Categories
мэдээ нийгэм

Бөхөнг өөрийн хүчээр өвчинтэйгөө тэмц гээд орхижээ

Бөхөн өвчин зурган илэрцүүд

Монгол бөхөн мялзан өвчин тусч сүйрлийн аюулд хүрлээ гэж эхэндээ бид нэлээд шуугисан. Харин одоо түүнийг тоох хүн үгүй болж байгаа бололтой. Бид бөхөнгийн өвчлөлийг таслан зогсоож чадалгүй дөрөв дэх сартай золголоо.

Гэхдээ бөхөн үхсээр буй ч ид үеэ бодоход хорогдох эрчим нь саарсан гэнэ.

Олон улсад энэ байдлаа мэдээлж, тусламж хүсэх гэхэд манай гадаад худалдаанд сөргөөр нөлөөлнө гээд хориглосон хүн ч бий. Өвчин хэлж ирдэггүй, тэгээд ч манай улсад анх удаа гарсан, тэр байтугай зэрлэг амьтан өвчилсөн нь эхний тохиолдол тул дорвитой арга хэмжээ авч чадсангүй.

Дөрвөн сарын хугацаанд нийт 4600 бөхөн үхжээ. Өнгөрсөн онд 10.000 орчим бөхөн тоологдсон гэхээр 46 хувь нь байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн устгасан сэг зэмийн тоо. Үүний цаана хэд үхсэн нь тодорхойгүй. “Гуравдугаар сарын 20-ны үед тооллого явуулна” гэж Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар хэлсэн тул тухайн үед тодорхой болох биз.

Олон улсын шинжээчийн зөвлөснөөр сэг зэм устгах цэгүүдийг өнгөрсөн сарын дундуур татан буулгасан юм. Зөвлөхүүд төдийгүй манай эрдэмтэд ч өвчний вирус сэг зэмэнд үлдэж халдвар тараахгүй, тэсвэр муутай тул яаравчлан устгах шаардлагагүй гэж үзсэн. Харин ч зэрлэг амьтан, шувуу идээд цэвэрлэчихнэ гэсэн. Бөхөнгийн тархац нутаг өргөн уудам, 14.000 ам км. Тэр том газар нутгийг самнах нь нэлээд хөдөлмөр шаардсан ажил, тэгээд ч сүүлийн үед сэг зэм таарах нь цөөрч буйгаас ийм шийдвэр гаргажээ. Дулаарч, цас хайлахаар устгалыг үргэлжлүүлэх талаар дахин ярилцах гэнэ.

Дулаарахаар өвчлөл буурна гэдгийг шинжээчид онцолж буй. Гэхдээ мялзангаар тогтохгүй, цусан суулга өвчин дэгдэж, дараагийн аюул ирэх магадлалтайг сэрэмжлүүлж байна. Эко системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж, цөлжилтийг сааруулдаг энэ амьтан ямартай ч дулаартал өөрийн хүчээр өвчинтэй тэмцэх нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *