Categories
нийгэм онцлох-нийтлэл

Буйр нуураас илэрсэн Escherichia coli, Salmonella Shigella нянгаас болж загас үхээгүй DNN.mn

Монгол орны хамгийн олон төрөл зүйлийн загастай гэгддэг Буйр нууранд загас олон тоогоор үхсэн асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Буйр нууранд 10 омгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг гэдэг. Тэр дундаас мөнгөлөг хэлтэг загас сүүлийн сар орчмын хугацаанд олноор үхжээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагууд энэ сарын 7-ны өдөр газар дээр нь ажиллан, хөрс уснаас дээж аван шинжилгээ авсан байгаа юм. Шинжилгээний хариугаар “Буйр нуурын 39 зүйлийн загаснаас зөвхөн мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Нуурын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylo­coccus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан” гэж Байгаль орчин аялал жуулчлалын яам мэдэгдээд байна. Шинжилгээний эцсийн дүгнэлт маргааш гарах аж.

Тиймээс Буйр нуурын уснаас уух, усанд орох, тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах, үхсэн өвчилсөн загас идэх, зөөвөрлөхийг хориглоод байна. Түүнчлэн шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуур орчмын мал амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж буй иргэд, малчдад анхааруулга сэрэмжлүүлэг хүргэхийг БОАЖЯ-наас чиглэл болгожээ.

Тэгвэл Буйр нуурын загасны энэ их хорогдол гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shi­gella/ байх боломжгүй гэж зарим мэргэжлийн хүмүүс тайлбарлах боллоо.

Дорнод аймгийн иргэдтэй холбогдоход “Биднийг бужигнахаас өмнө Хятадын тал Буйр нуурын загас үржүүлгийн хэсгээ бүрмөсөн хаасан нь анхаарал татаж байгаа юм. Торон хашаа татаад юу ч оруулахгүй болгочихсон. Хэзээ ч Буйрт байгаагүй яст мэлхий, жадан хошуут гээд амьтад нуурнаас гарсан. Буйр нуурын үржлийн хэсэг нь Хятадын талд байдаг. Хэлтэг загасны хумхай өвчин битүү орчинд үржүүлэг хийдэг газраас гардаг гэж хүмүүс ярьж байна. Энд ажиллаж байгаа мэргэжлийнхэн, хилийнхэн бүгд л энэ талаар хэлж байгаа ч хамаагүй ярьж чадахгүй байгаа бололтой. Ноднин зүгээр байсан нуур энэ жил гэнэт малын бааснаас бохирдоод үй түмээрээ хэлтэг загас үхсэн гэдэг нэг л үнэмшилгүй байна” гэж байлаа.

Энэ тухай мэргэжлийн микробиологич тайлбарлахдаа “/E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ нь хүнд байх ёсгүй. Гэхдээ байгаль дээр бол байдаг нянгууд. Мэдээж аль аль нь өвчин үүсгэнэ. Магадгүй Буйр нуурын усанд энэ хоёр төрлийн нян зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан бол зөвхөн хэлтэг гэлтгүй бүхий л загасыг өвчлүүлнэ. Гэтэл зөвхөн нэг төрлийн загас хорогдсоныг харахад вирусийн гаралтай байсан болов уу гэж харж байна. Үүнийг урт хугацааны судалгаагаар л тодорхой болгох боломжтой. Манайд яг энэ төрлийн загасны судалгаа нилээд ховор. Тиймээс уншиж судлах зүйл маш их. Дэлхийн бусад улс орнуудад, гол мөрнүүдэд хэлтэг загас ямар өвчнөөр голдуу өвчилдөг, юунаас гаралтай байдаг гэх мэтчилэн том том сэтгүүл, шинжлэх ухааны материалууд уншиж судалж байж дээр нь шинжилгээнүүд хийж байж дүгнэлт гарах ёстой. Яахав манай зарим том лабораториуд ПСР шинжилгээ хийдэг. Праймерыг нь гаднаас авчирч байгаад шинжлэх боломжтой. Өвчний праймер болгон өөр өөр. Нэг ёсондоо ДНК-ийн дарааллыг шалгана гэсэн үг. Энэ дараалал зөв байна уу гэдгийг праймераар шалгадаг. Ямар нэгэн өвчний вирус байлаа гэхэд загасан дотор тэр эс нь орсон эсэхийг шалгадаг” гэсэн юм.


Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас албан ёсоор зарлаад буй Escherichia coli, Salmonella Shigel­la гэх нянгийн талаар өөр нэгэн мэргэжлийн микробиологичоос тодруулсан юм. Тэрбээр нэрээр нууцлахыг хүссэн билээ.


– Escherichia coli савханцарын талаар тайлбарлаж өгөхгүй юү?

– Escherichia coli бол халуун цуст хүн, амьтны гэдсэнд байдаг савханцар. Гэхдээ мэдээж байх ёсгүй л дээ. Манайд үе үе илэрдэг. Яахав онц аюултай биш. Маш их хэмжээгээр байх юм бол суулгалт өгдөг, бөөлжүүлдэг, хордлого өгдөг. Хөрсөнд ялангуяа байх магадлалтай.

-Тэгвэл Salmonella Shigella-гийн тухайд?

-Энэ бол өвчин үүсгэгч нян.

-Загас энэ хоёр төрлийн нянгаас болж үхэх боломжтой юу?

-Боломжгүй. Escheri­chia coli гэхэд халуун цуст амьтны гэдсэнд байдаг учир загасанд байх боломжгүй. Загас бол вирусийн халдвараар л үхсэн байх магадлалтай.

-Та Буйр нуурын хэлтэг загас олноор үхсэнийг дуулсан байх. Мэргэжлийн хүний хувьд загас үхсэн шалтгааныг юу гэж дүгнэж байна вэ?

-Тусдаа мөөгөнцөрийн төрлийн вирусээс үүдсэн болов уу гэж харсан. Гэхдээ манайд вирус шинжлэх лаборатори байхгүй шүү дээ.

Гэтэл Байгаль орчин аялал жуулалчлалын яамнаас дээрх хоёр төрлийн нян илэрсэн гээд мэдээлээд байгаа шүү дээ. Худлаа гэсэн үг үү?

-Дээрх хоёр төрлийн нян бол аль ч газрын ус, хөрсөнд үе үе илэрдэг. Тэглээ гээд загас үхдэггүй. Загас хорогдсон шалтгааныг тодорхойлох вирусийн шинжилгээний лаборатори байхгүй учир манай албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд шинжлэх ухааны талаас нь ижил төстэй кейсүүд судлаад тайлбарлаж байгаа явдал гэсэн юм.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *