Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монголчууд төрдөө удирдуулж чаддаг ард түмэн

Хотын дарга энэ амралтын өдрүүдээр иргэдээ хөдөө гадаа явж хоёр хонохыг уриалсан мэдэгдэл гаргасан билээ. Хотын цэвэрлэх байгууламж эвдэрсэн учир түүнийг засварлах хэрэгтэй болсон. Тиймээс цэвэр бохир усны хязгаарлалт хийнэ. Бас бохирын ус шугамаар гүйлгэхгүй байгаасай гэсэндээ ингэж хэлсэн.

Энэ хоёр өдөр хотоос гарах замд түгжээ үүсэн цуварч иргэд хөдөөлөв. Зүүн зам Тэрэлж, Туулын хөвөө хүн багтах, машин тавих зайгүй байсан. Хойшоо зуслан хэдийгээр зам засвартай ч яг л баасан гаригийн орой ЛасВегас руу түгжээ үүсгэн цуврах ЛосАнжелесын зам мэт машин пиг дүүрэн байв. Баруун тийш арай сийрэг. Харин Дарханы зам Баянчандмань хүртэл битүү машин цувж байв. Хотын ард иргэд ингэж л даргынхаа захиасыг биелүүллээ. Зөвхөн захиасыг л биелүүлсэн хэрэг. Түүнээс тушаал шаардлага гэх мэт бол биш байсныг бид цөм мэднэ.

@Tsetsensaid гэдэг жиргээч “Монголын ард түмэн төрдөө удирдуулж чаддаг. Манай эрх баригчид ард түмнээ удирдах гэдгийг мэддэггүй. Шоудаж л чадна” гэж жиргэсэн байна лээ. Энэ үнэн үг юм. Үүний баталгаа нь саяын хоёр хоногийн үйл явдал бэлээхэн гэрчилнэ. Монголчууд эв нэгдэлтэй, сахилга баттай, зөв тийш залж байгаа удирдагчаа тойрон хүрээлдгээрээ дэлхийд гайхагддаг байсан нь зөвхөн түүхэнд үлдээгүй байна. Тэр их ард түмний удам судар, эрслэн босох хүч чадал байсаар л байна. Бид нэг зүгт харан шийдэж, түүнийгээ гүйцэлдүүлэхээр боссон бол юунд ч хүрч чаддагийг дэлхийн буурал түүх одоо ч мартаагүй. Бид харин зарим заримдаа үүнийгээ мартаад байх шиг санагдах юм.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эцэг, эхчүүд ээ хүүхдээ хэлд орохоос нь эхэлж тод, зөв ярьж сургаарай

Харахад тав, зургадугаар ангийн сурагч болов уу гэмээр хүү цэцэрлэгийн жаалуудаас ч долоон дор хэлээ хазалж, эрхэлж ярих нь эвгүй юм гээч. Тэр хүүгийн аав, ээж хоёрын хоорондоо ярьж байгааг сонсоход ямар ч асуудал алга. Тод, бас эмх цэгцтэй. Тэднээс хүүг нь хэдэн настай болохыг сонирхоод асуучихлаа. Гэтэл аав нь хүү рүүгээ хараад“Миний банди чинь хэдэн настай билээ” гээд яг хүүхэд шигээ зарим үсгийг нь хэлэхгүй зажлаад ярих нь тэр. Хүү өөдөөс нь “Алуун гулуу” гэжхариулав. Ер нь тэдний яриаг хөндлөнгийн хүн ойлгоход бэрх, аав, ээжийнх нь “орчуулга” шаардлагатай. Түүн шиг шулга хүүхэд сүүлийн үед ихэсч байгаа нь шууд эцэг, эхчүүдийн буруу болохыг эрдэмтэн, судлаачид онцолж байна лээ. Хүүхэд хэлд орохдоо ганц нэг хатуу үсгийг дуудаж чадахгүй байх нь энгийн үзэгдэл. Тэд аль болохоор дуудахад амар байгаа үсгээр орлуулан хэлдэг байна. Хүүхэд бүрэн хэлд орохоор аяндаа зүгширч, тод ярьж чаддаг ажээ. Гэтэл эцэг, эхчүүд тэднийг өхөөрдөж, дуурайн тультарч ярьснаас болж таны хүүхэд шулга, хэл муутай болдог байна. Энэ байдал тун богино хугацаанд буюу гуравхан долоо хоногийн дотор хүүхдэд зуршил болж тогтдог аж. Та ердөө сар хүрэхгүй хугацаанд бяцхан үрсээ эрхлүүлэн шулганаж ярьснаас болж хүүхдийнхээ хэл яриаг “эвддэг” байна шүү. Өнөөдөр та жаалуудаа өхөөрдөж ийн ярьж байгаа ч маргааш таны хүүхэд нийгэмд хүнтэй харилцаж чадахгүй, найз нөхдөдөө шоолуулахаас өгсүүлээд олон бэрхшээлтэй тулгарна. Үүнээс үүдэн хүүхэд өөртөө итгэх байдал алдарч, сул дорой нэгэн болоход нөлөөлдөг ажээ. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хэлд орж эхлэхээс нь дуудаж чадахгүй байгаа үсгийг нь засч зааж, өөрсдөө тод ярьж байхыг эрдэмтэд зөвлөлөө. Харин шулга хэллэг нь нэгэнт тогтчихсон том болсон хүүхдүүд уйгагүй авиа зүйн дасгал хийснээр зөв тод дуудлагатай болох боломжтой гэнэ лээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ясны сийрэгжилтээс зөвхөн сүү уугаад салахгүй

Дэлхийн хэмжээнд гэж яривал гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэг нь кальцийн дутагдлаас болж ясны сийрэгжилтэд нэрвэгддэг гэсэн статистик бий. Ясны сийрэгжилт эхэн үедээ илэрхий зовиургүй ч зүрх судас, хорт хавдар зэрэг олон өвчний шалтгаан болдгийг анагаах ухаан баталчихсан. Манайхан ясны сийрэгжилттэй гэсэн онош сонсонгуутаахүнсэндээ сүү, цагаан идээ түлхүү хэрэглээд эхэлдэг. Сүү цагаан идээнд кальци байдаг ч кальцийг ясанд шимэгдэж нэвтрэхэд чухал үүрэгтэй магнигаар ядмаг гэдгийг мартаж болохгүй. Бас нэг зүйл сануулахад тослог ихтэй сүүг тэр чигт нь уух сайн биш, шингэрүүлсэн юм уу, тослог багатай сүү уух хэрэгтэй. Сүүний тос ходоодны хананд наалдаж кальцитай урвалд орсноор усанд уусдаггүй саван үүсгэждотор эрхтнүүдийг гэмтээж эхэлдэг гэж эмч нар сануулдаг. Тэгэхээр сүүнээс кальц авъя гэвэл Д витамин хэрэглэх хэрэгтэй болж байна. Учир нь энэ витамин кальцийг нарийн гэдэснээс цусанд оруулж өгдөг гол элемент аж. Бас нарийн гэдэсний хананд наалдсан тосыг задалж гадагшлуулдаг тустай витамин юм байна. D витаминыг хамгийн амархан авах арга бол нар. D витаминыг зохистой хэмжээгээр авъя гэвэл өдөрт дор хаяж 15-20 минут бүтэн биеэ наранд шарах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хаанаас ч харчихаж болно. Сүү, хийжүүлсэн ундаа нийлэхээрээ ясны эсрэг хүчирхэг дайснууд болдог гэсэн сонсохоос аргагүй мэдээлэл бас бий. Хүний биед кальци, фосфорын харьцаа 5:1 байж эрүүл амьдрах боломжтой гэсэн тооцоо байдаг аж. Сүүнд кальци агуулагддаг бол хийжүүлсэн ундаа фосфор ихтэй. Хоёуланг нь адил хэмжээгээр хэрэглэвэл юун кальци авах манатай, харин ч фосфор кальцитай урвалд орж хүний биед шимэгддэггүй давс үүсгэдэг аюултай гэнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Халхын анхдугаар Богдын наадмыг халхын их аварга эхлүүлсэн нь

Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой өнөө жил тохиож байна. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 онд 360 жилийнх нь ой тохиож Өвөрхангайн Есөнзүйлд даншиг наадам болсон юм. Уг наадмын ерөн­хий найруулагчаар төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллажээ. Тэрээр Өндөр гэгээний нут­гийн хүн. Нутаг нугаа бодсон чиг уу, билэг авьяасыг нь биширсэн чиг үү, халхын анх­дугаар Богдынхоо ойг ёс төртэй эхлүүлэх өндөр хариуцлагыг өөртөө тохсон нь мэдээж. Тэгээд мань хүн бодож л дээ. Бодсоны эцэст толгойд нь Мөөеө аварга буусан байна.

Мөнхбат аваргад дэл сүүл нь намирсан наран хонгор азарга унуулаад, сүлд хийморийн бэлгэдэл цагаан туг бариулж наадмын талбайг нар зөв тойруулан орж ирэхээр боджээ. Тэр тухайгаа Мөөеө аваргад хэлсэн байна. Өнөөх нь ч зөвшөөрч. Ингээд дэл сүүл сайтай хул хонгор азарга бэлдэж, наадмын урьд орой сургуулилтаа хийгээд авчээ. Анхдугаар Богдынхоо ойг эхлүүлнэ гээд Мөөеө аварга хэнхгэр байсан нь дамжиггүй. Уяа морьдын сувдан хөлс суларчихсан, хүчит бөхчүүдийн торгон ир ханачихсан, Өндөр гэгээнийхээ ойг зорьж ирсэн газар газрын наадамчид нээл­тийн ёслол эхлэхийг хүлээж ядан байх цаг дор Мөөеө аваргыг мордуулчихаж.

Халхын их аварга цагаан туг намируулаад наран хонгор азаргатай наадамчин олноо нар зөв тойрохоор гуядтал хөгжмийн ая дан, хуран чуулсан түмний шуугианд болсон уу, өнөө азарга чинь гэнэт булгиад шидчихсэн байна. Олон түмэн орилолдоод, ерөнхий найруулагч Жанцанноров палхийгээд явчихна биз дээ. Тэгтэл 55 насны босго шүргэж байсан аварга хоёр хөл дээрээ босоо бууж, цулбуураасаа хүчтэй дугтарч татан дахиж мордоод уухайн түрлэгтэй ороод ирсэн гэдэг. “Аварга аваргаараа төрдөг юм билээ” гэж Жанцанноров гуай хуучилж байсан. Харин Мөөеө нь “Хөгшин намайг хөөргөн залуу азарган дээр мордуулаад алах шахсан” гэж Жанцанноровыг наадмын орой нэг сайн загнаад авсан дуулддаг юм.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Г.Эрдэнэбат: Эрүүгийн хуулийн төслийг Монгол Улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн нэг шат гэж харж байгаа

Эрүүгийн хуулийг УИХ-д өргөн бариад бай­гаа билээ. Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч, Эрүүгийн хуулийн төслийн ажлын хэсгийнахлагч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн төсөл өмнөх хуулиас хэр их өөрчлөгдөв?

-Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгыг Монгол Улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн нэг шат гэж харж байгаа. Бид огт байхгүй цоо шинэ, Эрүүгийн хууль, эрүү­гийн хариуцлагын тогтолцоог бий болгох гээгүй. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн өнгөрсөн 12 жил гаруйн хугацаанд үүссэн практик, хууль мөрдөх явцад учирсан хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг гол шалгуур болгосон. Хуульд шинэчилсэн найруулга хийсэн. Гэхдээ яг суурь үзэл баримтлалаасаа авахуулаад 2002 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд бага зэргийн нэмэлт, өөрчлөлт засвартайгаар явж байгаа юу гэвэл хараахан тийм биш. Үзэл баримтлалын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт орсон.

-Тухайлбал үзэл баримт­лалын хувьд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Юуг гэмт хэрэг гэж үзэх вэ гэдэг зүйл үзэл баримтлалын хувьд өөрчлөгдсөн.

-Энгийнээр хэлэх юм бол?

-Монгол Улсын Эрүүгийн хууль болон гэмт хэрэг гол төлөв материаллаг бүрэл­дэхүүнтэй. Ямар нэгэн үйлдэл хийгээдтүүний улмаасхор уршиг учирсан бол тэр үйлдэл нь гэмт хэрэг болдог. Тухайн хор уршиг нь хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй байвал гэмт хэрэгт тооцохгүй өөр журмаар шийдвэрлэдэг. Тухайлбал захиргааны журмаар шийдвэрлэдэг ч юм уу. Ийм тогтолцоотой манай улс явж ирсэн юм. Иймд гэмт хэргийн суурь шалгуурыг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн хүний хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэж гэмт хэрэгт тооцох бол энэ хуулиар ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ гэдгийг нь илүү нарийн зааж өгсөн. Эндээс эхлээд хуульд маш олон шинэ зүйл орсон гэсэн үг юм.Урьд нь бусдын эд зүйлийг хулгайлаад тэр нь бага бол хулгайн гэмт хэрэгт тооцдог. Замтээврийн осол гаргаад бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хүндэвтэр зэргээс дээш гэмтэл учруулсан байвалзамын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын гэмт хэрэгт тооцдог байсан. Одоо энэ хуулиар хүний эд хөрөнгийг хулгайлсан л болгэмт хэрэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн л бол гэмт хэрэг гэх мэтчилэнүзэл баримтлалын өөрчлөлтүүд орсон.

-Ийм ялимгүй зүйл хүртэл гэмт хэрэг болчихож байгаа хэрэг үү. Тэгвэл замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн хүн бүр хэрэгтэн болжолон жил хоригдох болох нь ээ?

-Ийм ялимгүй зүйлд ч тохирсонбага хэмжээний шийтгэл энэ хуулиар томьёологдож орж ирсэн.

-Гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ч заавал хорихгүй гэж ойлгож болох уу?

-Ийм төрлийн хэрэг үйлдсэн хүнийг долоо хоногоос эхлээд хийсэн хэргээс нь хамаарч хорино. Хэрэг нь хэр ноцтой байна түүнд нь тааруулж шүүх долоо хоногоос авахуулаад сар, жилээр нь ял оноох юм. Урьд нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодоход тэр хүнийг торгох эсвэл нэг сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байсан. Тэгвэл замын хөдөлгөөний аюулгүй байдалд харшлах жижиг зүйлээс авахуулаад Эрүүгийн хуулиар зохицуулж эхэлнэ.

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол зөрчил гээд торгууль оногдуулдаг?

-Иймд гэмт хэрэг гэж юу вэ. Зөрчил гэж юу вэ гэдгийг нарийн зааглаж томьёолох хэрэгтэй. Манай хууль зүйн практикт бас нэг ноцтой сул тал бол гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн давхардал хийдэл юм. Одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа 205 хуульд байгаа захиргааны зөрчлийн хэм хэмжээнүүдийн олон заалтууд хоорондоо давхарддаг. Нэг асуудлыг зөрчлөөр эсвэл гэмт хэргээр тооцож шийдэж болохоор хуульдаа давхардуулаад заачихсан байдаг. Жишээ нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан төрүүлсэн болон үрчлэн хамгаалж авсан хүүхдээ хаясан төөрүүлсэн хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гээд зөрчилд тооцох заалт байгаа юм. Харин Эрүүгийн хуульд төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан төөрүүлсэн бол 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэж болно гэсэн байдаг. Энэхоёр хуулийн заалт нь ойлгомжгүй байдал үүсгэж ирсэн. Энэ хоёр хуулийн алинаар нь буруутай хүнийг шийтгэх вэ гэдэг асуудал гардаг. Ийм давхардал гэхэд 30 гаруй байх жишээтэй. Энэ асуудлыг шийдэж зөрчил юм уу гэмт хэрэг үү гэдгийг нэг мөр болгож төрөлжүүлэх шаардлагатай болсон. Тийм учраас Эрүүгийн хуулийг дагаад нөгөө олон зөрчлийн хуулийг шийдвэрлэж байсан хуулиудыг бүгдийг нь төрөлжүүлж нэгтгээд Зөрчлийн тухай хууль гэж дагаж боловсруулсан. Ингэж хуулийн замбараагүй байдлыг арилгахгүй бол нэг хууль дээр нь “Энэ бол зөрчил, торгоод явуулж болно” гэж бичээд нөгөө хуульд нь “Гэмт хэрэг, ял өгөх хэрэгтэй” гээд бичсэн.

-Энэ хуулийн давхцлууд нь буцаад хууль сахиулж байгаа хүмүүсийг хардлага сэрдлэгт багагүй өртүүлдэг гэж сонсож байсан юм байна?

-Тийм, энэ ойлгомжгүй байдалнь нэг талаасаа хуулийн байгууллагын ажилтныг дураараа авирлах боломж олгодог. Харж үзэх хүнээ торгоод явуулаад хатуухан хандах хүнээ эрүүгийн журмаар шалгаад ял өгөх боломжтой болгож буй юм. Нөгөө талаас хуулийн байгууллагын ажилтныг хардаж буруутгах үндэслэл болдог. Нэг улсын хуулиуд давхардаж ийм ойлгомжгүй байдал бий болгож болохгүй. Болохгүй. Зайлшгүй энэ хуулийн давхардал хийдлийгарилгах ёстой.Гэмт хэргийн тухай үзэл баримтлал өөрчлөгдсөн нь энэ хуулийн төслийг нэмж, найруулж, боловсруулах нэг шалтгаан нь энэ юм. Хоёр дахь нь ялын бодлогын асуудал 2002 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ялын бодлогыг нэлээн тодорхой байдлаар томьёолсон.

-Тодруулбал…?

-Гэмт хэрэг үйлдсэн хүн өөр төрлийн ял эдлээд нийгмээс тусгаарлагдахгүй байх боломж байна уу. Заавал шоронд очиж ял эдэлж, хоригдож тэр уур амьсгалыг мэдэрч, гэмт хэрэгтнүүдийн орчинд заавал орж үзэх нь хэр эерэг вэ гэдгийг зайлшгүй бодох хэрэгтэй. Заавал ял өгч байж шийтгэдэг энэ байдлаасаа татгалзахгүй бол зарим хүний хатуу хэлж байгаагаар Монголын нийгэм шоронжих үйл явцтай болж байна гэж хэлээд байгаа. Тийм учраас ялын уян хатан бодлогыг шинэ хуулиар оруулж ирж байгаа. Гэрийн хорионд байлгах,нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт ялыг шинээр хуулийн төсөлд тусгасан. Одоогийн Эрүүгийн хуульд баривчлах, хорих гэсэн хүний эрх чөлөөг хязгаарласан хорих ялыг доторнь сонгож хэрэглэх боломжтой болгосон.

-Тухайн гэмт хэрэгтэн сонгож хэрэглэнэ гэсэн үг үү?

-Мөрдөгдөж буй хуулиар ганцаарчлан эрх чөлөөг нь хязгаарлахыг баривчлах, нэг жилээс дээшхийг нь хорих ял хэмээж ирсэн. Бид хуулийн төслийг боловсруулахдаа бусад орны хуулийг хараад хорих ял эдлүүлнэ гэдэг нь заавал хүнийгтав арваар нь нэг дор байлгаж ял эдлүүлэх хэрэггүй юм байна. Таван жилийн хорих ялтай хүн байсан ч гэсэн тухайн хүн хүсвэл ялаа ганцаарчлан эдэлж болно. Үүнийг тусгасан.

-Тэнсэн харгалзах ял гэж хуулийн төсөлд байгаа юу?

-Байгаа, гэхдээарай өөр хэлбэрээр орсон. Хорих ялыг биечлэн эдлэх шаадлагагүй гэж үзвэл тэнсэж хянан харгалзана. Тэнсэн харгалзах ялыг тухайн хүнд ялыг нь оногдуулахгүйгээр гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо арилгаж, хохирогчтой эвлэрсэн. Өөрийн гэм буруутай зан үйлдлээ засах боломжтой гэж үзвэл тухайн хүний ялыг нь тэнсэж, хянаж харгалзах юм.Хийсэн үйлдлээснь хамаарч долоохоногоос таван жилийн хугацаагаар хянан харгалзана. Энэ хугацаанд тухайн хүнгэмт хэрэг үйлдэж болохгүй, бусдад учруулсан хохирлоо арилгаад дуусчихсан, хохирогчтойгоо эвлэрсэн байвал тэр хүнийг бүрэн ялаас нь чөлөөлнө. Энэ хүн ерөөсөө ялаар шийтгүүлэхгүй гэсэн үг. Одоо мөрдөгдөж буй хуулиар бол ял өгчихөөд “Чамайг дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжих юм бол ялыг чинь эдлүүлэхгүй” гэдэг байсан болхуулийн төслөөр ял өгөхгүй, шүүхийн тогтоосон хугацаанд хянаж харгалзана. Тэр хугацаанд хэрэг хийсэн хүн аюулгүй гэдгээ нотолж чадахгүй бол шүүх хэлэлцэж тухайн үед хэрэгт нь тааруулж нэг эсвэл гурван жилийн ял оноох байсан тэр ялыг нь оноох юм.

-Хэрэг хийсэн хүнийг тодорхой хугацаанд аюулгүй гэдгийг нь яаж мэдэж хянах юм бэ?

-Тэр хүнийг тэнсэн харгалзах хугацаанд хууль сахиулах байгууллага хяналтдаа авах юм. Хэрэг хийсэн хүний зан байдал бүх зүйлд хуулийн байгууллагын ажилтан хяналт тавина. Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээр ял өгөөд тэнсэн харгалзах ял өгөхөөр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болчихдог. Хуулийн төслөөр тэнсэн харгалзах ялыг ингэж тусгасан нь гэмт хэрэг хийсэн хүн дахиж хэрэг үйлдвэл биеэ зохистой авч явж чадахгүй бол ял онооно гэдэг айдас болгоомжтой байх юм. Ингэснээр тухайн хүн өөртөө хяналт тавьж эхэлнэ.

-Гэмт хэргийн хохи­рогч нарын хохирол төлөгд­дөггүй. Энэ асуудалд томоо­хон өөрчлөлт авчирсан хууль болж байгаа гэсэн. Үүнийг хуулийн төсөлд хэр­хэн зохицуулсан юм бол?

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд шүүхийн практикаас харахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол том асуудал болох нь анзаарагддаг. Эд материал, биеийн болон сэтгэл санааны хохирол гээд хохирол олон бий. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс ял оноодог. Хохирогчийн хохирлыг барагдуулдаггүй. Иймдгэмт хэргийн хохирогчийн хохирлыг гаргуулж авдаг байхаар төсөлд төлөвлөсөн.Тийм учраас гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах, хянан харгалзах, албадлагын арга хэмжээ авах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэсэн журам гаргаж зохицуулж өгсөн. Ялын хэмжээ өмнөх хуулиас хасагдахаас илүүтэйгээр биечлэн эдлүүлэх ял багасна. Гэмт хэрэг үйлдсэн хүн бусдад учруулсан хохирлоо төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх асар их өргөн боломж энэ хуулийн төсөлд тусгагдсан. Тэгэхээр бид гэмт хэрэгтнүүдийн ялыг хөнгө­рүүлж зөөллөж асуудлыг уян хатан шийднэ гэхээсээ илүү гэмт хэрэг хийсэн хүн хохирлоо төлсөн бол түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр яаж хариуцлагажуулж болох вэ гэдгийг олон талаас нь бод­сон. Энэ хуулийг дагаад гэмт хэрэг хийсний улмаас хохирсон хохирлыг төлүүлэхтэй холбоотой Хохирлын сангийн тухай хууль бас өргөн баригдаж байгаа.

-Хохирогчдын хохирлыг барагдуулах сан гэсэн үг үү?

-Энэ хуулийн зорилго хохир­­сон олон мянган хохи­­рогч­дын хохирлыг барагдуу­лахад зориулагдсан хууль юм. Гол төлөв өөрөө төл­бөрийн чадваргүй, ядуу дорой хүмүүс буруу сонголт хийж,тэр үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх болдог. Ийм хүмүүсийн учруулсан хохирлыг төлүүлэхгүй, ялыг нь өгөөд явуулдаг. Хохирогчид харин хохироод үлддэг. Тэгвэл одоо бусдад оногдуулж бай­гаа торгууль гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хурааж авсан энэ бүх мөнгийг Хохирлын санд төвлөрүүлнэ. Гэмт хэргийн улмаас хохирол учирсан иргэдэд нөхөн төлбөр болгож өгөх зориулалттай хууль боловсруулсан гэж ойлгож болно. Энэ хууль гэмт хэрэгтнийг бусдад учруулсан хохирлыг нь төлүүлэхээс гадна гэмт хэрэгтэнхохирлоо төлж чадахгүй бол Хохирлын сангаас төлдөг тогтолцоог давхар тусгаж байгаа. Энэ хоёр хамтдаа үйлчлэх юм бол Монгол Улсын бас нэгэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж болно.

-Хохирлын сангийн мөн­гийг хуулийн байгууллагын торгуулиас бүрдүүлнэ гэж ойлгож болох юм уу. Тухайлбал замын цагдаа нарын торгууль гэх мэт зүйлсээс?

-Гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан хүнд оногдуулсан торгууль, буруу аргаар олсон эд хөрөнгийг Хохирлын санд төвлөрүүлэх юм. Манайд гаж гэж хэлж болохоор нэг тогтолцоо үйлчлээд уд­лаа. Ялангуяа захиргааны зөрчлийн торгуулийг улсын төсвийн орлого гэж үздэг. Уг нь төсвийн орлогыг төлөвлөдөг биз дээ. Торгууль оногдуулдаг хүнд “Төсөвт тэдэн төгрөг оруулах ёстой” гээд төлөв­лөөд өгчихдөг. Тэгэхээр төлөвлөгөөт ажлаа хийхийн тулд торгууль оногдуулдаг цагдаагийн байцаагч, улсын байцаагч нар хүн торгох гээд улайраад байдаг. Ийм гаж тогтолцоо бий болчихсон. Замын цагдаа хэн нэгэн хүнээс зөрчил олж хүн торгож, албан үүргээ бие­лүүлдэг болж хувирчихаад байгаа юм. Ингэж болохгүй. Улсын төсөвт төлөвлөж байгаад оруулдаг орлого бол энэ биш.

Д.МАРГАД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хувийн өмч нь чөлөөт нийгмийн үндэс

Яагаад ч юм бидний уншдаг бүхий л уран зохиол, үлгэр, ардын аман зохиол тэр битгий хэл бурхны сургаалд ч хувийн өмчийг элдвээр ад үзэн буруушаасан байдаг хэмээн итгүүлдэг. Энэ нь худал бөгөөд зориуд төөрөгдүүлсэн зорилтот сургаал юм. Социализмын үед уран зохиол, жүжиг киноны баатрууд нэг их хөрөнгөнд дургүй хүмүүс гардаг. Тэд байгаагаа хамт олон гэх хэсэг хүмүүстэй хуваагаад найрлаад дуусч байгаагаар үзүүлдэг. Энэ үзэл санаа одоо ч бат бөх байсаар байна. Тиймээс нөгөө уран зохиолын баатрууд дээр бурхан хүртэл нэмэгдчихээд хувийн өмчтэй байх муухай, өмчтэй хүн бусдадаа гэм тарьчихсан мэт гөлөлзөж байх ёстой гээд байгаа нь тэр. Үүнийг төр засагэс үйлдлээр дэмжиж байдаг. Яагаад тэр вэ. Хувийн өмч нь хүнийг төрөөс чөлөөтэй байх боломжийг бий болгодог. Мөн эрх баригчдын үйл ажиллагааг чөдөрлөж, шударга ёсыг тогтоож байдаг.

Шударга бус явдал гэж өмчийн эрхийг зөрчихөөс л үүсдэг. Хувийн өмч бол шударга бөгөөд чөлөөт нийгмийн үндэс суурь юм.Харин өмчгүй хүний хүсэл тэмүүллийг төр эрхэндээ оруулж чаддаг. Тийм учраас л төр засаг болж өгвөл хувийн өмчөөс нь хүмүүсийг салгах, үгүй ядахдаа хүмүүсийг өмчинд дургүй болгож хүмүү­жүүлэхээр санаархдаг. Иймээс л шунаг сувдаг сэтгэлтэн хэмээн өмчтэй хүмүүсийг доог тохуу болгох гэж оролдож байдаг. Гэхдээ та бүхэн анзаар­сан байх. Хүмүүсийн шунаг сувдаг, баян тарганыг гайхаж байгаа хэнээс ч гэсэн өмсч байгаа гутлыг нь ч юм уу, цамцыг нь гуйгаад үзээрэй. Дээрэмдэх тонох гэлээ гээд танаас тас харамлан цамнах вий. Тэр өмчинд дургүй биш гэдгийн наад захын баталгаа нь л энэ шүү дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

М.Энхжаргал: Оршин суугчид маань амьдрах урлагийг мэдрүүлдэг

“Монголчууд бид өөрсдийнхөө бүтээлийг үнэлж амжаагүй байтал дэлхий үнэлчихлээ” гэх цахим орчин дахь “халаглал” Эс Девелопмент ХХК-ийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал Мөнхбаярын Энхжаргалтай уулзах шалтгаан болсон юм. Тансаг зэрэглэлийн “Жардин” хотхон нь тун саяхан олон улсын үл хөдлөх хөрөнгийн шилдгүүдийн шалгаруулалтад тэргүүлж, манай улсын барилгын салбарын нэр хүндийг өндөрт өргөөд байгаа билээ.

-Хоёулаа яриагаа өөрийн тань барилгын салбартай хэзээ, хэрхэн холбогдсон, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн үү эсвэл өөр ямар зүйл таныг барилгын салбарт дуудан оруулав зэргээр эхлүүлэх үү?

-Би Япон улсад Бизнесийн удирдлагын магистраар суралцаж төгсөөд, тэндээ ажиллаж байгаад 2011 онд Монголд ирж, Үүрэн холбооны компанид байгууллагын борлуулалтын хэлтсийг хариуцан гурван жил ажилласан. Харин 2014 оны намраас “Эс Девелопмент” ХХК-д Борлуулалт, маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байна. Анх барилгын салбарт орж ирээд ажлаа хэрхэн эхлэхээ мэдэхгүй эмээж л байлаа. Хэдийгээр би мэргэжлийн барилгын инженер биш ч энэ салбарт ажиллаж буйн хувьд барилгын талаар өргөн ойлголттой болж байна. Ер нь залуу хүн гэдэг утгаараа их зүйлийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн явна. Мэдээж ямар ч бизнес анхандаа амар байдаггүй. Ялангуяа барилгын салбар гэдэг бол том хариуцлага шаардсан бизнес.

-Барилгын салбарт бизнес эрхэлж байгаагийн хувьд Улаанбаатарын барилгажилт, орон сууцны хүртээмжтэй байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын барилгын салбар өөрчлөгдөн хөгжиж байна. Шинэ технологиуд нэвтэрч, хаана ч гологдохгүй байгальд ээлтэй барилгууд баригдаж байна. Дизайн, интерьерийн хувьд ч Монгол гадныхнаас дутахааргүй болжээ. Харин барилгын хүртээмжийн хувьд манай улсад 794 мянган өрх байдгийн 334 мянга нь нийслэлд амьдардаг. Тэдний 133 мянга нь л орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа бий. Ийм эрэлт хэрэгцээ дагаад барилга ихээр баригдаж байна. Гэвч байгаль цаг уурын нөхцөлөөсөө шалтгаалаад жилийн хэдхэн сард л барилгын гүйцэтгэл хийх боломжтой байдаг. Ийм өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд барилгын компаниуд төслөө богино хугацаанд дуусгахыг хүсдэг. Ингэснээр барилгын чанарт сөргөөр нөлөөлөх зүйлс ажиглагддаг. Хэдхэн жилийн өмнө хүмүүс орон сууцанд амьдрах хүсэл, шаардлагаасаа болоод барилгын чанарт анхаардаггүй байсан бол одоо оршин суугчид нь ч, бүтээн байгуулагчид нь ч барилгын чанар, байршил, интерьер дизайн, үнэ цэнд ихээхэн анхаардаг болсон байна. Энэ нь манай орны барилгын салбар хэд хэдэн шатаар үсрэлт хийж буйн илрэл төдийгүй дэлхийн томоохон хотуудын барилгатай дүйх хэмжээнд ойртож байгааг баталж буй хэрэг юм. Монгол улсын нүүр царай болсон Blue Sky, Central tower зэрэг барилгууд бол манай улсын барилгын салбар дэлхийн барилгын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйн жишээ шүү дээ.

-Хүртээмжтэй, чанартай, дээр нь орчин үеийн тансаг өнгө төрх бүхий, урлаг гоозүйн илэрхийллүүд шингэсэн орон байртай болохыг хүмүүс хүсэх болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Орчин үед барилгын компаниуд зөвхөн барилгын чанарт бус орчин, гадна талбай, аюулгүй байдлыг ч өндөр түвшинд хангаж өгдөг болсон. Ер нь аюулгүй, амгалан тайван орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах болсон. Хүмүүс “чанартай” гэхээр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлийг л хайдаг. Харин бидний бүтээн байгуулалт бол шалан доор, хананы цаана гэхчлэн нүдэнд үл харагдах хэсэгт ч дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, технологийг ашигласнаараа давуу талтай.Мөн хотхоны нийтийн эзэмшлийн талбайг бүхэлд нь хянах зориулалттай камер болон хамгаалалтын нэгдсэн систем бүрдүүлснээрээ онцлог. Түүнчлэн аюулгүй байдал, тав тухаас гадна хүрээлэн буй орчныг хөгжүүлэн, хамгаалахад анхаарснаар оршин суугчдад зүгээр нэг хотхонд амьдраад зогсохгүй байгальд байгаа мэт тааваараа байх мэдрэмжийг төрүүлдэг.

-Уудам дэлгэр нутагтаа дураараа нүүдэллэдэг, гэрийнхээ босгоор даваад л байгальдаа гарчихдаг монголчууд бидний сэтгэл зүй орон байрыг таашаах хандлагад хэрхэн нөлөөлдөг бол, Ер нь монголчууд болон гадныхны орон сууцыг таашаах мэдрэмжид ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Монголчуудын хувьд эзгүй байгальд очихоороо эргэж гэртээ харихыг хүсдэггүй байх хандлагатай гэж ярьдаг шүү дээ. Тиймээс л байгальд байгаа мэт мэдрэмжийг гэрээсээ авдаг байх, барилгын салбарынхан ч үүнийг мэдрүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн тэргүүлэгч компаниудын судалгаагаар, томоохон бизнесмэнүүд орон сууц худалдан авахдаа юу юунаас илүүтэйгээр үйлчилгээг чухалчлан үздэг байна. Ялангуяа 24 цагийн харуул хамгаалалт, ухаалаг технологи, гэрийн үйлчлэгчийн үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, хүүхдийн цэцэрлэг болон бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ нь тансаг зэрэглэлийн орон сууцны чухал, салшгүй шаардлага байдаг. Тиймээс ч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хувийн хаусаас илүүтэй тансаг зэрэглэлийн тауэр, хотхонуудад нийгмийн элитүүд хэдэн арван жилээр амьдарсаар ирсэн байдаг. Тансаг зэрэглэлийн хотхоны бусдаас ялгарах үйлчилгээнүүд нь оршин суугчдын цагийг хэмнэж, шаардлагатай үйлчилгээг нэгэн дор цогцлоодог, тухайлбал, дээд зэрэглэлийн ресторан, консерж үйлчилгээ, ажлын алжаал тайлж зөвлөгөө өгөх 24 цагийн фитнесийн сургагч багш, сэтгэлзүйч зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр орон сууц гэдэг зөвхөн амьдрах зориулалттай төдий биш, хүний бүхий л хэрэгцээг хангасан үйлчилгээний цогц шийдэл бүхий хотхон болон хөгжиж, ингэснээр тухайн хотхоны үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг байна. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийг маш олон үзүүлэлтээр тодорхойлсон байдгаас хамгийн чухлыг нь дурдвал байршил, барилгын загвар дизайн, үйлчилгээний чанар юм. Түүнчлэн газрын үнэ цэн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам өсөн нэмэгдэх амьдралын сэтгэл ханамжаар тодорхойлогддог бөгөөд амар тайван амьдрах нөхцөлийг тань бүрдүүлэх дээд зэрэглэлийн үйлчилгээнүүдийг санал болгодогт оршино. Өглөө бүрийг баяр хөөртэйгөөр угтахад тань халуун кофе, цэвэр цэмцгэр орон гэр, сэтгэл зовох зүйлгүйгээр үр хүүхдүүдээ гэртээ үлдээн ажилдаа явах тэр мэдрэмж болон баталгааг зөвхөн консерж үйлчилгээнээс авдгаараа тансаг зэрэглэлийн орон сууц ялгардаг.

-Орон сууц зөвхөн амьдрах байраар хязгаарлагдахгүй цогц үйлчилгээг дагуулан хөгжиж байгаа нь, ялангуяа консерж үйлчилгээ тун сонин, сайхан санагдлаа. “Жардин” хотхоны бүтээн байгуулалт ба дээрх үйлчилгээнүүдийг хэрхэн бүрдүүлсэн нь сонирхол татаж байна?

-Барилга бат бөх байх, хүний хэрэгцээнд тохирсон байх, гоо сайхны таашаалд нийцсэн байх гэсэн архитектурын үндсэн гурван зарчмыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн хотхоныг бүтээсэн нь “Жардин”. Хотхоны анхны концепц, архитекурыг Италийн Genarro De Angelis, Ерөнхий архитектор Luciano Cosmo нар монголын цаг уурт тохируулан, хүн амьдрахад ая тухтай, амар тайван, төгс төгөлдөр байх орчныг чухалчлан бүтээснээрээ онцлог. Хотхоныг монголын эрс тэрс уур амьсгалд тохирсон чанартай, эдэлгээ сайтай байлгахын тулд барилгын деталиуд дээр нөр их судалгаа явуулж гүйцэтгэсэн. Францаар “Жардин” нь цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгыг илэрхийлдэг тул хотхоныг бүтээхдээ байгальд анхаарлаа хандуулсан юм. Хамгийн тааламжтай орон зай, ногоон бүсийг хаанаас олж авах вэ гэдэг санаанаас ч үүдсэн. Өрөөний зохион байгуулалтын хувьд л гэхэд гүн хөх, номин ногоон өнгийг ашигласан нь Газар дундын тэнгисийг санагдуулам, мөн цэвэр модон доторлогоотой хана бүхий Азийн сонгодог хэв маягийг илтгэсэн гэхчлэн зургаан төрлийн дотоод засал, зохион байгуулалттай өрөө бүхий хотхоныг цогцлоосон юм. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн байр бус интерьерийн цогц шийдлийг санал болгож байгаа юм. Хотхонд амьдрах хүмүүс ямар ч стрессгүй, амар тайван амьдрах ёстой гэдэг үүднээс бүхий л зүйлийг бодолцсон. Манай хотхоныг сонгосон гадаад, дотоодын оршин суугчдын сэтгэл ханамж өндөр байдаг. Тийм ч учраас бид хөгжилтэй орнуудын орон сууцны салбартай хөл нийлүүлэн алхаж байна гэж би хувьдаа дүгнэдэг.

-Танай хотхонд гадныхан, нэр дурдвал Стивен Сигал байр худалдан авсан гэж хэвлэлээс уншиж байлаа. Холливудын одын сон-голтын шалтгаан юу байсныг та сонирхож байв уу?

-Манай хотхонд олон сайхан айл өрх бий. Би хотхоныхоо оршин суугчдаар бахархаж, амьдрах урлаг гэдгийг үнэхээр тэднээс л мэдэрдэг. Тиймээс оршин суугчдынхаа аюулгүй байдал, амар тайван амьдралыг алдагдуулахгүйн тулд би энэ асуултад хариулахаас татгалзмаар байна.

-Тантай уулзаж ярилцах болсон гол шалтгаан маань олон улсын үл хөдлөх хөрөнгийн шалгаруулалтаас “Жардин” хотхон “Таван одтой шилдэг орон сууц” шагнал хүртсэн явдал байлаа. Ёслолын арга хэмжээний талаар сонирхуулна уу?

-Их Британид төвтэй International Property Awards арга хэмжээ нь олон улсын үл хөдлөхийн шилдгүүдийг 21 жилийн турш жил бүр шалгаруулсаар ирсэн. Энэ жилийн Ази, Номхон далайн бүсийн шалгаруулалтад нь “Жардин” хотхон маань оролцож “Таван одтой шилдэг орон сууц”-ны төрөлд стандартуудыг хангаж, хамгийн өндөр оноо авч ялагчаар тодорсон байгаа. Энэ бүсэд Япон, Солонгос, Малайз, Сингапур, Хятад зэрэг 25 улсын барилгын компаниуд тухайн жилийнхээ бүтээн байгуулалтаар оролцож, интерьер дизайн, архитектур, зочид буудал, тансаг зэрэглэлийн орон сууц, хотхон зэрэг нийт 32 төрөлд өрсөлдөж, ялагчийг тодруулсан. Улмаар Америк, Европ, Африк, Канад, Карибын тэнгис, Араб зэрэг бүс бүрээс тодорсон ялагчдаас энэ оны эцэст Их Британид болох International Grand Finale ёслолын арга хэмжээн дээр World’s Best тодрох юм. Бидний хүртсэн Ази, Номхон далайн бүсийн энэхүү нэр хүндтэй шагнал нь олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт Монголын барилгын салбарын хөгжил өрсөлдөхүйц гэдгийг нотлон харуулсан үйл хэрэг боллоо.

-Үнэхээр ч монголын барилгын салбарт ирж буй үнэлэмж гэж хүлээн авч байгаа нь хүмүүсийн сэтгэгдлээс анзаарагдаж байсан. Шалгаруулалтын бүрэлдэхүүнийг Их Британийн Лордын танхимын гурван гишүүн тэргүүлдэг тухай уншаад нэр хүндийнх нь хувьд сүрдэж байлаа. Ёслолын арга хэмжээнд цаашид манай улсаас оролцох хүсэлтэй байгууллагуудын хувьд ямар боломж байна вэ?

-Манай улсын барилгын салбар өдрөөс өдөрт хөгжихийн хэрээр чанаржиж байна гэж би боддог. Дээр хэлсэнчлэн, барилгын компаниуд орчин үеийн, шинэ, дэвшилтэт технологийгстандартын дагуу барилгадаа нэвтрүүлж байгаа нь олон улсад өрсөлдөх, үнэлэгдэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Бизнесийн удирдлагаар мэргэшсэн, бүтээн бай- гуулалтын салбарт, борлуулалт, маркетинг хариуцан ажиллаж байгаа залуу хүний хувьд цаашдын зорилго, алсын хараа тань сонирхолтой санагдаж байна. Магадгүй “Жардин” хотхоны адил тансаг зэрэглэлийн өөр төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа болов уу?

-Мэдээж цаашид илүү ихийг хийж бүтээхийн төлөө ажиллах болно. Бид хотын төвд үйлчилгээний төв, оффисын барилга, улмаар таван одтой зочид буудал барихаар төлөвлөж, зураг төслийг нь гаргаад байгаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эцсийн хугацаа

Аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг гэм биш зан маниас өмнө байсан юм. Эцсийн хугацааны тухай Паркинсоны хууль хүртэл байдгийг бодоход ажлааэцсийн мөчид амжуулдаг зуршил зөвхөн монголчуудад хамаарахгүй нь.

Цаг хугацаа их байлаа гээд сайн үр дүн авчирдаг юм биш. Завгүй байх тусмаа үр дүнтэй ажилладаг нь хүний үндсэн шинж гэнэ. Энэ үзэгдлийг Английн түүхч, эрдэмтэн Паркинсон нээсэн тул түүгээр нэрлэдэг юм байна. Тийм учраас ажлаа дуусгах цагаа шахуу төлөвлөх хэрэгтэй. Эцсийн хугацаа дөхөөд ирэхээр дарамт мэдэрч эхэлдэг. Тийм учраас завсрын эцсийн хугацаа тогтоох үр дүнтэй арга бий. Хэд хэдэн эцсийн хугацааг өөртөө товлох хэрэгтэй гэж И Мин Кюгийн “Хүн өөрийгөө нэг л хувь өөрчлөхөд амьдрал өөрчлөгдөнө” номонд зөвлөсөн байдаг.

Жишээлбэл, 12 цагт галт тэргэнд суух ёстой бол11,40 гэхэд галт тэрэгний буудал дээр ирсэн байх ёстой. Ингэхийн тулд гэрээсээ 10,30 гэхэд гарсан байна. Ачаагаа 10 цаг гэхэд багласан байна гэх мэтээр төлөвлөх юм. Энэ мэтээр цаг хугацаагааэцсийн мөчөөс урагшуулж тооцон завсрын хугацаа тогтоох замаар та товлосон цагтаа ажлаа давчдаж цухалдалгүйгээр дуусгаж чадна. Хүссэн үр дүндээ хүрсэн үедээ өөрийгөө шагнаж, тэгж чадаагүй бол дургүй зүйлээ хийж өөрийгөө шийтгээрэй. Зурагт үзэж амрахын оронд гэрээ цэвэрлэж ч болно шүү дээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“Өдрийн сонин” зөвхөн үнэнийг хэлдэг

Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Б.Цэрэнжамц, Ж.Бат­сайхан нар “Өдрийн сонин”-ыг уншиж буй нь гэрэл зурагчны дуранд ийн буужээ. Дээрх эрхмүүд “Өдрийн сонин”-ыг хэн хэн­дээ харагдахаар чөлөөтэй дэлгэжээ. Тэднийхэн хэн нь нэгийгээ эхлээд сонин уншиг гэж найр тавиагүй нь илт. Тухайн цагтаа эв найртайгаар хамтдаа сонин гарчиглаж болох хамгийн оновчтой арга нь байсан болов уу гэж бодогдов. Ингэж бодох зуур твиттерт манай сонины нэгэн уншигчийн бичсэн жиргээ санаанд буулаа. Тэрбээр ”Өнгө чадамж нь хосолж байж мисс болдог. “Өдрийн сонин”-ыг сугавчилж байж босс бол­дог. Өндрийн өндөрт гарч байж уулчин болдог. “Өдрийн сонин” дээр гарч байж улс төрч болдог” хэмээн шүлэглэсэн юм.

Дэлхийн өнцөг булан бүрт сурч, амьдарч, ажиллаж байгаа монголчуудад “Өдрийн сонин” цахим хэлбэрээр хүрч, Монголын болон дэлхийн ха­луун цэгээс редакцийн томилолтоор очиж хийсэн нийтлэл, сур­­валж­лагыг шуурхай боди­той­гоор хүргэдгээрээ бусад өдөр тутмын хэвлэлүү­дээс ялгардаг. Үнэн худал нь ялгагдахаа байсан мэдээл­лийн эрин зуунд “Өдрийн сонин” зөвхөн үнэнийг хэл­дэг гэсэн брэнд үгтэй. Тийм ч учраас монголчуудын эргэлзэл­гүй­гээр итгэн уншдаг сонин нь “Өдрийн сонин” юм. Өглөө бүхний ургах нар­наар таны гарт очдог, Монголын өдөр тутмын төв хэвлэл “Өдрийн сонин” хүний эрхийг хөхиүлэн дэмждэг, ямагт эрх нь зөрчигдсөн, хохирсон иргэдийгээ өмөөрч бичдэг учраас бусад өдөр тутмын хэвлэлүүдийн ман­­лай­лагч нь байсаар ирсэн. Үүний нэг нотолгоо нь “Монголын Хэвлэлийн хүрээлэн”-гээс улирал, жил бүр гарга­даг судалгаа юм. Энэ судалгаагаар “Өдрийн сонин” бусдыгаа ямагт хошуучилж, уншигч захиалагчийн тоогоо­роо тэргүүлсээр байгаа билээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүнээс стрессийн гормон ялгардаг ажээ

Муу мэдээ сонсох, таагүй зүйл үзэж харахад кортисол гэдэг стрессийн гормон хүнээсялгардгийг Германы эрдэмтэд нотолжээ. Энэ дүгнэлтийг хийхийн тулд судалгаа явуулсан байна. Ингээд хар бараан зүйл үзэж, харж байгаа хүний кортисолынхэмжээ 24 хувиар нэмэгддэгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл стресс гэдэг нь хүнээс хүнд халддаг нэг төрлийн “өвчин” гэнэ.Тухайлбал, аймшгийн кино үзэж байгаа хүнээс ялгарсан стресс бусдад нөлөөлж байдаг гэсэн үг.

Монголчууд бухимдаж байгаа, бусадтай хэрэлдэж муудалцаж буй хүнийг хар энерги цацлаа хэмээн муу хэлэх нь бий. Ер нь ч хэн нэгэн хажууд уурлаж уцаарлаад бичиг цаас шидлээд эхэлбэл дагаад нэг хэсэгтээ сэтгэл тавгүйтдэг. Магадгүй энэ нь тухайн хүний ажлын бүтээмжийг бууруулах нэг шалтгаан ч болдгийг үгүйсгэхгүй. Үнэндээ энэ бүхнийг л бид хар энерги гэж нэрлээд байгаа юм. Гэвч энэ нь шинжлэх ухааны үндэстэй гэдгийг Германы эрдэмтэд нотолжээ хэмээн хар ухаанаар ойлгож болохоор байна.Гэхдээ хамгийн гол нь хүн уурлаж бухимдаагүй байхдаа, зүгээр л бараан сэдэвтэй кино, жүжиг, элдэв янзын бичлэг үзэхдээ ч бусдад хар энерги цацагч болон хувирдгаа яахин мэдэх билээ. Тэгвэл үүнийг л эрдэмтэд олж тогтоожээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