Улсын даян аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Аварга Зайсангийн эцэст байрлах “Сүлд” спорт хорооны зааланд хэсэг бөхчүүдийн хамт хүчний бэлтгэлээ базааж байхад нь очиж ярилцсан юм. Сая “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдааны хоёрын даваанд улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулсан аймгийн арслан Б.Өсөхбаяр болон аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн харцага Н.Ширчинхүү, сумын заан Б.Цагаанбанди нарын хэдэн залуус аваргатай хамт бэлтгэл хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурандаа Н.Батсуурь “Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж байгаа юм.
-Эхлээд танаас “Сүлд” спорт хорооны үйл ажиллагааны талаар тодруулмаар байна. Хэдэн тамирчид сул цалин аваад сууж байдаг гэх ойлголт нийгэмд байна л даа. Энэ спорт хороо ямар ач холбогдолтой юм бэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороо 2007 оноос үйл ажиллагаа явуулж байна. Дунд нэг удаа татан буугдсан ч үйл ажиллагаа нь эргэж сэргэсэн юм билээ. Бусад спорт хороодыг бодоход сүүлд байгуулагдсан. Цомхон бүрэлдэхүүнтэй ажилладаг. Миний тухайд 2019 оноос хойш “Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж байна.
ажиллагаа ШШГЕГ-ын 3200 орчим ажилтныг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг аж төрөхөд чиглэдэг. ШШГЕГ-ын алба хаагчид хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг. Энэ хүмүүс спортоор хичээллэж эрүүл чийрэг байх хэрэгтэй.Энэ чиг үүргийнхээ хүрээнд алба хаагчдын дунд сар бүр спортын тэмцээн зохион байгуулдаг. Салбар хооронд уур амьсгал бүрдүүлэх зэргээс авахуулаад спортын тэмцээн олон ач холбогдолтой. Хамгийн гол нь хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг алба хаагчид эрүүл чийрэг аж төрөхөд л энэ спорт хорооны үйл ажиллагаа чиглэдэг.
-“Сүлд” спорт хороонд мэргэжлийн тамирчид данстай байдаг шүү дээ. Тэд бэлтгэлээ энд базаадаг юм уу?
-Энд хийдэг тамирчид ч бий. Манайх жүдо бөхийн бүтэн багтай. Сая дэлхийн аварга болдог гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Сүлд” спорт хорооных. Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, О.Ууганбаатар, ОУХМ Г.Хэрлэн, аймгийн арслан Э.Мөнхжаргал гээд шигшээ данстай тамирчид манайд харьяалалтай. Л.Энхрийлэн, Б.Баасанхүү нар ч улсын шигшээ багт бэлтгэл сургуулилтаа базаадаг. Алба хаагчид маань дэлхийд данстай эдгээр тамирчдаа дэмжиж амжилт ялалтад нь баярлаж суудаг. Дан ганц жүдо ч биш, спортын олон төрлийн тамирчид “Сүлд”-ийн харьяаллаас бэлтгэл сургуулилтаа базааж, тив дэлхийн хэмжээнд амжилт үзүүлээд явж байна. Хөдөлмөрийн баатар П.Содномпилжээ ч энд бэлтгэлээ базааж байгаад л олимпийн аварга болсон.
-Өнгөрсөн жил Сар шинийн барилдаанд Э.Мөнхжаргал аймгийн заан цолтой барилдаж түрүүллээ. Бага цолтой бөх том барилдаанд цойлж түрүүлсэн нь түүхийн шинэ хуудас нээсэн. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байв?
-ШШГЕГ-ын үе үеийн удирдлагууд спорт хороонд бага цолтой бөхчүүд харьяалагдаж байна гэх шүүмжлэл хэлдэг байсан юм. Өнгөрсөн жил Э.Мөнхжаргал ийм ойлголтыг эвдсэн. Бага цолтой бөх том барилдаанд өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулсан. Өнгөрсөн зун наадмаар Булган аймгийн заан Б.Түвшинтөгс тав давж улсын начин цол хүртсэн. Энэ залуу мөн л “Сүлд” спорт хорооных. Тэгш ойн жилийн наадмаар Б.Серик маань сайн барилдаж улсын заан цол хүртсэн. Манай спорт хорооны дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат ажилладаг. Улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү, өсөх идэр начин Ч.Батчулуун нарын улсын цолтнууд залуу бөхчүүдийн хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг.
-Одоо хоёулаа өнгөрсөн жилийн наадмын талаар хөөрөлдье л дөө. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмаас танд ямар сэтгэгдэл үлдэв?
-Улсын баяр наадам монголчуудын дархлаа гэдгийг өнгөрсөн зун илүү сайн ойлголоо. Бид улсын их баяр наадмаа үзэж дархлаагаа тогтоодог улс юм байна. Сүүлийн хоёр ч жилийн хугацаанд сар шинийн барилдаан тодорхой шалтгааны улмаас завсарлаад байлаа. Улсын наадмаа ч тэмдэглэж чадалгүй нэг жил өнжсөн. Энэ утгаараа ч юм уу нийгэм бухимдалтай байв. Үндэсний их баяр наадмаа үзэж л сэтгэл зүйн дархлаагаа тогтоолоо гэж харсан. Олон бөх улсын цолны босго алхлаа. Шинэ аварга төрлөө. Их сайхан сэтгэгдэл үлдсэн шүү. Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 10 жилд нэг удаа 1024 бөх барилдахаар болж байна. Одоо 2031 онд Ардын хувьсгалын 110 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ бүхнээс үзэхэд онцлог үйл явдлууд давхацсан наадам боллоо гэж харж байна.
-Та дархан аварга цолны даваанд Б.Орхонбаярыг амлаж барилдаад өвдөг шороодсон. Залуу арслангаас ямар хий зай харж амлав. Ер нь ямар барилдаан төлөвлөж гарсан бэ?
-Тухайн үеийн л мэдрэмж юм даа. Шуудганд хүрэхэд л Б.Орхонбаярыг давна гэж тооцоолсон хэрэг. Нөгөө талд П.Бүрэнтөгс, О.Хангай нарын барилдаан удаж хэн хэнийгээ цуцаах болов уу гэж тооцоолж байлаа. Түрүү үзүүрийн барилдаанаа бас хараад байна шүү дээ (инээв). Барилдаан санаснаар болох биш дээ. Эгзэгтэй үед бага зэрэг алдаа гаргаад өвдөг шороодсон. Тэр барилдаанд нэг их харамсаагүй ээ. Сайхан үзээд л унасан.
-Та барилдааны явцад арслангийн алсын сүвээнээс дүүрэн атгаж авсан шүү дээ. Тэр том барьцыг “чулуу” болгож чадсангүй юу. Дараад унахад л дархан аварга болох байлаа.
-Барилдаан ч ерөнхийдөө миний төлөвлөснөөр л явсан. Барилдааны явцад алсын сүвээний барьц атгаад “Одоо алдаж болохгүй, заавал дарж унана шүү” гэх бодол толгойд зурвас орж ирсэн юм. Яг энэ хоромд л Орхонбаярын хөмрөө ороод ирсэн. Шийдсэн мэх нь даацтай болж би унасан. Хэрэв доогуур даваанд тийм барьц байрлал надад олдсон бол дайраад л хаяж болох байх. Тухайн үеийн хэдхэн хоромд яагаад ч юм тийм бодол ороод ирсэн.
-Б.Орхонбаяр таны аманд очихдоо суларсан байв уу. Өмнөх даваанд Б.Бат-Өлзий заантай цаг гаруй ноцолдсон шүү дээ. Маш хүнд барилдаан хийсэн.
-Наадамд өндөр даваанд гарч барилдах зорилготой бөх 4-5 хүнд барилдааны ачаалал даах хэмжээнд бэлтгэлээ базаадаг. Орхонбаярын тухайд залуу хүн амархан сэргэсэн байна лээ. Бэлтгэл нь ч тун сайн байсан. Гэхдээ барилдааны эхэнд гар нь бага зэрэг суларсан нь анзаарагдаж байсан.
-Та ер нь тэсрэлттэй залуу бөхийн оронд П.Бүрэнтөгс аваргыг амлаад барилдчихаж болоогүй юм уу. Та хоёрын давсан нь л цол ахих байсан шүү дээ.
-Яах вэ. П.Бүрэнтөгсийг амлаад барилдаж болно. Би давбал дархан аварга, Бүрэнтөгс давбал даян аварга болно. Тухайн үед миний гаргасан шийдвэр л Б.Орхонбаяр. Болоод өнгөрсөн асуудал.
–Таны тухайд 1980-аад оны дунд үеийн төлөөлөл. Өнөөдөр бөхийн дэвжээнд 1998 оны бар жилтнүүд ширүүн өрсөлдөж байна. Шинэ мянганы төлөөлөл бөхчүүд ч гялалзаад эхэллээ. Ийм ширүүн өрсөлдөөнөөс та дархан аварга болох боломжоо яаж харж байна вэ?
-Дархан аварга цолтой бөх 100 жилийн хугацаанд найм ес л төрдөг. 11 жилд нэг дархан аварга төрдөг үзүүлэлт бий. А.Сүхбат, Г.Өсөхаяр нарын аваргуудаас хойш дархан аварга цолтон төрөөгүй байгаа. Тэр хоёр хүний араас залгачих юмсан гэх бодол байсан ч болсонгүй. Миний дотор цолоо ахиулах бодол байсан ч дархан аваргын төлөө тэгж их шунаж улайраад байгаа юм алга. Мэдээж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийнэ. Тэгээд хаа хүрэх нь үү. Дархан аварга болбол болно,болохгүй бол болохгүй. Бөхийн дэвжээг орхиход сүүлд харамсаад байхгүйн тулд л ингээд явж байна.
-Залууст тахимаа өгөх ч арай болоогүй биз дээ?
-Болоогүй ээ. Сая хөлбөмбөгийн дэлхийн аваргаар цом өргөсөн Месси чинь надтай яг чацуу. Надаас ах Роналду ямар гайхалтай хөлбөмбөг үзүүлж байна. Энэ хүмүүсийн тамирчны замнал дуусах яагаа ч үгүй байгаа биз дээ. Үндэсний бөх их спорт шиг хурд тэсрэлт шаардах нь гайгүй. Өдөр тутмын амьдралын зөв хэвшлийг сонгоод явахад 40 гартлаа дүү нартайгаа барилдана л гэж боддог юм. Манай үндэсний бөх чинь нас, жин, өндөр заадаггүй онцлогтой. Өрсөлдөгчөө сонгож барилдах цолтой бөхийн давуу тал надад байна. Хэдэн жил ард түмнээ баясгаад сайхан барилдана аа. Үүний тулд л өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.
-Ингэхэд та наадмын өмнө бэртэлтэй байсан гэв үү?
-“Увс нуур” галын сорилгын үеэр аймгийн харцага Х.Наранбаяртай барилдах явцдаа гуяны дотор талаа
бэртээчихсэн юм. Бэлтгэлийн үеэр бол алхахад хөндүүрлээд амар байгаагүй шүү. Гүйцэд илааршуулж амжилгүй зүү тавиулж байгаад л наадамд барилдахаар гарсан. Хүмүүсээс нуугаад ямар нэгэн боолт зүүлгүй шууд барилдсан юм. Тэсэрвэл гуяны бэртлээ хөндчих болов уу гэх айдас төрж л байлаа.
-Та доороос ямар бөхчүүдийг бэлтгэж байна вэ?
-Шүүхийн шийдвэрийн алба хаагчид долоо хоногт 2-3 удаа бэлтгэл хийдэг юм. Завсар зайгаар нь намайг гээд ирсэн хүүхдүүдэд мэдэх юмаа хэлж, зааж зөвлөөд л явж байна. Арай түрүүлж ойлгож ухаарсан зүйлээ л хэлээд явдаг юм. Чигээрээ явбал эд маань хэдэн жилийн дараа л ойлгоно. Алдаа оноогоо эрт тунгаагаад явбал өөрсдөд
залуу бөхчүүддээ харамгүй хэлж өгдөг. Энд бэлтгэл хийж буй залуусын маань хоёр нь өнгөрсөн зун аймгийн арслан боллоо. Нэг нь аймгийн заан боллоо. Аймгийн начингууд ч байна. Цаашид дажгүй барилдах байх аа.
-Баттулгын Өсөхбаяр арслан тантай цуг бэлтгэл хийж байна уу?
-Сүүлийн гурван жил надтай хамт бэлтгэл хийж байна. Бөхийн спортыг сонгож байгаа бол өөрийгөө бүрэн дайчилж л амжилтад хүрнэ. Саяны барилдааны үеэр өнгөрсөн наадмын түрүү бөхийг хоёрын даваанд давж байна лээ. Аваргыг давж л аварга болдог. Өөрт байгаа боломжоо олж харсан болов уу гэж найдаж байгаа. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа хэдэн мянган залуусын хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн л өндөр амжилт үзүүлнэ.
-Сүүлд нь асуухад та өөрийн нэрийн “БАСУ” брэндийг гаргасан байна лээ. Спортын нэр хүндийг ийм зарчмаар ашиглах нь зөв жишиг санагддаг юм.
-Жижиг дунд үйлдвэрлэл гэх юм уу даа. Бэлтгэлийн хувцас үйлдвэрлээд явж байна. Одоогоор хараахан худалдаанд гаргаж амжаагүй л байна. Жүдо бөх болон хүндийн өргөлт, таэквондогийн шигшээ багийн тамирчдын хувцсыг бэлтгэдэг. Дотооддоо чанартай биеийн тамирын хувцас үйлдвэрлэж болох жишиг тогтоохыг зорьсон. Юм бүхнийг л гаднаас авчирч байна. Ядахад тамирын хувцсаа ч болов дотооддоо чанартай хийдэг болчихвол хаа хаанаа л хэрэгтэй