Ховд аймгийн Жаргалант суманд 2018 оны наймдугаар сарын 15-ны өдөр боом өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүний дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралтаар ахлуусан ажлын хэсэг наймдугаар сарын 19-21-ны хооронд хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын комисст найман заалт бүхий үүрэг чиглэл зөвлөмж хүргүүлжээ. Тухайлбал:
1. Жаргалант сумын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт боом өвчинөөс урьдчилан сэргийлэх, хяналтын постуудын үйл ажиллагаа, хяналт шалгалтыг сайжруулах.
2. Ховд хотруу хяналтгүй орж байгаа замуудад хаалт хийх. /Шинэ дулааны дээд талын замын хажуу хэсэгт/
3. Ховд хотын ойр орчим болон голомтын бүс нутгаар хяналтгүй бэлчиж байгаа малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, Жаргалант сумын малчин өрхүүдэд анхааруулага, сэрэмжлүүлэг өгөх.
4. Ховд хотын үерийн ус зайлуулах даланд түр гүүр байрлуулсан үйл ажиллагаанд хяналт тавих, улсын хяналтын байцаагч нарыг ажиллуулах.
5. Постуудад ариутгал хийх зориулалтаар ашиглаж байгаа эсгийг шаардлага хангасан том эсгий байрлуулах, ариутгал халдваргүйжилтын үйл ажиллагаа чанаржуулах.
6. Малын гоц халдварт боом өвчний голомтын бүс болох Жаргалант сумын Буянт багийн нутаг ойн бүсийн дээд эх, төв цэнгэлдэхийн орчимд ариутгал халдваргүйжилтыг хийх арга хэмжээг зохион байгуулах.
7. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгохыг хориглосон захирамж гаргаж хэрэгжүүлэх.
8. Постуудад үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн ангийн алба хаагчдыг албаны хувцастай ажиллуулах үүрэг чиглэл болголоо.
Үүргийн дагуу зохион байгуулсан ажлын дүнг 2018 оны наймдугаар сарын 28-ны дотор ирүүлэхийг үүрэг болгосон байна.