бадамцэцэг нар бидний араас хэд хэдэн шуудай тарвас авчирч дайлсан шүү. Тэр үед тарвасаар хур буух шиг л болсон. Манай ангийн хүүхдүүдийн зарим нь хот газар амьдрах болсон учир хөдөө талын сайхан, нутгийнхаа онцлогийг эргэн дурсаж, санасан сэтгэлээ тайлж байна. Их баярлалаа та хэддээ гэж хүртэл хэлж байсан” хэмээн Г.Сарангэрэл дурсаж байлаа.

Яг энэ үеэр Б.Болормаа “Бид жаахан байхдаа спортын төрөлд манлайлдаг сурагчид байсан сан. Тухайн үед аймаг, сумын сагс, волейболын тэмцээнд хэн эхний хэдэн байрыг эзэлсэн байна. Тэр нь манай анги, эсвэл сургуулийн хүүхдүүд л байдаг байлаа. Сургуулийн шигшээ, аймгийн шигшээ багийн шилдэг тамирчдын гэрэл зургаар манай ангийн хүүхдүүдийн зургийг тавьсан байна лээ. Ольяа багш хааяа биднийг жаахан загнана. Уг нь ааш зөөлөнтэй, уурлана гэж ер нь мэддэггүй хүн сэн. Гэхдээ заримдаа биднийгээ жаахан дарж авахгүй бол бас даврах шинжтэй байх юм. Арга ч үгүй биз дээ. Амаараа дүүрэн черниль сорж байгаа хүүхдэд донго хүртээлгүй яах вэ. Нэг өвөл манай ангийн хөвгүүд анхны цас орлоо гэж баярлан охидынхоо нүүрийг цасаар угааж байгаад багшид баригдаад зөндөө загнуулж билээ. Гадаа тоглож, хотондоо ажил хийсээр байгаад зарим хүүхдийн гар нь сайртай, хацар нь холцруутаж, минчийтлээ улайчихсан байдаг байлаа. Одоо ингээд харахад тэр сахилгагүй, ангийн жаахан хүүхдүүд маань аль хэдийнэ зургаа, долоон хүүхэдтэй, 10 гаруй ач, зээтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэн болчихжээ. Манай ангийн Оюунцэцэг, Сарангэрэл, Баясгалан, Оюунхүү, Цэцэгмаа, Бадамцэцэг, Оролмаа, Болормаа, Эрдэнэчимэг, Эрдэнэцэцэг, Лхамхүү, ЭнхАмгалан, Мөнхтүвшин нар Алдарт эхийн одонтой. Харин Жаргалсайхан боловсролын тэргүүний ажилтан. Дарьжав Соёлын тэргүүний ажилтан болсон” гэж байлаа.

Ийн ярилцах зуур тэд гэрийнхээ халуун яндангийн тоосыг арчиж байгаад захны цагаан даавуугаа хоёр тал руу нь сөөлжүүлэн татаж индүүддэг байснаа дурсаж инээд хөөр болоод амжсан юм.

Мөн Б.Болормаа “Тоо, Дүрслэх урлаг, Дуу хөгжим, Биеийн тамир, Гар хөдөлмөр, Амьтан судлал, Хими , Газарзүй, Геометр, Физик ордог байлаа. Манай ангийн Батхүү Монгол хэлнийхээ хичээлд хамгийн мундаг нь байсан юм. Түүнээс гуйж хуулахгүй хүн гэж бараг л байдаггүй байлаа. Харин манай ангийнхан гэлтгүй сургууль даяараа ганцхан хүүхдээс л айдаг байсан. Тэр нь манай ангийн Маамаахүү. Маамаа тухайн үед сургуулийн атаман байсан юм. Хаана ч явсан Маамаахүү ирж байна гээд ганц л хэлэх юм бол бүгд зугтаадаг байлаа. Хэрэв тааралдчихвал цүнх булааж, үсний туузнаас татаж чангаагаад ер зүгээр явуулдаггүй байсан хэрэг л дээ. Нэг өдөр би хичээлдээ сууж байлаа. Хоёрдугаар салааны араасаа хоёр дахь ширээнд Маамаа, түүний урд би сууж байсан юм. Багш хүүхдүүдийг самбарт гаргаад нэг нэгээр нь бодлого бодуулаад л байсан. Миний ээлж ирж босох гэтэл үс сандалтай орооцолдоод арагшаа татагдаад унах нь тэр. Би их урт үстэй, түүнийгээ хоёр сүлжээд арагшаагаа унжуулчихсан байсан юм. Гайхаад эргээд хартал Маамаахүү миний үсийг сандалтай нийлүүлээд сүлжчихсэн байж билээ. Бас Г.Жаргалсайханы гарыг хараад л бүгд айж зугтаадаг байсан. Тухайн үед өвөл байсан юм. Мал малладаг айлын хүүхдүүд өдөр шөнөгүй гэрийн ажил хийдэг байсан болоод ч тэр үү Жагаагийн гар хүйтэнд хөлдөөд, мойнийгоод сайртчихсан болохоор бүгд шоолдог байсан нь тэр. Сүүлд тэр маань аймгийн заан цолтой мундаг бөх болчихоод залуугаараа бурхны орон руу одсон юм. Бид хэд заримдаа уулзаж, Жагаагаа дурсахдаа яах гэж түүнийг дооглож, айж зугтаадаг байснаа харуусан ярьдаг” гэж байв.

Л.Оюунцэцэг “Болормаа, Цэцэгмаа бид гурав сургуулиа төгсчихөөд яаж амьдрах тухайгаа ярилцаж, ерөөсөө ажлыг хамгийн багаас нь эхэлж хийсээр оргилд нь гарч үзье гэж шийдэн Манхан сумын нийтийн хоолны газар угаагчаар ажлын гараагаа эхэлж байлаа” гэж хэлэхтэй зэрэгцэн “Манай Оюунцэцэг бидэн дундаа хамгийн зөөлөн сэтгэлтэй. Заримдаа холбоо барихгүй удчихвал гомдоно, уулзахгүй бол уурлана, биднийг санахаараа бүр уйлдаг гэсэн. Жаахан байхдаа ганцхан ширхэг ёотон олчхоод надтай хувааж идэх гээд дээлийнхээ энгэрт бараг бяцалчихсан ирж байсан” хэмээн Б.Болормаа нэмж хэлэв.

Багадаа тэдний ангийн хүүхдүүдийн ихэнх нь хурдан морь унадаг байжээ. Манхан суманд долоон хар морь наадам болгоноор нэг зурхайнаас гардаг байсан гэнэ. Тэр морьдыг дандаа 8а ангийн хүүхдүүд унадаг байсан аж. Ээлж дараалаад л түрүүлээд байдаг. Уралдаанд түрүүлсэн хүүхдэд нэг дэвтэр, ёотон, баярын бичиг өгдөг байж л дээ. Хөвгүүд нь бэлэг аваад гайхуулаад байхаар нь А.Баясгалан сумынхаа 20 жилийн ойгоор хурдан морь унасан ч 40д орж ирсэн хэмээн түүнийг ярихад ангийн нөхөд нь түүнийг шоолон инээлдэв.

Долоон жилийн өмнө 8а ангийн 20 гаруй хүүхэд хоёр га газарт 2500 чацарганы мод суулгасан аж. Бүтэн хоёр өдөр хонон өнжин суулгасан тэдгээр модод нь уржнан жил ургацаа өгчээ. Жил өнжиж дахин ургац хураадаг тул өнөө жил бүр ч их ургац хураах шинжтэй байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Долоон жилийн өмнө болсон энэ үйл явдлаас хойш тэд бие биетэйгээ улам ойртон нөхөрлөх болсон гэв.

Одоогоор тэдний төгсөлтийнхнөөс П.Ичинхорлоо, С.Должинсүрэн, Р.Ганхуяг, Н.Оюунбаатар, А.Баясгалан, С.Дашжамц, Г.Сарангэрэл, Н.Болдсүрэн, Ц.Энхцэцэг, М.Жавзандулам, С.Мөнхтүвшин, Ш.Лхагважав, Л.Оюунцэцэг, Г.Төмөрбаатар, Н.Лхамхүү, Б.Оюунчимэг, Н.Батхүү, Н.Баатаржав, Л.Оюунцэцэг, Г.Сарангэрэл, Б.Болормаа, С.Дашжамц, Ц.Даваа, Б.Эрдэнэцогт, Х.Бадамцэцэг, М.Энхбаяр, Ц.Алтанхуяг, М.Жавзандулам, С.Лхамжав, Д.Жаргалсайхан, Н.Лхамхүү, Я.Дарьжав,Ч.Лачингалсан, Г.Энхтөр, Н.Батлав, Ц.Цэцгээ, Я.Бямбажав, Ч.Гэрэлсүрэн, Х.Пүрэв, О.Корво, Д.Эрдэнэцэцэг, До.Бадамцэцэг, Д.Эрдэнэчимэг, Д.Бямбабаяр, Н.Оюунхүү, Н.Баатаржав, Н.Сүхээ, Б.Нямдаваа, Т,Цэцэгмаа, С.Нямсүрэн, Х.ЭнхАмгалан, Н.Одонцэцэг, Ц.Бямбажав, Ж.Оролмаа, Б.Оюунчимэг, Г.Наранцэцэг, Т.Төмөрөө, Б.Энхбаяр, С.Оролмаа, О.Пүрвээ, О.Саранцэцэг, Х.Цэвэлмаа, М.Болдсүрэн, Д.Маамаахүү, Ш.Шинэдаваа, У.Хүрэлбаатар, Т.Баярхүү, Р.Дулмаа, Б.Нарацэцэн, М.Сүхбаатар, Э.Энхтуяа нар нутагтаа ажиллаж, амьдарч байгаа юм байна.

З.МӨНХСУВД

Categories
булангууд мэдээ нийгэм нэг-ангийнхан

“Жирийн” гэх тодотголтой ч жирийн байгаагүй манай ангийнхан

Жирийн гэх тодотголтой 10-ын “З“ ангийн хөвгүүд

Төв аймгийн хэмжээнд арван жилийн сургуультай сум цөөн байдаг учир сумдаас наймдугаар анги төгссөн хүүхдүүд аймгийн төвд шилжин ирж суралцдаг. 2001 онд Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн есдүгээр ангид өмнөх жилүүдтэй харьцуулбал сумдаас олон тооны элсэгч хүлээн авч есийн Агаас Ж хүртэлх бүлэгт сурагчдыг математик, түүх, хими гээд цаашид сонирхон судлах хичээлийнх нь дагуу анги ангид нь шалгалт аваад оруулчихлаа. Ядаж байхад манай аймгийн олон сумтайг хэлэх үү. Тэгтэл ямар нэгэн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орох гэж шалгалт өгөөгүй хэдэн нөхөд үлдчихсэн байлаа. Багш нар, сургуулийн захиргаа ч гайхаж “Энэ ямар хүүхдүүд шалгалт өгөхгүй үлдчихэв ээ. Анги даасан багш нь гэж хэн байна аа” гээд бөөн юм болж өнөө хэдэн сурагчийг Урлагийн зааланд цуглуулбал 40-үүлээ. “Одоо эднийг яана. Ямар нэгэн байдлаар Агаас Ж бүлэгт хуваагаад ч болтугай оруулах хэрэгтэй” гэсэн яриа гарлаа. Өнөө 40 сурагч Урлагийн зааланд чимээгүй л суугаастай. Эхний нэг, хоёр өдөр тэгэсхийгээд өнгөрөв. Дараагийн өдөр нь өнөө хэдэн сурагчийг бөөгнүүлээд нэг анги болгоё гэж сургуулийн захиргаа шийдсэн бололтой есийн “З” гэдэг бүлэг шинээр үүсгээд багшаар нь Угтаалцайдамаас ирсэн Б.Цэвэгмид гэдэг багшийг тавьчихаж. За ингээд ямар ч байсан “З” гэдэг пайзтай, ангийн багштай болоодохтол өөрийн гэсэн анги танхим байдаггүй. Урлагийн заал, Биеийн тамирын заал, сургуулийн хонгил, хувцасны өлгүүр хавьцаа дахин ганц хоёр өдөр хичээллэх маягтай болж байтал сургуулийн захиргаа манай ангид Бялдаржуулах танхимыг суллаж өглөө дөө. Сургууль даяар яриа гарав. Нөгөө ямар ч сонгоны ангид орж чадаагүй, хөдөө сумдаас голдуу ирсэн сурагчидтай адгийн “З” анги чинь явж явж сургуулийн хамгийн гоё ангид орчихлоо гээд л. Бялдаржуулах өрөө гэхээр дасгал хөдөлгөөн хийдэг, саруулхан гэж жигтэйхэн. Гэрлийн бүрхүүл нь гоёмсог. Хойд хана нь тэр чигээрээ угалз, хээ хуар болсон жаазтай томоос том тольтой. Шал нь шив шинэ хулдаастай. Ширээ сандал нь ч шинэ. Хичээл заах гэж орж ирсэн багш нар “Та нар чинь харин анги ч үгүй, багш ч үгүй байснаа ордон шиг юманд ороод суучихаж шүү” гээд цаашлуулна. Яагаад ч юм нэг тийм уламжлалт ойлголт байдаг шүү дээ. А юмуу, Б бүлэгт суралцаж байвал аав, ээж нь хүүхдээ мундаг ангид сурч байгаа юм байна гэж ойлгодог. Гэтэл манайх очиж очиж “З”. Бид “З” гэдэг бүлэгт орсноо нэг их зарлах дургүй л байлаа. “Ямар ангид орсон бэ” гэж асуухаар бид “Өө, сонгон монгонд ороогүй ээ. Жирийн ангид сурч байгаа” хэмээн даруухан хэлдэг байлаа. Манай анги нэг давхрын баруун жигүүрийн хамгийн мухарт, Хөдөлмөрийн кабинетын харалдаа анги. Ингээд аравдугаар сар гарч ангиараа анх удаа зургаа авахууллаа. Урлагийн үзлэг болж Р.Цолмонгэрэл маань ёочингоор гадаадын сонгодог хөгжим тоглож, Г.Эхлэнбаатар Б.Зангад гуайн дууг дуулж шүүгч багш нарыг бишрүүлж, ангиараа Төрийн шагналт Д.Сэнгээгийн шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хөгжим “Эх орны тухай дуу”г хоороор дууллаа.

Дэлгэр Монгол орноо

Магтаж бид нар дуулахдаа

Тэнэгэр сайхан жаргалаа

Бахдаж заавал оруулдаг гээд дуулахад ангийн багш Урлагийн заалны хойноос хоёр эрхийгээ гозойлгож шавь нараа сайн байгаа хэмээн магтана. Ингээд манай анги урлагийн үзлэгээр байр эзэлж, Г.Цолмонгэрэл маань дуу хөгжмийн багш нарын хараанд өртөж сургуулийн хэмжээний хөгжимчин болчихов. Дараа нь Спартикиад болоход манай хөвгүүд сагсан бөмбөгөөр цойлоод ирэв. Бас л сургуулийн шигшээтэй өрсөлдөх хэмжээний ур чадвартай. Харин охидоос Б.Батцэцэг сургуулийн сагсны шигшээд сонгогдож хичээлдээ ч суух завгүй бөмбөг хөөцөлдөж спортын цол зэрэг аваадахлаа. Г.Цолмонгэрэлийн оролцдог тэмцээн уралдаан ч гэж тоймгүй. Ийш тийш урлагийн наадам, уралдаанд ороод ирэхээрээ хүзүүндээ алтан медаль зүүгээд ирнэ. Удалгүй хичээлүүдийн олимпиад эхэлж Б.Лхамжав нийгмийн хичээлээр сургууль, аймгаасаа шалгарч улсад өрсөлдөөд шагналт байрт оров. Тэр жилдээ есийн “З”-гийнхэн жирийн биш анги байсан гэдгээ бусад бүлэгтээ, сургуулийн захиргаандаа харуулаадахлаа. Ангийн багш маань алгебрь, геометрийн багш байсан болохоор бидэнд өдөр болгон шахуу давтлага өгнө. Өглөө хичээл ороод 12 цагт тараад буцаад 14 цагт ирж давтлага хийнэ. Манай ангийн хувьд нөгөө ээлжийн анги гэж байгаагүй учир бүхэл өдөржингөө ангидаа хичээлээ давтах боломжтой байв. Суурь сайтай сурагчид голдуу байсан болохоор манай ангийн сурлага улирал ирэх тусам дээшилсээр. Багш нар жишээ авахаараа манай ангийг ярьж бусад ангиудын сурагчдыг загнана. “Та нар тэр хар. Арвын “З” гэж ямар ч сонгоны анги биш хэрнээ бүх хичээлдээ сайн хүүхдүүд. Юм юмандаа авьяастай. Их томоотой, хэл ам таталдаггүй хүүхдүүд байна” гээд биднийг үлгэр жишээ болгож ярина.

Манай анги 16 хөвгүүн, 24 охинтой. Хөвгүүд маань сахилгагүйтэж, гүйлддэг үеэ хэдийн өнгөрөөчихсөн, их сайн төлөвшилтэй. Бусад ангийн охид завсарлагаанаар манай ангийн гадаа ирж зогсоно. Хөвгүүдийг харах санаатай. Сэргэлэн сумын Р.Энх-Амгалан, Б.Ариунбаяр гэж хоёр хөвгүүн хичээл номдоо гаргуун. Ялангуяа алгебрь, геометр, газар зүйдээ ангидаа толгой цохино. Ц.Чулуунцэцэг, Б.Эрдэнэхуягийг бид тооны гавал гэж дуудна. О.Гэрэлмаа химийн хичээлдээ багшаараа магтуулна. Ангид ингээд ямар нэг хичээлдээ онц сайн хүүхдүүд байх нь бусдыгаа дагуулаад аваад явчихдаг сайн талтай болохоор давтлага хийхдээ нэг нэгэндээ маш их зүйл зааж зөвлөнө.

А равдугаар ангид орсон хойноо ярьжээ суухад яагаад ямар нэгэн сонгоны ангид оролгүй, жирийн ангид орсноо тайлбарлацгаахад нь сэтгэл хөдөлж билээ. Сэргэлэн сумын сургууль угаасаа элсэгч багатай, энэ жил гэхэд л нэгдүгээр ангид таван хүүхэд авснаас нээлтийн өдөр нь нэг нь чөлөө авч дөрөв нь ирсэн гэсэн шүү дээ. Тэрэнтэй адил 1-8 дугаар анги хүртлээ нэг ангид сурсан Сэргэлэнгийнхэн маань “Аймгийн төвд очоод өөр, өөр ангид орж салахгүй шүү. Шалгалт өгөхгүй үлдээд жирийн ангид хамт орно шүү” гэж ярьсан байх жишээтэй. Баяндэлгэрийнхэн ч ийм шалтгаанаар салаагүй юм билээ. Бас аймгийн төвийн найман жилийн сургалттай “Монгень”ээс ирсэн Ж.Дамдинсүрэн, Д.Өнөрбаяр, Ц.Чулуунцэцэг, Х.Ганзориг, Л.НямОсор, Д.Үүрийнчулуун, Б.Баярцэцэг, М.Мөнхтуул, Ч.ОюунЭрдэнэ, найман жилийн сургуулиас ирсэн О.Гэрэлмаа, Б.Лхамжав, Б.Алтанхүү, А.Даваасүрэн нар ч тийм шалтгаанаар жирийн анги руу орж ирсэн байж билээ. Наймдугаар анги хүртлээ нэг анги гэгдэж, амь нэгтэй болсон болохоор 9-10 дугаар ангидаа ч хамт байна шүү гэсэн ам тангаргаар л манай ангийнхан ямар нэг гүнзгийрүүлсэн сургалттай ангид оролгүй үлдсэн нь тэр юм билээ. Манай ангийнхан шинэ жилээр нийлж ёолкоо тэмдэглэнэ. Мартаар хөвгүүд нь ангиа цэвэрлэж охиддоо бяцхан ширээ засч, хөгжим тавина. Дараа нь Цэргийн баяраар охид нь хариу барьж ангидаа даруухан ширээ засацгаадаг байж билээ. Аравдугаар ангид байтал Төв аймгийн хэмжээнд Засаг даргын нэрэмжит математикийн түвшин тогтоох уралдаант шалгалт боллоо доо. Манай төгсөлтийн аравдугаар ангийн Агаас З хүртэлх есөн бүлэг тэр шалгалтыг өглөө. Нэгдүгээр байрт 510 дугаар анги хүртлээ математикаар дагнаж ирсэн Ж бүлэг орчихож. Аргагүй л дээ, тэгэхээс өөр яах билээ. Харин хоёрдугаар байрт Б.Цэвэгмид багштай жирийн гэгддэг “З” бүлэг орсон байлаа. Энэ үеэс эхэлж манай анги урлаг, спорт, хүмүүжил, төлөвшил, сурлага, харьцаа, биеэ авч яваа байдал зэргээрээ бусад ангийнхнаасаа ялгарч багш нарын хайр хүндэтгэлийг улам хүртэх болсон юм. Бид жирийн биш анги гэдгээ тэгэхэд бүр бататгаснаа одоо бахдан ярьцгаадаг. Тийм ч болохоор бүгд аравдугаар ангиа амжилттай төгсч их, дээд сургуульд элсч өөр өөрсдийн замыг хөөж нийслэл хотдоо, аймагтаа, бусад аймгуудад ажиллаж хөдөлмөрлөөд сайхан явцгааж байна. Ж.Дамдинсүрэн, Л.НямОсор, Б.Эрдэнэхуяг, Д.Өнөрбаяр, Х.Ганзориг, Г.Эхлэнбаатар, Э.Эрдэнэбилэг нар барилга, уул уурхайн инженерээр амжилттай ажиллаж байна. О.Гэрэлмаа, А.Даваасүрэн, Б.Энхбулаг, Б.Ариунбаяр, Б.Энхтуяа нар хувиараа бизнес эрхэлж, компани толгойлцгоож байгаа бол Б.Золбоо, С.Батсүх нар цагдаа, цэргийн ахмад цолтой төрийн тусгай албан хаагчид. З.Лхамсүрэн, Г.Ган-Эрдэнэ, О.Отгонжаргал, Р.Цолмонгэрэл, Д.Отгонжаргал, Д.Мөнхсоёл, Ч.ОюунЭрдэнэ, Б.Баярцэцэг, Ж.Халиунаа, Ц.Алтанцэцэг, Н.Отгонсэлэнгэ, Н.Намуунцэцэг, Д.Бадамханд, Б.Алтанхүү, Д.Үүрийнчулуун, М.Оюунбаяр, Э.Баасан, Б.Лхамжав, М.Мөнхтуул, Б.Отгонпүрэв нар эрх зүйч, сувилагч, дууны багш, бага ангийн багш, мэргэжлийн хяналтын байцаагч, аймгийн ЗДТГт мэргэжилтэн, олон улсын харилцааны ажилтан, нягтлан бодогч зэрэг мэргэжил эзэмшин Улаанбаатар хот, Төв аймаг, төрөлх сумандаа ажиллаж байна. Харин Л.Мөнхбүрэн, Н.Мөнхбаяр Баяндэлгэрт, Ц.Чулуунцэцэг БаянӨнжүүлдээ буцан очиж малчин болцгоочихсон. Д.Үүрийнчулуун дөрвөн хүү төрүүлж “Алдарт эх” болсон нь ангийнх нь бас нэг бахархал юм. Манай анги маш эв нэгдэлтэй, амь нэгтэй, нэгнээ ихэд өмөөрч, шүүмжилбэл анги дотроо шулуухан хэлчихдэг онцлогтой анги байсан юм. Зүг зүгээс ирсэн хүүхдүүдийг нэг анги болгон зангидаж амьдралынх нь замыг заасан гол хүн бол ангийн багш Б.Цэвэгмид билээ. Энэ хүний хүчээр, сайхан сэтгэлийнх нь илчээр манайхан ангийнхан олон түмнийхээ дунд нэртэй төртэй л явна.

Яагаад ч юм түм түжигнэсэн, бум бужигнасан хүмүүс дунд чимээгүй, дуугүй хэрнээ урдахаа мөрөөрөө, чанартай хийгээд, ажлын хамгийг нуруун дээрээ үүрдэг ч тэвчээр заан амгалан оршдог хүчирхэг хэрнээ эрхэмсэг, сайхан хүмүүс байдаг шүү дээ. Энэ ангийнхан бол яг л тийм хүүхдүүд. Аравдугаар ангиа төгсөөд 15 жил, их, дээд сургуулиа төгсөөд арван жил болж байгаа манай ангийнхны хувьд амьдрал дөнгөж эхэлж байна. Улс нийгмийнхээ бүхий л салбарт өөр өөрсдийнхөө зам зураг, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа болохоор хожим нь манай ангиас ард түмэн, нийгэмд танигдсан ямар мундаг том хүмүүс төрөн гарахыг таашгүй. Одоо бол эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулцгаагаад өнөө л чимээгүй, даруухнаараа л явцгааж байна. Бид ангийнхаа нэг андыг цаг бусаар алдсанаас хойш аль болох ойр ойрхон уулзаж, амьдралынх нь жаргал зовлон бүхэнд хамт байхын төлөө эрмэлздэг болсон билээ. Маргааш манай ангийн төгсөлтийн “Бидний баяр15 жил” уулзалт болно. Уулзалтдаа оролцохоор малчны хотноос, барилгын талбайгаас, хилийн зурвасаас, говиос, морины уяанаас, Солонгосоос бүгд сэтгэл зүрхээрээ нэгдэнэ. Анги хамт олондоо болон ангийн багшдаа урт удаан насалж, аз жаргалаар бялхаж явахыг ерөөж байна, ангийн дарга нь.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Долоон гавьяат, арван доктортой анги

МУИС-ийг төгссөний 45 жилийн ойгоор

1969 онд МУИС-ийн математикийн ангид арван жилээ алтан медальтай төгссөн онц сурлагатнууд, олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон гавлууд анх цугларч байжээ. Зүг бүрээс шилэгдэж ирсэн тэр 28 хүүхэд өдгөө ч нэг ангийнхан хэмээн дуудуулж явна. Тав зургаахан охинтой, хөвгүүд голдуу. Тиймээс сургуульдаа “Анги нураачих шахам” хөдөлгөөнтэй дэггүйчүүдийн тоонд багтдаг байлаа. Оюутнууд мөртлөө дунд сургуулийн зүггүй хөвгүүд шиг ширээн дээгүүр дүүлж үймүүлнэ.

Үүнээсээ болж багш нараас зэмлэл их хүртэнэ. Тухайн үед МУИС-ийн проректор байсан, хожмоо БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүн болсон Жамбын Батмөнх, профессор А.Дашдорж нарын багш нарт загнуулна.

Багш нарын чихийг халууцуулсан дэггүй оюутнууд байсан ч сурлагын тал дээр ярих юмгүй. Тиймдээ ч улс нийгэмд танигдсан олон алдартан, гавьяат төрөн гарчээ. Долоон гавьяат, арван доктор, нэг хурандаа төрнө гэдэг бол тэр бүр ангиудад тохиолдоод байдаг хувь заяа биш.

Тэгвэл эдний ангийнхны хувь төөрөг тийм л онцгой аж. Монгол Улсын Их хурлын дарга, Боловсролын сайд хожмоо төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж явсан, гавьяат багш С.Төмөр-Очир ангийн дарга нь байж. Нөхөд нь түүгээр бахархаж “Манай ангийн дарга чинь даргын одонд төрсөн хүн байхгүй юу. Их сургуульдаа ангийн дарга байлаа. Төгсөөд энд тэнд хурган даргаас эхлээд сайд болж, УИХ-ыг ч удирдаж явлаа” хэмээн магтана.

Ангийн бас нэг бахархалт анд нөхөр бол шинжлэх ухааны гавьяат ажилтан, нэрт зурхайч, эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат ажилтан Л.Тэрбиш. Түүнийг ангийнхан нь “хар ах” гэж хочилно. Учир нь тэр оюутан байхдаа бараан царайтай хүүхэд байж. Харин одоо түүнийг “ах лам” гэцгээх болжээ. Л.Тэрбиш зурхай судлалын том эрдэмтэн төдийгүй, төвд судлал, төвд хэлний ном сурах бичиг зохиож, Тэрбишийн хуанлигаараа олны танил болсон хүн. Олонд нэр төртэй зурхайч болсон учраас ангийнхандаа үргэлж түшиг болдог гэнэ. Үс сэвлэг үргээх, бэр гуйх, хурим найрын товоос эхлээд ангийнхныхаа асуусан бүхэнд хариулж, тусалж, “ангийн зурхайч”-ийн үүргийг одоо ч гүйцэтгэсээр байгаа юм байна.

Ангиас төрсөн өөр нэг доктор, байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимид. Ангидаа Л.Тэрбиш тэр хоёр дотно нөхөрлөдөг байж. Түүнийг Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 21 жил ажилласан гэхээр мэдэх хүн зөндөө. Тэтгэвэртээ суусан ч мод тарих ажлаа хийсээр, зөвлөсөөр гүйж яваа гэнэ.

Нийт таван гавьяат багш тодорсноос Далай, Ё.Вандансүрэн, Б.Бадарч, А.Рагчаа, С.Төмөр-Очир нарыг нэрлэж болно. Харин Л.Тэрбиш, С.Төмөр-Очир, В.Отгоннасан, О.Цэрэнбат, С.Батсүрэн, Ч.Даваадорж, Г.Баатарбилэг, Б.Чимид, Р.Дэнжин, Ж.Жамбалдорж нарын докторууд энэ ангиас мэндэлснийг энд дурдах хэрэгтэй.

Мөн гавьяатын энтэй Д.Цэрэндулам, Д.Гомбосүрэн, Ж.Даваажав нарын эрдэмтэн, багш нараараа тэд бахархдаг ажээ. Харин ангиас нэг хурандаа төрсөн нь С.Цэндбаатар. Тэрээр сургуулиа төгссөний дараа хойшоо КГБ-д явж мэргэжлийн тагнуулчаар төгсөж ирээд НАХЯ-д ажиллажээ. Одоо сэтгүүлчийн ангийн оюутнуудад мөшгих сэтгүүл зүй гэж юу байдаг тухай зааж, сургаж яваа юм байна.

Эдний ангийнхан 1974 онд сургуулиа төгсчээ. Ардын багш Л.Шагдар, доцент Ү.Санжмятав, Г.Доржготов, Д.Шагдар, Л.Өвгөн, Шар–Өвгөн, Г.Гүнжээ, Ц.Дашдорж, А.Мекей, Хашбаатар гээд Монголдоо зартай эрдэмтэд, эх орондоо орчин үеийн математикийн үндэс суурийг тавьсан алтан үеийн багш нараар хичээл заалгуулж явсныгаа тэд азтайд тооцдог. “Бид ийм мундаг багш нараар хичээл заалгадаг байсан болохоор манай ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ амжилт гаргаж, салбартаа ул мөрөө үлдээсэн юм” хэмээн өнөө хуучилна.

Тэднийг оюутан байхад “хүргэн голдуу ХААДС, хүүхэн голдуу Анагаах” гэдэг яриа байж. Бас МУИС-ийнхан “Стиль” голдуу хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг байсан гэлцэнэ. Бусад ангийнхныг бодвол хөвгүүд олонтой учраас хар бор ажилд их дайчлагдаж байжээ. Дундговь аймагт зоорийн ажил хийж, Хэнтийд очиж тоосгоны үйлдвэрт ажиллана. Очсон газар бүрт нь тэднийг магтаж, хүмүүжилтэй, ажил сайтай томоотойг нь шагшин дайлж, цайлдаг байсан гэнэ.

Ардын хувьсгалын 50 жилийн ой буюу 1971 оны зун эдний ангийнхны зарим нь зуны ажилд явж. Мөн гимнастик хийхээр арав гаруй нь үлджээ. Тэд баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд гимнастик хийхээр бэлтгэсэн нь тэр. Тухайн үед Зайсангийн хөшөөг дөнгөж барьж эхэлж байж. Тиймээс Туул голын дэргэд бассейн байгуулагдсан байна. Тэгтэл Х.Даваасамбуу тэргүүтэй хангай газрын хүүхдүүд бассейнд загас шиг сэлээд байхаар нь ус руу шумбаж ороод золтой л живчихээгүй тухайгаа доктор С.Батсүрэн ярьж, бусдыгаа хөгжөөнө. Мөн хоёрдугаар дамжаанд байхдаа ангиараа ойн шигүү хөвчид явцгаажээ. “Бид сангийн аж ахуйн айлуудад түлээ бэлтгэхээр явсан юм. Ангийн дарга С.Төмөр-очир маань биднийг удирдаж явлаа. Трактор хүрч чадах газар хүртлээ яваад зогсоно. С.Батсүрэн бид хоёр дөрвөн метр урт гуалинг мөрлөөд тракторт аваачиж өгнө. С.Батсүрэн маань говийн хүүхэд, харин би хотынх. Хоёулаа хөрөө барьж чадахгүй. Тэгээд л модоо мөрлөөд үүрдэг байлаа. Хэнтийн Ч.Нямдоо мод хөрөөднө. Бид хоёр мод хөрөөдвөл өөрсөд дээрээ унагачих гээд, эсвэл өнөө модоо унагаж чадахгүй ёстой хөглөдөг байж билээ” гэж хурандаа Цэндбаатар хууч хөөрнө. “Тариа хураахад ер ядрахгүй. Харин дайчилгааны төмс хураах гэж сангийн аж ахуйд сар орчим болно. Уг нь эхлээд л 14 хоногийн хугацаатай очдог ч долоо, долоон хоногоор сунгасаар сар болчихно. Үүрийн гэгээ ороогүй хяруу уначихсан, сэрүүнээр талбай руу явж,тэнд өглөөний цайтай золгоно” гэх мэтээр тэд сангийн аж ахуйд зун намрын ажлаар явж байхад тохиолдсон хөгтэй явдлуудаа дурслаа. “Одооны оюутнууд дурсах юмаар бага болжээ. Эдний хөдөлмөрийг улс ашиглаасай, насанд хүрсэн хүмүүс шүү дээ” гэсэн сургаал хэлэхээ ч тэд мартсангүй. Оюутан цагийн андууд хааяа уулзаж сайхан дурсамжуудаа сөхнө. Зурхайч Тэрбиш жил бүр нэг сургаал номыг хөрвүүлнэ. Эсвэл ангийнхандаа олж өгдөг байна. Энэ жишгээр О.Цэрэнбат, Д.Гомбосүрэн нар нэгэн сайхан бурхны номыг баринтаглан ангийнхандаа хүртээжээ. Зурхайч Л.Тэрбиш одоо тод үсгээр хэвлэсэн “Жарон хашорын суварга” буюу “Ам алдсан суварга” гэдэг цөвүүн цагийн онолын номын санскрит болон төвд үгэнд нь тайлбар хийж гаргахаар Чимидтэйгээ хамтран суугаа гэнэ. Ангийн багшийнхаа нэрийг тэд хамаагүй хэлдэггүй. Л.Тэрбишийн заавраар “донжий лад дү цаннай мой дэ” буюу “хэргийн тухайд алдрыг тань өгүүлмү” хэмээн эхэлж байж багшийнхаа алдрыг дуудацгаадаг гэнэ.

М.МӨНГӨЛДЭЙ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“Арав дахь хавар”-ын төгсөгчид тавин жилийн дараа

50 жилийн дараа сургуулийнхаа үүдэнд

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочид бол Баян-Өлгий аймгийн төвийн арван жилийн II сургуулийн 1966 оны төгсөгчид. Тэд тавин жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзсан юм.

10А ангийнхан ангидаа орж тус тусын суудалдаа суусан байлаа. Тэдний ширээн дээр “Баян-Өлгий аймгийн арван жилийн II сургууль, 1956-1966 он. 10 дахь төгсөлт” гэсэн зургийн цомог дэлгээтэй байв. Тэр л зураг дээрх цагаан цайлган, гэнэн томоогүй, харцанд нь хөнгөн инээмсэглэл тодорч, дүрэмт хувцсаараа гоёсон хөвгүүд, охид нас сүүдэр хэдийнэ жар хол гарч өвөө, эмээ болсон өөрсдийнх нь өөдөөс сониучирхан харах мэт сэтгэгдэл тэдэнд төрж байсан биз ээ.

Ангийнх нь анд Хусманы Хаваат, Жакейн Мизамхан, Дүгэрийн Тунгалаг, Хусаяны Кулзада нар нь уулзалтад оролцохоор холоос зорьж ирсэн ангийнхныгаа төрсөн нутагтаа хүлээн авсан байна. Тэдэн дээр долдугаар ангиа хамт төгссөн охин Шагыйн Казима, Чэгжээн Бижий нар нь нэмэгджээ. Улаанбаатараас Дүгэрийн Лхагваа, Тотойн Бадам, Батхуягийн Буянцог, Пэрэнлэйн Тогжил, долдугаар ангид тохой залган сууж төгссөн Лэгцэгийн Ядам, аравдугаар ангийн хөвгүүн Равсалын Заан Сэлэнгэ аймгаас, долдугаар ангийг цуг төгссөн Мэдээн Цогзолмаа Дархан хотоос ирж нөхөдтэйгөө нийлэн хот хоорондын автобусанд сууж хоёр хоногийг ардаа орхин Баян-Өлгийд буужээ. Тэгвэл Сампилын Дэжид Улаанбаатараас, долдугаар ангийн охин Цэвэгийн Эрдэнэчимэг Эрдэнэт хотоос гарч Улаанбаатарыг дайран Баян-Өлгийд онгоцоор ирсэн байв. Гондигийн Палмаа Увс аймгаас ирсэн байлаа. Г.Палмаа Багшийн сургууль төгсөж Баян-Өлгийд олон жил багшилж хэдэн зуун шавьтай болсон ажээ.

Нэгэн ангийнхан уулзсан даруйдаа биенийгээ бүртгэж эхлэв. Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж, Төв аймгийн Батсүмбэрт идээшсэн Чэжиний Даваасамбуу, Дархан хотод аж төрж буй Цэндийн Буядаа, Эрдэнэтэд суугаа Батшүлэгийн Тагтаа нар эрүүл мэндийн байдлаас болж уулзалтад ирж чадаагүй бол нутагтаа аж төрж буй хоёр охин Т.Манат, С.Макей хоёр эмчилгээ сувилгаанд явсан тул, С.Татъяана, Жамиш, Жазира гурав нь хилийн чанадад Казахстанд аж төрж байгаа учраас аян замын уртаас шалтгаалан мөн л ирж амжаагүй байна. Ангийн хамгийн өндөр хүү Жинлэвийн Тэрбиш, бас холбоотой мэт явдаг хоёр анд Риймэдийн Дамдинсүрэн, Цэвэгийн Мүсрэв нарын сургийг ангийнхан нь энэхүү уулзалтын өмнө ер гаргаж чадаагүй гэнэ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ ангийн долоон хүүхэд анд найзуудтайгаа эргэж хэзээ ч уулзахгүйгээр бурхны оронд оджээ. “Тэд маань нас биед хүрч, өвөө, эмээ болсон хойноо төдийлөн ангийнхантайгаа уулзаж учирч байгаагүй болохоор андууд минь хүүхэд ахуй насны тэр л дүр төрхөөрөө нүдэнд тодрон үзэгдэх нь зүрх өвдмөөр ч юм шиг ээ” хэмээн найзуудынх нь нэг харуусан ярьж байв. Ийн ангиараа өөд болсон нөхдөө эргэж нэгэнтээ дурсацгаалаа.

9а анги 1965 он. Бахлак бригадад.

Урд эгнээний зүүн гар талаас Ж.Тэрбиш, Бригадын дарга Ц.Ожиг, багш Хылаш, Р.Дамдинсүрэн, Б.Буянцог, Д.Лхагваа, багш Р.Баасандай, Ж.Нямгүр, Д.Намхай, Х.Хаваат, Ж.Баасанжав, З.Дорж, багш Х.Насер, Р.Заан, Ч.Даваасамбуу, Ц.Мүсрэв

Жүгдэрийн Баасанжав Багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын анги төгссөн. Түргэн хөдөлгөөнтэй, шоволзсон, жижгэвтэр биетэй бор хүү. Баян хуур дардаг, концертод оролцдог хүүхэд байжээ. Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан сургууль дээр нь ирж концерт тоглосны дараа Марат гэдэг дэггүй найз нь Баасанжавыг тус театрын нэг гоцлол хөгжимчинтэй зүйрлэн Магсаржав гэж дуудах болж гэнэ. Хараад байхнаа Баасанжав хөгжим дараад зогсож байгаа нь тэрхүү хөгжимчинтэй нээрээ адилхан ч юм шиг байдагсан хэмээн нөхөд нь өнөөдөр дурсан ярьцгааж байна. Даривханы Марат тавдугаар ангиас есдүгээр анги хүртэл хамт сураад гэнэт л нэгдүгээр арван жил буюу казах сургуульд шилжсэн байна. Хожим тэрээр МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсч аймагтаа багшилж, аймгийн төвийн бараан захад лангуу хүртэл ажиллуулж байгаад хэдэн жилийн өмнө өөд болжээ. Магирын Хорлоо нь Баасанжавтай нэг сургууль төгсч, Сэлэнгэд багшилдаг байжээ. Сургуулийнхаа хөвгүүдийн харцыг булаасан алаг нүдтэй, даруухан, сайхан охин байсан гэнэ. Тэрбээр өөрөөсөө нэг ангиар ах С.Пүрэв гэдэг залуутай гэрлэжээ. Харин Дистэйн Рааш улаа бутарсан сайхан охин байж. Сүүлд Хөтөлд аж төрж байгаад өөд болжээ. Жинлэвийн Нямгүр Тэрбишийн төрсөн дүү, цочмог, дүрсхийсэн зантай сэргэлэн хүү байсан аж. Одесст жин хэмжүүрийн мэргэжлээр техникум дүүргэж мэргэжлээрээ ажиллаж байжээ. Хөдөө орон нутагт томилолтоор их явдаг байж. Тэр болгондоо ангийнхантайгаа уулзахаа ер мартдаггүй байсан гэнэ. Д.Намхай гэж аажуу тайвуу намбатай хүү. Ленинградад эмнэлгийн багаж төхөөрөмжийн чиглэлээр техникум төгссөн. Түүнийг ажилдаа хариуцлагатай, сайн ажилладаг байсныг ангийнхан нь хэлсэн. Хулгана гэж даруу төлөв, намба төгс сайхан охин. Арьс ширний үйлдвэрт инженерээр ажиллаж байжээ. Зодогийн Дорж бахим чийрэг хүү. Тэгээд ч цэргийн дээд сургууль төгсөж цэргийн жавхалзсан дарга болсон байжээ. Ангийн андууд нь уулзалтынхаа эхэнд нэг хором дуугүй зогсож эдгээр нөхдийнхөө гэгээн дурсгалыг нь хүндэтгэлээ.

1966 оны төгсөгчид “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтдаа зургаа, долдугаар ангийн анги даасан багш Баадайн Пунцагдаш, найм, ес, арав гээд гурван жил өөрсөдтэй нь “ажилласан” багш Хорхоны Рапиза нарыгаа хүндэтгэн урьжээ. Пунцагдаш багш нь Баян-Өлгийтэй хаяа залгаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумандаа зусаж байгаа болохоор өглөө мордоод үд хэвийж байхад хүрээд ирж. Харин Рапиза багш нь Казахстан улсад шилжин суурьшиж Павлодар хотод үр хүүхдүүдтэйгээ аж төрж байгаа учир ирж амжаагүй юм байна.

10а ангийн охид. Урд эгнээ зүүн гар талаас А.Хулгана, Т.Должинсүрэн, Д.Тунгалаг, Г.Палмаа, С.Дэжид, К.Жамиш, С.Макей, Д.Рааш, Т.Бадам, К.Жазира, С.Татъяана, О.Манат, Х.Кулзада, М.Хоролоо

Уулзалт эхэлж ангийн дарга Д.Лхагваа хоёр багшдаа мөн л хадаг, мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн өргөн барьсны дараа Б.Пунцагдаш багш мэндчилгээ дэвшүүлэхээр болоход мань хүн сэвхийтэл босч ангиас гарч одсоноо журнал юугаа сугавчилсан байдалтай намбалзтал алхалсаар орж ирээд шавь нартайгаа “Сайн байцгаана уу” хэмээн мэндлэхэд сурагчид суудлаасаа зэрэг босож “сайн” гэж нэгэн дуугаар хариулав. Б.Пунцагдаш багш “Миний дааж төгсгөсөн 7б ангийнхан хичээлдээ жигд сайн, харин хөвгүүд нь жаахан дүрсгүй талдаа байсан” гэв. Тэгээд Пунцагдаш багш шавь нартаа хандаж сургаалын сайхан үгээ хэлсэн юм. Тэрбээр “Би одоо нас сүүдэр 84 хүрч байна. Хориод жилийн өмнө тэтгэвэртээ суух болоход ингээд бүх зүйл дуусдаг байжээ, хийх ч юмгүй боллоо гэж бодож байв. Тэгсэн тиймгүй юм байна. Тэтгэвэрт сууна гэдэг чинь хамгийн их ажиллахыг шаарддаг юм байна. Би 1984 оноос судалгааны ажил хийж, Өөлдүүдийн овгийг ангилах талаар нийт дөрвөн боть ном бичиж хэвлүүллээ. Хүн ямагт сэтгэл өндөр байх хэрэгтэй. Уурлаж ердөө болохгүй. Дандаа баяр баясгалантай юм бодож байх хэрэгтэй. Энэ тархийг ер амрааж болохгүй. Зовоож байх хэрэгтэй. Ном их уншигтун. Би ном их уншдаг. Энэ хоёр хөл буюу аморжинийг амрааж болохгүй. Дандаа зовоож байх хэрэгтэй” гэж шавь нартаа захив.

Пунцагдаш багш 1956 онд УБДС-ийн Монгол хэлний анги төгсч Баян-Өлгий аймагт хуваарилагдаж, казах сургуульд хоёр жил, монгол буюу арван жилийн хоёрдугаар сургуульд зургаан жил багшилжээ. Нутаг усандаа Пу багш хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм Монголын багш нарын хоёр ч их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. Түүний ажил үйлсийг төр засгаас үнэлж Алтан гадас одонгоор шагнасан байна.

Дурсамж уулзалтад оролцохоор очсон ангийн дарга Лхагваа, түүний гэргий Т.Бадам, ангийн анд Б.Буянцог гурвыг ангийнх нь хүү Х.Хаваат гэртээ хүлээн авч тэр гурав тэдний томоо гэгчийн өргөө цагаан гэрт өглөө эхнэр Х.Зиягаар нь өрхөө татуулж хоол цай зөөлгөж хэдэн өдөр тухалсан бол Улаанбаатар, Дарханаас очсон охид ангийн анд Тунгалагийнхаа хоёр өрөөний нэгийг эзэгнэн төвхнөжээ. Тунгалаг ангийнхнаасаа хамгийн түрүүнд ээж болсон гэж байна. Нөхөр нь долдугаар ангид цуг сурч байсан З.Намжав гэдэг элдэвтэй, сэргэлэн хүү байжээ. Тунгалаг ангийнхнаасаа нэг жилийн дараа УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн орж төгсөөд насаараа нэгдүгээр арван жилийн казах хүүхдүүдэд монгол хэл зааж одоо насны тэтгэвэртээ гарч, ач зээ нараа тойруулсан шигээ жаргаж суугаа аж. Тус ангиас ердөө ганцхан хос төрсөн нь Лхагваа, Бадам хоёр юм байна. Тотойн Бадам Бая-Өлгий аймгийн Бугат сумын Ховд бригадын уугуул. Лхагваа 1971 онд тавдугаар курсын оюутан байхдаа Киев-Москва-Чита-Баянтүмэний галт тэргэнд сууж Чойбалсан хотод очиж ангийн охин Бадамтайгаа гэрлэжээ. Бадам тэгэхэд цахилгаанчин мэргэжилтэй, Чойбалсан хотын дулааны цахилгаан станцад ажиллаж байжээ. Нэг ангийнхан уулзалтын турш халуун дотно яриа өрнүүлж, хүүхэд нас, сурагч ахуйн он жилүүдийг дурсаж, өөрсдийнхөө тухай, багш нарынхаа тухай ёстой л шавайгаа ханатал ярьж, инээж хөхрөлдсөн. Ангидаа орж, өөрийн ширээнд очиж суусныхаа дараа тэдний дунд ийм нэг яриа өрнөв.

-Хөөе, энэ манай анги чинь ямар жаахан болчихсон юм бэ гэхэд хажуунаас нь:

-За ярьшиг чи өөрөө ангидаа хойноосоо хоёрт жагсдаг жижигхэн амьтан байсан бол харин одоо хөөрхөн гүзээлчихсэн өвгөн болчихоод анги чинь жижигдээд байхгүй юу даа.

-Тийм юм болов уу. Гэхдээ л. Химийн кабинетын олон үзүүлэн материал, шил сав, элдвийн бодис бүхий шүүгээтэй хэрнээ их л том өрөө санагддаг байсан юм даа. Жижигхэн Буядааг хичээл эхлэхийн өмнөхөн цонхон дээр гаргаад тавьчихаар тэндээсээ буух гэж тэвддэг, цонх нь ч тийм л өндөр байгаагүй бил үү.

-За тэр ч яахав, анги, химийн кабинет гэснээс манай ангийн багш бидний нэгийг цаанаасаа минзурк аваад өг гэхэд мань хүн мэдэмхийрч очсоноо хуруу шил бариад ирж байсан онигоог та нар санаж байна уу?

-Санаж байна аа, санаж байна. Тэгээд тэр минзурк гэдэг чинь юу юм бэ?

-Минзурк л байхгүй юу.

Энэ ярианы дараа дурсамж уулзалтад ирсэн ангийнхан Рапиза багшаа дурсацгаав.

-Манай багш үнэхээр л сайн сайхнаар дурсан санахгүй байхын аргагүй хүн байжээ, одоо бодохноо. Манай багш нүд шүд, үс зүс тэгш сайхан, гэрэл цацарсан царайтай, уурлаж уцаарлахыг мэддэггүй сайхан бүсгүй байж билээ. Гадаадад дээд сургууль төгссөн хэрнээ Улаанбаатар хотноо УБДС-д багшилж байсан болоод ч тэр үү, монголоор ямар ч аялгагүй ярина. Багш товор товор алхалсаар ангид орж ирээд цамцныхаа ханцуйг шамласнаа самбар дээр химийн томьёо бичдэг байсан, одоо ч нүдэнд харагдах шиг.

-Яг үнэн. Багш гол нь биднийг ахлах ангид маань гурван жил дааж, аравдугаар ангийг төгсгөж ажил амьдралын алтан шар замд үдэж өгсөн гавьяатай хүн. Ангийн багш маань хэнд ямар мэргэжил тохирохыг дотроо тооцоолчихсон байсан юм билээ гэж ангийнхнаас нэг нь ярив.

Энэ ярианд С.Дэжид оролцож “Харин тийм. Намайг л гэхэд зээрэнцэг шидэлтийн тэмцээнд оролцоод Ховд аймагт явж байх хойгуур Эдийн засгийн дээд сургуульд хуваарилчихсан байсан ш дээ” гэв. С.Дэжид дээд сургуулиа төгсөөд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст тасралтгүй 30 гаруй жил ажилласан бөгөөд ангидаа ганц цэргийн цолтой нь Дэд хурандаа С.Дэжид юм байна.

Аравдугаар ангиа төгссөнөөс хойш тавин жилийн дараа болж байгаа “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтад оролцогчид Толбо нуурын жуулчны баазад ирж амрахаар тухалсан байлаа. Ангийнхан математикийн улсын шалгалтаа хэрхэн өгсөн тухай хөгжилтэй явдлаасаа хуваалцав.

Шалгалтын өмнөх өдөр Ависхан захирал догширч, биеийн тамирын заалыг улсын шалгалтад зориулж тусгайлан засуулжээ. Тэгээд “Та нар нэг нэг метрийн зайтай сууцгаана. Нэг нэгнээсээ хуулна гэж бодож байгаа бол санасны гарз” гэхчилэн сүрдүүлжээ. Шалгалт эхлээд удаагүй байтал ширээнүүдийн хооронд үзүүрт нь “шпи” уяж дамжуулахаар бэлтгэсэн утас илэрч хэрэг мандсан байна. Захирал тэрхүү утсыг хөвж аваад ширээн дээрээ тавьчихаж. Түүний харцанд хуулах гэж горьдож байгаа бол бүтэхгүй шүү гэсэн хатуурхал илт байсан гэнэ. Үүргээ гүйцэтгэж чадаагүй тэр утсан холбоог тус ангийн хэн гэдэг тоочин чухам хаана, хэнд хүргэхээр тавьсан эсэх нь өнөө хэр тайлагдаагүй ангийнхны нууц хэвээр үлджээ. Харин шалгалт эхлээд дундаа орж байтал сурагчдад ашигтайгаар эргэж. Ангийн тоочид бодлогуудаа бодож дуусч байхад Ависхан багш гэнэт танхимаас гарч хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан ангийн багш нь үлджээ. Багш ч яаралтай тусламжийг зохих эздэд нь цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх үүргээ биелүүлж, “шпи”-г зөөх ажилдаа оржээ.

Долдугаар ангийн анд Ш.Казима нь ангийхныгаа гэртээ урьж өдрийн зоог барив. Өлгийн захад орших тэдний олон тасалгаатай байшингийн зочны өрөөнд том ширээ засч казах заншлаар идээ будаа дүүрэн өржээ. Казимагийн нөхөр ч эхнэрийн ангийнхан ирлээ гээд сүйд болов. Ангийнхан нь “Ингээд Казима маань алдарт эх болчихдог байжээ” хэмээн гайхлаа. Тэгснээ “Ер нь бидэн дотор Мизамхан, ангийн дарга хоёрыг эс тооцвол алдарт эх, гавьяат эцэг болоогүй хүн байгаа юм уу? Заан маань арван хүүхэдтэй гэж байна. Манай ангийнхнаас хамгийн түрүүлж эцэг болсон юм байна. Хориодхон настай байхдаа Алтай нутгийн охины толгойг эргүүлж аваад суучихсан байгаа юм даа” хэмээн хөөрөлдөв. 1966 онд тус ангийг 15 хүү, 15 охин төгсчээ. Төгсөгчдийг хамгийн интернационалч анги байсан гэж хэлж болно. Учир нь энэ ангид 11 дөрвөд, найман урианхай, найман казах, хоёр тува хүүхэдтэй байсан бол ганцхан халх охинтой байжээ. Ганц халх охин нь Түдэвийн Должинсүрэн. Тэрээр урт үстэй, булцгар цагаан охин байж. Должинсүрэн нөхрийнхөө буяны үйлийг гүйцээхээр Увс аймаг руу явах болоод энэ уулзалтад харамсалтай нь оролцож чадаагүй байна.

Энэхүү ангиас хоёр эрдэмтэн төржээ. Тэр нь Дүгэрийн Лхагваа, Жинлэвийн Тэрбиш нар юм байна. Одоо дахиад хоёр гавьяаттай болохыг мөрөөддөг байна. Хусмааны Хаваат хэзээний л техник сэтгэлгээ сайтай хүүхэд байжээ. Юм юмыг эвлүүлээд засчихна. Гарын их дүйтэй. Хар цагаан телевиз түвэггүй засч Өлгийн ард түмэнд буян болж байсан гэдэг. Мөн Хотгорын уурхайд орон тооны бус инженер. Хаваат Барилгын хүнд машин механизмын инженер мэргэжлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад зах зээл гүнзгийрэхийн хэрээр аймагтаа хамгийн том машин засварын газар нээн ажиллуулжээ. Машин оношилж, засах ажилд хөвгүүдээ сурган дадлагажуулж одоо өөрөө зөвлөх хийж байна. Бөхөн уулын ар дахь Хаваатын засварын газрын том хашаа дүүрэн төрөл бүрийн маркийн машин засварт орох, сэлбэг хэрэгсэл ирэхийг хүлээн зогсож байгааг харсан хүн тэнд ямар их ажил ундарч байдгийг аяндаа ойлгоно.

Харин ангийн дарга Дүгэрийн Лхагваа багын л нягт, нямбай хүүхэд байж. Арван жил онц сурчээ. Улмаар Украины Киев хотын Политехникийн дээд сургууль, Патент судлалын дээд сургуулийг зэрэг төгсөж Радио электроникийн зохион бүтээгч, Патент судлалын инженерийн диплом өвөртөлжээ. Монголын холбоо ашиглалтын чанарын асуудлаар докторын цол хамгаалсан байна.

Лхагваагийн ажил Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институттэй салшгүй холбоотой юм. Тэрээр тус институтэд техникч, инженер эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч захирлыг нь хүртэл хийжээ. Завсарт нь сайд нарын Зөвлөлд референтийн албыг хашиж байгаад Москваг зорьж Эдийн засгийн харилцан туслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт шинжээчээр таван жил ажилласан байна. Лхагваа Монголдоо анх удаа өнгөт кодыг нэвтрүүлснээс гадна холбооны тосон кабелийн залгааны анхдагч болсон “Мандваа” компанийг 1996 онд байгуулжээ. Тэр цагаас хойш Монголын есөн аймаг, 25 дүүрэг, сум, суурин газарт гар утас, интернет ажиллуулах боломжийг нээж, 1000 гаруй км шилэн кабель сурилуулж, ингэхдээ цоо шинэ олон төхөөрөмж нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг хорь гаруй дахин нэмэгдүүлсэн тооцоо бий.

Ангийн уулзалтын үеэр

Униар татсан хавьрын орой

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Урдах зам минь хаагуур зурайна вэ… хэмээн байн байн аялах. “Арав дахь хавар” дуу тус ангийнхныг төгсөх жил олны хүртээл болсон түүхтэй. Тиймээс тус ангийнхан энэ дууг ихэд бэлгэшээж, өөрсдийгөө “Арав дахь хавар”-ын жилийн төгсөгчид гэж хэлэх дуртай юм байна.

Тавин жилийн дараа уулзсан ангийнхан 2021 онд Улаанбаатарт дахин уулзахын ерөөл тавин салсан юм. Мөнхүү ангийн толгой математикч Ж.Мизамхан “Таван жилийн дараа бид бүхний аравдугаар ангиа төгссөний 55 жилийн ой болно. Дээрээс нь Хүннү гүрэн хийгээд Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны, Ардын хувьсгалын, манай аймаг, сургуулийн гээд олон тэгш ой давхацсан жил тохиох болно” хэмээн бэлгэдэж уулзалтыг тооцоолсон байв.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН”, “ҮНЭНИЙ ХОРВОО”, “БӨХӨН ШАРЫН НУРУУ”-Г АМИЛУУЛСАН ХӨГЖМИЙН АНГИЙНХАН

Монголын соёл урлагийн түүхэнд хожмын өдөр алтан үсгээр бичигдэх тэнгэр заяатай нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэх болсондоо талархалтай санагдана. Амьдрал аялгуу эгшгийн сайханд гэрэлтэж, алаг хорвоогийн баяр гуниг төгөлдөр хуурын хар цагаан даруул шиг уярал баярын өнгөөр тодорном. Ерээд оны эхээр хөдөөнөөс голдуу ирсэн гүзээлзгэнэ шиг улаахан хацартай охид хөвүүд өнөөдөр Монголын хөгжмийн урлагийн гэрэлт дэнлүүд болон бадамлажээ. Ямархан сайхан хувь заяагаар тэд нэгэн ангид тохой нийлүүлэн сууцгааж, басхүү биесээ хөглөн амьдрах одонд төрцгөөгөө вэ. Эд бол Багшийн сургуулийн 1990-1994 оны төгсөлтийнхөн юм аа. Тэд анх нэгдүгээр дамжаанд орохдоо гучин зургуулаа байлаа. Одоогоор ангийнхнаа алдар хүнд, авьяас билгээрээ түүчээлж яваа нэгэн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нийтийн дууны нэрт аялгуу туурвилч хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од юм. Энэ эрхэм хүмүүнтэй өнгөрөгч намар төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн жаран насны ойгоор Булган аймагт очихдоо сэтгэл зүрхний гүнээс ойртон танилцсан сан. Газар газрын хөгжимд дуртай хүүхдүүд цугласан эл ангийн анхны дарга нь Дархан хотоос ирсэн Ваанчигийн Мөнхбат аж. Хоч нь Памбига гэж байгаа. Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөж СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан тэр авьяастан одоо АНУ-ын Вашингтон хотод аж төрж байгаа гэсэн. Тэр оюутан байхдаа л “Бодол”, “Чулуу” романсууд бичиж, “Торонд суусан болжмор” номыг бичсэн зохиолч Т.Рэнцэний “Уяхан хангайн бүсгүй” шүлэгт аялгуу зохиож явсан нэгэн юм.

Ер нь энэ ангийн авьяастнуудыг нутаг нутгаас нь олж ирсэн багш нарын билгийн харааг магтахаас яалтай. Гавьяат Сэр-Одыг гэхэд Хөвсгөлийн Ханх сумаас Одонтунгалаг багш нь олж ирсэн бол, Баянхонгорын Гурванбулагаас “Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандоржийг Баттогоо багш, “Үнэний хорвоо” дууны зохиогч Пүрэвдоржийн Ганбатыг Төв аймгийн Эрдэнэсант сумаас улсын начин Чанарав гуайн гэргий хуучрын багш Лийриймаа олж ирж байжээ. Ангийнхан нь Сэр-Од зохиолчийг Сэрээ гэж нэрлэнэ. Тэрээр оюутан болж ирэхдээ л бас ч ганц нэг хүүхдийн дууны ая зохиочихсон тэрүүхэндээ хоосонгүй нэгэн байж. Хөгжмийнхний дунд “Эрдэнэбатын ногоон” хэмээн алдаршсан онолын номыг гараар хуулаад биччихсэн, ноот хараад баянхуур тоглочихдог байсан гэж байгаа. Дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нарын “Би чамд хайртай”, Чинболорын “Төгөлдөр гоо” дуунуудыг зохиосон соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Даваажавын Сүхбаатар бол арын сайхан хангайн Цахир сумын унаган хүү. Завхан аймгийн Нөмрөг сумаас ирсэн Мөнхцэцэг эдүгээ Идэр сумын дуу хөгжмийн багшаар ажиллаж буй агаад арванзургаан дуунаас бүтсэн хүүхдийн дууны цомгоо гаргаад байгаа авьяаслаг нэгэн. Мэдээж ангийнх нь хөгжмийн мэргэжилтнүүд дууных нь найруулжуулга сэлтэд сэтгэл гарган тусалсан юм билээ.

Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хөгжмийн багш, соёлын тэргүүний ажилтан Батмагнай, Дэлгэрмаа хоёр бол өөрсдөө дууны найруулгаа хийдэг, Баянгол дүүргийн хэмжээнд мэргэжлээрээ гайхуулж яваа зүтгэлтнүүд юм билээ. Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Одончимэг хүүхдийн дууны уран бүтээлээрээ бас л гайхагдаж явдаг юм байна. ОХУ-ын Уралын их сургуулийг дүүргэсэн, Монголын анхны мэргэжлийн хөгжмийн зохиолч эмэгтэй, ардын жүжигчин Самбуугийн төрсөн дүү Дэнсмаа эдний ангийнхныг нэгдүгээр курст ороод дөнгөж арвандөрөв хонож байхад “Миний хүүхдүүд хичээл номоо хэцүү гэж бүү шантраарай. Танай ангид наанадаж авьяас төгөлдөр арван хөгжмийн зохиолч байна гэж би итгэл дүүрэн хэлье” гэхэд дунд сургуулийн ширээнээс хөндийрөх төдий оюунтан болоод гэрээ санамаглах аядаж байгаа хүүхдүүд тэр үгийг гайхах төдий болоод өнгөрчээ. Гайхахаар ч барахгүй “Хөгжмийн зохиолч гэж биднийг мөн ч томоор харж байна даа” гэж багшаа дооглон мушилзасхийцгээж байжээ. Энэ нь нэг талдаа өөрсдийн авьяас билгээ таньж хараахан мэдрээгүй, ирээдүйд юу бүтээхээ мэдэхгүй ариун тунгалаг үеийнх нь гэгээхэн эндүүрэл, гэрэлт андуурал байжээ. Дэнсмаа хэмээх тэр авьяаслаг багшийнх нь таньж ерөөснөөр ч юм уу, тэнгэр бурхнаас заяасан өглөг хишгийн буяных ч юм сан уу ямартай ч өнөө энэ ангийнхны олонхи нь хөгжмийн зохиолч, хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд болцгоон өсөн торниж, туурвин бүтээж явцгаана.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжмийн багшаар Д.Одгэрэл, хөгжмийн зохиолч П.Ганбат нар яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн “Аргалын гал” яруу найргийн түүврийг аван “Үнэний хорвоо” шүлэгт аялгуу зохиосон түүх бий. Одгэрэлийн аялгуу зохиосон хувилбар төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит “Сэтгэлийн дуу”-д байр эзэлж шалгарсан бол Ганбатын аялгуутай дуу нь “Төгс аялгуу” уралдаанд дэд тэргүүн байр эзэлж, 1992 оны “Морин хуур” наадмын тусгай шагнал хүртэж байсан түүхтэй. Тэр жил Багшийн сургуулиас “Морин хуур”-т хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “тахиа” хэмээн алдаршсан “Сүүдэр цармын цэцэг” дууны зохиогч Сайнцогийн Мөнхбат, хөгжмийн зохиолч Ёндонгийн Сүхбаатар, одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналын энтэй хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр нарын авьяасын шандас сорьсноос урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаярын “Орхон түшээ мөрөн” дуу тэргүүлж, оюунтан Ганбатын бүтээл тусгай шагнал хүртсэн гэлээ. Оюутан хүү улсын наадмаас тусгай шагнал авчихаад Хүнсний хорьдугаар дэлгүүрийн урд талаас “өвгөнт” хэмээх архи олныг авч найруулан ангийнхнаа дайлж байсан ажээ.

“Төрүүлээд өсгөдөг нь ээжий юм аа

Төөрүүлж орхидог нь хорвоо юм аа хө

Хайрлаад өсгөдөг нь аав минь юм аа

Хагацуулж орхидог нь хорвоо юм аа хө” хэмээх эл дууг гавьяат жүжигчин Болормаа дуулж анх олны хүртээл болгож байсан. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбатын хувьд 1992, 1996, 1997 оны “Морин хуур” наадмын шагнал хүртэж, 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байр, “Хайрын дуу – 2000” наадмын тэргүүн байрын шагналыг авч байсан билээ. Тэр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд хөгжмийн зохиолчоор суралцсан байдаг. Тэрээр Ширмэнтуяагийн дуулсан “Бодол”, яруу найрагч Д.Дашбадрахтай хамтарч “Санахгүй байхын аргагүй”, гавьяат жүжигчин Хонгорзул дуулж 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байрын шагнал хүртсэн “Их Монгол орон мину” романс, дууны шүлгийн мастер З.Түмэнжаргалтай хамтарч “Зүүдэнд уяатай уул минь” зэрэг олны хүртээл болсон жар гаруй нийтийн болон мэргэжлийн дууны уран бүтээл хийсэн байдаг.

Эдний ангийн багш Солонго болбоос Багшийн сургуулийн ёочингийн багш төдийгүй хойт улсад дуулаачаар сурч байгаад агаар таарахгүйн улмаас ирсэн авьяасын гэрэлт нэгэн байсан гэдэг. Энэ хүмүүн эдүгээ нийслэлийн 84 дүгээр сургуульд ахлах багшаар ажиллаж байна. Шавь нар нь багшаа “Улаанбаатарын наяад оны миссүүдийн нэг байсан даа” гэж шагширч байна. Багшийн сургуулийн байранд Сэр-Од, Баасандорж, Памбига Мөнхбат, Одгэрэл дөрвүүл оржээ. Тэр үед оюутнууд 180 төгрөгийн стипендтэй байлаа. Дөрвүүлээ далан төгрөгөөр нийлцгээв. Тасгийнхаа санхүүг Бааска хариуцна. Тогооч нь Д.Одгэрэл. Гучдугаар дэлгүүр лүү явж нэг килограмм элсэн чихэр, төгрөг дөчийн хоёр талхтай ирнэ. Нэгийг нь Сэрээ стакан ус барьж байгаад идчихдэг байж. Үлдсэн нөгөөхийг нь гурвуул хувааж иддэг байж. Оюутны цалингаа эхэндээ амьжиргаандаа хүргээд л байдаг байж. Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбат дөрөвдүгээр курсийн оюутан. Нэг удаа ах нэгдүгээр курсийн Сэрээгийн тасгийнхныг шар айргаар дайлж, түүнээс хойш стипендээ амьжиргаандаа хүргэхээ больсон гэж байгаа. Дал, далаар нийлэхээ ч больж тус тусдаа санхүүгээ барьцгаах болжээ. Тасгийн тогооч Одгоо хоолоо ахин дахин амссаар цадчихдаг байсан хөөрхөн зальтай. Нөгөө гурав нь шүлсээ залгиад хараа л суугаад байдаг байжээ. Хажуу талын зэргэлдээ өрөөнд ангийнх нь охид амьдарна. Тэднийхээ хоолыг Сэрээ баараггүй бууддаг гэж байгаа. Солонгоо багш нь ангийнхаа хүүхдүүдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байжээ. Хүнсний 100 дугаар дэлгүүрээс хямдхан гэж цувдай авч ирэн хувцас угаадаг цагаан түмпэндээ цувдайныхаа шөлийг үлдээгээд гаргаж асгахаас ялархан байсаар хэд хонотол ангийн багш нь иржээ. Гэтэл тасгаас нь бөөн өмхий үнэр ханхлаад хачин юм болж дээ. Багш нь Сэрээгээр асгуулсан гэж байгаа.

Сэрээгийнхээс Хөвсгөлийн цагаан загас, чихэр боов их ирнэ. Яагаад гэвэл тэр Ханхын хүүхэд шүү дээ. Харин нөгөө гурвынхаас нь өрөм зөөхий, мах ирдэг байжээ. Баялагмаа гэж Говь-Алтайн охин байж. Ардын жүжигчин Загдсүрэнгийн удирдлага дор дуулаачаар төгссөн нэгэн. Чико буюу Шаравын Мөнхжаргал эдүгээ Эрдэнэтэд багшилж байна. Мөнхбатаас хойш Дуламсүрэн гуравдугаар курсээс ангийн дарга болсон Дорнодын Хөлөнбуйрын барга охин. Одоо тэр 94 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Тэд хоёр нийгмийн ид шилжилтийн үеийн даржинхан оюутнууд байсан ч өнөө бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа чин сэтгэлтнүүд ажээ. Анх оюутан болж ирээд Борнуурын САА-д төмс хураалтад явж, механик зоорин дээр төмс ялгадаг байжээ. Улсын нөөцийн төмсийг ялгадаг том мэргэжилтнүүд гэж байгаа. САА-д явсан долоо, найман хөвгүүн нь зэргэд ангиудаасаа нэг, нэг найз охинтой болж ирлээ. Хоёрдугаар курсээсээ Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн ангиудын хөгжмийн ангийнхан нэгдэж, статусын хувьд Хөгжмийн багшийн коллежийн оюутнууд болон төгсөцгөөжээ. Сүхбаатараас ирсэн Мөнхзаяа хожим англи хэлний алдартай багш болсон байна. Лхамжав хоёрдугаар курсээс багшийн ангид орж одоо хотод цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Байгальмаа Говь-Алтайдаа багшилж байгаа нь сайшаалтай. Суурьбат гэж хөдөлгөөнтэй хүү одоо Сэлэнгэдээ алдарт уяач болсон байна. Гэрэлцэцэг хэмээх тэр турьхан охин Эрдэнэтэд багшилж байгаа гэсэн.

Дорноговиос ирсэн Энхбат Замын-Үүдэд ажиллаж амьдарч байгаа юм билээ. Ангийнхан нь холбоо бариасай гэж хүссээр л байна. Хоёр буудлын атаман, “Чулуутын минь гол оо хө” гэсэн дууг зохиосон Минжүүрдоржийн хүү Дэмчиг гэж хөдөлгөөнтэй, авьяастай нэгнийг өнөө ч ангийнхан нь халуун дотноор дурссаар байна. Төгсөлтийнхөө хорин жилийн уулзалт болохоос хэдхэн сарын өмнө бурхан болсон бүжиг дэглэдэг, хөгжмийн авьяастан Эрдэнэболдоо тэд мартаагүй ээ. 2014 оны зургадугаар сард эдний ангийнхны хорин жилийн уулзалт баяр, гуниг дүүрэн болж өнгөрчээ. Сэрээгээ 2010 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол авахад ангийнхан нь Төрийн ордноос Хөгжмийн зохиолчдын холбоо руу хамт алхахдаа Бааска, Ганбаа хоёр нь “Хойшоо болоорой, хойшоо болоорой” хэмээн куперлэж явсан гэж байгаа. Нэгэндээ тийм л хүндтэй ханддаг хүмүүс ажээ. Энэ анги хоёр багшийн гар дамжжээ. Түүний нэг нь дуучин мэргэжилтэй Чулуунхүү. Багшдаа хайртай ч гэж жигтэйхэн. Солонго багш нь балчир хүүхдүүдийг нь оюутан болгосон бол Чулуунхүү багш нь хатуу шаардлагаар тодорхой нийгмийн хүмүүс болгосонд тэд өнөөдөр ч чин зүрхнээсээ баярладаг юм билээ.

Ая зохиогч, хөгжмийн зохиолч Норовын Баасандоржийг манай уншигчид андахгүй биз ээ. Түүнийг “Элээх тавилан”, “Хос шарга”, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Тэр л хэвээрээ” зэрэг олон сайхан нийтийн дуугаар нь танина. Тэр “Морин хуур” наадмын сонсогчдын таашаалд нийцсэн дуу, Монголын радиогийн “Цагаан лавай”-н тэргүүн байрын эзэн болж байсан гайхамшигтай уран бүтээлч билээ. Эдний ангийнханд агуу их хөгжмийн зохиолч Ч.Сангидорж хөгжмийн онолын цагаан толгойг заасан юм билээ. Бас нэг сонирхолтой түүх өгүүлэхэд Баасандорж, Ганбат хоёр СУИС-д 2000 онд элсэхэд ангийнх нь анд Тогтохын Сэр-Од багшаар хүлээж байсан гээд бод доо. Бас л гоё түүх шүү. Муратбек гэж Баян-Өлгийн Алтанцөгцийн хүү эдүгээ Баян-Өлгийнхөө театрт уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Тогтохын Сэр-Од бол ХЦДБЧ-ын уран сайхны удирдаач, СУИС-ийн профессорын багийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Do Re­Sound music production”-ий продюсероор, хөгжмийн зохиолч П.Ганбат БГД-ийн Хүүхэд, залуучууд хөгжлийн төвийн захирал, СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж “Soft music” продакшны захирлаар тус тус ажиллацгааж байна. Ийм л тэнгэрлиг, авьяаслаг ангийнхан Монголын соёл урлагт хувь нэмрээ оруулсаар явцгаана даа.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хөлбөмбөгч хөвгүүдтэй, хөгжөөн дэмжигч охидтой ангийнхан

Найрамдлын районы сургууль буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1972-1982 оны 10 “г” ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Офицеруудын ордны урд байрладаг дөрвөн давхар сургуулиа тэд “Гадна талбайд мод тарьдаг ургамлын туршилтын талбайтай, хажуудаа мөсөн каток, урдаа хөлбөмбөгийн модон стадионтой Баянзүрх дүүрэгтээ хамгийн том сургууль нь байсан” гэж ам уралдан магтав. 10 ”г” ангийнхан энд тэндээс цуглажээ. Амгалангийн 27, Шавь цогцолбор буюу 69, Төр хурахаас шилжиж ирсэн нөхөд нэг анги болж. Эдний ангийн 36 хүүхдээс 18 нь хөвгүүд байжээ. Анги дааж төгсгөсөн ачтан нь физик, математикийн Х.Дашдулам багш. “Ангийн багш маань хал нь гаднаа хайр нь дотроо байсан шүү. Биднийг нууцхан их өмөөрнө өө. Тухайн үед ухамсрын шанаа өгдөг багш нараас хүүхдэд ахадсан хатуу үг сонсгохгүй санаатай нь үйлдэл бүрээс нь анзаарагддаг байлаа” гэж ярьцгаалаа. Ангийн хөвгүүд сахилгагүйтэж нэг багшийнхаа уурыг хүргэж л дээ. Өнөө багш “Анх хэрэг тарьсан нөхрийг шийтгэнэ. Тэр нөхөр урагшаа алх” гэхэд нь 18-уулаа урагш алхаж байж. Уурлаж бухимдсан багш хөвгүүдийг зодохоор цагаа тайлаад бэлдэж байтал ангийн багш нь ороод иржээ. Багш нь сахилгагүй шавь нараа шууд өмөөрөөгүй ч харж зогссоор байгаад ууртай багшид зодуулаагүй аваад гарчихсан гэнэ. Хөвгүүд нь энэ явдлыг хөгжилтэйгөөр ярьцгаав.

Эрдэнэцогт буюу Самка “Тухайн үед есдүгээр ангийнхан аравт орох жилээ дайчилгаанд явдаг байсан юм. Батсүмбэрийн сангийн аж ахуйн Үдлэгийн гол дээр бригад гарч намрын ногооны дайчилгаанд явдаг байлаа. Хүнсний ногоо хураана л даа. Тэр үеэр ангийнхантайгаа илүү ойр дотно танилцаж байсан. Жаахан хүүхдүүд ядарна гэх биш. Гитар тоглоод л бусад нь бүжиглэдэг байлаа. Цэргийн жижиг майханд бүжиг хийгээд байвал яах нь тодорхой. Тоос босоод жигтэйхэн юм болно биз дээ” гэж дурсамж сөхөхөд өнөөдүүл нь ч бас намрын хөгжилтэй хөөртэй агшнуудаа ам булаалдан ярьцгаав.

10 “г”-гийнхэн коллективтой гэдгээрээ сургуульдаа гайхагддаг байж. Нэг үеийнхэн дээд, доод ангийнхан нь завсарлагаанаар ангид нь ороод ирдэг байсан гэхээр их л нийтэч нөхөд байсан бололтой. Ангийн дарга А.Лхагвадорж нэгдүгээр ангиасаа одоог хүртэл ангийнхнаа командалж иржээ. Ангийн даргын үгнээс нэг ч хүүхэд гардаггүй гэнэ. А.Лхагвадорж “Нэг жил кросс уралдаан боллоо.

Хамт олноор нь дүнг нь гаргана гэдэг юм. Хотын бүх сургуулийн хүүхдүүд оролцлоо. Хамгийн эхэнд орсон хүүхдийн цагийг сүүлд ирсэн хүүхдийн цагтай дундажлаад ангиар нь байр эзлүүлж байсан юм. Жуковын музейгээс Багшийн дээд хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр гүйнэ гэлээ. Бүгдээрээ ярилцаж байгаад цанын спортоор хичээллэдэг А.Цогбаярыг эхлээд гүйлгэлээ. Бусад нь гүйдэггүй охидоо дундаа хийж чадахгүйг нь чирч гулдарч байж барианд орсон. Гэтэл бусад ангийн хүүхдүүд амиа бодоод гүйчихсэн. Манай ангийн эхний хүүхэд тасархай түрүүлээд барианд орчихож байгаа юм. Бусад ангиас эхэнд орсон хүүхэд өчнөөн ч гэлээ гүйж чаддаггүй нь бүр хойно үлдчихэж байгаа юм чинь. Цагийн дараа орж ирсэн охин ч байсан. Тэр уралдаанд манай анги түрүүлж воллейболын сетк, бөмбөгөөр шагнуулсан. Шагналаа сургуульдаа өгч байлаа” гэж ярилаа.

Хөвгүүд нь хөлбөмбөгт нугасгүй байж. Сургуулийн хөлбөмбөгийн шигшээ баг бараг л эдний ангийн хөвгүүдээс бүрддэг байжээ. Сургуулиар тогтохгүй 1982 оны идэрчүүдийн шигшээд голлосон гэхээр мундаг хөлбөмбөгчин хөвгүүдтэй анги байсан нь илэрхий. Арвын “г”-гийн хөвгүүд өнөө л нийтэч зангаараа дөрөвдүгээр ангийнхнаа бэлджээ. Өнөө хүүхдүүдээс нь лигийн дасгалжуулагч, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа хүмүүс ч бий гэнэ.

Хөвгүүдийн хөлбөмбөгт дурласан түүх их сонин юм. 1982 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Герман, Бразилийн баг өрсөлдөж байсныг хараад л энэ спортод хорхойсчихсон гэж байгаа. Ангидаа Бразил, Германы баг болж хуваагдаад тоглож эхэлжээ. Сургуулийнхаа модон стадион дотор өнөө Бразил, Германы “мундаг” багууд өглөө хар үүрээр ирээд цаг хэртэй тоглочихдог байж. Дараа нь хагас цаг хичээлээ уншчихаад хичээлдээ ордог байжээ. Тэрнийхээ хүчээр хөвгүүдийн сурлага сайжирсан гэнэ. А.Лхагвадорж тэр үеэ “Одооны хүүхдүүдийн тоглодог шиг бөмбөг байгаагүй. Хаймар үлээж арьсаар боож үдээсээр үдчихсэн бөмбөгтэй. Бас Чехийн гала гээд хаймеран бөмбөгтэй байсан юм. Үдээстэй хэсэг нь нүцгэн биен дээр цохих үед их өвдөнө. Аравдугаар ангиа төгсөх жил 100 төгрөг гээд анхны одтой бөмбөг нийтийн худалдаанд гарсан юм. Тухайн үед тэр бөмбөгөөр тамирчид л тоглоно. Бидэн шиг нусан буу нарт юу гэж олдох вэ дээ. Манай ангийн хөвгүүд тав таван төгрөг гаргаж, үлдсэн 10 төгрөгийг нь охид өгч байж одтой бөмбөг авч байлаа” гэж дурслаа.

Б.Гантөмөр “Алтанбаганын аав хэвлэх үйлдвэрт байсан юм. Ааваас нь угаахад арилдаггүй будаг авч майкан дээрээ яг хөлбөмбөгчдийнх шиг дугаар тавина аа. Тэр үед Оросын сэтгүүл дээр Америкийн NBA-ийн ганц нэг зураг гарч байсан юм. Дуурайж байгаа нь тэр. Номерийг нь сүүдэртүүлээд будна даа, харин ч нэг. Бусад ангийнханд тийм будаг олдохгүй. Хамгийн гоё хувцастай нь бид” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөлбөмбөгийн өмсгөл хувцасны яриа дуусахгүй шинжтэй.

Цогбаяр “Тэр үед бас кет байхгүй. Вьетнам кет гээд хөл нүцгэн байгаагаас ялгаагүй нэг юм өмсөнө. Тэгж байтал шанхай кет гараад ирдэг юм. Их дэлгүүр дээр анх удаа албан ёсоор шанхай кет зарна гэж дуулдлаа. Өглөө долоон цагт Их дэлгүүрийн гадаа очоод зогслоо доо. Зөндөө хүн байна. 09:00 цагт дэлгүүрийн тор дээшээ онгойнгуут хар эрчээрээ гүйлдээд орчихлоо. Дөрвөн давхраасаа нэг давхар хүртэл улаан олс татчих­сан, оочир гэж аймаар. Алаан болж байгаа юм. Баахан оочирлож дөр­вөн давхар хүрэхэд жижиг цонхоор 60 төгрөг авав уу, үгүй юу холбоотой кет чулуудчихлаа. Юун тэр размер. Авч явах замдаа л өөрсдөөсөө размераа асууж кетээ авцгааж байгаа юм. Маргааш нь манай баг дан “шанхай”-тай мундаг хүүхдүүд. Нийгэмлэгийн шигшээ шиг л юм харагдаж байгаа юм чинь. Шанхай кетний нэг хэцүү юм нь угаахаар шарлачихна. Тоглолтын өмнө шүдний оогоор будаад ордог байсан” гэж ярив. Спортоор хичээллэх дуртай ангийнхнаас спортоор явсан хүн байхгүй гэнэ. Бүргэдээ нь л хөлбөмбөгийн “Алдар” нийгэмлэгийн тамир­чин байжээ. Б.Гантөмөр “Тэр маань бурханы оронд очсоон” гэж нам дуугаар хэлж байна.

Охид хөлбөмбөгт ямар рольтой байсныг сонирхоход хөвгүүд “Охид маань хамгийн сайн хөгжөөн дэмжигч байсан. Тэмцээнд орохоор багаар нь үнэлдэг. Бид нэг, хоёрдугаар байрт ороход эд маань явахгүй. Сүүлдээ их гэмшсэн. Яагаа ч үгүй хожигдчихоод хоол унд бэлдэж биднийг нэгнийдээ хүлээдэг болсон. Хожигдсон гэмээ цайруулаад төгрөг 20 мөнгөний жижигхэн торт аваад тавьчихна аа бас” гэж нөгөөдүүлээ цаашлуулав.

Эдний ангийнхан сайн багш нараар хичээл заалгаж байснаа байсгээд л дурсах юм. 14 дүгээр сургуулийг үүсгэн байгуулж байсан анхны алтан үеийн багш нараар хичээл заалгаж байж. Л.Доржсүрэн, Б.Баатар, Я.Болд, Г.Болд, Шархүү, Ц.Ичинхорлоо, Х.Бадрах, Т.Даваахүү, Б.Алтангэрэл гээд урсгаж өгөв. Мэдээж хамгийн хайртай багш нь ангийнх нь Х.Дашдулам багш.

Хөлбөмбөгч хөвгүүд баг, багаараа сургуулиа төгсөтлөө байлдаж тоглодог байж. “Дан” гэж амаараа буудаад чи үхсэн шүү гээд дараагийнхаа хүнийг буудахаар явдаг байснаа ярьж баахан инээлдэв. 10 дугаар ангийн хүүхдүүд байж тэгж тоглоод байхдаа яахав дээ гэж зарим нь мушилзана. Ангийн дарга “Манай сургууль дөрвөн давхар байсан. Дээд хоёр давхарт нэг баг нь гарчихна. Доод хоёр давхраа нөгөө баг нь авчихна. Дөрвөн давхраа эзэлтэл эсвэл подволоо эзэлтэл байлдана. Нуугдаж байгаад нэгийгээ хараад “Дан” чи үхсэн шүү гэхээр тэр нь тоглоомоос хасагдах дүрмээр тоглодог байлаа” гэж сонирхуулав.

Эдний ангийнхан урлагт ч муугүй байж. Цогбаяр “Урлагийн үзлэгийн үеэр манай ангийн хөвгүүд найрал дуу дуулсан юм. “Ну погоди”-гоос санаа авсан байх. Бүгдээрээ хажуу тийшээ жишүүлдэж зогсч байгаад гараа хөдөлгөж дууллаа. Хөвгүүдийн хоороос гадна Бүргэдбаатар, Энхбаяр хоёр гитартай дуулж, үндсэндээ хоёр номер бэлдсэн юм. Тэгсэн чинь бидний тэр номер Монголын радиогоор явдаг болсон. Тэр үеийнхээр бол од болж байлаа шүү дээ. Их л сайн номер болсон юм” гэж ярилаа. Тэгсэн Б.Гантөмөрийн сэтгэл нь хөдөлсөн бололтой, босч ирээд “Яг ингэж дуулдаг байсан юм” гээд “Хаврын нуур шиг дөлгөөн нүдтэй орос нөхөр минь, хайрт эцгийн минь адил уужим санаат анд найз минь” гээд дуулж гарлаа. Тэр дуугаар сургуулийн хөвгүүдийн шилдэг хоор дуугаар шалгарч байжээ. “Талийгаач Бүргэдэй маань гитар сайн тоглодог байсан. 10 жил төгсөхдөө бид өөрсдийн дуутай төгсөж байлаа. Талийгаач аяыг нь хийсэн юм. Яруу найрагч Эрдэнэцогт буюу Самка үгийг нь бичсэн” гэж ангийн дарга ярилаа.

Тэд хичээл болгоныг хөгжилтэйгөөр өнгөрүүлдэг байжээ. Шинэ кино, ном гарсны дараа ангиараа ярилцдаг байсан гэнэ. Б.Гантөмөр, Самка хоёр утга зохиолын дугуйланд явдаг байж. Ер нь эдний ангийнхан ном их уншдаг байсан аж. “Говийн зэрэглээ” киноны талаар хэрэг болгож маргаан өрнүүлж байснаа дурсав. Лхагвадорж “Нэг хэсэг нь Номинг доош нь хийж захирлаар Арслан шиг хүн ирсэн ч суух байсан, нөгөө тал нь захирал Номин хоёрын харилцааг гэгээн хайр гэж маргаад хөгжилтэй байжээ. Энэ маргаанаас болж бараг зодолдоод тарж байсан шүү” гэхэд ангиа төлөөлж цугласан хэд бөөн инээдэм болов.

Эдний ангиас Лхагвадорж Эрхтуяа, Оюун-Эрдэнэ Түмэнжаргал гэх хоёр хос төржээ. Тэд сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа ч одоо болтол байнгын холбоотой байдаг гэнэ. Тав хоноод л уулздаг дотно харилцаатай юм байна. Энэ жил сургуулиа төгсөөд 33 жил болж байгаа аж. Тиймээс гадаадад байгаа ангийнхаа хүүхдүүдийг уулзалтдаа ирээрэй гэж урьж байгаагаа манай сониноор дамжуулсан юм.

Тэд өөрсдийгөө “Манай ангийнхан дунд эрдэмтэн мэргэд, Улсын их хурлын гишүүн, компанийн захирал байхгүй ч нэг байгууллагад насаараа ажиллаж байгаа нийгмийн идэвхтэй хүмүүс бий шүү” гэж даруухнаар үнэлсэн. Ирээдүйд хийх ажлаа төгсөх ангид байхдаа л шийдэцгээсэн “хашир” сурагчид юм байна. Гаалийн ерөнхий газарт Цогтбаатар, Энхбаяр, Г.Оюунчимэг нар ажилладаг. Б.Гантөмөр Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийн найруулагч. А.Лхагвадорж Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга. Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэрт насаараа ажиллаж байгаа В.Оюунгэрэл, төв шуудан холбоонд ажиллаж байгаа Түмэнжаргал гээд салбар бүртээ л сайн ажиллаж байгаа гэнэ. Наранчимэг гэхэд л “Улаанбаатар” ресторонд 1982 оноос хойш тогооч хийж байгаа аж. Л.Эрдэнэцогт яруу найрагч бөгөөд зарим нь тэтгэвэртээ гарчихсан байгаа ажээ.

Ангийн дарга А.Лхагвадорж “Батсүх Белгид Элчин сайдын яаманд ажиллаж байгаа, Ганболд Германд, Өнөр Америкт, Солонгост Эрдэнэцогт бий. Гадаадад байгаа нөхөд минь хурдан ирээч ээ гэж анги хамт олон чинь хүсч байна” хэмээн ярив. Нэг ангийнхан гэдэг дарга цэрэг гэлгүй насаараа л найзууд байх нь сайхан юм гэцгээж байлаа. Тэгж ярьж байх зуур Гантөмөр талийгаач болсон найз “Бүргэдбаатар, Энхбаяр, Болдбаатар, Цогтбаатар” нартаа гүнээ эмгэнэл илэрхийлье хэмээн хэсэг чимээгүй суусан юм.

Энэ ангийн хамгийн хөгжилтэй хүү болох Цогбаяр төгсөлтийн баярын талаар яриа эхлүүлэв. Тэрээр “Биднийг төгсдөг жил нэг их хонхны баяр тэмдэглүүлэхгүй гэж хорьсон юм. Нэгэнт л уламжлал юм чинь ангиараа хуйвалдаж байгаад тэмдэглэсэн. Тэр үед 25 төгрөгөөр нийлсэн юм. Туулын ах 30 дугаар баазад ажилладаг байсан учраас нэг паз автобус аваад явж байлаа” гэж ярив. Ангийн дарга нь “Манай ангийнхан монтажны зураг муухай гарсан гээд эсэргүүцэл илэрхийлээд бүгдийг нь устгачихсан юм. Тэгээд түүнийгээ нөхөж Ленин багшийн хөшөөний өмнө ангиараа зургаа авахуулж байсан. Түүний дараа Зөвлөлтийн дайчдын хөшөө буюу Зайсан толгой дээр гарчихаад ангийнхаа Энхтуяагийнд очсон. Тухайн үед аав, ээж нь эзгүй байсан юм. Манай нийллэг сэтгэлээс гарахгүй сайхан болж байсан” гэх зуур Гантөмөр “Нийллэгтээ Алтантуяагийн танилуудаар “Москва” ресторанд арын хаалгаар ширээний тал шиг том баярын мэнд хүргэе гээд биччихсэн шоколадан торт хийлгэсэн. Гоё гэж жигтэйхэн. Тэр үед торт байхгүй “Хотол” бялуу гээд хааш хаашаа 20х20 харьцаатай бялуу байсан юм чинь. Би тэрийг нь “Москва” ресторанаас аваад л автобусанд суугаад ангийнхан дээрээ очиж байсан юм. Хүмүүс автобусанд суусан чинь ханарч хараад л хажуунаас өргөөд суудал тавьж өгч байсан” гэж ярив. Цогбаяр “Хамгийн сонин нь 40-50 авдар шилтэй ундаа авчихсан. Тэрийгээ нийллэг дууссан ч ууж дуусахгүй маргааш нь харих замдаа шилийг нь тушаах гээд автобусандаа ууж байсан” гэж сонирхуулав. Эрдэнэцогт “Нийллэгийн дараа ангийн багшид байцаагдаад ангиараа зохион байгуулалттайгаар хэргээ хүлээхгүй гүрийчихсэн. Уг нь биднийг автобусанд явж байхыг ангийн багш харчихсан юм. Автобусанд явж байхад нэг нь багш гэж орилоод бүгд пэр хийж доошоо нуугдаж байсан даа” гэв.

Ангийн дарга нь “Саяхан Алтанбагана маань чихрийн шижинтэй болчихсон гээд үхэхээ хүлээгээд шийдчихсэн хэвтэж байсан. Тухайн үед манай найз мөнгө муутай байсан юм билээ. Бид очоод эм тариаг нь аваад өгье, группт оруулаад өгье, нийгмийн даатгалыг чинь хөөцөлдье гэж ятгалаа. Сүүлдээ “За чамд одоо хоёр сонголт байна нэг нь бидний үгэнд ороод арай илүү удаан амьдрах, нөгөө нь чи өөрийнхөө сонголтоор хурдан үхэх. Алийг нь ч сонгосон бид чамайг оршуулчихна” гэсэн чинь нөгөөх маань инээсэн. Очоод сэтгэл санаагаар өргөөд ярилцаж байгаад бидний үгэнд орсон шүү. Саяхан ярьсан чинь гагнуур хийгээд хэдэн төгрөг олчихоод ангийнхаа айл болгонд цайны цацлын хусуур хийж өгнө гэж байсан. Сэтгэлээрээ сайхан санагдаж байгаа. Нэг анги гэдэг одоо ч нэгнээ түшихдээ чухал шүү дээ” гэж ярьсан юм.

С.Ариунжаргал

Н.Номин