Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүнээ байсан нийгэм, хүрэлцээгүй нийтийн тээвэр DNN.mn

Олон нийтийн сүлжээнд өр өвтгөсөн бичлэг тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ бол автобусанд амжиж суух гэж гүйсэн сурагчийг тухайн автобус дайрч унагачихаад зогсохгүй яваад өгч буй дүр зураг. Энэхүү үйл явдал нь өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болжээ. Хүүхдийн гар хугарч гэмтсэн ч Эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан байна.

Харин “Blue bus” компани жолоочийнхоо цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй аж. Мөн тус компани хүүхдийн эмчилгээний зардалд багахан хэмжээний мөнгө олгоод л байж боломгүй энэ асуудал дарагдаж. Дарагдаж ч гэж, өчигдрийг хүртэл дарсан бололтой. Хичээлдээ амжих гээд гүйж буй бяцхан амьтныг дайрч унагачихаад зогсоод тусламж ч үзүүлэхгүй зугтаад явж буй жолооч, ийм ноцтой асуудлыг таван сарын турш дарж юу ч болоогүй мэт өнгөрүүлсэн энэ байдал бол өнөөдрийн нийгмийн үнэн төрх. Энэ бичлэг Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгааг ч мөн харуулж байна.

Тухайн сурагч тэр автобусанд сууж чадахгүй л бол хичээлээсээ хоцрох учраас амь өрсөн автобусны урдуур гүйж байгаа нь тэр. Хэрэв автобус нь хүрэлцээтэй, ойр ойрхон ирдэг байсан бол тэгж амь өрсөх шаардлагагүй. Улаанбаатар хотод 1400 гаруй автобус шаардлагатай ч одоогийн байдлаар 970 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа аж. Дээрээс нь 970 гаруй автобусных нь 500 гаруйнх нь ашиглалтын хугацаа дуусчихаж. Нөхцөл байдал нэг ийм л байна. Энэ удаад хүүхэд автобусанд дайруулж гараа хугалаад өнгөрч. Дараагийн удаа юу болох вэ. Заавал амиа алдаж байж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: 37-той бүсгүйн үг DNN.mn

Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү өвчтөнийхөө тухай ярьсан нэгэн бичлэг ер санаанаас гардаггүй. Хавдрын эцсийн шатанд орсон 37-той бүсгүй эмнэлгийн орон дээрээс нөхөртөө хандаад “Би цэл залуугаараа хорвоогоос буцаж байна. Би чамд маш их гомдож байна. Нэг удаа ч болов, биеэ үзүүлээч гэж ганц удаа хэлж байгаагүй. Эцэст нь хоёр хүүхдээ нялхаар нь орхиод үхэж байна” гэсэн нулимстай үгсийн хариуд нөхөр нь юу ч дуугарч чадахгүй суусан тухай.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

Нэгэндээ халамжтай, биедээ арчаатай эхнэр, нөхрүүд олон бий. Гэхдээ тэр дундаас эхнэрүүд голдуу гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцаж, хэн өвдөнө түүний төлөө л нойр хоолоо хугасалж гүйдэг. Харин эрчүүд гэр бүлийнхээ бусад гишүүдийнхээ битгий хэл өөрийнхөө эрүүл мэндэд ч хайнга ханддаг нь олонх шүү.

Тийм ч учраас эрчүүдийн дундах өвчлөл, нас баралт нийгмийн асуудал болсоор байгаа. Ядаж л тэд өөрсдөдөө арчаатай, эрүүл мэнддээ санаа тавьдаг бол олон гэр бүл хагацал үзэхгүй дээ. 37-той бүсгүйн нөхөртөө хэлсэн сүүлийн үгс энэ л байна шүү дээ.

Хагацал ирснийг ойлгосон бүсгүй өөрийгөө удаан амьдраагүйдээ ч харамсаагүй байх. Үр хүүхэд, юу ч хийж чадаагүй бүдүүн хойрго эр нөхөр ард нь үлдэж яажшуухан амьдрах бол гэсэн зовнил ч байсан биз ээ.

Халамж гэдэг цаг наргүй ажиллаад мөнгө олж ирэхийг хэлдэггүй юм аа. “Бие чинь зүгээр үү” гэдэг хоёрхон үг ч хүний амьдралыг аварч болох байж шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хоногийн хоолноосоо илүүчилсэн мөнгөөр нь тансаг ширээ засаад, баярлаж суухаасаа багш нар ичих хэрэгтэй DNN.mn

Ахмадын баярын араас Багш нарын баяр тохиож байна. Багш хүний өнөөдрийг хүртэл байгуулсан гавьяа, ирээдүйд байгуулах гавьяа, алдар зүтгэлийг юутай ч жишимгүй гэдгийг тодотгож хэлье.

Багш нарын баяр болохтой зэрэгцэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь эцэг эхийн зөвлөл. Тэдний гол үүрэг нь сурагчдын эцэг эхээс хоморголон мөнгө татах. Цаашлаад ганцхан ангийн багшийг баярлууах бус тухайн ангид хичээл ордог 20 гаруй багшийг баярлуулахаар эцэг эхчүүдээс 25 мянган төгрөг хураасан тохиолдол ч байна. Үнэндээ багш нарт эцэг эхчүүд ямар ч өргүй. Тэд ажлаа л хийж байгаа. Эдийн засаг хүнд, өрхийн орлого тааруу байгаа энэ үед олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд багш нарын баяр дарамт болж байгаа талаар хэлэх хүн ч цөөнгүй байна.

Хоногийн хоолноосоо илүүчилсэн мөнгөөр тансаг ширээ засаад, баярлаж суухаасаа багш нар ичих хэрэгтэй. Хэн нэгнийг баярлуулна гэдэг угтаа сэтгэлийн зүйл байдаг. Сэтгэлээ шингээж өгсөн бэлэг бүр сайхан. Тухайлбал, гэртээ загсаасан өрмөө чимэглэж багшдаа бэлэг барьсан хүүхдүүдийн зураг цахим орчинд тархсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Энэ мэт багшдаа баярласан сэтгэлээ хүүхдүүд өөр өөрийнхөөрөө илэрхийлэх боломжийг олгомоор байна. Гэтэл багшид “Говь” брэндийн ороолт, монетон ээмэг бөгж авч өгөх талаар эцэг эхийн зөвлөл санаачилга гаргаж байгаа нь багшийг доромжилж байгаа үйлдэл. Үнэхээр мэргэжлийнхээ үнэ цэнээ ойлгодог, мэргэжлийн ёс зүйгээ өндөрт өргөдөг багш бол ийм бэлгээс татгалзах учиртай. Харамсалтай нь тийм багш хэд байгаа бол. Өндөр хөгжилтэй оронд багш хүн ажлаа хийснийхээ төлөө эцэг эхчүүдээс өндөр үнэтэй бэлэг сэлт авах нь ёс зүйн гажуудал, авлигын хэрэгт тооцогддог. Харин манайд байдаг л үзэгдэл болсон нь боловсролын салбарын доройтлын бас нэгэн шалтгаан.

Бид өөрсдөө авлигыг ингэж өөгшүүлдэг. Цаашлаад үр хүүхдүүддээ хэрхэн авлига өгөхийг ч зааж амжлаа. Үнэтэй бэлэг хүлээдэг биш, үүнээс татгалздаг дархлааг багш нар өөрсдөдөө бий болгомоор байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хооллох үедээ утсаа битгий оролдоорой DNN.mn

Хооллох үедээ зурагт үзэх, утсаараа оролдох, ямар нэгэн зүйлд яарах зэрэг нь таныг зохих хэмжээнээс илүү их хэмжээгээр хооллох шалтгаан болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Их Британийн Бирмингемийн их сургуулийн судалгааны багийн хамт олон анхаарал болон ой тогтоолт нь бидний хоол хүнсний хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг талаар судалсан байна.

Тэд судалгаанд оролцсон хүмүүсийг хоёр бүлэгт хуваан, эхний бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь зурагт үзүүлсэн бол нөгөө бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь юу ч үзүүлээгүй аж.

Тэд судалгаанаас хооллох үедээ өөр зүйлд сатаарах нь хэт их хэмжээгээр идэхэд хүргэдэг, хоолондоо анхаарал хандуулах нь дараа нь таныг бага хэмжээгээр хооллоход тусалдаг гэсэн хоёр үр дүнд хүрчээ.

Мөн хооллож байхдаа өөр зүйлд сатаарснаар бодисын солилцоо удаашрах, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орох, сэтгэл ханамжгүй болох, ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөл зэрэг сул талтай.

Та эрүүл, зөв хооллохын тулд ямар хүнсний бүтээгдэхүүн сонгохоос гадна хоолоо хэрхэн идэж байгаадаа ч анхаарал хандуулах хэрэгтэй. Хооллох үеэр зурагт үзэх, утсаа оролдох, ном унших зэргээр өөрийгөө сатааруулахын оронд идэж байгаа хоолныхоо өнгө, үнэр, амт, хэлбэрийг ажигла, мэдэрч хооллохыг хичээгээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралд бид ямар их хайртай юм бэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨХ “АМЬДРАЛД БИД ЯМАР ИХ ХАЙРТАЙ ЮМБЭ” ХЭМЭЭХ ЖИЖИГ БИЧВЭРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Сансар огторгуйд өөрийгөө оршуулах хүсэлтэй хүмүүсийн дараалал дийлдэхээ больсон гэнэ. Америкийн нэгэн компани 1997 оноос хойш ийм үйлдэл хийж эхэлсэн бөгөөд одоог хүртэл 14 орны хэдэн мянган хүнийг сансарт оршуулжээ. Энэ нь нас барсан хүний чандарыг маш жижиг саванд хийгээд сансар руу илгээдэг ёслол маягийн үйл юм байна. Яагаад хүмүүс ийм хүсэлт гаргадаг юм бол гэж уншигч та бодож байна уу. Энэ нь ямар нэгэн чамирхал, мөнгөө барж ядсан хүний зан биш ердөө л дахин амьдрах боломжийг хайсан эцсийн горьдлого юм байна. Учир нь “хэзээ нэгэн цагт соёл иргэншил тэрхүүчандарыг олж аваад өөрийг нь дахин төрүүлж магадгүй” хэмээх сүүмэлзэх төдий найдлагад тэд эцсийн хүслээ даатгадаг ажээ.

Мөн өөрийн эд эсийн нэгээхэн хэсгийг хэдэн зуун жилээр хадгалах гэрээ хийгээд ертөнцөөс буцдаг зэрэг нь дахин амьдрах боломж гарвал алдахгүй юм шүү гэсэн найдлагаас өөр юу ч биш билээ.

Амьдрах нас хязгаартайг бид бүгд мэднэ. Тэгэвч хэн ч энэ амьдралаас буцахыг хүсдэггүй. Байгаад л баймаар, амьдран суумаар дэлхий шүү дээ. Өглөө бүр нар мандахыг харах, өвлийн шуурга исгэрэх, хаврын шувууд зэл татан ирэх, навчис өшгичин алхах, үр хүүхдээ өсгөх, найз нөхөдтэйгээ уулзах нь ямар их үнэ цэнэтэйг буцаж байгаа нэгэн маань дэндүү их мэдэрдэг биз ээ. Нээрээ ч яг өнөөдөр үүнийг бичиж байгаа маань ч, та уншиж байгаа нь ч давтагдашгүй юм. Давтагдашгүй он цагийг дэмий өнгөрүүлэхгүй байх нь л өнөөдрийн бидний хийж чадах хамгийн том зүйл юм байна. Өнөөдөр бол маргааш ирэхгүй цаг хугацаа. Өнөөдөр юу амжуулах ёстой вэ, түүнийгээ хойш нь тавилгүй хийгээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эмээтэй дрифт DNN.mn

Налгар намрын өдрүүд үргэлжилсээр. Намрын өнгө, гоо үзэсгэлэн юутай онцгой сайхан. Навчис шаргалтан хийсч, хангайн уулсад хурын солонго асгарчихав уу гэлтэй үзэмж төгөлдөр харагдана. Ил тайвшрал дундаас өнгөрсөнд үлдсэн дурсамж сэтгэлийн гүнээс оргилон цалгиж, тархинд задрахдаа зарим нь нулимс болон гадагшлах нь бий.

Эмээтэй, дэндүү сайхан эмээтэй байлаа, би. Тээр жилийн өвөл юм уу даа. Эмээ, ээж, аав, эгч нараа машиндаа суулгаад хөдөө байх нагацынх руугаа явлаа. Нагацынд хүрэх зам өвөлдөө гол дээгүүр давхиад оччихдог, их зугаатайсан.

Мөсөн дээр яваа учраас жаахан дүрсгүйтмээр санагдлаа. Ингээд огцом рулиэ дарж, бага зэрэг карданаа таттал машин ёстой сургаагүй хангал адуу шиг суурин дээрээ эргэлдэж бусгалаа. Хойно сууж явсан ээж, эгч нар хашгиралдаж зүрх нь амаараа гарах шахав. Машин зогслоо. Ээж, эгч хоёр “Өвчтэй амьтан бэ, яаж байгаа юм” гээд уурлах аястай араас нударч байна. Аав ч үг дуугарсангүй. Харин хажууд сууж явсан эмээ маань буйлан шүдээ булталзуулан хүүхэд шиг ход ход инээж байх юм. “Хүүе эмээ та зүгээр үү” гэтэл “Зүгээр ээ миний хүү” гэж байна. Би цаашлуулаад “Эмээ гоё байна уу, нахих уу” гэлээ. Эмээ “Күй хүү минь, болохоор бол тэгье” гэж байна шүү. Их л таалагдсан бололтой. Хамгийн сүүлд хэзээ ч ингэж мөсөн дээр тоглосон юм, хөөрхий. Хүүхэд насных нь дурсамж сэргэж, сэтгэлийнх нь гижиг хүрсэн бололтой. Эмээтэй дрифт, эмээтэй хамт аянд мордох хөгжилтэй хийгээд сайхан. Хүн хөгшрөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг нь үнэн аж. Тэр үед хүүхэд шиг инээж байсан хөх торгон дээлтэй эмээ минь дээ…

Намрын сар дундаа орж, хангайн халиун буга хаа нэгтээ урамдсаар. Намар, намрыг аргадан суух налгар сайхан буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул DNN.mn

“Би өөдрөг байх ёстой”. Энэ үгийг өрх гэрийн тэргүүн бүхэн өөртөө хэлэх цаг ирсэн юм шиг байна. Бид л пээдгэр, өөртөө итгэлтэй ажиллаж амьдрахгүй бол цаад муусайн эхнэр хүүхдүүд чинь нервээ дийлэхгүй нь. Монголын нийгэм, Улаанбаатар хот гэж хаашаа л харна хар яр гэсэн хүмүүсээр дүүрлээ. Ихэнх нь эмэгтэйчүүд минь харагдах. Ингэж эмэгтэй хүнийг, эх хүнийг, эмэгтэй хүүхдүүдээ стресстэй явуулж болохгүй. Тэд байхгүй бол бид байхгүй. Эмэгтэй жолоочтой машин бүгдийг урдуураа оруул. Би тэгдэг болоод байгаа. Эмэгтэй хүн хэрүүл өдвөл “Чиний түмэн зөв” гээд шууд бууж өг. Тэглээ гээд тэд муусайны тэнгэрт гардаг гэж юу байхав. Хэзээдээ л эрийн доор хүмүүс. Энэ нь улны хүн гэж байгаа юм биш шүү. Үүндээ тулах юм бол эмэгтэй хүн бүхэн тэнгэрийн аянга. Энэ хотын стрессийг хамгийн түрүүнд багасгах хялбар арга бол алхам тутамдаа эмэгтэй хүн бүхэнд гүн хүндэтгэлтэй хандах явдал юм. Энэ соёлд суралцах аваас нийгмийн нерв үлэмж багасна.

Эхэнд хэлснээр аав бүхэн өөдрөг байж, аавуудын амнаас болохгүй бүтэхгүй гэсэн үг цөөн гарч, “Асуудлыг аав нь шийднэ, ард нь гарна, бүх зүйл сайхан болно” гэсэн үгээр гэр бүлдээ итгэл өгч, инээмсэглэл дүүрэн зурагтын удирдлагатай ноцолд. Гэрийг гэргий хүн ганцаараа гэрэлтүүлдэг юм биш, аавууд бас гэрэлтүүлнэ. Аавын хөмсөг атираатай айлын амьдрал бараан байх нь тодорхой. Гэрийн эзэн нервээ дийлэхгүй бол гэргий чинь сэтгэл санаа тогтворгүй байх нь бас тодорхой. Үүгээрээ сургаал айлдаад байгаа юм биш, зүгээр л амьдралынхаа туршлагаас ярьж байна.

Төгсгөлд нь хэлэхэд чи эр хүн юм бол эмэгтэй хүнтэй маргалдан өөрийгөө доош нь хийх хэрэггүй. Зүгээр л удирд.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Д.Сарангэрэл сайдын “улны” иргэд DNN.mn

Шог зураач С.Цогтбаярын зургаас...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ удаа гурав дахь яамныхаа нүүр үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрыг дахин шинэчлэн бүрдүүлэхэд түүнд гурав дахь боломж олдсон нь энэ. Салбартаа сайнаар үнэлэгдсэн сайд А.Ариунзаяаг мөргөж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсон. Тэрбээр “Чамлалттай санагдаж магадгүй ч эхний ээлжинд 1520 өрх буюу манай яамныхны нэрлэдгээр улны айлууд буюу үнэхээр ядуу байгаа. Бид улны буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх, үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлээд, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө. Түүнээс гадна ар гэрийг нь хоёр жилийн хугацаанд харж үзээд, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж өгнө. Энэ ажлыг энэ оны арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байгаа” гэв.

Хамгийн ядуу өрхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Улны айл” гэж нэрлэдэг болохыг сайд нь хэлэв. Д.Сарангэрэл сайд угтаа “улны” гэж доромжилж байгаа айл өрхийн иргэдийн саналаар гишүүнээр сонгогдсоноо мартсан юм болов уу. Тэрээр 2012 оноос хойш гишүүнээр сонгогдож гурван ч удаа Монгол Улсын сайдын эрх ямбыг эдэлж, тасралтгүй 10 жил Монгол төрийг удирдаж байгаа энэ хүн иргэдээ “улны”, “улны биш” гээд ялгаад сууж байгаа нь эмгэнэл. Сам, үсний будагны мөнгийг төсвөөс өгч үсчин болгоно гэж байснаас хамаа намаагүй тараадаг халамжийн бодлогоо танах хэрэгтэйг эхлээд нэг харчихаасай, эрхэм сайд.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаарай DNN.mn

Хүүхдийн төрсөн өдөр дөхөхөд эцэг эхчүүд баяр хөөр болж, баярыг мартагдахааргүй сайхан тэмдэглэх гэж сэтгэл гарган бэлддэг бол зарим аав, ээж эсрэгээрээ огт тоохгүй өнгөрдөг. Харин хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхгүй байх нь сөрөг үр дагавартай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Доктор Вулли хүүхдийн таван насны төрсөн өдрөөр үдэшлэг зохиоход хамгийн тохиромжтой гэж үзжээ. Энэхүү төрсөн өдрийн үдэшлэгийн ачаар хүүхдүүд өөртөө итгэлтэй болно. Хүүхэд өөрт нь зориулсан баярын өдөр гэр бүлийнхээ хайр энэрлийг мэдэрч, аав ээж нь түүнд ямар их хайртайг, гэр бүлийнхээ чухал гишүүн гэдгээ мэдэрнэ. Тэдний төрсөн өдөр бол эцэг эхийнх нь амьдралын хамгийн чухал өдөр.

Тэднийг сайхан дурсамжтай болгоно. Доктор Вуллигийн судалгаагаар хүүхдүүдийг том болох үед бага насандаа ямар байсан гэх мэт өдөр тутамдаа бүтээсэн дурсамжаас огтхон ч үлддэггүй мөртлөө янз бүрийн үнэр, чимээ, дуу гэх мэт мэдрэхүйн эрхтнээрээ хүлээн авсан зүйлс нь тод үлддэг байна. Мөн гэр бүлийн харилцааг улам бэхжүүлнэ.

Түүнчлэн гэр бүлийн жил бүр тэмдэглэдэг уламжлал болсон баяруудыг тэмдэглэж байх нь их чухал. Баярын арга хэмжээ ямар байх, хэр их зүйл бэлдсэн байх нь огт хамаагүй. Зөвхөн гэр бүлээрээ хамтдаа байх нь л чухал.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Биоцентризм” DNN.mn

Ийм нэртэй ном саяхан хэвлэгдэн гарсан. Дипак Чопра гэсэн автортой уг ном амьдрал хийгээд ухамсар бол орчлон ертөнцийн язгуур чанарыг таних түлхүүр юм гэсэн уриатай болой. Уг номын оршилд өгүүлэхдээ ертөнцийн тухай хүн төрөлхтний ойлголт бүхэлдээ мухардалд орчихсон.1930-аад оноос квант физикийг нээснээс хойш огт урагшилсангүй.

Олон аравны турш нээлт хийхэд ойрхон байгаа мэт итгэл төрүүлсэн “нэгдсэн онол” буюу бүх зүйлсийн онол батлагдсангүй.Угаас нотлох аргагүй баталгааныхаа хамт чавхдасын онолын цэвэр математик тооцоололд олон арван жил гацаж орхижээ.Бүр дордсон ч зүйл байгаа. Ертөнцийг юунаас бүтсэн гэдгийг мэддэг гэж байсан ч одоо бол ертөнцийн 96 хувь нь харанхуй матери харанхуй энергиэс бүрддэг гэдгийг мэдсэн. Гэхдээ энэ харанхуй энерги харанхуй матери гэдэг нь чухам юу болохыг огт мэдэхгүй байна.Юмсын зүй тогтолыг шүүн тунгаах зайлшгүй шаардлага байгааг үл тоон “Их тэсрэлтийн онол”-ыг хүлээн зөвшөөрсөн.Гэвч энэ онол ертөнцийн тайлахуяа бэрх нууцуудын нэгэнд нь ч хариулт өгөөгүй. Асуулт ийм буюу “Ертөнц яагаад амьдралыг бүтээхэд төгс зохицсон байдаг юм бэ”.

Энэхүү номоороо ертөнцийн тухай одоогийн онолууд хэрэгцээгүй болсон агаад эдгээр онол амьдрал, ухамсрын талаар авч үзэх хүртлээ хэзээ ч бүтэмжтэй байхгүй гэсэн нэгэн шинэ үзэл санааг дэвшүүлэх зорилготой юм. Олон тэрбум жилийн турш үргэлжилсэн амьгүй үйл явцын дараахь хоцрогдсон, өчүүхэн үр дүн гэхээсээ илүүтэйгээр ертөнцийн талаарх ойлголтод амьдрал,ухамсар хоёр нэн чухал болохыг санал болгох агаад үүнийг шинэ үзэл санааг багтаасан биоцентризм гэж нэрийдлээ.

Физик ноёлсон зуунаас биологийн зуун руу шилжих болно гэж таамаглаж байна хэмээн өгүүлжээ. Үүнээс харахад энэ ном ямар ном бэ гэдгийг та шууд таамаглаж байгаа буй за. Эхний хэдэн хуудас шинжлэх ухааны нэр томьёог тайлбарласан тайлбартайгаар хэвлэгджээ.

Агуулга нь юу байгааг сонирхуулахад Ертөнцийн үүслийн тухайд, Анхандаа тэнд юу байсан бэ,Мод унах чимээ, Гэрэл хийгээд мөн чанарын эрэлд, Орчлон ертөнц хаана байдаг вэ, Маргааш өчигдрөөс өмнө ирэхэд, Алтан дундаж, Цаг хугацааны тухай эрэгцүүлэхэд,Энэ яг ямар гээч газар вэ, Ухамсрын нууц, Үхэл хийгээд өнө мөнх гэх зэрэг бие даасан биоцентризмын тайлбарууд байна.

Жишээ нь, Үхэл хийгээд өнө мөнх гэдэг бүлгээс эш татъя. Үхлээс айх айдас бүхэл үеийн туршид л байсаар ирсэн. Үхэл хойд урд нас сүнс гэх зэргээр. Тэгвэл энэ биеийг юу амилуулдаг вэ гэвэл энергиэр амьдардаг. Бүх л зүйл энергиэс тогтдог. Бид амьдарч байна гэдэг энерги л зохицуулж байсан гэсэн үг. Тэгвэл энэ ертөнцөд инерги устаж үгүй болдоггүй.Бас энергийг бүтээх бий болгох боломжгүй. Энерги зөвхөн хэлбэрээ л өөрчилдөг. Тэгэхлээр яах нь ойлгогдож байна уу. Бид хэлбэр дүрсээ л өөрчилдөг болохоос биднийг бий болгож байгаа энерги хэвээрээ л үлддэг гэсэн үг гэжээ.

Та үүнийг худалдаж авч уншаад ертөнц хийгээд амьдрал ухамсрын тухай эргэцүүлэн бодоход гэмгүй юм. Уг ном заримдаа шашны ойлголттой ч давхацна гэж оршилдоо сануулсан байдаг. Мөн ухамсар амьдрал бол орчлон ертөнцийн язгуур чанарыг таних түлхүүр гэснийг эргэн санацгаая.