Categories
арын-нүүр булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал

Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй гэв үү

Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн цар тахлын үеэр хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрох гээд монгол хүнд Үндсэн хуулиар олгосон суурь эрхүүд ноцтой зөрчигдөж ирсэн. Хүний эрхийн зөрчил цаашид ч үргэлжлэх бололтой. Энэ удаа төр засаг бус ажил олгогчид хүний эрхийн зөрчил гаргаж эхэллээ.

Хувийн хэвшлийн нэгэн компани шинэ ажилтан авах шалгууртаа “Ковидын бус төгсөгч авна” гэжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеэр их, дээд сургууль төгссөн төгсөгчийг ажилд авахгүй гэсэн байна. Тодорхой ингэж бичиж байгаа нэг хэсэг байхад ил цагаан бичихгүй ч бодлогоор ялгаварлаж байгаа ажил олгогчид ч нэмэгдсээр байгаа аж.

Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Уг нь ажил олгогчид хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой юм. Угаас онолын мэдлэг, практик хоёр зөрдөг нь амьдрал. Цаг үеийн хүнд нөхцөлд боловсрол эзэмшсэн залуусаа хөгжүүлээд, боловсруулаад авах нь зүй ёсны л хэрэг баймаар.

Тэр бүү хэл ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээдэг. Хүний эрхийн наад захын зөрчил гаргаж байгаа ийм нөхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухай бүр ч саналтгүй байх даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Ичиго Ичие буюу одоо цагтаа оршихуй

Хэгтор Гарсиа ба Францез Мираллэс хоёрын ийм ном байдаг. Үүнд япончуудын одоо цагтаа амьдрах нууцын тухай өгүүлжээ. Ичиго Ичие гэдэг нь үгчлэн орчуулбал “Ганц удаа, учрал” гэснээс гадна “Яг энэ агшинд, аз завшаан” гэсэн үг гэнэ. Ер нь бол яг одоо болж байгаа бүхэн дахин хэзээ ч давтагдахгүй, тиймээс тухайн учралыг алдалгүй барьж авч анзаарч баясаж бай л гэсэн үг юм. Бидний хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж байгаа хором бүр хэмжээлшгүй үнэ цэнэтэй байдаг. Үүнийг анзаарч байхгүй бол тэр цаг дахин хэзээ ч тохиохгүй. Испанид байдаг нэг сүмийн лам нар тааралдах бүрийдээ “Ах минь амьдрахын эцэст үхэх буюу” гэж мэндэлдэг аж. Тэр нь тухайн хүмүүсийг гуниг, шаналлаас ангид байж хором мөч бүрийг талархан амьдрах урам зориг өгдөг. Хором мөч цаг хугацаа гэдэг бол одоо цаг. Үүнийг л алдалгүй ангуучлахыг Ичиго Ичие гэдэг байна.Чарли Браун гэдэг хүүхэлдэйн кинон дээр “Нэг л өдөр бид бүгд үхнэ, Снүүпи”, “Тэр ч тийм л дээ. Гэхдээ бусад өдрүүдэд нь бид үхэхгүй шүү дээ” гэж ярилцдаг. Бид хэзээ явахаа мэдэхгүй ч “бусад өдрүүдээ” хэрхэн өнгөрүүлэх нь биднээс шалтгаалдаг. Амьдралын сайхныг амтлах нь хүмүүсийн зан чанараас шалтгаалдаг ч тэд ихэнх тохиолдолд одоо цагтаа амьдарч чаддаггүйтэй холбоотой байдаг. Хүмүүс уурладаг, тэр нь өнгөрсөн цагтаа л байгаа нь тэр, тиймээс эргээд ирэх хэрэгтэй, гунигладаг, бас л өнгөрсөн цагтаа байна, ямар нэг зүйлийн дараа л гунигладаг биз дээ. Тэднийг сэрээх хэрэгтэй. Айдас бол ирээдүйн цагт та байгаад байна гэсэн үг. Ажлаасаа халагдвал, өвчин тусвал гэх зэрэг дан ирээдүй цаг байгаа биз дээ. Мөн л эргүүлж авч ирэх хэрэгтэй. Аз жаргал бол одоо цаг дээр байдаг. Хүмүүс өнгөрсөн, эсвэл ирээдүйн юманд тэгж их бүүр зуун хувь баярлах нь ховор. Яг одоо цаг дээр л баярлаж хөөрдөг. Энэ бол Ичиго Ичие юм. Цаг хугацаа үргэлж одоо цаг дээр оршдог бөгөөд агшин хором бүр нь бидэнд өгч байгаа бэлэг юм. Одоо цагтаа байж сурахын тулд бясалгал хийж сурах хэрэгтэй гэж уг номонд бичжээ. Хамгийн түгээмэл бөгөөд хялбар за зэн арга. Аарцгаасаа хүзүүгээ хүртэл нуруугаа цэхлэн суугаад нэг метрийн зайнаас хоосон хана ширтэнэ. “Сууж байхдаа юу ч бодохгүй байх тухай бод.Яаж бодохгүй байх тухай бодох вэ. Юу ч бодохгүйгээр. Энэ л за зэн бясалгалын мөн чанар” гэж үүнийг үндэслэгч Доген Зенжи (1200-1253) хэлжээ. Хүслээ хязгаарлаж, байгаа юмандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Үүнийг зөвхөн буддистууд сургадаггүй. Христийн сүмийн санваартнууд “Моменто Мори” буюу “Та үхнэ гэдгээ сана” гэж сургадаг. Ялалт байгуулж энэ дэлхийг эрхшээлдээ оруулсан жанжин эртний Ромын гудамжаар багтаж ядан сагсалзаж байхад нь хэн нэгэн хүн дэргэд нь дагаж “Моменто мори” гэж хэлж явдаг байсан. Энэ нь ялалтдаа эрдэж ихэрхэг зан гаргаж бусдад түвэг удуулахгүй байхад нь сургадаг байжээ. Энэ мөрийг уншиж байхдаа манай олон залууст ингэж хэлж өгөхгүй яав даа гэсэн харуусал төрж байлаа. Манай олимпийн “алтан жаал”-д хэн нэгэн нь ингээд хэлээд явсан бол юү боллоо гэж ингэж сүйд болж сүйрэлд орж байх вэ. Битгий хөөр, битгий онгир, чи үхнэ гэдгээ сана гэж хэлж байхгүй яав даа. Энэ бүх амьдрал бол агшин зуурдынх юм гэдгийг бүгд санаж байх ёстой. Ингэж байж одоо цагтаа анхаарал хандуулдаг. Хувь заяа ганцхан мөчөөс шалтгаалдаг. Тухайн мөчид яг яаж хандсанаас болоод хувь заяа өөр өөр байдаг. Үүнийг хувь заяаны үр дүнд нөлөөлөх “эрвээхэйн нөлөө” гэдэг. “Хонконгт эрвээхэй далавчаа дэвэхэд Нью-Йоркт хар салхи дэгддэг” гэдэг нь үйл заяа хэрхэн хоорондоо холбоотой байдгийг ёгтолж хэлсэн үг. Уг номд одоо цагтаа төвлөрөхөд тус болох олон аргыг тайлбарлажээ. Ертөнцийг сонсохуй, харахуй, хүрэлцэхүй, амтлах, үнэрлэх гэх мэт мэдрэхүйгээрээ орчлон ертөнцийг амталж сурах ёстой аж. Нэг сонин жишээ бол хүн харсан зүйлийнхээ гурван хувийг, сонссон зүйлийнхээ таван хувийг үнэрлэсэн зүйлийнхээ 35 хувийг санадаг гэжээ. Хамтдаа байсан энэ цаг хугацаа бол дахин давтагдахгүй учрал юм Ичиго- Ичие.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шударга ёс гэж байхгүй, хууль биелүүлэх л гэж бий

“Шударга ёс гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд өдрийн од мэт зүйл” гэсэн утгатай үг баруунд бий. Харин хууль яс тас хэрэгждэг байх ёстой, хуулийн хүрээнд нийгмийн амьдрал өрнөдөг байх ёстой гэсэн үзэл баримтлал бол баруунд тогтсон ойлголт юм. Шударга ёс-Хууль биелүүлэх… хоёр нь өөр ойлголтууд байх нь. Та шударга бус байж болно. Харин хуулийг ягштал баримталдаг, хуулийн хүрээнд ажилладаг иргэн байх ёстой. Хөгжиж цэцэглэсэн улс орнуудад хуулийн хүрээнд бүх дүрэм, журам, стандартууд хэрэгждэг. Ер нь ямар улс орныг хамгийн их хөгжсөн улс орон гэдэг вэ гэхээр бүх зүйл нь стандарттай, стандартын дагуу нийгмийн амьдрал нь өрнөж байдаг, хүн ам нь аюулгүй эрүүл орчинд, чанартай боловсрол эзэмшин, хангалттай орлоготой амьдарч байгаа нийгмийг хэлдэг. Энэ бол эрдэмтэн судлаачид, Нобелийн шагналтны тодорхойлолт шүү.

Наад зах нь их дэлгүүрүүд, том худалдааны төвүүд, кино театруудын гол хаалга нь ямар ч үед гадагшаа шууд онгойдог стандарт Америкт хэрэгждэг. Гал гарлаа, гараад гүйх гэтэл төв хаалгууд нь бүгд зөвхөн дотогшоо онгойдог байвал бачимдсан хүмүүс ар араасаа дарсаар дотогш нь онгойлгох боломжгүй болж шатацгаана… гэдэг ч юмуу. Ийм энгийн стандартаас хөгжил эхэлдэг.

Энэ мэт бүх зүйл хүний төлөө зориулагдсан, нийгмийн бүх салбар, бүх түвшинд стандарттай нийгмийг л бид дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнуудаас харж байна. Стандарт бол хууль. Монгол Улсад энэ бүхэн ямар байдгийг бүгдээрээ мэднэ…

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар

Хёлго бодонгууд овогт Ц.Мөнхдорж жанжин Д.Сүхбаатарын намтар түүхийг сүүлийн хэдэн жил дагнан судалсны үр дүнд “Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар” номыг бичжээ. Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд одоогийн ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай Улз гол цутгадаг Тарь нуураас хойш, Дорнод аймгийн Чулуунхороот сумаас холгүй хойд талд нь орших Гүн жалгатай гэдэг газарт цагаан дээлт Дашийн Дамдин хэмээх улиад хамниган айлын хоёр дахь хүү болон мэндэлснийг тогтоосон байна. Түүний охин дүү Дулам нь Бооржийн районы Бухын харуул гэх газарт 1906 онд төрснийг мөн тогтоосон байна. Д.Сүхбаатарыг буриад гэж нотолдог Дорнодын Цагаан-Овоогийн өндөр настан Гонгорын Пампаантай уулзжээ. Пампаан гуай 1921 онд төрсөн хүн юм байна. Тэрээр “Намайг 10 гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү Дулам хонь хариулж амьдардаг байсан. Дулам хүнтэй суугаагүй ч нэг хүү төрүүлж түүнийгээ Жангадаа өргүүлсэн” гээд дүү Дуламын ярьсан яриаг Мөнхдоржид дуулгажээ.

Дулам ярихдаа “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуулд нутаглаж байгаад 1918 онд Монгол руу Халхголд ирсэн. 300 гаруй буриад, хамниган айл малаа аваад Монгол руу нүүхэд бид цуг ирсэн. Монголд Ардын хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг байсан. Нэг удаа Жанга нагац дээр дотоод яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Багийн дарга Галсанжамц манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамталдаг байсан” хэмээн ярьсан байдаг. Номын зохиогч судалгааныхаа ажлаар олон арван хүнтэй уулзсаны дотор Чойбалсан хотын иргэн, Цагаан-Овоо сумын уугуул 85 настай Цэрэндорж гуайн яриа анхаарал татна.

Цэрэндорж гуайн аав Намдагийн Жигмэд 1891 онд Читийн дээд Бооржийн голд төрж, 70 насыг насалсан байна. Аавыг нь төрөх үед өвөө Намдагийнх нь Цагаан хуасай омгийн жаахан Дамдиныхтай хөршүүд, садан төрөл байсан гэнэ. 1893 онд Сүхбаатар мэндэлж, Цэрэндорж гуайн аав Жигмэд, их жанжин Сүхбаатар болоод, нагац Жанга нартай нь тоглож өсчээ. Жанга нь 72 насыг зооглож 1964 онд бурхны хутгийг олжээ. Цэрэндорж гуай ярьсан нь “Тавиад оны эхээр Жанга өвгөний бие муудахад С.Янжмаа (Д.Сүхбаатарын эхнэр) орос эмч дагуулж чийчаан тэрэгтэй ирсэн. Тэр үед манайх Зүүн Барьханд Жангынхтай айл нутаглаж байсан. Янжмаа ирээд буцсанаас хойш удалгүй Жанга өвгөн хоёр толгой үхэр нядлаад, гурван тэмээн тэргэнд ачиж, Дуламаас өргөж авсан Шагдарсүрэнг аваад Улаанбаатар явсан. Нэлээд удсаны хойно бие эрүүл болоод ирсэн. Гэрийнхээ гадуур дун цагаан бүрээс татсан. Янжмаа бэлэг болгон өгсөн гэдэг. Тэр үед тийм гоё цагаан бүрээстэй айл байгаагүй учир их содон харагдаж байлаа” гэж ярьсан нь бий. Түүхэнд Сүхбаатарын Янжмаа гэж нэршсэн тэр хүн ханийгаа буриад гэдгийг мэддэг, ах дүү, хамаатан садныг нь таньдаг төдийгүй нас барах хүртлээ эргэж тойрсон нинжин сэтгэлт, журамт эмэгтэй байсныг тэмдэглэжээ.

Номын зохиогч Ц.Мөнхдорж судалгаагаа мухарлахын тулд Дорнодын Эрээнцав буюу Чулуунхороот сумын хилийн шалганаар гарч Соловьевск тосгонд очжээ. Тэндээсээ Хамниганы Новая Заря тосгонд очиж Цэрэнханд болон Уваши Сүрэн Дольжина нарын хоёр хөгшинтэй уулзсан байна. Новая Зарягийн барууханд Имайлк тосгон, түүнээс цааш хорь гаруй км-т Баруун Тарь нуурын хажууд Красны Имайлк тосгон бий аж. Эдгээр сав нутаг бол тэр чигээрээ улиад хамниганы нутаг, өөр овгийнхон байхгүй болохыг тогтоож, Сүхбаатарын эцэг Дамдин улиад хамниган хүн болохыг мухарлажээ. Жараад онд Бухын харуулд Д.Сүхбаатарын нэртэй кино гарч түүнийг үзсэн 80-аас дээш насны ахмадууд улиад хамниган Дашийн Дамдины хүү Сүх нь Монголд очоод Сүхбаатар нэртэй болоод зогсохгүй халх хүн болж хувирсанд ихээхэн уурласан гэдэг. Д.Сүхбаатарын эцэг Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашжээ. Тэрээр Омкс хотноо хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхийгээ Эрхүү дэх орос гимназа төгсөнгүүт нь Омскийн Кадетад сургахаар явуулсан байна. Д.Сүхбаатар тэнд гурван жил суралцаад 1912 онд Оросын хаант засгийн армид пулемёт бууны салааны даргаар томилогдсон байдаг. Ингээд Оросын хаант засгийн армиас монгол цэргийг сургахаар ирсэн 58 сургарч нарын дунд Д.Сүхбаатар багтжээ. Тэрээр 20 нас хүртлээ Сүх нэртэй байсан нь Бямбын Ринчен гуайн дуртгалд бий. Их жанжин Д.Сүхбаатарын намтрыг үнэн бодитой, судалгаатай, амьд гэрчүүдийн үгээр бүтээн гаргасанд уг номын үнэ цэнэ оршиж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе

Зуун жилийн дараа ч гэлээ утгаа алдахгүй хөшөө босгоосой

Их хотыг барилга байшин чимнэ, бас зам харгуй, гэрэл чимэглэл, гүүр далан сүр нэмж өнгө өгдөг. За тэгээд улсын нийслэл аваас хаа нэгтээ утга төгөлдөр ямар нэгэн хөшөө, дурсгал сүндэрлэж байх нь аль ч улсын жишиг буй за. Бид яахаараа дутна гэж.

Манайд төвд, орос, энэтхэг, куба, турк гээд хаа холын хүмүүст зориулсан хөшөө байдгийг мэдэх үү. Одоо энэ хуучнаар Пионерын ордон гэж нэрлэдэг байсан барилгын өмнө буй ягаавтар өнгөтэй хөшөөг хэнд зориулж босгосныг залуу үеийнхнээс асуугаарай. Бараг л хэлж мэдэхгүй дээ. В.Лениний залуу төрхийг харуулсан дэлхийд бараг ганцаараа гэхээр хөшөө юм шүү дээ.

Цагтаа хүүхэд болгон мэддэг байсан уг эрхмийн үнэлэмж зуун жил өнгөрөөгүй байхад түүхийн хуудаснаас арчигдаж буйн жишээ. Иймэрхүү утга, агуулга нь хэдхэн жилийн аясыг даалгүй хүмүүний ой санамжаас ховхрох жамтай хөшөө дурсгал хотод олон байна аа. Тэгвэл Хотгойдын шадар ван Чингүнжавт зориулсан хөшөөг хар даа. “Төр, үр хоёр минь мөнх оршиг” хэмээх сэтгэл огшоосон ишлэлтэй, хэдэн зуун өнгөрсөн ч түмэн олондоо хүндэтгэх гавьяатай агуу баатрын утга уянга төгөлдөр уг хөшөөг харах тусам бахархдаг.

Ийм л бүтээлүүд олон байгаасай.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Сионийн мэргэдийн протокол”

Ийм ном 2016 онд орчуулагч Н.Сомагийн орчуулгаар хэвлэгдсэн юм. Тэрээр номыг орос хэлнээс орчуулжээ. Уг номыг үнэн бас худал гэсэн маргаан дэлхий нийтэд байдаг гэнэ. Энэ нь яг ийм боловсруулсан мөрийн хөтөлбөр байдаг гэж хэсэг нь үздэг бөгөөд зарим нь зүгээр зохиол гэцгээдэг аж. Аль нь ч байсан уг ном их сонирхолтой та нэг уншаад үзэхэд гэмгүй. 1897 онд Сионистуудын анхдугаар конгресс дээр Т.Герцлийн танилцуулсан иллюминати нарын он удаан жилээр болвсруулсан жихэнэ төлөвлөгөө юм гэж орчуулагч өмнөтгөл дээрээ бичжээ. Еврейн нийгэмлэгүүд номыг Оросын нууц албаныхны зохиосон хуурамч үндэслэлгүй зүйл гэж нотлохыг оролддог байна. Гэхдээ бүх дэлхийг эзлэх гэсэн еврейчүүдийн төлөвлөгөө ганц энэ номоор тогтдоггүй гэж бүх дэлхийгээрээ үздэг аж. Номд юуны тухай өгүүлсэн байдаг вэ. Тэнд өгүүлэхдээ дэлхий ертөнцийн дэг жаягийг устган хөл толгойгүй болгож хүний нийгмийн тэр дундаа европ тив дэх орнуудын амьдралыг там болгох. Ард түмнүүд нь аргаа бараад өөрсдийн удирдлагын цаана байгаа соинистууд буюу ерейчүүдэд хандах болно. Тэгсэн цагт бид дэлхийн эзэн болно, дэлхийн эзэн болоод улс орныг ингэж авч явна гэсэн сургаал мөрийн хөтөлбөр юм. Тэд еврей биш хүнийг гой гэж нэрлэсэн бөгөөд гойнууд ямар ч сэтгэх чадваргүй, юмны нарийн учрыг олох ухаан заяагаагүй, зүгээр л юм бүтээж байдаг хүмүүс гэж үзсэн байна. Нэг ёсондоо адгуус шиг гэж үзээд тэднийг яаж замбараагүй болгох вэ гэдгийг заасан. Хүчтэний талд хууль эрх зүй үйлчилнэ, эрх чөлөө бол санаа төдий, харин баримт бус.Засаг баригч өөр намыг нухчин дарахын тулд намдаа ард олны хүчийг татахын тулд бий болгосон өгөөш. Ард олонд өөрийгөө удирдах боломж гаргаж өгөнгүүт завхрал самууралд живдэг, өөр зуураа өрсөлдөн улс орноо үнс чандруу л болгодог. Хүн сүргийн аливаа шийдэл нь тохиолдлын, эсвэл зориудын үүсгэсэн олонхоос хамаардаг. Удирдагч хоёр нүүртэй байх ёстой, цагаан цайлган шударга журамт зан бол улс төрд бол нүгэл хилэнц юм, улстөрч хэрхэвч ийм байж болохгүй.Хүн сүрэг бол сохор балай,хүн сүрэгт зориулсан үйл ажиллагааг төлөвлөхдөө тогтворгүй, тэнцвэргүй, хуншгүй, хударгагүй гэх чанарыг нь тооцох хэрэгтэй. Тэд өөрсдийн амьдралын нөхцөл байдал, өөрсдийгөө хүндлэх чадваргүй, сохор, ухааны жолоодлогогүй, тал тал тийшээ далжганаж хэрэгт дурлан соохолздог,тэдний дундаас тодорсон хүн сүргийн гишүүн төлөөлөгчид хэдий суут ухаантай байсан ч улс төрийг ойлгодоггүй.Улсаа мөхөөх гэж л тэдний толгойд гардаг.Улс төрийг бага наснаас нь бэлтгэсэн нэгэн л улс төрийн үгнүүдээс бүтсэн үгийг ойлгодог. Тэднийг өөрсдөөр нь удирдагчыг нь сонгуул. Гой нарын угсаа залгамжилсан засгийг устга, тэд л зөвхөн өөрсдийн мэдэх улс орныг удирдах нарийн аргыг өөрийн үр хүүхэд, хамаатан садандаа зааж чаддаг, язгууртан хөрөнгийн эздийг гой нараар нь устгуул, тэд ажилчдынхаа орох оромж идэх хоолны төлөө санаа зовинож чаддаг.Засгийг хурдан ойрхон солигдуул, ард олны төлөөлөгч халагдаж солигдож байдаг нь гой нарыг бидний санаа зорилгод тушааж ирсэн билээ.Гой нар бидний үнэмшүүлсэн бүгдийг сэтгэл хөдлөлгүйгээр хүлээн авч, ажиглаж турших чадваргүй. Дарвинизм, марксизм, ницшегийн үзлийг хардаа.Парламент бол бурааны газар, цөс нь хөөрсөн сэтгүүлчид, цадиггүй шооч зохиолчид засаг захиргааны алба руу өдөр тутам ноцно. Бүх байгууллагуудыг мөхөлд хүргэж ухаан жолоогоо алдсан хүн сүргийн ниргэлт бүх зүйлийг орвонгоор нь эргүүлнэ.Гачигдал ба түүнээс үүдэх жөтөөрхөг үзэн ядалтаар бид хүн сүргийг хөдөлгөж, бидний замд хөндөлсөгчдийг тэдний гараар арчин хаядаг. Энэ бүхний эцэст бид дэлхийн удирдагч болно, хаантай болно, хаан боловсролтой ухаалаг нэгэн байх бөгөөд үүнийг бидний мэргэдийн дундаас Давидын үр удмаас сонгоно. Тэр шунал хүсэл ялангуяа шунал тачаалын мэдэлд байх ёсгүй, өөрийн зан чанарын нэг ч талаар, амьтны зөн совиндоо өөрийн ухааныг ноёлуулах ёсгүй. Гэх мэтчлэн бичжээ. Та бүхэн уншаад энэ бүгд өнгөрсөн зуунд бараг биелсээр өнөөдрийг хүрснийг мэднэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийт усны ганц хувь нь цэвэр ус шүү дээ

Гэр хорооллын айл өрхүүд ундны цэвэр усаа урьдын адил мөнгө төлж авдаг болж. Цар тахлаас шалтгаалан хэсэг хугацаанд цэвэр усыг үнэгүй өгч байсан даа. Өмнө нь нэг литр ус нэг төгрөг байсан бол сая нэгдүгээр сарын 1-нээс эхлээд литр тутамдаа хоёр төгрөг болжээ. Харин зуслангийн хавиар нэг литр усыг 4.5 төгрөгөөр борлуулах журам гарчээ. Усны үнэ ийн нэмэгдсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа хүмүүс усны үнийг ингэж нэмдэг нь буруу, хар ус гэхэд үнэтэй байна гэх маягийн сэтгэгдлүүд олон харагдлаа. Ундны ус гэдэг өнгө, үнэргүй шингэн бодис бол хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээний зүйл. Гэтэл хамгийн хямдхан байсаар байгаа усыг ердөө хоёрхон төгрөгөөр авахдаа чухам яагаад уурлаад байгаа учрыг эс олсон юм. Бяцхан

тоо бодож үзье л дээ. Нэг хайрцаг чүдэнз 200 төгрөг. Дотроо 50 гаруй ширхэг л байгаа байх. Гэтэл ганц хайрцаг чүдэнз авах мөнгөөр 100 литр ус авна. Таван тонны зөөвөрлөх машинаар ус авлаа гэж бодоход 5000 литр усыг 10 000 төгрөгөөр л авах нь. Гэтэл яг үнэндээ 10 000 төгрөг гэдэг бол дундаж ресторанд ороод суухад ердөө ганц лонх шар айрагны л мөнгө шүү дээ.

Дэлхий нийтээрээ ундны цэвэр усны хангамжид санаа зовниод хэдийнэ эхэлчихсэн. Зарим томоохон хотууд хүртэл цэвэр усыг иргэддээ тодорхой хязгаартайгаар өгдөг болж байна. Далайн усыг цэвэршүүлэх олон, олон оролдлогууд хийгдсээр байна. Эхнээсээ амжилттай болж байгаа технологиуд бий болсон авч хэрэглээг бүрэн дүүрэн хангах яагаа ч үгүй бололтой. Харин бид цэвэр усыг ёстой утгаар нь гамгүй хэрэглэсээр. Бараг л орсон газар болгоны ариун цэврийн өрөөний ус зүгээр л сул гоожиж байдаг. Крантыг нь нээгээд орхичихсон байх нь энүүхэнд. Мөн авто угаалгын газар бол бүр тоймгүй. Нэг машин угаахад хэдэн литр цэвэр ус зарцуулаад байгаа юм бүү мэд. Уг нь авто угаалгын газар, ариун цэврийн өрөөний суултуурын усанд саарал ус буюу дахин боловсруулсан ус хэрэглэж эхлэх цаг аль хэдийнэ болчихсон. Гэсэн ч хувь хувьсгалын аль нь ч энэ тал дээр аниргүй суусаар. Дэлхий дээр байгаа нийт усны 97 хувь нь далай тэнгисийн, хоёр хувь нь хойд урд мөсөн далайн, үлдсэн ганцхан хувь нь ундны цэвэр ус байдаг юм шүү дээ. Арай л бага байгаа биз. Тиймээс ундны цэвэр усаа боломж боломжоороо хэмнэж байвал ямар вэ…

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Мэдисон нутгийн гүүрнүүд

Уянгын… сэтгэл хөдлөм бас уярам… мөнхийн хайрын тухай үлгэр”, “Хүн бүрийн сэтгэл зүрхийг хайлуулмаар… бүр хамгийн зөрүүд циникүүдийг хүртэл уяраамаар, сэтгэл шаналгасан түүх. Гэхдээ бодит амьдралын сэдвийг хөндсөн учраас үйл явдал нь тун ойлгомжтой”, “Энэ бол хайрын тухай өгүүлдэг жирийн нэгэн зохиол биш. Хүч тэнхээ, мэргэн ухаан бас итгэлийн талаар яруу уран, утга төгөлдөр өгүүлнэ”, “Нулимс мэт төгс бүтээл”.

