“Дэлхийн соёлын өв Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, судалгаа, хадгалалт хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Улсын төв номын санд өнөөдөр болж байна. Тус хурлыг Япон сангийн шинжлэх ухааныг дэмжих Японы нийгэмлэгийн дэмжлэгээр Монгол Улсад суугаа ЭСЯ, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Монголын Үндэсний номын сан, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2015 онд бүртгэгдсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь түүх, археологи, соёлын өв, хэл шинжлэл, угсаатны зүйн судалга болон хадгалалт хамгаалалтын менежментийн талаар Монгол, ОХУ, Япон, БНХАУ-ын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлж байгаа ажээ. Тухайлбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “Бурхан Халдун Монголын эрдэмтдийн судалгаанд” сэдэвт илтгэл тавьсан байна.
Тэрээр илтгэлдээ, Бурхан Халдун хэмээх газрын нэрийг тусгайлан судалсан нь ховор хэдий ч Монголын судлаачдын бүтээл нь ихэнхдээ үгийн гарал, утга талаас нь судалсан. Харин уг нэрийн үүсэх болсон шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал, хүн ардын оюуны орон зайн төсөөлөл, хандах хадлага талаас нь судалсан нь бага байгаа. Мөн судалгааг гүнзгийрүүлэн угсаа-хэл шинжлэл, түүх, нийгэм-соёлын хүн судлалын үүднээс шинэ онол, арга зүйн үндэслэлийг удирдлага болгон судлах шаардлагатайг харуулж байна гэсэн юм. Бурхан Халдун болон түүний түүний ойр орчмын газар усны болон түүхэн үйл явдалтай холбоотой домог нэлээд байдаг боловч эдүгээ олдсон баримтаас үзэхэд эдгээрийг тэмдэглэн олны хүртээл болгон хэвлүүлснээс бус ямар нэгэн түүх, хэл шинжлэл, угсаатны судлалын судалгаа хийгээгүй юм байна. Тиймээс аливаа түүхэн домгуудын түүхэн үндсийг түүхийн эх сурвалж баримтаар баримтжуулж, түүхэн зүйн үүднээс судлах шаардлагатайг доктор С.Чулуун онцлов.
“Байгаль соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан “Уул ус тахих соёл, зан үйл нь хүн, байгаль, сансар, огторгуйн хүйн холбоог бөхөлж, хамгаалж ирсэн монголчуудын соёлын гайхамшигт өв юм. Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлснээр хүн төрөлхтний хамтын өв болсон ариун дагшин газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалж, хамгаалж монголын төдийгүй хүн төрөлхтний хойч үед өвлөн уламжилж үлдээх үүргийг Монголын Засгийн газар, ард түмэн хүлээсэн. Тиймээс үүргийн дагуу хамгаалалтын захиргаа байгуулах, соёлын өвийг судалж бүртгэлжүүлж сан байгуулах, жуулчдын ая тухтай аялах орчин бүрдүүлэх, уулын үнэ цэнийг олон түмэнд сурталчлах шаардлагатай. Бурхан Халдун уулын ойр орчмоор иргэд хог новш тарих, олон машин явж газар, хөрсийг нь гэмтээх асуудал ихээр гарч байна. Тиймээс бүх нийтээрээ хамтарч цэгцлэх цаг болсон” гэв. Олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш өндөрлөнө.