Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг хуралдлаа DNN.mn

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой ирэх сарын 26-ны өдөр тохионо. Улсын Их Хурлаас 2023 онд 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталж, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан юм. Уг тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасан.

Тогтоолын дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангахаар УИХ-ын  даргын  2024 оны 117 дугаар захирамжаар ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг өнөөдөр /2024.10.08/  хуралдав. Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа, ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулснаа танилцуулж, ажлын дэд хэсэгт төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын тооцооллыг гаргах үүрэг өгснийг дурдав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан гэдгийг тэрбээр тодотгосон. Мөн хуралдаанд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын явцын талаарх ерөнхий мэдээллийг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *