Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Шинэ үеийнхэнд хандах цөөхөн үг DNN.mn

Сүүлийн үед “шинэ үеийнхэн үнэхээр супер, бүхнийг чадна, хамгаас илүү соёлтой, тэд л эх орны ирээдүйг сонгодог утгаар нь авч явах болно” гэх зэрэг хандлага газар авсан, энэ талаар ч дээр дооргүй ярьдаг болсон. Мэдээж нэг талаараа бол гарцаагүй үнэн. Энэ улс орны ирээдүй залуу хойч үеийнхэн гэдэг нь тодорхой. Гэсэн хэдий ч нөгөө талдаа үнэхээр шинэ үеийнхэн гэх ангилалд багтагсдын зарим нь шинэ нийгмийг бүтээх нь битгий хэл онцгүй сэтгэгдэл төрүүлж байгааг бичмээр санагдлаа.

Хэд хоногийн өмнө кинотеатрт очлоо. Попкорн авчих санаатай урт дараалалд зогслоо. Гэтэл зарим залуус болж өгвөл дарааллын урдуур мэдэн будилсан маяг гаргаад дайраад орчих санаатай байх юм. Ичихгүй дайраад орох нь ч олон.

Эвтэйхэн зөрөөд гарчих юман дээр мөрлөж, заавал шүргэж гарч байгаа нь мөнөөх л “Z” үеийнхэн гэгддэг шинэ цагийн залуус. Орой ч гэлтгүй өдрийн цагаар гудамжинд тамхи татангаа шүлсээ хаа сайгүй хаяж, хараалын үгсийг “гамгүй” урсгагсад нь мөн л мөнөөх шинэ үеийнхэн гэж өөрсдийгөө тодорхойлогсод. Бүгдээрээ биш гэдэг нь ойлгомжтой ч дийлэнх нь яг иймэрхүү байна. Өөрсдөөсөө хамаагүй бага дүү нартаа бас “хөөрхөөн” дээрэлхүү аяг гаргачихаж байгаа нь нөгөө хэд л байх юм. Үүнийг лавтай сүүлийн жил гаруй ажигласан юм.

Хэдийгээр гадаа зохион байгуулагддаг элдэв арга хэмжээн дээр хог хаягдлаа замбараагүй хаях нь багассан, наад захын соёлын элементүүд харьцангуй бүрдсэн гээд эерэг хандлагууд бий болсон ч олны дунд байгаа байдал, харилцаа хандлага нь хуучны хулигаанууд шиг залуус мөн ч олон байна. Тэд бусдад үнэхээр муухай харагдаж байгаагаа ойлгохгүй байдаг бололтой. Магадгүй эцэг эх нь нийгмийн харилцаа ийм тийм байдаг гэж хэзээ ч хэлж байгаагүй байх л даа.

Гудамжийг, хотыг чимэглэн алхах залуус иймэрхүү үйлдэл хийж буйд нь ингэж болохгүй ээ гэж сануулаад байвал ч дорхноо гайгүй болох биз гэж итгээд л байгаа даа. Та бүхэн ирээдүйг авч явах нь гарцаагүй үнэн ч хариуцлага гэдэг зүйл мөн адил байгаа шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Маргаашийн нарыг харна DNN.mn

Хахир хатуу хаврын дараа дэлгэр сайхан зун ирнэ гэдгийг мэддэг учраас хүмүүс итгэл найдвараа алддаггүй. Шороон шуурганд хийстлээ нүдүүлэвч зөөлөн борооны үнэрийг сэтгэлдээ тээж явдаг билээ. Ерөөс итгэл найдвар гэгч хүмүүн төрөлхтнийг төдийгөөс өдий хүргэсэн аугаа их шид юм.

Өвдсөн хүн эм уугаад эдгэнэ гэдэгтээ итгэдэг. Бүдэрсэн хүн дахиж ийм алдаа гаргахгүйгээ мэддэг. Хүлээсэн хүн нь ирнэ гэдэгт итгэдэг учраас хэн нэгэн замын дундаас цөхөрч буцсангүй. Ээж нь хүүгээ алсад үдэхдээ хамаг эрдмийг хамж сураад ирнэ гэдэгт эргэлзэж байсангүй. Ийм л итгэлийн тойргоос гажиж далийсан хүн үгүй юм. Тиймдээ ч өнөөдөр бүтэлгүйтсэн ч маргааш илүү сайн болно гэдэгт хэн хүнгүй ямар ч эргэлзээгүй итгэдэг юм.

Өнөө өглөөхөн болсон нэгэн яриа ч итгэл гэгч ямар хүчтэй болохыг батална. Орос, Украины дайнаас болоод түүхий эдгүй болох дөхсөн компанийн захирал “Яаж ийж байгаад түүхий эдээ татаад авчихвал манай бизнес бүр л томорно” гэж ярьж байх.

Дэлхий нийтэд хаалгаа хаасан Оросоос Монголын бизнесмэн түүхий эдээ яаж ийж байгаад татаж авах нь тодорхой юм. Яагаад гэвэл түүнд дүүрэн итгэл байна. Бизнес нь ч томрох нь ойлгомжтой.

Орой унтахдаа хүмүүс маргаашийн нарыг харна гэдэгтээ итгэдэг. Маргаашийн нар илүү тод гэрэлтэнэ гэдэгт ч итгэдэг билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Урин дулаан цагт аль болох татгалзах ёстой хүнсний бүтээгдэхүүнүүд DNN.mn

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашиллаа. Зуны дэлгэр өдрүүдэд хүн бүр зусландаа гарч, агаар салхинд ахиухан гарахыг эрмэлздэг. Тэгвэл зуны халуун үед аль болох татгалзаж байх хоолны талаарх зөвлөгөөг уншигч танд хүргэж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хэт халалтын үед хэрэглэхээс татгалзах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Үүнд:

Зайрмаг болон хүйтэн ундаа: Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрэх магадлал ихэсдэг ажээ.

Бялуу, өндөг, хиам: Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж амархан мууддаг байна.

Хуурсан, шарсан зүйл: Ходоодонд маш их ачаалал өгч гэдэс хүнд оргих, гэдэс дүүрэх зэрэг таагүй зүйлсийн эх үүсвэр болдог.

Оройн хоолонд мах ихээр хэрэглэх: Орой биеийн эд эсүүд шим тэжээлээ аваад боловсруулах биш, хадгалах процесс түлхүү явагддаг учраас энэ үйлдлээс татгалзах нь зөв.

Астм болоод харшлын эмгэгтэй хүмүүс хадгалалт удаантай бүтээгдэхүүнээс татгалзах: Муудахаас сэргийлсэн бодис нь хатаасан жимс, хүнсний ногоо, жимсний чанамал, усан үзмийн дарс, шар айраг, жимсний шүүс, сам хорхой зэрэгт ихээр агуулагддаг. Энэ бүхнийг хэрэглэснээр өвчин сэдрэх магадлалтай.

Хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай гар дээрээс худалдан авах: Хадгалалтын горим зөрчигдөж, наранд хэт халж чанараа алдсан, өвчин үүсгэгчээр бохирдсон байж болзошгүй тул та бүхэн зуны халуун үед эдгээр бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг хичээгээрэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хорлолын хаан-Хорт хавдартай тэмцсэн түүх”-ийн тухай DNN.mn

Плүцерийн шагналт бүтээл болох “Хорлолын хаан-Хорт хавдартай тэмцсэн түүх” нэртэй нэгэн шилдэг бүтээлийн талаар товч танилцуулъя. Энэ ном бол нэг эхэлчихвэл салахын аргагүй сайн бүтээл юм. Номын зохиогч Мүхэржи Сиддарта нь Нью-Йорк хот дахь Колумбын их сургуульд Анагаахын салбар сургуулийнх нь хорт хавдрын тэнхимийн доктор, зөвлөх профессор юм. Түүний энэхүү номыг “Гүн гүнзгий үндэслэлтэй, яруу тодорхой, нягт судалгаатай ном”, “Шинжлэх ухаан, улс төр, хүн төрөлхтний тэмцлийн товчоон. Шинжлэх ухааныг нийтэд хамгийн ойлгомжтой тайлбарласан ном”, “Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, ганерал цөхрөлийн түүх. Хорт хавдрын талаарх хамгийн сайн хүүрнэл” гэх зэргээр тодорхойлжээ.

Энэхүү номонд хүн төрөлхтөнтэй бүх л цаг үеийн туршид шахуу хамт байж ирсэн хорт хавдар гэдэг аймшигтай өвчний тухай өгүүлдэг. Хорт хавдар дэлхий нийтийн тулгарсан хүндхэн асуудлуудын нэг. Тэгвэл зохиогч хорт хавдар гэгчийг ганцхан төрлийн өвчин биш, маш олон төрлийн өвчин гэж тодорхойлжээ. Ер нь хорт хавдар гэдэг нь олон төрлийн өвчин эсийг гажуудуулан хуваадаг нийтлэг нэг чанартай байдаг аж. Бүтээлээ “Бүхий л орон зайд нэвтэрч, цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг хэлбэр дүрсгүй дайсантай хийсэн тэмцлийн товчоон” гэж тодорхойлсон бөгөөд энэ өвчин өнөө цагт жинхэнэ утгаараа “хорлолын хаан, айдас хүйдсийн эзэн” болжээ гэсэн байна. Өдгөө хорт хавдрын гэх энэ аймшигт өвчлөл зүрх судасны өвчлөлөөс ч давах хэмжээнд хүрчээ. Хэдийгээр анагаах ухааны өндөр хөгжил, эрдэмтэд, эмч нарын уйгагүй их хөдөлмөрийн үрээр эмчилгээний төрөл бүрийн арга нээгдэж байгаа ч төгс эдгээх боломж хомс хэвээр л байна. XVI зууны нэгэн алдартай эмч Парацельс гэгч аливаа эм нь уг чанартаа баг зүүсэн хор гэсэн байдаг. Харин хавдрын эсрэг химийн эмчилгээ нь аливаа хор угтаа баг зүүсэн эм байх магадлалтай гэсэн огт эсрэг зарчимтай. Дайны үед химийн зэвсэг болгон ашигладаг хийнүүдийг нарийн судлах шаардлага эрхгүй гарч, нарийвчлан судалж эхэлжээ. 1951 онд “6-меркаптопурин” гэх бодисыг гарган авч улмаар нохойн дээр туршжээ. Нохой хэдийгээр хордож байсан боловч гичний хий хорт хавдрын эсийг устгаад байгааг судлаачид олж анзаарсан байлаа. Хортой бодис хорт хавдрын эсийг устгах чадвартайг олж мэдсэн Роудс Хитчингс, Элайон нартай хамтран олон туршилт хийсний үр дүнд “6-меркаптопурин”-г хүн дээр турших түвшинд хүрчээ. Үр дүн хэдийгээр хорт хавдрын эсийг устгаж байсан ч хэдхэн хоногийн дараа дахин сэргэж байжээ. Шинэ эм хэсэг хугацаанд үйлчилж байсан ч энэ аюулт өвчнийг эмчлэх боломжтой гэдгийг баталж, итгэлийг өгсөн юм.

1976 онд нэгэн нээлт хийгдэж, ген гэдэг зүйлийг эрдэмтэн судлаачдын анхааралд авчирчээ. Вармус, Бишоп нарын онол цацраг идэвхт туяа, хөө тортог, тамхины утаа зэрэг өөр хоорондоо уялдаагүй мэт санагдах хүчин зүйлсүүд хорт хавдар үүсгэх боломжтой гэх онолыг батлах анхны алхам болжээ. Тамхи татдаг хүмүүсийн протоонкоген гэх ген амархан гэмтдэг учраас хорт хавдраар өвдөх магадлал тун өндөр. 1980-аад он хүртэл хорт хавдрын эмчилгээ нь хортой эсийн хоёр сул тал дээр төвлөрч байжээ. Хавдрын эс нь үсэрхийлэхээсээ өмнө хэсэг газрын шинжтэй байдаг бол нөгөө сул тал нь эсийн хяналтгүй хуваагдал. Химийн эмчилгээний ихэнх нь эсийн хуваагдлыг зогсоох зорилготой. Гэсэн ч энэ сул талыг нь ашиглаад ч хавдрыг бүрэн устгах бололцоогүй. Эсийн хуваагдлыг зогсоох эмчилгээ нь эрүүл эсийн хуваагдлыг ч мөн зогсоодог учраас асуудалтай. Иймээс анагаах ухаан хортой болон хэвийн эсийг ялгах тал дээр идэвхийлэн ажиллах болжээ…

Анагаах ухаан хөгжиж, тэр хэрээр эмчилгээний олон аргууд бий болсон ч хараахан ялж амжаагүй л байна. Бүтэн дөрвөн мянган жил хорт хавдар гэгч аюултай тэмцэж ирсэн хүн төрөлхтөн өнөөдөр энэ өвчнийг ялан дийлэх нь гарцаагүй. Энэхүү шилдэг бүтээлийг 2019 онд “Нэпко паблишинг” орчуулан гаргаж олны хүртээл болгосон юм. Дэлхийн шилдэг бүтээлийг эх хэлээрээ уншаад үзээрэй гэж хүсэх байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Архи уусангүй гэж уурладаг биш, амьдралдаа арчаатай бай хэмээн зэмлэдэг хүн жинхэнэ найз чинь юм шүү DNN.mn

Монголчууд бидний архины хэрэглээ хэрээс хэтэрсэн талаар дээр дооргүй л ярьцгаадаг. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч архины хэрэглээгээ багасгахыг уриалж, градусыг нь бууруулах талаар санал гаргасан. Асуудлын гол нь архиндаа биш, тохируулан хэрэглэх соёлд суралцаагүй хүндээ байгаа гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Хэн, хэзээ архи идээний дээд хэмээх сайхан нэрээр өргөмжилснийг нь мэдэхгүй ч шилтэй цэнхэрийн ёроолд бид нас, хүйсээсээ үл хамааран улсаараа живэх дөхжээ.

Ангийн уулзалт, ахан дүүсийн цугларалт, анд нөхдийн савалт, төрсөн өдрийн баяр, төрөөгүй өдрийн далим, салбарын ой, шагналын найр гээд уух шалтаг огтоос мундахгүй.

Сүүлдээ эхний гурван хундагыг элдэв долоон шалтаг тоочихгүй гэдийлгэж хөнтрөөд, толгой дээрээ тоорцог болгон харуулаагүй нэгнийг ур чадваргүй, урагшгүй хэмээн адалж, баяр хөөрийг бусниулагч, байгууллагын нэрийг гутаагч, найз нөхдийн нандин харилцааг дээдлээгүй, наргиж цэнгэхийг мэддэггүй “хөлдүү төмс” хэмээн хочилж, ад шоо үзнэ.

Архины хор уршигийн талаар улиг болгохоо түр азная. Алхам тутамдаа бид нүдээр үзэж, чихээр сонсож, зарим нь гашуун үнэнийг амьдралаараа туулж явна шүү дээ.

Эцэст нь өгсөн архийг минь уусангүй, намайг хүндлээд хөнтөрчих гэж архиар шахдаг найзаас амьдралдаа арчаатай бай, хандлагаа өөрчил, хамтдаа хөгжиж дэвшье хэмээн уриалдаг хүн таны жинхэнэ найз юм шүү

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үндсэн хуулиар олгогдсон эрхийг тань сануулъя DNN.mn

Өнгөрсөн оны УИХ-ын тухай хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгэн шинэ заалт орсон. Тэр нь таны тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ажлаа гүйцэд хийж чадахгүй байгаа бол сонгогчдын нийт саналаар эгүүлэн татаж болдог хуулийн заалт бий. Хэрэв та үүнийг мэдсэн бол ганцаараа санал гаргаад нэмэргүй юм байна гэж битгий бодоорой. Таны гаргасан санал бусдыг манлайлна. Та л хүсч байвал бусад нь таныг дагана, таны уриалгад нэгдэнэ гэдгийг сана.

Хэрвээ танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ажлаа хийж чадахгүй байгаа бол та харьяа хороондоо саналаа хүргүүлэн шийдвэрлүүлэх хуультай. Ганцхан таны санал очлоо гээд асуудал яригдахгүй байна гэж байхгүй. Та саналаа өгсөн л бол таны асуудлыг аль нэг тийш шийдвэрлэх арга хэмжээг авсан талаар холбогдох газраас мэдээлнэ. Тиймээс та битгий санаа зовоорой. Нэг тойргоос гуравны нэгийн санал авахад л тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээсээ татгалзах санал хураалтад орно. Тэр утгаараа та өөрийн тойргийн сонгогдсон УИХ-ын гишүүнээ эгүүлэн татъя гэж бодож байгаа бол энэхүү саналаа харьяа хороондоо өгөх нь зүйтэй. Таны саналыг хүлээн авсан хороо шийдвэр хэрхэн гарч байгаа талаар өдөр бүр мэдээлэх үүрэгтэйг та мэдэх үү.

Мөн та төрийн албанаас шаардах эрхтэй шүү. Хувь хүн ч өөрийн тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхтэй. Гагцхүү тэр саналаа олон нийтэд ил болгож, дэмжлэг авбал тухайн сонгогдсон тойргийн гишүүн тань эгүүлэн татагдах үндэслэл бий болно гэсэн үг. Энэхүү зарчим угтаа олон улсад хэрэгждэг ч манай улсад шинэ төрлийн соёл учраас нийгэм ойлгохгүй байх магадлалтайг улстөрч судлаачид хэлдэг.

Иймд та өөрийнхөө тойргоос сонгогдсон гишүүнээ эгүүлэн татъя гэсэн санал гаргасан л бол танд ямар нэгэн хариу мэдээлэл ирнэ. Ирсэн тэрхүү мэдээллийг та нягтлан харж хариу арга хэмжээ авах бүрэн боломжтой гэдэг Үндсэн хуулиар олгогдсон эрхийг тань сануулъя. Таны өмнөөс тэр хууль хэрэгжүүлж байна. Та өөрийнхөө саналыг хэлэх, хэлэлцүүлэх үүрэгтэй. Хэрэв таны саналыг хэлэлцүүлгийн явцад болон бусад тохиолдолд дурдахгүй үлдээх аваас та шүүхэд хандах бүрэн эрхтэй. Та бол төр баригч гэдгийг дахин сануулъя.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Итгэл DNN.mn

Энэ бол харилцааны амин сүнс. Найз нөхөд, дарга цэрэг, улс үндэстэн, бизнес хамтрагчдын амжилтын өнө удаан оршин тогтнох гол түлхүүр. Хар элгийн хүмүүсийг хамаатан садангаас ч илүү ойртуулдаг амьд харилцааг зөвхөн итгэл усалдаг. Итгэлцэл дээр соёолж, дэлгэрдэг харилцаа хамгийн зөв. Хүний амьдралд гайхалтай эерэг өөрчлөлтүүд, олон боломжийг ургуулж чаддаг. Архинд донтоод амиа хорлохоор оосор бүчдээ тулж байсан залуу өнөөдөр үндэстэн дамнасан бизнесмэн болжээ. Түүний амжилтын түүх “Биднийг өсч өндийх цорын ганц найдвар бол аав” гэсэн бяцхан үрсийнх нь итгэл байв.

Итгэл хүнийг ухааруулж урам зориг өгөхөөс гадна бас ичээдэг. Хүүхэд байхын ном уншихаар нойр нь хүрдэг байсан ангижав маань өнөөдөр эрдэмтэн болсон юм. Түүнийг ингэж өөрчлөгдөхөд номын санч эгч их нөлөөлж билээ. Ахлах ангиа төгсөх жил найзуудаараа шалгалтад бэлдээд номын санд хичээлээ давтдаг байв. Номноос зугтдаг ангийн хөвгүүн сурсан зангаараа нойрмоглон сууна. Номын санч эгчид хэдэн билет атгуулаад бид нэг, нэгээрээ асуугдаж, шалгалтдаа бэлддэг байв. Мань эрийн асуугдах ээлж болов. Номын санч асуулт тавьсны дараа өнөөх гайхлын битүүхэндээ харж явдаг нөгөө ангийн охин ороод ирдэг байгаа. Номоо уншаагүй хүн андашгүй. Нүүр нь минчийж улайгаад, шилээ байн байн маажаад л нүдний харц нь тогтож ядах нь тэр. Гэтэл номын санч эгч энэ байдлыг анзаарч, түүнийг зэмлэсэнгүй, харин ч магтав. “Маш сайн хариуллаа, онц” гэв. Сэтгэлтэй хүнийхээ нүдэн дээр онц сурлагатан шиг харагдсан тэрбээр яг үнэндээ номын санчаас тоймгүй их ичсэн гэдэг. Өөрийг нь аврах гэж худлаа хэлсэнд нь баярлаж даварч болохгүй гэсэн бодол тэр үед орой руу нь орох шиг болж. Номын санч түүнд “Чамд эгч нь итгэж байна. Маргааш асуугдахдаа сайн бэлдээрэй” гээд аминчлан захисныг ангижав маань сүүлд ярьж билээ. Магадгүй номын санч түүнийг “Хичээлээ уншихад яадаг усан толгой вэ” гээд хэлсэн бол ийм амжилтад хүрээгүй ч байж мэднэ.

Итгэл хүнийг ичээж амжилтад хүргэдэг бол хүмүүжүүлдэг өөр нэг жишээ хуваалцъя. Салбартаа шаггүй гавьяа байгуулсан нэгэн эрхэм дунд ангид байхдаа нууцаар тамхи татдаг байж. “Ээж маань дахиж намайг тамхи татвал аавд хэлэх байх. Нэг удаа боломж олголоо. Ээжийнхээ итгэлийг алдаж болохгүй” гэж бодон өөрийнхөө алдааг ухаарч, тэр цагаас хойш тамхи таталгүй 40 жил болжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Б.Тэмүүлэн шиг олон хүүхдийн амь насыг төр даах үүрэгтэй юм DNN.mn

Хэдхэн хоногийн өмнө зургаахан настай Б.Тэмүүлэн хүүг харийн оронд хагас тэрбум төгрөгөөр амь насыг нь аврах боломжтой гэх баяртай хийгээд гунигтай мэдээг аав нь хэлээд уйлж зогссонсон. Баяртай мэдээ нь хүүг эмчлэх боломжтой. Гунигтай нь гуч шүргэж яваа залууст хагас тэрбум төгрөг гэдэг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугаас өөрцгүй.

Цусны цагаан эсийн хорт хавдар гэх аюулт өвчнөөр сүүлийн гурван жил шаналсан хүүд хоёрхон настай дүү нь донор болох гээд талбай дээр ирчихсэн монгол түмнээсээ тусламж гуйж зогссон. Монголчууд нэгдээд нэгхэн өдрийн дотор 570 сая төгрөг цуглуулаад өгчихлөө. Хүүгийн гэр бүлийнхэнд магнай хагартал баярлана гээч л болж байгаа дуулдана. Ямартаа ч Монголын нэг иргэн аюулт өвчнөөсөө салах эхний даваагаа давлаа.

Харамсалтай нь өнөөдөр Монголд өөр олон Тэмүүлэн шиг охид, хөвгүүд, хэдхэн сартай нярай амьтад Монголд эмчлэгдэх боломжгүй гэх аюулт өвчнөөр шаналж байгаа. Тэнгис кино театрын хойно байрлах “Оранж” гэх төвийн зургаан давхрын нэг том танхимаар дүүрэн тусламж хүссэн самбарууд өрөөстэй байдаг юм. Ихэнх нь хорт хавдрын оноштой бяцхан хүүхдүүдийн зурагтай. Тэнд бас ар гэрийнх нь аав, ээж, ах дүүс нь тусламж гуйн суудаг. Харахад нүд халтирмаар, зүрх зүсч, сэтгэл шимширмээр.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.4-т хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээг авах эрхтэй гэж заасан. Цаашлаад УИХ, Засгийн газрын үүрэг ч тодорхой бий. Хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшилд зориулж хууль, журам, төсөв батлах гээд үргэлжилдэг. Гэвч Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд оноштой олон зуун хүүхэд төрөөс ямар ч дэмжлэггүй олон жилийг ардаа үдэж байгаа. Азтай цөөн хүүхэд нь ард түмний хандив тусламжаар эмчлүүлж чадсан.

Ерөөсөө Б.Тэмүүлэн хүү шиг олон хүүхдийн амь насыг төр даах үүрэгтэй юм. Элдэв бусын хэрэгтэй, хэрэггүй хууль санаачилдаг гишүүд Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэх, тусламж үзүүлэх хууль санаачилдаг болоосой!

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Харизм” DNN.mn

Зохиол ч Оливия Фокс Кабейны “Харизм” ном нь 13 бүлэгтэй, харизм гэж юу болох, харизм ямар үед, юунд хэрэгтэй, хэрхэн харизмтай байх вэ зэрэг асуултуудад товч, тодорхой загвар, зөвлөгөө, жишээгээр хариулт өгөх болно.

Энгийнүгээр “Харизм” гэдэг нь бусдыг өөртөө татах чадвар гэж хэлж болно. Хүмүүс “Харизм”ыг төрөлх зан чанар гэж ойлгодог ч, энэ бол сурч, сайжруулж болдог “Чадвар” хэмээн зохиогч үзжээ. Манлайллын чиглэлийн нэр хүндтэй мэргэжилтэн Оливия Фокс Кабэйн энэхүү номоо “Соронздон татах урлаг буюу шинжлэх ухааныг эзэмших нь” хэмээн тодотгожээ.

Нэгдүгээр бүлэгт харизмт зан төлөвийн талаар өгүүлнэ. Харизмт зан төлөв анхаарлаа бүрэн хандуулах, хүчирхэг байх, халуун дотно сэтгэгдэл төрүүлэх гэсэн гурван гол зүйлээс бүрдэнэ.

Хоёрдугаар бүлэгт, харизмтай байхад тулгарах саад бэрхшээлийг даван туулах. Энэ нь сөрөг бодлоо багасгах, сэтгэл санааны таагүй байдлаа хүлээн зөвшөөрөх, бодит байдлыг өөрөөр тодорхойлох, бие мах бодын тааламжгүй байдлаас урьдчилан сэргийлэх тухай.

Гуравдугаар бүлэгт, харизмт сэтгэлгээг бий болгох. Үүнд төсөөлөн бодох, талархал, биеийн мэдрэмжээ өөртөө итгэлтэй хүн шиг байлгах, сөрөг зүйлсээс хол байх хэрэгтэй аж.

Мөн харизм нь эрх мэдэлтэй, алсын хараатай, төвлөрсөн, эелдэг гэсэн дөрвөн хэв маягтай. Тухайлбал, эрх мэдэлтэй харизмтай хүн бусдад сэтгэл хөдөлгөсөн, айж сүрдсэн мэдрэмж өгдөг байна. Харин эелдэг харизмтай хүн бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, хайрлагдсан мэдрэмж өгдөг.

Дөрөвдүгээр бүлэгт, харизмт анхны сэтгэгдлийн талаар өгүүлнэ. Анхны сэтгэгдэл хоромхон зуурт үүсч, харилцаанд олон жил нөлөөлдөг байна. Анхны сэтгэгдлээ зөв үлдээхийн тулд хувцаслалтдаа анхаарахаас гадна тухайн хүнтэйгээ яриа эхлүүлэх, дуусга х , гар барихдаа хүртэл анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, таан х удаа уулзаж байгаа хүнтэйгээ хамт байхдаа гар барьж, инээмсэглэх, гарын алганд хөндий зай үүсгэлгүй, нөгөө хүнийхээ чанга сулд нь тааруулан атгах хэрэгтэй гэнэ.

Тавдугаар бүлэгт, харизмтай ярих, сонсох тухай өгүүлнэ. Хэн нэгнийг сонсоход хүртэл харизм байдаг аж. Та харизмтай сонсохын тулд бусдын яриаг таслалгүй, анхаарлаа бүрэн хандуулах хэрэгтэй. Өөр зүйл бодонгоо ойлгож байгаа дүр эсгэнэ гэдэг бол хэзээ ч боломжгүй.

Харин хэн нэгнийг сонсож байхад таны анхаарал сарниад байвал хөлийн хуруу руугаа анхаарлаа нэг хандуулаад яриагаа сонсвол үр дүнтэй.

Зургадугаар бүлэгт, харизмтай биеийн хэлэмжийн тухай ярья. Та зориудаар хэн нэгний биеийн хэлэмжийг дуурайвал өөртөө итгүүлэх сэдлийг төрүүлдэг аж. Хүний эгц өөдөөс харж биш, бага зэрэг ташуу суувал та хоёрын ойлголцол илүү өндөр түвшинд хүрнэ. Хүнд үед, илтгэл тавихдаа, хямралын үед, харизмтай байх, харизмын дасгалууд зэрэг олон сонирхолтой сэдвийн тухай өгүүлнэ. Та нөлөөллөө нэмэгдүүлж, ятган үнэмшүүлэх чадвараа хөгжүүлье гэвэл “Харизм” номд анхаарлаа хандуулаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Яамдын хурган дарга нар яаж л ард түмнээ мунхруулж төөрөгдүүлэх үү гэдгээ боддог юм шиг DNN.mn

Их хурлын чуулган, байнгын хороодын хуралдаан дээр аливаа хуулийг хэлэлцэхэд тухайн салбар яамны нөхдүүд, ажлын хэсгийнхэн гишүүдийн асуултад хариулж, тайлбар хийдэг. Ихэвчлэн яамны хээнцэр залуу дарга нар байгаа харагддаг. Харамсалтай нь тэдний ихэнх нь гишүүдийн асуултад маш ойлгомжгүй, тоомжиргүй, биеийнхээ хэлэмжээр ихээхэн дургүйцсэн маягтай хариулт өгч байгаа нь ажиглагдах юм. Монгол Улсын иргэний амьдрал, хувь заяатай холбоотой зүйлд ингэж хүйтэн хөндий ханддаг нь ямар учиртай юм бэ. Мөн тухайн асуудлын үнэн учрыг нь олох гэсэн, энэ ер нь юу болчихов гэдгийг мэдэх гээд хүлээж суугаа иргэдийг төөрөгдүүлж мунхруулан, уг хуулийг бүр хоёр утгатай болгон “самардаг” нь хэнд ашигтай юм бол.

Сүүлийн ганцхан жишээ дурдъя. Эдийн засгийн байнгын хороо төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаас хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж яамдын дэргэд байдаг спорт холбоод, дуу, бүжгийн чуулгууд татан буугдах уу гэж асуусан. Өнөө хурган дарга нарын жишгээр Ж.Ганбат маш ойлгомжгүй хариуллаа. Энхбаяр гишүүн дахиад асуулаа, бас л ойлгомжгүй төсөв энээ тэрээ гэсэн хариулт өглөө. Тэгтэл гишүүн гурав дахиа асуухдаа “Бид бол хууль ярьж байна. Хууль чинь гарангуутаа хэрэгжинэ. Хууль салаа утгагүй ойлгогдох ёстой. Та ярианаасаа буцаж байна. Энд олон хүний амьдрал, цалин хөлстэй холбоотой асуудал яригдаж байна” гэж учирлаад спорт холбоод болон дуу бүжгийн чуулгыг нэг бүрчлэн нэр цохож асуусан юм.

Тэгэнгүүт “Энэ нэг нойтон хамуу шиг юманд үнэнийг нь хэлэхгүй бол болохгүй нь” гэсэн шиг спорт хороодын тамирчид, Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд Биеийн тамир спортын улсын хороонд, чуулгынхан Соёлын яаманд харьяалагдана гэдгийг хэллээ. Үүнийгээ мэдэж байсан юм бол эхлээд шууд ойлгомжтойгоор ингээд хариулчихаж болохгүй байсан юм байх даа. Ард түмнийг басамжилж байгаа мэт иймэрхүү нөхдийг нийтээрээ сайн шүүмжлэх хэрэгтэй байна. Яамдын хурган дарга нар, хуулийн ажлын хэсгийнхнийг ажилдаа хариуцлагатай хандахыг байнга сануулж байх хэрэгтэй.