Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилтнаас коронавирусний халдвартай нь батлагдсан учраас дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөл бүрдэх боломжгүй байгаа.
Иймээс Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн өгсөн чиг үүргийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг 3 хоногийн дотор ачиж дуусгахаар боллоо. Мөн Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээр хангахаар боллоо.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг ачиж дуусгасан бөгөөд цаашид 3 хоногийн дотор бусад бүх хороодын нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг ачиж дуусгахаар төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас хогийн асуудал дээр онцгой ач холбогдол өгч ажиллах бөгөөд ирэх 3 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийг хоггүй дүүрэг болгоно гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.