Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бөхөн шарын тэмдэглэл” хийгээд сэтгүүлзүйд туссан нэгэн нар

Монголын сэтгүүлзүй өдрөөс өдөрт шинэ бүтээлүүдээр арвижиж, Монголын түүхийг өртөөлөн байгаа. Үүний сонгодог нэгэн төлөөлөл болж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх хөрөг, нийтлэл, аян замын туурвилын нэгээхэн бүтээл уншигчдын өмнө ном болон хүрлээ. Тэрбээр 2000 оны үеэс Монголын утга зохиолд “Хөшөөтийн гол, Арцын улаан хад”-тайгаа “Хишиг-Өндөрийн хөх өвгөд, адуучин Норов (аав нь)”-тойгоо дуу хадаан орж ирсэн бол түүнээс хойш сэтгүүлзүйн адармаатай замд хөл тавин хөтөлгөө морьтойгоо галгиулж яваа нэгэн билээ. Тэрбээр өнөөдөр утга зохиолын ай савд нэгэн эрчит мөрөн болж цутгаж чадсан бол өчигдөр түүнийг утга зохиолын салбарынхан хийгээд сэтгүүлзүйн томчууд түүнийг “сэтгүүлч” хэмээн эрхэм нэрийг өндөрт өргөж явааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх хөдөөх нутаг, эх орон, хүний гэрэлт чанарыг нээж чадсан бүтээлийн нээлт “Интерном”-д болсон юм. Түүний хөрөг, нийтлэл, аян замын туурвилуудыг уншиж ээ суухад амттай чихэрт балчрууд яаж дурладаг билээ тийм л амт мэдрэгдэх бүлгээ. Н.Гантулга болбоос хүний “сэтгэл рүү шагайгч” гэдэг нь энэ номоос мэдрэгдэнэ. Бичвэрийн гол баатрын зүрх сэтгэлийн нандин судсыг атгаж, өөрийнх нь мартсан хийгээд гэрэлт дурсамжуудыг сэргээн тавьж чаддагаараа тэрбээр өөрийн үнэ цэнийг бүтээж чадсан билээ.
Энэ өдрийн номын нээлтэд түүний утга зохиолын багш ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол хийгээд Бөхийн Бааст, Лувсандамбын Дашням, Дамдинсүрэнгийн Урианхай, Ширсэдийн Цэнд-Аюуш, Долгорын Нямаа, Данзангийн Нямаа, Баастын Золбаяр, Намбарын Пүрэв, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арлааны Эрдэнэ-Очир, Санжжавын Оюун, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Б.Хүрэлбаатар, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Б.Өвгөнхүү, “Өдрийн сонин”-ы удирдлагууд гээд олон хүн хүрэлцэн ирж сэтгэлийн хадаг барьсан юм. Ардын уран зохиолч Д.Цоодол “Миний шавь сайхан ном гаргажээ. Өмнө нь “Дотоод орон зайн урсгал” гээд яруу найргийн анхны номоо гаргаж олон хүнээс урмын үг сонссон. Өнөөдөр “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх номынхоо нээлтийг хийж байна. Гантулгыг Монгол мэддэг болсон. Яруу найраг, сэтгүүлзүйн замаар тууштай туурвиж утга зохиолынхноосоо эхлээд гадаад дотоодод явсан аян замаа дориун гэгч бичиж байна. Түүнээс давж хөрөг, нийтлэлээ бичиж байна. Энэ ном бол үргэлжилсэн үгийн даацтай бүтээл гэж нэрлэж болохоор юм байна” хэмээн тэмдэглээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсээд олоон жилийн өмнө шавь нь болж ирсэн бор хүүгээ шовхийтэл үнсээд авсан юм. Харин ардын уран зохиолч Б.Бааст “Гантулга дүүдээ маш их баярлаж байна. Энэ номонд чинь миний тухай ч бичсэн байгааг харлаа. Үнэхээр сайн бичиж байна шүү” гээд 90 насыг хэдийнэ зооглосон тэрээр 18 настай хүүхэд шиг дэврүүн зангаараа олныг хөгжөөсөн юм. Харин академич Б.Энхтүвшин “Бид хоёрыг анх уулзуулсан хүн нь академич Х.Сампилдэндэв агсан. Сампилдэндэв гуай “Энэ хүү ирээдүйд их мундаг яруу найрагч болох юм” гэж хэлж байсан нь сэтгэлд нэн тодхон байна. Тэр цагаас хойш олон сайхан шүлэг бичиж “Болор цом”-ын хишигт найрагч болсонд баяр хүргэе” гээд академийнхаа шинэхэн номын дээжээр бэлэг барьсан юм. Н.Гантулга Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн захирал доктор, профессор Ш.Цэнд-Аюуш “Энэ жил манай сургуулийн 20 жилийн ой тохиож байна. Гантулга оюутан байхдаа яруу найргийн төрлөөр бүхий л шагналыг нь авсан. Сургуулийг хэдэн хүн төгссөнөөр нь бус хэнийг нь төгсгөсөн бэ гэдгээрээ үнэлэгддэг. Гантулга маань манай сургуулийн нэгэн өнгө төрх, нүүр царай болж яваа” гэдгийг тодотгон Хөшөөтийн голынх нь хөх урсгал шиг, дээд хөх тэнгэр мэт цэнхэр хадаг, өөрийнх нь “Монголын хошин шог зохиол” хэмээх эрдэм шинжилгээний шинэ номынхоо дээжээр бэлэг барьсан юм. Номын зохиогч Бөхөн шарын нуруунд жил бүр тарнийн шившлэгтэй салхинд нь адислуулж уран бүтээлийнхээ дөрөөнд сүүн зам татуулж буйгаа нэг бус удаа дурсаж байсан билээ. Тэгвэл түүнд сэтгэлийн урам хайрлаж байдаг уран бүтээлчдийн нэг болох нутгийн ах Дамдинсүрэнгийн Урианхай нь “Жил бүр Бөхөн шарын нуруу руу явдаг манай аяллын багийн хамгийн залуу нь Гантулга. Тэгсэн хэрнээ хамгийн том бүтээл гаргаж байгаа нь бас манай залуу. Манай хэд бүгд өөрсдийн үгийг хэлэхдээ миний үгийг ч гэсэн хамт хэлчихлээ. Гантулга хөрөг, нийтлэлийг үнэхээр сайхан бичих юм аа. Ингэж бичиж чадаж байгаад нь би атаархдаг юм. Уг нь атаархал гэдэг байж болохгүй гэдэг ч ийм л юм болчихлоо. Ийм сайхан ном гаргасан дүүдээ их амжилт хүсье” гээд “Ах нь бэлэггүй ирчихлээ. Удахгүй шинэ ном хэвлэгдэхээр ах нь өгнөө. Бэлэггүй ирчихсэн юм чинь үнсэхээс” гээд буурал сахалтай хошуугаараа зохиогчийн бүлээн хацрыг үнэрлэсэн юм. Н.Гантулгын хувьд дээдсээ хүндэтгэж, дэргэд яваа нөхдөдөө хүндэтгэлтэй ханддаг чанар нь олон хүнийг өөртөө татах их ивгээл болдог учиртай. Сэтгүүлч, яруу найрагч Гантулга багадаа ямархуу хүүхэд байсан тухай түүний номын нээлтэд оролцохоор Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийн захирал Цэнд-Аюушийн Дашзэгвэ “Төрмөл бөх гэж байдаг бол Гантулга яруу найраг, сэтгүүл зүйн төрмөл авьяастай байсан. Сургуулийнхаа ойн өмнө “Болор цом”-ын эзэнтэй болсондоо баяртай байна. Гантулгын авьяас дөрөв, тавдугаар ангиасаа эхлээд цоролзсон. Гантулгадаа Цэнд-Аюуш захирлын хэлсэн энэ авьяасаа эрдмээр тэжээгээрэй гэж хүсье” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Сэтгүүлзүй, утга зохиолын дэлхийн зиндааг мэддэг Л.Дашням доктор эмнэлэгт хэвтэж байгаа ч номын баярт хүрэлцэн ирээд “Номын баяраас хоцорно гэдэг нүгэлт ажлуудын нэг гэж боддог юм. Тиймээс Гантулга дүүгийнхээ номын баярт хүрэлцэн ирлээ. Монголчуудын хамгийн сайхан баяр номын баяр байгаасай хэмээн бодож байна. Гантулгыг их сургууль төгсөх үеэс нь мэдэх юм. Гантулга яруу найрагчийн хувьд бүхий л хүрэх зүйлдээ хүрч, уулзах хүмүүстэйгээ уулзсан. Гантулгыг ухаан сууж байна гэж бодож байна. Хүнтэй уулзъя. Хүнээс үг сонсъё. Тэр үгээ хүмүүст хэлье гэж бодож байгаа нь Гантулгыг “том” болжээ гэж бодож байна. Үүнээс цааш ажил байхгүй. Ингэж хэллээ гээд бичихээ больж болохгүй. “Бөхөн шарын тэмдэглэл” номыг уншиж амжаагүй ч ямар хэмжээний сайн ном болсныг би мэдэж байна. Орос алга болчихвол Чеховын зохиолоор дахин сэргээнэ гэдэг үг бий. Ийм номыг гаргаарай. Дүүдээ цаашид ихийг хийх хүсэл зоригийг ерөөе” хэмээн үгээ хэлээд бүрх малгайгаа духдуулан Н.Гантулгыг үнсээд авлаа. Харин Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Гантулга маань “Бөхөн шарын тэмдэглэл” номоо дөнгөж хэвлэлтээс аваад хамгийн эхний уншигч болгон надад барьсан юм. Энэ номыг уншсаан. Утга зохиолд баримтат уран зохиолын төрлийг хөгжүүлэхэд өөрийн гэсэн дүртэй, өнгө төрхтэй цаашид хөгжүүлэхүйц хэмжээний томоохон бүтээл болжээ. Гантулга хүнийхээ хувьд маш олон хүнийг мэддэг. Олон хүмүүсийг маш сайхнаар гаргаж ирдэг юм байна. Үнэхээр их хичээл зүтгэл харагдаж байна. Гантулга хүний тухай маш их мэддэг хэрнээ өөрийнхөө тухай маш бага мэддэг. 10 жилийн сургуулийн сурагч байхдаа 200 гаруй яруу найрагчийн шүлгийг цээжээрээ мэддэг байсан хэрнээ өөрийнхөө хоёрхон шүлгийг цээжилсэн энд тэнд уншдаг. Хүний тухай сайн мэддэг тэр гэгээтэй тал нь илүү хөгжсөн. Бусдын намтар цадигийг баяжуулж байдаг их буянтай хүн юм байна” хэмээн амжилт хүслээ. “Бөхөн шарын тэмдэглэл” ном сэтгүүлзүйд нэгэн нар тусгалаа гэдгийг Монгоын сэтгүүлзүйн акудуудын нэг болох Тугалхүүгийн Баасансүрэн хэлсэн бол энэ үгийг танхимд ирсэн хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч хоорондоо “яг үнэн” хэмээн үгийн шидийг хэлэлцэн толгой дохицгоож байсан юм. Харин нэрт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа “Мань мэтийг автобусанд суухаар очиход мөнгөний нэмэргүй гээд шууд хаяад явдаг. Харин Гантулга хүү мань мэтийгээ тоож, тэр бүү хэл дээш нь татаж, өргөж гаргаж байгаад баяртай байна. Үнэхээр ахмадаа хүндэтгэх гэрэлт чанар, хүн чанар Гантулгаас мэдрэгддэг юм шүү. Хөгшидийг тоохоо байсан энэ цагт мань мэтийгээ тоодог хүмүүсийн нэг болж буйд талархал илэрхийлье” гэлээ. Энэ мэтчилэн зочдын зүгээс өөрсдийн сэтгэлийн үгийг хэлцгээсээр үдийн улаан наран ханын толгойд буух үест номын баяр хөшгөө татаж сэтгэлдээ нартай утгын мэргэд, үгийн дархчууд “Бөхөн шарын тэмдэглэл”-ийг дурссаар их номын өргөөнөөс авшиг хүртэн гарцгаасан юм.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *