Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: 2012 ОНЫ ТАВДУГААР САРЫН НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.


Бөхөн шарын нуруунаас долоон хошууны нутаг харагддаг юм гэдэг.

Идэр их мөрний хөвөөнд ирэ­хүйд сэтгэл нэгэнтээ яруусч, ер бусаар цэлмэн гийдэг
юм. Ямархан хувь заяаны ерөөл байдаг юм бол доо гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь
бий. Хав­рын хаварт, улирлын сайханд хоёр хутагтын нутагт дө­рөө мулталж, Идэрийн
голын ус­наас амсч, Бөхөн шарын нурууны салхинд адислуу­лан, тарнийн гэгээ цацруулсан
мөнгөлөг уулсынх нь тэргүүн өөд сүслэн залбирах минь хэн хүнд олдоод байх хувь тавилан
биш шүү. Тийн бодох ахуйд энэхэн насны амьдралаа улам хайрлаж, уул шиг дүнэгэр ахын
минь, утгын яруу ертөнцөд ангир шиг ганганан ирж буй алтанхан он цагийн минь хишиг
буян даа хэмээн сүслэх ажгуу.

Энэ
л ариун дагшин газарт гүйгүүл морин адил олоон бээрийн газраас суналзтал хатируулсаар
ирэхэд нуруу тэнийх шиг болдог. Ертөнцийн хязгаараас хоёр сугаа холготол дэвсээр
ирсэн шувуудын даль жигүүр нь хэрхэн амсхийж буйг бие, сэтгэлээрээ мэдэрдэг юм.
Цаг хугацааны бүхий л нандин хэрчлээсийг өөртөө шингээн урсах Идэрийн гол дотоод
сэтгэлийн минь орон зайг ер бусаар тэлдэг билээ. Номын авшиг шингэсэн уулс нь оюун
санааны, гэрэл гэ­гээний хүлэг морин мэт санаа бодолд эргэцэн байдаг даа.

Их
Нацагдорж “Үзэгдээгүй юм” хэмээх сонгомол туурвилдаа Идэ­рийн голыг зүгээр ч нэг
сонгоогүй, Идэр мөрөн гэж зүгээр ч нэг тодот­гоогүй, тусгаар Монголын их хаан Богд
Жавзундамбын арван гурван тамгатай хутагтын хоёр нь болох Хамба гэгээн, Ялгуусан
хутагтууд энэ л газар усанд номынхоо хүч, ер бусын ид шидээр зүгээр ч нэг гэрэлтэн
оршоогүй биз ээ. Лутын Лхагважав хэмээх ном эрдмийн гэгээ цацруулсан сайхан хүмүүн
тэр л голын хөвөөнөө мэндэлж, хичнээн мянган шавь нартаа даль жигүүр ургуулаад өврөөсөө
шувуу шиг нисгэсэн бол оо. Тэгээд л тэрхүү буурал багшийн авшиг бид бүхэнд ирж,
“Лхагважав сан”-гийн нэрэмжит эх хэл бичгийн чуулганд утга зохиолын өнөө цагийн
лууга­рууд, бичгийн мэргэд дорноос мандах нарны түмэн цацраг лугаа урилга өвөртөлсөөр
жил бүрийн хаврын сүүл сараар хангайн нуруу­ны ноёлог оргил Солонготын да­вааг өгсөх
болсон нь цаанаа тун чиг нарийн учир зохилдлоготой буюу.

Өчүүхэн
миний бие алдарт Солонготын давааг гуравдугаар ангийн хүүхэд ахуйдаа анх ном­ноос
нэрийг нь дуулж байлаа. Бүр тодруулбал, Буур аваргын яриа­наас юм. Балчир оюундаа тогтоож “Ямар гоё нэртэй газар вэ” хэмээн бодож байсан
Солонготын даваа цаг хугацаа алсрах тусам, нуруун дээгүүр нь хязаалан үрээ шиг шуугин
өнгөрөх бүрийд, тэргүүн юунд нь залбирч, хадган овоонд нь гурвантаа мөргөх бүрийд
нэг л утга төгөлдөр санагдах болсон билээ. Буур аваргыг арван долоо, найм­тай залуу
Завхан аймгийн наа­дамд түрүүлчихээд буцаж явахуйд багш нь “Чиний бөхийн дэвжээ
хол бий” гэж Солонготын даваан дээр хэлсэн түүхтэй. Нээрээ чиг Жамьян хүүгийн бөхийн
дэвжээ хол байж, бүх Монгол даяар нэр алдраа цуурайтуулан, “Буур” хэмээн мон­гол
бөхийн алтан хуудсанд нэр­шиж үлдсээн. Тэрхүү алдар хүн­дийг, төрийн наадмыг хэдэнтээ
магнайлах хүч чадал, ааг омгийг нь анхны багш нь харж мэдэрч бай­жээ. Түүн лүгээ
адил Солонготын давааг өгсөх бүрийд молхи надад, чиний яруу найргийн дэвжээ, бү­тээл
туурвилын, хүн чанар хийгээд мөн чанарын дэвжээ, оюун билгийн тань жигүүр уулын
гол шиг садрах тэр цаг мөн чиг хол байна даа гэж элчилгүй хөх тэнгэрийн уудмаас
хэн нэгэн шивнэх шиг, эрин цагийн босгон дээр дэргэд минь уул мэт нөмөрлөн зогсоо
Лхамсүрэнгийн Төрбаяр ах маань нүдээрээ, до­тоод ахуйнхаа нандин шижмээр шивнэн
хэлэх шиг болдог юм аа. Ийм л нэг далдын энерги, гэгээн тэмүүлэлд хөтлөгдөн, яруу
сайхны цаглашгүй онгод авьяасаар ба­дарч, сэтгэлийн дуудлагаар Солонготын давааг
давах болжээ. Ямархан хувь заяаны ерөөл билээ гэж бичил туурвилынхаа эхэнд уулга
алдсан минь ийм бүлгээ.

Тэр
нэг жил, Их Явуугийнхаа ерэн жилийн ойн яруу найргийн чуулганд оролцохоор утга зохио­лын
үе үеийн лидерүүдтэй хамт энэ сайхан давааг өгсөж зургаду­гаар сарын хорьд гэхэд
тэргүүн юун нь мөнгөн ембүү шиг цавцайж байсан цаг мөчид овоонд нь чулуу нэмж, бодолдоо
шүлэг хэлхэн явсан цаг минь дурдатгалын хууд­санд
дурайж л байна. Солонгот даваад л хутагтуудын нутаг руу, Их Явуугийнхаа нутаг руу,
Богд Очир­ваань хайрхан руу, Идэр их мөрөн рүү ойртож, уулсын салхи савир, ер бусын
эрчимлэг долгионд алга­дуулан зүрх сэтгэл мөнгөрөн гийж, түмэн зулын гэрэл лугаа
бадам­ладаг юм аа. Энэ удаа мөн чиг утга төгөлдөр сайхан хүмүүстэй хан­гайн нурууны
оргилд эрдэнийн шигтгээ адил солонгорсон давааг нуруулдаж явна аа. Тэдгээр сайхнуудын
нэгэн бол бичгийн их хүмүүн Гомбожавын Мэнд-Ооёо. Наран зүг Сүхбаатарын Онгон, Дарьгангаас тодорсон
олон авьяас билэгтнүүдийн нэгэн. Монголын утга зохиолд Алтан-Овооныхоо хөлгөн их
судрыг мөнхөлж, Мон­голын ард түмнийг Мэгжиджан­райсиг шүтээнтэй болгон мөнх­жүүлж,
Монголын их утга зохиолыг Их Явуу багшийнхаа
даалгавраар дэлхийн тавцанд гаргасан найрагч бол яалт ч үгүй Мэнд-Ооёо юм. Тэрээр
Идэрийн голын хөвөөнд хоёр дахиа, харин эх хэлбичгийн чуулганд анх удаа зорин ирж
буй нэгэн.

Явуу
багшийнхаа ойд ирэхдээ Идэрийн хөвөөнд найрагч нөхдийн хамт чуулалдаж, Сэвжидбалбар
хайрханы өвөр, Ногоон нуурын эрэг дээр хоноглосноо дурсан, төө илүүтэй сугсарсан
ногоон дээр цавцайтал цас дарсныг хараад гайхаж, үндсэндээ Идэрт дөрвөн улирлын
өнгийг нэгэн дор үзсэнээ бахдан ярьж явсаан. Түүний яриа­ны гол сэдэв эл удаа Говийн
тав­дугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа байв аа. Мань хүн догшин хутагтын
тухай нэгэн туур­вилыг бүтээчихээд, Хамрын хий­дэд гэгээнтэн шиг сар жилийг үдчи­хээд,
Равжаагийн зуун найман агуйд даяанч шиг хэдэнтээ бясал­гачихаад дотоод сэтгэлээрээ
тийм гэж хэлэхийн аргагүй гэгээрчихээд тэргүүн юунаасаа гэрэл цацруулан явж буй
нь энэ. Бас сонин юм шүү. Равжаа хутагтын шастираа хэв­лэлд өгөн, оюун билэгт ард түмнээ Говийн догшин
ноён хутагттай дахин учруулчихаад хоёр хутагтын нутгийг зорьж явна гэдэг. Эндээс
л Монголын их хутагт гэгээдийн гурамсан сүлжээ мэдрэгдэж, Мэнд-Ооёо найрагчаар дамжин
бид бүхэнд номын ид шид, тарнийн гэгээ гэрэл хуралдаж байлаа. Бид­ний хүлэглэсэн
ганган хар жийпэнд Цогдоржийн Бавуудорж найрагч мөн заларч яваа. Мэнд-Ооёо Ба­вуудорж
хоёрын хооронд бас нэгэн нандин шижим буйг молхи би эртнээс мэдэх юм. Эл хоёр эрхэм
багш шавийн барилдлагатай. Цаа­на нь ч бас өөр барилдлага бий. Тэр бол Явуу юм.
Дорнын их най­рагчаар анхны номоо өлгийдүүл­сэн азтай хүмүүсийн нэгэн нь Дөн­гөтийн
Цоодол, Гомбожавын Мэнд-Ооёо нар. Дөнгөтийн Цоодол абу­гай хаврын хаварт мөн л Идэрийн­хээ
хөвөөг зорьдог нэгэн. Үсэн буурал Урианхайтайгаа нийлж аваад л хөл хөөр инээд хөгжөөн
болохыг нь яана. Төв аймгийн Бүрэнгийн их уулс, Булган хангайн Чачиртын хүрлэгэр
уулс үүлстэйгээ хамт Идэрийн голын хөвөө рүү нүүж байна уу гэмээр мөн чиг сүртэй
явна шүү дээ, тэр хоёр. Уран зохио­лын өргөөнөө далаад онд дуу шуутайхан орж ирсэн,
энэ цагийн ноён оргилууд юм аа. Д.Цоодол найрагч энэ удаа өмнөд Монголоо зориод
эзгүй байсан учир аяны дөрөө нийлсэнгүй ээ.

Нэгэн
мянга есөн зуун ерэн нэгэн онд Дарьгангын шадар гурав болох Данзангийн Нямсүрэн,
Очир­батын Дашбалбар, Гомбо­жавын Мэнд-Ооёо нар найрагч нөхдийн хамтаар хангайн
нурууны ноён оргил мөнх цаст мөнгөн залаат Отгонтэнгэр хайрханд очиж мөргөсөн байдаг.
Алтан-Овооны мөнгөн ганжирын гол сорогшинг хангайн нурууны, Отгонтэнгэрийн модоор
хийсэн юм гэнэ лээ. Түү­нээс ч болдог уу, эс бөгөөс Отгон­тэн­гэрийн өвөр дэх Бадархундага
нуур, Алтан-Овооны өвөр бэл дэх Ганга нууртай газар доогуур хол­богддог учрал ерөөлийг
ч бодсон уу, за тэгээд мэдээж Их Явуугаа дурсан Дарьгангын гурван найрагч Отгонтэнгэрт
сүслэн мөргөсөн байна. Тийн явах үед найрагчдын багт нэгэн горзгор туранхай бор
хүү нийлж, уянгын шүлгүүдээ уншин утга зохиолын цээжний хэдэн морьдод үнэлэгдсэн
нь Ц.Бавуу­дорж байсан бүлгээ. Энэ тухай Г.Мэнд-Ооёо найрагч шавийнхаа “Салхин зүгээс
цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” хэмээх но­мын өмнөтгөлд бичсэнийг санаж байна.
Ооёо ахын нургисан зөөл­хөн дууг сонсож, Равжаа хутагтын гэх тодотголтой ногоон
хаш аяга­наас нь аршаан хүртэн явахдаа эл бүхнийг эргэцүүлж байлаа.

Унаа
машинд бас нэг ланжгар амьтан ханайх нь энэ л Завхан нутгийн хүү, Монгол Улсын гавьяат
багш, хэл шинжлэлийн доктор Дашлхүмбийн Галбаатар ажгуу. Эрхэм доктор бас л сэтгэл
хан­галуун, тийм нэг айван тайван говийн намар шиг ханайж явна. Учир юун гэвэл гучин
жилийн хүч хөдөлмөрөө зарцуулж, билэг оюу­наа түймэрдэн байж бүтээсэн уран зохиолын
толь бичгээ эх барьж авсан. Галаа багшийн гучин жи­лийн хөдөлмөр гээд бодохоор үнэхээр
дүнэгэр сонсогдож байгаа юм. Түүний бүтээл туурвилын тухай хэдхээн хоногийн өмнө
манай сонин дээр Долгорын Цэнджав доктор “Монголын уран зохиолын анхны нэвтэрхий
толь” хэмээн ямар ч гаргалгаагүй болтол бичсэн учир энд илүүг нуршихын хэрэг юун.

Ийм
л нэг данайсан амьтадтай суудал зэрэгцэж Идэр голын хө­вөөнд, эх хэл бичгийнхээ
чуулганд ангир шиг ганганан ирэв дээ. До­лоо, найман жийп Идэрийн голыг өгсөж явна.
Их Урианхай захир­лаа бараадчихаад тун чиг сэтгэл хан­галуун байгаа нь илт. Захирал
нь мэдээж “Шинэ Ази” группийн ерөн­хийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр. Аугаа их Урианхайг
оюун санааны зөвлөхөөрөө авсан хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Ямар ч
л байсан бичгийн их хүмүүн Уриан­хайд “Шинэ Ази” групп сард нэг сая төгрөгийн цалин
өгч, тусдаа өрөө гарган суулгаж, өглөө оройд сайд шиг машинаар үйлчлэх бүлгээ. Оюуныг
ингэж л дээдэлдэг хамт олон. Д.Галбаатар
докторын олон жилийн хөдөлмөр шингэсэн ихээ зузаан бүтээлийг, Ц.Бавуудорж найрагчийн
“Хүннү туульс”, энэ цагийн нэгэн өнгө болсон содон нийтлэлч, зохиолч Баастын Зол­бая­рын
“Бүгээн” тэргүүт жинтэйхэн бүтээлүүдийг
“Шинэ Ази” групп, түүний захирал Л.Төрбаяр, Мэндээ нар олонд хүргэж байгаа.

Идэрийн
голоо өгсөн Их-Уулын хүрэн тэрмэгэр уулсын суга бэлээр давхиулсаар Тосонцэнгэл суманд
Д.Энхтайван ахынд хүрч ирлээ. Идэр орох замд эднийхээр заавал ч үгүй дайрна шүү.
Хүрч очсон гэрийн эзэн, Төрөө захирал хоёр сэтгэл зүрхний сайхан андууд. Очих бүрийд
үхрийн хатсан хавир­га чанаад бэлдчихсэн, шинэ гарсан идээ цагаагаар хайлмаг хийчихсэн,
үнээний шинэхэн уураг дөхүүлээд тавьчихсан, зарим үед хурга ишгээ хөнгөллөө гээд
тогоотой халуун засаа уур савсуулчихсан хүлээж байна. Энэ удаа ч ялгаагүй ээ. Энхтайван
ахынд түрхэн зуур дөрөө мултлах ахуйд олон ч хүн босгыг нь алхлаа. Дандаа л тань­даг,
мэддэг, гурамсан чөдөр шиг хүрэн эрчүүд. Бүгд л Төрбаяр ахдаа ирж золгоно, Урианхайд,
өнөө олон зохиолч, эрдэмтдэд бас үн­сүү­лээд авна. Түүнийгээ Далай багшаас адис
авсан мэт тэнгэр­лэгээр бодох нь сайхан. Яриа хөөрөө энгийн задгай, зочилсон айлынхаа
хоймрын орон дээр зарим нэг нь хажуулчихсан, орны урдуур Урианхай ах хөлөө жийгээд
суучихсан, Ооёо ах гэрийн эзэгтэй­тэй тав гурван үг сольсон шигээ аанай сууж байтал
сүр пар хийгээд нэг хүн ороод ирсэн нь улсын начин Гун­гаасамбуугийн Бат-Ам­галан.
Завханы Их-Уулын уугуул тэрээр Тосондоо аж төрж байгаа ажээ.

Нэг
их том гүзээтэй, сүр бараа­тай бүдүүн улаан нөхөр чинь аавдаа золгож байгаа хүүхэд
мэт Төрөө ахын өмнө бохирч суух нь холгүй байж үнсүүлээд авлаа. Гэснээ байшингийн
хананд өлгөө­тэй хивсийг аваад нөмөрчихсөн мэт далбайсан том хар савхиныхаа халааснаас эртний хэт хутга, хууч­ны хийцтэй мөнгөн
цохилуур зэр­гийг гаргаад ахдаа барьчихав. Тэгээд л үг дуугүй алга боллоо. Салхи
шуурга дэгдэх шиг ороод гарсан түүний хойгуур инээд хөөр болох нь тэр ээ. Бат-Амгалан
начин хаа л явна олныг инээлгэж хөг­жөөдөг увдистай. Нэг удаа мань эр Тосонгийнхоо
төвд мотоцикль­той давхиж явж. Тэгтэл шүгэл тас­хийгээд цагдаа зогсоочихож. Хам­гаалалтын
малгайгүй явж байна хэмээн зэмлэсэн байна. Хариуд нь манай нөхөр “Чи намайг бодоход
боловсролтой сэхээтэн хүн. Миний энэ толгойд хамгаалалтын малгай таарах уу, чи бод
доо. Би ямар ванн углаад явж байлтай нь биш” гээд амыг нь таглачихсан гэдэг. Бат-Амгалан
гэж ийм л нэг хөөний хүн хөдөөдөө байна. Уул нь ерээд оны эхээр шуугиулж явсан залуу
хүч­тэнүүдийн нэг сэн.

Тосонцэнгэлээс
хөдөлж Тэлмэ­ний Хүрэн талын хөндийгөөр гали­гуулаад Идэрээд өгснөм. Лутын Лхагважав
багш өнөө л хуучин бүрхээ духдуулан, улаан шаргал дээлээ эгэлдэргэлж, сумын засаг
ноёд, сургуулийн захирал гээд баахан олон дарга нарыг дагуул­чихсан, хоёр ногоон
“жаран ес” таширлуулаад Бөхөн шарын ну­рууны яг чигтээ ард Идэрийн го­лынхоо хөвөөн
дээр угтлаа. Жи­лийн жилд л ийн угтдаг билээ. Унаа машинаас буухуйд уулсын эрчим­лэг
салхи оюун бодлыг цэлмүүлэн үлээж, Бөхөн шарын нурууны наагуур адуу мал энгэрлэн
налайн, Туна, Жаргалантын голын эхэнд хаваржиж буй хэдэн цагаан гэрээс хөхөлбий
утаа суунаглана. Голын хөвөөг даган бэлчээрлэсэн хонин сүргийн дэргэд ухаа хонгор
морь­той хүүхэд чавхдан ирж байгаа нь дотнохон дүр зураг даа. Хоёр талынх нь эрэг
тэр чигтээ мөнгөрөн талстаж, Идэрийн гол мөсөн хана­ны дундуур тун чиг дөлгөөхөн
мэлтэлзэж байна аа. Тэртээд Сэвжидбалбар хайрханы орой цавцайж, ихэмсэг тэргүүн
өөд нь хараа бэлчээхүйд нэг их тэн­гэрлэг бодол бие сэтгэлийг минь булхаад авах
нь бий. Идэрийн хөвөөнд ирэхүйд ийм л тэлмэгэр байдаг даа.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *