Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өргөст хэмх дарах гэрийн эзэгтэйн жор

Намрын ногоон өдрүүд ирлээ. Туршлагатай гэрийн эзэгтэй нар өвөл хэрэглэх ногоо, жимсээ даршилдаг их ажлын цаг айсуй. Дархан, Сэлэнгийн гэрийн эзэгтэй нар энэ талын арвин туршлагатай хүмүүс. Дархан-Уул аймгийн иргэн, С.Наранцацралаас өргөст хэмх даршилдаг жорыг нь сонирхсон юм.

Тэрбээр олон жилийн турш ногоо, жимс даршилсан туршлагатай агаад хүүхдүүд нь ээжийнхээ даршилсан ногоог дэлгүүрийнхээс илүүд үздэг.

Өргөст хэмх даршлахын тулд эхлээд шил, таглаа, даршлах ногоогоо сайтар угааж цэвэрлээрэй. Дараа нь уусмал бэлтгэнэ. 10 литр усанд 500 г давс, 300г сахар, 200 г уксус орно.

Сайтар угааж бэлтгэсэн 800гр болон литрийн шилэндээ эхлээд амтлагч ногоогоо хийнэ.

Ингэхдээ нэг шилэнд укропны нэг жижиг багц, гоньд, нэг хумс сармисыг дөрөв хувааж хийнэ. Дунд зэрэг лаврын навч нэгийг, үрлэн хар перец таван ширхгийг нэмээрэй. Сонгино хэрчиж хийж болно.

Дараа нь шилэндээ өргөст хэмхнүүдээ сайтар чигжиж хийгээд, уусмалаасаа нэмнэ. Ингээд шилэн дээрээ тагаа хагас тавиад, буузны томхон жигнүүрт шилтэй ногоогоо хийж, 15 минут орчим жигнэж ариутгана. Заавал 15 минут хүлээлгүйгээр шилтэй уусмалд бөмбөлөг хөөрч эхлэхэд бэлэн болсон гэж үздэг.

Ингээд жигнэсэн шилтэй өргөст хэмхээ гаргаж, тагийг нь сайтар таглаад, уруу нь харуулж гурав орчим хоног тавиарай.

Тагаар нь уруу нь харуулж тавихад, шилний хий бүрэн гарч, консервлогдоно. Арван литр уусмалаар 800-гаас нэг литрийн шилтэй 55-60 шил даршилсан өргөст хэмх бэлтгэнэ. Уусмал бэлтгэх усаа буцалгаж хөргөсөн байх учиртай.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөдөөний хөх өвгөдөө сонсохсон

Дорноговь аймгийн Хөвсгөл сумнаа өнгөрөгч хавар зорчиж яваад цаг оройтож бүрэнхий болохын хавьцаа өвөлжөөндөө ганц гэрээр буусан нэг айлд хоног төөрүүлсэн юм. Нэг хөх өвгөн, эмгэнтэйгээ хоёулхнаа хэдэн хонь, ямаатайгаа өвөлжиж байсан. Цагаан сарын дараахан байсан учир үүргэвчинд байх “ганц юм”-аа мань өвгөнд барьж золголоо.

Тэгээд хамт явсан найзынхаа цуг эмгэний хормын дотор чанасан борцтой, бор гурилтай лавшааг аягатай нь хамт зооглох шахангаа, говийн заг модтойгоо адилхан өвгөнтэй баахан хууч хөөрөв. Өвгөн нэг хэсэгтээ хүний бараа хараагүй болоод ч тэрүү, задалсан гашуун ундаандаа ам халаад ч юмуу хэсэг азнаад үгээ зөөж ирээд л баахан ярьсансан.

Нутаг ус, мал хуйгаа, хүний амьдралын заяа төөргийн талаар, улс, эх орныхоо тухай гээд зөндөө сайхан зүйлс ярьж билээ. Өвгөний үгнүүд бүгд шижир алт мэт үнэн агаад үнэ цэнтэй байсан ч түүнийг энд нуршилгүй өөртөө үлдээе. Зүгээр л амьдралын эрээн барааныг туучин насныхаа оргилд ирсэн бор гэрийнхээ хойморт залрах ийм сайхан монгол өвгөдөөс сургаал үгсийг нь сонсож яваарай л гэх гэсэн юм.

Эс бөгөөс тун удахгуй тийм, ийм алдартай сургууль төгссөн гэх, хүний өөрийн үгсийг хольж хутган цэцэрхэх, эрүүн дорх живэр сахал нь эгээ л ургаж амжаагүй шахуу хүүхдүүдээр амьдралаа заалгадаг болох гээд байна шүү.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийн яриа

Томчуудын анзаарч хараагүй, бодоогүй тийм санаа балчир хүүхдүүдээс гарах нь олонтаа. Хүүхэд байгаа газарт хөгжилтэй яриа өрнөж, хөөр баяраар дүүрдэг шүү дээ. Хүүхдийн хэвлүүхэн ярианаас сонирхуулъя.

Ажлаа тараад гэртээ харьтал бага ангид сурдаг охин маань мэндийн зөрүүгүй багшийнхаа тухай гомдоллов. “Өнөөдөр манайд ёстой муухай багш орсон. Бид бүгдээрээ цээж бичигтээ тэнцээгүй” гэж хошуугаа унжууллаа. Яагаад гэтэл “Уг нь яг багшийн хэлснээр бичсэн байхгүй юу. Манай ангийнхныг алдаатай бичсэн гээд бүгдэд нь муу дүн тавьчихсан гээд бод доо” гэж ирээд л нэг амьсгаагаар дуржигнуулав. Тэгснээ “Багш өөрөө их муухай хэлээд байсан юм л даа” гэх нь тэр. Цээж бичгийнх нь дэвтрийг сөхөөд хартал манай хүн “Көк мөнк тэнгэрийг эзэгнэкэнэ төрлөө би нь. Көмсгөнө сарны туяай нь…” гээд биччихжээ. “Аргагүй ш дээ, миний охин өөрөө алдаатай бичсэн байна” гэтэл “Манай багш өөрөө ингэж албаар хэлчихээд бүгдэд нь муу тавьчихаж байгаа юм даа. Аймаар муухай санаатай байгаа биз” гэхэд нь гэрээр нэг инээдэм болов. Яахав багш нь аялгатай ярьдаг нэгэн байсан бололтой.

Хажуугийн айлд нэг өдөр хулгайч орсон тухай хавийн хөгшчүүл ам дамжин ярив. Хөрш айлын эмээ ч хулгайчийн хажууд байсан мэт өнгөтөөр дүрсэллээ. Маргааш өглөө нь дөрвөн настай охин маань “Ерөөсөө би цэцэрлэгээсээ амралтаа авчихъя. Гэрээ хараад л сууж байя. Энүүгээр хулгайч яваад байгаа гэсэн биз дээ” гэв. Манай хүн ч цэцэрлэгт явах тун дургүй л дээ. Хулгайчаар далимдуулж, цэцэрлэгтээ явахгүй гэсэн санаагаа ингэж илэрхийлэв.

Орой зурагтаар мэдээ гарч байна аа. Оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгодог. Бас дээрээс нь автобусаар үнэгүй зорчдог тухай байв. Энэ мэдээг анхааралтай ажиглаж суусан найзын маань найман настай хүү аав руугаа хараад “Би автобусаар үнэгүй явах уу. Манай сургууль бас хэзээнээс бидэнд мөнгө өгдөг болох вэ” гэлээ. “Хүү минь зөвхөн оюутнууд л ийм давуу эрхтэй, сурагчид бол тийм биш” гэснээс өөрөөр тайлбарлаж чадсангүй. Гэтэл өнөөх жаал “Аан, тэгвэл тэр оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй юм уу” гэж ааваасаа лавшруулж асуусан шүү.

Хүүхдийн яриа цаанаа л хөөрхөн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сурагчийн цүнх үүрсэн аав ээжүүдэд…

Сурагчийн цүнх үүрч, хүүхдээ хөтөлсөн аав ээжүүд сургууль руу нь яаран алхаж яваа харагддаг. Өнгөндөө хүүхдийнхээ ачааллыг багасгаж байгаа мэт боловч энэ нь эд зүйлдээ хайхрамжгүй, бусдад найдах хандлагад дасгаж байгаа хэрэг гэнэ. Хүүхдээ бие даасан, бусдаас хараат бус болгож төлөвшүүлэхийн тулд сургуульд орсон цагаас нь эхлээд бал, харандаа, цүнх гээд өөрийнх нь эд зүйлийг өөрт нь даатгах хэрэгтэй аж.

Гэтэл манай зургаан настнууд цүнхээ даадаг билүү гэдэг асуудал гарч ирнэ. Судалгаагаар үзэг, бал харандаа, дэвтэр, баримлын шавар гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг эд зүйл хоёр кг 730 грамм болжээ. Зургаан настнуудын цүнхний жин номтойгоо нийлээд дөрвөн кг 135 грамм болдог гэсэн тооцоо гарчээ.

Дээр нь хайртай тоглоом, наадгайгаа нууцаар цүнхэлчихвэл нуруундаа үүрэх ачаа нь бараг таван кг болно. Гэтэл олон улсын жишгээр цүнх нь тухайн хүүхдийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, зургаан настнуудын цүнх хоёр кг-аас хэтрэхгүй байх нь зохимжтой гэнэ. Түүнээс илүү жинтэй бол хүүхдэд хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгцээг бий болгодог аж. Цаашлаад өсөлтөд нь сөргөөр нөлөөлж, нурууны өвчин тусах магадлалтай. Тиймээс ихэнх улсад хичээлийнх нь зарим хэрэгсэл, номыг ангид нь үлдээдэг байна. Мөн хөнгөн, авсаархан цүнх хүүхдэдээ сонгохыг зөвлөдөг. Гэтэл манайд хүүхдээ гоё харагдуулахын тулд хүүхэлдэйн киноны зурагтай, хэдэн давхар наалттай том, нүсэр цүнх сонгодог. Тийм цүнхний жин дангаараа бараг хоёр кг болчихдог шүү дээ. Сурагчийн цүнх үүрсэн аав, ээжүүдэд анхааруулахад хүүхдийнхээ цүнхийг хөнгөлөөд, өөрт нь даатгаарай.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аз жаргал мэдрүүлдэг “Sugar”

“Maroon 5” хамтлагийн “Sugar” гэж дуу бий. Хэмнэлтэй хөнгөн аятай энэ дууг дагаж дуулсаар ажилдаа ирэхэд цаанаа л нэг аз жаргалтай. Таарсан хүн бүр рүү сайхан инээмсэглэмээр тийм нэг таатай мэдрэмж төрүүлдэг юм. Угаасаа дууны клипэн дээр ч хуримлаж буй хос дээр очиж гэнэтийн бэлэг барьдаг тухай гардаг. Амьдралынх нь хамгийн чухал өдөр хайртай хамтлагийнхан нь ирж гэнэтийн бэлэг барихад хэрхэн аз жаргалд умбаж буйг өгүүлдэг юм. Нэг ёсондоо сайхан дуу тийм хүчтэй гэсэн үг. Дэлхийн хөгжмийн ертөнцийг бүтэн хоёр сарын турш байлдан дагуулсан энэ дууг “Youtube” сайтаас 712 сая хүн үзсэн байна лээ. Яг үүн шиг нэг сонсоод л сэтгэл сэргээд, цоглог болгодог дууг манайхан гаргадаг болмоор байна. Сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийг сонсоод байхад дандаа л гансарсан, шаналсан утгатай байх юм. Эс бөгөөс хаягдаж бүтэлгүйтсэн хайрын тухай дуулна. Нэг нэгийгээ магтаж, талархаж, хайрлан дуулж болдоггүй юм байх даа. Магтвал гагцхүү адууны тухай л дуу зохиох ажээ. Адгуусыг өөд уруугүй магтан дуулахын оронд хүний тухай ганц сайхан дуу зохиож болмоор санагдана. Тэрийгээ хит болгож олон нийтэд хүргээсэй. Тухайлбал, дээр өгүүлсэн “Мaroon 5” хамтлагийн “Sugar” дууны хэсгийг өөрийнхөө хэмжээнд орчуулбаас

Би зүгээр л чамтай хамт баймаар байна

Тиймээс чи айх хэрэггүй

Надад гялалзсан зүйл хэрэггүй

Нүүрээ будах хэрэггүй, хонгор минь

Над дээр ирээч хайрт минь

Яагаад гэвэл надад хайр, энхрийлэл хэрэгтэй байна

Чи надад сайхан хайрыг мэдрүүлээч

Амьдралд минь гэрэл гэгээ хэрэгтэй байна… гэдэг юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гуравхан сая монголд түүх хамгийн чухал

0Гэхдээ үнэнд ойр түүх хэрэгтэй. Онцлоход өнөөдрийн хятад, оросуудад түүх нь тийм чухал бус болчихож. Цагаан хэрмэн дээр хойшоо хараад зогсож байгаа тэрбум хятадад түүхээс урд хоол хэрэгтэй. Хойно Байгаль нуураас наашаа хараад зогсож буй 140 сая гаруй оросод мөн адил түүхээсээ урд загас жараахай, ногоо цагаа хэрэгтэй. Тэд түүх бүтээх, түүхээ ярьж амьдрах шаардлагагүй болчихож, яагаад гэвэл арилж баларшгүй тийм олуулаа болчихсон учраас. Харин гурван сая монголд түүх хамгийн чухал байна. Бидэнд дэлхийг дэлдийлгэх юм гэвэл 2000 жилийн төрт ёсны түүх, их хаадын маань ялгуулсан амьдрал замнал байна. Үүнийгээ л судлагдахуун болгож, ярьж бичиж, өнгөлж зүлгэж, дэлхийд таниулж, нутаг усандаа бусад улс орны сая сая иргэдийг авчиръя. Ингэж л түүхээ мөлжиж байж бид тэсч үлдэх нь, тэлж хөгжих нь.

Байгалийн баялгаараа урагшлах гээд өнөөдөр үзэж тарж байна. Үзэж тарах сонирхолтойнууд нь үзэж тарцгааж л байг. Бусад нь харин их түүхээ чулуу болгоход төвлөрцгөөе. Их хээр тал, нүүдэлчин ахуй соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй… юу эс байна. Бидний үнэт зүйлс эдгээр биш юм уу.

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Дүрлэн хонгор тэр минь дүүрэн гунигтай дуулан суух шиг…

Есөн сарын
нэгэн болж, эрдмийн эрэлд жолоо сунгасан аавын хүү, ээжийн охид хичээлдээ орлоо.
Жил бүрийн энэ л үеэр сэтгэл өөрийн эрхгүй догдолж

“Ардын сургуулийн
алтан босгыг

Алхаж орсон
анхны өдрөөс

Арвин эрдмийн
шимийг хүртсээр

Арван жилийг
ардаа орхилоо

Хүслийн жигүүр
ургуулж өгсөн

Хүрэх ирээдүйг
угтуулж заасан

Арван жилийн
сургуулиа дурсаж

Ачит багш
нараа санаж явна аа”
гэсэн сайхан дуу чихэнд сонсогдох шиг болно. Ай даа, сурагч
ахуйн гэгээн үе минь.

“Хэдхэн чихрээ
таллан хувааж

Хэцүү хичээлээ
хамтран давтсан

Сурагчийн
хувцсаар ижилдэн гоёсон

Сургуулийн
жилүүдэд дэндүү дасчээ”
гэж дүрлэн хонгор тэр минь дүүрэн гунигтай гитардан дуулах
шиг санагдана.

Төрийн соёрхолт
хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг өмнөх зууны далаад онд Багшийн сургуулиа төгсчихөөд
багшилж байхдаа эл сайхан дууныхаа аялгууг биччихээд Бавуугийн Лхагвасүрэнд шүлэг
захиалахад мөнөөх нь хүүхдийн зохиолч Д.Содномдоржид хэлснээр нэгэн сайхан дуу төрсөн
гэдэг. “Учран золгохын ерөөл” хэмээх энэ сайхан дуу хөгжмийн зохиолчийнхоо сурч
асан Булган аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн талбайд удахгүй хөшөө
болон сүндэрлэх гэж байна.

Дуун хөшөөг
Ц.Чинзориг агсны нагац ах Шагдарын үр сад мөнхөлж байгаа гэхээр сэтгэлд нэг л гэгээтэй
сонстоно. Булган хотод зочлогсод энэ л дуун хөшөөг түшин

“Ажил амьдралын
замыг дагаад

Арван зүгтээ
замнан одоод

Уудам нутагтаа
таран суусан ч

Учран золгохын
ерөөл байна аа”
гэж сэтгэлийн хадаг намируулан зогсох цаг ойрхон л байна даа.

Л.БАТЦЭНгЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Байр болгоны гадна байгаа бааруудыг цэцэрлэг болгоё

Сүүлийн 10 жилд Монголд 650 гаруй мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Ер нь төрөлт 2006 оноос эрчимтэй өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд 80 гаруй мянган үрс шинээр өлгийдөн авсан байна. Энэ эрчээрээ Монгол Улс дорхноо 10 саяулаа болох юм байна. Гэтэл төрийн бодлого нь төрөлтөө гүйцэхээ больжээ.

Өнөөдөр л гэхэд цэцэрлэггүй үлдсэн хүүхдийн тоо гучин мянга хол давна. Сургуулиуд хүүхдүүдээ багтаахгүй нэг ширээн дээр гурваараа сууж байгаа. Эрүүл мэнд, суурь боловсрол үнэгүй олгох үндсэн үүргээ манай төр мартчихсан тууж байгаа. Тэдэнд санаа өгөх гэж “Цэцэрлэг байгуулахад цэцэн ухаан хэрэггүй” хэмээн манай сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр бичсэн билээ. Хямралд өртөөд цэцэрлэг барих мөнгө төгрөг нь хүрдэггүй юм бол байр болгоны гадна байдаг бааруудыг цэцэрлэг болгоё. Баарны эзэдтэй төр гэрээ хийж байрыг нь түрээсэлж цэцэрлэг байгуулахад намрын намарт босдог цэцэрлэггүйн зовлон алга болно хэмээн бичсэн юм. Төр жаахан л сэтгэл гаргаад ажиллачихвал тун амархан бүтэх санаа л даа.

Бид өмнө нь “Түшмэдийн ордонг түмний эмнэлэг болгоё” гэж бичсэнээр нэгэн агентлагийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийд гарч байлаа. Мөн хүн бүр кредит оноотой болж, ямар нэг хэрэг зөрчил гарвал онооноос нь хасагдаж, сайн зүйл хийвэл нэмэгдэж байя. Оноо нь бага хүнд төрийн үйлчилгээ бага хүрч, иргэний үүргээ биелүүлэн олон оноотой болсон хүнийг урамшуулан шагнаж байя хэмээн бичиж байв. Үүний нэг биелэл нь өнөөдрөөс мөрдөгдөх Замын хөдөлгөөний дүрэмд тусгасан жолооч бүрт байх 10 оноо юм.

Энэ мэтээр “Өдрийн сонин”-ы хөндсөн асуудал, дэвшүүлсэн санаа бүр ямар нэгэн байдлаар биеллээ олж, нийгэмд сайн сайхныг түгээсээр байдаг юм

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“Тамхины хяналтын тухай хууль” утаа болоод уусчихсан юм уу

Хоёр жил гаруйн өмнө батлагдаад хэрэгжилтийг нь нэг хэсэгтээ их л ширүүн мөрөөдөөд байсан “Тамхины хяналтын тухай хууль” өнөөдөр бараг л мартагдаж хэнийг ч цочроохоо больжээ. Үнэмшихгүй байна уу. Нийтийн тээврийн зогсоол дээр зогсоод тав, зургаан автобус өнгөрөөгөөд үзээрэй. Аль нэгнийх нь жолооч “…нийтийн тээврийн хэрэгсэл дотор утаат тамхи татахыг хориглоно” зааврыг зөрчөөд цонхоороо “баагиулж” л байх вий. Лангуун дор нуугдах тамхи ил байхаасаа илүү үнэ хүрдэг тул бүхий л жижиг мухлагууд хайрцагтай болон ширхгийн тамхийг айх зүйлгүй зардаг болж. Одоо хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэг зэргийн ойролцоо татаж болохгүй гэдгийг мөн ч олон хүн мартсан байгаа даа. Гэтэл тамхитай тэмцэнэ гэдэг төрөөс асар их хариуцлага шаарддаг, хуулийн хэрэгжилтээ тогтмол шалгаж, “эрэг шургийг нь” байнга чангалж байдаг өвөрмөц тэмцэл гэж байна шүү. Шинэ Зеландын Засгийн газар 2025 он гэхэд тамхи татдаггүй улс болно гэж таван жилийн өмнө зарлаад тэмцэж эхэлсэн гэнэ лээ. Манайхтай төстэй хууль баталсан, бас ганц нэг өөр санаанууд байх. Жишээ нь жил бүр тамхины татварыг 10 хувиар нэмдэг, дараа жилээс эхлээд бүх тамхийг нь нэг савлагаатай, брэндийн шошгогүй худалдаалдаг болно гэж тэнд амьдардаг нэгэн ярилаа. Хайрцаг тамхи нэг өдрийн хүнсний өртгийн талтай тэнцээд ирэхээр хүссэн ч, эс хүссэн ч тамхийг хаядаг юм билээ гэж тэр бас ярьсан. Тамхины талаар хуулиа эргэж нэг санаад шалгадаг, торгодог арга хэмжээгээ ажиллуулаач. Тэртээ тэргүй түгжрэлд “мөлхөж” яваа жолоочийг бүсээ зүүсэнгүй, аюулгүй байдлыг хангаж байна гээд төр торгоод болж байгаа юм чинь ил татаж байгааг торгох бүр ч амархан баймаар даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хайран залуу нас

Цэрэгт байсан анд маань тааралдаж жаал хууч хөөрөв. Тэрээр
одоогийн залуусыг “хайран залуу нас”-аа үрж байгаад харамсаж байгаагаа ярив. Олон
жил уулзаагүй болохоор түүнийг залуу насаа хэрхэн өнгөрөөснийг сонсоод үнэхээр өнөөгийн
залуус хайран цагаа алдаж буйг ойлгов. Цэрэгт байхдаа анд маань сумны хонгиогоор
элдэв зүйл хийдэг байсан. Түүнийг нь хэн ч анзаарахгүй. Харин манай хүн эхнэр лүүгээ
өгч заруулдаг байсан юм байна. Хоёр хүүхэд, эхнэрээ орхиод цэрэгт татагдсан тэрээр
гурван жилд хөөрхөн хэдэн төгрөг гэр лүүгээ явуулж амжсаныг би мэдээгүй өнгөрч.
Цэргээс халагдаад найз маань Дэнжийн мянгын зах дээр бидний ярьдгаар дэрсэн шүүр
хийж зараад хэдэн төгрөг олсон. Гэтэл арай их мөнгө олох үед нь захын байцаагч авлигаа
нэмсэнгүй гээд цагдаад бариад өгчихөж. Дараа нь самарт явж хэдэн төгрөг хийгээд
бас баригдаж, дамын наймааны давтан хэргээр 14 хоног 111-т хоригдсон аж. Зээлээр
авсан хашааных нь жаахан төлбөр дутуу байсныг далимдуулж эзэн нь өөр хүнд арай илүү
үнээр зарчихаж. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж. Харин 1990 он
гарч МоАХ МАХН-ын Улс төрийн товчоог
огцруулснаар мань эр наймаа хийж байр, машинтай болж хоёр хүүхдээ өөрийн зардлаар
гадаадад сургаж чаджээ. Залуу насандаа хатуу хөтүүг туулсны гороор тэрээр бөөрний
өвчин туссан ч эхнэртэйгээ сэтгэл хангалуун амьдарч байна. Хүүхдүүд нь түүнийг ажил
хийхийг хориглож компаниасаа тэтгэмж олгож байгаа гэнэ.

Х.БАТТӨГС