Categories
мэдээ нийгэм

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Хуулийн төслийн танилцуулгад: УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019.06.01-нээс дагаж мөрдөнө.

Хуулийн дээрх өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагаас гадна шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна.

Тодруулбал, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгааг хангах, чадахуйн зарчим буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019.01.01-нээс дагаж мөрдөнө.

Гэтэл улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөх, тэдэнд төрийн албанд орох боломж бүрдүүлэх болон карьерийн шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй байна.

Иймд Боловсролын тухай хуульд 2018.06.21-ний өдөр оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020.07.01-ний өдөр болгож хойшлуулах зохицуулалтыг төсөлд тусгаснаа дурдсан байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *