Categories
ардын-цолтон булангууд мэдээ

Бөхийн Бааст гуайнд бага үдээр…

Энэхүү тэмдэглэлийг архиваасаа эргэн хүргэж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бөхийн Бааст гуайнд товлосон ёсоор 11 цагт зочиллоо. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хятад судлаач, доктор Мэнэрэлийн Чимэдцээеэ, Монголын авто замын салбарт мэдлэг туршлагаараа толгой цохидог, зөвлөх инженер Нямжавын Адилбиш нар нутгийнхнаа төлөөлөн эрхэм зохиолчоосоо ботиудыг нь тамга, гарын үсэгтэй нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр ирсэн нь энэ. Нэг нутаг усныхан уулзахаараа төрсөн газар, уул усныхан, удам судар, хаваржааны талаар бэлгэтэй үг хэлцэн яриагаа эхэлдэг. Мэнд ус мэдэлцсэний дараа ирсэн зочид өөрсдөд нь Б.Бааст гуайн хэд хэддүгээр ботиуд дутуу байгааг хэллээ. Б.Бааст гуайн чих жаахан хатуурсныг эс тооцвол хөдөлгөөн нь урдынх шигээ шалмаг, түргэн. Нөгөө өрөөндөө буюу номын өргөөндөө ороод шат тавиад л өндөр шүүгээн дээрх хураалттай номуудаа зайцуулангаа “За хэд хэддүгээр боть гэсэн бэ. Адилбиш 16 дугаар ботиос хойшхийг, Цимэдцээеэ нэгдүгээр ботиос эхлүүлээд бүгдийг нь гэсэн үү” хэмээн хөгжилтэй өгүүлнэ. Н.Адилбиш “Холбоо дөрвөн тууж”-аас хоёрыг гэвэл зохиолч “Өө, тэр чинь мандаж байгаа шүү дээ. Байгальсайхан миний холбоо дөрвөн туужаар Америкт илтгэл тавьсан” гэв.

Энд зургаан мянга гаруй ном бий гэнэ. Монголын утга уран зохиолын ертөнц тэр чигээрээ байх энэ өрөө нэг ёсны архив. Ханаар нь дүүрэн ном сэлт, дурсгалын зүйлс. Зөвхөн эднийд л олж харах тийм ховордсон эд ч харагдана.

Б.Бааст гуайн 11 дүгээр боть буюу холбоо дөрвөн туужид Алтанцөгц сумын газар ус, уул нуруудын нэрсийг дээр үед монголчууд хэрхэн нэрлэдэг байсныг тэр чигээр нь бичиж үлдээсэн байдаг. Үүгээрээ энэ боть түүхийн чухал сурвалжид тооцогддог. Б.Бааст гуайн 90 насны ойгоор нутгийнхан нь “Холбоо дөрвөн тууж”-д гарсан газар усны нэрийг Алтанцөгц сумын газрын зураг дээр тэмдэглэж эрхэм зохиолчид дурсгал болгож байсан билээ. С.Чимэдцээеэ доктор номын мөр хөөж буй эрдэмтэн хүн учир уг газрын зургийг Б.Бааст гуай гарын үсгээ зураад түүнд дурсгал болгов. Эл зургийг сайн хадгалж хойч үедээ өвлүүлэх үүргийг ийн өгөв. Б.Бааст гуай 2011 онд Н.Адилбиш инженер, М.Чимэдцээеэ нартай хамт авахуулсан зургаа хараад “Би энэ зурган дээр урт хормойтой, хятад маягтай гарчээ. Энэ зургийг сонинд хэвлүүлж болохгүй юм байна. Харж байна уу тэр хормойг нь. Зориуд пальтог нь уртасгаж авсан байна” гэж хошигноно.

Б.Бааст гуай 95 насны босгыг алхаад хоёр сар болж байгаа гэнэ. Урт наслах хэцүү юм, хүүхэд нохойн доог болбол яана.Зурагтаар 116 насалж байгаа хүнийг харууллаа. Хэн байгааг мэдэхгүй, юу өгч байгааг ч мэдэхгүй. Тийм болчихвол бушуухан үхэх хэрэгтэй. Ямар хэрэг байна аа. Дэмий юм аа. Намайг буудвал таарна гэх хатуу үг хэлнэ.Түүнээс сонирхон асуух юм олныг хэлэх үү. Таныг Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарыг нь бодитоор нь харсан хүн гэдэг байх аа. Шүлэг бичээд Догсом хурцаас 100 төгрөгийн шагнал авч байсан тухайгаа хуучилна уу гэвэл “Энэ талаар улиг болтол ярьсан. Хүмүүс сонирхох юм уу” хэмээснээ “Би Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарыг яаж нүүр тулан харсан байх юм бэ. Би 1940 онд хотод орж ирсэн. Тэд чинь намайг ирэхээс өмнө бурхан болчихсон шүү дээ” гэж сая ам нээлээ.

Д.Нацагдорж ч яахав жамаараа өнгөрсөн. С.Буяннэмэх чинь Сонгино хайрхны зүүн хойд энгэрт буудуулсан анхны 14-ийн нэг юм. Буудуулах юу байх вэ дээ. Ачаад аваад явахад нь буудах гэж байна гэдгийг мэдээд машин дотор эсэргүүцсэн. Тэгсэн чинь хоёр мөрийг нь мулталчихсан. Буудах газарт очиход амьтны хөлд хэдийн гишгэгдээд амь тавьчихсан юм билээ. Амьгүй болсон ч хамаагүй тушаал юм хойно буудах ёстой гээд нүх рүү хийхдээ буудсан гэдэг. Намдаг энэ явдлаар эмгэнэлт зохиол бичих гээд тэгснээ “Миний бие чилээрхүү байна. Оюун та хоёр бич” гэдэг юм байна. Оюун муу хулгайч “Аа, мэдэхгүй, чадахгүй. Хүний юмаар юм бичихгүй” гэж цамнаад л. Нэг тиймэрхүү юм болж билээ.

Би чинь хувьсгалаас өмнө төрсөн юм. Хувьсгалын эхний жилүүдэд Монголоос төрсөн улс төр, шинжлэх ухаан, урлаг утга зохиолын бүх хүнтэй хамт өссөн. Тэр үед олон хүн байсан биш. Шинжлэх ухаанаас цөөхөн, эрүүл мэндийн салбарт хэдэн хүн, зохиолчид, зураачид, киноныхон гээд хэдхээн хүн байсан. Тэдэнтэй өдөр бүр уулзана. Заримдаа гар бариад өнгөрнө. Толгой дохиод, нүд ирмээд өнгөрөх ч үе бий. Тэднийг би бүгдийг нь мэднэ. Тэгтэл одоо цөмөөрөө байхгүй. Би ганцаараа үлдлээ. Заяагүй толгой.

Ялалтын баяртай холбоотой нэг том юм бичээд “Үнэн” сонинд өчигдөр өгчихлөө. Дайныг чинь бид биеэрээ туулсан ш дээ. Хар талх, халуун ус хоёроор л туулсан юм. Аймаар, аймаар. Ногоо байдаг, гэтэл ногоо идэж сураагүй нь хамгийн гай нь. Дайнд манай ард түмэн их ядарсан шүү. Эмэгтэйчүүдийн чих, гар хуруу, үсэнд нь гялайх юмгүй болсон. Цөмийг нь фронтод өгчихсөн, “Улаан арми минь ялж байвал эргээд олдоно оо” гээд л. Бас мунхаг ч байж дээ, дэндүү хамаа намаагүй өгчихжээ, хөөрхий. Түүгээр юу хийх вэ дээ, ихэнх нь замдаа хүний хоол болсон шүү дээ гэж санаа алдлаа. Б.Бааст гуайн ширээний ойролцоо ОХУ-ын нэрт Монголч эрдэмтэн Л.К.Герасимовичийн номууд байлаа. Б.Бааст гуай “Наад эмэгтэй чинь 1940 оноос эхэлж Монголын уран зохиолыг судалсан. Сая нас барсан юм. Надаас хоёр дүү. Энэ авгайн нэг гайхамшиг бол Ленинградын бүслэлтэд дөрвөн жил байж, тэр бүхнийг туулсан явдал. Бүслэлтэд өлөн зэлмэн байсан учраас ходоод нь агшчихсан. Нэг ширхэг өндөг, нэг аяга тараг өдрийнх нь хоол. Тэгээд л гүйцээ. Байшингууд нурчихсан, гэрэлгүй, цонхнууд нь хагархай. Симфонио хангинуулаад л дөрвөн жилийг туулсан. Зовлонт жилүүдийг яаж туулсан тухайгаа ярихдаа “Юун Монголын уран зохиолыг судлах, унших. Энд ч бөмбөг тэсрээд, тэнд ч дэлбэрээд, дээгүүр их бууны сум шунгинаад л. Амьд үлдэх нь үү гэдэг ганцхан бодол тээсээр л дөрвөн жилийг давсан” гэж билээ.

Махлаг, тарган авгай өдөр нь гудамжинд нас бараад уначихсан харагдана. Нас барсан хүний махыг идэх гээд энд тэндээс хүмүүс хараад сэм гэтнэ. Тэгээд л шөнө болонгуут бүгд дайрна. Хамгийн түрүүлж хонгоных нь мах алга болно. Ленинградын бүслэлтэд хүн хүнээрээ ингэж хооллож байсныг Герасимович харсан байдаг. Монголын уран зохиолыг 75 жилийн турш судалсан хүн л дээ. Бид хоёр 60 жил захиагаар харилцсан юм. Нөхөр нь Абрамович гэдэг еврей хүн байсан. Хятад судлаач, эрт өнгөрсөн хэмээн дурсан ярилаа.

Б.Бааст гуай зочдоо кофе, цайгаар дайлж, охиныхоо бэлдсэн өндөгтэй шарсан талх, утсан гахайн мах, сонгинотой боорцогноос нэрэлхэхгүй идэцгээ гэнэ. Өөрөө нэлээд өтгөн хар кофе уудаг аж. Дөрөв, таван сахар хийгээд хутгана. Ус буцалгагчиндаа ус нэмнэ. Кофегоо оочлонгоо дурсамжаа үргэлжлүүлэв.

Украины нөхцөл байдлын талаар ярьснаа “Ялалтын 70 жилийн баяр ямар янзтай болох юм байгаа юм. Бүү мэд. Би гайхаж л байна. Путин чинь өөрөө асуудалтай байгаа хүн шүү. Контор солиод л давхиад байх юм. Крымд нэг, Петербургт нэг. Москвад байнга байхгүй юм. Хуягласан, зургаан метр урт машинтай гэж байгаа биз дээ. Гоё хүүхэнтэй суусны хэрэг нь гарчихлаа. Путин чинь Оросын толгой баян байна шүү дээ. Путин шиг баян болчихвол яах вэ дээ. 40 тэрбум долларын хөрөнгөтэй” хэмээснээ кофегоо амтархлаа.Тэгснээ “Лувсаншаравыгаа хамгийн сүүлд нэг сайн инээлгэж билээ. Ардын зураач Чогсом бид гурав хамтдаа байгаа зургаа сэтгүүлд гаргахболоод Лувсаншарав маань эмнэлгээс гараад удаагүй, бие нь тааруу. Гэрт нь очоод баахан юм ярьж сууж билээ. Бие нь алжаасан, ядруу байсан болохоор жаахан ч гэсэн инээлгэж, баяр хөөртэй болгох гээд хэрэндээ л хөгжилтэй юм ярьж инээлгэсэн шүү. Яг тэгж бидний инээлдэж буй зураг сэтгүүлд хэвлэгдсэн юм. Лувсаншарав “Чи чинь их ахархдаг билүү. Би 90 нас руу орчихлоо” гэнэ ээ. Тэгэхээр нь “Би 95 руу орно. Чи намайг гүйцэхгүй” гэлээ. Вьетнамын нэг хүүхдийн дуу байдаг юм. Вьетнамд байхдаа хүнтэй хамтраад орчуулж байлаа.

“За яахав, замаар явж л байг

Урт хошуу яахав, урд л явна

Сүүл яахав, сүүлд нь л явна” гэсэн хөөрхөн үгтэй дуу байсан юм. Үүн шиг “Би яахав урд нь л явна. Чи яахав сүүлд нь л явна” гэж инээлдэж билээ. Намайг чи гүйцэхгүй ш дээ гэсэн чинь их инээж билээ.

Би Вьетнамд хамгийн хүнд үед байсан. Вьетнамд байхдаа Америктай тэмцсэн ганц хүн нь би байхгүй юу. Гучин хоногийн турш, Америкийн бөмбөгдөлтийн дор амь зуусан хүн шүү. 99 удаа түгшүүр авч янз бүрийн нөхцөлд амь хоргодож билээ.

Б.Бааст гуай Вьетнамд байсан тухайгаа ийн ярилаа.

Би тэмдэглэлээ харсан чинь тэнд байхдаа нийт 99 удаа түгшүүр авч янз бүрийн нөхцөлд амь хоргодож байлаа. Тэндээс ирэхэд Удвал дарга намайг тэвэрч аваад уйлж байна. “Чамайг Америкийн бөмбөг дор үхчихсэн байвал долоон хүүхэд, догшин шар авгайг яаж тэжээх болж байна даа гэж өдрийн бодол шөнийн зүүд болж зовж байлаа” гээд уйлж билээ.

Намка гэдэг хотод юм. Хотоос жаахан зайтай л даа. Манайхаар бол Амгалангийн дайтай газарт сүм бий. Сүмийн үүдээр оруут зүүн талд цэрэг төмөр ор гаргаж өглөө. Орны доор оков ухчихсан. Түгшүүр зарлангуут орон доор, өнөө нүхэн дотор суух юм гэнэ. Тэр нь өвдгөөр татахаар устай. Дороос ус нэвчээд л. Тийш орж л амь хоргодно. Сүмд хийх юм олдохгүй. Манай бурхад чинь их гоё юм. Дандаа алт, мөнгө. Тэр чигээрээ урлаг. Вьетнамын бурхад гипсэрхүү юм уу даа, нэг шавар байна аа. Тэр шавраа будаад гоёчихсон. Сүм дүүрэн бурхан. Зул байхгүй. Дандаа лаа асаана. Би сүм дотуур хэсч, бурхдынх нь ам хамар, хацрыг нь илбэж оролдоод л шөнийн хагасыг бардаг байж билээ. Ажилгүй хүн чинь өөр яах юм.

Манай сүм дээр бөм­бөг унахгүй байгаа юм. Вьетнамуудаасаа асуусан л даа. “Америкчууд ч бас ухаантай. Ард түмний сүсэг бишрэлийг алдагдуулахгүй гэж сүм дуганыг бөмбөгдөхгүй байгаа юм” гэлээ. Манай хажууд өндөр бор нөхөр, нэг намхан бор нөхөр, нэг жолооч, бас айхавтар орос хэлтэй нэг шар хүн байх. Тэд нэг муу УАЗ 469 машинтай. Өнөөхөө ногоон мөчрөөр халхалчихсан байна. Өглөө эрт яваад орой нар жаргаж байхад ирнэ. Вьетнамд чинь гар угаахаасаа илүүтэй хөл угаах ус их байдаг юм. Дандаа хөл нүцгэн шахуу, модон эсвэл өвсөн шаахайтай явдаг болохоор хөл хамгийн их бохирдоно. Тийм болохоор эхлээд хөлөө угаадаг юм. Нөгөөдүүл хөлөө угаацгаана. Зарим нь хувцсаа тайлаад зогсоогоор биеэ угаагаад эхэлнэ. Нэг өдөр орос хэлтэй шар нөхрийг нааш ир гээд дуудсан чинь хүрээд ирлээ. “Сайн уу” гэсэн чинь “Сайн” гэж байна. “Чи юу юм” гэсэн чинь “Чи юу юм” гээд л хоёулаа чи, би дээ хүрлээ. Би Монголын сэтгүүлч гэсэн чинь “Бид Кубын их буучид” гэж байна. 15, 20 метрийн өндөрт нисдэг, дуунаас хурдан онгоцнуудыг их буугаар бууддаг. Өдөржингөө нуувчинд сууж Америкийн онгоцнуудыг бууддаг гэнэ. Та нар онгоцнууд унагаж байна уу, удаж байна уу гэвэл нэг онгоц унагасан гэж байна. Кубаас ирж сургууль хийж яваа нь тэр шүү дээ. Тэр нөхөр “Нөхөөр, чи энэ тухай хамаагүй ярив аа” гэж билээ. Одоо ямар хамаа байсан юм гээд Б.Бааст гуай хөгжөөнтэй инээлээ.

Б.Бааст гуайн охин нь орж ирээд “Аав ингээд орж ирсэн хүмүүсийг яриагаараа уяад байдаг юм” гэлээ. Бид эрхэм зохиолчийн сонирхолтой ярианд бүр шимтээд “Тэгээд яасан, тэгээд яасан” л гээд суугаад байв. Зохиолч маань өндөр, сэнжтэй аяган дахь кофегоо халбагаараа хутгангаа яриагаа үргэлжлүүллээ.

Ханойд очсоны дараа бас нэг орой түгшүүр авлаа. Биднийг зочид буудлаас хөөгөөд гадаа гаргалаа. Газар доогуур нүх ухчихаж. Тэр нүх рүү оруулчихлаа. Тэнд нь ороод суулаа даа. Тэгтэл нэг шар хүүхэн уйлаад сууж байна. “Сайн уу” гэсэн чинь дуугарсангүй. Орос биш юм байна л даа. “Метрополь” гээд дандаа гадаадынхан байдаг зочид буудал байхгүй юу. Гадаадынхан нүх рүү орж ирээд л байна. Тэгтэл хоёр өндөр хөх нөхөр байна. Нэг нь цагаан, нөгөөх нь хөх орхимж хөвүүлчихэж. Хоёулаа шалдан. Дотуур хувцас ч үгүй. “Сайн байна уу, нохоор” гэж байна. Би бүр гайхлаа. Газрын хаанаас ирээд “Сайн байна уу, нөхөр” гэдгийг сурчихсан байна аа гээд. Дэмий яриад суулаа. Чи яаж яваад монгол хэл сурчихав аа гэтэл “Танай Улаанбаатарт” гэж байна. Тэр үед Ази, Африк, Латин Америкийн оюутнуудын чуулга уулзалт болсон юм. Тэд Кубаас ирж л дээ. Нэгэнт л Монголд ирсэн юм чинь Хятадаар дайраад Вьетнамыг үзчихээд явъя гэж ярилцсан нь энэ аж. Өнөө хоёр чинь нэг өдөр Хайпон руу явъя гэж байна. Хайпон гэдэг нь Вьетнамын далайн боомт. Олон улсын хөлөг онгоц ирж очдог хамгийн том зогсоол нь байхгүй юу. Тэр рүү нь Америк их бөмбөгддөг байсан юм. Тэднийг дагаад Хайпон руу явахаар болтол вьетнам нөхөд уурлаад “Бид хүний амь хариуцахгүй шүү” гэлээ. Тэгэхээр нь би явсангүй. Хоёр, гурав хонолоо. Нэг нь толгойдоо шарх авчихсан ирлээ. Нөгөөх чинь яасан гэсэн чинь Америкийн бөмбөгт өртөөд нас барчихсан гэж байна. Вьетнамчууд “Та явсан бол тэгэх байсан шүү” гэж миний амыг асуугаад байгаа юм чинь. Удвал даргын хэлдэг ортой байгаа биз. Аймаар. Заримдаа Ханой дээр 11 онгоц унагаж байгаа юм. Лут шүү. Б-52 гэдэг дуунаас хурдан онгоцнууд. Тэр хурдан онгоцнуудыг чинь дандаа оросууд жолоодож яваа юм чинь. Вьетнамуудын эрүүл мэнд тэр дуунаас хурдан онгоцнуудад таардаггүй. Дандаа оросууд жолоодно. Дуунаас хурдан онгоцны жолооч нартай уулзъя гэхээр уулзуулахгүй байгаа юм.

Би Унгарт явж байлаа. Гэтэл хэдэн унгарчууд намайг вьетнам гэж бодсон юм уу даа, яасан юм. Бараг зодох шахсан. Тэгтэл орчуулагч маань монгол хүн гэж танилцуулаад “Та нар яагаад энэ хүнийг вьетнам гэж ад үзээд байгаа юм” гэсэн чинь “Вьетнам залуу, бүсгүй хоёр манай нэг унгар эмэгтэйг боогоод хамаг юмыг нь тоносон. Вьетнамууд муу” гэж байна. Намайг вьетнам хүн гэж андуурч л дээ. Үнэндээ би ч вьетнамаас ялгагдахгүй ш дээ гээд Б.Бааст гуай, ирсэн зочид инээлдлээ.

Н.Адилбиш инженер “Бааст гуай та Дэн Сяопинтай нэлээд төстэй, тийм ээ” гэж цаашлуулбал “Өө, юу гэж байгаа юм” гээд л тухайн үед Хятадаар зорчиж байсан тухайгаа ярьж эхэллээ.

Майн нэгэн болоод. Бид чинь Хятадад 65, 66 хоног болчихсон байлаа. Бүр Кантон хүрчихсэн байдаг. Орой нь Жоу Энь Лайгийн хүлээн авалттай байдаг. Галт тэргээр явахаар хоёр өдөр, гурван шөнө явна. Тэгээд яах вэ гэвэл нэг онгоц засч байгаа гэнэ ээ. Онгоцоо ч засчихаж. Гадаадынхан сууна аа гэж байна. Чихэлдээд сууцгаалаа. Бүх социалист орнууд, Солонгос, Албани, Югославынхан хүртэл байгаа юм чинь. Нэг муу цүгцийсэн ногоон онгоц. Нисээд л байлаа, яваад л байлаа. Тэгж байснаа газардаад орхилоо. “Хөөе юу болов оо” гэсэн чинь “Онгоцонд засвар гарлаа” л гэнэ. Хаана буув гэтэл Тасганы овоо шиг газар дээр буучихаж. Хаана явж байна гэвэл Уухаан гэнэ. Газрынхаа дунд хавьд л ирээд байж. Онгоц засна, бензин авна, хүлээнэ гэж байна. Хятад ч мөн сайхан шүү. Онгоцны хажууд хивс дэвсээд идэж уудаг юмаа дэлгээд биднийг дайллаа. Тэгж байтал хөдлөх цаг боллоо. Онгоцоо өндөр дээр буулгасан нь учиртай гэнэ. Уруугаа өнхрүүлж байж нисэхээр боллоо. Ингээд нислээ дээ. Дөрвөн цагт Бээжинд буулаа. Цагийн дараа гэхэд Бээжингийн зочид буудалд гадаадын 5000 мянган зочныг Жоу Энь Лай, Жу Дэ, Лю Шяоши, Дэн Сяопин нар хүлээж авч байгаа юм чинь. Биднийг тэд бүтэн нэг цаг хүлээж авсан. Бээжин зочид буудалд хүлээн авалтад оролцохдоо би тэр дөрвөн аваргатай чинь гар барьсан байхгүй юу. 1956 он. Хятад, Зөвлөлтийн хооронд ан цав гарчихсан цаг.

Мао Зэдунтэй Майн нэгний индэр дээр их ойрхон зогсч байлаа. Мао жагсаал парад эхлэхээр саравчтай малгайгаа дундуур нь базаад барьчихсан, индэр дээр гарч ирээд бүгдтэй толгой дохин мэндэлсэн. 300 мянган хүн таван цагийн турш жагссан. Алчуур олонтой яв гээд байсан юм. Бид хоёр хоёр алчуур аваад хармаандаа хийчихсэн байсан юм. Орой нь ирээд хамраа арчтал харлачихсан байсан. Тэр олон мянган хүний хөл, гутлын тоос шороо л доо. Орой нь галын наадам боллоо. Өдөр зогссон индэр дээрээ очлоо. Маогийн хажууд зогсч байсан байрандаа ирж зогсов. Тэгсэн чинь тэр талбайг голлуулаад баахан даавуун асар барьчихсан байна. Юу юм гэсэн чинь бие засах газар гэнэ. Шөнөжингөө талбай дээр бүжиглэцгээлээ. Өглөө нь талбай дээр юу ч байхгүй байсан. Арчсан толь мэт. Үйлчилгээ гэдэг тийм байна ш дээ. Бээжин зочид буудал гэдэг чинь асар том. Зургаан мянга орчим хүн шөнөжингөө кино, жүжиг үзээд л, дуу дуулаад танцдаад л, хоол идээд зураг авахуулж байхад чихэлдсэн нэг ч хүн байгаагүй.

Хятадын Ерөнхий сайд асан Жоу Энь Лайтай бид олон удаа уулзсан. Би чинь Хятадын орчин үеийн драмын жүжгийн улсын анхдугаар үзлэг гэдэгт оролцохоор очсон байхгүй юу. 35 хоногийн турш 90 гаруй жүжиг үзчихээд 35 хоног Хятад орныг хэсч амраад ямар сайндаа Кантон хүрч байх вэ дээ. Сувдан мөрний хөвөөн дээр “Ардын хайр” гэдэг нэг их гоё, монхор, 13 давхар саарал зочид буудалд буусан. Тэр том мөрөнд чинь гүүр байхгүй. Олон завийг дамжаад цааш гараад явчихдаг юм.

Мөрөнг гатлаад нутгийн баян хүний эзэмшилд очиж хоол идэхээр болов. Цөмөөрөө яваад л гар нүүрээ угаагаад суув. Жижиг дийзэн дээр жаахан жаахан хоол ирнэ. Өнөөхийг нь идчихнэ. Дахиад аваад ирнэ. Тэрийг нь бас идчихлээ. Тэгтэл нэг нөхөр хэлж байна аа. Та нар болгоомжтой идээрэй. Хоолны сайхан нь сүүлдээ ирнэ. Цадчихвал идэж чадахгүй хоцорно шүү гэж байна. Тэгэхээр нь идэхээ больчихлоо. Заримыг нь үзээд өнгөрөөдөг боллоо. Хоолныхоо нэрийг бичиж тэмдэглэж авч байгаарай гэсэн юм. Миний орчуулагч ямар хоол вэ гэдгийг дэвтэр дээр бичиж өгнө. Тэгсэн чинь 16 дахь хоолон дээрээ юу идсэн бэ гэж байна. Өнөөх тэмдэглэлээ үзлээ. Өө, нэг тийм хоол байжээ. Ямар хоол байсан байж таарах вэ гэтэл “Могойн мах” гэж байна. Тэгтэл Цэгмид (Нямын Цэгмэд гуайг хэлэв.сурв) өнгөрсөн хойно нь “Түй” гээд амаа арчиж байна. Сайхаан, Хятадын үйлчилгээ. Дэндүү сайхан байж дээ.

Сүүлд нь 1967 онд би Хятадаар дамжаад Вьетнам руу явсан юм. Тэгэхэд соёлын хувьсгал эхэлчихсэн. Амьд байх нь л аз байлаа. Өдөржингөө зочид буудалд хоригдоно. Вьетнам руу явах виз гардаггүй. Манай Элчин сайдын яамныхан “Гадагшаа гарч болохгүй шүү. Энэ их урсгалд хамуулаад явчих юм бол таныг бид олохгүй” гэнэ.

Сонин цаг. Соёлын хувьсгалын үед би яагаад амьд үлдэж, Хятадын нутгийг туулаад Вьетнамын автобусанд суув гэдэг нь сонин хувь зохиол. Эрээнд очихгүй юу, нэг Өвөр Монгол “Та монгол уу. Галт тэрэгний буудал дотор гэр маягийн юм байгаа. Тэрэн дотор Маогийн ном байгаа. Тэрийг худалдаж ав. Би тантай удаан ярьж болохгүй. Намайг хүмүүс дагаж байгаа” гэж хэлчихээд яваад өглөө. Гэр шиг юмных нь цонхоор хартал ув улаан. Маогийн номнууд. Дэлхийн олон улсын хэл дээр хэвлэгджээ. Өөр юм юу ч байхгүй. Бас нэг Өвөр Монгол миний дэргэд ирээд “Та монгол бичиг мэдэх үү. Тэгвэл Маогийн номыг монгол бичгээр бичсэнийг нь ав. За, би явлаа” гээд явчихлаа. Хуучин монголоор бичсэнийг нь авлаа. Тэр номыг нь ер нь ширээн дээрээсээ салгасангүй. Энэ хүн Маог судалж яваа юм байна, энэ хүнд халдаж болохгүй гэж үзээд намайг шалгаж хоргоогоогүй юм билээ. Тийм болохоор Маогийн улаан номтой Хятадын нутгаар яваад буцаж ирэхдээ хүртэл тэр номтойгоо байсан. Одоо ч тэр улаан ном байж л байна. Дандаа сургаалууд. Цэрэг, урлаг, утга зохиолын талын сургаал. Тийм юмны л цуглуулга. Сонин байгаа биз. Ийм байна даа хүүхдүүд минь гэж Бөхийн Бааст гуай хэлээд тавдугаар сар гараад дахиад уулзах болзоо тогтоолоо. Рашаанд явчихаад ирнэ, одоо нэг тууж дээр сууж байгаа, хорь хоногийн дараа утсаар холбогд гэсээр биднийг үдэж гаргалаа. Ийнхүү нутгийнхаа өвгөн зохиолчийнд бага үдээр зочлоод гарахдаа их олон сонин явдал, үүх түүх сонссоныхоо заримаас нь тэмдэглэхэд ийм байна.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *