Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сармисны ашиг тус

Ес эхлэх дөхөж буй энэ өдрүүдэд сармис байхад л өчнөөн аргаар ханиадны эсрэг тэмцэж болно. Сармисаар дархлаа сайжруулахханд бэлдэх хялбар жорууд санал болгоё. Анхааруулжхэлэхэд сармисанд агуулагддаг бодисууд төмөртэй урвалд ордог учраасзөвхөн модон зүйлээр жижиглэж няцлаарай. Сармисны жижиглэсэн хумсыг шөнийн туршид аяга тарганд байлгаад өдрийн турш бага багаар уух арга бий. 2-3 ширхэг сармисны хумс, мөн тооны нимбэгийг жижиглэн нухаад нэглитр буцалсан усанд хийгээд хоёр хоног дарах жор бас байдаг юм байна. Амны халбаганы талыг хагас аяга усаар шингэлээд хоол идэхийн өмнө гурван удаа уухад ханиаднаас сэргийлээд байж болох нь.

Жижиглэжнухсан сармис, зөгийн балыг ижил хэмжээтэй хольж, 2-3 долоо хоногийн турш амны жижиг халбагаар өглөө оройд хоол идэхээс хагас цагийн өмнө уух боломжтой. Нэг зүйлийг сануулахад бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоодны шарх, гэдэсний шархтай хүмүүс сармис хэрэглэхдээ болгоомжтой хандахыг эмч нар зөвлөдөг. Сармис эмийн бодис гэдэг утгаар мянган жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн түүхтэй аж.

Өвчин намдаах, нян устгах, мөөгөнцрийн эсрэг, ариутгах зэрэг төрөл бүрийн чадвартай байгалийн ашигтай бодисууд сармисанд агуулагддаг. Мөн биеэсхорыг гадагшлуулж, хаван хөөх чанартай гэнэ. Сармисыг зохих тунгаар хэрэглэж заншвал хавдрынэсрэг дархлаа суулгадаг байна.

Ц.ТҮВШИН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эмчийг хэн эмчлэх вэ?

Амьдрал мэддэг нэг хүн хэлсэн юм. Удаан ажилласан багш хүүхэд харахаараа шээс дусаах шахтлаа халширдаг гэж. Эмч нарт ч өвчтөнөөсөө халшрах үе олон байдаг нь хэр. Эмч, багшийн ажилд сэтгэл дундуур үлдэх нь олон. Шүүмжлэх шалтаг ч хангалттай олддог. Гэхдээ л эмчийн ч, багшийн ч ачаалал үнэхээр ихийг хэн хүнгүй мэднэ. Багш 40-50 хүүхдийн дунд толгой нь эргэтлээ зогсоно. Харин эмчийн үүдэнд дараалал дундрахгүй. Гэмтлийн эмнэлэгт очиход цус нөж үнэртээд, дайны талбарт яваа мэт сэтгэгдэл төрж, бушуухан гарахын түүс болдог. Халдварт, хавдрын эмнэлгийн эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэлтэй нөхцөлд “галын шугаманд” ажилладаг хүмүүс. Тэдний хөдөлмөр хамгааллын нөхцөлд хэн хяналт тавьдаг билээ. Хүнд хортой нөхцөлд олгодог нэмэгдэл байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Гэтэл тэр газар эмчийн хоёр дахь гэр. Магадгүй гэртээ байдгаасаа илүү хугацааг эмнэлэг дээрээ өнгөрүүлдэг биз. Эмчийн ажлын өрөө хэр тохилог билээ. Тэд амралтын өрөөтэй бил үү.

Эмчийг ингэхэд хэн эмчилдэг юм бэ? Японд гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилтнуудынхаа стрессийг тайлж, амраадаг тухай тэнд суралцаад ирсэн нэг багш ярьсан юм. Эмч нарт ч стресс тайлах үйлчилгээ, амралт хэрэгтэй байдаг тухай Н.Удвал сайд ярьж байсан санагдана. Хүний өвчин зовлон дунд явахад бэрх.

Эмч, багш нарынхаа эрүүл мэндэд анхаарч, стресс тайлах үйлчилгээ санал болгох цаг болжээ. Үгүй бол өвдөж зовсон үедээ хэнд итгэж найдах билээ. Өвчтөнөөсөө халширсан эмчийн тухай төсөөлөхөд ч хэцүү санагдаж байх чинь.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эерэг талаас нь бодох илүү сайхан

Эдийн засаг хямарлаа, бэлэн мөнгө хомсодлоо. Компаниуд цалингаа ч тавьж чадахгүй байна гэж хэн хүнгүй л ярих юм. Үнэндээ ч тийм л байна. Гэхдээ яагаад ч юм, болохгүй бүтэхгүй гэж ярихаа хойш нь тавиад гэгээлэг сайхан бүгдийг нь эхлээд бодъё л доо.

Бид юуны өмнө тусгаар тогтносон эрх чөлөөтэй оронд амьдарч байна. Манайд дайн дажин алга, ахиулаад бодвол аль нэгэн алан хядагч бөмбөг тэслэх вий гэх аюулаас ангид байна. Тал дүүрэн бэлчсэн хэдэн сая мал маань биднийг юу, юугүй өлсгөлөнд хүргэчихгүй. Угаасаа бид нар өлсч үзээгүй үндэстэн. Өвлийн идшээ хийчихсэн айлууд тогоо дүүрэн махаа чанаж идээд л сууж байгаа, адаглаад зах дээрээс хамгийн хямдаар авч иддэг гэдэс дотрын цуглуулга хамгийн эрүүл хоол. Хамгийн гол нь бид эрүүл энх байна. Элэг бүтэн үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Өвлийн жаварт хацар хайруулавч удахгүй хавар ирж, цаг наашилна гэж бодох нь сэтгэлд нэг сайхан. Эрүүл саруул хөл дээрээ алхаж байна гэдэг өөрөө үнэ цэнэ. Ингээд нэг бодоод үзвэл танд ямар санагдаж байна. Мэдээж, дээр хэлсэн бүхэн дээр үгүйсгэл олж болно л доо. Гэхдээ эерэг талаас нь бодоод үзэх илүү сайхан байгаа биз дээ. Хүн итгэхийг хүссэн зүйлдээ итгэдэг. Тиймээс болж бүтэхгүй бүрийг болох бүтэх талаас нь шүншиглэж, ирж яваа цагийг өнөөдрөөсөө илүү гэрэлтэй болно гэж итгэж найдах нь бүх зүйл хэцүү болсон гэгдэх цаг дор илүү амар юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ухаантай харагдах гэж жүжиглэлгүй, өөрийнхөөрөө амьдрах сайхан

Монголын
нийгмийн идеал болсон залуусын нэг Rokit bay нэгэн ярилцлагадаа “Би ингэж ярьж,
ийм байдалтай суувал бусдад гоё харагдана гэх ойлголт надад байхгүй. Өөрийгөө олсны
давуу тал маань энэ. Тэгэхээр амьдрал маш амархан болчихдог” гэжээ. Үүнээс улбаалаад
бодоход, бид чинь өөрсдөдөө ямар их дарамттай, садаа тээртэй, тарчилгасан ядаргаатай
амьдарна вэ. Залуус бусдад таалагдах гэж элдэв янзаар жүжиглэн, хүн харахад жигтэйхэн
ганган хээнцэр хэрнээ ачир дээрээ нэг л аз жаргалгүй баяр баясгалангүй амьдраад
байх шиг.

Орой үдшийн
цагаар найз нөхөд нь, эсвэл нэртэй төртэй нэгэн, тухайн салбарынх нь шилдэг од,
хэн ч дуудаж болно.

Тэр бүгдэд
“Очихгүй бол болохгүй, намайг буруугаар ойлгоно, тоохоо больчихно, харилцаагаа тасална”
гээд гардаг. Ханьтайгаа, балчир үрстэйгээ жаргал гээчид умбаж байтал “тамын утас”
дуугарч, яг л цагдуулж байгаа хүн шиг гарна. Өөрөө хүсээгүй ч бусдад таалагдах,
сайн хүн болох гэсэн царай нь тэр. Тиймэрхүү уулзалтууд ажил хэргийн гэхээсээ архидалт,
хов жив, атаа хорсол, найраа хэлцээгээр дуусдаг нь жам.

Бид амьдралынхаа
үнэт цагийг зүгээр л бусдын зугаа гаргах төдий өнгөрүүлж, дараа нь харамсахын зовлонд
унадаг. “Амьдралынхаа турш жүжиглэн өнгөрүүлснээ бодохоор…” гэж ихэнх ухаантнууд
амаа барьдаг нь ийм учиртай. Тэгэхээр үзэл бодлоо төлөвшүүлж, итгэл үнэмшилтэй байх
нь чухал. Хүний үзэл бодол төлөвшин, итгэл үнэмшилтэй болж өөрийгөө олоход нөлөөлөх
гол зүйл бол ном юм. Эрдмийн оргилд хүрсэн, түүн рүү тэмүүлсэн хүн бусдад ухаантай
харагдах гэж өөрийгөө зовоолгүй, мөрөөрөө, санаан зоргоороо аж төрөхүйн сайхныг
мэдэрч, хожим харамсах зүйлгүйгээр амьдардаг нь гайхмаар.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан мэндэлдэг хүүхдүүдийг шалгаруулъя

Өглөө болгон хаалгаар нь оронгуут халуун дотноор угтан мэндэлдэг нэг газар бий. Тэр бол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг юм. “Өглөөний мэнд, сайхан амарсан уу бяцхан үрс минь. Сайхан амарцгаав уу ээж, аав нар аа” гэж жижүүр багш чин сэтгэлээсээ инээсээр угтах нь сайхан. Бүтэн өдрийн энерги, ажиллах эрч хүчийг минь өгөх шиг л болдог юм. Тус цэцэрлэг урьд жилүүдэд ийм байгаагүй гэдгийг эцэг, эхчүүд бүгд мэддэг болохоор анхандаа багш нарыг ингэж мэндчилэхээр нэг л дасч өгдөггүй байв. “Хаалгаа хаагаач ээ, гутлаа арч, улавчаа өмс” гээд л үүдээр оронгуут хэн нэгний орилох дуу сонсогддог байсан сан. Харин энэ хичээлийн жилийн эхний өдрөөс багш нар ээлжээр үүдэнд жижүүрлэж, өглөө бүрийг найрсгаар угтаж, оройдоо инээмсэглэлээр үддэг болсон юм. Нойроо харамлан уйлагнан орж ирэх хүүхдүүдийг “Манай энэ ч ёстой мундаг шүү” гэж онгирооно. Тэгээд орой явахад нь “Өнөөдөр миний хүү хамгийн сайн нь байсан, маргааш заавал ирээрэй” гэхчилэн үднэ. Тийм болохоор хүүхдүүд цэцэрлэгт явах тун дуртай болцгоожээ. Одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүд томчуудтай хэрхэн мэндлэхээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Жаахан бүрэг дуугүй байсан хүүхдүүд нээлттэй болсон нь анзаарагддаг юм. “Манай ангийн тэрний аав, ээж байна. Та сайн байна уу” гээд л өөдөсхөн хүүхдүүд мэнд мэдэх нь эгдүүтэй.

Ер нь бусадтай зөв мэндэлж, эргээд тэдний хүндэтгэлийг мэдрэх шиг сайхан зүйл хаа байхав. Хэн ч гэсэн “Сайн байна уу” хэмээн амар мэндийг нь эрж байгаа хүний урдаас уурлаж, ярваганаад байхгүй. Тиймээс бие биетэйгээ элэгсэг дотноор мэндэлцгээж байя. Харилцааны хамгийн анхны бөгөөд дээд хэлбэр нь мэндчилгээ гэдгийг эрдэмтдийн олон арван бүтээлд онцолсон байдаг шүү дээ.

Монголчууд танихгүй л бол ямар ч хүн байсан мэндлэхийг мэддэггүй улс. Дэлхийн хөгжилтэй орнууд болох Япон, Солонгосын ард түмэн бие биедээ хүндэтгэл үзүүлж, бөхөлзөн тонголзож мэндчилж байгааг нь харахад нуруу хугармаар бодогддог биз дээ. Тэдгээр улсуудын амжилтын нэг үндэс нь яах аргагүй энэ хүнлэг мэндчилгээ гэдэгтэй судлаачид маргадаггүй юм. Тэгвэл манай цэцэрлэг, сургуулиуд сайхан мэндэлдэг багш, ажилтан, сурагч, хүүхдүүдийг шалгаруулж яагаад болохгүй гэж. “Хамгийн шилдэг мэндэлдэг хүүхэд” гэж өргөмжилье л дөө. Ингээд шилдгээ долоо хоног, сар тутамд шалгаруулж, хүүхэд бүрт энэ алдрыг хүртээе. Энэ нь тэднийг ирээдүйдээ хөлөө олоход нь хамгийн том хөрөнгө оруулалт болох ч юм бил үү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ

Сайхан шүдтэй байх нь эрүүл мэнд төдийгүй гоо сайханд тустай. Хоол хүнс, эмийн буруу хэрэглээ, тамхи, кофе, шүдээ тогтмол угаадаггүй зэргээс шалтгаалан өнгө нь өөрчлөгддөг.

Энэ нь шүдний өнгийг өөрчлөхөөс гадна шүдний пааланг гэмтээж, шүд цоорох, буйл болон амны хөндийн элдэв үрэвсэлт өвчний эх үүсвэр болдог. Үүнийг дагаад шүд цайруулах бодисууд олноор үйлдвэрлэх болсон ч энэ нь сөрөг нөлөөтэй байх нь их. Иймээс сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимж, эрүүл сайхан шүдтэй явахад тань тус болох үүднээс гэрийн аргаар шүд цайруулах зарим энгийн аргыг хэлж өгье. Гадил жимсийг бид идэх дуртай ч хальсыг нь хэрэгтэй гэж огт боддоггүй. Тэгвэл гадил жимсний хальс шүд цайруулахад тустай. Идсэн гадил жимснийхээ хальсны дотор талын зөөлөн хэсгээр 2-3 минут шүдээ үрвэл өнгөр нь арилж цайрна.

С витаминаар баялаг гүзээлзгэнэ нэгээс гурван ширхэг, чимх давс, хагас цайны халбага хүнсний содтой хольж нухаад орой унтахын өмнө сойзондоо түрхэж таван минут орчим шүдээ угаавал үр дүн нь тун удахгүй мэдэгдэнэ. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглээд байхад болно. Мөн нэг халбага хүнсний содыг бага хэмжээний ус юм уу нимэгний шүүстэй хольж найруулаад ооны оронд хэрэглэнэ. Нимбэгний шүүстэй хольсон бол нэг минут угаахад л хангалттай. Энэ нь шүдний бүрхүүлийг гэмтээхээс сэргийлж байгаа юм. Долоо хоногт нэг удаа энэ аргыг хэрэглэхэд сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Бас нэгэн арга. Өглөө нэг цайны халбага кокосын тосоор 10-15 минут зайлна. Үүнийхээ дараа усаар зайлахаа мартуузай. Тосоор зайлснаар аман дахь нянгийн тоо үлэмж буурдаг байна.

Хэрэв кокосын тос байхгүй бол ургамлын тосоор орлуулж болох юм байна шүү. За ингээд өөрт таалагдсан аргаа туршаад үзээрэй. Энгийн боловч үр дүнтэй. Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өвлийн хүйтэнд тэсэрч дэлбэрэх, өрөөлийг гэрэлтүүлж шатах хоёр тэс өөр ойлголт

Гэнэтхэн л шатаж дэлбэрэх, шатсан нэгнээ сэтгүүлчид хамгаалсангүй гэх яриа дэгдэх болсон. Цахим ертөнцийг анзаараад байхад монголчууд бид туйлшрахын дээдийг үзүүлдэг гол дүрийн баатар болсоор удав бололтой. Энэтхэгийн эртний их сэтгэгч Нагаржунай “Зарим хэрэгт гал мэт дүрэлзвээс зохих” хэмээн “Рашааны дусал” сударт өгүүлсэн байдаг ч басхүү “Зарим хэрэгт уул мэт бат сууваас зохих” гэж сургасан байдаг. Үндэстнийхээ сайн сайхны төлөө тэмцэж, олон жил шорон гянданд хоригдсон Туркийн их яруу найрагч Назым Хикмет

“Хэрвээ би шатахгүй юм бол

Хэрвээ чи шатахгүй юм бол

Хэрвээ бид шатахгүй юм бол

Хэн энэ түнэр харанхуйг гийгүүлэх юм бэ” гэсэн асуултыг зөвхөн өөрийн ард түмэндээ ч биш хүн төрөлхтнөөс асуусан байдаг.

Уг шүлэг түрэг хэлэндээ “Хэрхэн энэ түнэр харанхуйг гэрэлтүүлэх юм бэ” гэж байдаг гэж Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Д.Мөнхтөр өгүүлсэн нь утга учиртай л үг шиг санагддаг. Нийгмийн түнэр харанхуйг гийгүүлэхийн тулд хэн нэгэн шатах биш, хэрхэн яаж шатах тухай л яруухан өгүүлсэн хэрэг. Тэрнээс ямар нэг зүйл болохгүй байна гээд гудамжинд ч юм уу, олон нийтийн газар гал өрдөөд, галд өртөөд байвал гуравхан сая хүнтэй бидэнд ч хохиролтой, бас нийгэмд ч хор хөнөөлтэй. Ийм л анархи үзлээс улбаалж фашизм, нацизм толгойгоо өндийлгөх аюултай биш гэж үү. Төр засаг ч, түмэн олон ч нийгмийн аль түвшинд юу болж бүтэхгүй байгааг ухаарч засаж явбал “Хүнлэг ардчилсан” гэгдэх нийгмийн мөн чанарт тэнцэх мэт санагдана. Цөөхөн хүн амтай Монгол Улсад маань нэг хүний амь ч нэг гэхгүй нэмэртэй л юм сан даа. Хүнлэг байхын тулд хэн нэгнээ хайрлах сэтгэл, амьтнаас ялгарахын тулд оюундаа гэрэл гэгээ тусгаж дэлхийн болоод Монголын сонгодгуудаа жаахан уншмаар л байх юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөө хүндлэх ухаан

“Их ёсыг эс мөрдвөөс төрийн хэрэг ганхаж мөхмүй” хэмээн Чингис хаан айлдсан байдаг. Төрийг хүндлэх, дээдлэх ёс, ухаан энэ цаг үед алдагдаж байна уу даа гэж бодогддог юм.

“Энэ муу 76-г газар дээр нь шууд бууд”, “Шууд дүүжлэх хэрэгтэй”, “Эд бол авлигач новшнууд” гэдэг үгийг 18 нас ч хүрээгүй хүүхдүүд амны зоргоороо чалчдаг болоод удаж байна. Тэд төрөө зүхэх атаа хорслын манан дунд төөрчихсөн явна гэхэд болно.

Тэгвэл монголчууд эрт үеэсээ төрөө хүндлэн дээдлэх, өвгөд өтгөсөө хүндлэх, аав, ээж, ах дүүсээ дээдлэх зэргээр гурван цогц ухаанд хуваан авч үздэг байжээ. Энэ бүгдээс хамгийн дээд нь төрөө хүндлэн дээдлэх ухаан аж. Учир нь төрөө хүндлэх ухаан нь өвгөд, өтгөсөө хүндлэхээс эхэлдэг байна. Өвгөдөө хүндэлнэ гэдэг нь бусад зүйлсээ хүндэлнэ гэсэн үг. Өнөөдөр гэтэл төр түүний түшээдийг хүндлэх ёс жаяг мартагдаж, зөвхөн “төрийн сүлд өршөө” гэсэн үгнээс өөр зүйлгүй болжээ. Төрөө хүндлэх ур ухаан дутагдсанаас болж төрийн түшээд ёс зүйн ач холбогдлыг ойлгохоо больж төр хямрах үүтгэл болсоор байгаа юм.

Өнгөрөгч баасан гаригт нэгэн компанийн албан хаагчид Төрийн ордны үйл ажиллагаатай танилцахдаа чуулганы хуралдааны үйл явцтай танилцсан. Тэдгээр хүмүүс дээлээрээ гоёцгоосон байлаа. Бүгдээрээ чуулганы танхимд хэдэнтээ хурайлж байгааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Чуулганы хуралдааны танхимд Монгол Улсын их үйл хэргийг зургаахан гишүүн хэлэлцэж байсан ч тэд зүхэл хараал болсонгүй, төрөө хүндэтгэн хурайлж байсан билээ. Тэд чуулганы танхимаас гарахдаа гишүүддээ нуруугаа харуулахгүй шүү хэмээн гараараа даллан ухран гарч байсан юм.

Ямартай ч 40-өөс дээш насны хүмүүсийн дунд төрөө хүндлэх ухаан өнөө ч байсаар байгааг тэндээс харж болохоор байлаа. Аав, ээжийнхээ өврөөс ч холдож үзээгүй 10 гаруйхан настнууд минь цаашид нэгийг бодоход илүүдэхгүй биз ээ. Ёсоо тоохгүй алдвал төрөө алдахын цондон болдгийг ухаарна буй за.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сүүн шүдээ арчлахгүй бол байнгын шүд асуудалтай…

Хүүхэдтэй айлын нэг том асуудал бол хүүхдийн шүд өвдөх явдал байдаг. Яагаад ч юм бид сүүн шүдийг унаж солигдох учраас байнгын шүдээ ургах үеэс сайн арчлах ёстой гэж бодож ирсэн. Гэвч үнэндээ тийм биш ажээ. Харин ч сүүн шүдний эрүүл байдал, зөв бүтэц нь эрүүл сайхан байнгын шүдтэй болох нөхцөл учраас бүр эртнээс анхаарч байх ёстой юм байна. Ингэхийн тулд хүүхдээ бүр нярай байхаас амны хөндийг нь цэвэрлэж эхлэх ёстой гэнэ. Шүд ургаагүй байх үед ч амны хөндийн салст, буйл, дээд уруулын хөвч, хэлэн дээрх өнгөрүүдийг зөөлөн хөвөн эсвэл самбайгаар хуруугаа ороон буцалсан усанд дүрээд цэвэрлэж байх ёстой ажээ. 6-8 сартайд шүдэлж эхлэх үед ч дээрх цэвэрлэгээгээ хийсээр байх бөгөөд 1.5-3 настай үед нь оо тавилгүй сойзоор угааж эхэлнэ. Эхийн сүүний хүчил шүдний пааланг гэмтээж уусгах магадалтай учир нэг нас хүрснээс нь хойш шөнийн цагаар хөхүүлэхгүй байвал зүйтэй гэдэг.

Хүүхдийн нас насанд зориулсан шүдний арчилгаа, шүдний оо, сойзыг сонгох нь чухал гэдгийг хэлүүлэх юун. 4-6 настайд хүүхэд бүрэн шүдэлж дээр, доороо арав, арван шүдтэй болсон байдаг учраас оо хэрэглэж занших ёстой.

Нөгөө эцэг, эх бидний солигдох шүдийг арчлах шаардлагагүй гэсэн харалган бодлогын үр дүн энэ үед л гарч, эмнэлгээр явах их ажил эхэлдэг шүү дээ. Хамгийн түрүүнд хорхойтож үйрсэн үүдэн дөрвөн шүд, цаашлаад чихэрлэг хүнс хэрэглэсний улмаас хүчилд цоорсон шүднүүд балчир үрсийг маань ч зовоож өгдөг. Тиймээс хүүхдүүдээ байнгын сайхан шүдтэй болгохын тулд сүүн шүдийг нь анхаарч арчлахаа бүү мартаарай, эцэг эхчүүд ээ. Шүд эрүүл, сайхан бол ходоод, дотор гэдэс бас зүс сайхан байж таарна аа даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хорт утаанаас хэрхэн сэргийлэх вэ?

Сүүлийн хэд хоног цочир хүйтэрч Улаанбаатарын утаа хэрээс хэтэрсэн. Хорт утаанаас хэрхэн сэргийлэх талаар энгийн зөвлөгөө өгье. Агаарын бохирдлын хор хөнөөл иргэдэд амьсгалын, зүрх судасны, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвслийг бий болгож, нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодын өсөлт, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн хорт хавдар үүсгэх магадлал хамгийн өндөр гэдгийг эмч нар хэлдэг. Тэгэхээр утаанаас сэргийлэх, бүр ойлгомжтойгоор хэлбэл хавдрын ямар нэгэн эмгэг, дээрх олон төрлийн өвчлөлд автахгүйн тулд хүйтний улиралд амны хаалт хэрэглэж хэвшихийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг юм.

Ялангуяа өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроож улмаар астма өвчин үүсэх нөхцөл бүрддэг байна. Энгийн материалаар хийсэн амны хаалт нь агаар бохирдуулагч хийнээс бүрэн хамгаалдаггүй учир нанотехнологиор хийсэн амны хаалт хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Өдөр тутам илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь дархлаа тогтоож өгнө. Илчлэг сайтай хоол хүнсэнд үхэр, адууны мах, аарцтай шөл зэрэг орно. Махнаас гадна эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо багтана. Махны үнэ эрс унаж хотондоо хонь хорь, гучин мянга болсон энэ үед төв газрынхан өвлийн идшээ сайн гэгч базааж аваад махаа түлхүү хэрэглээд байхад учир нь олдох нь. Уламжлалт аргаар бүрсэн тараг өглөө, оройдоо уух нь машид шим тэжээлтэй. Өдгөө нас ная хол гарсан Тангадын Галсан гуайд гэргий нь дандаа тараг бүрж өгдөг юм гэсэн. Насанд хүрсэн хүн хоолны дараа C витамин уувал уушигны өвчлөлөөс сэргийлэх бас нэг арга гэнэ.

Хоол хүнснээс гадна цэвэр агаарт алхах, ууланд авирах зэрэг нь утаанд хордсон уушгийг эмчлэх хамгийн сайн эм гэдгийг манайхан мэднэ. Бага насны хүүхдийг машин ихтэй замаас хол байлгахыг санууштай. Автомашины утаанаас ялгарах хорт хийнд агуулагдах хүнд металууд агаарт нэг метр орчим тогтонгишил үүсгэсэн байдаг. Гэр орондоо байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, төрөл бүрийн цэцэг тарьж ногоон байгууламж бий болгон, утаан бүрхүүл тогтсон үед цонхоо онгойлгохгүй байхыг анхаар. Тухайн орчны агаарыг ариутган, халдваргүйжүүлж, нянг устгах үйлчилгээ бүхий аппараттай байх нь нэн чухал. Хэн бүхний мэдэх зөвлөгөө хэдий ч амьдралдаа үргэлж дагаж мөрддөг маань хэд бол.

Ө.Манлай