Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хов их ярьдаг хүмүүс ухаалаг хэсэгтээ ашиглагдаж байдаг DNN.mn

Хов их ярьж байгаа хүмүүсийн ихэнх нь өөрийгөө ховлож байгаагаа мэддэггүй. Үүнийг Дюмагийн зохиолуудаас мэдэрч болно. Хүнийг их шүүмжилдэг, хов их ярьдаг хүмүүс ухаалаг хүмүүст айхавтар ашиглагдаж ирсэн нь хүний түүх. Ухаалаг хэсэг тэдний юу ярихыг мэддэг, тэрийг нь яаж ашиглахаа бас мэддэг. Үүнийг нь өнөөх хов ярих, бусдыг муулах дуртай хэсгийнхэн огт мэдэрдэггүй. Энэ дотор ус, тосны ялгарал явагддаг. Тэднийг улс төрийн шинжлэх ухаанд “дамжуулагчид” гэж албан ёсоор томьёолдог. Бас “миний өмнөөс ажил хийж өгдөг хүмүүс” гэж ч том улстөрчид үздэг. Иймэрхүү хов ярих, бусдыг хэлэлцдэг хүмүүсийг бусдын гар хөл бологсод гэж ойлгох ёстой юм байна.

Энэ бүх зан чанар Монголд нийтлэг байгаа учраас өнөөдрийн Монголын нийгэм, монголчуудын хандлага буруу, ажил амьдрал нь стресс ихтэй байна. Яахав дээ, ярьж хөөрөх, хэн нэгнийг буруутгах үе бид бүгдэд бий. Гэхдээ ярихынхаа өмнө бодох, яасан гэж би тэр хүний тухай ярьж байгаа билээ гэж зогсолт хийх, тэвчээд үгээ залгих. Яагаад гэвэл та өөрөө зүв зүгээр байгаагүй, тэр хүний талаар хаа нэг газар ярьсан. Хариу реакци танд ирж байгаа нь тэр. Тэгэхээр зүгээр л хаана, юуг, хэнд ярихаа мэдэж явцгаа. Хов хэдүй мэдээлэл солилцох үүргийн нэг хэсэг мөн боловч шал дэмий, огт утга учиргүй нэгнийг муулах бус үг сонсох, үйлдлийг нь урьдчилж мэдрэх, цаашид үр дагавар нь ямар байхыг тооцох мэтээр хов ярьж, бусдын талаар дүгнэж байх нь танд ашигтай. Тэрнээс бусдын хатгаасанд орж, өөрт гэмгүй нэгнээ муучилж өөрийгөө хорлох хэрэг юу байгаа юм. Энэ талаар олон хүн, олон ч удаа ярьдаг, бичдэг, энэ удаад ч бас үргэлжлүүлье. Хов ярьцгааж өөрсдийгөө ховлох хэрэггүй дээ. Хов ярьж байгаа чинь хэн нэгэнд ашиглагдаж байгаа үйлдэл шүү дээ…

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс! DNN.mn

Монгол Улс төв Азийн цээжнээ оршин тогтнодог Ардчилсан орон. Энэ улсын эзэд нь дэлхийд хаа ч байхгүй цор ганц үндэстэн хэмээн өөрсдийгөө огшоодог. Хөх толботой, хүдэр чийрэг, мянганы суут хүмүүн Чингис хааны үр сад, нүүдэлчин ард түмэн гэж. Орчин цагт бүх зүйл баримтад тулгуурлаж, үнэлэгддэг болсон. Тиймээс шинжлэх ухаанчаар дээрх асуудалд хандаж, шүтэн биширч, хүндэтгэх нь зүйтэй байх.

Гэтэл Чингис хааныгаа хэдэн онд төрснийг ч мэддэггүй монгол хүн цөөнгүй. Тэр ч нэг хэрэг. Нөгөөтэйгүүр монголчууд хаа явсан газартаа нэгнийгээ хэмлэж, нохойд барьдаг мод шиг л биесээ өшиглөх юм. Ийм цөөхүүлээ атлаа дэлхийн аль ч үндэстэнд баймааргүй хагаралтай, нэгнийхээ дээр гарах гэсэн зантай, атаархуу, “би” гэсэн үзэлтэй иргэдтэй улс Монголоос өөр байхгүй л болов уу. Бензин, түлш ховордох нь ээ гэхэд л маргааш нь үнээ нэмчихдэг. Яг ч ховордоогүй байхад шүү дээ.

Дэлхий сөнөлөө гэх шар мэдээний сургаар лаа, шүдэнз цуглуулж, зах, дэлгүүрээ нураачих шахдаг. Танил талаа хүн гэж ойлгодог. Танихгүй хүнийг “золбин” мэт үздэг. Ийм аминчхан нийгмийн хүртээмжгүй. Хүнийг хуурч, хүнд өгсөн бараанаасаа хэдэн төгрөг олсныгоо ашиг гэж итгэдэг. Ийм зах зээл, эдийн засгийн мэдлэггүй. Эх орныхоо төлөө гэх үзэл санаагаа зөвхөн уран сайхны кинонд л дүрсжүүлдэг. Үүнийгээ амжилт гэж бахархдаг. Жинхэнэ эх орончдыгоо, амьдралынхаа төлөө тэмцэн үг, үзэл бодлоо илэрхийлж байгаа нэгнээ галзуу гэж гоочилдог.

Энэхүү өнгөцхөн, өнгө мөнгөний хандлагатай. Ийм оюун санааны мунхаглалаас бид салаагүй цагт улс орны хөгжлийг томьёолоод, тодорхойлоод ч хэрэггүй. Хүнийг хайрлаж, хүнтэй хүн ёсоор харилцаж, хүнлэг хандлагатай болж байж л бусад хөгжингүй орнуудын түвшинд улс нь ч тэр, нийгэм нь ч тэр дөхөж очих боломжтой. Гэвч бид нэгэндээ дэндүү хайргүй хүмүүс юм…

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Геродот ТҮҮХ” DNN.mn

Дэлхийн түүхийн эцэг эртний Грекийн түүхч, түүхийн эцэг гэж алдаршсан Геродот мэө480-490 оны хоорондоос мэө425 оны орчим хүртэл аж төрж байжээ. Түүнийг анхны газар зүйч, аялан судлагчдын нэг гэж үздэг.Түүний “Түүх” гэдэг есөн дэвтэр бүтээл байдаг.Дан түүх биш газар зүй, аялан судлагчдын зүгээс хийсэн бүтээл болой. Геродот тухайн үеийнхээ л бүх мэддэг улсаар зорчиж байсан буюу Перс, Вавилон, Египет, Итали, Грек, Бага Азийн орнууд,Газрын дундад орны ихэнх арал, Хар тэнгис, Крым зэрэг газраар явжээ.Тэрбээр түүхэн домог, үлгэр, гэрчүүдийн аман яриа зэргээс энэ номыг бүтээсэн тул маш үнэ цэнэтэй бүтээл гэж үздэг.Тэр томоохон худалдаачны хүү учир эдийн засгийн боломжтой байсан нь энэ аялалд нөлөөлжээ.Тухайн үед дэлхийн хүн ам олон төрөл байсан ч нэг зан заншил түгээмэл байсан нь сонин. Тэр нь андгай л өргөсөн бол түүнээ хатуу чандаар сахин мөрддөг байжээ. Тэгэхлээр тэр үеийн хүмүүсийн яриа худал байх учиргүй юм. Худал байсан нь тухайн үеийн л хүмүүсийн нийтлэг ойлголт тийм байжээ л гэсэн үг аж. Уг номноос дан скиф үндэстэнтэй холбоотой хэсгүүдийг орчуулан Монгол Улсад 2009 онд хэвлэжээ. Номыг Б. Галаарид орчуулсан бөгөөд “Цадиг” хэвлэлийн газар хэвлэн гаргасан. Яагаад скифүүдтэй холбоотойг орчуулсан юм бэ гэвэл скиф гэдэг нь монголчуудын өвөг дээдэс юм гэж үздэгтэй холбоотой. Ямар ч байсан энэ скиф нь нүүдэлчид байсан гэдэг нь баталгаатай аж.Тэгээд уншиж үзэхэд манайхны тухай бичсэн гадаадын сурвалжуудтай адилхан ч юм уу төстөй байх нь үнэн байна. “Скиф ардууд ямагт хамгийн эртнийх гэгддэг байсан” гэж гэрэгийн (Грек) түүхч Юстин бичжээ. “Эдүгээгээс 30 зууны өмнө цэцэглэж явсан Шүмэрүүд монгол толботой байсан, мөн мэө500 зууны чанадад европыг донсолгож явсан скифүүд ч монгол ёс заншлаа хадгалсаар байжээ” гэж эрдэмтэн зохиолч Л.Түдэв зохиол бүтээлдээ тэмдэглэж байжээ.Скифүүдийн тухай уг түүхэнд тэд эхнэр сонгож авдаг ч эмэгтэйчүүдтэй нийтээрээ амьдарна. Мөн эр нь хэн нэгэнтэй ойртохыг хүсвэл өөрийнхөө саадгийг эмэгтэйнхээ гэр дээр тавиад тухтайхан хурьцдаг. Тэдэнд ямар ч хязгаарлалт тавьдаггүй.Өндөр насанд хүрэхэд түүнийг хамаатан садан нь цуглаад өтөл настныг өргөл болгон алж, махыг нь тайлгын бусад амьтантай цуг иддэг. Ингэж төгсөх нь тэдний хувьд эрхэм зүйл байдаг. Хэрэв өтөл настан өвчтэй бол ингэдэггүй, газарт тавьдаг. Өргөл болоогүйд нь ихэд хувьгүй явдал боллоо гэж харамсдаг. Тариа тарьдаггүй, мал маллаж амьдардаг, бас загас барьж иддэг. Тэдний шүтдэг ганц бурхан нь нар. Ийм хурдан бурханд хамгийн хурдан амьтанаар тахил өргөх ёстой гэж үзэн мориор тахил өргөдөг. Хэрэв тэд хүсээгүй л бол хэн ч тэдний нутгаас буцаж ирдэггүй. Бүгд хиар цохиулаад дуусдаг. Тэд орон хот барьдаггүй, хөсөг тэргэн дээр оромжоо барин нүүдэллэн явдаг. Халдсан цэрэг хэзээ ч тэднийг олдоггүй. Тэд бүгд морин цэрэг байдаг бөгөөд хүн бүр харваач байдаг. Төмөр байдаггүй учир алт зэсээр бүх юмаа хийдэг.

Алт бол тэнд хог шороо шиг элбэг. Гүүний сүү саадаг, сүүний өнгөн хэсэг үнэтэй үлдэгдэл нь нэг их үнэ үгүй гэх мэтчилэн. Грекл баатар морио алдаад хайж яваад могой биетэй үзэсгэлэнт эмэгтэйтэй учирсан. Тэр эмэгтэй өөртэй нь ханилбал морь хаа байгааг хэлнэ гэдэг. Эмэгтэй эрхтэнээсээ доош могой биетэй ажуу. Грекл баатар гурван хүүтэй болоод морио аван буцдаг, могой хүүхэн хүүхдүүдээ яах вэ гэж түүнээс асууна. Баатар миний нумыг татаж чадсан хүүд нутгаа эзэмшүүл, бусдыг нь хөөж явуул гэж захидаг. Бага хүү нь эрийн цээнд хүрээд нутгаа хамгаалан суусан гэж скифүүдийн домогт өөрсдийн уг гарвалын тухай өгүүлдэг. Номын тухай товч өгүүлэхэд ийм ажгуу. Та бүхэн уншиж өвөг дээдсийнхээ тухай дэлгэрүүлэн сонирхоорой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сүүнээс болж зодолддог “соц” үе ба чөлөөт зах зээл DNN.mn

Олон нийтийн сүлжээгээр “соц” үеийн нэг мэдээ нэлээн явж байгаа харагдсан. Тэр нь сүүтэй холбоотой. Одоо уншихад ч яахав инээдтэй, хөгийн харагдаж байгаа юм. Гэтэл тухайн үед бол яалт ч үгүй болж байсан үйл явдал. Тухайн багц мэдээ нь гурван хэсэгтэй. “Сүүнээс болж зодолджээ”, “Манаачаас болоод…”, “Ашиг багатай бараа” гэсэн гарчигтай жижиг мэдээнүүд л дээ. Эхнийх дээр 27 дугаар дэлгүүрт сүү нь ирчихээд байхад худалдагч нь ирэхгүй байснаас болж тэр хавьдаа олныг хамарсан зодоон болсон тухай. Дараагийнх нь 13 дугаар дэлгүүрт сүү хүргэхээр машин ирсэн боловч манаач нь байхгүйгээс болоод буцаад явчихсан тухай. Сүүлийнх нь сүүнээс ашиг маш бага буюу 30-50 мөнгөний л ашигтай байдаг учраас худалдагч нар нь дургүй байдаг гэсэн агуулгатай.

Эдгээрээс монголчууд нийтлэгээрээ ажлын хариуцлага гээч зүйл огт байдаггүйг харж болно. Гэхдээ хамгийн гол нь зарим хүмүүсийн магтан дуулаад байдаг “соц” үе бол жинхэнэ хөгийн цаг хугацаа байсныг бэлээхэн харуулж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь ховор, тэр чигээрээ оросоос хамааралтай. Орос бараа л хорвоод хосгүй чанартай гэсэн ганц ойлголттой. Бусад бараа бүтээгдэхүүнийг харьцуулж сонголт хийхийн эцэсгүй ганц л сонголт монголчуудын өмнө байсан. Үнэндээ орос бараа гэгч нь ямар байсныг хэлүүлэх юун. Элдэв түүхээс харж байхад тухайн үед оросуудын манайхтай хийдэг худалдаа нь гэж хөгийн л юм байсан харагддаг. Монголоос авч болох бүхнийг туйлын хямдаар авах мөртлөө эргээд бидэнд муухан бараагаа асар үнэтэй зардаг. “Дугуй булант” цай гэхэд л хаягдал шахуу иш энэ тэрхэнийг нь нийлүүлж шахаад Монгол руу нийлүүлэх жишээтэй. Жилдээ бараг ганц удаа шахуу шинэ жилийн хавьцаа л алим, жүрж амсана. Авах гэж дэлгүүрт ёстой л “алаан” болно. “45-н” нэртэй гутал авах гэж их дэлгүүрийн хамаг шатыг дүүргэсэн их дараалал үүснэ. Ингээд явбал монголчууд үнэхээр хөөрхийлөлтэй амьдарч байсан юм шүү дээ.

Уг нь бол хэдүүлээ чөлөөт зах зээлийн буянаар өнгөрсөн бүх цаг үеийнхээ туршид хэрэглэж байгаагүй чанартай гэсэн болгоныг өөрсдийнхөө сонголтоор авч байна. Энэ бүхэн үнэндээ чөлөөт эдийн засаг, зах зээлийн нийгмийн л ач өгөөж шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Хоолны газарт бичсэн зурвасхан тэмдэглэл DNN.mn

Их сургуулийн ойролцоох хоолны газар хүн ихтэй, голдуу залуучууд оюутнууд бололтой охид хөвгүүдээр дүүрэн байлаа. Хоолны танхимын баруун хойно оюутан бололтой залуу бүсгүй ахтайгаа хоол иднэ. Нөгөө “их хоол л гоё” гэдэг оюутны шог яриа шиг хоёул нижгээд таваг цуйван өмнөө тавьж том тавгаар нэг тахианы мөчтөй өтгөн улаан шөл оочилно. Зүгээр ч нэг шөл уугаагүй харваас илт оюутан охин шөлөндөө прожки дүрэн идэх аж.

