Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бусдын нүд, чихийг “орлох” гэж битгий зүтгээрэй DNN.mn

Заримдаа “Тэр ингэж ярьж байна лээ…, Тэр тэгсэн байна лээ…” хэмээн өөрийн тань нүд, чихийг “орлох” гэсэн “ажил горилогчид” тантай тааралддаг л биз дээ. Хэрэв өөрөө хүссэн бол тэр талаар асуучих, уулзаж учраад хараад мэдчих боломж хэн бүхэнд бий. Гэтэл тэд бусдын талаар хэн нэгэнд дамжуулж ярихдаа тухайн хүнийхээ нүд, чихийг “орлох” гээд зүтгэж байгаагаа мэддэгсэн болов уу.

Тэгэх нь бүү хэл “Ингэж бодож болохгүй, ингэж харж байгаад харамсаж байна…” гэхчлэнгээр бусдын үзэл бодолд өөрийнхөө үзэл бодлыг тулган шаардах хандлага ч газар авч. Энд бусдын талаарх тухайн хүний бодлыг өөрийн өнцгөөс шүүж зааварлаж, зааварчилж байгааг хэлж байгаа юм шүү.

Түүнээс тодорхой нэг асуудал дээр тодорхой байр сууринаас мэтгэлцэх биш, тэр бол мэдээж өөр хэрэг биз.

Иймэрхүү зүйлд тухайн хүнд зааварчилж заахгүйгээр байгаагаар нь мөрөөр нь орхичих. Алдаж онох аль нь ч бай тухайн хүнд нүд, чих, тархийг нь үлдээчих сэтгэлтэй байвал болох нь тэр.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Нямаакийнь Монгол” DNN.mn

Сайхан Монгол Улсынхаа нэр хүндийг их бага хэмжээгээр хилийн дээсний гадна сэвтээлгүй авч яваа хүмүүсээр бахархах нь урамтай гээч. Тэр нь заавал тамирчин байх албагүй. Алс хол Америкт тээврийн, барилгын компани байгуулаад сайн нэртэй, өөдрөг ажилтай явж буй монгол залуучууд өчнөөн бий. Шведийн томоохон эмнэлгийн зөвлөх эмчээр ажилладаг монгол бүсгүй, Германы BMW-ийн зохион бүтээх товчооны хэлтсийг ахалдаг нутгийн дүү гээд эх орныхоо нэр хүндийг цоглог авч яваа хүмүүс зөндөө. Энд өөрийн мэдэх нэг жижигхэн түүхийг бичье.

Москвад оюутан болж очоод удаагүй байсан үе. Намар хичээл дөнгөж эхэлж байхад лекцийн том зааланд 200 гаруй залуус багшаа хүлээгээд сууж байлаа. Өвгөн багш шуурхай алхан орж ирэнгээ мэндэлчихээд урд суусан надаас буриад уу гэж асуув. Би “Монгол оо” гэтэл багш “Монголын Нямаакийнь гэж таних уу” гэж асуугаад танхимд байгаа тэр олон орос оюутнуудад хандан “Би хэдэн жил багшлахдаа Нямаакийнь шиг лут оюутан хараагүй” гээд баахан магтаж билээ. Сургуулиа төгсөөд явчихсан тэр танихгүй ахаар бахархаж, ингэж хэлүүлж үлдэх юмсан гэх мөрөөдөл асч байв.

Одоо энэ Их хуралд овоо хэдэн жил сууж буй Нямаагийн Энхболдын тухай тэр өөрөө мэдэхгүй ийм түүх бий. Сонгууль энээ тэрээ хол байгаа тул элдэв санаа агуулаагүй өгүүлж буй дурсамж юм аа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүн бүр амьдрах эрхтэй шиг амьтад ч амьдрах эрхтэй DNN.mn

Сүүлийн жилүүдэд дэлхий нийт амьтны арьсаар хийсэн хувцас хэрэглэлээс татгалзаж, аль болох байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэмлэх болсон. Дэлхийн алдарт хувцасны брэнд “Chanel” 2018 онд амьтны арьсаар дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэдгээ зарласан. Мөн АНУ-ын зарим мужууд болон Словак улс 2019 онд амьтны арьсаар хувцас хэрэглэл хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн энэ тухайгаа хуульчилж, хориглосон олон улс орон ч байна.

Яагаад амьтны арьсаар хувцас хэрэглэл хийхээс татгалзах болов гэвэл хамгийн сүүлд гэхэд дэлхий дахинд тархсан ковидын халдвар үржүүлгийн булгаар хүнд дамжиж, дор хаяж 12 тохиолдол илэрсэн тухай Дани улс зарласан. Тиймээс тус улс 15-17 сая тоо толгой минж, 1000 гаруй минжний ферм байснаа (энэ нь Дани улсын булга хүн амынх нь тооноос гурав дахин их гэсэн үг) устгалд оруулсан байна. Булга үржүүлгийн гол зорилго нь тэдний үсэнд байх бөгөөд ихэнхдээ хувцас, тавилга, зөөлөн эдлэл болоод дуусдаг ажээ. Цаашид дэлхийн загварын салбарынхан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс арьс болон бусад материал гарган авах технологийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм байна.

АНУ-ын амьтдын эрхийн хамгийн том байгууллага болох “PETA” твиттер хуудастаа “2018 он бол дизайнеруудын хувьд чулуун зэвсгийн үеэсээ салж чадсан он байлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн нь “Chanel” брэнд амьтны арьсаар хувцас хэрэглэл хийхгүй гэж мэдэгдсэний дараа бусад улс орныг ч уриалан дуудах эхлэл нь болж байв.

Цахим хуудаснаа амьтдын арьсаар хэрхэн хувцас хийдэг талаар бичлэгүүд олон байдаг. Үүнийг үзсэн хүмүүс ч амьтны гаралтай бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл өмсөхгүй хэмээн татгалзах нь их. Хүн бүр амьдрах эрхтэй шиг амьтад ч амьдрах эрхтэй гэж үзэх хүмүүс ч олширчээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хувийн хэвшлийнхэн төрөөс хүн гуйлаа DNN.mn

Төр данхайсны нэг том жишээг бизнес эрхлэгчид тод томруун ярьж байна. Учир юу гэвэл хувийн хэвшил боловсон хүчний хомсдолд орсон талаар Ерөнхий сайдад дуулгаж, та нар төрийн албанд байгаа үр бүтээлгүй олон хүнээ цөөлж, бидэнд ажиллах хүч гаргаж өг хэмээв. Юм хэтэрнэ гэхэд бас арай ч утгаа алдсаны тод жишээ энэ юм. Статистикаас харахад, сүүлийн 10 жилд төрийн захиргааны албан хаагчийн тоо хоёр дахин нэмэгджээ. Үүнд эмч, багш нар гээд төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо ороогүй гэсэн үг. Зөвхөн яамдын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах зохион байгуулагчдын тоо 58 хувь, тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээчдийн тоо 25 хувь, газар болон хэлтсийн дарга нар 50 хувь зэргээр өссөн байна.

Төрийн алба ингэж данхайсан нь төрд ажиллах нь хувийн хэвшилд ажиллахаас хавьгүй хялбар, ашигтай байдагтай шууд холбоотой. Цалин бэлэн, ажил бага, цаашлаад дарга сэтэр зүүвэл хангамж боломжийн болохоор төрд орох хүсэлттэй хүмүүс их болжээ. Жишээлэхэд, хэвлэл мэдээллийн салбар ч боловсон хүчний хомсдолд орсон. Дөнгөж төгссөн шинэ сэтгүүлчийг ажилд авч, хамаг байдгаа зааж сургаж, гайгүй бичдэг болоод ирүүт төрийн дэргэд байгуулагдсан хэвлэлийн албад “сороод” авчихдаг. Шинэ сэтгүүлчдээс гадна энэ салбарын гайгүй болгоныг өөртөө шингээж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүхий л төрийн алба дэргэдээ маш том хэвлэлийн албатай. Зарим нь бүр газар, агентлаг болтлоо өргөжиж, хүнээ нэмсээр байгаа.

Энэ мэт хувийн хэвшлийн бүхий л салбараас төр боловсон хүчнийг нь булаан авч байгааг бизнес эрхлэгчид сануулж байна. Хэмнэнэ, танана гээд байгаа энэ цагт хувийн хэвшилд хэрэгтэй хүмүүсийг нь гаргаж өгч, төрийн мөнгийг хэмнээч.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хуучны сууцнуудаа нэг сайн дулаалаад авбал… DNN.mn

Нэлээн олон жилийн өмнө дөө. Аль ч билээ нэг яаман дээр гадаадын хэсэг улсууд “Танай хотын хуучин орон сууцны барилгуудыг чинь гадна талаас нь сайхан дулаалаад өгье. Орчин үеийн дулаалгын дэвшилтэт технологи. Танайх шиг хүйтэн сэрүүн нь давамгайлдаг оронд яг болох зүйл дээ. Тэгвэл дулаан алдалт нь эрс багасаад танай эрчим хүчинд чинь ч хэмнэлттэй. Тун сайн төсөл шүү” гэсэн санал тавьсан байгаа юм. Гэтэл мөнөөх яамны сайд нь юмуу, эсвэл аль нэг том дарга нь ч юм уу “Орон сууцнуудын гадна талаар тэгээд тийм дулаалга хийхийг зөвшөөрчих юм бол надад хэдэн хувийг өгөх юм” гэж асуугаад авчээ. Мэдээж нөгөө гадныхны нүд нь орой дээрээ гараад буцсан тухай үнэн худал нь мэдэхгүй ам дамжсан яриа байдаг. Хэрэвзээ үнэхээр ийм явдал болсон бол ичиж үхэх багадах зүйлээс гадна бүр ял авах хэмжээний авлига албан тушаалын хэрэг гарцаагүй мөн.

Хуучны угсармалын барилгууд ерөнхийдөө сэрүүхэн талдаа. Завсар зайгаар хийдэг байсан дулаалгын зориулалттай хар резинүүдийг нь суга суга татаад авчихсан, оронд нь завсар зайгаар нь шавраар чигжсэн харагддаг. Яг ийм орон сууцнуудад хөөсөн дулаалга шиг хэрэгтэй юм алга. Ийм дулаалга хийлгэсэн айлын гэрийн температур лав 4-5 градусаар нэмэгддэг юм гэнэ лээ. Дулаан алдалт нь бага байвал тохь тухаас эхлээд дулааны салбарт ч томоохон нэмэртэй гэж мэргэжлийнхэн хааяа ярьдаг.

Уг нь энэ ажлыг энд тэнд өвдөл цөвдлөөр хийж байгаа ч арай л удаашралтай харагдах юм. Хэмнэл хэмнэлт гээд хэдэн машин унахаа болихоос илүүгээр энэ мэт ажлыг хийж чадвал том зургаараа гарцаагүй том хэмнэлт болж болохоор санагддаг. Ер нь тэгээд аль юм болгон гадны зээл тусламжийг харж царай алдаж суухав. Иймэрхүү аж ахуйн чанартай ажлыг өөрсдийнхөө хүчээр ахиухан хүч, мөнгө гаргаад богино хугацаанд хийчихмээр байна аа. Жилд арваадхан байрыг биш, ядаж зуугаар нь ингэж дулаалмаар байна.

Хавтгайруулсан халамж өгч байхаар, худлаа дүр эсгэсэн хэмнэлт гэж “сүрийг бадруулж” байхаар бодитой ажил хийхгүй бол болохоо байх гээд байна шүү, энэ улс чинь. Уг нь хуучны хэдэн орон сууцнуудаа нэг сайн дулаалаад авбал хаа хаанаа их хэрэгтэйсэн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

​СОНИНЫ АРЫН НҮҮР: Нэр дэвших эрхээ зарсан эрхмүүд DNN.mn


Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ гишүүддээ зардаг. Үүнийгээ сонгуулийн санхүүжилт болгох гэж гоёор нэрлэдэг. Цаашлаад төрийн албан тушаалыг гишүүддээ зарсан тохиолдол ч гарсан удаатай. Үүнийг 60 тэрбумын хэрэг гэдгээр монголчууд андахгүй. Энэ бол “Сонгуульд ялсан тохиолдолд чамайг тийм албан тушаалд томилно” гэж хэлээд гишүүдээсээ сонгуулийн зардлаа босгосон МАН-ын түүх.

Харин сүүлийн үед энэ нам зарим улстөрчийн нэр дэвших эрхийг төрийн албан тушаалаар бартердаж авдаг болж. Намаас нь нэр дэвшигчид саад тотгор болж мэдэх бие даан нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг нь “худалдан авч” намдаа элсүүлээд оронд нь төрийн албан тушаал буюу даргын суудал амладаг технологи. Хамгийн сүүлд гэхэд яг энэ зарчмаар НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилов. Өмнө нь МАН-ын гишүүн байсан тэрээр өнгөрсөн онд болсон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр ажиллаж байв. Гэвч МАН түүнийг намаас нь нэр дэвшигчийн саналыг хуваана гэж үзэн намдаа элсүүлсэн. МАН-ын зорилго ч биелж, Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт явагдсан УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан.

Нэр дэвших эрхийг нь төрийн албан тушаалаар бартердаж авсан бас нэг жишээ нь УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр ажиллаж байсан хуульч Л.Батжавыг намдаа элсүүлсэн явдал. Түүнийг нэр дэвших эрхээсээ татгалзаж, МАН-д элссэнийх нь төлөө өнгөрсөн аравдугаар сард “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилсон. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дэх дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтнуудыг хуулиар хязгаарлана” гэж мэдэгдсэн. Төрийн өмчит компаниудын дэд захирлын цомхотголд нэр дэвших эрхээ МАН-д “худалдсан” Л.Батжав багтах эсэхийг харж л сууя. Түүний ажилладаг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани гурван дэд захиралтай юм билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дөрвөн хэлцэл” DNN.mn

Дон Мигель Руис гэдэг зохиолчийн ийм нэртэй ном байдаг. Энэ эртний Мексик оронд амьдарч байсан Тольтекчуудын сургаал юм. Тольтекчуудыг ухаант хүмүүс гэдэг байсан гэнэ. Тэд тусдаа ард түмэн биш, мэргэн ухааныг хойд үедээ өвлүүлэхээр сонгогдсон хүмүүс байжээ. Гэвч сүүлийн мянган жилд энэ уламжлал бараг тасалдаж тэдгээр хүмүүс зөвхөн өөрсдийн гарын шавиараа дамжуулан уг сургаалыг хадгалж иржээ. Шавь нарынх нь үл тоолт буюу манайхны хүүхдүүдийн аав ээжээ сонсдоггүйтэй адил ихэрхэл, бас дайн дажин гээд ийнхүү уг сургаалууд бараг тасалдсан байна.Номыг бичигчийн өвөг азаар нөгөө сургаал дамжуулагч байж таарч энэ ном гарчээ. Тольтекчууд хүний амьдрал бол зүүдний үргэлжлэл юм гэж үзсэн байна. Энэ орчлон дээр хүмүүс л зүүдэлдэг, тэр зүүд л бидний амьдрал юм даа гэсэн үг юм. Одоогоор ойлгох юм бол хийсвэр шахуу эд гэх юм уу. Тэр зүүдэн дундаа буюу амьдралд хүүхэд төрөхөд бид тэднийг гаршуулж авдаг. Хэл зааж сурган хүн болгон гаршуулдаг аж. Тэр болохгүй, болохгүй юм хийвэл шийтгэнэ. Тэр болно, сайн байна гэж урамшуулна гэх зэргээр бүх юмыг зааж өгөн хүн болгодог. Ингээд том болоод хүн зүүдэндээ буюу оюун ухаандаа энэ гаршуулсан бүх зүйлийг загвар болгон авч үүнийг дагах ёстой гэсэн хэлцэл хийдэг. Түүнийгээ зөрчсөн бол өөрөө өөртөө гэмшдэг, хүнээс нууж өөрийгөө хуурах буюу жүжиглэн амьдарч эхэлдэг. Хэн юу хүснэв, тэрүүгээрээ жүжиглэн амьдарна гэсэн үг. Өөрөө өөрийгөө хуурдгаа хүн мэддэг учир шаналдаг, өөрийгөө үзэн яддаг. Тэгээд л “Үхсэн яасан ч яадаг юм. гэсэн байдал илэрч архи уух, муу явах бүх зүйлийг өөртөө зөвшөөрдөг. Тэгвэл ийм байдлаас яаж гарах вэ. Өөртэйгөө дөрвөн хэлцэл хийх хэрэгтэй гэнэ.

Эхлээд “Үгэндээ өөгүй байх”, нэг ёсондоо хүнтэй хэрэлдэхгүй байх, хүн муулахгүй байх, хов ярихгүй байх, хүнийг элдвээр доромжлохгүй байж сурах. Үгэндээ өөгүй байж сурах, энэ бол нүгэл хийхгүй байж сурах. Нүгэл гэж юу юм, нүгэл гэж өөртөө муу юм хийх гэнэ. Яагаад үгэндээ өөгүй байх хэрэгтэй юм, яагаад биендээ хамгийн хайртай байж өөртөө муу юм хийнэ гэж. Үг бол бодит бибилд “эхлээд үг байсан, дараа нь бие үүссэн” гэж байдаг. Яг үүн шиг үг хоёр иртэй илд лугаа адил гэжээ. Нэг ир нь өөрийгөө эмчилдэг, нөгөө ир нь өөрийгөө алдаг.Та хэн нэгэнд муу үг хэлбэл, та хэн нэгнийг муулбал энэ нь шууд өөр дээр нь бууж байдаг гэнэ. Гудамжинд ч юмуу чатаар ч юм уу та хэн нэгнийг доромжлох нь өнгөн дээрээ та дийлж чадаж байгаа мэт харагдавч угтаа өөрийнхөө эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Өмхий үгээр утаж доош нь хийж доромжилж байгаа нь эргээд өөрт чинь хор учруулна. Та хүнд ямар хандана вэ тэр хүн танд яг тэгж хандана. Доромжилбол өөдөөс чинь хариуг нь давуулж барина уу гэхээс дутуулахгүй. Энэ тэгээд танд аюулгүй юу, харин хүнд үгэндээ өөгүй байх аваас буюу хүнийг та магтаад үз дээ, хүнд сайн сайхан үг хэлээд үз дээ. Яг адилхан хариу танд ирнэ.Үгэндээ өөгүй байна гэдэг эрч хүчээ зөв зүйтэй ашиглаж байгаа хэлбэр юм. Үг бол асар хүчтэй, та гудамжинд хэн нэг танилтайгаа тааралдаад “Хөөх царай чинь ямар муу байх юм, яг хавдар тусчихсан хүн шиг” гээд хэлбэл тэр хүн гурван сарын дараа нээрэн л хавдартай болох нь баараггүй гэсэн байна. Үг бол тарни мэт үйлчилдэг, та хүнийг сайнаар тарнидвал эргүүлээд сайн сайхныг л авна, муугаар тарнидвал муу муухайг л хүлээн авна.

Өөртөө үгийн хүчийг муугаар ашиглавал хамгийн том нүгэл тэр болно. Би тарган, би ухаангүй би чадахгүй гээд байвал тэр өөрийгөө үнэлэхгүй, өөрийнхөө үгийг өөрийнхөө эсрэг ашиглаж байна. Өөртөө хэдийн чинээ хайртай байна вэ, төдий чинээ үгэндээ өөгүй байх хэрэгтэй. Хүнд сайн ханд, өөртөө үнэнч бай, муу юм битгий хэл, ярьж эхлэхээсээ өмнө өөртөө хариуцлагатай ханд, энэ бол тэр хүнд биш, өөртөө хариуцлагатай хандаж байгаа хэрэг юм гэжээ. Дараагийн хэлцлүүд “Өөр дээрээ бүү тусга”, “Бүү таамагла”, “Үргэлж хичээ” гэсэн хэлцлүүдийг өөртэйгөө хийх хэрэгтэй гэжээ. Бидний бүх зүйл таамагласнаас эхэлдэг, очоод асуучих юмыг л таамагласнаас бүх зовлон эхтэй гэжээ. “Тэр их сайхан хүн юм сайн залуу байх, надад хайртай байх над руу хараад инээлээ” гээд л таамаглаад явчихдаг гэнэ. Та энэ бүгдийг мэдэх гэвэл дээрх номыг уншаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тамирчдад олгодог төсвөө танаж, инженерүүдээ дэмжье DNN.mn

Дэлхийн аварга болсон тамирчинд сар бүр хоёр сая төгрөг олгодог. 25-тай дэлхийн аварга болж 80 насаллаа гэж тооцъё л доо. Тэр хугацаанд тамирчинд нэг тэрбум дөрвөн зуу гаруй сая төгрөг төрөөс олгоно. Олимпийн аварга болчихвол сар бүр зүгээр сууж байгаад л дөрвөн сая төгрөгийн тэтгэмж авна. Дээрх тоо хоёр тэрбум найман зуун мянга гараад явчихна. Чөлөөт, жүдо, боксын тамирчид нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалиудыг хэд хэдээр нь ихэрлүүлдэг болсон. Өнөө нэг тэрбум маань хэд хэд үржигдэнэ.

Харамсалтай нь тамирчдад ийнхүү их мөнгө өгөөд Монгол Улс хөгжсөн юм алга. Өчнөөн тамирчинд хичнээн ч тэрбумын хөрөнгө зарав. Спортоор хичээллэх нь тухайн хүний хувийн ашиг сонирхол, хувийн амжилт. Эд нар амжилт гаргаад Монгол Улс дэвждэг бол аль хэдийнэ л хөгжих цаг нь болсон. Тамирчдын урамшуулалд ганцхан сард л хамгийн багаар бодоход 150 орчим сая төгрөг зарлагадаж байна. Жилд тэрбум найман зуун саяыг зөвхөн тамирчдын урамшуулал тэтгэмжид зарцуулж байгаа юм. Ганцхан жилд шүү дээ. Хэдхэн жилийн цалингаар нь л сургууль, цэцэрлэг, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг байгуулчихаар харагдаж байгаа биз. Монголын хөгжилд үртэсийн төдий нэмэргүй спортод ийм их хэмжээний хөрөнгө цацдагаа зогсоомоор байна.

Монгол залуусын 60 орчим хувь нь биеийн хүчээр амьдралаа залгуулахаар олимп дэлхийн медаль руу зүтгэдэг болжээ. Арай ихдэх гээд байх шиг. Эд маань сургуульд сурахаас илүү бэлтгэл хийж гүйж байгаад ганц медаль зүүгээд л сарын гурав, дөрвөн сая төгрөг аваад хэвтэж байх хүсэл эрмэлзэлтэй болсон байна шүү, эр эмгүй.

Сүүлийн үед тамирчид дэлхийн аваргад ганц ёндоорчих юмсан гэх болж. Аргалж байгаад л ДАШТ-ээс ганц медаль авахаа хэлж байгаа нь тэр л дээ. Үүний тулд допинг хүртэл хэрэглэж улсынхаа нэр нүүрийг “матарлаж” байна. Ганц медаль авчихаад л тэтгэмж аваад хэвтэж байдаг тамирчид ч гарын арван хуруунд багтахаа больсон. Ингэхийн тулд тамирчид нэгнийхээ хоолойг ч огтлоход ойрхон болжээ.

Тамирчдад зарцуулдаг энэ их төсвийг танаж, инжерүүдээ дэмжье. Инженерүүд улс орныг хөгжилд хөтөлдөг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Ардчилсан нам бол Монгол Улсын тулах баганын нэг” гэж У.Хүрэлсүхийн хэлснийг бодоод…DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгч саяхан хүлээн авч уулзахдаа “Ардчилсан нам бол Монгол Улсын тулах баганын нэг. Тиймээс энэ цаг үед улс орныхоо төлөө хамтарч ажиллах ёстой. Хийрхсэн улс төрөө одоо хойш тавь” гэж хэлнэ билээ. “Эрдэнээд хуурамч тамга атгуулж өөртэйгөө өрсөлдүүлэн төрийн тэргүүн болсон хүн ингэж хэлэлгүй яахав” гэх үүднээс Хүрэлсүхийн үгийг хүмүүс хүлээн авч байна. Гэвч цаад наадах нь падгүй, хамгийн гол нь түүний хэлсэн үг гарцаагүй үнэн.

Харин харамсалтай нь улс орны тулах багана, ард түмний итгэл найдвар болсон уг намын гишүүд өөрсдийгөө шороотой хутган намынхаа нэрийг төдийгүй үндсэн дархлааг нь устгаж байгааг бид харж байна. Энэ тухай “Өдрийн сонин” “Эрх мэдлийн төлөөх хуваагдал үеийн үед оршиж, дарга нарынхаа ужгирсан тэмцлийг гишүүд нь өөгшүүлж ирсэн. Тэд ердөө даргад өрсөлдөж байгаа нөхдийн мөнгийг үрж хэдэн өдөр архидах гэсэн бодолтой. Тиймээс хэдэн зуун мянгаараа намынхаа хуваагдлыг хүлээн зөвшөөрч сонгуульд санал өгч, Их хурал гээчид нь тал талаас цуглаж байна. Намын эв нэгдэл тэдэнд хамаагүй болжээ” гэх үнэнийг өчсөн. Түрүү жил Ардчиллын баатар Бат-Үүлийг нэг авгай цагаан толгойноос нь үсдээд бараг л гудамжны нохой шиг гулдчиж чирч байгаа харагдсан. Сүүлд сонсох нь ээ, “Тэсо” компанийн ажилтан ч гэлүү, ямарчиг байсан тэр хүнд Ардчиллын баатар Бат-Үүл огтоос үнэ цэнэгүй бололтой.

Саяхан Х.Баттулгыг батламжилж буй их хурал гээч дээр “Тэсо”-гийн О.Цогтгэрэл “Ардчилсан намыг хэн нэгэн 10 хүн тойрч суугаад байгуулчихсан юм биш. Ардчилсан нам бол мянганы тэртээх их гүрнийг санагалзсан үндэсний бахархал дээр, сүүлийн зуунаар тоологдох жилүүдийн эрх чөлөөний хүсэл тэмүүлэл дээр байгуулагдсан” гэсэн үг хэлж танхимд суусан нөхөд нь алгаа хорстол ташсан. Ардчиллын баатруудаа, анхны лидерүүдээ үгүйсгэсэн энэ үг АН-ын гишүүдэд тэгтлээ их таалагдаж байгаа юм байх. Ерэн оны цагаан морин жилийн түүхэн хувьсгал маань ер нь юу болж хувирах нь вэ. Ямарчиг байсан Ардчилсан нам бол үнэхээр Монгол Улсын тулах баганын нэг, улс төрийн гол хүчин мөн гэдгийг хэлье.


Д.БАТБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийнхээ үе үе хэлдэг ухаалаг үгэнд цочирдоод байх хэрэггүй DNN.mn

Томчууд хүүхдийнхээ ярьсан сонин үг, өгүүлбэр эсвэл инээдтэй ярианд ихэд анхаарч, гайхмаар, гайхалтай санааг нь шагшин магтаж “Тийм жаахан байж, орой руу ортол хэлдэг юм даа” гэж ангайдаг. Гэтэл хүүхэд бол угаасаа ухаантай “амьтан”.

Уураг тархитай, бүх мэдээллээ нүд, чих бүхий л мэдрэхүйн эрхтэнээрээ хүлээн авч, тогтоож, дүгнэлт хийдэг. Харин эцэг эхчүүд тэднийг бага, балчир, жижигхэн, жаахан гэж чамладаг учир тэднээс тийм ухаалаг үг, өгүүлбэр, санаа гарахаар л шоконд ороод байдаг. Хэрвээ хүүхдийг багаас нь хүний ёсоор хандаж, ухаантай хүн гэж хүлээн зөвшөөрвөл хэлж, ярьж байгаа зүйлс нь ердөө гайхалтай биш юм. “Хүүхэд юм байж”, “Хүүхдэд хамаагүй ээ”, “Хүүхдэд хэлээд ойлгохгүй”, “Хүүхэд цаашаа, холд” гэдэг хориг үгс бол тэднийг хүн биш, юм ойлгохгүй гэж ханддаг томчуудын буруу хандлага.

Хүүхэд орчин, гэр бүл, хайртай хүмүүс, цаг агаар, хоол, найз, багш гээд хүрээлэн буй бүхий л зүйлсийнхээ тухай мэдээлэл авч, хувьдаа дүгнэчихсэн л байдаг. Тийм учраас үе үе гайхшируулдаг ухаалаг үгэнд нь балмагдаад байх хэрэггүй.

Наадуул чинь нас нь бага болохоос тантай л адил ухаант хүн. Харин ч уураг тархи, сэтгэл зүй нь бохирдоогүй илүү цэвэр хүн байх шүү.