Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монголд казино хэрэггүй шүү DNN.mn

Казиногийн хууль энээ тэрээ гээд яриад эхлэх боллоо. Монгол нутгийн хөрсөнд огт таарахгүй эд нь тэр казино чинь шүү. Нэг хэсэг зөвшөөрөлтэй газрууд нээгдэж, мэр сэр тоглож их олон айлын амьдралыг нурааж байснаа мартсан уу.

Монгол эрчүүд мөрийтэй тоглоомонд хотлоороо дуртай, хожигдоод ирхээрээ хамгаа гөвж байж зогсдог муу зуршилтай тул тээр жилийн тэр зэвүүн цагт олон ч залуучууд орон сууцаа хүртэл алдаж байсныг мартамгүй. За тэгээд хол газар зөвхөн гадны хүмүүст зориулсан, монголчууд ордоггүй тийм тоглоомын газар нээнэ ч гэх шиг үлгэр яригдаад байх юм.

Хууль тогтоох наад танхимд чинь хүртэл хүний нутагт очоод өчнөөн саяар нь алдчихдаг хүнд гарууд сууж байгаа, тэд болон тэднийг даган баясагчид нээгдэж магадгүй казиногийн чинь вип зааланд сууж л таараа.

Мөрийтэй тоглоом жуулчид татдаг гээд бураад байгаа хүмүүст Турк, Тайланд гээд жилдээ өчнөөн сая жуулчин авчирдаг улсууд казиногүй болоод байдгийг сонордуулчихья. Тэрбум хүн амтай Хятад улс мөрийтэй тоглоомыг хориглодог, арлын Макао явж тоглосон хүмүүсээ бүртгэж хатуу хяналтанд авдаг нь угтаа муу зуршлыг дэлгэрүүлэхгүй гэсэн бодлого мөн. Мэргэн түшмэлүүд суурьтайхан бодож, нухацтай хандаарай даа.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэрийн тэжээмэл амьтанд ч эрх гэж байх ёстой бус уу DNN.mn

Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр нэг муурын зулзагыг аймшигтайгаар тамлаад дараа нь өндөр дээрээс шидчихсэн тухай жижигхэн бичвэр бас хэрэндээ л шуугиан боллоо. Харин амьтанд хайртай залуусын нэгдэл болох “Азтай савар” бүлгэмийнхэн тэр зулзагыг олж авч эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Харин энд ийм үйлдэл хийсэн хүүхдүүдийн хүмүүжлийн асуудлаас эхлээд өөр олон зүйл яригдах байх. Нэн тэргүүнд эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгч байгаа хүмүүжлийн тухай яригдах болов уу.

Энд тэнд муур нохойгоо салхилуулж яваа хүмүүсийг айхтар үзэн яддаг болжээ. Хүүхэд л болсон хойно амьтантай тоглох хүсэлтэй байхад “Наад муугаа өшиглө, цохь, зодоод хөөгөөд явуул” гэх эцэг эхчүүдтэй олон таарсан. Яг тийм хүмүүс л хүүхдүүдээ амьтан хайрлах сэтгэлгүй, өөдгүй яргачин болгож хүмүүжүүлж байна. Тийм хүмүүс л амьтныг байж болшгүй араатан мэтээр ярьсаар хүүхдийнхээ ухамсарт амьтныг яаж ч болно гэх ойлголтыг суулгаад байх шиг. Мөн чанартаа хүн ч гэсэн амьтан. Бусад амьтдаас ялгаатай нь ухамсартай. Үнэндээ гэрийн тэжээмэл амьтан бол тухайн гэр бүлийн нэг гишүүн нь болсон байдаг. Бид хүний эрхийн тухай байнга ярьдаг ч амьтны эрх гэж бас нэг зүйл байгааг ямагт орхигдуулдаг. Өөрсдийгөө хачин сайхан, хорвоод байхгүй энэрэх хайрлах сэтгэлтэй гэж уянгалдаг хэрнээ бодит байдал дээр нэг иймэрхүү.

Өнөөдөр амьтан тарчлаагаад, юу ч болсон шинжгүй тэр өндрөөс шидээд “таашаал” авч байгаа хүүхэд ирээдүйд яг ямар хүн болж төлөвших нь бас л бодох асуудлын нэг гарцаагүй мөн. Хүүхдийн хүмүүжил гэдэг зөвхөн хичээл сурлагадаа сайн байхаас гадна өөр олон зүйлээр хэмжигддэг гэдгийг мартаж болохгүй ээ. Монгол Улсын амьтны тухай хуулинд “мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж л заажээ.

Гэрийн тэжээмэл амьтанд ч бас эрх гэж байх ёстой. Уг нь бид өмнөх зуунуудаас хавьгүй илүү энэрэнгүй, хүнлэг нийгэмд амьдарч байгаа бус уу. Гэрийн тэмжээмэл амьтны эрхийг хамгаалах хууль гэж гаргасан ч яах вэ гэх бодол төрж байгааг нуух юун.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn

Морины уралдаан болоход л бандгар, бандгар жийпнүүд хэдэн арваараа дагадаг жишиг манайд тогтоод удаж байна. Хэдхэн морины давхил болох төдийд л хар теньтэй жийпнүүд дагаж давхиад эрүүл хөрсийг сүйтгэж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлддэг болж. Ийм гажиг жил бүрийн өдийд орон нутагт хурцадмал хэлбэрээр илрэх юм. Хамгийн ноцтой нь морь, машин холилдож давхиад улаан тоос татаад ирэхэд унаач хүүхдийн эрүүл мэнд үндсэндээ хутганы ирэн дээр ирж байна л даа. Тэнд ч унаач хүүхэд мориноос унаж бэртлээ, энд ч унаж нас барлаа гэх мэдээ зогсолтгүй хөврөх болж. Дийлэнх нь л хөдөө орон нутагт овоо тахилгын наадмын үеэр тохиосон байх. Мөрөөр нь холбогдоод сурахад морины уралдааныг машин дагаснаас л боллоо гэж нулимс унагаж байх юм. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын анхаарлын төвд орж морины уралдааныг хориглох талаар ч шат шатны байгууллагууд хэлэлцээд эхэлж.

Хүүхдийн эрхийг хамгаалагч гэх хэн бүхэн л монгол наадам, тэр дундаа морины уралдаантай дайсагнах болж. Үндсэндээ хориглоход тун ойрхон байна. Одоо морь дагаж давхилддаг бандгар жийптэй нөхдүүдийн хүний мөсгүй, хар амиа хичээсэн үйлдлийг хуулиар хатуу хориглох цаг ирээд байна. Эс бөгөөс монгол наадмын чимэг морины уралдаан хоригдох нь. Мод хулгайлахдаа ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгодог шиг морины уралдаан дагаж хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан том жийпнүүдийг журамлаж улсын орлого болгох талаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд суулгаж өгье. Хөлс хөдөлмөрөө зарцуулж авсан төмөр хүлгээ морины уралдаан дагах төдийд ашиглаж хураалгах хүн бараг байхгүй болов уу. Үүнийг л хуульчлаад өгчихвөл хүүхдүүд эрүүл саруул наадах гээд байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өдөрт хамгийн багадаа 1000 алхам алхахыг зөвлөе DNN.mn

Хөдөлгөөний дутагдал нь дэлхий дахины өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвдүгээрт бичигдээд эхэллээ. Нэлээд нарийвчилбал дэлхийн хүн амын нийт нас баралтын зургаа, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрын гол шалтгааны 20-25, чихрийн шижингийн 30, зүрх судасны өвчлөлийн 30 хувь нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй ажээ.

Түүнчлэн артерийн даралт ихсэх, ясны сийрэгжилт, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болж буй юм. Иймд тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд ажлын байрны онцлогоос шалтгаалсан хөдөлгөөний дутагдлын шинжүүд иргэдийн дунд ихээр илрэх болсон байна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний биед эерэг нөлөө үзүүлж зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг аж.

Нөгөө талаас идэвхтэй хөдөлгөөн нь тризлицерид, холестерины хэмжээг бууруулдаг байна. Түүнчлэн сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл гутралд өртөх эрсдэл багасдаг. Угтаа хөдөлгөөн бага хийнэ гэдэг бол цусны эргэлт багасна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, цусны эргэлт багассанаар таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулж амраадаг гормон биеэр тань бага гүйнэ гэсэн үг юм.

Тиймээс өдөрт багадаа ядаж 1000 алхам алхах, долоо хоногт нэг удаа заал авах, фитнесс, йогоор хичээллэх, бүжгийн клубт явах зэргээр идэвхитэй хөдөлгөөнт амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлцгээе.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тийм ээ, би “зөнөг” өвгөдийн найз DNN.mn

Саяхны нэг өдөр охиндоо айхтар загнуулдаг байна шүү. “Танд ер нь залуу найз гэж байна уу. Дандаа зөнөсөн өвгөдтэй найзлах юм. Тэгээд тэдэнтэйгээ үй зайгүй утсаар ярина, ямар ядаргаатай юм бэ” гэлээ. Тэр даруй бодсон чинь Удвалын (охиныхоо) хажууд би Хэнмэдэх гуай, Өлзийбат ах, Цахилгаан гуай, Чоёгийн Даваадаш гуай, Дорж агрономич, Далхжав гуай, Цэдэв багш гээд дандаа ная хол гарсан “зөнөг” өвгөдтэй ярьдгаа мэдлээ. Сүүлийн хоёр жил бүр ч их ярьсан байх юм. Өвчин зовлонтой үед санаан зоргоор уулзаж чадахгүй учир утсаар л ярьж санаа оноогоо солилцоно.

Ингэхэд миний “зөнөг” найз нар хэн бэ гэвэл Цагааны Хэнмэдэх гуай тэртээ жараад оны эхээр Плехановын Улс ардын АА-н сургуулийг бараа судлаач мэргэжлээр төгссөн, Төв бараа бааз “вант улс”-ын түүх болсон хүн. Цай, тамхи, “араажив”-ын зайнаас аваад бүх барааг гадны аль ч орноос авчирч байсан тэрээр Эрээнд бараа гацсан сургаар даралт нь ихсэн, энэ улс орон чинь яачихсан юм гэж гутарч сууна. Өлзийбат ах хангамжийн газрын дарга даамал байсан сэхээтэн. Ах Тогтохбаяр нь Улсын ургацын комиссын гишүүн, Ачаа тээврийн газрын дарга байсан. Өлзий ахтай Мянгадын Алтанхөхийг зорих замд Ховдын хуучны сэхээтэн, урлаг соёлынхныг толгой дараалан ярьж явлаа. Тэгж л юмыг мэддэг хүн.

Элчин сайд Цахилгаан гуайг бүгд мэднэ, сүүлд би Гааяа(гэргий нь)-гийн дуртгалын номыг уншиж Ёндон гуайгаас аваад домогт дипломатуудтай “уулзаж” жаргасан.

Даваадаш ах нэрт дипломатч, орчуулагч, философийн шинжлэх ухааны доктор. Гегелийн “Логикийн шинжлэх ухаан”-ыг орчуулсан аварга. Эдүгээ 90 гарч яваа Авирмэдийн Далхжав гуай бол Дашзэвэгийн Сэнгээг шүлгээ уншихыг дэргэдээс нь харж Ринчен гуайтай уулзсан нэгэн. Ийм л өвгөдийн туулсан замналыг бахаддаг. Тэдэнтэй ярихад үнэндээ нүдний манан арилж, чихний бөглөөс онгойдог. Тэд бол улс орон мөнх оршихын дархлааг бий болгосон эрхмүүд. Тийм ээ, би ийм л “зөнөг” өвгөдийн найз.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хайрлагдсан хүүхэд хамгийн зөв төлөвшилтэй, сайхан сэтгэлтэн болдог юм шүү DNN.mn

Хүүхдийн зуугийн гудамжинд шөнийн 03:00 цагт залуухан бүсгүй уйлан сууна. Царай зүс, өмсөж зүүсэн хувцаснаас нь боломжийн амьдралтай гэж шууд уншигдав. Ноолууран хүрэмнийх нь зүүн талын хормой хөндлөн чигтээ хүү татагджээ. Халдлагад өртсөн байх вий хэмээн эмээж түүн рүү дөхөн эвээр асуулаа. Урдаас цөхөрсөн харцаар цоо ширтэн том, том нулимс унагаснаа “Утсаараа ганц яриулчих тэгэх үү. Би зөрж өнгөрсөн хүмүүсээс гуйсан боловч бүгд татгалзах юм” хэмээн эхэр татав. Гар утасныхаа түгжээг тайлаад бүсгүйд өгтөл хэн нэгэн рүү залгаад “Би байна аа. Намайг эндээс ирээд аваач. Тэр миний хэтэвч, утас, машины болон гэрийн түлхүүрийг аваад намайг ийм болгочихоод орхиод явчихлаа” гэв. Хэн түүнийг ийм болгов, цагдаа дуудаж, эмнэлэгт хандах уу гэж асуутал “Хэрэггүй ээ, баярлалаа. Манай найз залуу намайг харанхуй шөнө хаяад явчихлаа. Манай гэр Нэгдүгээр сургуулийн хажууханд байдаг. Бид уг нь маргалдаж шалиагүй юм. Намайг гэр рүүгээ дагуулж явах гэхээр нь би татгалзсан. Гэтэл намайг ингэж хорлох юм” гээд гомдонгуй ярив. Хориод минутын дараа найз бүсгүй нь сандарсаар ирлээ. Тэд тэврэлдэн уйлалдав. Бүсгүйчүүд дөнгөж 20 хүрч байгаа оюутан юм билээ.

Харанхуй шөнө, эль хуль гудамжинд сэтгэлт бүсгүйгээ юу ч үгүй хаяад явдаг тэр залуу ямар харгис юм бэ. Түүнийг ийм болгон өсгөж, хүмүүжүүлсэн ээж, аав нь хамгийн их буруутай юу гэсэн бодол байн байн орж ирнэ. Хэрэв миний хүү айлын охиныг ингэж уйлуулаад зовоовол яах вэ. Хэрэв миний охин хэн нэгэнд дарамтлуулаад ингээд уйлаад сууж байвал яах вэ гэх бодлууд сэтгэлийг минь өвтгөнө. Судалгаанаас харахад манай нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн тоо буурсан сайн мэдээтэй ч хохирогчдын жендерийн хувьд хэвээр байдаг нь том асуудал юм.

Ирээдүйн иргэд маань инээд жаргалаар дүүрэн, элэг бүтэн амьдрах тэр сайхан замыг зөвхөн эцэг, эхчүүд л бид тавьдаг. Үгээрээ, үйлдлээрээ зөв үлгэрлэж, үр хүүхдээ хайр, халамжинд бөмбөрүүлж өсгөхийг эрхэмлэцгээе. Хайрлагдсан хүүхэд хамгийн зөв төлөвшилтэй, сайхан сэтгэлтэн болдог юм шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас… DNN.mn

Оюунлаг нийгэмд аливаа байгууллагуудын ажил өглөө сонин эргүүлэхээс эхэлдэг. Албан хаагчид нь ажилдаа орж ирэнгүүтээ кофе оочлонгоо шинэ сониноо гарчигладаг. Үүдний хүлээлгийн хэсэгтээ хэвлэлийн булантай, даргынх нь өрөөний үүдэнд, нарийн бичгийн даргынх нь хажууд эвхээтэй сонингууд, дарга нарынх нь ширээн дээр дэлгээтэй сонинтой албан газрууд бол ямар ч түншид найдвартай сэтгэгдэл төрүүлдэг олон улсын хэл бий шүү.

Өглөө, үдшийн гэж хоногт хоёр удаа сониноо олон саяар хэвлэж уншдаг япончууд бол сониноос л баттай мэдээллээ авдаг гэж итгэдэг уншигч ард түмэн.

Жишээ нь, та Японы түншээ байгууллага дээрээ хүлээн авч ажил хэрэг ярихаар болсон бол нүдэнд нь харагдах газарт сонин хэвлэл тавиарай даа.

Барууны өндөр соёлт орнуудын бизнесмэн, томоохон харилцагчид чинь ч бас сонин уншиж өглөөг эхлүүлдэг хүмүүс. Гэрээ хэлцэл, ажил хэрэг ярих гэж байгаа бол, албан тасалгаандаа нэр хүндтэй эрхмийг урьсан бол эрхэм дарга, удирдлага таны ширээн дээр өдөр тутмын сонин байгууштай. “За даа, энэ хүн цаг үеийн мэдээллээ сониноос хардаг, сонин, цаас шагайдаг, юм уншдаг байрын сэхээтэн хүн бололтой” гэдэг сэтгэгдэл төрүүлж, оноо авч ч болох юм шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ганц хормын уураа тэвчье DNN.mn

Хийж бүтээх насан дээрээ залуус гэмт хэрэг үйлдэж, эрх чөлөөгөө хасуулдаг жишээ бий. Тэр тусмаа залуус хүн амины хэрэг үйлдэж, олон жилийн хорих ялаар шийтгүүлж буй байдал жил ирэх тусам өсч байгаа нь дэндүү харамсалтай. Тэдний ноцтой хэрэг үйлдсэн шалтгаан нь ердөө л хэдхэн минутын дүрэлзсэн уур, омог, хийж байгаа үйлдлээ хянаж чадаагүйгээс үүджээ.

Залуус найз нөхөдтэйгөө нийлж архи, согтууруулах ундаа хэрэглэн, баар цэнгээний газар ордог. Ингэхдээ хэн нэгэнтэй ялихгүй зүйлээс болж маргалдаж хоорондоо гар зөрүүлдэг. Ямар ч зодоон ердөө 3-5 минутын хооронд л болж өнгөрдгийг мэргэжлийнхэн тогтоожээ. Гуравхан минутын уур хилэнгээ барьж дийлээгүйгээс хүн амины хэрэгтэн болж, амьдралдаа хэзээ ч арилшгүй хар толботой болж үлдэх нь их. Гэмт хэрэгтэн болж эрх чөлөөгөө хасуулсан залуусын олонх нь “Талийгаач намайг янз бүрээр хэлж, доромжилсон. Үүнээс болоод гэнэт уур хүрч, зодолдож эхэлсэн. Маш богинохон хугацаанд бүх зүйл болоод өнгөрсөн” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.

Саяхан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хүний амь насыг хөнөөсөн мянга орчим гэмт хэрэгтнээс судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсан хоригдлуудын 90 гаруй хувь нь хэдхэн минутын уур хилэнгээ тэсвэрлэж чадаагүйгээс болж хүний амь нас хөнөөсөн талаараа ярьсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд цэргийн баяр тэмдэглэж явсан найзууд хоорондоо зодолдож нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан. Гэмт этгээд уураа барьж дийлээгүйгээс болоод талийгаачийг ширээний тавцангаар цохиж аминд нь хүрсэн байна. Энэ мэт хоромхон зуурын уураасаа болж олон мянган залуус гэмт хэрэгтэн болсоор.

Тиймээс ялангуяа залуус найз нөхдөө харж онгирч, хэт дэрвэх, мөн хэдхэн минутын дүрэлзсэн уур омгоо дараад сурчихвал өөрийнхөө эрх чөлөөг болоод бусдын аз жаргалыг ч бүрэн хамгаалж, хадгалж үлдэх юм шүү

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Өөрийнхөөрөө дур тавь” DNN.mn

Худалдаанд гарсан даруйдаа олон улсад шуугиан тарьж New York Times-ийн бестселлер бүтээл болсон эмэгтэйчүүдийн бэлгийн боловсролын “Come as you are” ном монгол хэлнээ “Өөрийнхөөрөө дур тавь” нэрээр орчуулагдан гарчээ. Уг бүтээл нь шинжлэх ухааны судалгаанд суурилан маш энгийн хэлбэрээр бичигдсэн тул олон, олон уншигчдын таашаалд нийцэж “Заавал уншвал зохих бэлгийн боловсролын 10 бүтээл”-ийн нэгд ордог аж. Номын гол утга санаа нь “Би хэвийн хүн мөн үү” гэсэн асуултын хариуг өгдгөөрөө онцлог юм. Мөн амьдралд тохиолддог бодит түүхүүд дээр жишээ авч тайлбарлан бичсэн тул уншигчдад таалагдах шалтгаан болсон байна.

Номын зохиогч доктор Эмили Нагоскиг хаана ч явсан эмэгтэйчүүд сексийн талаар асууж, хоолны танхимд дугаарлан зогсож байхдаа хүртэл хэн нэгний бэлэг эрхтний тухай ярилцахад хүрдэг талаар нь ч дурдагдсан бөгөөд түүнийг ТЕД-Х илтгэлээс эхлээд олон сургууль, албан байгууллагын хамт олон урьж илтгэл сонсохыг хүсч байдаг гэнэ.

“Нийгэм, олон нийтээс олж мэдсэн бидний мэдлэг, мэдээллүүд хэр үнэн зөв бэ. Өмнө нь үнэн гэж боддог байсан зүйлүүд уг номыг уншсанаар тэс ондоо байсныг та олж мэдэх болно” гэх номноос “Хэлүү гэж юу вэ” гэсэн асуултаас “Хэрхэн дур тавих вэ” хүртэл номын утга агуулга хөвөрнө.

“Хэлүүтэйгээ танилцах нь өөртэйгөө танилцах явдал юм” гэсэн санаагаар ном эхэлнэ. “Яг одоо толь аваад хэлүүтэйгээ танилц” гэж эмэгтэйчүүдийг уриалсан хэсэг ч гарна. Учир нь олон нийтэд зориулсан зураг, дүрс бичлэгэнд буй эмэгтэй хүний засч янзалсан, хэт цэвэрхэн бэлэг эрхтнийг харуулдгаас болж өөрийнхөө эрхтнийг голж, үүнээс үүдэлтэй зарим нэгний бизнесийн золиосонд эрүүл мэндээрээ хохирох явдал ч тохиодог байна. Үүнтэй холбоотойгоор бэлгийн уруул янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг ч бүгд хэвийн, эрүүл байгаагаараа үзэсгэлэнтэй гэсэн санааг уг номын агуулга илэрхийлдэг. Цаашлаад бэлгийн харилцаанд ороход эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаа болон орчин нөхцөл, сэтгэл санаа нь таашаалд хэрхэн нөлөөлдөг тухай ч маш сонирхолтойгоор тайлбарласан байна.

“Ойр ойрхон сайхан секс хийе гэвэл стрессээ багасгах хэрэгтэй” гэдэг үг танд хэдийнэ шинэ мэдээ байхаа больсон гэж найдаж байна. Ихэнх эмэгтэйчүүдийн сексийн сонирхол стресс, сэтгэл гутрал, түгшүүр зовнилоос болж буурдаг нь хөдөлшгүй баримт билээ. Эдгээр хүчин зүйлс сэрэл хөдлөх, дур тавихад ч мөн саад болдог гэнэ. Харин архаг стресс нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, төрөлт буурах, хөхний сүү багасах шалтгаан болж, үр зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс сексээс таашаал авч, харилцааг илүү тааламжтай болгохын тулд стрессээ удирдаж сурах хэрэгтэй аж. Номон дээр гарсан нэгэн жишээг дурдахад, Оливиа гэх бүсгүй стресстэй үедээ секс хийх дур хүсэл нь нэмэгддэг бол түүний найз залуу Пэтрик хямарсан үедээ ямар ч дур хүсэлгүй болдог. Улирлын эцсийн шалгалт болоход тэд хоёул стресстдэг бөгөөд тэдний дунд ихээхэн зөрчил үүсдэг. Үүнийг хэрхэн даван туулсан тухай ч маш сонирхолтой байдлаар уг ном дээр бичсэн байдаг. Нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь огт дур тавьж үзээгүй бөгөөд яагаад ийм байдгийн учир шалтгааны тухай ч өгүүлнэ. Хүн бүрийн бэлгийн зан төлөв өөр бөгөөд түүнийгээ мэдсэнээр хэрхэн таашаал авч, амьдралаа өөрчлөхөд тань уг ном туслах нь.

Б.ЦЭНГЭЛЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Энэ цагийнхан биднээс хавьгүй ухаантай DNN.mn

“Чиний насан дээр би тэгдэг, ингэдэг байлаа” гэж хүүхдээ сургаж буй хүмүүсийг огт ойлгодоггүй юм аа. Цаг нь өөр, хэрэгцээ хэрэглээ нь өөр болчихсон нийгэмд амьдарч буй балчируудыг өөрийнхөө тарчиг үетэй харьцуулах буруу юм.

Найман настай Ирмүүн хүү сургуулиасаа ирээд хэсэг хугацаа өнгөрсний дараа аавдаа “Би утсаа сургууль дээрээ орхичхож” гэж хэлээд гүйгээд гарсан байгаа юм. Уг нь тэр орж ирэнгүүтээ гэрийнхээ ширээн дээр гар утсаа тавьснаа анзаарсангүй. Хүүхдийн л зан. Аав хүүгээ жаахан хашраая гэж бодоод буцаад ирэхэд нь хөмсөг зангидаад хаалга тайллаа. Хүү босгон дээрээсээ бахираад л “Аав аа, миний утас алга байна” гэхэд аав нь одоо яана аа гээд л сонжсон харцаар харав. Хүү үргэлжлүүлээд “Аав аа намайг уучлаарай, би яах вэ, одоо та яана аа, надтай утсаар ярьж чадахгүй боллоо шдээ” гэдэг юм даа. Хүү сургуулиасаа ирэх замдаа “За чанга уйлах хэрэгтэй, аавыг хохирч буйг нь ойлгуулах хэрэгтэй, тэгвэл шинэ утас авч өгнө” гэсэн тооцоо бодоод орж ирсэн байгаа биз.

Бид ийм насан дээрээ тэгж тооцоолох ухаан байсан уу гэвэл үгүй л гэж хариулна. Хэсэг нууж яваад гөвүүлээд л дуусах байсан. Шинэ цагийн хүүхдүүд эцэг, эхийн сургаалаас гадна үзэж харж буй зүйлээсээ илүү их мэдээлэл авч харьцуулж, боловсорч, тархиа цэнэглэж чаддаг болсныг анзаарах хэрэгтэй. Тэд бидний бага үеэс илүү ухаалаг болсон гэдгийг яах аргагүй хүлээн зөвшөөрнө.

Д.Бат-Эрдэнэ