Categories
мэдээ нийгэм

Бөхийн барилдааны тасалбарыг шагчид 40-70 мянган төгрөгөөр худалдаалж байна

Сар шинийн бөхийн барилдаан эхэллээ. Бөхийн барилдаан эхлэхтэй зэрэгцэн шагийн билет Бөхийн өргөөний гадаа 70 мянган төгрөгөөр зарагдаж байна. Бөхийн билетээ авч амжаагүй ч боломжийн үнээр билет аваад бөх үзчих хүсэлтэй иргэд олон байхтай зэрэгцэн шагчид ч маш олноор гарчээ. Тухайлбал, шагчид урд эгнээний суудлыг тасалбарыг нэгийг нь 70 мянган төгрөгөөр дунд хэсгийн эгнээнийхийг 50,60 мянган төгрөг, арай арын эгнээ нь 40 мянган төгрөг зэрэг ханш тогтоочихсон борлуулж байна. Харин 11:40 цагийн байдлаар лав билетийн касс хаалгаа барьсан байна лээ.

Гэхдээ өнөөдрийн 12:30 цагийн байдлаар билет авч байгаа иргэд цөөхөн байв. Баянзүрх дүүргийн иргэн Г.Мөнхөөтэй уулзаж зарим зүйлийг тодруулахад “Цагаан сарын бөх үзчих санаатай ирсэн чинь шагийн билет доод тал нь 40 мянган төгрөг гэж байна. Жил бүр л билет шаглах юм. Энэ нь Бөхийн өргөөний бизнес байдаг юм уу, эсвэл шагчидаа дэмжсэн ажил уу. Арай л үнэтэй байна. Шаглахдаа хүртэл учиртай зарчихаж болдоггүй юм байх даа. Шагийн билет сайн зарагдахгүй байгаа харагдаж байна. 40 мянгаас жаахан хямдруулчихвал бөх үзчихмээр л байна. Бөх эхэлснээс хойш ядаж 30 мянган төгрөгөөр олдчих болов уу гэж бодож байна. Эхний нэг хоёрын даваа ч яахав явж л байг” гэж ярилаа.
Монголынхоо уламжлалт цагаан сарын бөхийн барилдааныг монгол эр хүн бүхэн үзэхийг хүсдэг ч билет олдохгүй, суудал хүрэхгүй гэх ийм зовлонтой шалтгаантай жил бүр нүүр тулдаг. Уг нь цагаан сарынхаа барилдааныг Буянт-Ухаа спорт цогцолбор зэрэг томоохон зааланд зохион байгуулаад, билетээ хангалттай борлуулсан бол сайн сан. Бөхийн өргөө 2500 хүний суудалтай ч 1.5 сая хүн амьдардаг Улаанбаатарын эрчүүд бөх үзэх болоход жижигдэж байгаа нь энэ.
Өнөө өглөөнөөс эхэлж бөхийн тасалбарыг Бөхийн өргөөний билетийн кассаар 20-25 мянган төгрөгөөр худалдаалсан бөгөөд иргэд шөнөөс эхэлж дугаарлаж байж арай гэж нэг тасалбар авцгаажээ. Гэхдээ дугаарласан хүмүүсийн тал хувь нь тасалбаргүй хоцорчээ. Учир нь шагчид тасалбарыг бөөндөөд авчихсан бололтой юм. Уг нь жил бүр шагчдад тасалбар бөөндөхгүй гэдэг ч Бөхийн өргөөний удирдлагуудын энэ үлгэр биеллээ олоогүй байгаа нь энэ.

Н. Ганболд-н зураг.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *