Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхан ч атаархмаар хувь заяатай хатан хаан

Хүний орчлонд дуугаа хадаан мэндэлсэн
мөчөөсөө л аз жаргал, хайр халамжинд өлгийдүүлж насан туршдаа элбэг хангалуун жаргалтай
амьдарч, хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, асар их нэр алдар, хүндлэлийн дор зам
бүр нь дардан шулуун байдаг хувь тавилантай хүмүүс та бидний дунд цөөхөн л дөө.
Ийм ховор, азтай хүмүүсийн нэг бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын
Хатан хаан II Элизабет. Түүний 90 насны ой энэ сарын 21-нд тохиож, эх оронд нь томоохон
ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохиогдсон бол дэлхийн олон оронд мэдээллийн хэрэгслүүд
90 насны ой болоод амьдралынх нь талаар онцоллоо.

Үлгэрт л гардаг гүнж, хатан хааны
амьдралыг бодитойгоор нь, амьдралаараа харуулж яваа Элизабетыг онцолж харахгүй байхын
аргагүй. Элизабет бол баруун европчуудын хэлдгээр амандаа алтан халбага зууж төрсөн
охин. Тэрээр 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн бөгөөд Букингемийн ордонд
загалмайлсны дараа Элизабет Александра Мария хэмээн нэрлэжээ. Элизабетыг мэндлэхэд
түүнийг хэн ч хаан ширээнд сууна гэж төсөөлөөгүй байсан гэдэг. Тэрээр хаан ширээнд
суух магадлалтай хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан юм. Түүний өвөө
V Жорж 1936 онд мөнх бусыг үзүүлэхэд хааны титэм Элизабетын авга ах VIII Эдвардад
шилжжээ. Гэтэл Эдвард өмнө нь амьдрал зохиож байсан Симпсон гэх америк бүсгүйтэй
гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзсан байдаг. Их Британид хаан нөхөртэй байсан
эмэгтэйтэй суухыг хориглодог байсан нь Эдвардыг хүнд сонголт хийхэд хүргэсэн гэдэг.
Ингээд хаан ширээ Элизабетын аавд шилжив. Элизабет язгууртны амьдралын хэв маягаар
бүхий л боловсрол, соёлыг эзэмшихийн сацуу өөрийгөө ихэд дайчилж, юманд тууштай
зүтгэдэг байсан нь туулж өнгөрүүлсэн амьдралаас нь харагддаг. Хааны гүнжийн амьдралын
дагуу ордонд хангалуун тансаг, санаа амар амьдарч болох байсан ч Элизабет тэгсэнгүй.
Дэлхийн II дайны үеэр гүнж дайнд аав, ээжээ алдсан хүүхдүүдэд хандаж үг хэлсэн нь
түүний түмэнд хүргэсэн өөрийнх нь анхны дуу хоолой байжээ. 19 настайдаа Эмэгтэйчүүдийн
туслах албанд цэргийн ачааны машины жолооч, механикийн алба хааж бага дарга цолтой
болжээ. Эцэг нь түүний хийж байгаа ажлыг зарим талаараа үгүйсгэж гүнжийн эрхэмсэг
байдалтай байхыг хүсдэг ч Элизабет өөрийнхөөрөө зүтгэж цэргийн алба хаана хэмээж
хөдөлмөрийн биржид хүртэл бүртгүүлж байжээ. Түүний энэ тууштай, өөртөө итгэлтэй
занг 1500 жилийн турш хаанчилсан хааны гэр бүлийнхний мах цусанд шингэсэн чанар
гэж үздэг.

Элизабетын эцэг, хаан VI Жоржийг
нас барсны дараа 1952 оны хоёрдугаар сард Элизабет хаан ширээнд заларсан юм.
26-хан настай хатан хаан Нэгдсэн Вант улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд,
Ямайк, Барбадос, Бахамын арлууд, Гренада, Папуа, Шинэ Гвиней, Соломон арлууд, Тувалу,
Сент-Люси, Сент-Винсент, Белиз, Антигуа, Сент-Китс улсуудын хатан хаан бөгөөд түүнийг
улс бүрт нь тусгай амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг Хамтын нөхөрлөлийн
хаанчлалын бүс хэмээдэг бөгөөд тэдгээрийнх нь хүн ам нийтдээ 130-аад сая. Элизабетын
эрх мэдэл цар хүрээний хувьд өргөн ч амьдрал дээр улс төрийн асуудалд төдийлөн оролцоод
байдаггүй. II Элизабет 21 настайдаа Эдинбургийн Гүн хунтайж Филиптэй гэрлэсэн бөгөөд
тэд дөрвөн хүүхэдтэй. Олон ач, зээтэй өнөр өтгөн гэр бүл юм.

Их Британи улсын хувьд II Элизабет
хатан хааны хаанчлалын дор илүү энх амгалан байж, ард иргэдийн амьдрал ахуй дээшилсэн
хэмээн үздэг. Улс орных нь нэр хүнд дэлхий нийтэд тогтвортой байхад хатан хааных
нь нөлөө их. 26-хан настай бүсгүйд хаан сэнтий ахадсан мэт санагдаж, эсвэл эмэгтэй
хүн төр барина гэхээр чамламаар болох ч их британичуудын хувьд огтхон ч тийм бодол
өвөрлөлгүй төдийгөөс өдий хүртэл жар гаран жил Элизабет хатны хаанчлал дор энх тунх
амьдарцгааж байна. Их Британи улсын иргэд хэт дуулгавартайн дээр хааны угсааных
байвал хэнийг ч хамаагүй дээдэлнэ гэдэг хоцрогдсон үзэлтэй гэж үзэж болох ч үүнд
нэг л том зүйл нуугдаж байгааг тогтоожээ. Их Британийн иргэдийн хувьд атаархал гэдэг
зүйлд живээгүй болохоор улс орон нь ийнхүү хүчирхэг хэвээр оршин тогтнож. Хүн бүр
өөр өөрийн гэсэн давтагдашгүй хувь тавилантай болохоос биш бүгд ижил байх албагүй.
Энэ нь л энэ гүрнийг тогтоон барих үндэс нь болдог. Нэг эмэгтэйд бүхэл бүтэн жарны
турш хаанчлуулж байгаа нь энэ үндэстэнд нэгнээ доош татаж атаархан сэнтийнээс буулгах
атгаг дорой бодол огтоос байдаггүйтэй холбоотой. Тэд хатан хаанаа чин сэтгэлээсээ
хүндэтгэн “Бурхан минь, хатан хааныг ивээг” хэмээн залбирцгаадаг.

Их Британийн хатан хаан II Элизабетыг
ард түмэн нь бурханчлан дээдлэхээсээ илүүтэй улс гүрнийг нь энх амгалан, эв найртай
байлгахад хувь нэмрээ оруулдаг бэлгэ тэмдэг гэдэг талаас нь хүндэтгэдэг. Эв найрамдлын
бэлгэ тэмдэг учир Элизабет хатан хааны гүйцэтгэдэг ажлууд нь ч тийм өнгө аястай.
Хатан хаан өршөөл үзүүлэх, шагнал гардуулах, бэлэг илгээх гэх мэт хүмүүнлэгийн чиглэлд
түлхүү ажилладаг болохоор түүнтэй холбоотой хар мэдээ ганц ч удаа гарч байгаагүй
гэдэг. II Элизабет хаан ширээнд сууснаасаа хойш 400 гаруй мянган хүнд цол хэргэм,
шагнал гардуулсан бөгөөд өнгөрсөн 60 жилийн хугацаанд 3.5 сая захидал хүлээн авчээ.
Түүнд захидлаас гадна янз бүрийн бэлэг өдөр бүр дэлхийн өнцөг булангаас ирдэг бөгөөд
дорго, тарваганаас эхлүүлээд анааш хүртэл бэлэглэдэг аж.

Хатан хаан Букингемийн ордныг олон
нийтэд нээлттэй болгосон нь түүний хийсэн хамгийн том түүхэн өөрчлөлт болсон гэдэг.
Хатан хааны ордноос зохион байгуулдаг хүлээн авалт, уулзалт, албан ёсны зоог, үзэшлэг
найр, цэнгээнд жилдээ 50 мянга гаруй зочин уригддаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Букингемийн
ордны хүлээн авалтад 1.5 сая орчим хүн оролцсон гэдэг судалгаа байдаг юм байна.
Хатан хаан хандивын 600 гаруй байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ивээн тэтгэдэг.
Тэрээр айлчлалаар дэлхийн 120-иод оронд хөл тавьсан бөгөөд хамгийн олон зочилсон
нь Канад улс.

II Элизабет Зул сарын баяр болгоноор
100-гаас дээш настай ахмадуудад баярын цахилгаан илгээдэг заншилтай. Тэрээр хуримын
очир эрдэнийн ойгоороо 540 мянган хосод баярын цахилгаан илгээж байсан удаатай.
Нэгэн хос “Бид хуримандаа хатан хааныг урьсан. Ирэх байгаа” хэмээн найзууддаа тоглоом
шоглоом болгон хэлсэн байдаг. Гэтэл тэр яриа нь хатан хааны чихэнд хүрч хосын хуриман
дээр II Элизабет өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь шуугиан тарьж байсан. Үүнээс түүнийг
ямар энгийн, сайхан сэтгэлтэй, хүнлэг хатан хаан бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн
вант улсад жолооны үнэмлэхгүйгээр машин барих эрхтэй ганцхан хүн нь хатан хаан.
Бас машиндаа улсын дугаар зүүхгүй явах эрхийг нь ч хуулиар олгосон байдаг юм байна.
Хатан хааны эзэмшил, өв хөрөнгийн хувь хэмжээ тоо томшгүй. Түүний эзэмшилд 88 хун
байдаг аж. Тэдгээр хунгуудыг нь Темза голд тусгай хамгаалагчийн халамжинд байлгадаг
юм байна. Үүнээс гадна Их Британийн бүх гол мөрний халим, далайн гахай, аварга загаснууд
ч хатан хааны эзэмшлийнх. Бүр 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх
бүх гол мөрний халим, аварга загаснуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь эдүгээ
ч ийнхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь сонирхолтой.

Хүн төрөлхтний түүхэнд өөр өөрийн
зам мөр, дуу хоолой, дүр төрхөөрөө үлдсэн эрхмүүдийн дунд хатан хааны бахдам түүх,
амьдралаар өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг гайхшируулж хүндэтгэлийг нь хүлээсэн
II Элизабетыг мэдэхгүй, түүний тухай нэг өгүүлбэр ч болтугай сонсоогүй хүн гэж үгүй.
Түүнтэй холбоотой дан сайн сайхан мэдээлэл нь энэ эмэгтэйг үргэлж эерэгээр харагдуулж
“Зарим хүний хувь заяанд тэнгэр бурхан ч атаархмаар байх юм” хэмээн уулга алдуулдаг.
Үлгэрт л гардаг гүнж, хатан хааны амьдралыг бодит болгож, үлгэрийг биелүүлсэн ийм
эрхэмсэг хатан хаан та бидэнтэй нэг цаг үед хамт аж төрж байна. Хатан хааныг бурхан
ивээг!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *