Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тооноороо дээж өргөдөггүй

Монголчууд цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө малгай өмсөх юм уу алчуур зүүж, гэрээсээ гарч сайн сайхан зүйлийг шившин шивнэн цацлаа өргөдөг. Орчин үед ихэнх айл орон сууцанд амьдардаг болсон. Харамсалтай нь орон сууцнынхаа цонхоор дээж өргөчихдөг хүн дэндүү олон байна. Ингэснээр доод давхрын айлын цонх тэр чигээрээ халтардчихна. Цонх угаах тийм ч амар ажил биш. Мөн хэн нэгэн байрны цонхон дор явж байвал эрхэм эмээ, ээж, эгч нарын золиос болж шалба норно. Байрны гадаа тавьсан машинууд цагаан халтар толботой болж дээж өргөгсдийн хийсэн хэргийг гэрчилнэ. Орон сууцны цонх бол монгол гэрийн тооно гэсэн үг. Хэзээ байтлаа монгол хүн тооноороо дээж өргөж байлаа.

Цай сүү өргөж байгаа хүн үргэлж буян бодож өргөдөг. Харамсалтай нь таны цонхоороо өргөсөн дээж заавал хохирогчтой болоод байна. Хүнийг хохироон байж буян үйлддэггүй юм. Цонхоороо дээж өргөж байгаа хүн бол бусдын эд хөрөнгөд халддаг хулгайч нараас нэг их ялгаагүй. Хулгайч нар машины толь, дугуй аваад явчихдаг, хохирогч мөнгө төлж дэлгүүрээс дахин худалдаж авдаг. Харин цонхоороо цайны дээж өргөдөг эрхэм та хэн нэгнийг машин угаалгын газарт мөнгө төлөхөд хүргэдэг. Хамгийн багадаа арав гаруй мянган төгрөг. Өдөр бүр ингээд байвал тэр хүн эдийн засгаараа хэр хохирох билээ. Цаг хугацаагаар яаж хохирохов. Тэгэхээр таны үйлдэл хэн нэгний түрийвчнээс хулгай хийснээс ялгаа алга. Дөнгөж угаалгасан машинаа дахин угаалгах болсон хүн уурлаж уцаарлаж, хамаг муу муухай үгийг л хэлнэ. Сүүний толбыг яаж ч угаалгасан халтардаж үлдээд машины будгийг муухай болгодог. Буян бодсон цацлаа цонхоороо өргөснөөс болж үр дүн нь нүгэл болж хувирах нь тэр. Нэмж хэлэхэд урьд цагт хар гэрт хоригдогсод хатавчаараа сүү өргөдөг байсан гэнэ лээ. Арга ядахдаа л тэр. Харин та буян бодсон бол цайны дээжээ гэрээсээ гарч өргөөрэй.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ноосон цамц

Саяхан эдийн засгийн форум болж өнгөрлөө. Энэ удаагийн уриа нь “Алсын хараа”. Өөрөөр хэлбэл жаахан ирээдүйг харсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх санал. Форум дээр Монгол Улсын анхны ба сүүлчийн Ерөнхийлөгч нар малаас олох түүхий эдээр Азийг байлдан дагуулах санал гаргав. Тэдний санаа өмнө нь оюутнуудаас гарч л байсан санал. Гэхдээ форум дээр, тэр тусмаа Ерөнхийлөгч нараас анх удаа л гарсан хэрэг юм. Монголчууд өнөөдөр 20 шахам мянган тонн хонины ноос жил бүр хураадаг. Түүнийгээ өмнөд хөрш рүү маш хямдхан гаргадаг. Хятадууд бидний гаргасан ноосноос хоёр тэрбум ам.долларын ашиг хялбархан олдог гэнэ. Монгол хонины арьсыг Туркууд 20 ам.доллараар авах хүсэлт ирүүлдэг ч манайхан өгдөггүй гэнэ. Гэтэл Австрид байгаа хүүхдүүддээ хонины ноосон оймс явуулсан монгол эх нэмж 50 ширхгийг явуулна. Тэнд үнэ хүрсэн хэрэг. Дээр нь ноосон цамц их хэмжээгээр авахыг сонирхсон хүн байгаа аж. Ноосоор барилгын дулаалгын хавтан, цэргийн хэрэглээний олон зүйл хийж болно. Сүүлийн үед зэвсэгт мөргөлдөөн, газар хөдлөлт болох нь ихэссэн. Энэ бүхэнд хамгийн их шаардлагатай зүйл нь ноосон бүтээгдэхүүн байдаг. Энэ нь бидний маш том зах зээл юм. Үүнийг 20 жил ярьж, 2-3 удаа форум зарлаж, Ерөнхийлөгч нар нь сануулах хэрэг байна уу.

Х.БАТТӨГС

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Түрийвчиндээ “гэрээ нүүлгэж авч явах” хэрэггүй

Нэг цагдаа хүүхнүүдийг ингэж “загнаж” билээ. “Гэрээ нүүлгээд авч явдаг” гэж тэр бүсгүйчүүдийг шүүмжилсэн юм л даа. Эмэгтэйчүүд, түрийвч эсвэл гар цүнхэндээ мөнгө, бичиг баримтаа, дээрээс нь ээмэг бөгж, гоёл чимэглэлээ, будаг шунхаа бүгдийг авч явах нь олонтаа. Гай таарч түрийвчээ эсвэл гар цүнхээ хулгайд алдвал юу болохыг бодохоос ч аймаар. Тийм ч учраас гай таарсан ч гайгүй өнгөрөхөөр бодож эрсдлээ саармагжуулах хэрэгтэй. Хэрвээ бичиг баримт, банкны картуудаа мөнгөнөөсөө тусад нь хадгалдаг бол түрийвчээ алдсан ч бичиг баримт хөөцөлдөх нүсэр ажлыг тойрч гарна. Энэтхэгчүүд их мөнгө авч явах үедээ нэг хэсгийг нь алдсан ч нөгөө хэсэг нь үлдэхээр бодож, мөнгөө хэдэн хэсэгт хувааж, биеийнхээ өөр өөр хэсэгт авч явдаг гэж сонссон юм байна. Орчин үед төлбөрийн элдэв картуудын тусламжтайгаар хүмүүс бэлэн мөнгө авч явах эрсдлээс зайлсхийх боломжтой.

Түрийвчнээс гадна хэний дэргэд юу ярихаа ч анзаарах учиртай гэнэ. Манайхан автобусанд явж байхдаа “Өнөөдөр цалин буугаад…” гэх юм уу ”Найз нь мөнгөө авчихаад явж байна” гэх мэтээр тоочиж, халаасны хулгайчийн бай болчихдог гэсэн шүү. Түүнээс гадна өөрийгөө хамгаалах чадваргүй балчир хүүхдэдээ үнэ цэнтэй утас, ээмэг зүүлт чимэг хэрэглүүлэх нь наанадаж нүдний хор шингэх, цаанадаж, гэмт хэргийн хохирогч болоход хүргэдгийг санахад илүүдэхгүй буй за.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Залуусын харц ба шүлс

Бээжингийн олимп болохоос жилийн өмнө БНХАУ-ын Засгийн газар нийслэлчүүддээ нус, шүлс, тамхины ишээ зөв хаях зэрэг соёлд сургахад 22 сая ам.доллар зарцуулжээ. Энэ хэр үр дүнтэй зарлага байсныг хэн ч тайлагнаагүй. Гэхдээ хятадуудыг өөрчлөгдсөн тухай олимпийн дараа дэлхийн хүчирхэг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан. Монголчууд 2040 онд Улаанбаатарт олимп зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсон. Үүнээс өмнө нэгэн том үйл явдал болно. Тэр нь 2016 онд болох “ACEM”-ын чуулган. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг хамарсан энэ чуулганаас хамаарч Улаанбаатарт олимп зохион байгуулах асуудал шийдэгдэнэ гэж нэгэн улстөрч хэлж байна. Магадгүй бага тойргийг хаах байх. XVII үеийн сүмдийн яргын шор шиг гудамны хайсыг солих байх. Чуулганы үеэр төрийн тэргүүнүүд манай залуусыг л харах хүсэлтэй байна гэдэгт итгэлтэй байна. Тэд залуусын харцаар ирээдүйг дүгнэж сурсан хүмүүс. Тиймээс өнөөдрөөс эхлээд зэрим залууст “Охид нь танихгүй хүн рүү бүү муухай хар, залуус нь хүн харж шүлсээ хаядгаа боль” гэдэг сургалт явуулмаар байна.

Х.БАТТӨГС

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бүсгүй хүнийг цэцгийн баглаагаар ч зоддоггүй юм

Ийм нэг бичлэгийг цахим ертөнцөөр олон хүн үзсээр байна. Өөр өөр орны 7-8 настай хөвгүүдэд Мартина гэх охиныг танилцуулна. Хөвгүүд Мартинагийн нүд, гар, үс нь гоё байна гэж өөрсдийнхөө бодлыг хэлж үс, биенд нь гараа хүргэж, хацрыг нь илээд зарим нь “Мартинагийн найз хөвгүүн болмоор байна” гээд ичингүйрнэ. Яг энэ агшинд бичлэгийг хийж буй хүн хөвгүүдэд хандан “Одоо Мартинаг алгад, чанга алгад” гэв. Хөвгүүд нүд нь орой дээрээ гартлаа гайхаж түрүүхэн инээмсэглэн ичингүйрч байсан харц нь хормын төдийд айдсаар солигдож “Яаж тэгж болох юм. Охидыг зодож болохгүй”, “Тэр хөөрхөн учраас би гар хүрч чадахгүй, тэглээ ч тэр чинь охин шүү дээ”, “Би хүчирхийлэлд дургүй”, “Цохих чинь муу шүү дээ. Яагаад гэж үү, би чинь эр хүн шүү дээ” гэсэн хариултыг эрсхэн хэлж байв. Тэдэн дундаас найман настай хүүгийн “Охидыг цохиж болохгүй, цэцгийн баглаагаар ч тэр…” гэсэн нь олон зүйлийг бодогдуулна.

Үүн шиг үнэн үг байхгүй. Энд тэнд муухай гэмт хэрэг мэр сэр гараад байгаагаас монгол аав, эрчүүлийг бүхэлдээ тийм болчихсон мэтээр хүлээж авах хүмүүс олширч байна. Гэтэл бодит амьдрал дээр өөр байдаг. Аавууд “Энэ турьхан амьтны чинь хаана нь гар хүрэх юм бэ. Ширүүхэн харах төдийд л усан нүдэлж бүлтэгнээд өрөвдөлтэй байдаг юм” гэж үглээд л өнгөрдөг шүү дээ. Найман настай хүүгийн хэлсэн “Бүсгүй хүнийг цэцгийн баглаагаар ч зоддоггүй юм” гэх үг бол энэ дэлхийн бүх эрчүүлийн хэлэх үг гэж итгэнэм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хаа сайгүй п…

Бидний багад хараал хэлэх нь бүү хэл ахмадын өмнүүр гарах, буруу харьцах зэрэгт эцэг, эхчүүд загнадаг байсан. Хараал хэлбэл нусаа сугартал алгадуулна. Одоо хэн нэг нь хүүхдийн нусыг сугартал алгадвал багагүй асуудал үүснэ. Гэхдээ хараал хэлэх нь алгадуулахаас хавьгүй муу зүйл гэдгийг настнууд маань хэнээр ч заалгахгүй ойлгоно. Нус сугарсан хохирогч өөр хэн нэгэнд ховловол үлдэгдэл нуснаасаа салахаас өөр шан үлдэхгүй. Гэтэл өнөөдөр п… гэдэг орос хараалыг хаа сайгүй сонсож байна. Автобусны жолоочоос эхлээд, орцны жижүүр, зоогийн газар, оюутны хотхон гээд хараал сонсохгүй газар алга. Манайд 1980-аад онд дэлгэрсэн энэ хараалын утгыг ойлгочихвол хэлэх хүн бараг устах болов уу гэж бодож байна. Гэвч утга тайлбарлах шаардлага алга. Харин хараал хэлж байгаа залууст хэлэх үг байна. Хараана гэдэг нь эр зориг ухааны илрэл биш. Зүгээр л хүмүүжилгүй хүний үйлдэл. Бүр нарийн яривал “Эцэг, эх маань намайг хүмүүжүүлжчадаагүй” гэсэн тунхаглал. Магадгүй та бүхнийг эцэг эх чинь тэнгэрээс харж байгаа бол тэднийг хилэгнүүлсэн үйлдэл. Багш нар, эцэг эхчүүд хүчээ нэгтгээд зүтгэвэл энэ ч нэг их давшгүй даваа биш л дээ.

Х.БАТТӨГС

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эхнэртэйгээ олон жил аз жаргалтай амьдрах арга

Эр нөхөр нь тусгай хүчинд алба хаадаг, эхнэр нь онгоцны үйлчлэгч(стюардесс)-ээр ажилладаг тийм нэгэн Америк хос ер хоногийн туршид Номхон далайн эзгүй арал дээр хоёулхнаа хэрхэн амьдарч буйг үзүүлсэн реалити-шоу хэдэн жилийн өмнө гарч билээ. Тэр хоёр соёлт ертөнцөд эргэн ирээд нэг их удалгүй салцгаасан гэх юм. Бие биедээ учиргүй их хайртай гэцгээж нилээн хэдэн жил нэг гэрт амьдарсан тэр хоёр ийм олон хоног өөр харьцах ертөнц үгүйгээр хамтдаа байж үзээгүй, нүүр тулаад удаан хугацаа өнгөрөөхөөр хэн нэгнийхээ бүх л дутагдлуудыг нэвт олж харсан юм байлгүй дээ, хөөрхийс.

Саяхан Оросын нэг хошин шогийн жүжигчин эхнэртэйгээ олон жил эвтэй найртай амьдарсан тухайгаа хүүрнэж байна. Сэтгүүлч “Та бүхний сувдан хуримын тань ойд баяр хүргэе. Яаж ийм олон жил эхнэртэйгээ эвтэй найртай амьдарсан нууцаасаа дэлгээч” хэмээн асуухад нөгөө нөхөр “Нууцсаад байх юм алга. Эхнэртэйгээ аль болохоор бага уулзах хэрэгтэй” гэж хариулдаг юм даа. Тэр яахав хошигнож л байгаа байх л даа. Гэхдээ аль ч шоглолд чимх үнэн бий гэдэг биз дээ. Олон хоног хөдөө гадаа тэнэж яваад ирэхэд эхнэр маань улам хайр татаж гарын хоол нь илүү амттай болчихсон юм шиг санагдаад байдаг нь түүний ч баталгаа юм уу даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нисч яваа шувуу шиг муугийн мөргүй амьдрах юм сан

Тэнгэрт нисэж байгаа шувуудыг харахад мөр огт харагдахгүй юм. Хий хоосон агаарт ямар юмных нь ч мөр үлдэх билээ. Газар дэлхийд харин хүний мөр үй олноороо хэлхэлдэн, хэрэлдэн, жим зам түмийг үүсгэсэн байнам. Хүний мөр үлдэхдээ сайн, муу янз бүрээр тодрон зурайх аж. “Түүхэнд л үлдэж байвал түймэр тавьсан ч яахав” гэсэн огтор бодолтой муу хүний үлдээсэн мөрийг хожим хойчийнхон нь жигшин муушааж байдаг. “Надаас хойш ертөнц сүйрсэн ч яамай” гэсэн бэртэгчин хааны нэрийг хүмүүс дурдахдаа элэг доогийн бай болгон эшилнэм. Энэ хорвоод амьдрах богинохон хугацаандаа сайн сайхны цэцэрлэгийг тарьж ургуулж л явах нь хүний эрхмээс эрхэм чанар байх учиртай мэт.

Хэн нэгийгээ гомдоож, шунал хүсэлдээ хөтлөгдөж, арван хар нүглийг үйлдвэл хожим хойч хэзээ нэгэн цагт мартахуйн харанхуй ангалд шидэж гэсгээдэг биз. Муу хүний үйлдсэн муухай бүхэн үеийн үед хараар дурсагдаж “яс нь өндөлздөг” гэх ухааныг монголчууд эртнээс үр хүүхдүүддээ сургамжлан захьж ирсэн. Сайн үйл хийсэн хүний нэрийг харин үргэлж сайн сайхнаар дурсаж, амьд ахуйнх нь сайхан чанарыг үе удамдаа өвлүүлэх гэж хичээдэг. Нисч яваа шувуу мэт муу муухайн хар мөргүй амьдрахад хүний амьдрал хэчнээн уудам, хэчнээн яруухан билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүний сайхан сэтгэл

Хубилай хааны элч нар хэлэлцээр хийхээр ирснийг тухайн үеийн япончууд үл ойшоож цаазалсан гэдэг. Таван элчийн нэг нь монгол бусад нь солонгос, хятад цэрэг байж л дээ. Хожим 1925 онд хүний нутагт цаазлагдсан элч нарыг өрөвдсөн Сүзүки Хаяатосу хэмээх япон лам цаазын газартай ойр байсан өөрийн сүмдээ тэдний сүнсийг аргадаж, хөшөө босгосон гэнэ. Японд амьдардаг найз маань энэхүү өр өвдөм түүхийг ярьж өгсөн юм. Тэр энэхүү хөшөөг зорин очиж, өрөвч ламд талархсан сэтгэлээ илэрхийлсэн гэнэ лээ. Жёоружи хэмээх уг сүм Токиогоос холгүй Канагава мужийн Фүжисава гэдэг хотод байдаг.

2004 оны есдүгээр сарын 7-ны өдөр Япон дахь Монголын Элчин сайд энэ сүмд очжээ. Түүнээс хойш жил бүр есдүгээр сарын 7-нд Элчин сайд ирж хүндэтгэл үзүүлдэг болсон гэсэн. Энэ түүхийг сонсоод сэтгэл өвдөж билээ. Харьд цаазлагдсан Монголын элч нарыг өрөвдөж, он цаг мянганаар урсан өнгөрсөн ч тэдний сүнсийг аргадсан хүний сайхан сэтгэлийг биширсэн юм. Өмнөх үеийнхэн нь алдаа гаргаж болно. Гашуун сургамж, мунхаг үйлдэл аль ч улс орны түүхэнд бий. Харин түүхийн хар цэгийг эерүүлж, цайруулж байдаг сайхан сэтгэлт хүмүүс энэ ертөнцийг аварч, зөөллөж байдаг гэлтэй. Сүзүки Хаяатосу шиг эгэл баатруудын хүчээр хорвоо эргэж байдаг юм.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үеийнхнээсээ илүү хөгжсөн хүүхдүүдэд тусгайлан сургах танхим нээе

МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн багш “Жил бүр элсэлтийн бүх шалгалтандаа авах ёстой дээд оноогоо авчихсан хоёр, гурван хүүхэд манай сургуульд элсдэг. Тийм хүүхдүүд их сургуульд авах мэдлэгээ аль хэдийнэ авчихсан, уншиж судлахаа судалчихсан байдаг. Тэдэнд юу зааж, яаж харьцахаа багш нар мэдэхээ больчихдог. Бид оюутнуудад нийтэд нь хичээл заах үүрэгтэй. Ганц, хоёр тийм хүүхэдтэй тусгайлан ажиллах боломж олдоггүй. Гэтэл нөгөө хүүхэд маань Монголын хамгийн том сургуульд орчихоод мэддэг зүйлээ сонсоод суухаар өөртөө сэтгэл ханачихдаг юм уу, эсвэл тоомжиргүй болчихдог юм уу. Төгсөхийн үед энгийн оюутнуудаас ялгарахааргүй болчихсон байдаг. Гадагшаа өөр сургуульд суръя гэхэд танилгүй бол боломж бараг байхгүй. Уг нь тийм авьяастай хүүхдүүдээ их сургуулийн түвшинд дээд зэргээр боловсруулж, ашиглавал улсын хөгжилд дэмтэй дээ” гэж ярилаа.

Дунд сургуульдаа өөрийгөө хөгжүүлж, өндөр мэдлэгтэй болсон ч мөнгө санхүүгээс шалтгаалж гадаадад сурах боломжгүй хүүхэд олон бий. Тэгэхээр их сургуульд тийм хүүхдүүдийг сургах танхимтай болж, оюутнуудаа өндөр шалгуураар элсүүлдэг болъё. Тэдэнд багшлах багшид ч шалгуур зааж, өндөр чадвартай боловсон хүчинг бэлтгэхэд төрөөс дэмжье. Жирийн оюутнуудаас тусад нь сургаж, өндөр хангамж эдэлснийх нь хариуд улсдаа ажиллах шаардлага тавьж, боломжоор нь хангамаар байна. Тэд улсын хөгжлийг хурдасгах хөдөлгүүр нь болно.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР