Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зөв амьдралын тухай бичил яриа

Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатартай тааралдаж, уран бүтээлийнх нь талаар сонирхлоо. Ирэх онд хийх нэгэн том бүтээлийнхээ судалгааг хийж дуусаад ажил нь эхлэх гэж байгаа гэнэ. Тодруулбал, Бурхан багшийн тухай жүжиг театрт амилах нь ээ. Найруулагч яагаад энэ сэдвийг сонирхох болов.

-Нийгэмд жаахан ч гэсэн гэрэл гэгээ өгөхгүй бол хэцүүхэн зүйлүүд ажиглагдаж байна. Түрийвчээ даллаад мөнгөтэй болно гэдэгт хүмүүс итгэчихсэн, лекц энэ тэрд нь суугаад дагаад намирч байна. Эсвэл хунтайжийн шавь нар болчихно. Нөгөө нэг хэсэг нь Чингис хаан тодруулж, хатад нь болчих гээд үзэж байна. Эсвэл бөөгийн 99 тэнгэрийн тухай их хурлын чуулган дээр ярьж байх жишээтэй. Арай ч дээ гэж бодогдмоор зүйл их болж байна. Тэгээд л ийм сэдвийг сонгосон.

Бурхан багш гэхээр бас л шашин юм биш үү?

-Бурхан багшийн сургаал бол зөв амьдрах сургаал юм билээ. Бурхан багш бол бодит хүн шүү дээ. Хүн яаж сайхан амьдрах, зөв явах ухааныг сургаал болгож үлдээсэн. “Чиний аврал чиний дотор бий. Чи өөрөө бурхан” гэж Бурхан багш сургасан байдаг. Бурхан багш гэхээр шашин шүтлэг гээд ойлгох хэрэггүй. Хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээ нэмэх, мунхралын харанхуйг гийгүүлэхийн тулд ийм сонголт хийлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гэр бүлийн сүлд модоо ингэж чимэглээрэй

Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөх аргагүй. Нийслэлийн төв талбайн сүлд мод гэрэлтэж, байгууллагуудын өмнө үзэмж төгс модод гялтганаж байна. Айл бүр сүлд модоо засч, шинэ жилийг гэртээ урьдаг. Сүлд модны өндөр нам, том жижиг нь тийм ч чухал биш. Эрүүл энхийг бэлгэддэг учраас өнгөний хувьд ихэнхдээ ногоон байдаг.

Мөн дорнын заншлаар хөх, цэнхэр, цагаан өнгийг ч эрүүл энхийн бэлгэдэл гэдэг. Ногоон саагаар сүлд модныхоо гол руу шахаж ороовол саглагар сүртэй харагддаг.

Мөн гэрлэн чимэглэлээ модныхоо гол руу ойртуулснаар дотроосоо гэрэлтдэг. Чимэглэлийн хувьд энэ жил том тоглоом зонхилж байгаа гэнэ. Үүнээс гадна гэр бүлийн гацуураа онцлог, халуун дулаан уур амьсгалтай харагдуулахын тулд гэр бүлийнхээ зургаар гацуураа чимэхийг зөвлөж байна.

Тухайн жилд танай гэр бүлд баяр баясгалантай, онцлог ямар үйл явдал болсон бэ. Тэр бүхний тань зураг гар утсан дээр чинь байгаа бол жижиг хэмжээгээр угаалгаад утсаар холбоод модондоо өлгөчих. Танайд зочилсон төрөл төрөгсөд, найз нөхөд чинь зураг үзэж сайхан дурсамжид хөглөгдөж, халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Мөн ирэх онд ямар ажил амжуулж, юуг хүсч мөрөөдөж байгаагаа харуулсан зургуудыг өлгөөрэй. Мөн хүүхдүүдийнхээ мөрөөдлийг бичүүлээд модоо чимсэн ч болно. Ийм чимэглэлтэй мод дэлхийд цор ганц байх бөгөөд юу юунаас илүү содон, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Урианхайн гунигт дуун “Жаран цагаан адуу”

“Жаран цагаан адуу” дууг Монголын хязгаар нутгийнхны сэтгэлийн илрэл, тэдний амьдралаас урган гарсан гунигт дуун хэмээдэг ч түүхч, судлаачдын хувьд хэд хэдэн янзаар тайлбарладаг. Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хоморголон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүхтэй энэ дууг холбох нь бий.

Мөн эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэх хувилбар дээр олонхи нь санал нэгддэг. Эл дууны үүсэл нь хэзээ вэ, хаанаас эхтэй вэ гэхээс илүү өгүүлж буй санаа, гаргаж байгаа харуусал нь өнөөдөр манай нийгэмд нэгийг хэлэх шиг. Тарж бутарсан ахан дүүсээн үгүйлэн санагалзсан урианхай, тува түмний гуниг харууслаас эхтэй “Жаран цагаан адуу” дууг “Хөсөгтөн” хамтлаг, уртын дуучин С.Цогтсайхан хамтран дуулжээ.

Энэ дуунд,

Арван цагаан адууны минь

Алаг нь хаана байна ах нар минь

Арван хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Жаран цагаан адууны минь

Алаг нь хаана байна ах нар минь

Зургаан хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Далан цагаан адууны минь

Ардаг нь хаана байна ах нар минь

Долоон хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь

Наян цагаан адууны минь

Ардаг нь хаана байна ах нар минь

Найман хошуу нутгийн минь

Цэрэг нь хаана байна эгч нар минь хэмээн өгүүлдэг юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ядуу байх нь нүгэл

Ирландын нэрт зохиолч, илтгэгч Бернард Шоу “Ядуу байх нь нүгэл хийж байгаа хэлбэр” хэмээн хэлсэн байдаг. Нобелийн шагнал болон Оскарын шагналыг хоёуланг нь хүртсэн цорын ганц хүн гэгддэг тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй билээ. Бас түүний хэлснийг хахир хатуу, хүнлэг бус гэж шүүмжлэхийн ч аргагүй. Хатуу ч гэсэн үнэнийг тэр хэзээ ч шийтгэл нь ирэхийг мэддэггүй атлаа үйлийн үр, нүглээс айж эмээж явдаг хүн төрөлхтөнд зориулж хэлжээ. Ядуу байна гэдэг тухайн тэр хүний өөрийгөө хүндлээгүй, өөрийнхөө өмнө бурууг хийж байгаа хэлбэр яахын аргагүй мөн билээ. Цаашлаад өөрийг нь энэ орчлонд авчирч, өсгөж өндийлгөсөн ээж, аавыгаа чилээрхэхийн цагт эм аваад өгөхийн чадалгүй ядуу байна гэдэг яах аргагүй том нүгэл. Бас үргэлжлэлээ болгож төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө ч нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Үр хүүхдээ сургаж, боловсруулж, эрүүл саруул өсгөж, бие, ухаан тэнцүү бяд суулгаж чадахгүй хоногийн хоолоо ч олж чадахгүй, бүр хүүхдүүдээ гудамжинд гаргаж уух архины мөнгөө олуулахаар явуулж байна гэдэг аав, ээж хүнд гэтлэхийн аргагүй том нүгэл.

Бас нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, татвар төлдөг байх үүргийг ч тэд огоорч л байгаа хэрэг. Татвар өгөх нь байтугай нийгмийн халамж, хоолны талон нэхээд суудаг хүмүүс зөндөө бий. Бас нэг талаасаа ийм нүгэлгүй амьдрахын төлөө зүтгэж яваа хүмүүсээ үзэн яддаг байдал ядуу хүмүүсээс нэвт шувт ханхалдаг. Өөрсдөө хөдөлмөрлөж, хичээж зүтгэж амьдрахгүй байж зүтгэж бүтээсэн нэгнээ үзэн ядах нь ядуу байхын нүглээс бүр ч илүү том нүгэл биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Стресс, сэтгэлзүйн дарамтаас ангижрах цөөн зөвлөгөө

Хотжилт эрчимтэй явагдахын хэрээр иргэдийн дунд стресс буюу сэтгэлзүйн дарамт гэдэг ойлголт түгээмэл болоод байгаа. Ямар нэгэн стрессээс өөрийгөө чөлөөлж байх нь хувь хүний эрүүл мэндэд маш чухал.

Наад зах нь ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл, толгой байнга өвддөг болох, эрч хүчгүй байх зэрэг нь мөнөөх стрессээс үүдэлтэй. Тиймээс энэхүү шаналгаатай өвчнөөс хэрхэн өөрийгөө чөлөөлөх, салж байх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Нэн түрүүнд нүүрээ бүлээн усаар угаавал тустай. Тайвширч амрахад чухал юм. Ядаргаа ихээр үүсгэдэг дааврыг бага ялгаруулах хэрэгтэй. Ингэхийн тулд магни агуулдаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүштэй. Ийм хүнсний бүтээгдэхүүнд вандуй, самар, шоколад зэрэг орно. Бас нэг чухал зүйл нь өөрийн хайртай хүнийхээ зургийг ширтэх гэнэ. Уг аргыг тун өндөр үр дүнтэй гэдгийг сэтгэлзүйчид дуу нэгтэйгээр баталдаг. Тархинд цусаар дамжин их хэмжээний хүчилтөрөгч очих нь сэтгэлзүйн ядаргаанаас ангижруулж дөнгөнө. Мэдээж стрессээс ангижрах өөр нэг өгөөжтэй арга бол байгальд алхах.

Тэр тусмаа намар навчис унасан гудамжаар алхах, гол горхины урсгалыг ажих, салхины исгэрээ нь хүнийг тэр чигээр нь стрессээс чөлөөлнө. Хүн эхнээсээ байгалийн амьтан байсан тул байгальтай ойр байх нь сэтгэлзүйн бэрхшээл дарамтаас салахад тун хэрэгтэй гэж эрдэмтэн судлаачид үздэг юм билээ. За тэгээд унтах болон сэрэх цагаа яг таг тогтоох хэрэгтэй аж. Нойр хүний биеийн эрүүл саруул байх үндэс суурийн нэг. Шөнө дүл болтол зурагт үзэх, гар утсаар интернэтээр хэт хэсүүчлэх нь хүнийг сэтгэл гутрал, ганцаардалд маш хурдан хүргэдэг бөгөөд тэр хэрээр элдэв зүйл бодож, бодлоосоо шалтгаалж стресст автана.

Тэгэхээр аль болох гар утас, телевизээс хол байхад буруутахгүй бөгөөд харин ч тус дэмтэй. Ер нь эдгээр зөвлөгөөг яг таг үгүй юм гэхэд багцаалдаж дагаад байхад стресс, нервээс хол байх нь. Бас нэгэн зүйл нь өөрийнхөө хоббиг хөгжүүлэх мөн ч чухал даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Дуучин М.Нарантуяа: Гоё сайхан харагдаж, бусдыг байлдан дагуулах надад үнэндээ сонин биш байна

Дуучин М.Нарантуяа буюу Наратай ярилцлаа.

Өнгөрч буй онд та нэлээд нам гүмхэн байлаа. Ээж болоод хэсэг завсарлав уу?

-Харин ч энэ онд бүхий л талын ажил хийлээ. Уран бүтээл, нийгмийн ажлуудад ч маш идэвхтэй оролцлоо. Хүүхдээ ч харлаа. Зав зайгүй их оволзсон жил өнгөрлөө. Харин ч хурдан он гараад хүүтэйгээ байх юмсан л гэж хүсч байна.

-Ямар ямар уран бүтээл дээр ажиллав?

-Энэ онд хоёр клипэн дээр ажиллая гэж төлөвлөж байсан. Гэхдээ бодсон шиг маань болсонгүй. Ямартай ч нэг цомог гаргахаар Ошейн грэй продакшнтай хамтарч ажиллаж байгаа. Эхнээсээ ганц хоёр дуу нь гарч байна. Сая “Эзлэгдсэн зүрх” шинэ уран бүтээлээ дүрсжүүлж олны хүртээл болголоо.

-Бусдад багагүй тус дэм хүргэдгийг хүмүүс мэдэх байх. Өнгөрсөн онд ямар хүмүүнлэгийн ажил зохион байгуулав?

-Би хандивын байгууллага ч юм уу, сайн дурын хүмүүнлэгийн ажилтан биш л дээ. Зүгээр л ядарсан хүмүүст өөрийн чадлынхаа хэрээр туслахыг хичээдэг. Сүүлдээ хандивын байгууллага шиг “ингээд өгөөч, тэгээд өгөөч” гэсэн хүсэлт их тавих болсон. Энэ жил фэйсбүүкээрээ түлэгдсэн хүүхэд, хүмүүст туслах уриалгыг нэлээд их гаргасан. Гэхдээ эндээс нэг зүйлийг ажигласан. Зовсон хүмүүсийн хажуугаар бизнес хийдэг хүмүүс олширсон байна. Бусдын аливаад хандаж байгаа байдлаар үнэн байв уу, худал байв уу гэдгийг яваандаа гадарладаг болчихдог юм байна. Бүтэн жилийн хугацаанд ганц хоёр хулхи хандивын ажиллагаанд мөнгө өгчихсөн. Гэсэн ч нэлээд их түлэгдсэн хүүхдэд тусалж чадсан. Сая Төмөрцэцэг гээд гурван хүүхэдтэй ээжийн хандивд нэлээд хүмүүсийг уриалж оруулсан. Хандивын дагуу 55 сая төгрөгийг цуглуулсан. Энэ хүн маш өндөр үнэтэй элэг дэмжих эмчилгээ хийлгэж байгаа юм билээ. Баттай эмчлэгдээгүй ч баяртай мэдээнүүд ирж байгаа. Хүмүүс аливаа зүйлд өөрсдөө маш хариуцлагагүй ханддаг юм байна гэдгийг ажигласан. Тусламж хэрэгтэй байгаа өчнөөн мянган хүн байгаа. Тэр бүхэнд ганцаараа тусалж чадахгүй учраас нэг хүнд хандсан хандив үзүүлэхээ болиод оронд нь аль болох тогтолцоонд нөлөөлж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй юм байна гэдгийг эндээс би ойлгосон. Төмөрцэцэг эгчийн аяны дараа л гэхэд миний хүүхдэд туслаагүй байж энэ хүнд тусаллаа гэх маш олон гомдол ирсэн. Нялх хүүхэдтэй эх хүний хувьд маш эмзгээр хүлээж авсан.

-Гадны дуучид, одууд уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн дуу хоолой болдог. Та тэр чиглэлээр ажиллах бодолтой байна уу?

-Ерөнхийдөө миний “Эзлэгдсэн зүрх” дууны утга эмэгтэйчүүдийг хүчирхэг байх, өөдрөг, итгэлтэй байх зүйлд хандуулсан дуу байгаа. Өрх толгойлсон ээжүүд болон бусад бүхий л эмэгтэйчүүдийг өөдрөг байхыг уриалсан дуу. Амьдрал санасан бодсон, хүссэн бүхнээ авч чаддаггүй ч амьдрал өөрөө баялаг гэдгийг харуулсан уран бүтээл болсон. Ер нь эх хүн нөхөртэй ч бай, нөхөргүй ч бай үр хүүхэдтэй болно гэдэг гайхамшиг.

-Таныг мөн охид, бүсгүйчүүдийн дотно зөвлөгч гэж хэлж болох байх. Таны гоо сайхны болон тураах зөвлөгөөг дагадаг бүсгүйчүүд их байдаг. Одоо ч зөвлөгөөгөө өгсөөр байна уу?

-Зөвлөгөөгөө одоо ч гэсэн хүргэж байгаа. Би ер нь бусадтай хуваалцах дуртай. Мэддэг чаддаг зүйлээсээ бусадтай хуваалцах нь хүний л нэг зан шүү дээ. Бусдаас илүүг мэдчихсэндээ бус, миний мэдэж байгаа зүйлийг хүмүүс мэдэж байж ч болно, мэдэхгүй нэгэнд нь хэрэг болно биз гэсэн үүднээс зөвлөгөөгөө бэлдэж хүргэдэг.

-Хэзээнээс зөвлөгөө өгөх болсон бэ?

-Би арван жилд байхаасаа л өөрийнхөө бүх мэддэг, чаддаг зүйлээ хуваалцаад явдаг байсан. Фэйсбүүкийн ачаар бусдад хандсан хүмүүнлэгийн ажил, чин сэтгэлийн зөвлөгөөнүүдийг тавиад хүргэдэг болсон. Түүнээс гэнэт л хүмүүсийн анхаарал татах гээд ингээд байгаа юм биш л дээ.

-Та төрөөд удаагүй байгаа. “Хүмүүс төрөнгүүтээ турмаар байна, урьдынх шигээ сайхан болмоор байна гэх юм. Эмэгтэй хүн чинь байгалиараа буцаж хэвэндээ ордог” гэж хэлсэн байсан. Энэ үг чинь олон эхчүүдэд хүрсэн байна лээ?

-Ер нь бүсгүйчүүдийг сүүлийн үед худалдааны шуурганд автуулчихсан байна. Дэлхий дахинд тэртэй тэргүй хүүхнүүдийг гаднаасаа гоё сайхан байхад уриалж байгаа. Үүний цаана бизнесийн ашиг сонирхол л байдаг. Хүмүүс төрсний дараа ийм байсан одоо ийм болж турлаа гэх байдлаар бусдынхаа тархийг угаагаад байдаг л даа. Миний бодлоор эмэгтэй хүн төрөөд тэр анзааны таргалах бол байх зүйл. Гурван жилийн дараагаас эмэгтэй хүн хүссэн хүсээгүй байгалиараа буцаад хэвэндээ ордог. Над шиг болохыг хүсвэл ийм гоо сайхны бүтээгдэхүүн, тураах эм бэлдмэл, цай, кофе хэрэглээрэй гэдэг. Эмэгтэйчүүд иймэрхүү бизнесийн юманд хуйлрах бус хамгийн түрүүнд үр хүүхэд, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Бид нар гаднаасаа гоё сайхан харагдахын тулд эрүүл мэндээ их золиосолдог. Үүнийг яагаад хэлээд байна гэхээр би ч бас өмнө нь гоё сайхан, сайн гэсэн юм болгоныг хэрэглэдэг байсан. Эцэст нь маш их эрүүл мэндээрээ хохирсон учраас эргээд бүсгүйчүүддээ анхааруулаад байгаа юм. Гоё сайхан харагдахдаа бус эрүүл байж үр хүүхэдтэйгээ хамт арав, хорин жилээр ч гэсэн илүү амьдрахын төлөө эрүүл мэндээ хайрлаачээ гэж уриалмаар байна. Ялангуяа монгол хоол, цагаан идээгээ хэрэглэж байгаарай гэж их зөвлөдөг. Амьдралын баяр баясгалан үр хүүхэдтэйгээ эрүүл энх урт удаан амьдрах болохоос гоё сайхан харагдахдаа биш. Оны дараагаар би эмэгтэйчүүддээ гаднаасаа гоё сайхан харагдахдаа бус дотроосоо эрүүл саруул байхыг зөвлөх юмсан гэж бодож байгаа. Одоо миний хүү ой есөн сар хүрч байгаа. Удахгүй хоёр нас хүрнэ. Одоо хүртэл хөхөөрөө хооллодог. Хүмүүс намайг “чи урлагийн хүн байж хөхөө бодооч, гоо сайхнаа бодооч” гэж л байдаг юм. Үнэндээ хөхний үндсэн байгалиас заяасан зорилго нь үр хүүхдээ хооллож, дархлааг нь дэмжин эрүүл саруул бойжуулахад байдаг. Бид нар үр хүүхдээ амжилттай яваасай, мундаг, ухаантай хүн болоосой гэж хүсдэг мөртлөө түүний эх суурь нь хөхөөрөө хооллож, эрүүл бойжуулах гэдгийг мартаад байдаг.

-Та өөрөө эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Зөв хооллоно гэдэг нь зөвхөн ногоо идээд байх биш. Миний бодлоор цэвэр, цагаан хоолтой хүн нэг их эрүүл байгаа санагддаггүй. Хэт цагаан хоолтон, ногоон хоолтон гээд туйлшрахгүйгээр хандах нь зөв байх л даа. Бид нарын бие организмд олон зуун жилийн өмнөөс идэж ууж дасчихсан, зохицсон удамшилтай холбоотой хоол хүнсээ идэх нь зөв байдаг гэж би сонсч байсан юм. Саяхнаас л энэ олон гадны хоолнууд орж ирсэн ш дээ. Ингэлээ гээд үүнийг идэхгүй байх биш, яавал зөв хооллох вэ гэдгийг анхаарах нь чухал. Бид нар өнөөдөр маш их өвдөөд, элдэв хорт хавдар тусаад байгаа нь хооллолттой л холбоотой байх. Гаднаа зөв юм яриад л буруу цагт хооллоод, архи дарсаа хамаа намаагүй идэж уугаад байвал бие организм тэр хэмжээгээрээ хорддог. Хүний эрүүл мэнд өөрийнх нь гарт юм байна гэдгийг ойлгосон. Эрүүл хооллолт, зөв фитнесс гэдэг нь өөрт нь тохирч байна уу гэдгийг сайн мэдэрч, биеэ сонсох хэрэгтэй юм шиг байгаа юм. Би гэхэд биеэ муудтал фитнесс хийж, мацаг барьж, биеэ муудтал янз бүрийн юм идэж ууж, хэрэглэж байсан. Яг үнэндээ хүсч байсан гоо сайхнаа аваагүй, харин ямар ч тамир тэнхээгүй, хүч чадалгүй, дархлаагүй хүн л болсон байна. Үүнийг уншиж байгаа хүмүүс ч гэсэн дараа нь ямар үр дүн ирэх вэ гэдгийг бодож үзэх л хэрэгтэй юм билээ.

-Та төрснийхөө дараа хэр их дасгал хөдөлгөөн хийдэг байв?

-Төрсний дараа нэг жил би өөрийгөө бүтэн хаясан. Ямар ч гэсэн хүүгээ эрүүл саруул өсгөж илүү анхаарал хандуулахыг зорьсон. Түүндээ ч хүрсэн. Есөн сараас нь ядарч үхтлээ фитнесс хийгээд, үхэх гэж байгаа юм шиг хоолоо сойгоод их явсан. Тэрнийхээ горыг ч амссан. Тэгээд л эрүүл мэнддээ анхааръя гэж шийдсэн. Үнэнээ хэлэхэд урлаг уран сайхан, гоё сайхан харагдахаас илүүтэйгээр эрүүл саруул Нара, ээж Нара л үнэ цэнтэй санагдсан.Түүнээс гоё сайхан харагдаж, хүн амьтныг байлдан дагуулах үнэндээ сонин биш байна.

-Тэгвэл ээж болоод та нэлээд өөрчлөгдсөн байх нь ээ?

-Эрүүл мэндийн асуудлыг зан араншинтай холбож үзэж болохгүй. Амьдралын хандлага маань өөрчлөгдсөн болохоос биш зан араншингийнхаа хувьд урьдын цоглог, эцэшгүй, цуцашгүй дайчин бүсгүй хэвээрээ байгаа. Гэхдээ хамгийн гол нь юунд дайчин хандах ёстой юм, юунд буулт хийх ёстой юм гэдгээ ухаарсан. Үүнийг ээж болсны дараахь ч юмуу, өнгөрсөн амьдралаас олж авсан ололтуудын нэг юм даа л гэж бодож байна. Өөрийгөө сайн чагнаж, өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна, хүн.

-Та бусад дуучдыг бодоход харьцангуй нээлттэй хүн байх. Өөрийгөө ганц бие ээж гэдгээ телевизийн нэвтрүүлгийн үеэр хэлсний дараа нэлээд шуугиан тарьсан. Бас таны хэлсэн үг олон ганц бие эхчүүдэд хүч өгсөн. Гэхдээ нөгөө талаар хэт илэн далангүй байснаар шүүмжлэлд өртөх нь их байдаг шүү дээ?

-Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Миний илэн далангүйд дургүй хүмүүс өөрсдөө л амьдралаа нууцлаг л дээ. Би худлаа байж чаддаггүй, дүр эсгэж чаддаггүй, багын л шударга зангаасаа болж их алддаг хүүхэд байсан. Гэхдээ яахав дээ. Ийм байх ёстой бол үүгээрээ л дуусаг. Нөгөөтэйгүүр яагаад ганц бие ээж болсноо зарласан гэхээр үүнээс хойш мөн чанарыг нь олоогүй байж олны танил болохыг мөрөөдөж байгаа, олны танил болчихвол баяждаг юм байна, нэр алдар хүртдэг юм байна, сайхан амьдардаг юм байна гэсэн буруу ташаа ойлголттой охид залуусыг эрсдэл хийхээс миний амьдрал бага ч гэсэн анхааруулга болоосой гэж бодож байсан. Зөвхөн олны танил болохыг чиг шугамаа болгодог охид үүнийг мэдээсэй гэж хүссэн. Нара гэтэл зөвхөн олны танил болох гээд дуучин болсон юм биш. Угаасаа л урлаг уран сайхан, дуучин болох хүсэл мөрөөдөл багаас минь миний зүрхэнд цохилдог байсан. Ээж, аав маань урлагийн хүмүүс учраас миний зүрх сэтгэлд урлагийн тухай ойлголт төрөхөөс аваад л байсан гэж хэлж болно. Ихэнхдээ олны танил болсон хүмүүс гоё сайхан хувцаслаж, үнэтэй машин унаж байгаагаар харагддаг. Үнэн хэрэгтээ хүний амьдралын хөшигний алд олон проблем үүсч байдаг. Ихэнх алдартнууд энэ асуудлаа нуудаг, болохгүй байсан ч болж байгаа юм шиг байж, уйлж байсан ч инээж байдаг. Надад илэн далангүй байсан нь амар байдаг. Хүн болгон уулзаад л чи ямар хүнтэй суусан юм, ямар үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм гэдэг асуултад хариулах ядаргаатай байна. Түүний оронд нөхөргүй, ганц бие ээж гэдгээрээ л баймаар байна. Түүнд чинь бусдаас айгаад эмээгээд байх зүйл байхгүй. Миний амьдралын цаанаасаа өгөгдсөн зүйл нь ийм л байх ёстой байсан биз. Энэ маань өөрсдийнхөө амьдралын баяр баясгаланг олж харж чадахгүй хаяад явсан хүний араас гомдоод туниад, өөрсдийгөө гундаагаад яваа маш олон хүмүүст дэм болсон байх. Надад ч хэдэн мянган эмэгтэйчүүдийн сэтгэгдэл ирсэн. Зүгээр л би өөрийнхөөрөө байсны төлөө маш олон хүмүүст урам зориг өгсөн байна. Өөрөө ч бас урам авч байсан.

-Та нууц биш бол хүүгийнхээ аавын талаар дурдаж болох уу?

-Хүүгийн аавын талаар дурдах ямар ч шаардлага байхгүй. Тэртэй тэргүй бид хоёр одоо хамт биш, ирээдүйд ч хамт байхгүй. Нэгэнт цэглэсэн юмыг би цэглэх л дуртай. Түүнээс өнгөрсөнтэйгөө зууралддаггүй. Хүүгийн аав дотроо юу гэж боддогийг би мэдэхгүй. Хүн л юм чинь үр хүүхдээ хааяа нэг дотроо боддог л байлгүй дээ.

-Та амжилтад хүрэх хүртлээ тайзны ард бүжиглэж, цайны газар ажиллах зэргээр янз бүрийн ажил хийдэг байсан гэдэг. Хэзээнээс дуучин болохоор зорьж эхэлсэн бэ?

-Багаасаа л урлаг уран сайхан руу тэмүүлсэн, дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байсан. Дуучны мэргэжлээр Японд сурсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэр болтол оюутан байхаасаа олон л ажил хийж байсан. Хоолны газар, бааранд ч ажиллаж л байлаа. Хүний ажилдаг л газар ажиллаж байсан. Ямар биеэ үнэлээд явсан биш.

-Зарим дуучид анх гарч ирснээсээ өөр чиглэлээр дуулдаг. Та нас ахихын хэрээр хэв маягаа өөрчлөх болов уу?

-Тухайн цаг үеэс л шалтгаалах байх. Цаг үеэ мэдэрнэ гэдэг чухал. Бид рок попын дуучин гэдэг утгаараа гандан буурахгүй хүмүүс. Сараа эгч, Ариунаа эгч, Алтаа эгч нар одоо хүртэл анх яаж гарч ирсэн тэр хэвээрээ эрч хүчтэй л явж байна. Нас ахихын хувьд одоо хэлэхэд эрт байна. Дөнгөж гучин насны босго алхаад явж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Чамайг хамгийн их дарладаг зүйл

Чамайг хамгийн их дээрэлхэж дарладаг зүйл бол чи өөрөө гэсэн сургаал байдаг. Чи тэнэг, чи ухаангүй, чи бүтэлгүй, чи дорой, чи ядуу, чи хэзээ ч баяжиж, албан тушаал ахиж чадахгүй, дээрэлхүүлж байхдаа таарсан амьтан мөн, хэзээ чиний ажил чинь бүтэлтэй байлаа гэх зэрэг үгнүүдийг санаж байна уу.

Энэ үгийг танд хөндлөнгийн хүн барагтай л бол хэлэхгүй. Хэлсэн ч та түүнийг хэлүүлээд байна гэж үү. Заавал ч үгүй хариуг нь барьж таарна. Ил цагаан чаддаггүй юм бол нууцаар ч гэсэн тэр хүнийг чадахыг боддог.

Харин дээрх доромж үгийг та өдөр болгон өөртөө хэлж байдаг. Бүүр ингэж хэлэх нь аятайхан ч юм шиг санагдах нь бий. Өөрөө өөрийгөө өрөвдөөд хэнгэнэтэл санаа алдан нүдэндээ нулимс цийлэгнүүлдэг муу зан хүнд байдаг. Үүнээс үүдэн чамайг хамгийн их доромжилдог зүйл бол чи өөрөө гэж хэлээд байгаа юм.

Энэ тэгээд муу юу гэж үү. Зүгээр л нэг жишээ татъя л даа. Хүндийн өргөлтийн тамирчин төмөр өргөхөөсөө өмнө төвлөрөөд л нэг хэсэг нам гүм болчихож байгаа нь харагддаг. Тэд би энэ төмрийг өргөж чадна гэж өөртөө итгүүлж байгаа нь тэр юм. Тамирчин төвлөрч гүйцлээ. Тэр нөгөө хүнд төмрийг өргөж чадна гэдэгтээ итгэлтэй болжээ. Тамирчин төмрөө өвс шүүрч аваад толгой дээрээ гаргаж байгаа мэт сэвхийтэл түлхлээ.

Түрүүний хэсэгт гардаг шиг “Чи яаж наад төмрөө өргөж даахав дээ. Бүтэлгүйгээ мэдэхгүй” гэж бодсон бол тэр туйванг газраас ч хөндийрүүлж чадахгүй. Яг үүн шиг өглөө болгон өөрийгөө дарлаад байвал таны ажил бүтэлтэй баймаар байна уу. Юу ч бүтэхээргүй байгаа биз дээ.Наад муу чамайг элдвээр хэлээд байгаа зүйлээ өнөөдрөөс эхлэн тархи толгойноосоо хөөж явуул.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өдрийн сонин”-оор уучлалт гуй

“Өдрийн сонин”-ы
саяхны нэг дугаарт “Иргэн Ариунболд танд өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас
хангалтгүй үйлчилгээ үзүүлсэндээ хүлцэл өчиж, уучлал гуйж байна” гэсэн гурван ч
хүний нэртэй зүйл нийтлэгджээ.

Үүнийг уншсан
уншигчид сошиалаар нэг шуугив. Юу болсон бэ гэхээр нэг хүн хоолны газар орж үйлчлүүлж
л дээ. Харин хоолны газрынхан түүнд хангалтгүй үйлчилгээ үзүүлж, уурыг нь барсан
уу, ямар нэг бухимдахаар зүйл болж. Ингээд өнөөх үйлчлүүлэгч хэвлэлээр албан ёсоор
уучлал гуйвал асуудлыг цэглэе гэсэн юм шиг байна. Мэдээж үүнийг хэргийн эзэд манай
сонинынхонд хэлээгүй л дээ. “Үйлчлүүлэгчээ гомдоосон юм аа. Танай сониноор дамжуулан
уучлалт хүсэх гэсэн юм” л гэснээс өөр зүйлгүй. Ингээд үйлчлүүлэгчийнхээ сониноор
дамжуулан уучлалт хүсэх саналыг гомдоогсод зөвшөөрч, нэгэн хэвлэлд гаргасан байна.
Харин өнөөх хүн “Олон хүн уншдаггүй ийм хэвлэлд гарсныг тооцохгүй, хамгийн олон
уншигчтай “Өдрийн сонин”-оор дамжуулан уучлал гуй” гэжээ. Ингээд л хоолны газрын
хэдэн хүн манай сонинд хандан хүлцлээ нийтлүүлсэн нь энэ. Маргаж, уурлах, гомдох
үе бишгүй л таардаг даа, амьдралд. Гэхдээ ойлголцож, инээж, нөхөрлөх нэг өдөр ч
бас бий.

Бусдаас уучлал
гуйх гэдэг тийм ч муу муухай зүйл биш. Тэдний энэ уучлал хүссэнийг уншаад сэтгэл
их л өег болчихлоо. Нөгөө эрхэм ч гэсэн тэднийг уучилж, тайвширсан байлгүй. Олон
мянган уншигч тэр хүмүүсийн уучлал хүссэнийг олж уншлаа. Тэр ч бүү хэл нийтийн сүлжээгээр
нэг яриа боллоо. Уучлал гуйна гэдэг амаргүй ч, уучлуулсан хойно сайхан. Уучлах ч
бас таатай. Хүнд уурлаж бухимдаж явах юу нь сайхан байхав. Хоёр тал аль алиндаа
өгцөө, авцаагүй боллоо. Хэн хэн нь санаа амарч, сэтгэлд нар гийгээ байлгүй дээ.
“Өдрийн сонин” та бүхнийг ойлголцоход тусалсан гэж найдна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрсдөө хөдөлмөрлөж, үр хүүхэд нь зугаацаад байвал ач, зээ нь гуйлга гуйхын цондон

Монголчуудын дийлэнх нь биш юм аа гэхэд нэлээд хэсэг нь найз нөхдөөрөө тухтай уулзах ч завгүй хөдөлмөрлөж байна. Завгүй иргэдтэй улс хөгжинө гэдэг талаас нь харвал ярих юм алга. Гэхдээ нзаарахаас аргагүй нэг өнцөг байна. Ажил, гэр гэж гүйсээр хүү, охиноо ч анхаарах завгүй ажилладаг аав, ээж олширчихож. Заримынх нь хүүхдүүдийн өдрийн хэмнэл нэг л биш ээ. Аав, ээж нь үлгэрлээд ажил хийлгэхгүй болохоор буйдан дээр тухлангаа зурагт үзэж өдрийг өнгөрөөнө. Аав, ээж нь анхаарал тавьж, яав ийв гэхгүй учраас баар ресторан хэсч цагаа барна. Дажгүй орлоготой зарим айлын хүүхэд гадаад, дотоодоор аялсан шигээ аж төрж байна. Цөөн хэсэг нь бүр хар тамхи татаж хүртэл зугаацна. Тэд гэрийн үйлчлэгчтэй учраас гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, хувцсаа угаахгүй, халаасны мөнгө, сургалтын төлбөрийг нь хангалттай өгчихөөр хэрэглээний хэдэн төгрөг олох гэж зөөгч хийхгүй. Ямар нэг зүйлд хүрэхийн төлөө, сурахын төлөө, хэрэглээний мөнгөө олохын төлөө тэмүүлэх орон зай өгөлгүйгээр өсгөчихсөн учраас зугаа цэнгэл, зүгээр суухаас өөр зүйлд дурлахаа больсон хэрэг.

Орлого сайнтай, сайнгүй нь хамаагүй, үр хүүхдэдээ зав гаргалгүй хөдөлмөрлөж байгаа бүх хүний бодохоос аргагүй асуудал ажил сураагүй хүүхдүүд нь болчихоод байна даа.

Өөрсдөө хөдөлмөрлөсөн хэрнээ үр хүүхдэдээ ажил сургаагүй хүмүүсийн ач, зээ нь яаж амьдрах бол. Хариулт нь тодорхой. Ажил сураагүй, хөдөлмөрлөж мэдэхгүй хүмүүсийн хүүхдүүд гуйлга гуйхаас өөр юу ч хийж чадахгүй. Амьдралын бичигдээгүй хууль, гашуун үнэн гэвэл энэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Насны намар” дууны түүхээс үүдээд

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг хилийн цэр­гийн­­хэнтэй Хэнтий аймагт тог­­лолтоор явж байхуйд Увсын хязгаарт суусан ижий нь таалал болсон гунигт мэдээ иржээ. Ижийтэйгээ уулзаж амжилгүй алдчихаад уйлан хайлан байхад нь яруу найрагч Дүгэрийн Амгалан таарч “Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэхэв. Ах нь нэг дууны шүлэг бичиж өгье” гээд удаа ч үгүй

“Үсний минь сор мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагсраад байх юм аа

Насны намар гадаа ирэхээр

Нартын жамыг ухаарах л юм даа…” гэж алгын чинээхэн цааснаа дурайлгаад өгчээ. Увс руу онгоцоор нисэх замдаа тухайн шүлэгт ая хийж дууны нот, эх бичмэлээ ижийнхээ дэрэн дор нутаглуулсан байна. Ингэж “Насны намар” төрсөн түүхтэй.

“Ах нь нэг шүлэг бичиж өгье. Түүнд ая хийж ижийдээ дуун суварга босго доо” гэхэд сэтгэлийг минь засч худлаа хэлж байна гээд итгээгүй хэмээн хөгжмийн зохиолч өгүүлсэн. Хүн хэлсэн үгэндээ эзэн байна гэдэг тэр болов уу.

Манайхан өнөөдөр юу ч хамаагүй ярьдаг болсон. Бусдад таалагдахын тулд, тухайн агшинд амиа авч гарахын тулд юу ч гэж хэлэхэд сийхгүй.Амнаас унагасан үгэндээ хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэг, ойлгодог хүн гэж байна уу. Уран бүтээлчид мөн л хий хоосон яриад байх шиг. Нийгмийн аль ч хүрээлэлд нэг л их ярьсан, цэцэрхсэн, нэгнээ муулсан, бүр үнэн голоосоо үзэн ядсан хүмүүс л байх юм. Хүн бүр хэлсэн үгэндээ үнэнч байхыг л амьдрал биднээс шаардана. Өөр юуг ч биш.