Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан сэтгэлийн модонд шувуу бүхэн жиргэнэ

Хүн бүхэнд эхээс мэндлэхэд нь сэтгэл хэмээх их сайхан саглагар навчит мод заяадаг. Тэрнээс биш, хүн энэ хорвоод ирэхдээ бурхан, эсвэл буг чөтгөрийн бүрэлбаа болох томилолт өвөрлөж ирдэггүй. Сэтгэл хэмээх саглагар сайхан модоо цаг мөч бүхэнд тордон нахиалуулах тусам орчлонгийн сайхан бүхэн шувуу мэт тэр л хүн рүү тэмүүлж, ажил үйлс нь өөдрөг, амьдрал ахуй нь ч өнгөлөг гэгээн болдог. Харин хар хорын өчүүхэн салхи авахуулахад л навч нахиа нь толботон гундаж, өт хорхойн идэш болон түмэн зовлонгийн үүр уурхайд хувилдаг. Сайхан сэтгэлийн модонд шувуу бүхэн жиргэж, жиргээ бүхний чимээнд энэрлийн навчис дэлгэрдэг. Энэрлийн навчис дэлгэрэхэд буяны гэгээ цацарч, хүн олныхоо сайн сайхны төлөө, байгаль дэлхийнхээ ариун дагшныг нүдний цөцгий мэт хайрлах гэгээн мөр бүрддэг. Хүн бол сэтгэлийн амьтан гэгддэгийн утга учир ч ийм. Мод хараад уурлаж уцаарладаг хүн тун ховор байх. Түүнтэй нэгэн адил сайхан сэтгэлтэй, сайхан инээмсэглэж чаддаг хүнийг ч бас гай зовлон аяндаа тойрч, үйлс заяа нь бүтэж явах учиртай ийм л сайхан хорвоо билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Засуулуудын энгэрт камер байрлуулсан бол одоо сонсъё

Одоогоос
яг жилийн ємнє танил бизнесмэн ах маань “Би ерөөсөө энэ бөхчүүдийг ойлгохгүй
юм” гэв. “Яав” гэвэл “Ах аа, дүү нь улсын начин болох гэсэн юм. Тусалж дэмжээч
гэсэн. Үнэхээр тийм бол яахав дээ гээд хэдэн төгрөг өгөөд явуултал наадмын
дараа утасдангуутаа, дүү нь улсын цол авчихлаа. Хүмүүс нутгийнхаа цол авсан
бөхчүүдэд байр өгөөд байна. Та дүүдээ байр єгєх юм байгаа биз дээ гэж ярьдаг
байгаа. Уур хүрээд утсаа салгачихаад сууж байна” гэсэн юм.

Улсын цолонд
хүрсэн бөхийн амьдрал хэрхэн өөрчлөгддөг болохыг Б.Гончигдамба гарьд төрийн
наадамд үзүүрлэснийхээ дараа жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэдэг. Наадмын урд єдєр
хүүхэддээ эм авч өгөх мөнгөгүй байсан ч ердөө наадмын маргаашнаас нь амьдрал
тэс өөр болсон тухайгаа ярьж байлаа.

Өнөө жил
шинэ арслан, харцага, начинтай сайхан наадам боллоо хэмээн хөл хөөрцөг болж
цолонд хүрсэн нөхдөө байр, бандгар жийпүүдээр булж орхилоо.

Хэн нь
хэндээ юугаа өгөх нь маньд падгүй л дээ. Гэхдээ жил жилийн наадмын дараа тэр
төдөн төгрөгөөр начин боллоо гэх үнэн худал нь эс мэдэгдэх яриа гардаг. Манай сонин наадмын өмнөх дугаартаа “ШӨХТГ,
АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна”
гэж бичиж байсан. Тэгвэл бөхчүүдийн хоорондоо мөнгө өгч авалцдаг цолны найрааг
батлах мэт нэгэн зураг цахим ертөнцөд тарж олны анхаарлыг татаад байна. Тэр нь
улсын арслан цолтой бөх засуул дээрээ ирчихээд засуулынхаа утсаар хэн нэгэнтэй
яриад, асуудал шийдэгдэв бололтой
аймгийн цолтонд унаад өгч буй зураг л даа. Утсаар ярихдаа найраа хийсэн үгүйг
улсын өндөр цолтны дэргэд байсан засуул болон утасны цаанаас чагнаж байсан хүн
хоёроос өөр хэн ч сонсоогүй байх. Наадмын өмнө МҮБХ засуулуудын энгэрт камер
байрлуулна гэж мэдэгдэж байсан. Үнэхээр камераа байрлуулсан уу. Хэрэв тийм бол
одоо л тэр засуулын камерийг шалгаж улсын цолтны ярьсан яриаг сонсмоор байна.
Тийм яриа өрнөсөн эсэхийг МҮБХ ил тод гаргах цаг нь болжээ.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шинэ хүнс хэрэглэх нь хоолны хордлогоос сэргийлдэг

Наадмаар мэргэжлийн хяналтын байцаагчид майонезтай хоол хүнс худалдуулахгүй гээд хяналт шалгалт хийгээд байсан даа. Учир нь мах, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн болсон хоолонд нян өсөж үрждэг. Нэг нян хоёр дахин их тоотой болоход ердөө 15 минут хэрэгтэй байдаг бөгөөд зургаан цагийн дотор нэг нян 16 сая болдог аж. Тиймээс баяр наадам цалгисан энэ улиралд анхааруулах үүднээс хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх талаар сонирхуулъя.

Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол, хүнсийг гаднаас нь хараад мэдэх боломж бараг байхгүй. Ерөнхийдөө хүнсийг хэр удаан хадгалсан байна төдий чинээ аюултай. Мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотойгоор хордлого өгдөг. Хоолны хордлогод тав хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс илүү өртөх магадлалтай байдаг аж. Хордлого авсан тохиолдолд хооллосноос хойш хэдэн цагийн дотор голдуу бөөлжих, халуурах шинж тэмдэг илэрдэг.

ДЭМБ-аас гэрийн нөхцөлд хоол бэлтгэхдээ анхаарах таван зарчим гаргасан байдаг байна. Тодруулбал, цэвэр байх, болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгалах, хоол хүнсийг гүйцэд болгох, хүнсийг зохих хэмд хадгалах, ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох зэрэг юм. Хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл гэрийн нөхцөлд давстай ус ойр ойрхон ууж бөөлжих, нүүрсэн эмийг дөрвөн цагийн зайтай дөрөв дөрвөөр нь давхарлаж уух, хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Хэрэв хордлогын шинж тэмдэг илрээд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх буюу цустай суулгаж, дотор муухайрч, бөөлжиж, өндөр халуурвал яаралтай эмчид хандах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөдөг.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зургаан настнууд өдөрт 300 удаа инээдэг, харин ахимаг насныхан…

Инээмсэглэлийн талаар нэг ийм судалгаа гарчээ. Зургаан настай хүүхэд өдөрт 300 удаа инээдэг бол 45 хүртэл насныхан хоногт дор хаяж 14 удаа инээмсэглэдэг гэнэ. Харин тавиас дээш насныхан бүтэн өдрийн турш ердөө дөрөвхөн удаа жуумалздаг аж.

Ахимаг насныхан огт инээдэггүй гэсэн үг. Тэгэхээр хүн нас ахих хэрээрээ өөрийн мэдэлгүй инээмсэглэхээ больдог байх нь. Анагаах ухаанд инээмсэглэлийн талаар бас нэг ийм нотолгоо байдаг юм байна. Сэтгэлийн хөдлөлгүй механик инээмсэглэл хүртэл энергийн түвшинг дээшлүүлдэг, зүрх сэтгэлээсээ инээвэл уураг тархиар дамжаад бүх л эрхтэнд эерэг нөлөө үзүүлдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрчээ. Хэн нэг хүн инээмсэглээд зөрж өнгөрөхөд сэтгэл хөнгөрөөд сайхан болчихдог доо. Дэргэдэх хүний сайхан инээд энергийн түвшинг нэмдгийг мөн л судалгаагаар нотолчихож. Эртний даочууд “дотоод инээмсэглэл”-ээс дотор эрхтэн, бүх биеийг тэтгэдэг бал мэт шүүрэл ялгардаг хэмээн үздэг байж. Анагаахынхны хэлээд байгаа эерэг нөлөөллийг дээр үед даочууд ингэж хэлж байж л дээ.

“Дотоод инээмсэглэл”-ийн буюу чин сэтгэлээсээ инээмсэглэх дасгал хүртэл байдаг юм билээ. Инээмсэглэлийн ид шид, үнэ цэнийн талаар иймэрхүү баримт, мэдээлэл зөндөө байдаг. Тэгэхээр залуужуулж, эрүүлжүүлэх шидтэй инээдээс татгалзмааргүй байгаа биз. Та өчигдөр хэдэн удаа инээснээ бодоод үзээрэй. Тэгээд өнөөдөр чин сэтгэлийн инээмсэглэлээрээ өөрийгөө баярлуулж, ойр тойрныхондоо эрч хүч, энерги бэлэглээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монгол төрийн наадмын зүүний магнай

Монгол төрийн наадмын зүүний магнайг манлайлах гэж хөлөө жийлцсэн хоёр аваргын хүүхэн шуухных шиг тулга тойрсон хэрүүлийн хөлд зуны сар өнгөрчихлөө. Эр хүний ноён нуруу, жудаг бүхний илэрхийлэл гэж итгэж, хүндэлж явдаг бөхчүүд нь хэрүүлтэй болохоор санаа дагаад ч тэр үү энэ зун Монголын их тал нутаг хаа хаанаа гандуухан байгаа сурагтай. Харин өчигдөр эрэмбээ булаалдсан хоёр аваргын хэрүүлийг эцэслэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэдний шийдвэрээр дархан аварга Г.Өсөхбаяр зүүн жигүүрийг магнайлахаар болов. Ер нь хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах нь наадамчин олны хувьд падлийгүй зүйл. Гэхдээ л “Энэ жилийн наадам юу л болдог бол доо, энэ бөхчүүдийн байж байгааг…” хэмээн сэтгэл зовних хүн цөөнгүй. Зарим нь бүр “Зүлэг нь хиймэл ч гэлээ, бөхийн жудаг нь жинхэнээрээ байвал зүгээр сэн” гээд жиг жуг хийх болов.

Бөхийн жудаг гэснээс тэр жилийн нэгэн түүхийг дэлгэе. Тэр жил гэдэг нь 1994 он. Мөөеө аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнуулаад төрдөө үнсүүлжээ. Тэгээд шагнуулсныхаа дараахан Д.Дамдин аваргад зочилж “Данигай аваргаа Монгол Улс намайг Хөдөлмөрийн баатар болголоо, хөлсөө сайн урсгасан гэж шагнаж байгаа бололтой” хэмээжээ. Тэгтэл Данигай аварга хариуд нь “Монгол төрийн наадамд тогтоосон амжилтыг минь Мөнхбат эвдсэн. Таван жил дараалж түрүүлсэн хүчтэн чи шүү. Нүдээ олсон шагнал болжээ. Харин чиний энэхүү шагналыг мялаах барьц на­дад одоо алга. Энэ жилийн Монгол төрийн баяр наадмын зүүний магнайг чи ав” хэмээсэн байдаг. Энд мөнөөх бөхийн жудаг жинхэнээрээ байжээ гэж санагдана. Тийнхүү 1994 оны төрийн их баяр наадамд Данигай аварга зодоглолгүй өнжсөн түүхтэй. Монгол бө­хийн жудаг ийм байсан, байсаар ч байгаасай гэж хүснэм.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хотод түгжирснээс хөдөө явцгаая

Наадмын үеийн асуудлууд үүсч, Улаанбаатар хотынхон ид оволзож
байна. Хотын төв, зуслангийн замууд түгжирч, хуушуур, бууз, мах, борцны ханш нэмэгдэж,
наадмын тасалбар үнэд ороод бухимдуулах үе ч тохиох болжээ. Тэр дундаа
өнөө жил нийслэлийнхний хошуурдаг зуслангийн зам засвартай, эдийн засаг хямралтай,
зарим нутаг гантай гээд олны яриа жаахан тийм байна. Гэхдээ хөдөө нутаг дэлгэр сайхан,
айраг цагаа элбэг хэвээр гэдгийг зорчоод ирсэн хүн бүхэн ярьж, хөдөө явахыг уриалж
байгаа. Явах газраа л зөв сонгох хэрэгтэйг зөвлөх болсон байна. Цаг уурчдын мэдээлж
байгаагаар Монголын баруун аймаг, төвийн бүсийн баруун хэсэг, зүүн зүгийн зарим
нутагт бороо хуртай, дэлгэр сайхан байгаа аж. Саяхан Сэлэнгэ, Туулын сав газраар
бороо орж ган тайллаа. Улмаар ирэх өдрүүдэд нар шарахдаа шарж, бороо орж, солигдмол
үүлтэй таатай сайхан байна гэж цаг уурын урьдчилсан төлөвт буужээ. Ер нь хотоос
холгүй, төвийн бүсийн үзэсгэлэнт газруудад зун ирэхийн зэрэгцээ энэ өдрүүдэд орон
нутгийн баяр, ойн даншигууд, морины баяр тохиогоод үзэж харах зүйл ихтэй байгааг
хөтөлбөрөөс харж болохоор байгаа. Дөрвөн ч том даншиг наадам долдугаар сард багтаж
байгаа юм байна. Баярын амралтаараа нийслэлдээ түгжирч, үзсэн харсан зүйлгүй өнгөрч
байснаас ойрхон ухасхийчихээд ирвэл алдах зүйлгүй мэт.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Урилгатай урилгагүй, дээлтэй дээлгүй гэж ялгамгүй байна даа

Сонгодог урлагийн үдэш нэртэй тун сайхан тоглолт өнгөрсөн бямба гаригт Чингисийн талбай дээр болж өнгөрлөө. Сонгодог урлагийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх, таниулах, хүмүүст сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гээд олон талын ач холбогдолтой тун сайхан арга хэмжээ л дээ. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан уг арга хэмжээ үзэгч, сонирхогчдын зүгээс их л өндөр үнэлэлт авч байсан. Харин энэ жил үзэгчдийг заавал урилгаар нэвтрэхийг шаардаж байсан нь үнэндээ л онцгүй байлаа. Урилгатай хүмүүс нь дотогшоо нэвтэрнэ. Урилгагүй нь нэвтрэх эрхгүй гадна нь зогсоно. Тэртэй тэргүй задгай талбайд тоглож байгаа юм чинь хаанаас ч үзсэн яахав дээ гэх хүн гарах л байх.

Гэвч тийм биш ээ. Үзэгч сонирхогчдыг шууд л хоёр хуваан ялгаварласан нь тун онцгүй үйлдэл. Харин тэртэй тэргүй задгай талбайд тоглож байхад заавал урилга нэртэй цаас хэвлүүлж зардал гаргах хэрэг байсан ч юм уу. Одоо наадмаар “Учиртай гурван толгой” дуурийг төв талбай дээр тоглоно. Бас л дээл өмсөөгүй бол оруулахгүй гэсэн яриа хаа сайгүй тараад байгаа. Үнэхээр дээлтэй дээлгүйгээр ялгаад эхэлбэл бас л муухай юм болно доо. Ард түмэн дунд дээлтэй нь ч бий, дээлгүй нь ч бий.

Ер нь ч тэгээд хүн ямар хувцсаа өмсөх нь ёстой л дурын асуудал шүү дээ. Муухай нь хүнийг өмссөн зүүснээр ялган үзэх санаа бидний эрх чөлөөнд халдаад байгаа юм л даа. Ямартай ч урилгатай урилгагүй, дээлтэй дээлгүй гэж ялгасан, ангилсан үйлдлийг байн байн гаргаад баймгүй л байна даа.

Я.БАЯРБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Аагим халуун өдөр гол, ус бараадах нь сэрүүцэх
хамгийн таатай аргуудын нэг. Гэвч манайхан шалбааг төдийг хараад л үсрээд орчихдог.
Жаахан халамцуу байвал бүр зоригтой орно гээч. Тэгээд сэлэх гэж ёстой элгийг авна
даа. Ерөөсөө л уснаас их айдаг, өвдөг давангуут живнэ гэх ойлголттой. Уг нь Хөвсгөл,
Увс, Хяргас нуураас бусад гол ус юу юугүй живчихээр тийм айхтар байдаг билүү. Туулд
живлээ гэхэд ганц минут тэсээд хөвөхөд уг нь эрэг рүү амархан гарчихна даа. Эсвэл
сандралгүйгээр доошоо сууж байгаад хөлөөрөө эрчтэй жийхэд ямар ч байсан нэг удаадаа
гүнзгий амьсгаа аваад орчноо анзаарч болно. Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар усанд
хөл алдлаа гэхэд тайван байх ёстой юм. Ингээд живж үхдэг юм байж хэмээн бодоод ам,
хамраараа ус залгихын оронд сандрахгүй байх хэрэгтэй. Сэлж чадахгүй гар, хөлөө сарвалзуулахын
оронд аль болох тайван байж биеэ сул тавиад усны мандал дээгүүр хөвж болно. Ингэж
биеэ сул тавьж хөвснөөр ядаж л ус залгихгүй. Бас орчноо харах боломжтой. Хөвж чадаж
байгаа бол гар, хөлөө аажмаар хөдөлгөн өөрийгөө залж болно. Эрэг рүү дөхөхийн зэрэгцээ
бургаснаас зүүгдэн тогтох болно. Харин согтуу хүмүүс усанд осолдож живдэг нь шөрмөс
татсантай холбоотой байдаг. Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үед хүйтэн
усанд орохоор булчин, шөрмөс зангирч татдаг. Тиймээс халамцуу үедээ голын эргээс
холхон байхыг сануулъя. Яаж ч сайн сэлдэг байлаа гээд ус руу орно гэж саналтгүй
гэж эмч нар анхааруулдаг юм байна лээ. Тэгээд ер нь усанд живэхгүй байх хамгийн
гол зүйл нь сэлж сурах шүү дээ. Хотын аль ч дүүрэгт усанд сэлэлтийн сургалт явуулж
байгаа усан сангууд бий. Тэнд очоод ганцхан сар хичээллэхэд ямар ч байсан живж үхэхгүй
л болов уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гялгар ууттай хуушуур

Өнөөдөр европчууд нийлэг уутнаас татгалзах өдрийг хэрэг болгож тэмдэглэнэ. Нийлэг уутанд хийсэн хүнс эрүүл мэндэд ямар хортойг шинжлэх ухаан тогтоочихсон, тэр аюулыг нь биеэрээ мэдэрчихсэн учраас тэр. Эрдэмтэд нийлэг уутыг судлаад улаан хоолой, хоол боловсруулах эрхтний өвчлөлд нөлөөлдгийг баталжээ.

Цаад хор хөнөөлийн нэг нь хорт хавдар гэдгийг ч ам нийлүүлэн сануулж буй. Нэг кг гялгар уутыг шатаахад таван тонн нефть шатаасантай тэнцэхүйц хорт хий ялгардаг гэсэн статистик бий. Бас найрлагад нь хар тугалга ихээр агуулагддаг аюултай эд.

Удахгүй наадам болно. Цэнгэлдэхэд хуушуур зардаг нөхөд халуун хуушуураа гялгар уутанд хийгээд өгчихдөг. Халуун хуушуур нийлэг ууттай урвалд орж ямар л хор байна, тэр бүгдийг нь наадмын зоогонд шингээдгийг бид харин анзаардаггүй. Хаа сайгүй л гялгар ууттай хуушуураа бариад наадамласан улс харагддаг. “Монголын ногоон сав баглаа боодлын нийгэмлэг” нийлэг уутнаас татгалзах уриалгыг наадмын өмнөх энэ өдрүүдэд гаргажээ.

Хэрэгтэй л сануулга. Төрийн бус байгууллага нь иргэдийнхээ эрүүл мэндэд ингэж анхаарч байхад хуушуур зарах зөвшөөрөл өгдөг газрууд нь зөвшөөрөл авсан хүмүүст “Хуушуураа цаасан юм уу зориулалтын хүнсний уутанд хийж үйлчлээрэй” гэсэн шаардлагыг тавимаар л байгаа юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мөнхийн ус

Чингис хаан мөнхийн
ус байдаг эсэхийг мэдэх гэж эрдэмтэй номтой гэгдсэн хүмүүст хандаж байсан гэдэг.
Дуусаагүй мөрөөдөл, дундраагүй ажил их учраас тэрбээр урт наслахыг хичээж байсан
нь дамжиггүй. Үлгэр домогт мөнхийн усны тухай их л өгүүлдэг нь эртний хүмүүс урт
наслахыг хүсч мөрөөдөж байсныг илэрхийлнэ. Эрдэмтэд харин мөнхийн ус хайхын оронд хүний зарим нэг эд эсийн тохиргоог өөрчлөх нь
дээр гэж үзсэн бололтой. Японд амьд эсийн цагийн молекулын тохиргоо хийдэг судалгаа
хийгдэж байгааг БСШУ­ны сайд Л.Гантөмөр ярьсан юм. Амьд организм болгон
цагийг мэдэрдэг юм байна л даа. Цагийг мэдэрдэг
учраас хүн хөгширдөг гэнэ. Тэр мэдрэмтгий
молекулыг мангартуулчихвал бид хөгшрөхгүй юм байх аа. Нөхөд өнөөх молекулуудыг унтуулах
аргыг олоод жишээлбэл 24 цагийг 16 цаг болгож
мэдэрдэг болгочихсон ажээ. Ирээдүйд хоног
хугацаа харвасан сум мэт өнгөрөхөө байчих ч юм билүү. Үнэндээ байгалийн жамыг өөрчлөөд, хүн
зарим хүмүүсийн яриад байгаа шиг 500 насалдаг болчихвол мөн ч их асуудал
ундарна даа. Хязгаартай нөөцийг хязгааргүй хэрэглээнд хэрхэн хүртээх вэ? Хүний насыг уртасгаж чадсан эрдэмтдэд хоол хүнсний
асуудлыг шийдэх нь хялбархан ажил ч юм болов уу. Харин үүний оронд ёс суртахууны
асуудал хурцаар сөхөгдөж мэднэ. 500 наслахдаа хүн нэг хүнд үнэнч байж чадах уу,
эсвэл 500 жил нэг хүнтэй “хэрүүл хийх”­ийг хүсэхгүй ч юм болов уу. Энэ бүх ярвигтай
асуудлын оронд эцэст нь зүгээр л байгалийнхаа жамаар наслахыг илүүд үзэж ч мэднэ.

Б.ЯНЖМАА