Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон саяхан Киевт айлчлан гудамжаар нь алхаж Украинд 585 сая ам.долларын зэвсэг, 520 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Тэгвэл Фонтанка хотын зөвлөлөөс Зөвлөлтийн нэрт яруу найрагч Владимир Маяковскийн гудамжийг Борис Жонсоны нэрэмжит болгож өөрчлөх тушаал гаргажээ. Уг тушаалд, “Их Британийн ерөнхий сайд бол Оросын түрэмгийллийг хамгийн зарчимтай эсэргүүцэгчдийн нэг. Тиймээс Маяковскийн гудамжийг Борис Жонсоны гудамж болгон өөрчилж байна” гэсэн байна. Фонтанка нь Одесса хотын захад оршдог хот юм. Их Британи улсын зүгээс “Starstreak” зенитийн батерей бүхий “Стормер” хөнгөн танкуудыг Украинд илгээж байгааг “The Sun” хуудас мэдээлсэн. Мөн өндөр технологийн хөлөг онгоц эсэргүүцэх пуужин, 120 хуягт машин аль хэдийнэ замдаа гарсан аж. Өнөөдрийг хүртэл тус улс нь олон мянган танк эсэргүүцэх пуужин болон зенитийн пуужингуудыг Киевт илгээгээд буй. Ийнхүү Украины дайнаар Борис Жонсон болон Могойт арлын эргийн хамгаалагч, Оросын “Москва” хөлгийн бууж өгөхийг шаардахад дунд хуруугаа гозойлгож харуулсан баатар Роман Грыбов нар өөрийн нэрэмжит гудамжтай болоод байна.
Г.АМАРСАНАА