Энэхүү алдартай бүтээлийг энэ мэтээр дүгнэсэн хэдэн арван сэтгэгдэл бий. Одоо ч ар араасаа хөвөрсөөр байдаг. “Мэдисон нутгийн гүүрнүүд” нэртэй уг номонд хайрын сэтгэлийн их хүч, хүндэтгэл, санагалзах сэтгэлийн талаар өгүүлдэг. Роберт Жеймс Уоллерийн уг номыг орчуулагч О.Анударь орчуулж, “Монсудар”-аас эрхлэн гаргажээ. Номын зохиогч богино өгүүллэг, эссэ төрлөөр бичдэг байснаа 1992 онд “Мэдисон нутгийн гүүрнүүд” гэх энэхүү романаа бичжээ. Дэлхий даяар 60 сая орчим хувь борлогдсон амжилтаараа өнгөрсөн зууны хамгийн амжилттай номнуудын нэгэнд тооцогдох болсон байна. Мэдээж орчин цагт сайн муу зохиол бүтээлийг уншигчид асуудалгүй ялгадаг болсон. Тэгэхээр 60 сая борлогдсон гэхээр маргаангүй ер бусын зохиол мөн байх нь. Уг романаар 1995 онд нэрт жүжигчин Клинт Ийствүүд, Мэри Стрип нар гол дүрийг нь бүтээсэн ижил нэрт кино бүтээгдсэн юм. Уншигч та магадгүй киног нь үзсэн байх. Үзээгүй бол үзээрэй. Бас номыг нь заавал уншихыг зөвлөе.

1960-аад онд Айова мужийн Мэдисон дүүргийн нэгэн эдлэн газарт зохиолын үйл явдал өрнөдөг. Гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон Франческа болон гэрэл зурагчин, ганц бие эр Кинкейд хоёрын хайр сэтгэлийн тухай энэ номонд өгүүлэх болно. “Na­tional Geographic” сэтгүүлийн захиалгаар өвөрмөц, битүү хийц бүхий гүүрнүүдийн зургийг авах ажлаар Кинкейд эл газарт хэд хоног саатна. Халуун нар төөнөсөн тэр өдөр Кинкейд нэгэн гүүр хүрэх замыг асуухаар Франческа бүсгүйн гэрийн гадаад хэсэгт саатах бөгөөд тэд анхны харцаар хоёр биедээ татагдан, бүсгүй ч зам заахаар зурагчин залуугийн машинд сууснаар үйл явдал өрнөж эхэлнэ. Энэ үетэй давхцаад Франческагийн гэр бүлийнхэн мужийнхаа хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг орохоор эзгүй байж таардаг. Хэдийгээр нас нь 40 нэлээн гарцгаасан тэдний хайр сэтгэлийнх нь холбоо хэдхэн өдөр үргэлжлэх авч хэзээ ч бие биенээ мартаагүй, харин ч алс холоос ч гэсэн нэгнийгээ үгүйлэн хайрласаар насыг барна. Гэлээ ч Франческа гэр бүл, үр хүүхдээсээ яваагүй, Кинкейд ч бүсгүйгээ зөвхөн хайрласан. Бас хэн хэнээсээ урваагүй. Бас тэр хоёрын учрал хэн хэнийх нь амьдралыг үүрд өөрчилсөн.

“Мэдисон нутгийн гүүрнүүд” зохиол ер бусын энгийн хэрнээ хүн гэдэг амьтанд хамгийн хүчтэйгээр мэдрэгддэг, шархлуулж, бас эдгээж чаддаг хайр сэтгэлийн тухай гайхамшигтайгаар гаргаж чадсан юм. Номын өмнөх үгэнд ингэж бичсэн байх юм. “Хайрын тухай хоёр талаас нь харуулна. Нэг талаас эр эм хоёрын бие биедээ тэмүүлэх романтик хайр, нөгөө талаас гэр бүл эцэг эх, үр хүүхдийн хоорондын хайр. Аль аль нь туйлын хүчтэй, хоорондоо зөрчилдөөнтэй”. Уг зохиолыг уншихад яг л энэ дүгнэлтэд хүрнэ. Яг таг хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй гэж бардам итгэлтэй байсан хүнд ч яг энэ зохиолд гардаг үйл явдал шиг зүйл учрахыг үгүйсгэх ямар ч аргагүй. Магадгүй “Мэдисон нутгийн гүүрнүүд” зохиолын үйл явдал дэлхий дээр хэдэн арваараа тохиолддог байхыг ч үгүйсгэх газаргүй. Амьдрал баян, элдэв хувь зохиолоор дүүрэн. Хэн ч, хэзээ хормын дараах ирээдүйгээ харж чадахгүй шүү дээ.

“Үнэт эрдэнэс мэт ном. Үд дунд гэрийнхээ гадна цэцэрлэгт амарч суух зуураа уншаад дуусгачих тийм зохиол. Гэхдээ битгий тэгээрэй. Сайн дарс шимж буй мэт хуудас бүрийнх нь амтыг мэдрээрэй. Хуучны хэв маягтай энэхүү хайрын түүх таны оюун санаа, зүрх сэтгэлийг булаачихаад буцааж өгөхгүй л болов уу”… Toledo Blade.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Философийн анхны түүх

“Эрдэм гэгээрэл” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Лаэртын Диогений “Философийн анхны түүх” хэмээх ном өнгөрсөн онд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон юм. Энэ номыг онцлохгүй байхын аргагүй. Учир нь өрнө дахины философийн охь дээж бүтээлийн нэг хэмээн энэ бүтээлийг үздэг. “Философийн анхны түүх” номын зохиогч Диогений амьдарч байсан цаг үе яг таг тодорхой биш ч гэлээ нийтийн он тооллын II-III зууны орчимд гэж таамагладаг. Мөн энэхүү бүтээл нь эрт үед бичигдсэн философийн түүхийн цор ганц бүтээл гэгддэг ажээ. Нийт арван бүлгээс бүрдэх “Философийн анхны түүх” номонд долоон мэргэнээс эхлээд эртний Грекийн суут сэтгэгчдийн амьдрал, сургаж байсан сургааль номлолын талаар тун тодорхой өгүүлсэн болно. Түүх соёлын үнэ цэнэтэй уг номыг судалгааны томоохон бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэн нэгэнд нь тал засаагүй, тун тогтуун өгүүлэмжтэй. Нөгөө талаас энэ ном нь дан ганц эртний Грекийн философийн түүхээс гадна тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, ахуйг тал бүрээс нь гаргаж бичсэн нь нэн сонирхолтой болгожээ. Хэрэв Диоген энэ номыг бүтээгээгүй бол эртний 80 гаран сод ухаантны зохиол бүтээл, үзэл номлол өвлөгдөн ирэхгүй ч байсныг үгүйсгэхгүй.

Бид нийтлэг байдлаар Аристотел, Платон гээд цөөн хэдэн философичдийг л “сайн таньдаг”. Тэгвэл энэ гайхалтай бүтээлд тэр бүр нэр нь дуулдаад байдаггүй ч оюун ухааны сор болсон олон философичдийг багтаасан нь уншихад үнэхээр сонирхолтой. Жишээ нь, Феофраст. Тэрээр Фаний гэх ухаантанд сурган хүмүүжүүлэх тухай бичсэн захидалдаа “Сэтгэлд нийцсэн сонсогч олно гэхэд бэрхтэй. Юм уншихад хичээл зүтгэл хэрэгтэй. Уншихгүй бол залуу насны сэргэг ухаанаа дэмий үрэхийн нэмэр” гэсэн бол “Жолоогүй морь, ухаангүй үгнээс ч илүү итгэлтэй. Цаг хугацаа бол төлж болох хамгийн өндөр төлбөр юм. Таашаал цэнгэл бол өнгөцхөн. Хүн амьдрал гэдгийг амтлаад л буцдаг тул алдар нэрийн хойноос үхэн хатан тэмцэх хэрэггүй” гэж сургаж байв.

Троадын Ликон нь бидэнд төдийлөн танил бус философич. Уг нь тэрээр философийн ертөнцөд тод мөртэй нэгэн. Тэрээр цагтаа сурч боловсорч чадаагүй хүмүүст “Харуусал гомдлоо хөлгүй цэнгэл дунд хүчгүй мөрөөдлөөр урсган живүүлдэг” гэж хэлдэг байж. Карфагены Эрилл хэмээх философич байж. Тэрээр хүний туйлын зорилгыг эрдэм мэдлэг мөн гэж тодорхойлсноос гадна алив бүхнийг шинжлэх ухаантай харьцуулан дүйцүүлж аж төрөх учиртай хэмээн сургаж байжээ. Туйлын ба туслах зорилго нь ялгаатай ба туслах зорилгод хүн бүр тэмүүлэх боломжтой. Харин туйлын зорилгод гагц мэргэн ухаантан тэмүүлнэ. Эрилл гэх энэ хүний бичсэн номууд нь тун товч хэрнээ ер бусын тодорхой, асар гүн агуулга бүхий аж.

Пифагор. Энэ нэрийг харин хүн бүр гарцаагүй мэднэ. Тэрээр хүний түүхэнд төрсөн нэн хурц од байсан билээ. Тэрээр сургаал номлолыг нь хүлээн зөвшөөрсөн болгонтой нөхөрлөсөн юм. Хүүхдээ хэрхэн сайн хүмүүжүүлэх вэ гэх асуултанд “Шударга сайн хууль журамтай тийм л газар хамгаас эрхэм” гэж хариулж. Пифагор, галыг хутгаар сийчиж болохгүй, жинлүүр дээгүүр алхаж болохгүй, амьтны зүрх бүү ид, хүнд ачааг өргөхөд биш буулгахад тусла, ороо хурааж занш, таарсан болгонтой гар барьж бүү мэндэл, харь газар одохдоо эргэж бүү хар гэх зэргээр сургаж байлаа. Эдгээр нь ямар утгатай вэ. Галыг хутгаар сийчихгүй гэдэг нь уур хилэнгээ барьж сурах, жинлүүр дээгүүр бүү алх гэдэг нь тэгш эрх, шударга ёсыг хүндлэх тухай, амьтны зүрх бүү ид гэдэг нь зовлон шаналалд автахгүй байх, харь газар одохдоо эргэж бүү хар гэдэг нь амьдралаас хагацахын цагт битгий харамс, сэтгэл бүү хоргод гэх утгатай сургаалиуд ажээ.

“Философийн анхны түүх” философийг сонирхдог хэн бүхний ширээний ном болохуйц үнэхээр чансаатай ном юм. Уншаад үзвэл илүү олон гайхамшигт зүйлсийг уншиж, нүд нээгдэх билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цусан дахь ферритин уургаа тодорхойлуулснаар төмрийн илүүдэлтэйгээ мэдэж болно

Хоол хүнсний органик бус найрлага бүхий эрдэс бодис нь бие махбодын өсөлт ба бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбодод агуулагдах хэмжээгээр нь тэдгээрийг макро, микро эрдэс гэж хоёр ангилна. Макро эрдсүүдэд кальци, фосфор, кали, натри, магни ордог бол микро буюу бичил эрдсүүд нь зэс, төмөр, иод, манган, цайр, молибден, селен, хром, фтор аж. Энэ удаад бичил элементүүдийн нэг болох төмөр ба түүний хүний биед үзүүлэх нөлөө, илүүдэл, дутагдал нь ямар эмгэг үүсгэх, тэр дундаа төмрийн илүүдэл юунд хүргэж болох талаар хүргэе.

Төмөр нь хоол ундаар дамжин хүний биед нэвтэрч, элгэнд шүүгддэг байна. Цусанд төмөр тодорхой хэмжээтэй байж, цусны улаан эс, гемийг бүрэлдүүлэхэд оролцдог. Төмөр нь мөн биеийн арьсны хэвийн байдлыг хангах, бамбай булчирхайн хэвийн ажиллагааг нөхцөлдүүлэх, цус төлжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн мэдрэлийн ширхэгээр сэрэл дамжих үйл явцыг зохицуулж, тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй юм. Түүнээс гадна маш олон төрлийн биологийн идэвхит нэгдлийн хэвийн үйлчилгээг хангаж өгдөг байна. Насанд хүрсэн эрэгтэй хүний төмрийн хоногийн хэрэгцээ дунджаар 10 мг, эмэгтэй хүнд 15-20 мг, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйд 18 мг төмөр шаардлагатай. Бид хоногт хамгийн дээд талдаа 45 мг төмөр зарцуулдаг. Харин жирэмсэн үед төмөр зарцуулалт ердийнхөөс нэмэгдэнэ. Тиймээс эмч нар жирэмсний сүүлийн хагас болон төрсний дараах эхний 2-3 сард төмрийг нөхөх эмчилгээ санал болгодог юм.

Төмөр дутагдвал эд эрхтний цусны хангамж хомсдож, цус багадалт үүсдэг. Энэ нь толгой эргэх, толгой өвдөх, амтлах мэдрэмжид өөрчлөлт орж, хэл хуурайших шинж тэмдгээр илэрнэ. Учир нь төмөр дутагдсанаас хэлний амт мэдрэх үүрэгтэй эсүүд хатингаршиж, амтлах мэдрэхүй буурдаг ажээ. Түүнээс гадна хоолны дуршил багасч, бие сульдан булчин суларна. Мөн анхаарал муудаж, хүүхдийн биеийн ба оюуны хөгжил зогсоход хүрдэг байна. Дархлаа муудсанаас өвчинд өртөмтгий болно. Түүнчлэн хумсны хэлбэр өөрчлөгдөж, биеийн халуун хэвийн хэмжээнээс буурдаг. Үүнээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагддаг байна.

Тэгвэл хүний биед төмөр илүүдэх нь дутагдсанаас ялгаагүй аюултай аж. Хоногт 200-мг аас дээш төмөр биед хуралдсан тохиолдлыг төмрийн илүүдэл гэж үздэг.

Илүүдэлд хүргэх гол шалтгаан нь нойр булчирхай, элэг, дэлүүний өвчин, архаг архидалт, төмрийн солилцоо алдагдах явдал юм. Илүүдсэн төмөр цусан дахь ферритин гэдэг уурагт очиж хуримтлагддаг байна. Ферритин хэмээх уургийг төмрийн агуулах гэж ойлгож болох юм.

Төмөр илүүдвэл цус өтгөрч, бусад эд, эрхтнийг гэмтээнэ. Улмаар арьс амархан харлаж, хар толбо үүсдэг. Төмрийн илүүдэл элгийг ноцтой гэмтээснээр энэхүү эрхтэн хэвийн ажиллахаа болино. Төмөр нь цусаар чөлөөтэй урсаж, хүний биеийг хурдан зэврүүлдэг. Энэ нь төмрийн исэлдэмтгий чанартай нь холбоотой. Үүнээс гадна төмрийн илүүдэл нь үе мөч өвдөх, ядарч сульдах, юу ч хиймээргүй санагдах, хэвлийгээр өвдөх, бэлгийн сонирхолгүй болох, зүрх өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

Тиймээс юуны өмнө цусан дахь ферритин уургийн хэмжээг үзүүлж шалгуулах нь хамгийн зөв арга. Төмрийн илүүдлийг арилгах ердийн арга нь төмөр орсон мах, архи зэрэг бүтээгдэхүүнийг багасгах явдал. Эрт дээр үеэс ийм төрлийн өвчнийг эмчлэхдээ монголчууд хануур, самнуур заслыг өргөн ашигладаг байжээ. Эдгээр эмчилгээг хийлгэснээр элэгний үрэвсэл, зүрхний булчингийн сулрал, уушгины өвчин, амьсгалын дутагдалд хүргэдэг эмгэгүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадах юм.

Дашрамд хэлэхэд, төмрөөр баялаг хүнсийг дурдвал, махан бүтээгдэхүүнээс төмрийг 40-50 хувь, загасан төрлийн хоолноос 10 хувь авах боломжтой. Үүнээс гадна тахиа, гахайн элэг, үхрийн бөөр, зүрх, элэг, өндөгний шар, самар, төмс, өнгөт болон цэцэгт байцаа, яншуй, вандуй, хатаасан цагаан мөөг, тоор, чангаанз, алим, чавга, үзмийг нэрлэж болно.Эдгээрийг төмрийн дутагдал буюу цус багадалтын үед түлхүү хэрэглэхийг зөвлөдөг байна.