Охин хоол идэнгээ байсхийгээд л ах руугаа харан ямар нэг юм шаардах нь нүднээ илт. Ах нь ч ойлгоод байгаа бололтой хоолоо орхин хажуугийн сандал дээр эвхэж тавьсан пэндийсэн зузаан хар куртикныхаа халаасыг ухан хорин мянган төгрөг гарган ирж “ээж өгүүлсэн юм” гээд өгөв. Охин түүнийг голонгуй авч ах руугаа дахин шаардаж эхэллээ. Ингэх зуурт шөлөө ховх сорон тавгийг нь харамсалтай нүдээр харан цааш түлхэж овоолгоостой цуйвангаа өмнөө дөхүүлэв. Бодвол тавгийг нь “долоох юмсаан” гэж бодсон биз. Охин “Энэ хүйтэнд аав ээжийг гадаа гаргаад л малын аргал хоргол арилгуулаад байгаа юм биш биз дээ, Алтаа эгч та хоёр” гэж ах руугаа загнаж сурсан шинжтэй аашлахаа мартсангүй. Ах нь “За яалаа гэж, яалаа гэж туслах малчин залчин гээд л зөндөө хүмүүс байна зүгээр, ах нь мөнгө муутай яваа, нэмээд энэ хорин мянгыг л илүүчилж чадна. Саяны зарсан махны мөнгөөр малдаа тэжээл авахгүй бол энэ өвөл их хүйтэрч байна. Бас гурил будаа гээд ямар айхтар үнэд ороо вэ. Ёстой илүү юм өгч чадахгүй нь. Дараа сард ирэхдээ ахиухан мах зарна, тэгэхдээ л дүүдээ ёстой цулайтал өгнө” гэж аргадлаа. Дүү охин мөн л дурамжхан авсан ч “түрүүнийхтэй нийлээд дөчин мянга” гэж хэлэн инээмхийлэв. Ах нь гэнэт нэг юм санасан бололтой “Өө тийм, таг мартах нь” гэж дуу алдан нөгөө том хар куртикныхаа өврийн халааснаас тэвхийсэн боодолтой цагаан цаас гарган ирж дүү рүүгээ сарвайв. Дүү охин нь гайхсан бололтой нөгөөхийг авснаа гэнэт дуу алдан цовхорч “Ах аа” хэмээн эрхлэн нялхрав. Тэр цаасыг хараад баярлаж байгаа гэж юү гэхэв.

Уг боодолтой цаас бол хөдөө гэрийнхнийх нь цуглуулсан нөат-ын баримт ажээ. Ах нь ч зурагтын сугалаанд мотоцикл хожчихсон мэт маадгар царай гарган тэрүүхэндээ ханхалзан “Алтаа эгч чинь л энэ нөат-ыг Жижгээд аваачаад өгчих. Буцаалт нь хаа юм гээд байсан” гэж хэлээд дүүгээ өхөөрдөн харлаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

СОНИНЫ АРЫН НҮҮР: Витамин “С”-ийн талаарх таван баримт DNN.mn

Хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсч байгаа үед витамин “С” хүний биед чухал үүрэгтэй ажээ. Тиймээс та бүхэнд витамин “С”-ийн талаарх таван баримтыг хүргэж байна.

1.Хоол хүнсэнд агуулагдах витамин “С”-ийн хэмжээ удаан хугацаанд чанаж, эсвэл хадгалахад буурч болох тул жимс, хүнсний ногоогоо хэрэглэхийн өмнөхөн хэрчиж байгаарай.

2.Хэрэв та тамхи татдаг эсвэл тамхины утаагаар хорддог бол таны бие махбодод илүү их С аминдэм шаардлагатай байдаг. Өдөр тутмын хоол хүнсэндээ 35 мг нэмж оруулах хэрэгтэй.

3.Нэгээс доош насны нярай хүүхдэд витамин “С”-ийн хоногийн тунг эхийн сүү, эсвэл сүүн тэжээлээр дамжуулан авах ёстой. Тэдэнд үнээний болон бусад сүү өгөх нь зохисгүй. Учир нь тэдний эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг ба С аминдэм хангалттай байдаггүй.

4.Витамин “С”-ийн бэлдмэлийг байнга уух нь ханиад хүрэх магадлалыг бууруулдаг гэж олон хүн боддог боловч хоол хүнсний нэмэлт тэжээлүүд (ODS) -ийн мэдээлснээр өвчний үргэлжлэх хугацаа болон нийтлэг хүмүүсийн шинж тэмдгийг бууруулдаг. Ханиад эхэлсний дараа уухад витамин С нь цаг хугацаа, шинж тэмдгүүдэд нөлөөлдөггүй.

5.Витамин “С”-г өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөгтэй адил өдөр тутмын хэрэглээний дээд хэмжээ бас байдаг. Жишээлбэл, гурав хүртэлх насны хүүхэд өдөрт 400 мг, өсвөр насныхан 1800 мг, насанд хүрсэн хүн 2000 мг-аас хэтрэхгүй байх ёстой гэнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

СОНИНЫ АРЫН НҮҮР: Залилуулахаасаа өмнө “би байсан бол…” гэж бодож үзээрэй! DNN.mn

Байрны хижээл насны ах “Миний дүү сайн байна уу, ах нь чамаас нэг зүйл асууя” гэлээ. Тэрээр “Ахад нь мөнгөний хэрэг гараад. Фэйсбүүкээр хүүгүй, барьцаагүй зээл олгоно гэсэн зарын дагуу хандсан. Улмаар надаас регистр, овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг авсан. Удалгүй таны нэр дээрх дансанд 450 мянган төгрөг байна. Бид танд 10 сая төгрөгийн зээл гаргах боломжтой. Гэхдээ эхлээд урьдчилгаа 450 мянган төгрөг шилжүүлэх ёстой. Урьдчилгаа чинь баталгаажчихвал бид 10 минутын дотор танд 10 сая төгрөг шилжүүлчихнэ гэсэн. Ах нь урьдчилгааг нь хийчихвэл надад 10 сая төгрөг өгөх болов уу” гэж байна. Би болохгүй шүү, таныг залилж байна гэдгийг онцгой анхааруулж хэлсэн.

Гэхдээ мань ах аль хэдийнэ залилуулчихаж. Дансан дахь үлдэгдлийг нь төвөггүй хэлж байна гэдэг банкны нэвтрэх нууц үгээ алдчихсан гэсэн үг. Улмаар дансан дахь 450 мянган төгрөг нь ч өөр данс руу шилжчихсэн байлаа. Энэ мэт залилуулж, эд хөрөнгөөрөө хохирч байгаа иргэд цөөнгүй байна. Тиймээс сошиалаар явж буй барьцаагүй, хурдан шуурхай зээл олгоно гэсэн агуулгатай мэдээлэлд битгий итгээрэй. Нөгөөтэйгүүр та 10 сая төгрөг танихгүй хүнд ямар ч барьцаа, баталгаагүй зээлэх үү гэдгээ бодож үзэх хэрэгтэй.

Огт танихгүй хүнтэй утсаар яриад л 10 сая төгрөгийн зээл битгий хэл 10 мянган төгрөг ч өгөхгүй шүү дээ. Тиймээс залилуулахаасаа өмнө эхлээд би байсан бол ийм нөхцөлөөр хүнд мөнгө зээлэх байсан уу. Би байсан бол…” гэж бодож үзээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn

Хааяа нутгаа нэг их санаад явж хүрэх юм. Хан уул минь хөхрөн хөндөлсөж үүл уул нь үл ялгагдан тэнгэр сансарт хүйлэн цэнхэртсээр угтах нь хэвээрээ. Гэвч “Үнсээд угтах ээж минь үгүй ч” гэдэг дууны үг санагдах нь олонтой байх тул заримдаа гунигтай. Эцгийн гэрийн буйран дээр сууж тэднийхээ амьдарч явсан цагийн тухай гэгээн дурсамжид хөтлөгдөн суухуйд ямар нэг юм дутуу байгаа шиг санагдаж сэтгэл гэгэлзэх авай. Хөгшидийн гэрт орохгүй гадуур салхилж давхиад байгаа шиг санагдаад, гэмшил төрөөд ч байх шиг.

Хорхойд хоргүй хоёр хөгшин минь хөгжилтэй бөгөөд ямар цагаахан амьдарч байгаа вэ гэсэн бодол сэтгэл бүлээсгэн цаг хугацааны цагаан манан дундаас тэд маань нэг сөхөгдөж, нэг далдран харагдахуйд аньсага чийгтэм. Хөгшин болсон аав минь дээд булаг руу усанд явдаг сан. Усны тэргэнд усны бидон даруулж уяад л шанага бүсэндээ хавчуулчихсан их догь.

Өдөрт өөртөө гаргасан ажил нь тэр л дээ. Тэрнээс усгүй болчихоод үхэх хатахдаа тулчихаад усанд гүйгээд байгаа юм бол биш. Хүүхдүүд нь тойроод амьдарч байгаа, трактор тэрэгтэй, унаа малтай хэрнээ юу гэж тэр ная гарч байгаа өвгөнөөр ус зөөлгөөд байхав дээ. Эмгэн нь арай л тахил өргөх нь халаг гаргаж өгнө.

“Бамбарт амраарай, зоорины дэнж өгсөөд намайгхүлээж байгаарай. Чи даахгүй” гэх зэргээр. Өөрөө бол том хүч юм шиг байгаа юм. Өвгөн замдаа үдлээд амраад хамрын тамхи юмаа татсан шиг хүн амьтан тааралдвал хуучилсан шиг явсаар нар гудайх үед нөгөө зоорины дэнж өөд нь мацаж эхэлнэ. Холоос харахад бөөдийсөн хөгшин усаа түрээд зүтгэж байхад өөдөөс нь бас нэг бөөдийсөн юм очоод хоёул нийлэн зүтгэсээр гэртээ ирнэ. Сэтгэлийн гэгээн дурсамж дунд яагаад ч юм нөгөө хоёр минь усаа зөөгөөд л яваа юм шиг санагдаж нутаг руугаа явмаар бодогдон яаран яарсаар цэнхэр уулсынхаа зүг хүлгийн жолоо залмаар санагдана.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Утааг У.Хүрэлсүх, түгжрэлийг Л.Оюун-Эрдэнэ… DNN.mn

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг улстөрчид нэг нэгээр нь барьж аваад шийдвэрлэхэд л болохоор гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр тийм үү гэвэл тийм. Жижиг гэлтгүй асуудлуудыг барьж аваад шийдвэрлэх боломж, эрх мэдэл тэдэнд бий. Гэвч дундаа хийж орхисоор он жилүүдийг үддэг. Бүр нийтийг хамарсан томоохон асуудлуудыг л шийдэх гэж хичээдэг, зүтгэдэг, тамираа бардаг.

Уг нь асуудлыг жижгээс эхлүүлж, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэж ярьдаг даа. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа нь энэ гээд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө олон жил зарцуулсан. Энэ ажлын дундаас хувьдаа завшсан нь ч олон. Ингэж явсаар сайжруулсан түлш үйлдвэрлээд л Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Ийм түлшийг аль эрт хийж болох л байсан. Бүх түүхий эд нь байсан шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнийг зорилт болгон дэвшүүлж, үр дүнд хүргэсэн. Яг үүн шиг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шийдвэрлэхээр амлаж аваад байгаа тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ.

Тэрээр “Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайдтай түгжрэлийн асуудлаар ярилцсан. Засгийн газар энэ асуудалд гол анхаарлаа хандуулна гэсэн. Ерөнхий сайд маань өөрөө ахалж ажиллана гэсэн. Энэ ажилд түгжрэл хариуцсан сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд баруун, зүүн талаас нь хүч нэмж ажиллана. У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулсан шиг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахад бүх хүчээ дайчилна. Гэхдээ гэнэт өргөс авсан юм шиг асуудлыг шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Жилд 35-40 мянган иргэн Улаанбаатар хотод шилжин ирж хотын төсвөөс авч байгаа. Цахилгаан, дулаан татах, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны барилгаас эхлээд бөөн зардал болдог. Тийм учраас Улаанбаатар хотод жилд ирж буй 35 мянган иргэнийг түр зогсоох асуудлыг УИХ дээр ярихаас өөр арга байхгүй. Бас жилд 80 мянгаар нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоогоо импортоор нь хязгаарлахаас өөр аргагүй” гэв. Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийн асуудалд хамаг анхаарлаа хандуулахаар төлөвлөж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Болгоомжлох хэрэггүй, 2024 оны сонгуулиар дахиад л гараад ирнэ DNN.mn

Парламентад үнэмлэхүй олонх болохын нэг давуу тал нь өөрсдийн хүслээр Үндсэн хуулиа засч, сайжруулах, өөрчлөх боломж бүрддэг. Тэр утгаараа өнөөгийн эрх баригч МАН хоёр ч Их хурлын сонгуулийн хугацаанд үнэмлэхүй олонхоор засаглаж байна. Тэд энэ хугацаанд буюу 2019 онд ҮХНӨ гэх албан тушаал, засаглалын эрх мэдлийг нааш, цааш болгосон өнгөцхөн өөрчлөлтийг хийлээ. Сүүлд буюу өнгөрсөн хаврын чуулган хаахаас өмнө ҮХНӨ-ийг дахин хийх талаар бүгд л хүчтэй ярьж, дуугарч байлаа. Улмаар 2019 онд орхигдсон өөрчлөлтүүдээ дахин хийнэ, тиймээс иргэдийнхээ саналыг сонс гэж улс даяар сүр дуулиантай гишүүдээ “хөөж” явуулсан. Ингэж шуугиан болгож, улсын төсвийг иргэдийн санал сонсох нэрийдлээр үргүй урсгасан. Ирээд хийсэн өөрчлөлт нь давхар дээлийг хязгааргүй болгосон. Үүнийг өөрчлөлт гэхгүй. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн “мэс ажилбар” л гэнэ. Засаглалын эрх мэдлийг төгөлдөржүүлье гээд байхад л улам гажуудуулсан. Нөгөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Парламентын дээд, доод хоёр танхимтай болох, Ерөнхийлөгчөө Их хурлаасаа томилох, Сонгуулийн тогтолцоогоо холимог буюу олон намын оролцоог хангасан байдлаар өөрчлөх, сонгодог парламентын системийг бүрдүүлэх зэрэг асуудал хийгдчихсэн үү, УИХ-ын гишүүд ээ. Давхар дээлийг хязгааргүй болгохын тулд л ҮХНӨ гэж иргэдээ хошгируулсан юм уу. Төсөв чинь 76 крантаар урсаад зарлага нь орлогоосоо хэд дахин давчихдаг учраас улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэнийг захын оюутан хүүхэд ч хэлнэ. Үүнийг больё, тогтолцоо буруу байна гээд Үндсэн хуулиндаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг яриагүй бил үү. Иргэд та нараас давхар дээлийг хязгааргүй болгочихоосой л гэж хүссэн юм уу. Үгүй байлгүй.

Харин сандал суудлаа бэхэлдэг эрх зүйн өөрчлөлтүүдээ түр хойш нь тавиасай, бодит өөрчлөлтийг хийгээсэй гэдгийг улс төр гадарладаг хэрсүү түмэн дотроо бодож л суугаа. Эрх баригчдад боломж, хүч хангалттай байна. Гол нь тэд сонгууль дөхчихсөн учраас ҮХНӨ-ийг хийхээс болгоомжилж байх шиг. Болгоомжлох хэрэггүй. Бодит болон зоригтой өөрчлөлтийг хийчихвэл 2024 оны сонгуулиар та нар дахиад л гараад ирнэ.