Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Генийн инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг хүлээж авах уу?

Олон орны иргэдийн хувьд болгоомжтой хандах энэхүү асуултад монголчууд за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Нэгэнт хүлээн зөвшөөрөөгүй учраас Монголд энэ төрлийн бүтээгдэхүүн орж ирээгүй гэсэн үг огт биш. Мэргэжлийн хүмүүс генетик инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг хортой гэдгийг батлаагүй бөгөөд улам бүр өсөн нэмэгдсээр байгаа дэлхийн хүн амыг хоол тэжээлийн дутагдлаас аврах гол арга зам гэх мэтээр тайлбарладаг. Хортой гэдэг нь хараахан батлагдаагүй болохоос биш огт хоргүй гэсэн үг биш. “Нутгийн шийдэл” сангийн санаачилгаар орчуулагдаж хэвлэгдсэн “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”-д энэ талаар сонирхолтой мэдээлэл дурдагдсан байна. “Ихэнх генийн инженерчлэлд орсон үрийг химийн хор, бордоо үйлдвэрлэдэг байсан үйлдвэрүүд хийж байгаа бөгөөд мөн тэр компаниуд зарж борлуулж байна. Энэтхэгийн Карнаката муж улсад амьдардаг хөвөн тариалагчид химийн хор илүү их хэрэглэдэг, хөрс муутгадаг гэсэн үндэслэлээр генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан хөвөнгөөс татгалзаж тариалангийн талбайгаа шатаасан гэнэ.Эрдэмтэд ургамал амьтны генийг лабораторид өөрчилдөг. Хүссэн ургамлын шинж чанарыг гарган авахын тулд будаа, эрдэнэшиш гэх мэт тэс өөр хоёр ургамлын генийг хамтруулдаг. Амьтны генийг ч ургамлын гентэй хольдог аж. Цаас хийхэд зориулагдсан зөөлөн мод, мууддаггүй улаан лооль, хэвийн хэмжээнээс том загас, гахай зэрэг нь сонсоход мундаг ч байгалийн жамын эсрэг гэдэг утгаараа шүүмжлэл хүлээж байна. Генийн инженерчлэлд орсон хүнс нь харшил, химийн хордлого, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн таамаглал явдаг ч ийм төрлийн бүтээгдэхүүнд онцгойлсон хаяг шошго тэр бүр байдаггүй, шинжилгээнд хамруулах арга байдаггүй нь бэрхшээл учруулдаг. Хоол хүнсийг генетикийн инженерчлэлд оруулсан эсэхийг мэдэхийн тулд генетикийн шинжилгээ хийлгэх учиртай. Одоохондоо манайхан гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг ге­нийн өөрчлөлттэй эсэхийг шинжлэхийн тулд биш гадаг­шаа гаргаж байгаа будаагаа генийн өөрчлөлтөд оруулаагүй гэдгээ батлахын тулд шинжилгээ хийлгэдэг юм билээ. Хэрвээ хөршүүд маань генийн өөрчлөлтийг тоодоггүйсэн бол юунд шинжилгээ, баталгаа шаардах билээ. Харин монголчууд хэнэггүй хэвээрээ хэр хол явах бол?

Б.Янжмаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Энэ А.Мөнхбат залуучуудыг зүгээр байлгахгүй юм байна

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат бол уг нь энэ улсын мэдээлэл технологийн салбарыг өнөөдөр удирдан зохион байгуулж, төрд хүчээ өгч явах ёстой хүн. Аль эрт 2004 онд мэдээлэл технологийн салбарын төрийн бүтцийг анх бий болгож өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамтран удирдаж байсан юм. Тэгсэн юу болсон юм мэдэхгүй, гэнэт л 2012 онд төрийн ажлаа өгөхөө мэдэгдэж залуучуудын ТББ удирдаж эхэлсэн. З.Энхболд, Н.Алтанхуяг… бүгдтэй нь ойр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёртой анд нөхөд хүн шүү дээ. Энэ өнцгөөс нь хардаг хүмүүс түүнийг төрийн нэг өндөр алба заавал хаших ёстой залуу гэж үздэг. Гэтэл тэдний үүдээр хавьтсан ч үгүй, өөрийнхөөрөө явчихлаа.

А.Мөнхбат Залуучуудын холбоог авангуутаа Паркийн газрыг хүүхэд залууст эргүүлж өг хэмээн бизнесийн томчуултай дайсагналцав, нийслэлээс дугуйн зам нэхэж хотын томчуудын уурыг барав. Залуус авлигын эсрэг аян өрнүүлж дарга нарын дургүйг ихэд хүргэлээ. Эдгээр нь бүгдээрээ хана мөргөсөн юм байлгүй Хар-Цагаан жагсаалт зарлаж, хөдөлгөөн өрнүүлээд эхэллээ.

“Хар-Цагаан жагсаалт” гэсэн үг өдөр ирэх бүр нийгэмд газар авч байгаа нь мэдрэгдэж байна. Энэ эрчээрээ бол магадгүй ирэх 2016 оны бүх шатны сонгууль энэхүү жагсаалтын эргэн тойронд болж магадгүй нь. Тогтож анзаарсан хүнд бол энэхүү Хар-Цагаан жагсаалтын гол философи нь “хар”-уудыг зарлан таниулж төрд ойртуулахгүй байх нь чухал бус харин цагаануудаа нийгэмд таниулж, өнөөх хар нөхдүүдэд уусгуулчихгүй цааш нь авч явахад оршиж байх шиг байна.

Б.НЯМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Реклам

Арилжааны телевизүү­дийн хувьд хоолоо олж иддэг зүйл нь реклам сурталчилгаа. Тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг мэдээ мэдээллийн хөтөлбөрөө гаргадаг цаг нь хүмүүсийн буйдан дээрээ тухлан гэр бүлээрээ тойрч суухтай давхацдаг.

Энэ үед хүмүүс хоол ундаа идчихсэн, өдрийн алжаалаа тайлж хөлөө амраадаг мөч нь. Яг энэ үеэр, эсвэл киноны дундуур элдэв хоол, чихэр, ундааны рекламуудаа “чихэж” өгнө. Хоолоо идээд дуусчихсан, шүдээ угаачихсан хүмүүсийн юм идэх дурыг ингээд л хөдөлгөж эхэлнэ.

Эхний рекламыг шүлсээ залгиад өнгөрөөчихнө. Дараагийнхыг ч бас. Тэгээд гурав дахь удаагийн рекламны зайгаар хүүхдээ орц болон гудамжны дэлгүүр рүү гүйлгэнэ. Унтахын өмнөхөн гаазтай ундаа, шүдэнд наалдах чихэр, зайрмаг, шоколад идэцгээнэ.

Орой бүр ингэж амттан шимттэнээр хооллож буруу хэвшилтэй болчихсон айл зөндөө бий. Хүмүүсийн буруу гэж байхгүй. Хоолоо идээд цадчихсан байхад нь амттай юм харуулж байгалиас заяасан хариу үйлдлийг сэдрээн өдөж байгаа нь рекламны буруу. Телевизийнхэн идэх уух юмны рекламыг арай өөр цагаар гаргаж байхгүй бол рекламны өдөөлтөөр буруу хооллодог гэр бүлүүд улам л нэмэгдэх болно. Оргил цагаараа амттаны реклам явуулахгүй хоёр хоноход л хичнээн айл хүүхдээ үдэш оройгоор дэлгүүр рүү гаргахгүй, байн байн хөргөгчний хаалгаа татахгүй амар тайван унтах бол оo.

Таргалалтын нэг том шалтгаан нь орой амттан идэж, ундаа уудаг буруу хооллолт гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр телевизүүд хэдий орлогоо бодох ёстой ч үүргээ бас ухамсарлаж рекламны цагтаа жаахан л зохицуулалт хийчихэд ард түмний эрүүл мэндэд томоохон тус хүргэх нь байна шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уучилна бас дахиад уучилна

Хаяад явж байгаа эр хүний араас сүү өргөөд хоцордог монгол эмэгтэйн философийг ойлгодоггүй үе байлаа. Хараагаад зүхээд, тангараг тасраад хоцорлоо гэхэд юу үлдэх билээ. Урвасан бүхнийг, гомдоосон бүхнийг, өр рүү өшиглөсөн бүхнээс өшөө авна гэвэл, хариуг нь барина гэвэл өөрөө дэндүү их шархалж үлдэх вий. Уурлаад доромжлоод байгаа нэгэнтэй ухаалаг харьцах хэцүү л дээ. Гэхдээ л “Хэн намайг үгээр доромжилно, хэн намайг үйлдлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно, тэр бүхэн гэгээрэх болтугай” гэсэн үгийг олж харснаас хойш тэсч үлдэхэд хялбар санагдана. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэнэ” гэдэг. “Зөөлөн нь хатуугаа элээнэ” ч гэж бий. Уучилж өршөөхөөс өөр арга үгүй гэдгийг өвөг дээдэс маань аль хэдийнэ ухаарч байж.

Өшөө авалт, үзэн ядалтаар дүүрэн киног үзэхэд хүртэл хүнд байхад амьдралаа ийм хэмнэлд оруулна гэдэг арай л хэтэрсэн хэрэг. Гэхдээ л ийм сэдэвтэй кинонд ч бас сургамжтай зүйл байдаг нь өшөө авагчийн хүрэх өрөвдөлтэй, ганцаардмал бас шархалсан ирээдүй. Хэн ч нэгнээ өршөөдөггүйсэн бол энэ хорвоо сөрөг энергиэр эргэж хүчрэхгүй биз. Өршөөж уучлахыг сургах гэж бяцхан тэнгэрийн элч нар, хүүхдүүд хорвоод мэндэлдэг буй за. Хүүхдүүд мянган удаа хэрэг тарьсан ч мянган удаа уучлахаас өөрийг ээжүүд үл мэднэ. Эцэст нь би ч төгс биш шүү дээ. Намайг алдаа гаргахад өршөөж уучлах хэн нэгэн байдаг учраас хорвоо дэндүү гайхамшигтай бус уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мах идэх шүд аманд, хүн идэх шүд сэтгэлд бий

“Амьдрал богинохон учир шүдтэй байгаа дээрээ инээ” гэсэн үг олж уншив. Үнэн л үг юм. Өвгөд маань ч “Ертөнцийн гурав”-таа “Өсөхөд шүд нэг цагаан” гэсэн байдаг. Гучин хоёр цагаанаа яралзуулаад инээж байгаа хүн нүдэнд дулаахан харагддаг. Инээж байгаа, сэтгэлдээ жаргалтай хүн шүдтэй, шүдгүй нь эцсийн эцэст хэнд ч хамаагүй л дээ. За тэгж байтал “Мах идэх шүд аманд бий. Хүн идэх шүд сэтгэл дотор бий” гэсэн сүрхий үг байна. Шүд тэгэхээр янз бүр байдаг байх нь. Хөгжилтэй орнуудын хүмүүсийн байр байдлыг харахад бүгд л яралзтал инээж, хажуугаар зөрөөд өнгөрсөн ч толгой дохин мишээж байдаг. Харин бид бол угтаа тийм биш. Хэн нэгэн инээгээд, шүдээ яралзуулан мишээвэл “Энэ муу одоо яагаад хүн доромжлоод байгаа юм” гэж бодох жишээний. Манайд харин шүдтэй байгаа дээрээ инээх, аз жаргалтай байх логик утга бүр эсрэгээрээ гэхэд болно.

Төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж, ёстой л идэр залуу чонын яралзсан араа шүдийг гаргаж, “аррр” гэх нь энүүхэнд. Нийтийн унаанд суухад автобусны жолооч, мөнгө хураагчаас эхлээд урт урт цагаан соёо яралзуулах нь сэтгэл дэх шүдээ гайхуулж байгаа нэг хэлбэр. Төр түшдэг хүмүүст ч бас эцэг эхээс заяасан сайхан муухай, шарласан, хорхойтсон янз бүрийн л шүд бий. Хэн нэгэн хүн төрийн өндөр албанд очлоо гэхэд “Овоохон идэж, дориухан шингээнэ дээ” гэж араа юугаан билүүдэж, ар юугаан үл бодон сувдаглана. Хорхойтсон шүд ходоодны дайсан болдгийн үлгэрээр “аавынх” руу ачигдахын цагтаа хуулийг гууль болгон хэмлэж, гадаад хийцийн гав дөнгийг ч тас мэрэх гэж оролдоно. Инээ гэж шүд заяасан атал идэх хивэх гэж буруу ойлгосны гор ингэж гарна. Шунал, атаа жөтөө хүний сэтгэлийн шүдийг хорхойтуулж иднэ. Тэгэхээр аз жаргалын цагаан хэрэм болсон шүднийхээ шидийг нэг үзүүлж нээх сайхан инээцгээе дээ, хүмүүс ээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Айлгах аавтай арслангийн зулзага

Хорвоо дэлхий
уудам ч хүний амьдрал шүдэнз зурахын төдий гэдэг. “Зөв л явах юмсан” хэмээн хүмүүс
сэтгэх авч үүндээ хүрэх гэж тэмүүлдэг нь хэд бол. Таван настай хүү маань саяхан
“Би айлгах аавтай арслангийн зулзага мөн тийм ээ” гэлээ. Би ч “Айлгах аавтай арслангийн
зулзага мөн өө” хэмээн тоомжиргүйхэн хариулчихаад телевизийн суваг сольсон юм. Төд
удалгүй нэг цаасан дээр аав, ээж, өөрийгөө болон дүүгээ томоо гэгчийн бурханыг гараасаа
хөтлүүлэн зурсан зураг аваад ирлээ. “Арслангийн зулзага нь гэр бүлээ зурчихаад ирлээ”
гэж байна.

“Бурхан манай
гэр бүлийн гишүүн. Манайхан гоё амьдарч чадвал энэ бурхан шиг мундаг болно. Зөв
л амьдрах юмсан” хэмээн хэзээний том хүн шиг ярих аж. “Тийм ээ, бид зөв амьдарч
байна” хэмээн дотроо бодож явдаг ч үнэндээ зөв яваагаа мэддэгсэн билүү. Бидний гишгэсэн
мөрөн дээр гишгэж, бидний гараас зүүгдэн эрийн цээнд хүрэх үрсдээ л ядаж зөв байхсан.
Үнэнийг худал гэж хэлэлгүй, үйлдлээ ядаж цэнэж чаддаг билүү.

Магадгүй
бурхан биднээс баян явсан уу, хэдэн байртай байсан бэ гэж лав л асуухгүй. Зүдэрсэн
нэгэнд тусалж чадсан уу гэж асууна. Өнгөтнөөр цалгиж, хэдэн орноор зугаалав гэж
асуухгүй. Өрөөлийн өмнө хүлцэнгүй явсан уу гэж асууна. Бусдын нүдэн дээр уйлж явсан
уу, дуулж явсан уу гэж асуухгүй. Харин эсрэгээрээ хичнээн хүний нулимсыг арчиж өгсөн
бэ гэж асуухад хүрвэл юу гэж хариулах бол. Гишгэсэн мөрнөөс нь цэцэг дэлгэрдэггүй
юмаа гэхэд гишгэсэн мөрийг нь үр хүүхдүүд минь хараад баярладаг л байгаасай. Үр
минь үлдэх хорвоо гэдгийг санаж зөв амьдрах юмсан.

Цаана чинь
“Айлгах аавтай арслангийн зулзага”-нууд биднийг л харан хүмүүжиж байгаа шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Үс унахаас хэрхэн сэргийлэх вэ?

Үс их хэмжээгээр унах хэд хэдэн шалтгаан байдаг аж. Тухайлбал, ямар нэгэн өвчнөөр өвдсөн, мэс ажилбар хийлгэсний дараа үс гэнэт ихээр унадаг. Үүнийг тухайн хүний сэтгэл зүй болоод биеийн хямралтай холбож түр зуурын хэмээн үзэх нь бий. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн эсвэл буурсан, эр эм бэлгийн гормоны тэнцвэр алдагдсан зэрэгт үс их хэмжээгээр унадаг байна. Хүүхэд төрүүлснээс хойш гурван сарын дараагаар үс унаад эхлэх нь бүсгүйчүүдэд элбэг тохиолддог. Энэ нь гормоны өөрчлөлттэй холбоотой гэдгийг эрдэмтэд судалжээ. Эрчүүдийн үс халзрах байдлыг удамшлын шинжтэй гэж үздэг. Эмэгтэйчүүдэд ч үс халзрах байдал илэрнэ.

Хальстай төмс, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэргийг хүнсэндээ хэрэглэвэл үс унахаас сэргийлдэг. Цайраар баялаг бүтээгдэхүүн болох хушга, яргай загас, бүйлс нь мөн л сэргийлэх үйлчилгээтэй. Гэмтэлтэй үсийг крантны усаар шууд угаахгүй байхыг мэргэжлийн үсчин, гоо сайханчид зөвлөдөг. Крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учир хуурайшиж өнгөө амархан алддаг гэнэ. Хар цайны ханд үсний өнгийг сэргээдэг. Охид бүсгүйчүүд гэрийн нөхцөлд нэг ширхэг өндгийг дөрвөн халбага коньяк юм уу, ликёртой хольж хутгаад үсэндээ түрхэн, өнгөлөг сэвсгэр болгодог арга бий.

Унаж буй үсийг ганга өвсний ханд болоод халгайгаар угаах нь сайн гэдгийг бид мэднэ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж буйгаар үсээ угаасны дараа мушгиж болохгүй аж. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог байна. Намирсан хөвсгөр байдлыг алдагдуулдаг учир нойтон үед нь самнаж болдоггүй. Үсэндээ хими хийлгэх, сэнс, хайч, индүү хэрэглэх зэргээс аль болох татгалзах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз.

Ө.МАНЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“Аймшгийн” үлгэр

Гурван настай хүү маань орой унтдаггүй. Хүүдээ хань болох гээд “Ээж нь үлгэр ярьж өгье” гэчихлээ. Хамгийн түрүүнд санаанд орж ирснээр нь “Улаан малгайт”-ын тухай ярьж гарав. Улаан малгайт, эмээтэйгээ чононд идүүлдэг хэсэг дээр ирээд жаахан түгдэрлээ. “Шөнө хүүхэд унтах гэж байхад юун чоно моно яриад байна аа” гэж нөхөр хажуунаас дуугарч байна. Нээрэн энэ чинь аймшгийн үлгэр юм биш үү. Өөр үлгэр санах гэж оролдсон ч “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” санаанд бууна. Үлгэрийг хүүхэд унтахаас өмнө ярьж өгдөгсөн. Харин “Аймшгийн” үлгэр сонссон хүүхэд нойр нь хүрэх болов уу. “Улаан малгайт”-ыг багадаа их л дуртай сонсдог байж билээ.

Энэ үлгэрээр хүүхдэд юу хэлэх гэсэн юм бол гэж бодохоор учир дутагдалтай санагдав. Үлгэр заавал нэг юм хэлэх албагүй юм болов уу. Зүгээр л бяцхан жаалуудыг унтуулах, цаг нөгцөөх зорилгоор зохиосон түүх гэж үү. Үлгэр ярих оролдлого маань маруухан төгсөв. Багадаа дуртай байсан үлгэрүүд маань номын сангуудад ярайна. Өнөөгийн хүүхдэд бидний үеийн үлгэр “наалдах” болов уу. Бодоод байхаар баахан эргэлзээ төрнө. Охин маань гүнжийн үлгэрт дуртай. Номын дэлгүүрээс нэг удаа гүнжийн үлгэрүүдтэй зузаан ном авна гэж зүтгэсэн. Амьдрал гүнжийн үлгэрээс огт өөр учраас тэнэг мөрөөдлөөр толгойгоо дүүргэчихвий хэмээн гүнжийн үлгэрээс татгалзаж билээ.

Шинэ үлгэр зохиох хэрэгтэй юу. Амьдрал өөрөө үлгэр ч юм уу.

Б.Янжмаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өндөөр болоорой”

Одооны хүүхдүүд ёс уламжлалаа уландаа гишгэчихсэн, хүн хүндэлж мэддэггүй, хүмүүжилгүй гэж ахмадууд үглэдэг. Нээрэн ч тийм дээ гэж эргэлзтэл энэ талаар хүн болгон шахуу ярьж, хүүхэд, залуус ч эргээд өөрсдөдөө итгэхгүй байдалд хүрчихдэг.

Өчигдөр Улаан­хуарангийн эцсээс автобусанд суулаа. Эцсийн буудлаас хүн цөөн суусан учир оюутан залуус гэлтгүй бүгд суудал эзлэв. Дараагийн буудалд зогсоход хөл хүндтэй бүсгүй орж ирэв. Урдуур суусан тав, зургаан залуу нэгэн зэрэг өндөлзөж суудал тавьж өглөө.

Жирэмсэн бүсгүй нэгнийх нь суудалд талархал илэрхийлэн суув. Түүний араас эмнэлэг рүү халуун хоол цай зөөж яваа болов уу гэмээр халуун сав, суулга барьсан эмээ орж ирэхэд дахин бүгд хөвөлзтөл босдог юм байна.

Араас нь орж ирсэн хөгшин хөвөө, настай хүн болгон хоромхон зуур л суудалд заларч хүүхэд багачуул нь цагаригтай бариулаас сэвхийтэл бариад л зорчсон шүү. Ийм зураглал, үйл явдал ганц тэр автобусанд биш Улаанбаатарын нийтийн тээвэрт яваа бүх автобусанд болж л байгаа даа гэсэн гэгээн бодол төрөв.

Залуус нь ийм сайхан боловсон, хөгшин хөвөө, хөл хүндтэй гэлтгүй бусдыг хүндэтгэдэг болж эхэлж байхад загнаж хараахын хэрэг ер алга. Харин суудлаа гуйлгахгүй өгсөнд нь урам хайрлаж “Өндөөр болоорой” гээд ерөөчихөд залуус бид чинь хөөрөөд л явчихна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хайрлая

Давс бол гурван цагаан хорын нэг гэдгийг хүн болгон мэддэг. Тэгсэн хэрнээ тийм ч амархан хэрэглээнээсээ хязгаарлаж чаддаггүй. Давс султай хоол, хүнс нэг л амтгүй санагдаж, хоолой давж өгдөггүй гэдэг биз дээ. Тэгвэл хүн өдөрт авах ёстой давсныхаа хэмжээг зохицуулаад сурчихвал энэ нь тийм ч хэцүү биш юм. Нөгөөтэйгүүр таны эрүүл мэнддээ хийж буй маш том хөрөнгө оруулалт гэдгийг эрдэмтэд нотолжээ. Хүн хоногт зургаан граммаас дээшгүй хэмжээтэй давсыг хүнснээсээ авах ёстой гэнэ. Бага насны хүүхдүүд нэг граммаас хэтрэхгүй хэрэглэх учиртай. Гэтэл монголчуудын хоногт хэрэглэж байгаа давс зохистой хэмжээнээс 1.5-2 граммаар давдаг гэсэн судалгаа гарчээ. Ямар сайндаа гадаадын жуулчид манайхны цайндаа хүртэл давс хийдэг байдлыг хараад гайхахав дээ. Та бидний алхам тутамдаа идэж байгаа давс эрүүл мэнд, бие махбодид маань ихээхэн заналхийлдэг байна. Давсны хэт өндөр хэрэглээнээс болж таргалахаас гадна зүрхний шигдээсийн эрсдэл нэмэгдэж, цусны даралт ихэсдэг гэнэ. Мөн харвалт, ясны сийрэгжилт, ходоодны хавдар, бөөрний эмгэг зэрэг өвчний үндэс болдог байна. Сүүлийн үед бөөрний дутагдал монголчуудын дунд түгээмэл болсон бас нэг шалтгаан нөгөө л давстай холбоотой. Тиймээс давсаа багасгаж чадвал олон суурь өвчнөөс өөрийгөө хамгаална гэдгийг эмч нар зөвлөж байгаа юм.

Уг нь давсныхаа хэрэглээг багасгах зовлон биш. Харин ч та эрүүл мэнддээ ашиг тустай зүйл хийж байна гээд кодолчих. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ бор хоолонд орох үеэс өөрсдийнхөө иддэг хэмжээгээр давстай хоол өгдөг талтай. Энэ нь хүүхдээ багаас нь давсанд дасгаж байгаа хамгийн буруу зуршил ажээ. Аль болох давс сул хоол өгч сургах хэрэгтэй гэнэ.

Хүн гэнэтхэн нэг өдөр хоолныхоо цэснээс давсаа хасна гэвэл бүтэхгүй. Иймд эзэгтэй та ядаж л цайндаа давс хийхээс татгалзаж, аажим аажмаар хоолныхоо шорвогийг ч зөөлрүүлээрэй. Мөн ресторан, зоогийн газрууд, цэцэрлэг сургуулиудын гал тогоо болон хүнсний үйлдвэрүүд давсны орцыг бууруулахдаа буян үйлдэж байна гэж бодоорой. Дотоодын үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүнүүдийн уут баглаа боодол дээрээ давсны хэмжээг тодорхой бичсэнээр хүмүүс өөрсдийнхөө авах ёстой давсны тунг хянахад нь туслах болно шүү.

Бүх нийтээрээ давсны хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хайрлацгаая.