Categories
арын-нүүр булангууд мэдээ

АСЕМ-д бэлдэцгээе

Ирэх жил Монгол
Улсын нийслэл Улаанбаатарт АСЕМийн уулзалт болно. Энэ нь Ази, Номхон далайн орнуудын
хамгийн том чуулга уулзалт юм.

Монголчууд
түүхэндээ ийм том олон улсын арга хэмжээг зохион байгуулж байгаагүй. Тавь гаруй
төр, засгийн дээд хэмжээний зочид хүлээн авахад өнөөгийн Улаанбаатар бэлэн биш.
Гэхдээ монголчууд ямар ч давааг давчихдаг улс. Мэдээж даваад л гарна. “Гэхдээ сүх
далайтал үхэр амар” гэдэг шиг гараа хумхиад суугаад байж болохгүй. Нийслэл цэргийн
ангиудын нүүр царайг гурван орон сууцны шагнал зарлаж гайгүй болгож чадлаа.

Аж ахуйн нэгжүүдийн
дунд багагүй бооцоотой уралдаан зарласан нь эхнээсээ үр дүн гарч байгаа гэнэ. Одоо
иргэд бидний хүчин зүтгэл хэрэгтэй болж байна. Чуулганд оролцсон томчуудын эргэж
эх орондоо очоод хэлсэн нэг үг манайд маш нөлөөтэй тусна.

Түүнээс илүүтэйд
нийгэмд нь тусах үг бол сэтгүүлчдийн мэдээлэл. Тэд траншейны хүүхдүүдээс эхлээд
талын монголчууд байшинд хэрхэн дассаныг доогтойхон мэдээлэхийг хүснэ. Монголчуудыг
доош нь хийх нь тэдний зорилго биш. Социализм хүнийг сармагчин болгодог юм шүү гэдгийг
нийгэмд сурталчлах нь тэдний үүрэг.

Тиймээс нийслэлчүүд
гэр, орон сууцныхаа гадна үзэмжийг гоё болгочихвол “Талын монголын монголчууд
дэлхийн соёлтой амьдарч байна” гэсэн мэдээ дэлхийгээр цацагдаж магадгүй юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“Миний ээж тэмээчин” дуу үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл болон үлджээ

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж хоёр бол Хонгор нутгаас төрсөн авьяас билэг төгөлдөр уран бүтээлчид билээ. Нэгэнтээ мань хоёр ам жаахан муруйж хэн хэндээ тунирхан хэдэн оныг үдэж. “Зулай цагаан Алтай”, “Монгол далай” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олон түмэндээ танигдсан Сангиа “банхар” Пүүжээгээсээ жаахан эмээс­хийж явахдаа нэг сайхан аял­гуу зохион ноотолсноо үзүүлж, төгөлдөр хууран дээ­рээ тоглож сонсгожээ. “Их Тээлийн даваа”, “Үдийн нар өндөр” туужууд болон олон сайхан дуу зохиосон П.Пүрэвсүрэн мөнөөх аялгууг нь сонсож, сэтгэлийн таглаа ханзлан суухдаа “Найзад нь наадахад чинь таарчихмаар ийм шүлэг байна” хэмээн “Миний ээж тэмээчин” дууны шүлгээ өгсөн гэдэг. Тэр сай­хан дууг “Зууны манлай эст­радын дуучин”, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа нар дуулсан нь нийтийн унаанд явахад сэтгэл зөөллөн сонстох нь цаанаа л нэг дотнохон.

“Захгүй говийн үзэсгэлэн

Загийн шугуй нь ду­лаахан

Дулаан говийн хавар­жаандаа

Дуучин ээж минь суугаа даа

Саран зууртаа хоног­лодог

Саруул говийн цайдам хө

Цайдам говийн зуслан­даа

Цайлган ээж минь суугаа даа

Энэрлийн дээдийг өвөр­лөсөн

Элбэрэлт ээж минь тэ­мээ­чин

Уран зэрэглээ тодорсон

Униар тал минь уужим хө

Униарт талын намар­жаандаа

Уяхан ээж минь суугаа даа

Алсын алсаас цэнхэртэх

Аглаг уул минь бараатай хө

Аглаг уулын өвөлжөөн­дөө

Ажилсаг ээж минь суугаа даа

Дууны уянгаа өргөсөн

Дуучин ээж минь тэмээ­чин

Ээж минь тэмээчин” гээд аялахад эдүгээ бурхан зүг од­сон хоёр сайхан уран бү­тээлчийн халуун сэтгэлийн илч гэгээ өөрийн эрхгүй мэ­дэгддэг билээ л.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өсвөр насныханд итгэж, хүндэтгээрэй

“Хүүхдийг ивээх сан”-гаас хүүхдээ зодож шийтгэхгүйгээр хэрхэн ойлголцох талаар эцэг эхчүүдэд зөвлөжээ. Эцэг эхчүүд ядарч хямарсан үедээ хүүхдээ зодож шийтгэх хандлагатай байдаг гэнэ. Эсвэл алганы амт үзүүлэх нь хүмүүжлийн арга гэж боддог хүмүүс ч бий. Гэвч хүчирхийллийн арга нь хүүхдийг гэмтээж мэднэ. Өөртөө итгэх итгэлийг нь бууруулна. Аймхай халирамхай болгодог. Хүүхэд түрэмгий догшин, хүчирхийллийн аргаар асуудлыг шийддэг нэгэн болж төлөвшихөд хүргэнэ. Хүүхдээ бусдыг хүндэлдэг,хүнлэг энэрэнгүй хүн болгохыг хүсч байгаа бол зодож шийтгэж болохгүй.Харин тэднийг ойлгож хүндэтгэж харьцвалтэр таны шаардлагыг биелүүлэх болно. Хүүхдүүд өсч бойжих тусмаа өөрчлөгддөгучраас таны хүмүүжлийн арга ч өөрчлөгдөх учиртай.Нялх хүүхдүүдийн хувьдбусадтай харилцах хэл нь уйлах. Энэ үед нь түүний дэргэдүргэлж хамт байна гэдгээ мэдрүүлэх учиртай.Хөлд орж байгаа хүүхэд аливаад хүрч, амталж эсвэл унагаж байж шинийг нээж, суралцдаг тул тэвчээр шаардагдана. Сургуулийн өмнөх насныхан тоглонгоо бас олон асуултаараа дамжуулжаливааг сурдаг. Асуултыг нь сонсч, нухацтай хариулах нь чухал. Хүүхдүүд сургуульд явахдаа шинэ нөхцөл, нөхөрлөлтэй учирдаг. Бэрхшээлтэй асуудлыг хэрхэн зохицуулж, аливаа зөрчлийг хүч хэрэглэхгүйгээршийдэх аргыгбиеэрээ үлгэрлээрэй. Шилжилтийн насныхан найз нөхдөдөө цаг зарцуулах нь ихэсдэг. Тэднийбие даасан байдалд нь хүндэтгэлтэй ханд. Өсвөр насныхан өөрсдөд нь итгэж, бие даасан байдлыг нь хүндэтгэхийг томчуудаас хүсдэг гэнэ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хахсан үед анхны тусламж үзүүлээрэй

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хахах үед нь анхны тусламж үзүүлж чадаагүйгээс хүний амь нас хохирох аюултай. ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн сувилагч Ч.Сугараагийн анх­ны тусламж үзүүлэх зөвлөгөөг хүргэж байна. Жижиг тог­лоом, үрлэн чихэр, цагаан самар, бүхэл хоол унданд ч хахах үе байдаг. Хахах үед тухайн хүний аманд юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо. Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана. Гараагүй бол түргэн тусламждуудаад, дараахь тусламж үзүүлээрэй.

Тухайн хүний ард нь зогс. Аврагч нэг хөлөө хахсан хүний хоёр хөлийн засвар байрлуул. Гараараа тухайн хүний хавиргыг тэмтэрч олоод суган доогуур бэлхүүсээр нь тэвэр. Гараа атгаж, эрхий хуруу талаараа аюулхай дээр нь тавь. Нөгөө гараараа атгасан гарыг нь давхар атгаж, доороос дээш чиглэлтэй хүчтэй огцом хөдөлгөөнөөр хэвлийрүү нь шахаж тат. Дээрх үйлдлийг хоолойд тээглэсэн зүйл гартал үргэлжлүүлээрэй.

Хөхүүл хүүхэд хахах үед хүүхдийн цээж толгойг алган дээрээ байрлуулан өвдөг дээрээ тавиад хоёр далны хооронд гарын алгаар огцом боловч болгоомжтой дэлдэнэ. Энэ үед толгойг доор байлгавал сайн.

Цээжийг шахаж дарахдаа хүүхдийг уруу харуулж гар дээрээ хэвтүүлээд хоёр хуруугаараа цээжин дээр нь зүрх шахах мэт огцом дарж өгнө. Хүүхдийн гэдсэн дээр дарах аргыг хэрэглэж болохгүй.

Б.ЭГШИГЛЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хашаа ба хөрш

Барууны орнуудыг хэтэрхий өндөр хөгжилтэй болохоор иргэд нь хөрш битгий хэл аав, ээжтэйгээ ч дотно харьцаатай байдаггүй, үр хүүхдээ нас биед хүрэнгүүт нь гэрээсээ хөөчихдөг, ер нь хүйтэн хөндий улс гэх нь бий. Энэ бол азичуудын тэдэнд өгсөн тодорхойлолт.

Харин барууныхны хувьд хөршийн харилцаа нь бидний боддогоос өөр. Тэд хөршдөө элэгсэг хандаж буйгаа сардаа нэг удаа ч юм уу амттан, бялуугаар дайлж илэрхийлнэ. Хааяа хашаагаа давуулж зүлгийг нь усалж тусална. Тэнд хоёр айлын дундах хашаа намхан байхын хэрээр хөршийн хоорондох харилцаа илүү дотно гэж үздэг. Хууль, дүрэм журамд нь ч хөршийн харилцаа гэдэг ухагдахууныг сайн суулгасан байдаг. Тийм болохоор хашааны өндөр нь суга, бэлхүүс, заримдаа өвдгөөр татах нь бий.

Харин манайд хашааны өндөр хоёр метр. Хөршийнхөө хашаанд юу болж байгааг харъя гэвэл банзны заагаар шагайна. Тэр шагайж байгаа зай бол биднийг хөрштэйгээ ямар харилцаатай байдаг, тэдэнтэй хэр хэмжээгээр холбоотойг илэрхийлсэн хэмжээ. Монголчууд хашаагүй байлаа, дараа нь хашаатай болсон ч дундаасаа хоёр банзыг нь сугалаад хаалга гаргачихдаг байсан. Бас байр орон сууцанд сууцгаасан ч хөршөө мартагдаггүй, тусламж гуйгаад л ороод ирдэг. “Би чамд хайртай” кинон дээр Баяраагийнд хөрш нь хоёр сонгино гуйж орж ирдэг шүү дээ. Байранд тус тусдаа хаалганд амьдарч байгаа ч монголчуудын айлсч, хотлоороо суухын орчин цагийн хэлбэр нь хөршийн холбоо юм. Хөршийн холбоо, сайн хөршийн харилцаа гэдэг бол шинэ нэршил биш. Бидний мэддэг ч сүүлийн жилүүдэд мартчихаад, эсвэл тоохгүй орхичихсон хуучин байсан харилцаа л даа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бурхан байх албагүй

Шинэ Зеландын Өмнөд Аукландад саяхан таван настай бяцхан хүү сургууль
руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтжээ. 22 настай Харман Синх гэх оюутан залууг очиход хүүгийн толгойноос цус
гарч байсан тул Синх шашны хатуу хуулиа зөрчин тюрбан алчуураараа хүүгийн толгойг
боож өгчээ. Удалгүй түргэн тусламж ирж, хүүг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байж. Синх
“Зам дээр бяцхан хүү хэвтэж байсан. Хүүгийн
толгойноос цус алдаж байсан учраас тюрбан алчуураа тайлж, боосон. Тухайн үед надад
бусад зүйлийн талаар бодох сөхөө байгаагүй. Зөвхөн хүүд л туслахыг хүссэн” гэжээ.
Сикхизмийн шүтлэгтэй эрчүүд олон нийтийн газар тюрбан алчуураа авахыг хатуу хориглодог
аж. Харман Синх шашны сургаалиа зөрчсөн ч сайхан сэтгэл гарган хүүгийн амийг аврахад
тусалсан хэмээн олон нийтийн зүгээс талархал хүлээжээ.

Синхийн энэ жишээ болохгүй юм гэж энэ орчлонд үгүй гэдгийн нэг баталгаа мэт. Амьдарч байхдаа бид олон зүйлд утга шингээж өөрийн сонирхдог,
хүсдэг хүсдэггүй зүйл хэмээн зааг тавьдаг. Бүр хэн нэгнийгээ сайхан муухай хэмээн
тодорхойлдог. Гэвч сайн гэж санасан, муу гэж бодсон зүйл хоёрын хооронд асар их
зөрүү байдгийг ухаарах үе бас тохиолддог. Харин хагацал, үхлийн өмнө бид хүн гэдэг ганцхан
зүйл үнэтэй болохыг мэдэрдэг. Түүний нэгэн адил хүсвэл, хэн нэгэнд туслах сайхан сэтгэл байх юм бол болохгүй,
зүйл гэж үгүй билээ. Тэр тусмаа бусдад туслахын тулд, хэн нэгэнд хэрэгтэй
тусламжийг өгөхийн тулд заавал бурхан байх
албагүй юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сэвхнээс салах энгийн арга

Зуны халуун өдрүүдэд бүсгүйчүүдийн толгойг өвтгөдөг том асуудал бол
сэвх. Арьсыг хамгаалж байдаг меланин будагч бодис багассанаас болж сэвх үүсдэг юм
байна.

Нар, салхи, ходоод, элэг цөсний хямрал ч сэвх үүсэх шалтгаан болдог
аж. Наадмын өмнөхөн боловсорч гүйцэх гүзээлзгэнэ гэхэд л сэвхний эсрэг эрчимтэй
үйлчилгээтэй гэнэ. Учир нь гүзээлзгэнэ жимсэнд лимоны хүчил ихээр агуулагддаг байна.
Гүзээлзгэнийг сайтар бяцалж, нүүрэндээ таван минут орчим тавиад байхад л үр дүн
нь дороо мэдрэгдэнэ гэж гоо сайханч зөвлөлөө.

Нимбэгний шүүс байна. Шүүсийг нь шахаж буцалгаад халбага тараг хийхэд
л сэвхний эсрэг маск бэлэн. Хэдхэн өдөр тавихад л мэдэгдэм өөрчлөлт гарна. Бас арьсыг
чийгшүүлдэг сайн талтай.

Яншуйны шүүсийг нимбэгийн шүүстэй тэнцүү хэмжээгээр хольж нүүрээ
шавшаад үзээрэй. Үр дүнд нь эргэлзэх хэрэггүй.

Бас нэг өндөгний шар, бага зэрэг ургамлын тос, эмийн санд зардаг
жижиг шилтэй улаан өнгийн B6 витаминыг хольж
маск бэлдээд долоо хоногт хоёр удаа 20 минутын хугацаанд тавиад үзээрэй. Хоёр, гурван
сарын дараагаас хавар, зундаа асуудал болдог сэвхнээсээ салах боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нүдээ хэрхэн арчлах вэ?

Нүд аргаж, улайж загатнан, нулимс гоожих зэрэг нь хэн хүнд элбэг
тохиолддог. Энэ нь тосны булчирхайн суваг битүүрч, тос ялгарахгүй болсонтой холбоотой
гэнэ.

Үүнийг шинжлэх ухаанд блефарит гэж үздэг. Блефарит гэдэг нь зовхины
тосны булчирхайн үрэвсэл. Зовхи нь босоо байрлалтай тосны булчирхайн суваг агуулж
байдаг. Уг сувгаас гарсан тос нулимсны найрлагад орж, нулимсыг нүдний гадаргуу дээр
удаан тогтоож нүдийг хуурайшихаас урьдчилан сэргийлдэг байна. Тоос шороо дээд, доод
зовхинд ороход нүдээ арчиж, нухалж болдоггүйг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Мөн гадны
биетийг алчуур юм уу, зөөлөн хөвөнгөөр авах гэж оролдохын хэрэггүй. Эвэрлэг бүрхүүл
буюу гадна талын тунгалаг бүрхүүлийг гэмтээх аюултай гэнэ.

“Шил зүүх нь хараагаа нэг түвшинд барих хамгийн сайн арга. Хүүхдийг
багад нь эмчид хандаж харааны ямар нэг хугарлын гажигтай л гэсэн бол шил зүүлгэх
хэрэгтэй. 18 нас хүрээгүй хүүхдэд торлог, болор суулгах лазерын мэс засал хийдэггүй.
Насанд хүрээгүй хүүхдийн эд, эс гүйцэт төлжөөгүй байдаг учир хагалгаа хийх нь маш
хортой” гэж гуравдугаар эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмч Б.Мөнхөө зөвлөж байна.
Нүдээ хамгаалахын тулд тогтмол эмчид үзүүлж хараагаа хянуулж байх, мөн архаг өвчнөөс
урьдчилах сэргийлэхийг эмч нар чухалчилдаг. Чихрийн шижин болон артерын даралт ихсэх
нь хараа муудахад нөлөөлдөг аж.

Хоол, хүнсэндээ А витамин хэрэглэвэл сайн гэнэ. Учир нь А витамин
агуулдаг хүнсэнд лууван, улаан лооль, жүрж, бөөрөлзгөнө, интоор, анар зэрэг ордог.

“Тимолол”, “Бордокст” гэх нүдний даралтын дусаагуурыг хүмүүс хэрэглэж
байна. Эмч нар ам сайтай байдаг. Мөн “Вижнейе”, “Черника форте”, “Лютеин интенсив”
зэргийг шинжлэх ухааны ололт гэж үзэх нь бий.

Ө.МАНЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жорлондоо нэг ширхэг тоосго хийчихлээ

Жорлондоо гэж жор­лонгийн ус хураагчинд хийсэн хэрэг л дээ. Сүүлийн үед сошиалаар хүмүүс нэг нэгэндээ жорлонгийнхоо арын ус хураагчийн сав руу нэг ширхэг тоосго хийх хэрэгтэй талаар зөвлөгөөг дамжуулж, бусад нь хэрээрээ фав дарж, шэйрлэж байна. Харин одоо үүнийгээ ажил хэрэг болгоод эхэлбэл тун учиртай байна шүү. Дундаж жорлонгийн ус хураагуурт 23 орчим литр ус нөөцлөгддөг, нэг удаагийн хүчтэй таталтаар их хэмжээний ус татагдаад байдаг тул бага ч болов хэмнэхэд тустай гэдэг үүднээс эл үйл ажиллагаа дэлгэрчээ. Нэг тоосготой жорлонгийн ус дунджаар 15 литр ус ашиглаж, 6.7 литр усыг хэмнэж чаддаг талаар Америкийн хэвлэлүүдэд бичжээ. Харин манайхны нэгэндээ өгч байгаа мэдээллээр 1,5 литрийг нэг таталтаар хэмнэх аж. Их бага нь хамаагүй ус хэмнэх ийм боломж байгаа нь сайхан юм. Тоосго гэлтгүй устай сав ч хийж болох гэнэ. Ингэснээр гэрийнхээ сарын зарлагыг овоо хэмнэх боломжтой. Наанадаж усны тоолуур бага гүйж мөнгөө хэмнэнэ. Цаашлаад эх дэлхийнхээ усыг хэмнэж, дэлхийг ган гачгаас аварна гээд бодохоор сэтгэлд нэг л сайхан байгаа биз дээ. Сүүлийн үед усны хэмнэлттэй жорлонгууд гарсан ч дэлхийн улс орнуудад энэхүү нэг тоосго хөдөлгөөн ихээхэн тархаж байна. Зарим оронд нэг тоосго хийснээр нарны энерги төвд хөрөнгө оруулж байна, байгаль орчинд дэм үзүүлж байна гэж сурталчилгаа хийж байна. Бидний хувьд Туул голоо хамгаалъя, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг хөнгөлье гэх мэтээр бүр болохгүй бол усныхаа мөнгийг бага гаргаж, талхандаа илүүчилье гээд бусдадаа түгээхэд овоо явах биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Халхын их аваргатай овог, нэр адилхан бөх цэргийн начин боллоо

Одоогоос хэдэн жилийн өмнө Д.Кёкүшюүзан Батбаяр Арлын орон руу өсвөр насны бөхчүүд явуулахаар болж хэвлэлийн хурлыг нь сурвалжилсан юм. Арав гаруй хөвгүүнээс арай л нэг сэргэлэн цагаан хүүтэй хөөрөлдөж, овог нэрийг нь асуувал “Дашдоржийн Цэрэнтогтох” гэв. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Халхын их аваргатай нэр овог нь адил болохоор жаахан гайхасхийж нутаг усыг нь асуувал “Баянхонгор аймгийн Заг сумынх” гэж төрсөн нутгийн маань нэрийг хэлдэг юм байна. Миний хувьд нутгархаж жалгархах талдаа жаахан төсөөдүү ч чин үнэнийг хэлэхэд дотроо их л баярласан юм даг. “Хүний газар нутгийн нэрийг хайрлаж яв” гэх өвгөдийн үг ямар ч монгол хүнд амин цэнэг нь болж явдаг биз. Монгол бөхийн өргөөнөө саяхан болсон Бүх цэргийн наадамд тэр жилийн уулзаж учирч явсан бяцхан хүү, эр өсч эсгий сунан зодоглож цэргийн начин цол хүртэж ус нутгийнхныхаа баярын магнайг тэнийлгэж байна. “Их Богд” дэвжээний бөх, сумын заан цолтой эл залуу Залаа, Чандмань овоо, Загийн гол, Хүрэн бэлчирийн талынханд Халхын их аваргын нэр овгийг өргөж явах хүчтэн шиг л сэтгэл зүрхэнд нь ойр дотно санагдаж байна. Нутгийн нэрийг өргөж, дуудах алдраа дуурсгаж яв гэж аав, ээж алтан сургаалиа хайрладаг нь учиртай байх юм. Тиймээс ч монголчууд ус нутгийнхаа нэрийг өргөх сайн бөхчүүд төрөөсэй гэж төрийн сүлдэндээ залбирч явдаг болов уу.

Л.БАТЦЭНГЭЛ