Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-д түрүүлээгүй ч уншигчдын сэтгэлд үлдсэн шүлгүүд

“Болор цом”-д түрүүлээгүй ч уншигчдын сэтгэлд үлдсэн шүлгүүдийг цувралаар хүргэж байна.

Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар

БИ-ТАЛЫН ХӨХ ЧОНО

Би-талын хөх чоно!

Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж

Агт сайн морьдын туурайг сульдааж

Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж

Арван халтар нохойг замд нь цувуулан

Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн

Би-талын хөх чоно!
Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин

Хурдан буутай эрс алах гэж занана

Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн

Араатан намайг зогсоо зайгүй мөрдөнө.

Байгаль намайг төрүүлж, байдал төрхийг минь урлаж

Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!

Гэвч хүн намайг үзэн ядна, хаа ч явсан

Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!

Өдөр бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би

Өртөө газар давхиад ч заримдаа хоосон.

Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна.

Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ

Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино

Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг

Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдэрнэ

Хорвоо дээр би чоно болж төрөөд

Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,

Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн

Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина

Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно

Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил

Төрөлхийн зэрлэг араншингаараа би

Төмөр хавхтай хөлөө ч тас хазаж явсан.

Тамын зовлонг биеэр эдэлсэн миний

Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон.

Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар

Цаашлаад зугтсан гурван хөлтэй намайг

Хүн-араатнууд тасралтгүй мөрдөж

Хүйтэн жавар дундуур машинтай элдсэн

Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч

Энэ л удаа эрлэг намайг өршөөж

Эрэг рүү тэд тэрэгтэйгээ уналаа…

Би-талын хөх чоно!

Биеэр минь салхи нэвт шуурч

Өл залгахын эрхэнд явсаар

Өрөөсөн хөлөө алдав.

Элчилгүй талын араатан намайг

Зэрлэг гэж нэрлэсэн нь
Этгээд гажуу сонсогдоно
Энэрлийг мэдэхгүй хүмүүс
Надаас илүү зэрлэг
Ад үзэгдэж
Амьд явахын зовлонг
Ясны найрагч л
Яг чоно шиг мэднэ
Буруу хэрнээ буруутанг

Бурхан тэнгэр минь өршөө

Сайхан амьд явж чадахгүй бол

Сайхан үхэж чадах авьяас
Сарны доор яруу найрагч
Сац бас чононд л заяасан
Би-чоно
Би хүн шиг сэтгэж
Биеэ хайрлаж, үзэн ядаж

Бас яруу найрагч шиг ганцаарднам.

Намайг хэн ч үл өрөвдөнө

Нартаас үтэр тонилгохыг завдана

Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх

Буруугүй хэрнээ буруутан чоно би

Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж

Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна.



Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн,

“Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч

ЭХИЙН СЭТГЭЛ

Хайрт ээж Цэвэгмидийнхээ гэгээн дурсгалд өргөвэй!

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд
Ная наслахдаа зүүдлээгүй

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч

Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч

Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юм.

Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү

Амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү

Араажаваар дуулж байна лээ

Сайн явна гэнэ, миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний хүү
Амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй дээ

Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ
Их санах юм аа
Араг, савар хоёроо

Зөрүүлж байж би чамайг боддог

Аргал, чулуу хоёрыг

Андууран түүж би хүүгээ санадаг

Алга аа миний хүү.

Тэмээ тэмээн цагаан үүлийг

Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг

Цав суутал би хүүгээ ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ

Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний муу хүү шоронд орж гэнэ

Голыг минь гогодон хэлж байна

“Аа яадгийм ороо л биз”

Гадагшаа би хүүгээ өмөөрлөө

“Ам нь цангаж байгаа байх даа, муу хүү минь”

Дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
Үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн
Ганц хүү минь юм сан

Алтан бэлзэг газраас олоод

Амандаа үмхтэл залгичихлаа гэж

Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү

Тэнэж яваад юү хийх вэ
Ижийдээ л хүрээд ир!
Ядарч байгаа юм бол
Тэнд байгаад яахав
Ижийдээн хүрээд ир!
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир!
Хөхөөрөө чамайг даллая
Yхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир!
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээн
Давхиад ир,
Гуруй гуруй гуруй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *