Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бороотой наадам

Өвөрхангай аймгийн Хужирт сум өнгөрөгч сарын дундуур үүсгэн байгуулагдсаны түүхэн ойгоо тэмдэглэв. Ус нутагтаа төрсөн уугуул, суугуул иргэд нь цуглараад дэлгэр сайхан л наадлаа. 80 жилийн ойгоо угтаж, жил гаруйн өмнөөс их ажил өрнүүлэн, хүн зоноороо л хөдөлжээ. Суманд байх албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудаа дайчлан сарын өмнөөс нээлтийн хөтөлбөрөө “өдөр, шөнөгүй” бэлджээ. Гэтэл энэ бүхний эцэст наадам, ой болох хоёр өдөр нь усан бороо цутгаж өнжих нь тэр. Ер долдугаар сард тус суманд орсон “хоёр бороо” нь л тэр байсан болов уу. Наадам ч дууссан, бороо ч зогссон. 

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцсон, барилдсан, харвасан, уралдсан хүмүүсээс гадна сонирхохоор ирсэн наадамчин олны тусгайлан хийлгэсэн ганган дээл ингэж “дашиншог” боллоо. Тэднийг наадмын гоё сайхныг мэдрэхгүй, тэгсхийгээд гэр гэр рүүгээ харихаар яаравчлахад “Бороогүйсэн бол мөн чиг сайхан наадам аа” гэх үгс л наадмын талбайд үлдэж байв.

Уг нь тус сумын ойг тэмдэглэх товыг наадам болохоос 20 хүрэхгүй хоногийн өмнө баталсан. Өнөө үед Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээллийг сарын өмнөөс л гаргачихдаг болсон. Тиймээс олон хүний, сар, өдрөөр бодож, хүлээж, төлөвлөж, зорьж ирсэн наадмыг нь цаг агаарын таатай нөхцөлд хийчихэж болох байсан. Ядах юмгүй, интернэтээс харахад л болох байв.

Тиймээс цаашдаа зөвхөн тус сум гэлтгүй бусад аймаг, сумдын удирдлагууд наадмынхаа товыг гаргахдаа үүнийг бодолцоход илүүдэхгүй санагдана.

Т.ГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *