Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Далаад оныхон

Дуучин Д.Түмэндэмбэрэлийн “Туулын урсгал шөнөдөө сайхан” дуунд дуртай. П.Адарсүрэн “Алтай хангайн уулс”-аа дуулж мандаж байхыг мэддэггэхээр би эртний хүн байх нь. Хааяа араажав харахад дотно санагддаг.Хуучны сайхан цагаа дурсах хөгшдийн сэтгэлийг ойлгодог,бид далаад оныхон. “Далаад оны хүн байдаг гэхээр сонин санагдаад байх юм” гэсэн хүүхдийн яриаг манай үеийнхэн наргиа болгон биедээ дамжуулдаг. Социализмын оргил үед мэндлээд, цэцэрлэгийн насаа хуучин нийгэмд үдсэн бидний шилжилтийн нас нийгмийн шилжилттэй хамт өрнөсөн. Бидний дараа үеийнхэн социализм гэж ямар нийгэм байсныг ойлгохгүй.

Харин бид багадаа “МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхаа тангараглаж байна” гээд андгай өргөчихсөн улс. Түүний өмнөхөн цэцэрлэгт байхдаа “Манай багшийн багш даа, манлай Ленин багш аа” гээд дуулж байлаа шүү дээ. Эмээ маань “Цуурч байгаад хэрэгт оров” хэмээн сануулдаг байсан нь бидний мэдэрсэнсүүдэр. Биднийг багадховор бараанд хүмүүс оочерлоод, уртаасурт дараалал үүсчихсэн байдаг сан. Дэлгүүрт танилтай бол “арын хаалгаар” өөдтэй өнгөтэйгээс нь шилээд авчихна. Одоо үед баян тарганаараа гайхуулдаг бол тэр үед “Ядуу малчны хүүхэд” хэмээн бахархдаг, гурван үеийн түүхээ бичихдээ энэ талаа илүү тодотгож өгдөг байж. Ядуус мандаж, баячууд гишгэх газаргүй нийгэм одоогийн хүүхдэд бол үлгэр шиг л санагдах байх. Хэзээ нэгэн цагт хойч үе маань биднийг ч бас түүхэн ховор үзмэр шиг санах болов уу.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ой цэвэрлэх арга

АНУ-д сүүлийн жилүүдэд маш их түймэр гарч байна. Энэ их гамшгийн 15 хувь нь хүнээс үл хамаарч гарсан гэнэ. Эзгүй ойд гарсан түймрийн шалтгаан нь хэт их дагтаршсан мод бут, өвсний үлдэгдэл гэж үзэж байна. Маш их дагтаршсан мод бут хуурайшиж, нарны гэрэлд шатах аюул гардаг гэнэ. Их хэмжээний дагтаршсан ойн түймэр бидний мэддэг бензин шатах мэт дүрэлзэх бөгөөд одоогоор түүнийг унтраах дорвитой арга олоогүй байна. Харин монголчууд энэ тухай эртнээс мэдэж арга хэмжээ авдаг байсан түүх байдаг гэнэ. Нүүдэлчид газар сэлгэхдээ хамгийн ойрын ойгоос унасан бүхнийг түүж хоол хийх, дулаан үйлдвэрлэхдээ ашигладаг байсан тухай АНУ-ын нэгэн түүхч бичжээ. Түүний үзэж буйгаар бол монголчууд суурин амьдралд шилжсэнээс хойш ойн түймрийн тоо 20 дахин нэмэгдсэн аж. Түймрээс гадна ойн хөгшрөлт маш хурдацтай явагдаж байгаа аж. Энэ нь ойн цэвэрлэгээ байхгүйтэй холбоотой гэнэ. Манай ойгоос хэд дахин бага газартай орнууд биднээс их цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг нь ийм учиртай аж.

Х.БАТТӨГС

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монголчууд бид нийгэмшиж сурах хэрэгтэй

Саяхан нэгэн жиргээч “Далай ламтай Японд таа­ралд­лаа. Тэнд байсан монголчууд адис авах гээд бүгд дайрсан учир эхний хэд нь л адис авч чадаад бусад нь авч чадсан­гүй. Замбараагүй байдал үүсээд хэнд нь ч адис өгөх аргагүй болоод хамгаалагч нар нь биднийг зайлуулсан. Харин япончууд хар аяндаа зохион байгуулалтад ороод эгнэн зогсож байгаад бүгд адис авч чадлаа” гэсэн байв.

Ердөө л энэ байдал бидний ямаршуухан хүмүүс вэ гэдгийг харуулаад өгч байгаа юм. Монголчууд энэ тохиолдолд “Хн би урьтаж дайрдаг байж. Тэгвэл адис авчихгүй юу” гэж л бодно. Хэзээ ч бид зохион байгуулалттай байж чадвал би ч адис аваад бусад маань ч адис авчих байсан юм гэж бодохгүй. Хэн нэгэн хэлж ярихгүй л бол бид зохион байгуулалтад орж сураагүй. Дур дураараа л зүтгэдэг улс. Үүнийг талын монголчуудын эрх чөлөөнд дуртай мэдрэмж, эрх чөлөөт хүмүүсийн төрөлх зан гэж нял нял хийх нь утгагүй. Харин биднийг зориудаар ийм байлгаж ирсэн, ингэж сургасан бодлогын хар гай юм.

Яагаад гэвэл Монгол Улс сүүлийн бараг гурван зуун жил гадны төртэй байж ирсэн. Эхний хоёр зуугаад жил Манжийн харьяанд дараагийн зуугаад жил Зөвлөлтийн дагуул улс байсан. Тэд монголчуудыг эвлэлдэн нэгдэх вий, эв гувиндаа орчих вий гэж үргэлж айж байсан байлгүй. Тийм ч учраас талаар нэг тархай бутархай байлгаж, үргэлж бие биенээс нь өрсөлдүүлж хэн түрүүлж ирсэнд нь нэг жоохон юм дусааж, хэн хоцорсныг нь хоосон хаяж байлаа. Бас нийгмийг зориудаар хага­лан бутаргаж ямар нэгэн байдлаар хоорондоо тэм­цэл­дэж л байхгүй бол санаа нь амардаггүй болгожээ. Харин орчин үеийн монгол­чууд өөр болохгүй бол, бусад үндэстнүүд шиг нийгэм­шихгүй бол болохоо байсныг амьдрал бидэнд өдөр болгон сануулсаар байна.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аав, ээж рүүгээ ярьсан уу

Саяхны нэгэн өдөр багын найзтайгаа уулзахад нэгэн болсон явдлыг надад ярьсан юм. Энэ бол хоёрхон минутад гар утас засварын газар болсон явдал л даа. Нэлээд ядруу байрын өвгөн орчин үеийн хотын хөгжилд тийм ч дасаагүй бололтой гар утасны худалдаа, засварын газар ороод эргэн тойрноо ажин хэсэг зогссоноо гар утас засдаг хүн хайж явсаар нэгэн залуугийн өмнө очиж “Миний хүү өвөөгийнхөө энэ гар утсыг үзээд өгөөч. Эвдэрчихсэн юм аа” хэмээн сарвайсан гэнэ.

Засварчин залуу бүх зүйлийг нь нэгд нэгэнгүй үзээд “Өвөө таны утсанд ямар ч эвдрэл байхгүй байна. Санаа зоволтгүй” хэмээн инээмсэглэхэд өвгөний царай барайж “Үнэхээр эвдрэл алга уу. Засаад өгвөл өвөө нь ч мөнгийг нь өгнө л дөө” хэмээн энгэрээ ухахад засварчин “Зүгээр утсыг юуг нь засуулах гээ вэ” хэмээн гар утсыг нь буцаан өгсөн байна. Гэвч өвгөн хүрэн бор царайгаа үрчийлгэн байж “Тэгвэл миний хүүхдүүд яагаад над руу ярихгүй байгаа юм болоо” хэмээн нулимстай нүдээ гараараа шудран гарч одсон тухай яриа байлаа.

Найзынхаа ярьж байгааг сонсож суусан би нэг сөхөө авах мэт болоод л хамгийн түрүүнд аав, ээж рүүгээ залган ярьсан юм. Хэчнээн цаг минут ч өнгөрснийг анзааралгүйяриад дуустал “Таны хэрэглээний төлбөр 77310 төгрөг болж гарах ярианы эрх хаагдлаа” хэмээн мессэж ирэв. Тэр хамаагүй, өчигдөр миний цалин буусан. Та ингэхэд аав, ээж рүүгээ утсаар ярьсан уу.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Жижиг голын загас өлсгөлөн

Ийм Япон зүйр үг байдаг аж. Эл зүйр үгийг уншаад, утгыг нь жаахан ухвал бидэнд ямар тохирсон үг вэ ч гэж бодогдохоор. Жагсаал, цуглаан, тэмцэл, ааш аяг гээд монголчууд сэтгэхүйн өлсгөлөнд нэрвэгдээд эхэллээ. Зүгээр нэг зүйр үг харчихаад хийрхээд байгаа юм биш л дээ. Сүүлийн үед гарч буй сэтгэл сэртхийлгэм хэрэг, ёс зүйн хэм хэмжээгээ алдсан үйлдлүүдийг бодох ахул энэ бүхэн улам тодрох юм. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг дээ. Өлсөх нь туйлдаа хүрэхээр өрөвч сэтгэл ч үгүй болдог юм байна. Өрөвч, нинжин сэтгэл үгүй аваас өр өвтгөсөн олон зүйлд хүн ухаанаа өгдөг. Өөрийн мэдэлгүй түүн рүү явчихдаг. Яавал өлсөхгүй байх вэ гэдэг гаргалгааг хайх бус өлсгөлөн рүү өөрсдөө гүйгээд байгаад л асуудлын гол байх шиг. Турхиралтын давалгаанд шидэгдсэн загас амь тавихгүйн тулд ямар ч ус руу ороход бэлэн байдаг. Нарийн хөгтэй хөгжмийн зэмсгийг бүдүүн модоор хийдэггүйтэй агаар нэгэн юм. Том голын загас ч гэсэн цагаа тулбал өлсгөлөнд нэрвэгдэнэ. Гэхдээ том голын загас амьд үлдэх тухайгаа том голынхоо хэмжээнд сэтгэдэг юм. Тийм болохоор жижиг голын тавилан тэр бүр тохиох нь ховор л доо. Нэг хэсэг нь зориудаар сэтгэхүйн өлсгөлөнг бий болгож, нөгөө хэсэг нь өгөөш шиг хүлээж авдаггүй баймаар байгаа юм. Эцэст нь хэлэхэд бидний сэтгэхүй жижиг байгаад л асуудлын зангилаа оршиж байна. Түүнээс биш бидний гол чинь уг нь том юм шүү дээ.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хэн хэндээ хүндэтгэлтэй хандъя

Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга Ч.Чимэдсүрэн дохиололтой машин унадаг юм байна. Түүний “унаж” явсан машиныгзамын цагдаа зогсоожээ. Ямар зөрчил гаргасан юм бүү мэд. Ямартай ч тэрээр машинаасаа бууж ирээд цагдаатай түлхэлцэн, хэрэлдэж байна.

Дарга нь ч пээдгэр юм, цагдаа нь ч омогтой юм. “Ийм машин уначихаад намайг дээрэлхэхгүй” шүү хэмээн том дуугарах цагдаагийн өөдөөс “Чи хэнтэй юу яриад байна” гэж чөлөөт бүсийн дарга “томорч” байгаа сонсдоно.

Ийм нэгэн бичлэг өчигдөр сошиал ертөнцөөр тарав. Хүмүүс янз бүрээр л сэтгэгдэл үлдээсэн байна.Дийлэнх нь цагдааг магтаж, маяактай машины даргыг зүхсэн байна.

Харин нэг хүн “Аль алинд нь бусдыг хүндэтгэх хүсэл алга байх шиг байна даа” хэмээн бичсэн нь үнэн санагдав. Тов тодорхой хууль, дүрэм байхад тэрдагуу тэд асуудлаа шийдээд хоёр биенээ хүндэтгэсэнгүй. Хэн хэндээ дийлдэхгүй давж гарах гэсэн монгол зангаасаа болоод хэрэлдээд салж байна. Энэ хоёрыг хэлэлтгүй монголчууд бид өөр хоорондоо ийм харилцаатай болчихжээ. Тиймээс хэрэлдсэн хоёрынхоо буруу, зөвийг шүүж цэцэрхэхээсээ илүү өөрөө өөрсдийгөө толинд харсан лугаа тусгаж авах хэрэгтэй юм болов уу.Олны дунд хазгай гишгэвэл сошиал ертөнцийн шившиг болгодог youtube хэмээх орчин үеийн “цагдаатай”болсныг марталгүй биеэ цэнэж, хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж сурцгаая.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“400 мянган төгрөгийн үнэтэй бухимдал”

Орцныхоо үүдээр орж явтал ард тар няр хийгээд явчихав. Эргээд хартал нэг хүүхэн жижгэвтэр суудлын машины цонхыг чулуугаар хайр найргүй балбаж харагдлаа. Хавь ойрд нь явж байгаа хүмүүс бүсгүй рүү харах хэдий ч хажуугаар нь юу ч болоогүй мэт зөрөөд өнгөрөх аж. Нөгөө хүүхэн “Чи ингээд уур хүргээд бай” хэмээн хашгичиж машины цонхыг хагалчихаад яваад өгөв. Намайг гэртээ ортол машины эзэн гарч ирээгүй юм. Магадгүй тэр цонхоороо энэ бүхнийг хараад зогсож байсан ч байж болох. Энэ явдлаас гурав хоногийн дараа тэр өдөр чухам юу болсныг олж мэдсэн. Нөхөр нь гэртээ хоноогүй аж. Гэтэл ажил дээр нь эхнэр нь ирээд зогсоолд байсан машиных нь шилийг хагалаад явсан нь тэр аж. Машины эзэн энэ явдалд огт бухимдаагүй гэсэн.Тэр машинаа нэг тойруулж харснаа “Манай эхнэр 400 мянган төгрөгөөр энэ удаа бухимдлаа тайлчихлаа. За яах вэ, 600 мянган төгрөгөөр уурлачихаагүй нь яамай” гэж хэлснийг дэргэд нь байсан хүн надад дамжуулсан юм. Эхлээд ухаан муутай хүүхэн мэт бодогдож байсан ч тэр бүсгүйн зоримог араншинг бахархмаар санагдсан. Нөхөр нь чухам яасан болоод тэр хүүхэн ийм алхам хийснийг мэдэхгүй шүү дээ.

Хайр, задгай мөнгө хээнцэрлэл, чимэг зүүлт биш. Магадгүй энэ тухай нөхөртөө сануулах гэсэн байх тэр бүсгүй. Хэн нэгнийг хайрласан бол эргүүлээд авч болдоггүй зүйл. Чи хүссэн бол тэр хайр ирж л таараа. Харин хариу нь муу сайн ямар үр дагавартай байх нь хамаагүй. Бас дэнгийн эрвээхэй шиг түүндээ оосорлуулаад чирэгдэж болно. Эсвэл хатан хаан шиг амьдарч болно. Энэ бол сугалаатай адил зүйл. Хайрлалцахадхэн нэг нь хариу нэхдэггүй гэдгийн үлгэр магадгүй дээрх хоёрын жишээ байж болох юм. Эд хөрөнгө бол олдоно. Харин тэр бүсгүйн “400 мянган төгрөгийн үнэтэй бухимдал” залууд түүнээс том ухаарлыг өгсөн байж болно. Хайраас хайр төрж тэр бүхэн бидний амь болон дэлбээлдэг утга ч энэ байж болох.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монголгүй

Сар шинийн баяраар золголт хийж яваа бололтой охин нялх тугал тэвэрсэн зурагныхаа дор “Айлд очсон чинь төрөөд нэгхэн хонож байгаа хөөрхөн ботго байна” гэсэн тайлбартайгаар facebook-тээ тавьсан нь сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцийн зугаа болов. Шооч нөхдүүд ишиг тэвэрсэн зургаа “хурга” гэсэн тайлбартайгаар, тэмээг “үхэр” хэмээн жиргэж өнөөх охиныг байх суух газаргүй болтол нь шоолцгоолоо. Биднийг багад аав минь “Мал зүсэлсэнгүй, тооллоо. Монголгүй монди. Зүсээр нь ялгаж сур” гэж загнадаг байж билээ. Зуны амралтаараа малын захад гурван сар болохдоо хоттойгоо зүслээд ялгах гэхээр зарим нь баараггүй адилхан харагдаад мөнчиг их загнуулдаг байсансан. Тэгэхээр төрснөөсөө хойш мал хуй хараагүй хүүхэд ботго, тугалаа ялгахгүй байх нь аргагүй. Хотын төвд, гадаадад амьдарч байгаа олон ийм хүүхэд бий. Хүн угаасаа л үзээгүй, сонсоогүйгээ мэдэхгүй байдаг шүү дээ. Үзэж харж, мэдэрч байж мэддэг, таньдаг болдог. Аав ээж, багш нь тэднийг монгол хүн учраас угаасаа л мэдэж байх ёстой гээд малын тухай “А” ч заадаггүй. Зааж, хэлж өгөөгүй атлаа “Монголгүй” гэж загнах, шоолох эрх томчуудад байхгүй. Даяаршсан нийгэмд монгол ахуйгаас хол өсч болно. Харин монгол ахуй, түүх, соёлыг нь ярьж хэлж өгдөг байх ёстойг дээрх жишээ харуулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголын байгаль сүйдсэн үү

Монголчууд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд манайд хамгийн их хөгжсөн, бас мөнгө босгосон салбар уул уурхай. Өнгөрсөн хугацаанд бий болсон банкнууд, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд уул уурхайгаас олсон ашигт тулгуурлан бий болсон. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд уул уурхайг үзэн ядах үзэл газар авч байна. Уул уурхайн салбар өө сэвгүй хөгжиж байна гэж хэн ч хэлэхгүй. Гэхдээ өнөөдрийн хүнд байдлаас гарах гарц уул уурхай. Гадны хөрөнгө оруулалтыг түлхсэн 108 лицензийн талбай нь манай улсын нэг багийн нутаг дэвсгэрийн хэмжээнээс илүүгүй гэнэ. Харин энэ 108 лиценз ашиглах эрх олгосноор долларын ханшийг богино хугацаанд буулгах боломжтой аж. Харамсалтай нь уул уурхайн ашиглалтыг эсэргүүцэгчид Монголын байгаль сүйдсэн тухай ухуулж ашиглалтыг зогсоож байна. Зарим нэг газар сүйдсэн байж болно. Гэхдээ тийм их хэмжээний биш гэж мэргэжилтнүүд үздэг.Тэгээд ч манайд нөхөн сэргээлт хийдэг мэргэжлийн байгууллагууд бий болж байна.

Х.БАТТӨГС

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Бурхны дугаар…

Хэн нэгэнд сэтгэлээ уудлах хэрэгцээ хүн бүрт байдаг. Ханиа сэтгэлээр унагахгүйн тулд ярьж болохгүй юм гэж бий. Найз нөхдөдөө зовлонгоо байнга тоочоод байж болохгүй. Тэгээд ч хүний зовлонг сонсох дуртай хүн гэж байхгүй. Жаргалтай үед найз нөхөд олон. Зовлонтой үед бурхнаас өөр хандах хүн олдохгүй ч байж мэднэ. Бурханд захидал бичих хаяг гэж байдаг бол мөн ч олон хүн стрессээ тайлах байсан даа гэж заримдаа боддог юм.

Мэдээж бурхан хүн бүрийг сонсч, хайрлаж байгаа. Бурхныг сэтгэлдээ ургуулаад, хамаг зовлонгоо ярьчихдаг хүнд бол мессеж бичих хэрэггүй ч байж магад. Харин хэн нэгэнд уурлаж бухимдсан үедээ унтажч чаддаггүй, бухимдлаа заавал бичиж ярьж, гаргаж байж тайвширдаг хүмүүст зориулсан үйлчилгээ “Бурханд мессеж бичих” арга байж мэднэ.

Гар утасны үйлчилгээ эрхлэгчид мэдээж хувь хүний яриа, мессежийн нууцыг хадгалах үүрэгтэй. Үүнийхээ хариуд тэд олон мессеж авах вий. Үйлчлүүлэгчид нь харин хэн нэгэнд сэтгэлээ уудлах боломж гарах нь нийгмийн бухимдлыг хугаслахад нэмэр хандив болж мэднэ.

Санта байдаг гэж итгэдэг хүүхдүүдийн өвлийн өвгөнд илгээсэн захидлыг хүлээж авдаг шуудангийн үйлчилгээ байдаг. Бүр “Зургийн аппараттай болмоор байна” гэж хүссэн танилын маань охинд АНУ-д байсан хаягаар нь шинэхэн аппарат ирсэн гээч. Сантад захидал бичээд хариуд нь бэлэг авах гайхамшигтай. Бурхан танд хариу ирүүлэхгүй ч хэн нэгэн таны захидлыг хүлээж авдаг бол. Шөнө, өдөр хэзээ ч хандахад бэлэн бол… Бурхан тусгай дугаартай бол томчууд харин баярлах болов уу?

Б.ЯНЖМАА