Categories
арын-нүүр булангууд мэдээ

Автобусаар үйлчлүүлэгчид хүн чанараа гээжээ

Ууртай, харилцааны
соёл­гүй, үйлчлүүлэгчидтэй зүй бусаар харилцдаг кондуктор хэмээх ажлын байр устаж,
хүнээс ч ухаалаг, нягт нарийн тооцоо хийдэг цахим карт нийтийн тээвэрт нэвтрээд
хэд хонолоо. Дэлхийн жишигт нийцсэн, дэвшил болж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн хэд
хоногт энэ шинэчлэлийг да­гаад хүний мөс, мөн чанартай холбоотой доголдол гарсан
нь ажиглагдаж байна. Тод­руулбал, цахим карттай иргэд бууж, суух бүртээ картаа ун­шуулж
үйлчилгээ авсных нь хөлс данснаас нь цахим тооцоолуураар тооцогдон хийгдэж байгаа.

Харин карт аваагүй
ир­гэд тусгай хайрцагт нэг удаа­гийн төлбөр болох 500 төгрөгийг хийсний дараа үйл­чилгээ
авна. Энэ байдлыг далимдуулсан иргэд ч 500 төгрөг төлөх байтал улаан цагаан 100
төгрөг шургуулсан болоод зорчих болж. Бүр мөнгө төлөлгүй дайран орж хэдэн буудлын
дараа хээвнэг бууж одох тохиолдол ч ихэсчээ. Картгүй иргэд бүг­дээрээ л ийм араншин
гаргаж байгаа бололтой юм. Үнэндээ ахмад настнуудад л цахим үнэмлэхийг тараасан
учраас нийслэлийн нийтийн тээврээр зорчигчдын 80 ор­чим хувь нь мөн чанараа ийн
харуулж байгаа бололтой. Харин тасалбар тасалдаг бай­хад мөнгөө өгөөгүй хү­нийг
өшигчиж, нүдсээр авто­буснаас хөөж буулгадаг бай­сан кондукторууд үүнийг ёстой л хараагүй мэт өнгө­рүүлэх болсон
гэлцэнэ. Яагаад гэвэл тэдэнд ашиггүй болж, халаасанд нь мөнгө орохоо байсан учраас
тэр. Үйлчлүүлэгчид хийгээд кон­дук­торуудын мөн чанар ийм байна. Асуудалд анхаарахгүй удвал салбар санхүүгийн алдагдал
хүлээж нийтийн тээврийн үйлчилгээ доголдож ч мэдэх. Өнгөрсөн өдрүүдэд Лондонгийн
метро буюу ний­тийн тээвэрт доголдол гарч тус хотын дөрвөн сая иргэн өнөөдөр ч ажилдаа
ирж, бу­цаж чадахгүй байгаа нь асуу­дал хүндэрвэл нөхцөл байдал хэрхдэгийн жишээ
биз.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан зүйлийн талаар бодох нь бясалгал болдог

Дээрхийн гэгээн XIV далай лам “Амар тайван амьдрахуйн зурлага” номынхоо өмнөтгөлд бясалгалын тухай онцолжээ. “Хүмүүний хувьд бид бүгд зовлонгоос салж, жаргалд хүрэхийг хүсдэг. Харин жаргалд хүрэхийн тулд сэтгэл оюунаа ариусгах нь нэн чухал гэдгийг би амьдралынхаа туршлагаас олж мэдсэн. Миний шүтдэг Бурханы шашны ёсонд сэтгэл оюунаа ариусгах хамгийн үр дүнтэй арга зам нь бясалгал хийх явдал хэмээн сургадаг. Бясалгал хэмээх нь завилан сууж сэтгэл санаагаа чөлөөлнө гэсэн утгатай боловч, бас сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэнэ гэсэн утга агуулдаг” хэмээн Дээрхийн гэгээнтэн өгүүлжээ.

Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нэрвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсноо ухаардаг. Хүмүүн бид энэ насныхаа эхэн адагт бусдын хайр энэрэл халамжаар өлгийдүүлдэг мөртлөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ хэмээн Далай ламтан айлдсан нь нэгийг бодогдуулна. Бид маш тэвчээртэй байснаар ерийн үед бэрх санагдаж байсан зүйл тийм ч бэрх бус болдог. Тэвчээр үгүй бол маш хялбар зүйл ч давахын аргагүй бэрх болно. Олон зүйл бидний хандлагаас хамаарна гэсэн Далай ламын зөвлөгөөг санахад илүүдэхгүй буй за.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жанч халсан ламын шарилд мөргөхөөр жаал жуул мөнгөө үрэхийн хэрэг юун

Монголчууд
бид шулуухан хэлэхэд хэзээнээсээ нааш бүтээгч ард түмэн биш. Ганц хадаас байсан
ч, нэг ширхэг дэвтэр, цай, тамхи, шатахуун тос, машин тэрэг гээд хэрэглээний бүхий
л эд зүйлсээ гаднаас авна. Тэгсэн атлаа мухар сүсэгт автан хэрэгтэй хэрэггүй нэгэнд
тархиа угаалгаж, олсон хэдэн төгрөгөө салхинд хамаагүй цацна. Үүний захын нэг жишээ
бол ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын Иволгын дацанд байдаг Итгэлт хамбын шарилд очиж
залбирах мөргөлийн аялал. Өвөл зун, өдөр шөнөгүй л тийш зорих ардын зам балрахгүй
байгаа. Хэчнээн ч олон автобус дүүрэн хүн тийш зорчиж, хэтэвчээ нимгэлдгийг тооцож
үзвэл нэлээд их тоо гарна. Итгэлт хамбын гэх тэр шарилыг очиж үзэхэд хатаж хорчийгоод
гурав дөрвөн настай хүүхдийнх шиг болсон байдаг.

Манайд ийм
шарил шуумал байдаггүй юу гэвэл байдаг. Наймдугаар богдын багшийнх нь шарил байж
л байна. Өнгөрөгч хавар айлын хашаанаас олдсон шарил бол Итгэлт хамбын шарилын дэргэд
маш сайн хадгалагдсан зүйл байсан. Үнэхээр л үхсэн хүнд мөргөх сайн байдаг юм бол
ийм шүтээнүүд манай өргөн дэлгэр уудам нутагт үй түмээрээ байж л байна. Тэгэхэд
Итгэлт хамбын итгэлт үгүй шарилд очиж мөргөх гэж үйл тамаа үзэн, хил гаалийн оросуудыг
царайчлан, баахан мөнгө төгрөг үрэн, ах дүү хамаатан саднаараа шуурцгаах нь бүр
хэрээс хэтэрсэн үзэгдэл болж. “Айст Монголиа” суваг харж байхад тэнд очиж мөргөж
байгаа монголчууд “Хамбадаа мөргөөд бие, сэтгэл ариуслаа. Орлогын үүд нээгдлээ”
гээд ёстой нэг донгосч өгөх юм аа. Юугаа, хэрхэн шүтэх нь Монгол Улсын “Үндсэн хууль”-аар
олгосон хувь хүний эрх ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед жанч халсан хилийн
цаана байх нэг ламын шарилд олсон долсон хэдэн бор юмаа аваачиж өгч, аж амьдралаа
доройтуулахын учир баймгүй л санагдах юм даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эцсийн мөчид…

Саяхан нэг
өгүүллэг уншлаа. Өгүүллэгт монголын нэгэн тансаг баян эрхмийн гэр бүлийн тухай гарах
юм. Тансаг зэрэглэлийн байранд дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч буй гэр
бүл. Эднийх хүү, охин хоёртой бөгөөд хүүхдүүд нь гадаадад сурдаг. Гэтэл энэ гэр
бүлд гай тохиож эцэг нь хүнд өвчнөөр өвчилж, эмчилгээний зардалд бүхий л зүйлээ
зориулж байлаа. Хоёрхон жилийн дотор ямар ч эд хөрөнгөгүй болж тансаг харшид байсан
айл хашаа байшин хөлсөлж, өнгөтэй өөдтэй явахад салдаггүй байсан найз нөхөд ч бараа
сураг нь тасарчээ.

Хоёр хүүхэд
нь сургуулиа ч төгсч чадалгүй эх орондоо ирж нэг нь барилгын туслах ажил хийж, нөгөө
нь эмнэлгийн үйлчлэгчээр ажилд орж аавынхаа эм тариа, хоногийн хоолныхоо мөнгийг
олохын төлөө эцэж, цуцталаа ажиллаж тансаг өссөн хүүхдүүд хүртэл туйлдаа хүрэв.
Энэ бүхэнд эхнэр нь хамгийн ихээр шаналж, шөнөжин уйлсан хоногийн тоо ч алдарчээ.
Ханиа харахаар хэзээ хорвоог орхих бол гэхээс зүрх нь шимширч, хар бор ажил хийж
яваа хүүхдүүдээ бодохоор сэтгэл нь сэмэрч байв. Ингээд эцсийн мөчид эхнэр нь хуримын
бөгжөө ломбарданд тавьж нөхрийнхөө гурав хоногийн тариаг авч байгаа зураглал гарна.

Энэ айлд
үүнээс өөр үнэд хүрээд байх зүйл ч үлдсэнгүй. Нөхөр нь эхнэртээ зориулж 2000 ам.доллараар
авч байсан боловч ердөө 500 мянган төгрөг л хүрсэнд эхнэр нь жаахан гонсгор гэртээ
харив. Гэвч нөхөр нь гомдсонгүй нөгөө мөнгийг нь авч дарга байхаас нь жолоочийг
нь хийж ирсэн хөгшинд өгөв. Энэ гэр бүлд ганц тус болдог хүн нь цагтаа эхнэрийнх
нь арчаагүй, заваан гэж ад үзэж байсан өнөөх жолооч байсан юм. Жолооч ч өнөөх мөнгийг
аваад эм, тариа авчрахаар гарав. Яг энэ мөчид нөхөр нь амьсгал хураалаа. Маргааш
нь уй гашууд нэрвэгдсэн эхнэрт жолооч нэгэн захиа өгөв. Энэ бол түүний нөхрийн үлдээсэн
захиа.

Захианд хоёр
хадгаламжийн дэвтэр болоод тэдний амьдралд хүрэлцэхүйц хангалттай хөрөнгө үлдээсэн
болохыг мэдэв. Захианд “Би нэгэнт эдгэршгүй өвчтэй учраас чинийхээ төлөө ийм шийдвэр
гаргасныг минь уучлаарай. Зовлон үзээгүй өссөн хоёр үрээ эцгийгээ үгүйд барьц алдаж,
ээжийгээ ямар ихээр зовоох бол гэж бодохоос элэг эмтэрч зориуд амьдралд сургасан
юм шүү. Одоо та гурав минь алзахгүй ээ. Намайгаа дахин уучлаарай” гэсэн байжээ.
Эцэг хүн ийм л алсын хараатай, агуу хүмүүс байдаг аж.

Д.ДАВААСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийгэмд буруу үйлдэл хийсэн хүнд цахим ертөнц шийтгэл оноодог болжээ

Саяхан Хятадын Урумчи хотод амьдардаг нэгэн эр гэмгүй нохойг зодсоны төлөө олон нийтээс уучлал гуйсан байна. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Чен Жай гэх худалдагч залуу дэлгүүрийнхээ гаднаас цусандаа хутгалдан, гэмтэж бэртсэн нохойгоо олжээ. Нохойг нь Ван Жиан хэмээх 30 орчим насны эр зодсон болохыг мэдсэн байна.

Тэрээр нохойг гурван настай хүү рүү дайрсан учир зодсон хэмээн тайлбарласан ч нохойнд хазуулсан гэх ямар ч хүүхэд байгаагүйгээр барахгүй хүүхдийн уйлах чимээ сонсогдоогүй гэнэ. Энэ хэрэг гарснаас хойш хэдхэн цагийн дараа нохой зодсон эрийн гаргасан хэрцгий авирын тухай орон нутгийн хэвлэл мэдээлж, онлайнаар түүний гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг бусад хувийн чанартай мэдээлэл цацагдсан гэнэ.

Удалгүй нохойг зодсон эрийн утсанд 2000 гаруй шүүмжилсэн мессеж, 3000 орчим дуудлага ирсэн аж. Бүр амьтан хамгаалагчдаас хүртэл сүрдүүлэг ирсэн байна. Аргагүй байдалд орсон балмад этгээд нохойг зодож, бэртээсэн дэлгүүрийн гадаа ирж олон нийтэд хандаж уучлал хүсч, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн аж.

Гэсэн ч олон нийтийн уур бухимдал намжаагүй бөгөөд түүнийг шийтгэхийг шаардсан хүмүүс түүний машины шилийг хагалсан байна. Энэ нь нийгэмд асуудал үүсгэсэн хүнд цахим ертөнц ямар том шийтгэл хүлээлгэж болох тод жишээ болжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Харшлаас салъя гэвэл сорил хийлгэхийг зөвлөж байна

Монголын харшил судлалын нийгэмлэгээс ийм нэгэн зөвлөгөө хүргэж байсныг хуваалцъя. Хэрвээ харшилтай эсэхээ сайн мэдэхгүй байгаа тохиолдолд сорил тавиулах хэрэгтэй аж. Сорилыг харшил өвчин байж болох нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах зэрэг амьсгалын замын зовиур илэрвэл, биеийн аль нэг хэсэг газарт загатнах, арьс улайж туурах, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах зэрэг арьсанд шинж тэмдэг илэрвэл сорил тавиулах хэрэгтэй гэнэ. Мөн ямар нэгэн хоол идсэний дараа гэдэс гэнэт хүчтэй өвдөх, гүйлгэх, шавьжинд хатгуулснаас том хэмжээний хавдар үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл сорил тавиулахыг тус нийгэмлэгээс зөвлөсөн юм. Мэдээж харшлыг эмчлэхийн тулд эхлээд шалтгааныг нь тогтоох шаардлагатай тул чухамдаа сорил тавиулж байж уг шалтгааныг тогтоодог байна. Харин сорилыг хэд хэдэн аргаар хийдэг гэнэ.

Тухайлбал, арьсанд хатгах аргаар сорил тавилаа гэхэд жишээ нь, шарилжинд харшилтай бол, гүвдрүү нь шарилжны уусмал хүрсэн тэр хэсэгт улайж, бага зэрэг загатнаж, жижиг хэмжээтэй бэлцрүү илэрдэг байна. Энэ урвал нь биед түргэн зуур явагдаж, сорилын хариу 15 минутад гардаг аж. Ийнхүү сорил тавиулсны ачаар хэн хүн өөрийгөө харшилтай эсэх, эсвэл юунд харшилтайгаа ажиглаж төөрөлдөхгүй байх боломжтойн дээр сорилын үед улайх, бага зэрэг бэлцрүү үүсэхээс өөр шинж тэмдэг илэрдэггүй гэнэ.

Улмаар улайлт бэлцрүү сэлт нь 30-аад минутын дотор арилдаг байна. Мөн арьсан доторх сорил гэж байдаг байна. Энэ сорил нь арьс хатгах сорилоос илүү мэдрэг бөгөөд арьс хатгах сорилоос илүү үр дүнтэй аж. Энэчлэн хавар намрын улиралд хөдөлдөг ургамлын харшил, хоол хүнсний болон бусад төрлийн харшлаас салъя гэвэл зөвхөн харшилд сайн гэсэн нэрийн дор элдэв эм хэрэглэхгүйгээр нэн түрүүнд сорил хийлгэвэл эмчилгээ илүү үр дүнтэй байх ажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нүднээс далд юу ч үгүй

Нүднээс далд юу ч үгүй, нууцлах ч боломжгүйг 70 сая төгрөгийн өртөгтэй усан хөшиг харуулчихлаа. Сүр дуулиантайгаар нээсэн усан хөшиг 70 саяын үнэтэйг Шилэн данс харуулчихав. Хийсэн ажлынх нь нүүр царай, татвар төлөгчдийн мөнгөнөөс зориулсан дүнг нь хүмүүс хараад л “шүүчихлээ”.

Мэргэжлийн инженерүүд нийлээд өнөөх ажлынх нь төсөвт өртгийг тооцоод гаргаад ирэв. Хамгийн өндрөөр тооцоход материал 14, урсгалд нь зургаа, тээврийн зардал дөрвөн сая гээд хүснэгтэлж байгаад тооцоо хийгээд 23.7 сая төгрөгт багтана гэчихлээ. Чухам үнэнийг холбогдох байгууллагууд тогтоож, тайлбарлах биз ээ.

Харин энэ явдал ардчилсан, зах зээлийн нийгэмд хүн бүр нүд, чихтэй байх ёстойг харуулж байгаа хэрэг. Хүн бүрийг нүдтэй, чихтэй болгохын тулд Шилэн дансны тухай хууль батлагдсан.

Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хийсэн үйлдэл, зарцуулсан мөнгө бүгд нүдний өмнө ил байгаа учраас л иргэд шүүмжилж, дүгнэж, нөгөө нөхдүүд үйлдэл бүрээ хянахаас аргагүйд хүрч байгаа юм. Үүний үр дүнд татвар төлөгчдийн мөнгөнд хуруу дүрэхгүй болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ойн захын бяцхан байшиндаа хөл нүцгэн гүйгээд л…

Их хотын стресс дарамтаас залхсан залуус хөдөөгийн эгэл даруухан амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон гэнэ. Үүнийг дагаад хувцасны хэв маяг хүртэл энгийн, спорт хэв загвартай болж байгаа гэж солонгос мэргэжилтэн ярьж байсан. Хүн төрөлхтөн нэгэн үе байгалийг эрхшээлдээ оруулах том санаа агуулж байсан бол өдгөө байгальтайгаа зохицож амьдардаг нүүдэлчдийн амьдралын хэв маягийг судалж эхэлжээ. “Язгуур шүтлэг ба байгаль соёлын экологийн асуудал” олон улсын хурал дээр саяхан энэ санаа их яригдсан. Байгальтайгаа зохицож амьдрахгүй бол хүн төрөлхтний өсөлт, хэт хэрэглээ цэнхэр гаригт маань аюул учруулах болсон. Тийм учраас хүн байгаль эн тэнцүү орших учиртай гэсэн үзэл санаа бий болоход хүрчээ. “Уул усны үр сад” гэдэг шиг өөрсдийгөө байгаль эхийн хүүхдүүд гэх мэтээр байгаль, уул, ус, амьтныг хүншүүлж, сүнсжүүлж хүнтэй адилтган үзэх нь мухар сүсэг бус ахуйгаас урган гарчээ. Монголчуудын уламжлалт ухаан нь байгальд хайр найргүй хандахгүй байхыг, байгалийг хохироохгүй байхыг сургадаг.

Ээж маань багад “Сүүтэй шанагаар ус хутгадаггүй” гэж захидаг байж билээ. Сүүтэй шанагаар хутгаж болохгүй голд машин тэргээ угааж бүр ч болохгүй нь ойлгомжтой. Ардын ёс заншил уламжлал нь аман хууль гэсэн үг. Цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчиж болдог бол ээжийнхээ үгийг зүрх сэтгэлээрээ дагах нь зүйн хэрэг. “Монголчуудын байгаль хамгаалах зан үйлийн нэг нь уул овоо ус мөрний тахилга” гэж академич Б.Энхтүвшин онцолсон. Монголчууд овоо босгохдоо тухайн нутгийн сүлд болсон газар нутгийг сонгох агаад дархлан хүндэтгэж хамгаалдаг аж. Тахилга шүтлэгтэй уулнаас дураараа мод огтлохгүй, ан амьтныг хөнөөхгүй, булаг шандыг бохирдуулахгүй шүү дээ. Хүмүүс байгаль руугаа эргэж байна. Ойн захын бяцхан байшиндаа хөл нүцгэн гүйх сэн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөдөлмөр бол хүмүүний авралын бурхан юм

Социализмын үеийн сурагч бид “Хүнийг хөдөлмөр бий болгосон” хэмээх үгийг ой тойндоо шингэтэл тогтоож авсан сан. Тэр ч байтугай сармагчин байхдаа жимс, самар авах гэж мод өөд өндийж боссоор хөгжлийн зүй тогтлын аясаар хоёр хөлтэй болсон гэж ч заадаг байсан.

Ямартай ч хүн гээч “амьтан”-ыг ажил хөдөлмөр л өнөөдрийн өндөр хөгжил дэвшилд хүргэжээ гэдгийг бид ингэж ойлгосон. Нэрт жүжигчин Чарли Чаплин хэдийгээр гудамжинд хоног төөрүүлсэн ядуу зүдүү нэгэн байсан ч алт шиг авьяасаа хөдөлмөрлөж зүлгэсээр тайз дэлгэцийн их мастер болсон гэдэг.

Тэгвэл дэлхийн хүүхэлдэйн киноны загалмайлсан эцэг Уолт Дисней 1923 оны наймдугаар сард халаасандаа гучхан доллартай Холливудын босгоор алхаж, мөн ондоо багтан 12 киноны зураг зуран ажлынхаа гарааг эхэлснээр амжилтын тавцанд нэрээ мөнхлөх боломжтой болсон аж. Түүний цүнх гэж нэрлэсэн цаасан хайрцагт нь тухайн үедээ сольж өмсөх хоёр өмд, ганц муу хүрэм, нэг цамц л байсан ч тэрээр хэдхэн жилийн дараа дэлхийд нэртэй хүн болсон байлаа. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайнд оролцон шархдаж, хөдөлмөрийн чадваргүй болсон ахынхаа тэтгэлгийн 85 доллараар өөрийн студиэ байгуулж, уйгагүй хөдөлмөрлөсний эцэст томоохон амжилтын эзэн болж байжээ.

Ажил хөдөлмөр хүнийг бий болгох төдийгүй авралын бурхан нь болдгийн жирийн нэг жишээ ийм буюу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өтгөн хатах нь хөгшрөлтийг түргэсгэдэг

Өтгөн байнга эсвэл давтамжтай хатахаас сэргийлэхийн тулд таныг хоол, хүнсээ сонгохдоо анхаарахыг зөвлөж байна. Биед хуримтлагдсан хорт бодисууд хугацаандаа гарахгүй дотор эрхтэнд хямрал үүсгэх нь арьсыг гэмтээж хөгшрөлтийг түргэсгэдэг аж. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүн бүр өтгөн хаталтаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та өглөөний цай, ундаа тогтмол ууж байх хэрэгтэй аж. Өлөн элгэн дээрээ хар чавганы ханд, зөгийн балтай буцалсан ус зэргийг хэрэглэвэл нэн сайн гэж эмч нар зөвлөдөг. Энэ нь өтгөнийг саадгүй гадагшлуулахад тустай байдаг гэнэ. Өтгөн хатахаас сэргийлж хоолны дэглэм сахих нь буруу зүйл биш аж. Харин дэглэм барихдаа голцуу ногоо, жимс, хар талх зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг байна. Дэглэм барьдаггүй хэн боловч мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, цайны жигнэмэг, ногооны зууш идэх нь өтгөн хаталтаас айх аюулгүй болгодог гэнэ.

Ер нь өтгөн хатахаас сэргийлэх хамгийн шалгарсан арга бол дасгал хийх. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах нь хэвлийн булчин сайн хөгжиж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг байна. Мөн иллэг ч хийх боломжтой. Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан өдөрт хэд хэдэн удаа иллэг хийх нь тохиромжтой байдаг ажээ.