Украинд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан Их Британийн газрын тос, байгалийн хийн British Petrolium (BP) компани ОХУ-ын Роснефть компанид эзэмшдэг 19.75 хувиасаа татгалзах шийдвэр гаргалаа.
Ингэснээр BP компанийн энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайланд $25 тэрбумтай тэнцэх бэлэн мөнгөний бус алдагдал бичигдэх юм байна.
“Олон хүмүүсийн нэгэн адил би Украинд үүссэн нөхцөл байдалд харамсан цочирдож, хохирсон бүх хүмүүсийн төлөө санаа зовж байна. Энэ үйл явдал BP-ийн хувьд Роснефть дэх байр сууриа үндсээр нь эргэж харах шалтгаан боллоо” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Бернард Лүни мэдэгджээ.
Тэрбээр BP группийн гүйцэтгэх захирал асан Боб Дадлигийн хамт Роснефтийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гарах юм байна.
ОХУ-ын цэрэг Украинд халдан түрэмгийлсэн явдал Роснефттэй сүүлийн 30 жил үргэлжилсэн хамтын ажиллагааг нь цаашид үргэлжлэх боломжгүй болгож байгааг BP компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хелге Ланд мэдэгджээ.
Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нь Кремльд нөлөөтэй олигархиудын нэг бөгөөд өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын засаг захиргаанаас зарласан эдийн засгийн хоригт нэр нь багтсан юм.