Categories
арын-нүүр булангууд мэдээ

Борооны дараахь солонго

Борооны дараа солонго татахыг харах ямар гоёыг зүйрлэх юм биш. Хааяахан нутагтаа очихоороо, Жинтүү толгойн наахна ирэхээрээ яагаад ч юм тэр агшныг хачин тод санадаг. Гараа алдлан нойтон өвсөн дээр тэрийж хэвтээд найзтайгаа юуг ч юм их л амтархан ярьдаг байсан үеэ өөрийн эрхгүй дурсдаг. Солонготой, борооны дараахь чийгтэй зуны нартай өдөр ямар сайхан гээ. Бас гэрийнхээ сүүдэрт суугаадАлександр Дюма, Жюль Вернийг амтархан уншиж суу­сан өдрүүдээ дурсах дуртай. Бүр уйлж, инээж байгаад уншдаг байснаа зураг шиг өнгө будагтай нь санадаг. Ж.Ф.Куперийн “Мөрч”-ийг уншиж суухдаа баахан уйлснаа мартаж чаддаггүй юм. “Парисийн Дарь эхийн сүм”-ийн зураглал.

Яг л дэргэд сүмийн хонх жингэнэж, өрөвдөлтэй хэрнээ зүйрлэж хэлэхийн аргагүй хайр татамбөгтөр залуу хажууд гунигтай нүдээр ширтэн зогсч байх шиг санагддаг байж билээ. Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”-ий зүйрлэл бас их гоё.Сэтгэлээрээ байхын сайхныг мэдэрсээр яваа минь тэр үед догдлон уншиж байсан номноос үүдэлтэй шиг санагддаг. Хүүхдийн кино бүтэн сайн өдрийн дөрвөн цаг арван минутад гардаг байлаа. Орой кино гарахаар том хүний кино гээд унтуулчихдаг аав, ээж энэ цагт харин хорихгүй. Сэтгэлд тод үлдсэн агшин нь ханхүү гүнжийг авардаг хэсгүүд. Өөр өчнөөн гоё агшин бий л дээ. С.Оюун гишүүнтэй ярилцлага хийж суухад гэртээ зурагт тавихгүй гэж ярихад нь гайхаж билээ.

Дараахан нь Б.Болдсайхан эмчийнд очихдоохүүхдүүддээ нэг цаг л зурагт үзэхийг зөв­шөөрд­гийг нь мэдсэн. Ер нь өөрийн гэсэн үнэлэмжтэй айл гэрт зочлох бүрд л хүүх­дүүдээ мэдээллийн их урсгалаас хамгаалсан ийм “дэг” үйлчилдэг юм билээ. Бодоод байхнь ээ ийм л “дэг” бяцхануудад минь борооны дараахь үгээр хэлэмгүй таатай агшныг мэдрүүлж, дэлгэсэн номоо шимтэн унших “шунал”-ыг төрүүлэх юм шиг санагддаг.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *