Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан мэндэлдэг хүүхдүүдийг шалгаруулъя

Өглөө болгон хаалгаар нь оронгуут халуун дотноор угтан мэндэлдэг нэг газар бий. Тэр бол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг юм. “Өглөөний мэнд, сайхан амарсан уу бяцхан үрс минь. Сайхан амарцгаав уу ээж, аав нар аа” гэж жижүүр багш чин сэтгэлээсээ инээсээр угтах нь сайхан. Бүтэн өдрийн энерги, ажиллах эрч хүчийг минь өгөх шиг л болдог юм. Тус цэцэрлэг урьд жилүүдэд ийм байгаагүй гэдгийг эцэг, эхчүүд бүгд мэддэг болохоор анхандаа багш нарыг ингэж мэндчилэхээр нэг л дасч өгдөггүй байв. “Хаалгаа хаагаач ээ, гутлаа арч, улавчаа өмс” гээд л үүдээр оронгуут хэн нэгний орилох дуу сонсогддог байсан сан. Харин энэ хичээлийн жилийн эхний өдрөөс багш нар ээлжээр үүдэнд жижүүрлэж, өглөө бүрийг найрсгаар угтаж, оройдоо инээмсэглэлээр үддэг болсон юм. Нойроо харамлан уйлагнан орж ирэх хүүхдүүдийг “Манай энэ ч ёстой мундаг шүү” гэж онгирооно. Тэгээд орой явахад нь “Өнөөдөр миний хүү хамгийн сайн нь байсан, маргааш заавал ирээрэй” гэхчилэн үднэ. Тийм болохоор хүүхдүүд цэцэрлэгт явах тун дуртай болцгоожээ. Одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүд томчуудтай хэрхэн мэндлэхээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Жаахан бүрэг дуугүй байсан хүүхдүүд нээлттэй болсон нь анзаарагддаг юм. “Манай ангийн тэрний аав, ээж байна. Та сайн байна уу” гээд л өөдөсхөн хүүхдүүд мэнд мэдэх нь эгдүүтэй.

Ер нь бусадтай зөв мэндэлж, эргээд тэдний хүндэтгэлийг мэдрэх шиг сайхан зүйл хаа байхав. Хэн ч гэсэн “Сайн байна уу” хэмээн амар мэндийг нь эрж байгаа хүний урдаас уурлаж, ярваганаад байхгүй. Тиймээс бие биетэйгээ элэгсэг дотноор мэндэлцгээж байя. Харилцааны хамгийн анхны бөгөөд дээд хэлбэр нь мэндчилгээ гэдгийг эрдэмтдийн олон арван бүтээлд онцолсон байдаг шүү дээ.

Монголчууд танихгүй л бол ямар ч хүн байсан мэндлэхийг мэддэггүй улс. Дэлхийн хөгжилтэй орнууд болох Япон, Солонгосын ард түмэн бие биедээ хүндэтгэл үзүүлж, бөхөлзөн тонголзож мэндчилж байгааг нь харахад нуруу хугармаар бодогддог биз дээ. Тэдгээр улсуудын амжилтын нэг үндэс нь яах аргагүй энэ хүнлэг мэндчилгээ гэдэгтэй судлаачид маргадаггүй юм. Тэгвэл манай цэцэрлэг, сургуулиуд сайхан мэндэлдэг багш, ажилтан, сурагч, хүүхдүүдийг шалгаруулж яагаад болохгүй гэж. “Хамгийн шилдэг мэндэлдэг хүүхэд” гэж өргөмжилье л дөө. Ингээд шилдгээ долоо хоног, сар тутамд шалгаруулж, хүүхэд бүрт энэ алдрыг хүртээе. Энэ нь тэднийг ирээдүйдээ хөлөө олоход нь хамгийн том хөрөнгө оруулалт болох ч юм бил үү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ

Сайхан шүдтэй байх нь эрүүл мэнд төдийгүй гоо сайханд тустай. Хоол хүнс, эмийн буруу хэрэглээ, тамхи, кофе, шүдээ тогтмол угаадаггүй зэргээс шалтгаалан өнгө нь өөрчлөгддөг.

Энэ нь шүдний өнгийг өөрчлөхөөс гадна шүдний пааланг гэмтээж, шүд цоорох, буйл болон амны хөндийн элдэв үрэвсэлт өвчний эх үүсвэр болдог. Үүнийг дагаад шүд цайруулах бодисууд олноор үйлдвэрлэх болсон ч энэ нь сөрөг нөлөөтэй байх нь их. Иймээс сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимж, эрүүл сайхан шүдтэй явахад тань тус болох үүднээс гэрийн аргаар шүд цайруулах зарим энгийн аргыг хэлж өгье. Гадил жимсийг бид идэх дуртай ч хальсыг нь хэрэгтэй гэж огт боддоггүй. Тэгвэл гадил жимсний хальс шүд цайруулахад тустай. Идсэн гадил жимснийхээ хальсны дотор талын зөөлөн хэсгээр 2-3 минут шүдээ үрвэл өнгөр нь арилж цайрна.

С витаминаар баялаг гүзээлзгэнэ нэгээс гурван ширхэг, чимх давс, хагас цайны халбага хүнсний содтой хольж нухаад орой унтахын өмнө сойзондоо түрхэж таван минут орчим шүдээ угаавал үр дүн нь тун удахгүй мэдэгдэнэ. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглээд байхад болно. Мөн нэг халбага хүнсний содыг бага хэмжээний ус юм уу нимэгний шүүстэй хольж найруулаад ооны оронд хэрэглэнэ. Нимбэгний шүүстэй хольсон бол нэг минут угаахад л хангалттай. Энэ нь шүдний бүрхүүлийг гэмтээхээс сэргийлж байгаа юм. Долоо хоногт нэг удаа энэ аргыг хэрэглэхэд сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Бас нэгэн арга. Өглөө нэг цайны халбага кокосын тосоор 10-15 минут зайлна. Үүнийхээ дараа усаар зайлахаа мартуузай. Тосоор зайлснаар аман дахь нянгийн тоо үлэмж буурдаг байна.

Хэрэв кокосын тос байхгүй бол ургамлын тосоор орлуулж болох юм байна шүү. За ингээд өөрт таалагдсан аргаа туршаад үзээрэй. Энгийн боловч үр дүнтэй. Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өвлийн хүйтэнд тэсэрч дэлбэрэх, өрөөлийг гэрэлтүүлж шатах хоёр тэс өөр ойлголт

Гэнэтхэн л шатаж дэлбэрэх, шатсан нэгнээ сэтгүүлчид хамгаалсангүй гэх яриа дэгдэх болсон. Цахим ертөнцийг анзаараад байхад монголчууд бид туйлшрахын дээдийг үзүүлдэг гол дүрийн баатар болсоор удав бололтой. Энэтхэгийн эртний их сэтгэгч Нагаржунай “Зарим хэрэгт гал мэт дүрэлзвээс зохих” хэмээн “Рашааны дусал” сударт өгүүлсэн байдаг ч басхүү “Зарим хэрэгт уул мэт бат сууваас зохих” гэж сургасан байдаг. Үндэстнийхээ сайн сайхны төлөө тэмцэж, олон жил шорон гянданд хоригдсон Туркийн их яруу найрагч Назым Хикмет

“Хэрвээ би шатахгүй юм бол

Хэрвээ чи шатахгүй юм бол

Хэрвээ бид шатахгүй юм бол

Хэн энэ түнэр харанхуйг гийгүүлэх юм бэ” гэсэн асуултыг зөвхөн өөрийн ард түмэндээ ч биш хүн төрөлхтнөөс асуусан байдаг.

Уг шүлэг түрэг хэлэндээ “Хэрхэн энэ түнэр харанхуйг гэрэлтүүлэх юм бэ” гэж байдаг гэж Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Д.Мөнхтөр өгүүлсэн нь утга учиртай л үг шиг санагддаг. Нийгмийн түнэр харанхуйг гийгүүлэхийн тулд хэн нэгэн шатах биш, хэрхэн яаж шатах тухай л яруухан өгүүлсэн хэрэг. Тэрнээс ямар нэг зүйл болохгүй байна гээд гудамжинд ч юм уу, олон нийтийн газар гал өрдөөд, галд өртөөд байвал гуравхан сая хүнтэй бидэнд ч хохиролтой, бас нийгэмд ч хор хөнөөлтэй. Ийм л анархи үзлээс улбаалж фашизм, нацизм толгойгоо өндийлгөх аюултай биш гэж үү. Төр засаг ч, түмэн олон ч нийгмийн аль түвшинд юу болж бүтэхгүй байгааг ухаарч засаж явбал “Хүнлэг ардчилсан” гэгдэх нийгмийн мөн чанарт тэнцэх мэт санагдана. Цөөхөн хүн амтай Монгол Улсад маань нэг хүний амь ч нэг гэхгүй нэмэртэй л юм сан даа. Хүнлэг байхын тулд хэн нэгнээ хайрлах сэтгэл, амьтнаас ялгарахын тулд оюундаа гэрэл гэгээ тусгаж дэлхийн болоод Монголын сонгодгуудаа жаахан уншмаар л байх юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөө хүндлэх ухаан

“Их ёсыг эс мөрдвөөс төрийн хэрэг ганхаж мөхмүй” хэмээн Чингис хаан айлдсан байдаг. Төрийг хүндлэх, дээдлэх ёс, ухаан энэ цаг үед алдагдаж байна уу даа гэж бодогддог юм.

“Энэ муу 76-г газар дээр нь шууд бууд”, “Шууд дүүжлэх хэрэгтэй”, “Эд бол авлигач новшнууд” гэдэг үгийг 18 нас ч хүрээгүй хүүхдүүд амны зоргоороо чалчдаг болоод удаж байна. Тэд төрөө зүхэх атаа хорслын манан дунд төөрчихсөн явна гэхэд болно.

Тэгвэл монголчууд эрт үеэсээ төрөө хүндлэн дээдлэх, өвгөд өтгөсөө хүндлэх, аав, ээж, ах дүүсээ дээдлэх зэргээр гурван цогц ухаанд хуваан авч үздэг байжээ. Энэ бүгдээс хамгийн дээд нь төрөө хүндлэн дээдлэх ухаан аж. Учир нь төрөө хүндлэх ухаан нь өвгөд, өтгөсөө хүндлэхээс эхэлдэг байна. Өвгөдөө хүндэлнэ гэдэг нь бусад зүйлсээ хүндэлнэ гэсэн үг. Өнөөдөр гэтэл төр түүний түшээдийг хүндлэх ёс жаяг мартагдаж, зөвхөн “төрийн сүлд өршөө” гэсэн үгнээс өөр зүйлгүй болжээ. Төрөө хүндлэх ур ухаан дутагдсанаас болж төрийн түшээд ёс зүйн ач холбогдлыг ойлгохоо больж төр хямрах үүтгэл болсоор байгаа юм.

Өнгөрөгч баасан гаригт нэгэн компанийн албан хаагчид Төрийн ордны үйл ажиллагаатай танилцахдаа чуулганы хуралдааны үйл явцтай танилцсан. Тэдгээр хүмүүс дээлээрээ гоёцгоосон байлаа. Бүгдээрээ чуулганы танхимд хэдэнтээ хурайлж байгааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Чуулганы хуралдааны танхимд Монгол Улсын их үйл хэргийг зургаахан гишүүн хэлэлцэж байсан ч тэд зүхэл хараал болсонгүй, төрөө хүндэтгэн хурайлж байсан билээ. Тэд чуулганы танхимаас гарахдаа гишүүддээ нуруугаа харуулахгүй шүү хэмээн гараараа даллан ухран гарч байсан юм.

Ямартай ч 40-өөс дээш насны хүмүүсийн дунд төрөө хүндлэх ухаан өнөө ч байсаар байгааг тэндээс харж болохоор байлаа. Аав, ээжийнхээ өврөөс ч холдож үзээгүй 10 гаруйхан настнууд минь цаашид нэгийг бодоход илүүдэхгүй биз ээ. Ёсоо тоохгүй алдвал төрөө алдахын цондон болдгийг ухаарна буй за.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сүүн шүдээ арчлахгүй бол байнгын шүд асуудалтай…

Хүүхэдтэй айлын нэг том асуудал бол хүүхдийн шүд өвдөх явдал байдаг. Яагаад ч юм бид сүүн шүдийг унаж солигдох учраас байнгын шүдээ ургах үеэс сайн арчлах ёстой гэж бодож ирсэн. Гэвч үнэндээ тийм биш ажээ. Харин ч сүүн шүдний эрүүл байдал, зөв бүтэц нь эрүүл сайхан байнгын шүдтэй болох нөхцөл учраас бүр эртнээс анхаарч байх ёстой юм байна. Ингэхийн тулд хүүхдээ бүр нярай байхаас амны хөндийг нь цэвэрлэж эхлэх ёстой гэнэ. Шүд ургаагүй байх үед ч амны хөндийн салст, буйл, дээд уруулын хөвч, хэлэн дээрх өнгөрүүдийг зөөлөн хөвөн эсвэл самбайгаар хуруугаа ороон буцалсан усанд дүрээд цэвэрлэж байх ёстой ажээ. 6-8 сартайд шүдэлж эхлэх үед ч дээрх цэвэрлэгээгээ хийсээр байх бөгөөд 1.5-3 настай үед нь оо тавилгүй сойзоор угааж эхэлнэ. Эхийн сүүний хүчил шүдний пааланг гэмтээж уусгах магадалтай учир нэг нас хүрснээс нь хойш шөнийн цагаар хөхүүлэхгүй байвал зүйтэй гэдэг.

Хүүхдийн нас насанд зориулсан шүдний арчилгаа, шүдний оо, сойзыг сонгох нь чухал гэдгийг хэлүүлэх юун. 4-6 настайд хүүхэд бүрэн шүдэлж дээр, доороо арав, арван шүдтэй болсон байдаг учраас оо хэрэглэж занших ёстой.

Нөгөө эцэг, эх бидний солигдох шүдийг арчлах шаардлагагүй гэсэн харалган бодлогын үр дүн энэ үед л гарч, эмнэлгээр явах их ажил эхэлдэг шүү дээ. Хамгийн түрүүнд хорхойтож үйрсэн үүдэн дөрвөн шүд, цаашлаад чихэрлэг хүнс хэрэглэсний улмаас хүчилд цоорсон шүднүүд балчир үрсийг маань ч зовоож өгдөг. Тиймээс хүүхдүүдээ байнгын сайхан шүдтэй болгохын тулд сүүн шүдийг нь анхаарч арчлахаа бүү мартаарай, эцэг эхчүүд ээ. Шүд эрүүл, сайхан бол ходоод, дотор гэдэс бас зүс сайхан байж таарна аа даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хорт утаанаас хэрхэн сэргийлэх вэ?

Сүүлийн хэд хоног цочир хүйтэрч Улаанбаатарын утаа хэрээс хэтэрсэн. Хорт утаанаас хэрхэн сэргийлэх талаар энгийн зөвлөгөө өгье. Агаарын бохирдлын хор хөнөөл иргэдэд амьсгалын, зүрх судасны, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвслийг бий болгож, нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодын өсөлт, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн хорт хавдар үүсгэх магадлал хамгийн өндөр гэдгийг эмч нар хэлдэг. Тэгэхээр утаанаас сэргийлэх, бүр ойлгомжтойгоор хэлбэл хавдрын ямар нэгэн эмгэг, дээрх олон төрлийн өвчлөлд автахгүйн тулд хүйтний улиралд амны хаалт хэрэглэж хэвшихийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг юм.

Ялангуяа өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроож улмаар астма өвчин үүсэх нөхцөл бүрддэг байна. Энгийн материалаар хийсэн амны хаалт нь агаар бохирдуулагч хийнээс бүрэн хамгаалдаггүй учир нанотехнологиор хийсэн амны хаалт хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Өдөр тутам илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь дархлаа тогтоож өгнө. Илчлэг сайтай хоол хүнсэнд үхэр, адууны мах, аарцтай шөл зэрэг орно. Махнаас гадна эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо багтана. Махны үнэ эрс унаж хотондоо хонь хорь, гучин мянга болсон энэ үед төв газрынхан өвлийн идшээ сайн гэгч базааж аваад махаа түлхүү хэрэглээд байхад учир нь олдох нь. Уламжлалт аргаар бүрсэн тараг өглөө, оройдоо уух нь машид шим тэжээлтэй. Өдгөө нас ная хол гарсан Тангадын Галсан гуайд гэргий нь дандаа тараг бүрж өгдөг юм гэсэн. Насанд хүрсэн хүн хоолны дараа C витамин уувал уушигны өвчлөлөөс сэргийлэх бас нэг арга гэнэ.

Хоол хүнснээс гадна цэвэр агаарт алхах, ууланд авирах зэрэг нь утаанд хордсон уушгийг эмчлэх хамгийн сайн эм гэдгийг манайхан мэднэ. Бага насны хүүхдийг машин ихтэй замаас хол байлгахыг санууштай. Автомашины утаанаас ялгарах хорт хийнд агуулагдах хүнд металууд агаарт нэг метр орчим тогтонгишил үүсгэсэн байдаг. Гэр орондоо байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, төрөл бүрийн цэцэг тарьж ногоон байгууламж бий болгон, утаан бүрхүүл тогтсон үед цонхоо онгойлгохгүй байхыг анхаар. Тухайн орчны агаарыг ариутган, халдваргүйжүүлж, нянг устгах үйлчилгээ бүхий аппараттай байх нь нэн чухал. Хэн бүхний мэдэх зөвлөгөө хэдий ч амьдралдаа үргэлж дагаж мөрддөг маань хэд бол.

Ө.Манлай

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Гэртээ ганцаараа”…

Нэгдүгээр
ангийн сурагч охин маань хацраа маажуулчихаад иржээ. “Манай ангид нэг мангар хүүхэд
байдаг юм аа. Миний баллуурыг авах гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь намайг маажчихсан”
гэж охин маань ярилаа. Мангар гэдэг нь оюуны бэрхшээлтэй хүүхдийг хэлж байгааг ойлгов.
Охиныг маань сургуульд байнга хүргэж өгч, авдаг эмээ нь үглэж байна. “Ангидаа оюуны
бэрхшээлтэй хүүхэд байлгалаа гэж багшийг нь загнасан. Олон хүүхэд маажсан гэсэн.
Эцэг эхчүүд уурлаж байна лээ” гэнэ. “Ангийнхаа найзыг мангар гэж болохгүй ээ. Хөгжлийн
бэрхшээлтэй найздаа чадлаараа тусалж байгаарай. Бас чамаас юм гуйвал өгчих. Найзынх
нь толгой өвддөг учраас амархан уурлаж магадгүй. Тийм үед нь тэвчээртэй байж, уурыг
нь хүргэхгүйг хичээгээрэй” гэж охиндоо захисан юм. Хүүхдүүд ээжийнхээ хандлагыг
“хуулдаг” учраас зөв тайлбарлах гэж хэрдээ хичээв. Өөдрөг нүдээр харвал ангид хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд байгаад баярлах учиртай. Амьдралын олон өнгийг хүүхдүүд маань
мэдрэх боломжтой болно шүү дээ. Өчигдөрхөн бурхны оронд үдсэн сэтгүүлч Л.Болормаа
агсны бэлтгэсэн “Гэртээ ганцаараа” нэвтрүүлгийг үзээд энэ талаар ахин эрэгцүүлсэн
юм. Аутизмтай хүүхдийн сурах эрхийн тухай асуудал хөндсөн тэрхүү нэвтрүүлэгтээ сэтгүүлч
“Тэд өөрсдийнхөө тухай үг холбож чаддаггүй, нийгмийн сөрөг хандлагаас эмээж, аутизмтай
олон хүүхэд гэртээ нуугдаж үлддэг” гэж ярьсан. Орцны жижүүр, сургуулийн манаач,
багшаас авахуулаад хүн бүрт хүүхдийнхээ онцлогийг тайлбарлаж, бүхний өмнө буруутай
мэт явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхийн сэтгэлийг энд өгүүлсэн байна лээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бяцхан орчин, тусгаарлагдсан орон зайг бус
энгийн хүүхдүүдтэй хамт сурч хөгжих эрхийг ээж нар хүсч байна. Халдварт өвчтэй биш
дээ. Хайртай үрийг нь тусгаарлаж орхихыг ямар ээж хүсэх билээ. Хөнгөн хэлбэрийн
бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургууль, цэцэрлэгт сургахыг уг нь хуулиар зөвшөөрдөг.
С.Оюун гишүүн энэ нэвтрүүлэгт оролцож, Японы жишээнээс иш татав. “Миний хүүхэд ямар
ч онцлогтой байсан гэртээ ойрхон сургуульд өгөх эрхтэй” байдаг гэнэ. “Өнгө гэрэлтэй
орчинд хүүхдээ үлдээх гэсэн тэмцэл” хэмээх сэтгүүлчийн үг яг л гэрээслэл мэт сонсогдов.
Халамж, анхаарал шаардлагатай бяцхан охиноо үлдээгээд одсон эхийн сэтгэл зүрх шимшрүүлнэ.
Илүү өнгө гэрэлтэй нийгмийн төлөө ээж бүхэн хувь нэмрээ оруулаасай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гарцаар гарах нь богино зайд уралдахаас хэцүү

Токио, Бээжин, Сөүл зэрэг Азийн томоохон хотуудад замын гарцаар гарч байгаа хүмүүс нэг л их тайван хүмүүс харагддаг. Явган зорчигч гарцаар гарч болно гэсэн ногоон гэрэл асангуут аажуу тайвуу нэвтэрч нөгөө талд гарцгаадаг. Гэтэл манайд энэ дүр зураг эсрэгээрээ. Ногоон гэрэл асангуут гараанаас гарч байгаа морьд шиг түлхэлцээд, урдаас ирж байгаа хүмүүсээ мөрлөөд чухам л юманд хөөгдсөн мэт гүйлддэг. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явсаар замын дунд иртэл өнөө ногоон гэрэл нь улаанаараа эргэлдчихнэ. Гэрэл нь солигдож амжаагүй, явган зорчигч нь замаас гараагүй байхад машин тэрэг нь дайрчих шахаад давхиж ирж тулж зогсоно.

Одоо байгаа гэрлэн дохионуудын ногоон гэрэл асах минут нь 600 мянган хүнтэй байх үеийн Улаанбаатар хотод зориулсан хугацаа. Одоо бол нийслэл хот мега болж нэг эгнээ зам нь хоёроос тав болтлоо өргөжчихөөд байхад явган зорчигчид гарцаар гарахын тулд богино зайн гүйлтийн уралдаанд оролцож байгаа тамирчид шиг гэрэл солигдохтой зэрэгцэн гүйлдэж байна. Ялангуяа нэг урсгалдаа хоёроос дээш эгнээтэй замд. Ахмад настнуудын дунд судалгаа явуулахад Улаанбаатар хотын зарим замын гарцаар гарахад ногоон гэрлийн асах хугацаа нь хэтэрхий богинохон гэсэн гомдол гаргасан байна лээ. Замаа өргөн болгож, машинуудаа шингээдэг болчихсон юм чинь одоо явган зорчигчдоо гарцаар аюулгүй гарах тал дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Өвлийн энэ халтиргаа гулгаатай үед арайчүү алхаж байж гарцны цагаан зурвас дээр уралдана гэдэг хэцүү л байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тамхины утаа

“Тамхины хяналтын тухай” хууль гарснаар олон нийтийн газар улайм цайм баагиулаад байх нь багассан гэж болно. Харин энэ хууль гарснаар тамхины үнэ өсч, олдоц нь багасч, хулгайгаар зарах нь нэмэгдсэн гэж гомдогсод олширсон. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор архаг тамхичид гадаа гарч тамхилах нь багасч байна. Мэдээж тэдэнд зориулсан дулаан байр бэлдэж байгууллага илүү зардал гаргахгүй. Тиймээс архгууд хаа нэгэн газар булан тохой, умгар өрөөг бараадаж тамхилна. Олон жилийн өмнө Английн эрдэмтэд нэгэн судалгаа хийж олон нийтийг цочирдуулсан гэдэг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хязгаарлагдмал орчинд тамхи татах нь задгай орчинд татсанаас хэд дахин илүү хор уршигтайг тогтоожээ. Машиндаа тамхилдаг иргэд уушги болон зүрхний шигдээсээр өвчлөх нь их байдаг байна. Тамхичны сороод гаргасан утаа нь хүчилтөрөгчтэй холилдож илүү хоржиж уушгинд буцаж орно.

Мөн хувцсанд шингэсэн утаа хүүхэд, хөгшдийн амьсгалын замын эрхтэнд хөнөөл учруулдаг аж. Өнөөдөр тамхичид өдөрт 3-5 мянган төгрөгийг танхимд зарцуулдаг. Та тамхинаас гарч чадвал сард 90-150 мянга, жилд багаар тооцоход сая төгрөг хэмнэнэ. Бие эрүүлжиж, халаас ч зузаарна.

Х.Баттөгс

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөлх ойдоо төөрдөг сармагчин ч гэж юу байх вэ дээ

Одоо юм л болбол “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэж атны тавхай аман дээр тавих болж. Ийн хэлж буй нөхдийг үнэхээр түүх уламжлалдаа гүнзгий мэддэгийн далай болсон хүмүүс юм уу гэхээр ачир дээрээ огтхон ч тийм биш. Харин ч гүехэн устай бяцхан цөөрмүүд байх нь олонтаа. Эзэн богд Чингис хаан минь гэцгээх атлаа хямдхан архи, тамхи, боов боорцгоо хүртэл тэнгэрийн алдарт тэр хүмүүний нэрээр овоглож, арай л ариун цэврийн цаас, бүсгүй хүний өдөр тутам хэрэглэдэг самбайг тийн нэрлэх нь халаг. Өгөдэй, Хубилай, Галдан бошигт, Өндөр гэгээн нэртэй архи сархад, цай үй түмээрээ бий. Монголын төр засаг хүртэл “Монгол бахархлын өдөр” хэмээн сүржиндүү нэртэй даржиндуу ёслол бий болгож, баахан л халхайсан улс хэлхийсэн дээл өмсөн нийслэл хотоор нэг хөлхөх нь сансрын гэгдсэн энэ эринд үлгэр домгийн баатрууд амилан ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ цаг үе бол шинжлэх ухаан хөгжиж, оюун ухааны ололт амжилт халгисан түүхийн нэгэн мөчлөг. Тиймдээ ч ухаант хүмүүн төрөлхтөн яавал амар жимэр, эвтэй найртай, энгүүн даруу аж төрөх вэ гэдгийг тал талаас нь тунгааж, өндөр хөгжилтэй улс орнууд иргэдээ хөгжүүлэх, амьдралын баталгааг нь улам сайхан болгохын төлөө зүтгэж байхад манайхан элийрсэн баларсан эртээ урьдын цагаа санагалзаж суух нь хунгийн сүрэг дунд буй нугасны муухай дэгдээхэй шиг өрөвтөр. Түүхээ уншилгүй л яахав, судлалгүй л яахав. Хамгийн гол нь өнөөгийн амьдралынхаа чиг баримжаа болгож, цээжээ дэлдэн бахархана гэдэг дэндүү гунигтай. Түүх бол хүн төрөлхтөний бахархал биш туулсан замнал нь. Түүх судлаад улс орон диваажин болтлоо хөгжчихдөг гэвэл даанч өрөөсгөл. Түүх бол хөгжлийн түлхүүр огтхон ч биш. Харин түүхээс суралцаж, алдаагаа давтахгүйд л түүхийн жинхэнэ мөн чанар нь оршдог. Тэгэхээр түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг амны уншлага болгоод байхаар зүйл биш байгаа биз. Төрөлх ойдоо төөрдөг сармагчин ч гэж юу байлаа. Түүх бүтээсэн өвөг дээдсийн үр сад байтлаа сармагчин болчихдог ард түмэн ч гэж хаана байлаа даа.