Categories
мэдээ нийгэм

Бөөрний чулуутай үед удаан явахад өвдөлт мэдрэгдэнэ

Бөөрний чулуу өвчин манай оронд элбэг тохиолддог эмгэг юм. Тухайн өвчний тархалтад газар нутгийн байршил нөлөөтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидерланд, Югослав, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Өмнөд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггүй байна. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолт, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсэх шалтгаан болдог.

Чулуу нь шээсний янз бүрийн давсны кристаллуудаас тогтсон байх ба 50-иас дээш хувь нь оксалат кальцийн давс, оксалат кальцитай холимог найрлагатай байна. Зарим судлаачид бөөрний чулууг удамших чанартай гэж үздэг.

БӨӨРНИЙ ЧУЛУУ ӨВЧНИЙ ҮЕД ДАРААХЬ ШИНЖҮҮД ИЛЭРДЭГ

Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог. Зарим үед цустай шээх ба бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай.

Шээлэй буюу энгийнээр хэлбэл бөөрнөөс давсаг руу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж, бөөрний хатгаа өвдөлтийн шинж илэрнэ. Чулууны өргөн нэг см-ээс илүү, барзгар гадаргуутай бол бөөрнөөс давсаг руу орж амжихгүй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно. Бага хэмжээтэй чулуу бөөрнөөс шээлэйгээр чөлөөтэй доошилж давсаг руу орно. Чулуу шээлэй рүү орох үед эвгүй оргиж байснаа өвдөлт нэмэгдэж тэсэхийн аргагүй болно. Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.

Өвдөлтийн үед дотор муухай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөрвөөнө. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэгцээ өвчин намдаах эм өгөх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж үзүүлнэ. Харин бөөрний хатгааг мухар олгойн цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл зэрэг өвчнөөс ялгах хэрэгтэй. Хэрвээ дээрх өвчнүүдийн сэжиг бүхий шинж тэмдэг илэрч байгаа бол халуун жин тавих хориотой.

Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, дасгал хөдөлгөөн хийсний дараа өвдөлт нэмэгдэж , тайван үед намдана. Халуун жин тавих, агчил тавиулах эмэнд өвдөлт намдана. Өвдөлтийг дагалдан цусаар шээх шинж илэрнэ. Эсвэл удаан явган явах, морь унах, машин тэргэнд доргих, дасгал хийсний дараа цусаар шээх нь бий.

Бөөрний чулуу өвчний үндсэн гол эмчилгээ нь мэс засал, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *